12 сар 4, 2024

Mонгол, Арабын харилцаа

Катарын элчин сайд итгэмжлэх жуухаа барив

2023.02.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Катар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухаммад Аль-Дахайми Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзан, Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэв. Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглээд, харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтаар амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлов. Элчин сайд Мухаммад Аль-Дахайми Монгол Улсын Ерөнхийлөгчид Катар Улсын Эмир Эрхэм дээд Шейх Тамим бин Хамад Аль-Тани-гийн халуун дотно мэндчилгээ уламжлав. Мөн Монгол, Катарын харилцааг улам бүр бэхжүүлж, хамтын ажиллагааг боломжит бүх салбарт хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Арабын ханхүү мэндчилгээ дэвшүүлэв

2023.07.10. Mонгол Улс. Улаанбаатар хот. Саудын Арабын Хаант Улсын Хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд, Угсаа залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммед бин Салман Аль-Сауд: Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан, найрсаг монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.

Сирийн элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Бүгд Найрамдах Сири Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хасанеин Хаддам Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Хасанеин Хаддам харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохсен Бахтиар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Мохсен Бахтиар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Саудын Арабын хаан мэндчилгээ дэвшүүллээ

2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Саудын Арабын Хаант Улсын хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд, Угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман Аль-Сауд нар баяр наадмын мэндчилгээ ирүүллээ. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд эрүүл энх, аз жаргал, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Чин сэтгэлийн гүн хүндэтгэлээ илэрхийлье гэжээ. 

АНЭУ-ын удирдлагууд мэндчилгээ дэвшүүллээ

2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммед бин Зайд Аль-Нахъяан, Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дубай хотын захирагч Мухаммед бин Рашид Аль-Мактуум, Дэд Ерөнхийлөгч, Шадар сайд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Мансур бин Зайд Аль-Нахьяан нар баяр наадмын мэндчилгээ ирүүллээ. Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, аз жаргал, найрсаг Монгол Улсын төр, засаг, ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе гэжээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Ерөнхийлөгч Абделмаджид Теббун: Монгол Улс Үндэсний баяр наадмаа тэмдэглэж буйг тохиолдуулан Алжир Улсын ард түмэн, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, Танд эрүүл энх, аз жаргал сайн сайхан, Монголын найрсаг ард түмэнд цаашдын хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Алжир, Монголын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, хоёр орны нийтлэг сонирхол, найрсаг ард түмний хүсэл эрмэлзэлд нийцүүлэн хөгжүүлэхийн төлөө тантай хамтран ажиллахаа дахин нотолж байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Та миний нэн өндөр хүндэтгэлийг хүлээн авна уу.

Бахрейны Хаант Улсын Хаан Хамад бин Аиса Аль-Халифа: Найрсаг Монгол Улсын Үндэсний их баяр наадам тохиож байгаатай холбогдуулан өөрийн нэрийн өмнөөс болон Засгийн газар, Бахрейны ард түмний нэрийн өмнөөс Эрхэмсэг ноёнтон Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Эрхэмсэг ноёнтон танд эрүүл энх, аз жаргал, ард түмэнд тань хөгжил дэвшил, мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Палестин Улсын Ерөнхийлөгч Махмуд Аббас: Үндэсний баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгаадаа таатай байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, Монгол Улсын төр, засаг, ард түмэнд зорьсон зорилгодоо хүрэх амжилт, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе. Манай хоёр орон, ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт найдаж байна. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу.

Мароккогийн Хаант Улсын Хаан VI Мухаммед: Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд халуун баяр хүргэж, танай ард түмний цаашдын хөгжил цэцэглэлтэд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Хоёр орны ард түмний ойр дотно харилцах, улам их үр ашигтай хамтран ажиллах эрмэлзлийг бодит болгохын тулд Мароккогийн Хаант Улс Монгол Улстай хөгжүүлж буй найрамдалт харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлье гэжээ. 

Оман Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

2024.08.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад бин Хамуд Аль-Бусайди бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд Булангийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв. Оманы Султант Улсаас манай улсад дээд, өндөр түвшинд хэрэгжүүлж буй анхны албан ёсны энэхүү айлчлал нь хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Гадаад хэргийн сайд Сайид Бадр Аль-Бусайди Оманы Султант Улсын Султан Хайтам бин Тарикийн халуун дотно мэндчилгээг уламжлаад Оман Улсын Засгийн газар Монгол Улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оманы Султант Улсын Султан Хайтим бин Тарикт мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Арабын Нэгдсэн Эмиратын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2024.09.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Гуртаси Аль-Нуаими Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орлоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцолж, АНЭУ нь Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээж байгаа нь тус улсаас хоёр орны харилцаанд ач холбогдол өгч буйн илэрхийлэл гэж үзэж буйгаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд АНЭУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсоноо тэмдэглэлээ. Цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Элчин сайд Мухаммад Аль-Нуаими улс төр, эдийн засаг, худалдаа зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

2024.11.29.Могшол Улс.Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 01-09-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно гэжээ.

Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” буюу “One for All, All for One” үзэл санааны дор цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа

2024.11.29.Могшол Улс.Улаанбаатар хот. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (COP-16) Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо эхэллээ. 2026 онд болох COP-17 дугаар хурлыг даргалах улсын хувиар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн арга хэмжээнд хүндэт зочноор оролцож, үг хэллээ. “Бидний газар, бидний ирээдүй” сэдвийн хүрээнд болж буй энэ удаагийн хурлаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын болон цөлжилт, газрын доройтолтой тэмцэж, 2030 он гэхэд газар хөрсийг сэргээх зорилтын хэрэгжилт, ган, цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээ авах, байгальд ээлтэй хүнсний үйлдвэрлэл, эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх, залуучуудын оролцоо, ажлын байр зэрэг олон асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлоос үүдсэн сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх шаардлагатай эгзэгтэй энэ цаг үед конвенцын Талууд улс төрийн манлайлал, эв нэгдэл, харилцан ойлголцлоо улам бататган, хамтын ирээдүйн төлөө зоримог шийдвэр гаргах учиртайг онцлоод Монгол Улсын Засгийн газраас цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, -Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал улс орон бүрд, иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маягт бодитоор нөлөөлж байна. НҮБ-ын судалгаагаар Монгол Улсад нүүрлэсэн байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин өсжээ. Ганцхан жишээ дурдахад, өнгөрсөн өвөл сүүлийн 50 жилд үзэгдээгүй их цас унаж, хүнд зуд болсноор олон сая мал хорогдсон бол өмнөх зун нь мөн л сүүлийн тавь гаруй жилд болоогүй их хэмжээний үер буусан.  Дэлхийн улс орон бүрд ийм жишээг бид өдөр тутам харж бас мэдэрч байна. Бидний газар нутаг- бидний ирээдүй.  Тиймээс ч энэ удаагийн хурал Our land- Our future уриан дор зохион байгуулагдаж байна.
Хүн төрөлхтний ирээдүй болсон газар нутгаа хамгаалахын тулд бид бие биеийнхээ төлөө байхыг нөхцөл байдал хүн төрөлхтнөөс шаардаж байна. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” байхыг уур амьсгал, цөлжилт, цар тахал ч мөн сануулсан. Тиймээс ч ирээдүйн зөвлөгөөн “One for All, All for One”үзэл санааны дор нэгдэн ярилцахыг уриалж байна гэлээ6 Монгол Улс мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр”Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл”-ийг байгуулах санаачилга дэвшүүлж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”тогтоол баталсанд талархал илэрхийллээ.Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгуудад багтсан уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлд олон улсын байгууллага, дэлхийн улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан түншлэн ажиллаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, өнгөрсөн хугацаанд 84 сая мод тарьж, суулгацын нөөц 63 саяд хүрсэн нь олон улсад сайн туршлагад тооцогдож байгааг дурдлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, нүүрсхүчлийн хорт хийн ялгарлыг бууруулахад цэвэр эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь туйлын чухал асуудал. Монгол Улс ч цэвэр эрчим хүчний шилжилтэд анхаарлаа хандуулж, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хөрөнгө оруулалт, татварын орчны томоохон реформыг хэрэгжүүлж эхэлснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, Засгийн газрууд, хөрөнгө оруулагчид, баялгийн сангууд, хувийн хэвшлийнхэн эдгээр төсөлд харилцан ашигтай хамтран ажиллахыг урилаа.Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг даргалах улсын хувьд ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад өөрийн хувь нэмрийг оруулж, оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллах байр сууриа илэрхийлээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн хурлын зочид, төлөөлөгчдийг 2026 онд Монгол Улсад болох СОР17-д оролцохыг урилаа. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үндсэн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тэргүүтэй төлөөлөгчид үргэлжлүүлэн оролцоно. СОР16 бага хурал нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 30 жилийн ойтой давхцаж буй бөгөөд Саудын Арабын Хаант Улсын хүлээн авч зохион байгуулж буй олон улсын арга хамгийн том хэмжээ юм. Мөн бага хурал нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутаг (MENA)-т анх удаа болж байна.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА

2024.12.03. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арван хоёрдугаар сарын 2-ны өдөр Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үеэр тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой уулзав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 30 жилийн ойн мэндийг хүргэж, өнгөрсөн хугацаанд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар байгаль дэлхий, газар хөрсийг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, үр дүнтэй ажиллаж байгаад Гүйцэтгэх нарийн бичгийн даргад талархал илэрхийллээ. Ерөнхий сайд Монгол Улсын төр, засгийн зүгээс хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөтөлбөрийн талаар товч танилцуулав. Монгол Улс Төв Ази, Зүүн Хойд Ази эсвэл Ази Номхон далайн орнуудтай бүс нутгийн түншлэл хөгжүүлэх замаар ган гачигт тэсвэртэй байдлыг бий болгох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна. Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д өндөр ач холбогдол өгч, бэлтгэлийг эртнээс хангаж байгаад Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио талархал илэрхийллээ. Талууд СОР17 бага хурлыг Монгол Улсдаа 2026 онд амжилттай зохион байгуулж, энэ үеэр бэлчээрийн зохистой удирдлагын олон улсын эвсэл байгуулах боломжийн талаар санал солилцов.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН 16 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ҮЕЭРЭЭ ЗАРИМ УЛС ОРНЫ ПАВИЛЬОНД ЗОЧИЛЛОО

2024.12.03. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 16 дугаар бага хуралд оролцох үеэр Монгол Улс болон зарим улс орны зохион байгуулж буй павильонд зочлов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл болох цөлжилттэй тэмцэх, агаар орчны бохирдлыг бууруулах, усан хангамжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээрх зорилго зорилт, үйл ажиллагааг олон улсын тавцанд таниулан сурталчилж байгаад баяр хүргэв. Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын бага хурлын хүрээнд анх удаа цэнхэр бүс болон ногоон бүсэд павильон гаргаж оролцож байна.Энэ жилийн хурал нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 30 жилийн ойтой давхцаж, “Бидний газар. Бидний ирээдүй (Our Land, Our Future)” уриан дор зохион байгуулагдаж байна.    Цэнхэр бүс дэх павильонд Засгийн газар, олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилсан хурал, арга хэмжээ зохион байгуулагддаг. Ногоон бүс дэх павильон нь олон нийтэд нээлттэй бөгөөд хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд голчлон зохион байгуулдаг онцлогтой. Цэнхэр бүсийн павильонд өндөр түвшний уулзалтууд болох ба Монгол Улс нь үндэсний түвшинд хэрэгжүүлж буй цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцаж, цөлжилтийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ болон туршлага хуваалцан, өөрийн улс орноо дэлхий нийтэд танилцуулахыг зорьж байна. Монгол Улс “Ногоон бүс” дэх павильоныг нь “Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр” (Go sustainable: Nomadic heritage, resilient rangeland) уриан дор зохион байгуулж,  улс орныхоо соёл уламжлал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ногоон инновацыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, олон талт санаачилгыг дэлхий нийтэд танилцуулах зорилготой. Энэ үйл ажиллагаанд Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, мөн НҮБ-ын төрөлжсөн агентлагууд хамтран оролцож байна.   

Хариулт үлдээнэ үү