12 сар 26, 2024

Mонгол, Арабын харилцаа

Катарын элчин сайд итгэмжлэх жуухаа барив

2023.02.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Катар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухаммад Аль-Дахайми Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзан, Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэв. Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглээд, харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтаар амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлов. Элчин сайд Мухаммад Аль-Дахайми Монгол Улсын Ерөнхийлөгчид Катар Улсын Эмир Эрхэм дээд Шейх Тамим бин Хамад Аль-Тани-гийн халуун дотно мэндчилгээ уламжлав. Мөн Монгол, Катарын харилцааг улам бүр бэхжүүлж, хамтын ажиллагааг боломжит бүх салбарт хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Арабын ханхүү мэндчилгээ дэвшүүлэв

2023.07.10. Mонгол Улс. Улаанбаатар хот. Саудын Арабын Хаант Улсын Хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд, Угсаа залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммед бин Салман Аль-Сауд: Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан, найрсаг монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.

Сирийн элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Бүгд Найрамдах Сири Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хасанеин Хаддам Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Хасанеин Хаддам харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохсен Бахтиар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Мохсен Бахтиар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Саудын Арабын хаан мэндчилгээ дэвшүүллээ

2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Саудын Арабын Хаант Улсын хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд, Угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман Аль-Сауд нар баяр наадмын мэндчилгээ ирүүллээ. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд эрүүл энх, аз жаргал, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Чин сэтгэлийн гүн хүндэтгэлээ илэрхийлье гэжээ. 

АНЭУ-ын удирдлагууд мэндчилгээ дэвшүүллээ

2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммед бин Зайд Аль-Нахъяан, Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дубай хотын захирагч Мухаммед бин Рашид Аль-Мактуум, Дэд Ерөнхийлөгч, Шадар сайд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Мансур бин Зайд Аль-Нахьяан нар баяр наадмын мэндчилгээ ирүүллээ. Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, аз жаргал, найрсаг Монгол Улсын төр, засаг, ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе гэжээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Ерөнхийлөгч Абделмаджид Теббун: Монгол Улс Үндэсний баяр наадмаа тэмдэглэж буйг тохиолдуулан Алжир Улсын ард түмэн, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, Танд эрүүл энх, аз жаргал сайн сайхан, Монголын найрсаг ард түмэнд цаашдын хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Алжир, Монголын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, хоёр орны нийтлэг сонирхол, найрсаг ард түмний хүсэл эрмэлзэлд нийцүүлэн хөгжүүлэхийн төлөө тантай хамтран ажиллахаа дахин нотолж байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Та миний нэн өндөр хүндэтгэлийг хүлээн авна уу.

Бахрейны Хаант Улсын Хаан Хамад бин Аиса Аль-Халифа: Найрсаг Монгол Улсын Үндэсний их баяр наадам тохиож байгаатай холбогдуулан өөрийн нэрийн өмнөөс болон Засгийн газар, Бахрейны ард түмний нэрийн өмнөөс Эрхэмсэг ноёнтон Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Эрхэмсэг ноёнтон танд эрүүл энх, аз жаргал, ард түмэнд тань хөгжил дэвшил, мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Палестин Улсын Ерөнхийлөгч Махмуд Аббас: Үндэсний баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгаадаа таатай байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, Монгол Улсын төр, засаг, ард түмэнд зорьсон зорилгодоо хүрэх амжилт, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе. Манай хоёр орон, ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт найдаж байна. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу.

Мароккогийн Хаант Улсын Хаан VI Мухаммед: Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд халуун баяр хүргэж, танай ард түмний цаашдын хөгжил цэцэглэлтэд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Хоёр орны ард түмний ойр дотно харилцах, улам их үр ашигтай хамтран ажиллах эрмэлзлийг бодит болгохын тулд Мароккогийн Хаант Улс Монгол Улстай хөгжүүлж буй найрамдалт харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлье гэжээ. 

Оман Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

2024.08.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад бин Хамуд Аль-Бусайди бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд Булангийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв. Оманы Султант Улсаас манай улсад дээд, өндөр түвшинд хэрэгжүүлж буй анхны албан ёсны энэхүү айлчлал нь хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Гадаад хэргийн сайд Сайид Бадр Аль-Бусайди Оманы Султант Улсын Султан Хайтам бин Тарикийн халуун дотно мэндчилгээг уламжлаад Оман Улсын Засгийн газар Монгол Улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оманы Султант Улсын Султан Хайтим бин Тарикт мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Арабын Нэгдсэн Эмиратын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2024.09.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Гуртаси Аль-Нуаими Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орлоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцолж, АНЭУ нь Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээж байгаа нь тус улсаас хоёр орны харилцаанд ач холбогдол өгч буйн илэрхийлэл гэж үзэж буйгаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд АНЭУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсоноо тэмдэглэлээ. Цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Элчин сайд Мухаммад Аль-Нуаими улс төр, эдийн засаг, худалдаа зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

2024.11.29.Могшол Улс.Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 01-09-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно гэжээ.