Mонгол, НҮБ-ын хaрилцaa
Монгол улс 1961 онд НҮБ-д элсэв
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961.10.27-нд 101 дэх гишүүнээр элссэн. НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон нь Монгол Улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бий болгосон юм. Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, өөрийн улсын аюулгүй байдлыг хангах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, ардчилал, хүний эрхийг хангах зэрэг олон зорилтыг чухалчилж байна. НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулган, дээд, өндөр түвшний уулзалт, хурал, арга хэмжээнд төр, засгийн тэргүүний түвшинд тогтмол оролцож, хувь нэмрээ оруулж ирсэн юм.
НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзав
2020.09.23. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг орон нутгийн төрөлжсөн байгууллагын багийн төлөөлөгчдийнх нь хамтаар хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд НҮБ-ын зүгээс тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирснийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв. Цаашид эдийн засгийг сэргээх, монгол иргэдийг татан авах зэрэгт чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ. НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшааж буйгаа илэрхийлэв. Мөн дэлхийн Улс орнуудад жишиг болохуйц ажиллаж байгаа цөөн орны нэг гэдгийг цохон хэллээ. Мөн Цар тархлын тархалтын оргил үед хязгаарлалтын хатуу дэглэм хэрэгжүүлж байх явцад хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж 100 мянган төгрөгт хүргэсэн нь оновчтой шийдэл байсныг зориуд тэмдэглэн хэлье гэжээ. Улмаар НҮБ-аас нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдлээ. Уулзалтаар талууд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг үндэсний түвшинд хангахад шаардлагатай санхүүжилтийг цогцоор шийдвэрлэх зорилгоор Олон талт түншлэгчдийн платформыг байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Өнөөдрийн уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч А.Хайкенс, Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга К.Ишикава, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Туслах суурин төлөөлөгч Г.Нямжаргал, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь үндэсний хөтөлбөрийн менежер В.Лютенко зэрэг хүмүүс оролцов.
НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэв
2020.10.23. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба хамтран НҮБ-ын өдөр – Нэгдсэн Үндэстний Байгууллагын 75 жилийн ойн арга хэмжээг энэ сарын 22-нд Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ 75 жилийн өмнө байгуулагдаж байсан НҮБ-ын Дүрмийн үзэл санаа, үндсэн зорилго биеллээ олж, НҮБ нь дэлхийн улс үндэстнүүдийн тусгаар тогтнол, энх тайван, аюулгүй байдлын баталгаа, хөгжил цэцэглэлтийн өмөг түшиг болж чадсаныг онцлон тэмдэглэв. Ерөнхий сайд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн нь олон улсын тавцанд нэр хүнд, байр сууриа батжуулах, гадаад бодлогоо өргөжүүлэх, бусад улс орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах өргөн боломж, бололцоог нээж өгснийг тэмдэглээд Засгийн газрын зүгээс НҮБ-тай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра, Дипломат корпусыг төлөөлж ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар үг хэлж, НҮБ-ын агентлагууд Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийлээ. Манай улс НҮБ-д 1961 оны аравдугаар сарын 27-нд элссэн бөгөөд 60 жилийн ойн хүрээнд Монгол Улс-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэх, хэтийн төлөвийг тодорхойлох, олон нийтэд сурталчлахад чиглэсэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцоно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой 9 дүгээр сарын 17-ны өдөр цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхлэх юм. Ковид-19 цар тахлын улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган 2020 онд цахим хэлбэрээр болсон ба энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцоно.
У.Хүрэлсүх НҮБ-д үг хэлэхээр эх орноосоо мордов
2021.09.18. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой 9 дүгээр сарын 17-ны өдөр цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхэлсэн юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав
2021.09.21.2021-09-20. Нэгдсэн үндэсний байгууллага. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав. Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байгаадаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. НҮБ, түүний системийн байгууллагууд Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын дэмжлэг, хамтын ажиллагааг өндрөөр үнэлдэг бөгөөд ялангуяа цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Төрийн тэргүүний хувиар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, ган зэрэгт онцгой анхаарал хандуулж байгаагаа тэмдэглэлээ. Энэ хүрээнд ирэх 11 дүгээр сард Глазгоу хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурлын үеэр Манлайлагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгааг дурдав. Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулах үндэсний хувь нэмрээ 27.2 хувь болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хөгжингүй орнууд 100 тэрбум ам.доллар зарцуулах амлалтаа ойрын хугацаанд биелүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоогоо өргөжүүлэх бодлого баримталж, НҮБ-ын чадавхын бэлэн байдлын системд цэргийн дөрвөн нэгж бүртгүүлснийг хэлэв. Мөн цэргийн багуудаа ойрын хугацаанд илгээх сонирхлоо илэрхийлэв. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг түшиглэн Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэн байгуулах саналыг Энхийг сахиулах үйл ажиллагааны асуудлаарх санаачилгынхаа хүрээнд дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа тодотгов. Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал тогтоолын дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог нэмж, 15 хувьд хүргэх чиглэл баримталж байгааг хэлэв. Энэ дагуу энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцооны талаар бүс нутгийн орнуудын олон улсын хурлыг ирэх онд Улаанбаатар хотод зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэв. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урилаа. Хүмүүнлэгийн чиглэлээр Буянт-Ухаад хүмүүнлэгийн агуулах, нийлүүлэлтийн логистикийн төв барихад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нааштай хүлээж авлаа. Мөн НҮБ-ын системийн байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцдогт талархлаа илэрхийлэн, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжсөөр байгааг цохон тэмдэглэж, НҮБ Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэлэв. Тэрбээр Улс орнууд илүү сайн ойлголцож, бие биенээ харилцан дэмжиж, хамтарч ажиллахгүй бол наад захын хүндрэл, бэрхшээлд өвдөг сөхрөх сургамжийг өнгөрсөн хоёр жил авлаа. Тиймээс тодорхой ажлаа ярьж, саналаа солилцон, байгаа боломжоо дээд зэргээр ашиглаж байж цар тахал болон байгалийн гамшгийг даван туулах ёстой гэж тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-д оролцоогоо нэмэгдүүлэх, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд дөрвөн жилийн дараа Ерөнхийлөгчийн түвшинд биечлэн оролцож байгаа юм. Энэ үеэрээ НҮБ-тай хамтарч ажиллах чиглэл, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оруулах хувь нэмэр, бүс нутгийн хэмжээнд туршлагаасаа хуваалцах, Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлогод суурилж гаргасан тухай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. Монгол Улс НҮБ-д 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гишүүнээр элссэн түүхтэй. Бүрэн эрхт гишүүн болсноор НҮБ-ын системийн бусад байгууллага, олон улсын гэрээ, хэлэлцээрүүдэд нэгдэн орох боломжтой болсон. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогыг өргөжүүлэх, НҮБ болон бусад гишүүн орны тусламж, дэмжлэгийг авч, хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнертай уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнертай уулзаж, харилцаа хамтын ажиллагаа болон ойрын хугацаанд хийх ажлын талаар ярилцлаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь цар тахалтай тэмцэх, үр дагаврыг нь арилгах чиглэлээр хамтран ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Ирэх дөрвөн жилд ядуурлыг бууруулах, сайн засаглал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдал, дижитал шилжилт зэрэг салбарыг чухалчлан үзэх бодолтой байгаагаа тэмдэглэв. Ногоон хөгжлийн талаар зарим тохиролцоонд хүрч, Монгол Улсын Засгийн газартай гарын үсэг зурсан тухай НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер хэлэв. Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийхээр төлөвлөж байгаа ажил, санал, санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр дэмжиж, хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол Улсад суугаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газар харилцан ойлголцолд суурилдаг хамтын ажиллагаатай гэдгийг мөн онцоллоо. Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнерыг Монгол Улсад айлчлахыг урив.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцов
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлт 2021 оны есдүгээр сарын 21-ний өдөр боллоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 2021 оны есдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш: Итгэлцлийг сэргээж, эв нэгдлийг бэхжүүлж, итгэл найдварыг өдөөхийн тулд хамтын ажиллагаа, яриа хэлэлцээ, харилцан ойлголцыг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцлоод вакцин үйлдвэрлэлийг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлж, 2022 оны эхний хагаст дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулах төлөвлөгөө хэрэгтэй байгааг тэмдэглэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахид: Жил хагасын турш дэлхий нийтээрээ чимээгүй намжмал байдал, түгшүүрт шаналж, хүлээлтийн байдалд байсан тул дахин хүлээлгүй дэлхийн хүн амыг бүрэн вакцинжуулах, КОВИД-19 цар тахлын дараах сэргэлтэд анхаарахыг гишүүн орнуудад уриалав. Түүнчлэн хүний эрх, уур амьсгалын өөрчлөлт, НҮБ-ыг бэхжүүлэхэд Ерөнхий Ассамблейн чуулганы даргаар ажиллах хугацаандаа чухалчлан анхаарахаа мэдэгдэв. Ковид-19 цар тахлын улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган 2020 онд цахим хэлбэрээр болсон ба энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцож байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн чуулганд 100 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар биечлэн оролцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцож байгаа юм. Ерөнхий санал шүүмжлэлийн өчигдрийн хуралдаанд АНУ, Бразил, БНСУ, БНХАУ, Катар, Турк, Швейцар зэрэг улсын төр, засгийн тэргүүн нар үг хэлж, улс орныхоо гадаад бодлого, олон улсын тавцанд тулгамдаж буй асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нью-Йорк хотноо эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн эхний өдрийн хуралдаанд оролцсон бол, чуулганы хоёр дахь өдрийн хуралдаанд олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт одоогоор мөн хийгээд байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой энэ сарын 17-ны өдөр цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхэлсэн билээ. Х.Фортой хийсэн уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сан дорвитой хувь нэмэр оруулж ирснийг дурдаж, КОВИД-19 цар тахлын үед иргэдийг вакцинжуулах, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Хатагтай Х.Фор НҮБ-ын Хүүхдийн сангаас агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг бууруулах, Ерөнхий боловсролын сургуулийн интернет сүлжээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг онцолж, цаашид хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, ундны усаар хангах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа мэдэгдсэн. Талууд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, залуучууд, өсвөр насныханд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтууд болон НҮБ-ын Залуучуудын стратегийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор байгуулсан Generation Unlimited түншлэлийн хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах чиглэлээр ажиллахаар тохирсон байна. Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн сантай 1965 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-д үг хэлэв
2021.09.23. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Чуулганы дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Юуны өмнө Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы даргаар гишүүн улсуудын дэмжлэгийг авч сонгогдсон Абдулла Шахид танд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе. Таныг энэхүү хариуцлагатай, чухал үүргээ гүйцэтгэхэд манай төлөөлөгчид бүх талаар дэмжиж хамтран ажиллах болно. Сүүлийн хоёр жилд дэлхийн улс, орнууд цар тахлын гамшигт нэрвэгдэж, бид амаргүй цаг үеийг хамтдаа туулж байна. Миний бие Монголын ард түмний нэрийн өмнөөс дэлхий даяар коронавирусийн улмаас 4.6 сая хүн амь насаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлж байна. Манай гарагийн өнцөг булан бүрт эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө амь хайргүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд болон тэргүүн шугамын албан хаагчдад талархал илэрхийлье. Мөн КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэлд НҮБ болон түүний системийн байгууллагууд онцгой үүрэг гүйцэтгэж, гишүүн улсуудаа нэгтгэн зангидаж, тусалж дэмжин, мэдээлэл, арга зүйгээр хангаж байгаад чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Чуулганы дарга аа,
Цар тахал дэлхий нийтийн эрүүл мэндийн төдийгүй эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л салбарт өөрчлөлт авчирч, цаашид хүн төрөлхтний аж амьдрал КОВИД-19-ийн өмнөх болон дараах үе гэж хуваагдах нь тодорхой боллоо. Цар тахлын үед бид олон зүйлээс сургамж авлаа. Монголчууд бид Өвчин зовлон хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэж ярьдаг. Энэ нь өвчин зовлон хүнийг арьс өнгө, нас хүйс, баян ядуугаар нь ялгадаггүй гэсэн үг. Тиймээс энэ зүйр үгээр дамжуулан монголчууд өвдөж зовсон нэгнээ ялгаварлан гадуурхах биш харин энэрч хайрлах ёстой гэдэг ёс суртахууныг номлодог юм. Хүмүүс бид бие биенээ ялгаварлан гадуурхах биш, харин хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа энэхүү аюулт цар тахал өвчнийг хамтын хүчээр хэрхэн ялж гарах талаар бодох ёстой. Мөн зарим улс оронд цар тахлын хөл хорио, дэг журмаас үүдэн хүний эрхийн төлөөх бослого, хөдөлгөөн ч бас гарлаа. Бүс нутагтаа ардчиллын Баян бүрд гэж нэрлэгддэг Монгол Улс хөл хорионоос үүдсэн хүний эрхийн асуудалд анхааралтай хандаж байна. Монгол Улс болон Азийн олон улс орон ийм зөрчилд хүрэлгүйгээр КОВИД-19-ийн хүндрэлтэй үеийг даван туулж байгаа нь хувь бодьгалийн бус харин хамтач дорно дахины соёлын онцлог давуу тал гэж хэлж болно. Бид бие биенийхээ соёлын онцлог, үнэт зүйлийг хүндэтгэж, ололт амжилт, алдаа дутагдлаасаа харилцан суралцах нь хүн төрөлхтний өмнө цаашид тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг хамтдаа даван туулахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна. КОВИД-19 огцом дэгдсэнээр дэлхий дахины эрүүл мэндийн салбарын хүний нөөц, дэд бүтэц, нийлүүлэлтийн тогтолцоо асар том цохилтод өртөж, вирусийн тархалт ужиграх хэрээр нийгмийн тэгш бус байдлын үнэн дүр төрхийг илчилсэн гэж хэлж болно. Эрүүлийг хамгаална гэдэг бол улс орныг батлан хамгаалахтай нэгэн адил оршин тогтнолын ач холбогдолтой салбар гэдгээ орчин цагийн төрт улсуудад хатуухан сануулж өглөө. Ирээдүйн дэлхийн хөгжлийн үзэл баримтлал нь ногоон, хүртээмжтэй нийгэм эдийн засгийн хөгжил байх төдийгүй эрүүл мэнд суурьтай байх, эрүүл мэндийн дипломат ажиллагааг хөгжүүлэх бодит шаардлага шинээр бий болж байна. Мөн эрүүл мэндийн салбарт эрсдэлийн удирдлага, бэлэн байдлыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, өндөр технологи, шинэлэг арга барилыг шуурхай нэвтрүүлэх асуудал бид бүхний өмнө тулгамдаж байна. КОВИД-19 цар тахлаас хамгаалах гол арга зам нь дархлаажуулалт тул дэлхийн улс орнууд, олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт, харилцан туслалцаа үүнд чиглэгдэх учиртай. КОВИД-19-ийн вакцины тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий КОВАКС хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 138 улсад 190 сая тун вакцин нийлүүлээд байгаа нь бага, дунд орлоготой орны иргэдэд хүрсэн үнэлж баршгүй дэмжлэг байлаа. Монгол Улс өнөөдрийн байдлаар КОВАКС хөтөлбөрөөс гадна бусад улс орны дэмжлэг тусламж, Засгийн газрын худалдан авалтын үр дүнд хүн амынхаа 65 хувийг вакцины бүрэн тунд хамруулж чадсан байна. Вирусийн тархац өндөр байгаа ч буурах хандлага ажиглагдаж байгаа тул манай Засгийн газар үйлчилгээний газруудыг үе шаттай нээх, боловсролын бүх шатны сургалтыг танхимаар эхлүүлэх, гадаад нислэгийн тоог нэмэгдүүлэх зэргээр хэвийн амьдралын горимд шилжих алхмуудыг шат дараатай авч хэрэгжүүлж байна.
Чуулганы дарга аа,
Цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засаг, түүний дархлаа, уян хатан байдалд урьдынхаас илүү хүнд сорилт учрууллаа. Цар тахлын улмаас 2020 онд дэлхийн эдийн засаг 4.9 хувиар, олон улсын худалдаа 5.3 хувиар тус тус агшсан ч 2021 оноос тодорхой сэргэлт үзүүлэх хандлагатай болж байна. Цар тахлын үед мэдээллийн технологи нийгмийн амьдралын гол хурдасгагч байж, XXI зуунд өөрийн эзлэх байр сууриа нотолж чадлаа. Өмнө нь мэдээллийн технологийн хэрэглээ эдийн засаг, бизнес, санхүүгийн харилцаанд л гүнзгий нэвтэрч байсан бол цар тахлын үед зайн оношилгоо, эмчилгээ, цахим сургалт, зайнаас ажиллах гэх мэтээр өргөжин тэлж хөдөлмөр зохион байгуулалтын шинэ хэлбэр, дүр төрхийг олж байна. Дэлхий нийтэд тулгараад буй олон сорилтыг зөвхөн бэрхшээл бус, харин хөрөнгө хүч, цаг хугацаа хэмнэх, орон зайг үл хамааран үр дүнтэй ажиллах боломж хэмээн харвал бид энэ шинэ орчинд илүү хурдацтай дасан зохицож, сэргэн хөгжих бололцоотой гэдгийг дурдах нь зүйтэй.
Чуулганы дарга аа,
1921 оны Ардын хувьсгалын үр дүнд монголчууд бид анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засаг, хамжлагат ёсыг халан Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласан билээ. 1961 онд НҮБ-д элссэнээр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсон бөгөөд энэхүү түүхт ойг манай ард түмэн үндэсний онцлох үйл явдал хэмээн үзэж байгаа. Таван тивийн улс, үндэстний энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшил, хүний эрхийн төлөөх НҮБ-ыг монголчууд бид туулсан нэгэн жарны маань итгэлт нөхөр, туулах олон жарны маань өмөг түшиг хэмээн хардаг. Танилтай хүн талын чинээ, танилгүй хүн алгын чинээ гэж монголчууд ярьдаг билээ. Монгол Улс өдгөө дэлхийн 193 улстай дипломат харилцаа тогтоож нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд олон улс, бүс нутгийн Засгийн газар хоорондын 80 гаруй байгууллагад гишүүнээр элсээд байна. Мөн олон улсын 290 гаруй гэрээ, конвенцид нэгдэн орсон нь манай улсын дэлхий нийтийн үйл хэрэгт эзлэх орон зай, хүлээж буй үүрэг, хариуцлага өсөн нэмэгдэж буйн илэрхийлэл гэж үздэг. НҮБ-ын системийн байгууллагуудын тусламж, дэмжлэг Монгол Улсын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсны дотор ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хангах, ядуурлыг бууруулах, эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, байгаль орчин, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр илүү үр дүнтэй хамтран ажиллаж чадлаа. Манай улсын 1990-ээд оны нийгэм, эдийн засгийн шилжилтийн үе, удаа дараа тохиолдсон зудын гамшиг, КОВИД-19 цар тахал зэрэг хүнд хэцүү, бэрхшээлтэй бүх цаг үед НҮБ болон түүний системийн байгууллагууд тал бүрийн туслалцаа дэмжлэг үзүүлж, Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийг үүсгэн бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж ирсэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Чуулганы дарга аа,
Өнгөрсөн жаранд Монгол Улс НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй оролцож ирлээ. Манай улсаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейд зэвсэг хураах долоо хоног, улс түмэн энх тунх амьдрах эрхийн тухай тунхаглал, цөмийн зэвсэггүй статус, эдийн засгийн хөгжил, байгаль хамгаалах, хоршоолол, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдал, бичиг үсгийн боловсрол, ардчиллын боловсрол зэрэг 20 шахам асуудлын хүрээнд 90 гаруй тогтоол санаачлан батлуулаад байна. Үүн дотроос Монгол Улс 1992 онд нутаг дэвсгэрээ Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлаж, өнөөг хүртэл энэ чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Мөн 2002 оноос НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа бөгөөд Монгол Улсын санаачилгаар 2003-2012 оныг НҮБ-ын бичигтэн болох 10 жил хэмээн зарласан, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Засгийн газар хоорондын анхны байгууллага болох Олон улсын судалгааны төвийг өөрийн оронд байгуулсан зэргийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Бид далайд гарцгүй хөгжиж буй орнуудын онцлог байдал, ашиг сонирхлыг хангахын төлөө урьдын адил тууштай ажиллахын зэрэгцээ Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа Транзит Монгол Улс болохыг зорьж байна. Мөн эл завшааныг ашиглан Монгол Улс нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь эдийн засгийн интеграцид оновчтой хэлбэрээр оролцох, тухайлбал АПЕК-т нэгдэх, АСЕАН-ын яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтын оролцогч тал болох эрмэлзэлтэй байдгийг цохон дурдахыг хүсэж байна.
Чуулганы дарга аа,
Коронавирусийн цар тахал нь Дэлхийн II дайнаас хойших хамгийн том гамшигт тооцогдож байгаа билээ. Хэдийгээр Дэлхийн I дайн өнгөрөөд 103 жил, Дэлхийн II дайн өнгөрөөд 76 жил болсон ч дайны хор хөнөөл өнөө хэр нь бүрэн арилсангүй, цэрэг, зэвсгийн хүчээр шийдвэрлэх гэсэн асуудлууд ч өнөөдөр бүрэн шийдэгдээгүй байна. Тиймээс өнөөгийн дэлхий ертөнцөд дайн хэмээгч энэхүү аймшигт үзэгдлийг хүн төрөлхтний түүх, хүний ёсноос бүр мөсөн арилгах хэрэгтэй бөгөөд аливаа зөрчил маргаан, үл ойлголцлыг зөвхөн эв зүй, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэж, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагааг хөгжүүлэхийн үүрэг, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Бидний өвөг дээдэс Чингис хааныг олон ард түмнийг эзлэн түрэмгийлсэн догшин хэрцгий хүн байсан мэт туйлширсан ойлголт байдаг. Гэхдээ түүнийг дипломат харилцааг баримтлагч, энхийг эрхэмлэгч, амар амгалан хил хязгаарыг бий болгох гэсэн чинхүү хүсэл эрмэлзлэлтэй нэгэн байсныг дэлхийн түүх болон эрдэмтдийн судалгаа нотолдог юм. Түүний энэхүү хүсэл эрмэлзлэл биелэлээ олж Евразид 200 орчим жил дайн дажингүй амар амгаланг цогцлоосон бөгөөд энэ цаг үеийг дэлхийн эрдэмтэн судлаачид хүн төрөлхтний хөгжилд үлэмж хувь нэмэр оруулсан Монголын их амар амгалан буюу Пакс Монголика гэж нэрлэдэг. Өвөг дээдсийнхээ амар амгаланг эрхэмлэх ёсыг өнөөгийн монголчууд бид ч өвлөн үлдсэн бөгөөд өдгөө Монгол Улс энхийг эрхэмлэгч ардчилсан улс гэдгээрээ олон улсад танигдаад байна. Бид 1990 онд нэг ч буун дуу гаргалгүй тайван замаар ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж чадсан. Манай улс хөрш орнуудтайгаа газар нутаг, хил хязгаарын маргаан байхгүй. Бидэнд шашны болон үндэстэн, угсаатан хоорондын мөргөлдөөн байхгүй. Монгол Улс нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталдаг орон юм. Иймээс монголчууд бид дайны эсрэг оюун санаа, сэтгэлгээний дархлааг хүн төрөлхтөнд тогтоох зорилгоор дэлхийн 30 гаруй орны 100 гаруй сая хүн татагдан оролцож, олон сая хүний амь насыг аймшигтайгаар авч одсон хөнөөлт Дэлхийн II дайн дууссан 9 дүгээр сарын 2-ны өдрийг жил бүр Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр болгон тэмдэглэх санаачилга дэвшүүлж байна. Энэхүү санаачилгыг дэлхийн улс орон, хүн ард дэмжинэ гэдэгт монголчууд бид итгэл төгс байна. Дэлхий дахинд цэрэг, улс төр, аюулгүй байдлын шинэ нөхцөл байдал үүсэж, даяаршил, шашин шүтлэг, соёлын ялгаа, эдийн засгийн өрсөлдөөнтэй холбоотой зэвсэгт мөргөлдөөний тоо нэмэгдэж, эх орноосоо дүрвэх дүрвэгсдийн урсгал ихсэж, хүрээлэн буй орчны доройтол газар авч буй энэ цаг үед НҮБ-аас явуулж байгаа улс төр, энхийг сахиулах ажиллагааны бодлого, төрөл, далайц ч шинэчлэгдэж байгаа нь зүй ёсны хэрэг юм. Энхийг сахиулагчдын гүйцэтгэх үүрэг нэмэгдэх төдийгүй тэдэнд тавигдаж буй шаардлагад өөрчлөлт орж, тухайн ажиллагааны цагийн байдалд нийцүүлж орчин үеийн зэвсэг техник, тоног төхөөрөмж бүхий цомхон бие бүрэлдэхүүнээр түргэн шуурхай арга хэмжээ авахыг эрмэлзэх болсныг бид зөв зүйтэй хэмээн үзэж байна. Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн гурван тив дэх НҮБ-ын энхийг сахиулах 13 ажиллагаанд 20 орчим мянган цэнхэр дуулгатнаа оролцуулаад байгаа билээ. Энэ нь манай улсын хүн амын тоо болон Зэвсэгт хүчний алба хаагчдын тоотой харьцуулахад дэлхийд дээгүүрт бичигддэг үзүүлэлт юм. Бид оролцоогоо цаашид ч нэмэгдүүлэн Түргэн байрлах хүчний рот, Инженерийн рот, Цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийг шинээр оролцуулахаар төлөвлөж, ажиллагааны газар оронд илгээх бэлтгэлээ базааж байна. Түүнчлэн манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал тогтоолын дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог нэмэгдүүлж 15 хувьд хүргэх чиглэлийг баримталж байна. Энэ хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцооны талаар бүс нутгийн орнуудын олон улсын хурлыг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Уг хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газар болон гишүүн орнуудаас хүсэж байна.
Чуулганы дарга аа,
Ойрын ирээдүйд цар тахал, дархлаажуулалт гол асуудал хэвээр байгаа боловч ирээдүйн хөгжил дэвшил, тогтвортой хөгжлийн асуудлыг бид цалгардуулах учиргүй. Дэлхийн хөгжлийн хандлага, Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөртэй уялдуулан Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан. Цар тахлын өмнөх гурван жилд тогтвортой өсөж байсан манай улсын эдийн засаг цар тахлын нөлөөгөөр 2020 онд 4.5 хувиар агшсан. Гэвч дотоодын эдийн засгийг дэмжих шат дараатай арга хэмжээ авч ажилласны үр дүнд эдийн засгийн гадаад таатай орчны нөлөөгөөр манай улсын эдийн засаг сэргэж, 2021-2022 онд дунджаар 4.5 хувиар өсөх төлөвтэй байна. Манай улс цар тахлаас эдийн засгаа хамгаалахад зориулж буй төсөв, хөрөнгийн хэмжээ Монгол Улсын эдийн засгийн чадавхтай харьцуулсан байдлаараа дэлхийн зарим хөгжилтэй орноос ч өндөр байгааг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд онцлон хэлж байгаа. Түүнчлэн, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон банк санхүүгийн байгууллагуудын дүгнэлтэд Монгол Улс нэн ялангуяа бага, дунд орлоготой иргэдийн орлогыг хамгаалах, иргэдийг ядууралд өртөхөөс сэргийлэхэд тодорхой үр дүнтэй ажиллаж байна хэмээн удаа дараа онцлон тэмдэглэсэн. Хөдөө аж ахуй, уул уурхайн салбар зонхилсон Монгол Улсын эдийн засаг нь аливаа эрсдэл, гамшгийн эсрэг эмзэг, дархлаа сул хэвээр байгаа тул цар тахлын дараах байгаль орчинд ээлтэй, тогтвортой бөгөөд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэхийн тулд бүтцийн шинэчлэл хийх, эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, төсвийн болон санхүүгийн тогтвортой байдлыг чанд хадгалах зэрэгт онцгой анхааран ажиллаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт цар тахлын үед болон түүний дараа хөгжиж буй орнуудад чухал үүрэгтэй хэвээр байх болно. Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нь Монгол Улсын эдийн засгийн суурь зорилт хэвээр байх болно. Цаашид бид дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй урьд урьдынхаас илүү идэвхтэй, харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй, уламжлалт амьдралын хэв маягт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчмыг баримтлах болно. Мөн бид төр, хувийн хэвшлийн бүх түвшинд засаглалын реформыг эрчимжүүлж, түүн дотроо ил тод байдал, хариуцлага, үр дүнтэй үйлчилгээ, сайн засаглалыг хангах бодит механизмуудын нэг болох цахим шилжилтээр дамжуулан авлигыг эрс бууруулахад өндөр ач холбогдол өгч байна. Монгол Улс 2021-2024 онд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг Цахим Монгол нэгдсэн платформд оруулж, улмаар төрийн бүх үйлчилгээг цахимжуулж Дижитал үндэстэн болох зорилтыг дэвшүүлсэн.
Чуулганы дарга аа,
Сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байна. Үүний учир шалтгааныг зөв оношлох нь хорт үр дагаврыг арилгах гол арга юм. Энэ бол бид эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны уршиг юм. Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв сайхан харьцах ёс суртахууны тухай ихэд ярьж ирсэн боловч, эх байгальтайгаа зөв харьцах талаар төдийлөн хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ. Цар тахлын хөл хорионы үеэр озоны давхарга хурдан нөхөгдөж, орчны бохирдол буурах, гол ус цэнгэгших, амьтан, ургамал сэргэх зэрэг байгаль эх амсхийж, өөрийгөө нөхөн сэргээж буй эерэг өөрчлөлт түр зуур боловч ажиглагдсан. Энэ нь хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, үр дүнд хүргэх бодит алхмуудыг хийх ёстойг харуулж байна. Ойн түймэр, хар салхи, үер ус, ган зудын давтамж, цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрд асар их хор хохирол учруулан гамшгийн хэмжээнд хүрч байгаа нь ч үүний бас нэгэн нотолгоо юм. Монголчууд бид эрт үеэс эцэг тэнгэр, эх дэлхий хэмээн байгаль дэлхийгээ дээдлэн шүтэж, уул усаа аргадан тахиж, түүнээс эрчим авч амьдарч ирсэн ард түмэн. Эцэг, өвгөд маань байгаль дэлхийн ааш араншинг ажигч гярхайгаар танин мэдэж, малын ашиг шим, хоол хүнсээ хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй байдлаар боловсруулан хэрэглэж ирсэн. Мод, ус, ан амьтан зэрэг хангай дэлхийн хишгийг зөвхөн өөрсдийн ахуй, хэрэгцээнд тааруулан ариг гамтай хүртэж, нөөц баялгийг хямгадан, үр хойчдоо өвлүүлдэг байв. Энэ цаг мөчид нүүдэлчин ардын бэлчээр өнжөөх, бэлчээр амраах гэдэг арга технологи яах аргагүй санаанд орж байна. Энэ бол өөрийн гэсэн амь, амьдралтай байгаль дэлхийдээ амрах боломж өгдөг монгол малчны ухаан юм. Монголчуудын бүтээсэн Нүүдлийн соёл иргэншлийн байгаль эхээ хүндэтгэн дээдэлж, зүй зохистой харьцах уламжлалт арга ухаанаас суралцан өнөө цагийн шинжлэх ухаан технологийн ололт, бусад улс үндэстний уламжлалт туршлагатай хослуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэцгээе. Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна. Цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн. Монголчууд бид угаас мод тарих, ном туурвих, үр хүүхэд төрүүлж өсгөхийг дээд гурван буян гэж ярьдаг. Тиймээс дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн доройтол нь хил хязгаар, үндэс угсаа, шашин шүтлэг үл хамааран хүн төрөлхтний цаашдын оршин тогтнолын баталгаанд аюул занал учруулж байна. Энэхүү эгзэгтэй эргэлтийн мөчийг дэлхийн улс, үндэстнүүд дор бүрнээ ухамсарлан ойлгож ирэх 11 дүгээр сард Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлыг зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү хурлын хүрээнд ногоон хөгжлийг эрхэмлэх, хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө тус тусын боломжит амлалтыг авах, шинэчилж ахиулахыг уриалж байна.
Чуулганы дарга аа,
Цар тахлын хор хохирлоос түргэн ангижрах, цэнхэр гарагаа амирлуулан сэргээх гол арга зам бол бид бүхний нягт харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, харилцан туслалцаа бөгөөд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ зэрэг олон улсын хөгжлийн баримт бичгийн хэрэгжилтийг тууштай үргэлжлүүлэх, эрчимжүүлэх явдал гэж үзэж байна. Өнгөрсөн сард таван тивийн тамирчид Токио хотноо хуран цугларч хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон зуны Олимпын наадмаа амжилттай хийсэн болон 2020 онд цахимаар хуралдаж байсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл нь энэ жил Ерөнхий Ассамблейн их танхимдаа болж, та бид халуун сэтгэлээр уулзан учирч байгаа нь цар тахлын аюулыг бид хамтдаа даван гарна, түүнийг ялах болно гэдэг итгэл найдвар бидэнд төрүүлж байна. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнөд ивээх болтугай. Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа хэмээжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс ийнхүү мэдээлэв. Харин НҮБ-аас дараах бичлэгийг шууд дамжуулсан байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд И.Тиотой бараалхав
2021.11.02. Шотланд. Глазгоу хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга И.Тиотой Глазгоу хотод уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудалд Монгол Улс чухал ач холбогдол өгч буй талаар мэдээлж, сорилт болсон эдгээр асуудлыг шийдвэрлэхэд мод тарьж ургуулах нь хамгийн хүртээмжтэй аргуудын нэг болохыг тэмдэглэв. Тэрээр 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачлага дэвшүүлж, жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний 1-ээс багагүй хэмжээний хөрөнгийг цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн тухай танилцуулж, энэхүү санаачлагыг Олон улсын хөрсний доройтлыг тэглэх зорилттой уялдуулан хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенци, түүний механизмуудын дэмжлэг чухал байгааг уулзалтын үеэр онцоллоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга И.Тио Ерөнхийлөгчийн санаачлагыг сайшаан дэмжиж, конвенцийн нарийн бичгийн даргын газраас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Уулзалтаар талууд цөлжилттэй тэмцэх асуудлаар олон улсын хурал, арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулах боломжийн талаар санал солилцжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав
2022.06.16. Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Жан Пьер Лакруаг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал олон улсын бага хурлыг зохион байгуулах санаачилгыг анхнаас нь дэмжин, биечлэн оролцож байгаад талархал илэрхийлэв. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. Монгол Улс НҮБ-ын эрхэм зорилго, зорилтууд, түүний дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дэвшүүлсэн энхийг сахиулах ажиллагааг шинэчлэх, хүртээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой Энхийг сахиулах үйл ажиллагаа санаачилгыг ажил хэрэг болгоход онцгой анхаарч байгааг тэмдэглэв. Дээрх санаачилгыг бүх талаар дэмжин, Зэвсэгт хүчнийхээ оролцоог өргөжүүлэх, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн тоог нэмэх чиглэлээр НҮБ-ын Энхийн ажиллагааны газартай хамтран ажиллахаа илэрхийлэв. Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Ж.П.Лакруа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Олон улсын ээдрээтэй энэ цаг үед Монгол Улс олон талт харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч, олон улсын бага хурлыг өндөр түвшинд зохион байгуулж байгаад талархал илэрхийлэв. Монгол цэрэг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн мэндийг дэвшүүлж, монгол цэргийн үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтыг өндрөөр үнэлдгээ онцлов. Мөн олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, бүс нутаг дахь итгэлцэл, НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны үүрэг, нөлөө, ач холбогдлыг нэмэгдүүлэхэд Монгол Улс чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв.
Антонио Гутерреш мэндчилгээ ирүүлэв
2022.07.15. AНУ. НҮБ. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ дэвшүүллээ. УГ МЭНДЧИЛГЭЭНД: Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын бүх ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье. Түүхэн энэхүү онцгой цаг үе хүмүүн төрөлхтөн бид бүхэнд нэгэн гэр бүл шиг эв нэгдэлтэйгээр хамтран ажиллахыг эргэн сануулж байна. Улс орон бүр – дэлхий нийтээрээ нүүрлээд буй КОВИД-19 цар тахал, улам бүр нэмэгдэж буй ядуурал, тэгш бус болон шударга бус байдал, цаашлаад уур амьсгалын өөрчлөлт, мөргөлдөөн зэрэг үндэсний хил дамнасан тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж ажиллах шаардлагатай тулгараад байна. Түүхэн чухал ач холбогдолтой энэ өдөр Монголын нийт ард иргэд тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх ахиц дэвшлийг эрчимжүүлэх, түүнчлэн энэ дэлхийн бүх хүмүүсийн төлөө илүү сайхан, шударга, тайван ертөнцийг цогцлоох үйлсэд хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд энэхүү завшааныг тохиолдуулан гүн хүндэтгэлээ илэрхийлж буйг минь хүлээн авна уу гэжээ.
Антонио Гутерреш захидал ирүүлжээ
2022.08.03. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлахыг урьсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын түүх, соёл, зан заншил, байгаль, хүрээлэн буй орчинтой танилцахаар төлөвлөж байна. Айлчлалтай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд захидал ирүүлжээ. Уг захидалд, Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш НҮБ дахь Монгол Улсын идэвхтэй оролцоо, хувь нэмэрт талархаж байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэхдээ дэвшүүлсэн санаачилгуудыг сайшаан хүлээн авч байгаагаа онцолж, айлчлалын үеэр тэдгээр санал, санаачилгын талаар үргэлжлүүлэн ярилцана гэдгээ хэллээ. Мөн Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар олон улсын тавцанд манлайлал үзүүлэн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг санаачлан байгуулсан явдал, эдгээр орнуудын өмнө тулгарч буй сорилтуудыг онцлохоо цохон тэмдэглэв. Айлчлалын үеэр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Бидний нийтлэг зорилгыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах болон бусад олон чухал асуудлаар тогтон санал солилцоно гэдгийг мөн тэмдэглэжээ. Тодруулбал, Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой болон Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойгоор зохион байгуулагдаж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дээр дурдсан агуулгын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч, Монгол Улсад айлчлах гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Антонио Гутерреш Монголд хүрэлцэн ирлээ
2022.08.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Энэ нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хийж буй анхны айлчлал юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022.08.04-ний өдөр Зүүн хойд Азийн бүс нутагт хийж буй айлчлалаа эхлүүлсэн бөгөөд Япон Улсад айлчилж, Хирошимагийн Энхтайвны дурсгалын өдрийн арга хэмжээнд оролцсон юм. Үргэлжлүүлэн Монгол Улс болон БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөсөн юм. Энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60, 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаа юм.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутереш 1949.04.30-нд Португал Улсын Лиссабон хотноо төрсөн. Португал Улсын Парламентын гишүүн, Европын Зөвлөл дэх Португал Улсын төлөөлөгч, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Социалист Интернационалын Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, Португал Улсын Ерөнхий сайд, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын алба хашиж байсан. 2017.01.01-ний өдрөөс НҮБ-ын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэрбээр хүний эрх, эрх чөлөөг хангах, энхийн зуучлагч болж, шинэчлэл, инновацыг хөхиүлэн дэмжихийг гол зорилтоо болгон ажиллаж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад дөрвөн удаа айлчилж байснаас хамгийн сүүлд буюу 2009 онд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн айлчилсан түүхтэй.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал эхлэв
2022.08.09. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд Төрийн дуулал эгшиглэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн хүндэт харуулын туганд мэхийн ёсолж, цэргүүдтэй мэндчилэв. Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав
2022.08.09. Монгол улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд НҮБ үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв. Монгол Улс ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хангах, ядуурлыг бууруулах, эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, хүрээлэн буй орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр тус байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцлов. Мөн энэ онд Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байгааг тэмдэглэж, өнгөрсөн зургаадугаар сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ долоодугаар бага хурал, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо сэдэвт олон улсын хурлыг амжилттай зохион байгуулсныг дурдав. Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дэлхий дахинд энх тайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энх тайвны билэг тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийг төлөөх хүч чармайлт, түүний дотор цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын оруулж буй нэмрийг өндрөөр үнэлэв. Монгол Улс цөлжилттэй тэмцэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Тэрбум мод санаачилга гарган, үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгааг сайшааж, НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засаг болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мод тарилаа
2022.08.11. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Олон улсын хамтын нийгэмлэг, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтууд болох уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол зэрэгт онцгой анхаарч, улс орон бүр чармайн зүтгэж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй аргыг мод тарьж, ургуулах хэмээн үзэж, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалах, хүнсний хангамж, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг байгаль, дэлхийтэйгээ харьцах зөв хандлага, соёлыг ард иргэд, түүний дотор хүүхэд залууст сурталчлан түгээх ач холбогдолтой юм. Үндэсний хөдөлгөөнд ард иргэд, тэр дундаа залуучууд маш идэвхтэй оролцож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Нэг мод тарихад түүнийг даган ургах бут, сөөг, өвс, ургамал хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмрээ оруулдаг бол 100 мянгаар тоологдох мод тарихад тухайн газар нутгийг, харин сая, тэрбум мод тарихад бүс нутгийг эрүүлжүүлэх ач тустай гэдгийг эрдэмтэд судлан тогтоосон. Монгол Улс 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин, бидэнтэй нэгдэж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье гэлээ.
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНТОНИО ГУТЕРРЕШ:
Юуны өмнө энд цугласан энхийг сахиулагч эрэгтэй, эмэгтэйчүүд Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Дэлхийн хамгийн халуун цэгүүдэд Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, энгийн иргэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн хүмүүст бүхий л талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн Та бүхний үйл хэргийг өндрөөр үнэлж байгаагаа хэлье. Мөн энд хүрэлцэн ирсэн хүүхэд, залуусын төлөөлөлд баяр хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын хүүхэд, залуус байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог гэдгийг надад хэлсэн. Та бүхний үйл хэргийг талархан хүлээн авч, баяр хүргэе. Бидний үеийнхэн эх дэлхийдээ ээлтэй хандаж чадаагүй. Бид байгаль орчноо бохирдуулж, байгалийн баялгийг хэрэглэж, хойч үедээ эх дэлхийг хэвээр нь хүлээлгэн өгч чадсангүй. Улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, ус, хөрс, агаарын бохирдлын улмаас олон хүндрэл амсаж байна. Байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байна. Энэ бүгдийг зогсооход залуус Та бүхнийг уриалахыг хүсэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд өөрийн хувь нэмрийг оруулах боломж олгосонд талархал илэрхийлье. Монгол Улсад тэрбум мод тарьж ургуулснаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, орчны бохирдлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хадгалж үлдэхэд маш чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Байгаль орчин, хүн төрөлхтний хоорондын холбоосыг тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах үйл ажиллагаа дахин сэргээх ач холбогдолтой гэж ойлгож байна гэлээ.
НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаар 90 гаруй тогтоол хэлэлцүүлж батлуулжээ
Олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар нийт 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлж батлуулсан. Мөн:
- Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай,
- Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус,
- Бичиг үсгийн боловсролын тухай,
- Ардчиллын боловсролын тухай тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хоёр жил тутам хэлэлцүүлэн батлуулж байна.
Монгол Улс 2026 оныг Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилээр зарлуулах санаачилга дэвшүүлж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 2022.03.15-ны өдрийн Бүгд хуралдаанаар Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг зарлах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлууллаа. Монгол, НҮБ-ын хамтын ажиллагаа Монгол Улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын байдлыг сайжруулах зэрэг чиглэлээр хөгжиж байна. Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох замаар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж ирсэн. Анх 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд хоёр цэргийн ажиглагч илгээн, 2006 оноос цэргийн багаа оролцуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын Энхийг сахиулах 11 ажиллагаанд давхардсан тоогоор 18,000 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна. Монгол Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулсан туршлагадаа тулгуурлаж, Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг түшиглэн Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэнг өөрийн улсад байгуулах талаар судалж байна гэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерешийн айлчлал өндөрлөв
2022.08.11. Монгол Улс. Улаанбаатар хот. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2022 оны 8 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө. НҮБ-ын тэргүүн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарих арга хэмжээнд оролцов. Тэрээр НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн монгол хүүхдүүдээс монгол бичгээр буулган, бийрээр урнаар сийрүүлсэн НҮБ-ын Дүрмийг бүтээсэн эх хувийг хүлээн авч, бэсрэг наадам үзэж сонирхон, монгол айлаар зочилж, ахуй, соёл, ёс зан заншилтай танилцав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсад хийсэн айлчлалаа өндөрлөж, БНСУ руу мордов.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно
2022.09.19. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 09 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл Шийдвэрлэх мөч: Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд сэдвийн дор болно. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд 100 гаруй улс төрийн тэргүүний түвшинд биечлэн оролцохоо мэдэгджээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы нээлтэд оролцлоо
2022.09.21. АНУ. Нью-Йорк хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр зарим улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийж, маргааш Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлнэ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл Шийдвэрлэх мөч: Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд сэдвийн дор болж байна.
Ибрахим Тиотой уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гарсанд талархаж буйгаа илэрхийлэв. Монгол Улс энэхүү хүндэт үүргийг нэр төртэй гүйцэтгэхийн тулд Төрийн тэргүүний хувьд манлайлан ажиллана гэлээ. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар Монгол Улсад бүх талын дэмжлэг үзүүлж, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, хамтран ажиллана гэдгийг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио хэлэв. Дэлхийн улс орнуудын нийтлэг сорилт болсон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлын нөлөөллийг бууруулахад ойжуулалт, нөхөн сэргээлт өндөр ач холбогдолтой болохыг талууд онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, цаашлаад тогтвортой хөгжлийн зорилтуудыг урагшлуулах чиглэлээр дэлхийн улс орнуудтай бүх талаар хамтран ажиллахад нээлттэй гэдгээ хэлэв. Цаашлаад Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд газрын доройтлыг бууруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлд хөтөлбөр хэрэгжүүлэх, тухайлбал, Монгол Улсын өмнөд хэсгийн газар нутгийг ойжуулж, цөлжилтөөс хамгаалах зурвас байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх нь өндөр ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-д үг хэлэв
2022.09.22. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Эрхэм хүндэт чуулганы дарга аа, Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо,
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Чаба Көрөши Танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе. Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган нь цар тахлын дараах дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, олон улсад үүсээд буй хямрал, зөрчилдөөнийг яриа хэлэлцээ, энхийн замаар шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байна. Өнгөрсөн 2021 онд Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ онд манай улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний түүхт 20 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхийн 60 жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-ын хариуцлагатай гишүүн улс байж, олон улсын хамтын нийгэмлэгийн олон талт хамтын ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, хүн төрөлхтний сайн сайхан амьдрал, хөгжил дэвшлийн төлөө манай улс өөрийн бодит хувь нэмрээ оруулж ирснийг НҮБ-ын энэхүү эрхэм хүндэт индэр дээрээс эх орон, ард түмнээ төлөөлөн хэлэхэд бахдам сайхан байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Хүн төрөлхтний өмнө тулгамдсан ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, түүнээс улбаалсан хил гааль, тээвэр, ложистикийн хүндрэл, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт-инфляц болон геостратеги, геополитикийн хурцадмал байдал зэрэг олон хүнд сорилт, бэрхшээлтэй амаргүй хүнд цаг үеийг дэлхий нийтээрээ хамтдаа туулж байна. Ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд улс орнууд хил хязгаараа хааж, хорио цээрийн дэглэм тогтоож, дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд орж байсан цар тахлын хүнд цаг үед харин дэлхийн улс орнуудын цэрэг арми, зэвсэглэлд зориулсан зардал байнга өсөж, 2021 онд 2.1 их наяд ам.долларт хүрсэн явдал нь бүх цаг үеийн дээд хэмжээг давлаа хэмээн Стокхольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ. Цэрэг арми, зэвсэглэлд зарцуулж буй энэ их төсөв, хөрөнгийг нэн буурай болон хөгжиж буй улс орнуудад зориулсан бол хэчнээн сая хүүхдийн ирээдүй гэрэлтэж, хэчнээн сая хүн ядуурлаас гарч, хэчнээн сая хүн өлсгөлөн, өвчин зовлонгоос ангижирч, хэчнээн сая хүн хоол хүнстэй, эрдэм боловсролтой, ажлын байртай, орох оронтой болох байсан бол. Энэ их зардал мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ямар их ахиц дэвшил гарч болох байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ эргэцүүлэн бодож, тунгаан үзэх цаг нэгэнт болжээ. Хүн төрөлхтөн өнгөрсөн XX зуунд дэлхийн хоёр том дайн үзэж, хохирол хөнөөл амсаж, хүйтэн дайны зэврүүн уур амьсгалд амьдарч, хагарал талцал, шашин хоорондын мөргөлдөөн, терроризм зэрэг гай гамшиг, гашуун зовлонг хангалттай туулсан атал өнөөдөр ч бидний дэлхий ертөнцийн нөхцөл байдал улам бүр хүндэрч, үл итгэлцэл, үл ойлголцол хэт даамжирч байгаа нь туйлын харамсалтай байна. Иймээс өнгөрсөн түүхийн алдаа онооноос сургамж авч, өнөө цагийн хүндрэлтэй үед харилцан итгэлцэл, харилцан ойлголцол, харилцан хүндэтгэлийг эрхэмлэн, аливаа үл ойлголцол, зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг энх тайванч хандлага, энхийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг ямагт зорьж ажиллах ёстой юм. Тэртээх найман зууны өмнө монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан монгол туургатныг нэгтгэн, мөнх хөх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулж, олон зуун жил үргэлжилсэн дайн тулаан, зөрчил мөргөлдөөнийг эцэслэн, өрнө, дорныг төрт ёс, хууль цаазын дор төвшитгөн, Евразийн өргөн уудам нутагт Монголын их амар амгаланг цогцлоосон түүхтэй билээ. Монголын их амар амгалан тогтсон нь хүн төрөлхтний хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэж, улс хоорондын худалдаа арилжаа чөлөөтэй болж, элч солилцох ёсон тогтож, бусад ард түмэнд өөрийн соёл, шашныг тулгалгүй шашны эрх чөлөө, хууль дээдлэх ёсны үзэл санааг тунхагласан зэрэг нь монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан чухал хувь нэмэр байсныг дэлхийн эрдэмтэн, судлаачид онцлон тэмдэглэдэг юм. Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 онд гаргасан тогтоолд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн, Монголчууд бол Ази, Европын олон нийгэмд өөрийн улбааг үлдээхийн зэрэгцээ өрнө, дорнын соёл уламжлалыг өөртөө шингээн, хүмүүний үнэт зүйлсийн солбицол, дэлхийн иргэншлүүдийг холбосон гүүр болж, худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлэх, засаг захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвүүдийг бий болгож, бүх хэлбэрийн соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ, харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн чухал үүргийг хүлээн зөвшөөрч, монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна хэмээн цохон тэмдэглэсэн юм. Монголын их амар амгалан нь өнөөгийн дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсныг ийнхүү тод илтгэж байна. Иймээс дэлхийн түүхэнд Монголын их амар амгалан дэг журмыг тогтоож явсан монголчуудын үр сад бид дэлхийн улс орнууд харилцан ойлголцож, хамтран ажиллаж, аливаа зөрчил тэмцлийг энхийн яриа хэлэлцээний замаар, эв зүйгээр зохицуулж чадах аваас цэнхэр дэлхий минь амар амгалан болж, хүн төрөлхтөнд Дэлхийн амар амгалан ирэх болно гэдгийг хэлэхийн ялдамд энэхүү энхийн үйлсэд хамтран зүтгэхийг дэлхийн улс түмэнд уриалж байна. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай явуулж ирсэн бөгөөд манай улсын энэхүү гадаад бодлогыг олон улсад сайшаан дэмжиж байдгийн тод илрэл нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн 08 дугаар сард Монгол Улсад айлчлахдаа Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхийд энх тайвны бэлэг тэмдэг болсон улс хэмээн онцлон хэлсэн явдал юм. Монгол Улс олон улсын энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, энхийг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож, олон санал, санаачилга дэвшүүлэн ажилласан бөгөөд үүний тод жишээ бол өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан явдал билээ. Өнгөрсөн 08 дугаар сард болсон НҮБ-ын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх 10 дугаар бага хурлын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ Дэлхий ертөнц цөмийн аюулаас ердөө ганцхан алхмын зайд байна хэмээн сануулсныг Та бид мэдэж байгаа. Иймээс энэхүү гэрээнд нэгдэн орсон улс орнуудаас гадна НҮБ-ын нийт гишүүн орнууд цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгохын төлөө улс төрийн хүсэл эрмэлзэл, эр зориг гаргаж, эх дэлхий, энх тайван, ирээдүй хойч үеийнхээ төлөө сэтгэл зүрх, итгэл үнэмшлээрээ нэгдэн нийлж, хамтран зүтгэхийг уриалж байна. Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгоход цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг бий болгох явдал хамгийн зөв, үр дүнтэй арга зам мөн хэмээн Монгол Улс үздэг. Иймээс Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн нь дэлхий нийтээрээ цөмийн зэвсгээс ангид байх хүчин чармайлтад оруулж буй бодит хувь нэмэр гэж үзэж байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 20 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор манай улсын 20 мянга орчим цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагаанд оролцож, дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсээр ирлээ. Монгол Улс 2006 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд анхны эмэгтэй энхийг сахиулагчийг илгээж байснаас хойш эдүгээ энэхүү ажиллагаанд цэрэг, цагдаагийн хүч хандивлагч дэлхийн 120 гаруй улсаас эмэгтэй энхийг сахиулагчийн тоогоороо тэргүүлэгч эхний 20 улсын нэг болжээ. Манай улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай 1325 тоот тогтоол, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас гаргасан үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог 2027 он хүртэл 15 хувьд хүргэх тухай зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо сэдэвт олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо энэ оны 06 дугаар сард амжилттай зохион байгуулсан бөгөөд дэлхийн 30 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, мэдлэг, туршлага, сургамжаа хуваалцсан, өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Монгол Улс цаашид НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцдог эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурлыг таван жил тутамд эх орондоо зохион байгуулах санаачилгыг дэвшүүлээд байна. Бидний энэхүү санаачилгыг НҮБ-ын холбогдох алба болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч улс орнууд талархан дэмжинэ гэдэгт итгэл төгс байна. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх ариун үйл хэрэгт энхийг эрхэмлэгч Монгол Улсын оруулж ирсэн бодит хувь нэмэр, санал, санаачилгыг НҮБ-ын зүгээс өндрөөр үнэлж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Монгол Улс Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйлсэд хувь нэмэр оруулахын тулд Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг тууштай дэвшүүлж ирсэн. Энэ хүрээнд 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурлыг санаачилсан билээ. Өнгөрсөн 06 дугаар сард Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын 7 дугаар бага хурлыг зохион байгуулж, бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүчний сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт зэрэг сэдвүүдээр өргөн хүрээний яриа, хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг бага хурлын үр дүнгээс харахад Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгын нэр хүнд улам өсөж, бүс нутгийн улс орнуудын оролцоог хангасан, төрийн болон олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотой, бүс нутгийн яриа хэлэлцээний нээлттэй механизм болон төлөвшиж байна. Байгалийн гамшиг, нийгмийн халдварт өвчний эрсдэлийн үед бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах болон хүмүүнлэгийн тусламжийн нэгдсэн дэд бүтэцтэй болох нь Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлын нэг болж байна. Иймээс Зүүн хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн платформыг Монгол Улсад байгуулах санаачилгыг 2018 онд манай улс анх дэвшүүлсэн бөгөөд өдгөө Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлыг түшиглэн, Зүүн хойд Азийн хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах санаачилгыг дэвшүүлж байна. Эдгээр санаачилгыг бүс нутгийн бусад улс орнууд болон НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд дэмжин, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Гурав дахь жилдээ үргэлжилж буй КОВИД-19 цар тахал болон геополитикийн зөрчилдөөнөөс үүдсэн эдийн засгийн өргөн хүрээтэй хориг саад, хязгаарлалт нь улс орнуудын эдийн засагт хүнд цохилт болж, хүнс, шатахуун, хөдөө аж ахуйн болон эрчим хүчний гол түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийг урьд өмнө байгаагүйгээр огцом нэмэгдүүлж, дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийг хэлбэлзүүлж, томоохон эрсдэл үүсгээд байна. КОВИД-19 цар тахлын эсрэг хүчин чармайлтад НҮБ, түүний системийн байгууллагууд, хөгжлийн түнш орнууд шуурхай дэмжлэг туслалцаа үзүүлсний хүчинд эдүгээ манай улс иргэдийнхээ 70 хувийг вакцины бүрэн тунд хамруулж, цар тахлын эсрэг дотоодын хязгаарлалтаа бүрэн цуцалж, хил хязгаараа бүрэн нээгээд байна. Амаргүй цаг үе байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх зорилгоор Шинэ сэргэлтийн бодлого батлан хэрэгжүүлж, энэ хүрээнд авто зам, төмөр зам, боомтын дэд бүтцийн чадавхыг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, хот, хөдөөгийн хөгжил, ногоон хөгжлийг эрчимжүүлэх болон төр, хувийн хэвшлийн түншлэл, бүтээмжийг сайжруулах зэрэг асуудлуудад онцгой анхааран ажиллаж байна. Түүнчлэн цар тахлын хүнд цаг үе, шинэ нөхцөл байдалд Монгол Улс цахим шилжилтийг эрчимжүүлж, цахим хөгжлийн багц хуулиудыг баталж, цахим E-Mongolia системийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг хялбаршуулан, иргэд, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих, авлига, хүнд суртлыг таслан зогсоох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, сайн засаглалыг бэхжүүлэх, цаашлаад олон улс, бүс нутгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч байна. НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Бидний нийтлэг зорилго илтгэлдээ дэвшүүлсэн хөгжлийн суурь асуудлуудыг Монгол Улс бүрэн дэмжиж байгаа бөгөөд өөрийн улсын Алсын хараа-2050 хөгжлийн баримт бичиг болон Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хорогдол, цөлжилт, хөрсний доройтол, усны хомсдол, ган гачиг зэрэг асуудал хүн төрөлхтний өмнө хүнд сорилт болж, шийдлээ хүлээсэн хэвээр байгааг бид бүхэн огт мартаж болохгүй. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж байгаа улс орнуудын нэг юм. Тиймээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах, хамгаалах Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж байна. Манай ард түмэн, Засгийн газар, хөгжлийн түншүүд уг санаачилгыг талархан хүлээж авч, өдгөө Тэрбум мод үндэсний хөдөлгөөн улс орон даяар амжилттай өрнөж байгаагийн зэрэгцээ тус хөдөлгөөнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн биеэр нэгдэн, дэмжин оролцсоныг дуулгахад таатай байна. Түүнчлэн бүс нутгийн болон олон улсын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд Монгол Улс бодит хувь нэмрээ оруулж, идэвхтэй хамтран ажиллах байр суурьтай байгаагаа дахин илэрхийлж байна. Энэ ажлын хүрээнд Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) хүлээн авч, зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаагаа Та бүхэнд дуулгая. Мөн дэлхий нийтийн анхаарлыг хандуулах асуудлын нэг бол бэлчээр хомсдож, нүүдлийн мал аж ахуйн орон зай өдрөөс өдөрт хумигдаж, нүүдлийн соёл иргэншил устах аюулд орж байгаа явдал юм. Монголчууд бид бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчин удамтай ард түмэн билээ. Бидэн шиг нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг, байгаль дэлхийтэйгээ шүтэлцэн амьдардаг дэлхийн улс орны 200 гаруй сая хүний аж амьдрал, уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, цөлжилт, ган зудаас шалтгаалан эрсдэлд ороод байна. Тэдний эрх ашгийг хамгаалах, бэлчээрийн менежмент, ашиглалтыг сайжруулах, экосистемийн тэнцвэрийг хадгалах, дэлхийн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үүднээс Монгол Улс 2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгох тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачилж, энэ оны 03 дугаар сарын 15-ны өдөр батлуулаад байна. Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, эрүүл орчинд эрүүл хүнс хэрэглэж, эрүүл амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор Тэрбум мод үндэсний хөдөлгөөний зэрэгцээ Хүнсний хангамж, аюулгүй байдал, Эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд энэхүү ажил, арга хэмжээнүүдэд олон улсын байгууллагууд бүс нутгийн улс орнууд хамтран ажиллаж байгаад талархаж байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Дэлхийн II дайны дараа тогтсон олон улсын харилцааны дэг журам, хэм хэмжээ эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, олон улсын хамтын нийгэмлэгийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Ийм ч учраас НҮБ-ын шинэчлэлийг эрчимжүүлэх, тус байгууллагын байр суурь, үүргийг бататган бэхжүүлэхэд гишүүн улс бүр идэвхтэй оролцох нь нэн чухал гэж үзэж байна. НҮБ-ын шинэчлэлийн суурь асуудал нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад онцгой эрх, үүрэгтэй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл гэж Монгол Улс үздэг. Манай улс 2009 оноос эхэлсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээнд тогтмол оролцож, зарчмын байр сууриа илэрхийлсээр ирсэн. НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, хөгжлийн асуудлыг хэлэлцэх хамгийн чухал индэр гэдгийг сүүлийн жилүүдийн үйл явдлууд улам бүр нотлон харуулж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үүргийг бататган бэхжүүлэх нь улс орнуудын хүчний тэнцвэрийг хангах, жижиг болон хөгжиж буй улс орнуудын байр суурь, дуу хоолойг илүү тод гаргаж ирэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна. Иймээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Бидний нийтлэг зорилго илтгэлд дэвшүүлсэн Өөрчлөлтийн таван чиглэл хэмээх шинэчлэлийн зорилтуудыг гишүүн орон болгон дэмжиж, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө хамтран зүтгэхийг Та бүхэнд уриалж байна. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай. Баярлалаа гэлээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешт манай урилгыг хүлээн авч, Монгол Улсад айлчилсанд талархал илэрхийлэв. Монгол Улс НҮБ-тай хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх чухал ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг тэмдэглэлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсад айлчилсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын улс төр, эдийн засгийн хөгжил тогтвортой байгаа төдийгүй энхийг эрхэмлэгч, энх тайванч улсын хувьд бүс нутгийн болон олон улсын өмнө тулгарч буй чухал асуудалд идэвхтэй байр суурьтай оролцдогийг өндрөөр үнэлдэг гэдгээ энэ үеэр хэллээ. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын өнгөрсөн 08 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцаж, тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход анхаарч, идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотоллоо.
НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав
2023.06.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын VIII бага хурал үр дүнтэй болж байгааг тэмдэглэв. Мөн Солонгосын хойгт энх тайван тогтоох асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой арга гэж үздэгээ онцлов. Монгол Улс даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ ямагт биелүүлж ирсэн, цаашид ч энэ чиглэлээр тууштай ажиллахаа хэлэв. НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу уулзалтын эхэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн мэндчилгээг Ерөнхийлөгчид уламжлав. Тэрбээр Зүүн хойд Азийн аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэж байгаа Улаанбаатарын яриа хэлэлцээ механизмыг НҮБ улам хөгжүүлэхийн төлөө ажиллана гэдгийг нотлов. Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цөмийн зэвсэггүй статусаа зарласан нь бусад улс оронд үлгэр жишээ болж байгааг тэмдэглэв. Мөн олон улсын геополитикийн ээдрээтэй энэ үед Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулж байгааг онцолж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра болон Монгол дахь НҮБ-ын Удирдлагын баг Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа Тэрбум мод Хүнсний хангамж, аюулгүй байдал, Эрүүл монгол хүн хөдөлгөөнийг дэмжиж байгааг тодотгов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотыг зорино
2023.09.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь сэдвийн дор болох ба 100 гаруй улс төрийн тэргүүний түвшинд биечлэн оролцохоо мэдэгджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй уулзалт хийхээр төлөвлөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна
2023.09.20. АНУ. Нью-Йорк хот. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцов. Ерөнхий санал шүүмжлэлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээж үг хэллээ. Дэлхийн 100 гаруй улсын төрийн тэргүүн биечлэн оролцож байгаа энэ Ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй уулзах юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь сэдвийн дор болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав
2023.09.20. АНУ. Нью-Йорк хот. АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023.09.19-ний өдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч цөлжилт зөвхөн Монгол Улс төдийгүй Зүүн Хойд Азийн хэмжээний асуудал болж байгааг хэлээд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP 17)-ыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн Монгол Улс энэ бага хуралд өндөр ач холбогдол өгч, бэлтгэлээ эртнээс хангаж байгааг хэлэв. Өнгөрсөн онд Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо болсон НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 15 дугаар бага хурлаас Монгол Улсын гаргаж буй манлайлал, идэвх чармайлтыг бататган, байгаль орчны чиглэлээр ажиллаж ирсэн нэр хүндийг онцгойлон хүндэтгэж, 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улс зохион байгуулахыг дэмжин баталсан юм. Уулзалтын үеэр цөлжилт, ойн зурвас байгуулах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хуурай, хагас хуурай бүс нутагт мод тарьж ургуулах, элсний нүүдлийг зогсоох зэрэгт шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж бодит үр дүнд хүрэх, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэдлэг мэдээллээ солилцох чадавх бэхжүүлэх платцорм, цогц судалгааны төв байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцов. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлын нөлөөллийг бууруулахад ойжуулалт, нөхөн сэргээлт өндөр ач холбогдолтой болохыг талууд онцоллоо. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах ажлын хүрээнд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар бүх талын дэмжлэг үзүүлж, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, хамтран ажиллана гэдгийг хэлэв. Мөн Цөлжилттэй тэмцэх конвенц нь цөлжилттэй тэмцэхээс гадна газар усны доройтол, бэлчээр болон бэлчээрийн мал аж ахуйг хамгаалахад чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио 2024 онд Монгол Улсад айлчилна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв
2023.09.21. АНУ. Нью-Йорк хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь сэдвийн дор болж байгаа чуулганд дэлхийн 100 гаруй орны төрийн тэргүүн биечлэн оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023.09.20-ны өдөр 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд дээрх сэдвээр үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт чуулганы дарга аа,
Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсис Танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Таны удирдлага дор Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган дэлхий нийтийн өмнө тулгарч буй олон асуудлаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын асуудлаар бодит шийдлүүдийг гаргана гэдэгт итгэл төгс байна. Дэлхий нийтээрээ энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөө хүсэл тэмүүлэлтэй байж, эл байдлыг тэтгэгч улс төр, эдийн засаг, байгаль орчин, нийгэм соёлын хөрс суурийг бататган бэхжүүлж, хүч, хөрөнгө зарцуулснаар бид амар амгалан аж төрөх төдийгүй ирээдүй хойч үедээ энхтайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоосон дэлхий ертөнцийг үлдээж чадна.
Эрхэм чуулганы дарга аа,
Дэлхийн улс орнууд цар тахлын аюулыг даван гарсан хэдий ч геостратеги, геополитикийн сөргөлдөөн, нийгэм-эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хурдацтай дэвшил зэргээс үүдсэн хүндрэл, бэрхшээлүүд тулгарсан хэвээр байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний дүрэм, олон улсын эрх зүйн тогтолцоо нь дэлхийн энх тайван, аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөгийн дэлхий ертөнцийн өмнө тулгараад буй аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, дайн тулаан, үл итгэлцлийг хамтын хүчээр даван туулахын төлөө дэлхийн улс орнууд улам бүр нэгдэн нягтарч, итгэлцэл, хүндлэл, нөхөрлөлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний эв санааны хамтын нийгэмлэг болох НҮБ-ын үүрэг оролцоо, байр суурийг улам бүр бэхжүүлэх явдал чухал байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан Бидний нийтлэг зорилго илтгэлийн санаачилгууд, түүний дотор саяхан танилцуулсан Энх тайвны шинэ хөтөлбөрт олон улсын харилцаанд тулгамдаж буй асуудлыг урьдчилан сэргийлэх дипломат ажиллагааг эрчимжүүлж, олон талт хамтын ажиллагаа, яриа хэлэлцээг сэргээх замаар шийдвэрлэхийг уриалсныг Монгол Улс талархан дэмжиж байна. Цахим технологийн хурдацтай хөгжил нь дэлхий нийтийн хөгжил дэвшилд шинэ боломжуудыг нээж байгаа боловч нөгөө талаараа террорист халдлага үйлдэх, түүнийг санхүүжүүлэх, мөнгө угаах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх зэрэг дэлхийн энх тайван, аюулгүй байдалд аюул занал учруулдаг гэмт үйлдлүүдийг хувьсган өөрчилж байна. Иймээс дэлхийн улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэг эдгээр гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд бүх талаар хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож, олон улсын эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байна. Эл чиглэлд Монгол Улс НҮБ болон түүний системийн байгууллагуудын санаачилга, үйл ажиллагааг бүрэн дэмжиж, Мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх олон улсын иж бүрэн конвенцыг боловсруулахад идэвхтэй оролцож байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Геополитикийн хурцадмал, ээдрээтэй нөхцөл байдал нь дэлхий нийт, бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөн, улс хоорондын үл ойлголцлыг сэдрээж байгаа энэ цаг үед аливаа асуудлыг зөвхөн эвийг эрхэмлэсэн, энхтайванч яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой шийдэл мөн. Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн цөмийн зэвсэггүй статусыг зарлаад 30 гаруй жил болж байгаа бөгөөд цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүх талаар дэмжсээр ирсэн. Монгол Улс бүс нутгийнхаа энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс энэ оны зургаадугаар сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурлыг найм дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Тус хуралд оролцсон НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Зүүн хойд Ази дахь бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг тогтоох, итгэлцлийг бэхжүүлэхэд Улаанбаатарын яриа хэлэлцээ механизм онцгой чухал талбар болж байна хэмээн онцлон дурдсан билээ. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд бүс нутаг дахь аюулгүй байдлын чиглэлээр гаргаж буй Монгол Улсын энэхүү хүчин чармайлт жилээс жилд өргөжин бэхжиж, эл санаачилгыг урагшлуулахад улс орнуудын оролцоо нэмэгдэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад айлчлахдаа Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхий ертөнцөд энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлсэн бол, саяхан Монгол Улсад айлчилсан Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон юм хэмээн хэлснийг энд дурдан хэлэхэд таатай байна. Тэрбээр Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхий ертөнцөд Монголын их амар амгалан дахин цогцолж, аливаа зөрчил тэмцэлгүй болсон байсан тэртээх цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай хэмээн дэлхий нийтэд уриалсан.
Эрхэм чуулганы дарга аа,
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах чухал арга замын нэг бөгөөд зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, хязгаарлах, хүмүүнлэгийн гамшгийг шийдвэрлэх, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийг ахиулах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Энэ ч үүднээс бид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг НҮБ болон олон талт хамтын ажиллагаан дахь энхийн төлөөх хүчин чармайлтын амин чухал хэсэг гэж үздэг бөгөөд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улс өөрийн 20 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энхтайван аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирлээ. Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоог чухалчилж, бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх нь энх тайван, аюулгүй байдлыг хангахад томоохон өөрчлөлт авчирч, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд дорвитой нөлөө үзүүлнэ гэж үздэг. Манай улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай тогтоолыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс 2022 оны зургаадугаар сард НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо олон улсын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж, эл талбар дахь сорилт, бэрхшээлийг даван туулах сайн туршлага, шилдэг арга замын талаар санал солилцсон. Мөн бид жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаагаа НҮБ-ын Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхийг зорьдог.
Эрхэм чуулганы дарга аа,
Улс үндэстнүүд бид үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, соёлын ялгаанаас үл хамааран эх дэлхийдээ бүгд эрх тэгш, амар амгалан амьдрах учиртай. Гэвч бидний дэвшүүлсэн хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах зарчим өнөөг хүртэл бүрэн биеллээ олж чадалгүй, улс орнуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл байдал харилцан адилгүй хэвээр байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн зөрчил, санхүү болон өрийн асуудал, ядуурал, өлсгөлөн зэрэг хөгжлийн хурдыг сааруулсан сорилт, бэрхшээлүүд нь нэн ялангуяа хөгжиж буй улс орнуудад илүү хүндээр тусч байгаа бөгөөд эдгээр улс орнуудад тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт хамгийн сул байна. Дэлхий нийтийн итгэлцэл, эв нэгдэл, хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжих хугацааны тал нь өнгөрөөд байхад бидний дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй талаар НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурджээ. Хэрвээ бид дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлж эс чадах аваас хүн төрөлхтний хөгжил дэвшлийн цаашдын замнал дардан байхгүй нь тодорхой юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэлснээр Тогтвортой хөгжлийн зорилгуудыг зэрэглээ болгох эсэх нь бидний өнөөгийн хүч чармайлтаас хамаарах хариуцлагатай цаг нэгэнт тулж иржээ. Тогтвортой хөгжлийн зорилгуудын санхүүжилт цар тахлын өмнө жилд 2.5 орчим их наяд ам.доллароор тасарч байсан бол өнөөдөр 4.2 их наяд ам.доллар болж нэмэгдэн, буурай хөгжилтэй 52 улс өрийн дефолт зарлахад ойрхон болжээ. Иймээс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг санхүүжүүлэх дэлхийн хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулах шаардлагатай байна. Монгол Улс өнгөрсөн долоодугаар сард Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад Үндэсний сайн дурын илтгэлээ хоёр дахь удаагаа танилцуулсан. Уг илтгэлийн судалгаагаар манай улсын Тогтвортой хөгжлийн 15 зорилгын хэрэгжилт ахицтай, нэг зорилтын хэрэгжилт бууралттай гэж үнэлэгдсэн. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл жил бүр дунджаар ДНБ-ий 18 орчим хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт санхүүжилт шаардлагатай болох урьдчилсан тооцоо гарсан болно.
Эрхэм чуулганы дарга аа,
Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний амьдралд аюулын харанга дэлдэж, эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн дохио хангинуулж байна. Хэрвээ бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлийн 2023 оны илтгэлийн дүнгээр Цаашид дэлхийн цаг агаар хагас хэмээр дулаарахад л ядуурал нэмэгдэж, хэт халалт үүсэн, далайн түвшин дээшилж, амьдрах орчин болон шүрэн хад устаж, ган гачиг нүүрлэх бөгөөд дэлхийн дулаарлын өчүүхэн хэмжээ бүхэн хэмжээлшгүй их өртөгтэй байх болно гэдгийг онцлон сануулжээ. Иймээс дэлхийн улс орнуудын Засгийн газрууд нэн яаралтай арга хэмжээ авч Парисын гэрээг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж, эрдэмтэн судлаачдын үгийг сонсож, олон нийтийн мэдлэг, боловсролыг сайжруулах, бүх төрлийн нөөцийн хэрэглээгээ хянаж зохицуулах, биологийн олон янз байдлыг хадгалж, нөхөн сэргээх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах зэрэг байгаль экологийн хувьд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай технологийг хөгжүүлэх, хэрэглэх, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ ч үүднээс Монгол Улс гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн томоохон шинэчлэл хийснээр 2023 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксаномийг баталж чадсан дэлхийн анхдагч орнуудын нэг болсон. Манай улс Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ ногоон, цахим, хүртээмжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийд монголчуудын эртний нийслэл Хархорум хотыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан ухаалаг-эко хот болгон сэргээн байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Мөн Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаагаа дуулгахад таатай байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Монгол Улс НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын ашиг сонирхлыг хамгаалах буюу тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулах, боломжийг нээх чиглэлээр идэвхтэй ажилладаг. Манай улс НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бүлгийн дэд даргаар ажиллаж, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын хүрээнд ДГХБО-ын бүлгийг тус тус байгуулах санаачилгыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2022 оны есдүгээр сард Канад Улсын Монреаль хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ассамблейн 41 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын иргэний нисэхийн салбарыг дэмжих тухай Ажлын баримт бичигийг санаачлан хэлэлцүүлж, гишүүн улсуудын өргөн дэмжлэгийг хүлээсэн болно. Монгол Улс 2017 онд Улаанбаатар хотноо санаачлан байгуулсан, Засгийн газар хоорондын байгууллага болох ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг хөгжүүлж бэхжүүлэхийг чухалчлан анхаардаг. Ирэх 2024 онд Руанда Улсын Кигали хотноо болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал нь Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн үнэлгээний бодит туршлага, сургамжид тулгуурлан далайд гарцгүй улсуудын хөгжлийн дараагийн 10 жилийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах чухал арга хэмжээ болно гэдэгт бид итгэж байна.
Эрхэм чуулганы дарга аа,
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар эрүүл мэндийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, бүх нийтийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, цар тахалд бэлэн байх, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ авах, сүрьеэгийн асуудлаар өндөр түвшний гурван уулзалт зохион байгуулан, улс төрийн тунхаглалууд баталж байгаа нь дээрх чиглэлээр гаргаж буй олон улсын хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрт дээрх уулзалтуудаас гарах зорилтуудыг тусган хэрэгжүүлэх болно. Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 2 дахь тусгай чуулганаар гаргасан шийдвэрийн дагуу Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас батлах олон улсын эрх зүйн баримт бичигийн төслийг боловсруулах яриа хэлэлцээг бүрэн дэмжиж, хувь нэмрээ оруулан ажиллахаа илэрхийлж байна. Олон улсын эрх зүйн энэхүү баримт бичгийг байгуулснаар тахал өвчинтэй тэмцэхэд нэн шаардлагатай вакцин, эмчилгээ, оношилгоог дэлхийн хүн амд илүү тэгш, хүртээмжтэй хуваарилахад чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэж байна. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд цаг үеийг хүн төрөлхтөн хохирол багатай даван туулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон дэлхийн өнцөг булан бүрд хүн төрөлхтний амь нас, эрүүл мэндийн төлөө өөрийн амь насаа үл хайрлан зүтгэсэн тус байгууллагын бүх ажилтан, албан хаагчдад, мөн ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Тедрос А.Гебрейесус танд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үүрэг оролцоо, байр суурийг бэхжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг нь өргөжүүлэхэд бүх талаар дэмжин хамтран ажиллахыг гишүүн улс орнуудад уриалж байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ой тохиож байна. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч, ардчилсан Монгол Улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн чиглэлээр хүний эрхийг хангах, жендэрийн тэгш эрхийг баталгаажуулсан зарчмыг Үндсэн хуульдаа тунхагласан. Жендерийн тэгш бус байдлаас ангид дэлхий ертөнцийг бий болгох нь бидний нийтлэг зорилго бөгөөд үүний төлөө хамтран ажиллах нь бидний хамтын үүрэг, хариуцлага юм. Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байдгийнадил хүн төрөлхтний аюулгүй байдал, хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал юм. Монгол Улс өнгөрсөн зургаадугаар сард Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан бөгөөд хүн төрөлхтний өмнө болон олон улсын харилцаанд тулгамдаж буй дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлын шийдлийг нухацтай хэлэлцэж, Улаанбаатарын тунхаглал хэмээх төгсгөлийн баримт бичгийг баталсан. Бид энэхүү амжилтаа ахиулж, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах саналыг дэвшүүлэн ажиллаж байна. Уг санаачилгыг дэмжин хамтран ажиллахыг дэлхийн улс орнуудад уриалж байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Олон улсын харилцааны дэг журам, хэм хэмжээ эрс өөрчлөгдөж буй энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, олон улсын хамтын нийгэмлэгийн гүйцэтгэх үүрэг оролцоо, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Иймээс НҮБ-ын шинэчлэлийг эрчимжүүлэх, ялангуяа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн яриа хэлэлцээг урагшлуулахад гишүүн улс орнууд идэвх санаачилгатай оролцох нь чухал хэмээн Монгол Улс үзэж байна. Ирэх 2024 оны есдүгээр сард Сайн сайхан ирээдүйн төлөөх олон талт хамтын ажиллагааны шийдлүүд сэдвийн дор болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт нь НҮБ-ын Дүрмийн зарчмуудыг бататгах, олон талт хамтын ажиллагааны үзэл санааг сэргээх, авсан амлалтуудыг биелүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, гишүүн орнуудын дунд итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. Өнөө цагт улс, үндэстнийхээ хувь заяа, хөгжил цэцэглэлтийг чиглүүлэн залж яваа удирдагч Та бүхний ирээдүй хойч үеийнхний эрх ашигт нийцсэн, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд ээлтэй, алсыг харсан ухаалаг бодлого, санал санаачилгыг хүн төрөлхтөн хүлээж байгаа нь дамжиггүй. Хүн төрөлхтний амар амгалан, даян дэлхийн энх тайван, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа
2023.09.22. АНУ. Нью-Йорк хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа. Ерөнхийлөгч НҮБ-тай хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ирснээ илэрхийлэв. Цаашид Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр дэвшүүлсэн санаачилгаа бодит үр дүнд хүргэхийн төлөө НҮБ-тай нягт хамтран ажиллахаа нотлов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, улс төр, эдийн засгийн хөгжил нь тогтвортой Монгол Улс энхийг эрхэмлэгч орны хувьд бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, НҮБ-ын хөгжлийн үйл ажиллагаа, энхийг сахиулах үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ илэрхийлэв. Тухайлбал Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчтой уулзав
2023.09.22. АНУ. Нью-Йорк. АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедтай уулзлаа. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирсэнд талууд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Монгол Улсын НҮБ-ын хүрээний үйл ажиллагаа, тэр дундаа олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, энхийг сахиулах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлт, идэвхтэй оролцоо, хувь нэмрийг Амина Мохаммед дэмжиж байдгаа илэрхийлэв. Мөн боловсрол, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдал, хоршооллын асуудлаарх тогтоолуудын ач холбогдлыг өндөр үнэлдгээ хэлэв. Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол, түүний дотор Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай, Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай, Бичиг үсгийн боловсролын тухай тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа
2023.09.22. АНУ. Нью-Йорк.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд эмэгтэйчүүд, охидыг хөгжлийн бодлогын төвд тавьж, Тогтвортой хөгжлийн 5 дахь зорилго болох жендэрийн тэгш байдлыг хангахыг дэмжин ажилладгийг тэмдэглэв. Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахус Монгол Улс сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх олон улс, бүс нутгийн түвшний олон уулзалт, арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. Тэрбээр мөн Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2024 онд зохион байгуулах санаачилгыг дэмжиж буйгаа хэлж, чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв.
НҮБ-ын байранд зочиллоо
2023.10.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Нэгдсэн үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын байранд анх удаа зочилж, НҮБ-ын хамт олонтой уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра угтав. НҮБ-ын хамт олны төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхтэй холбогдуулан нээсэн НҮБ-ын хүндэт зочны дэвтэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гарын үсгээ зурлаа. НҮБ-ын хамт олонд хандан хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, НҮБ бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг манай улсын хөгжил дэвшилд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй манай чухал түнш хэмээн онцоллоо. Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан шинэчлэлийн бодлогыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа бөгөөд НҮБ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийллээ. Мөн Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар нийт 90 гаруй тогтоолыг санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлж батлуулсны зэрэгцээ олон санал санаачилга дэвшүүлэн ажиллаж байгааг хэллээ. Монгол Улс 2024 онд НҮБ-тай хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо хүлээн авч, зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлснийг дурдав. Түүнчлэн Монгол Улс Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал, Эрүүл монгол хүн зэрэг үндэсний хөдөлгөөнийг эх орондоо амжилттай хэрэгжүүлж байгаа нь тогтвортой хөгжлийн зорилгыг хангах дэлхий нийтийн хүчин чармайлтыг хэрэгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын хамт олонд НҮБ-ын өдрийн мэндийг дахин дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, үйлс бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэлсэн үгэндээ, Энэхүү онцгой өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын хамт олонтой хамтдаа тэмдэглэж байгаад би ихэд талархалтай байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн төлөөх Монгол Улсын үүрэг амлалт болон НҮБ-ын эрхэм зорилгод өгч буй ач холбогдлыг илтгэн харуулж байна гэлээ. Түүнчлэн дэлхий ертөнцийг илүү сайхан болгохын төлөө Монгол Улсад төдийгүй дэлхийн өнцөг бүрд ажиллаж буй НҮБ-ын хамт олонд мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын байранд ажиллах үеэрээ уран барималч А.Очирболдын Ухамсар бүтээлийг НҮБ-ын хамт олонд бэлэглэлээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч А.Мохаммедтэй уулзав
2024.08.24. 2017.10.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжилд хүрэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлт, эрмэлзлийн нотолгоо гэдэгт талууд санал нэгдлээ. Уулзалтын үеэр Монгол-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтыг бататгах, шинэ агуулга, чиглэлээр баяжуулах талаар санал солилцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх хүч чармайлтад хувь нэмэр оруулахыг эрмэлзэж ирснийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын дэвшүүлсэн санаачилгуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө НҮБ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов. Бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэх, НҮБ-ын хөгжлийн үйл ажиллагаа, энхийг сахиулах үйлсэд оруулж байгаа Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч А.Мохаммед илэрхийлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө буйгаа онцоллоо. А.Мохаммед нь НҮБ-ын түүхэнд Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн албыг хашиж байгаа хоёр дахь эмэгтэй юм.
НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав
2024.05.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио манай улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэт зочныг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенц батлагдсанаас хойших 30 жилийн хугацаанд байгаль дэлхийгээ хамгаалах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд хүргэхэд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар идэвхтэй, үр дүнтэй ажилласныг Ерөнхийлөгч сайшаалаа. Конвенцын хэрэгжилтийг хангах, олсон ололт амжилтыг улам бататгах, тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг Монгол Улс өндрөөр үнэлдгийг онцлов. Ерөнхийлөгч мөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ид өрнөж байгааг хэлэв. Монгол Улс дэлхий нийтийн өмнө сорилт болсон цөлжилт, газрын доройтолтой тэмцэх асуудлыг чухалчлан анхаарч, цаг үеэр олсон санал, санаачилга дэвшүүлэн, чармайлт гарган ажиллаж буйд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч И.Тио талархал илэрхийллээ. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ дахин нотлов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа
2024.07.04. Казахстан. Астана. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцлон тэмдэглэлээ. Мөн тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагааг дэмжих, Зүүн хойд азийн аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанаас танилцууллаа. Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон талт механизмд дэмжлэг үзүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, өргөн хүрээнд ажиллаж байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш цохон тэмдэглэлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 2022 оны 08 дугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилсан. Монгол-НҮБ-ын харилцааны онцлох үйл явдал болсон энэ айлчлал нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг НҮБ өндрөөр үнэлж байгаагийн тод илрэл болсон юм гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно
2024.09.20. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь сэдвээр зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон гишүүн зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд 140 орчим улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
2024.09.21. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор эх орноосоо мордлоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон гишүүн зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд 140 орчим улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалтaд оролцож байна
2024.09.22. НҮБ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалтaд оролцохоор НҮБ-ын Төв байранд хүрэлцэн очив. Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтыг зохион байгуулах санал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Бидний нийтлэг зорилго илтгэлд туссан бөгөөд энэ жилийн чуулга уулзалтыг Илүү сайхан маргаашийн төлөөх олон талт шийдлүүд сэдвийн дор 2024 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулж байна. Дээд түвшний уулзалтад 83 улсын төрийн тэргүүн, хоёр улсын дэд Ерөнхийлөгч, 52 улсын Засгийн газрын тэргүүн, 5 гишүүн улсын Шадар сайд оролцож байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтaд үг хэллээ
2024.09.23. НҮБ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтaд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Ирээдүйн асуудлаарх энэхүү дээд түвшний уулзалт нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Бидний нийтлэг зорилго илтгэлдээ дурдсан энх тайван, тогтвортой, хүртээмжтэй, дасан зохицсон, цэцэглэн хөгжсөн ирээдүйд хүрэх арга замыг тодорхойлох энэ цаг үеийн нэгэн чухал арга хэмжээ болж байна. Энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хариуцан, зохицуулагчийн үүргийг амжилттай гүйцэтгэсэн Намиби Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Байнгын төлөөлөгч нарт гүн талархал илэрхийлье. Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийн хэрэгжилтийн бодит нөхцөл байдлыг дүгнэн цэгнэж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шинэ эрч хүч өгч, үйл ажиллагаагааг нь улам эрчимжүүлэх зорилгоор өнөөдрийн энэхүү Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтыг санаачлан зохион байгуулж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Танд гүн талархал илэрхийлье. Ирээдүйн төлөө гэрээ, Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал, Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ баримт бичгийг олон удаагийн хэлэлцээ, зөвшилцлийн үндсэн дээр хэлэлцэн батaлсан нь ээдрээ төвөгтэй энэ цаг үед Та бидний хамтын зорилго, улс төрийн хүсэл эрмэлзлийг бататгасан чухал алхам болж байна. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд дэлхийн улс орнуудын түүх соёл, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг. Мөн манай улс олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрмийг дээдэлсэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах гол арга зам хэмээн үздэг бөгөөд түүний дотор яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь дэлхий нийтийн тогтвортой байдал, энх тайвнаар зэрэгцэн оршихын гол үндэс суурь хэмээн үздэг. Энх тайвныг тогтоох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн тэгш буc байдлыг бууруулах, шударга ёсыг тогтоох, шинжлэх ухаан, технологи, инновац, залуучууд, засаглалын шинэчлэл зэрэг тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд энэхүү Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна. Манай улс энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-тай хамтран олон арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Ногоон ирээдүйн төлөө уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал төгсгөлийн баримт бичиг баталсныг онцлон тэмдэглэхэд таатай байна. Энэхүү Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас гарсан тунхаглалын гол үзэл санаа өнөөдрийн дээд түвшний уулзалтаар батлах баримт бичгүүдэд тусгалаа олж байгаад баяртай байна. Бид цаашид дэлхийн нийтийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг болон НҮБ төвтэй олон талт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүх талаар тууштай дэмжин ажиллах болно. Дээд түвшний уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа гэлээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2024.09.24. AНУ. НҮБ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган Мягмар гарагт Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байранд эхлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн очиход НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нарын албан тушаалтнууд угтлаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, өнөөгийн дэлхий ертөнц тогтвортой бус, тогтворгүй хөгжиж байгааг өөрчлөх шаардлагатайг онцоллоо. Мөн дэлхий даяар тулгамдаж буй нийтлэг сорилтуудыг шийдвэрлэх, даван туулах боломжтойг тэмдэглээд, дэлхий нийтийг энх тайванд уриаллаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь сэдвийн дор 09 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд болно. Чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 88 улсын Төрийн тэргүүн, гурван улсын Дэд ерөнхийлөгч, 35 улсын Засгийн газрын тэргүүн, зургаан улсын Шадар сайд зэрэг дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 09 дүгээр сарын 25-ны өдөр буюу Ерөнхий санал шүүмжлэлийн хоёр дахь өдөр олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй саад бэрхшээлийг даван туулах талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, үг хэлнэ. Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Бичил биетний тэсвэржилтийн асуудлаарх өндөр түвшний уулзалт, Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах өндөр түвшний уулзалт, Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Сайд нарын уулзалт, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Сайд нарын уулзалт, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын уулзалт зэрэг өндөр, дээд түвшний хурал, арга хэмжээг зохион байгуулах юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн өмнө 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт амжилттай болж өндөрлөсөн тухaй дурджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын улаан загалмай хорооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
2024.09.24. AНУ. Нью-Йорк хот. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ)-ны Ерөнхийлөгч Мирьяана Эггерийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндэс суурь болсон Женевийн конвенцын 75 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, дэлхий дахинаа өрнөж буй хурцадмал нөхцөл байдал, зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшгийн хүнд үед ОУУЗХ-ны манлайлал, шуурхай удирдлага, хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийг бодитой, цаг алдалгүй хүргэх зорилт улам бүр чухал болж буйг онцлон хэлэв. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОУУЗХ-ны хамтын ажиллагаа олон жилийн турш өргөжин бэхжиж, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ойлголт, ач холбогдлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирснийг тэмдэглэлээ. Мөн ОУУЗХ-ны хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Зүүн хойд Ази дахь хангамжийн агуулахыг Монгол Улсад байгуулах, хүмүүнлэгийн тусламжийн бүтээгдэхүүний багцыг нийлүүлэхэд цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо энэ оны 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтaд ОУУЗХ-оос төлөөлөгч оролцсоныг тэмдэглэж, ОУУЗХ-ын Ерөнхийлөгч Мирьяана Эггерийг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв
2024.09.26. AНУ. НҮБ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Эрхэм хүндэт чуулганы дарга аа, Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Юуны өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга Филемон Ян Танд чин сэтгэлийн баяр хүргэж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Миний бие Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох бүрдээ НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байдаг Монголын нэрт уран бүтээлчийн бүтээсэн Ухамсар хэмээх баримлыг зорин очих дуртай байдаг. Энэхүү баримал дээр очих бүрд бид бүхэн хүн төрөлхтний түүх, ирээдүй хойч үеийнхээ өмнө хариуцлагатай, ухамсартай, нэр төртэй байх ёстой гэдгийг эргэцүүлэн бодох гүн гүнзгий мэдрэмжийг төрүүлдэг юм. Гүн утга төгөлдөр энэхүү баримлыг дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийг баталсан, Парисын уур амьсгалын хэлэлцээр хэмээх зорилтыг дэвшүүлсэн түүхэн цаг үеийн бэлгэдэл болгон бүтээсэн. Энэ удаа очиход энэхүү гайхамшигт бүтээл Та бидний ирээдүй хойч үеийнхээ төлөө дэвшүүлсэн зорилт, амлалтын хариуг нэхэх мэт дүнсийн зогсож харагдлаа. Харамсалтай нь, бид бүхний баталсан эдгээр баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэх цаг хугацаа хаяанд ирчихээд байхад Та бидний хийсэн ажил, олсон ололт, хүрсэн үр дүн хангалтгүй хэвээр байна. Энэхүү бодит нөхцөл байдлыг дүгнэн цэгнэж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шинэ эрч хүч өгч, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтыг санаачлан зохион байгууллаа. Хоёрхон хоногийн өмнө болсон энэхүү дээд түвшний уулзалтаар тогтвортой хөгжил, шинжлэх ухаан, технологи, инновац, залуучууд, засаглалын шинэчлэлийн асуудлаарх бидний бодлого зорилт, хамтын ажиллагааны чиглэл, хамрах хүрээг хэлэлцэн тогтоолоо. Уулзалтаар хэлэлцэн батлагдсан Ирээдүйн төлөө гэрээ, Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал, Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ зэрэг баримт бичгийг боловсруулахад Монгол Улс идэвх санаачилгатай оролцсоныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Харин одоо эдгээр санал санаачилгыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийн төлөө Та бид хичээн зүтгэж, дэлхийн улс орнууд хамтран ажиллах шаардлагатай байна. Үүнийг улс орнуудын төр, засгийн тэргүүн, төлөөлөгчид гүнээ ухамсарлан дэмжиж, энэхүү хүндэт индрээс үзэл бодол, байр сууриа илэрхийлж буйд баяртай байна.
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, Эдүгээ хүн төрөлхтний амьдрал техник, технологийн дэвшил, цахим хөгжлийн эринд асар хурдтай хувьсан өөрчлөгдөж, харилцан хамааралтайгаар хөгжин дэвжиж байна. Гэвч хэт явцуу ашиг сонирхол, хэт туйлширсан үзэл суртал, үл итгэлцэл, үл ойлголцол, үл хүндлэл оршин буйгаас дэлхий ертөнцийн олон газар зөрчил тэмцэл, зэвсэгт мөргөлдөөн, дайн тулаан тасрахгүй, геополитикийн хурцадмал байдал нэмэгдсээр байна. Монгол Улс олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрмийг дээдэлсэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах гол арга зам хэмээн үздэг бөгөөд түүний дотор яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь дэлхий нийтийн тогтвортой байдал, энх тайвнаар зэрэгцэн оршихын гол үндэс суурь хэмээн үздэг. Энх тайвныг тогтоох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн тэгш буc байдлыг бууруулах, шударга ёсыг тогтоохын тулд эрин үеийнхээ өөрчлөлт, хэмнэлийг мэдэрсэн зөв зүйтэй шийдлийг олж, бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлага олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө зүй ёсоор тавигдаж байна. Энэ жил дэлхийн 60 гаруй улс оронд ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явагдаж, дэлхийн хүн амын бараг тал хувь нь сонголтоо хийсэн их сонголтын жил болж байна. Монгол Улсад ч гэсэн парламентын ээлжит сонгууль хуулийн хүрээнд амжилттай сайн явагдсаныг дотоод, гадаадын ажиглагчид, олон улсын байгууллагууд сайшаан дүгнэснийг дурдахад таатай байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс дэлхийн нийтийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулахыг ямагт зорьж ирлээ. Энэ хүрээнд Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улс орнуудтай дипломат харилцаа тогтоосон бөгөөд дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд дэлхийн улс орнуудын түүх соёл, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг. Тиймээс манай улс аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхгүй байх тухай НҮБ-ын дүрмийн зарчмыг хэлбэрэлтгүй сахиж, санал зөрөлдөөн, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхдээ сөргөлдөөн бус дипломат яриа хэлэлцээ, дайсагнал бус эв нэгдэл, талцал хуваагдал бус хамтын үзэл санааг чанд баримтлан, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг дэлхийн улс, үндэстнүүдэд уриалж байна. Монголчууд бид аливаа асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийг эртнээс эрхэмлэж, бас эрэлхийлж ирсэн түүхтэй ард түмэн билээ. Олон зууны тэртээгээс Их Монгол Улс хөрш зэргэлдээ, хол ойр, холбоотон, сөргөлдөгч аль ч улстай харилцахдаа элч төлөөлөгч илгээх, хүлээн авах, гэрээ хэлэлцээр байгуулах, найрамдах, зөвшилцөх зэрэг улс төр, дипломатын аргуудыг хэрэглэж, асуудлыг эвээр зохицуулахыг эрмэлздэг байсан нь эдүгээ ч Монголын төрийн гадаад бодлогын гол зарчим хэвээр байна. Үүний түүхэн нотолгоо бол элч төлөөлөгчийн итгэмжлэл, өнөө цагийн дипломат паспортын эхлэл болсон “Гэрэгэ” байсан бөгөөд монголчууд бидний өвөг дээдэс тэртээх XIII зуунаас улс хоорондын харилцаанд анх удаа хэрэглэж ирсэн түүхтэй. Энэхүү түүхэн “Гэрэгэ” өнөөдөр ч НҮБ-ын төв байранд түүхэн үнэт дурсгал болон хадгалагдаж байгаа бөгөөд 2000 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан хэлэхдээ “Гэрэгэ бол монголчуудаас дэлхийн хамтын нийгэмлэгт өгсөн үнэт өв юм. Монголчуудын өвөг дээдсийн мэргэн ухаанаас өнөөгийн бидэнд суралцах зүйл их байна” хэмээн үнэлсэн байдаг. Манай өвөг дээдсийн эв эеийг сахин, эв найртайгаар зэрэгцэн оршихыг эрхэмлэдэг энэхүү үзэл санаа нь өнөөгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсныг илтгэж байна. Эдүгээ цаг үед дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал гүнзгийрч, дайны гал дүрэлзэж, цөмийн зэвсгийн аюул занал сэргэж, сэдэрч болзошгүй байгаа нь хүн төрөлхтнийг ихээхэн түгшээж байна. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг өргөжүүлэх чиглэлд гаргасан дэлхийн улс орнуудын хамтын хүчин чармайлт талаар өнгөрөх учиргүй. Монгол Улс цөмийн аюулыг зайлуулахад бодит хувь нэмэр оруулж, цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн бөгөөд цөмийн зэвсгээс ангид байх бодлого, үйл ажиллагааг цаашид ч тууштай даган мөрдөж, дэмжихээ дахин нотолж байна. Манай улс энх тайван, тогтвортой байдлыг хангах, ялангуяа цөмийн аюулаас ангид ертөнцийг бий болгохын төлөө бүх улс орон хамтран ажиллахыг уриалж, уг асуудлаар НҮБ-ын хүрээнд тусгай чуулга уулзалт зохион байгуулахыг санал болгож байна.
Эрхэм хүндэт чуулганы дарга аа, Дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдлын төлөө амь биеэ үл хайрлан хүчин зүтгэж байгаа НҮБ-ын энхийг сахиулагч “цэнхэр дуулгатнуудын” үүрэг оролцоог Монгол Улс өндрөөр үнэлж, энэ үйлсэд бодит хувь нэмрээ оруулж ирлээ. Олон улсын терроризм, хэт даврагчдын хэрцгий үйлдэл, дүрвэгсдийн тооны өсөлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж цэнхэр дуулгатнууд улам бүр хүнд хэцүү нөхцөлд, нарийн төвөгтэй үүрэг даалгавар биелүүлэх боллоо. Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулагч, цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүн, энгийн ажилтнууд зэрэг 4,370 гаруй хүн үүрэг гүйцэтгэх явцдаа амь насаа алдсаныг бид огт мартаж болохгүй. Монгол Улс харьцангуй цөөн хүн амтай хэдий ч сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй энхийг сахиулагч цэрэг дайчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж ирлээ. Тэр дундаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал хөтөлбөрийн дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд эдүгээ манай энхийг сахиулагчдын дунд эмэгтэй алба хаагчдын тоо 11 хувийг эзэлж байна. Энэхүү санаачилгыг НҮБ-ын Энхийн ажиллагааны газар болон бусад цэрэг хандивлагч улс орнууд бүх талаар дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Эрхэм хүндэт чуулганы дарга, хүндэт зочид төлөөлөгчид өө, Сүүлийн жилүүдэд мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил эрс хурдсаж, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэв маягт мэдэгдэхүйц нөлөөлж, цаашид соёл иргэншлийн хөгжлийг сууриар нь өөрчилж болзошгүй хүчин зүйлд тооцогдох боллоо. Үүнтэй уялдуулан олон улсын тавцанд мэдээлэл, харилцаа холбооны технологи, хиймэл оюуны талаар эрчимтэй хэлэлцэж эхэлсний дотор бидний саяхан баталсан “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” цаг үеэ олсон, чухал алхам боллоо. Манай улс мэдээллийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн явахыг зорьдог бөгөөд уг асуудлаарх НҮБ-ын тогтоол, баримт бичгүүд, олон улсын эрх зүйн бусад хэлэлцүүлэгт чухал ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байна. Энэ оны гуравдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей анх удаа хиймэл оюуны найдвартай, аюулгүй байдлыг хангахыг гишүүн орнууддаа уриалсан тогтоол баталсан нь нэн чухал алхам болж байна. Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд эдийн засгийн төрөлжилт, эрчим хүч ба цахим шилжилтийг дэмжих бодлого баримтлах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох чадварыг сайжруулах, нийгмийн суурь үйлчилгээ, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлж, ажил эрхлэлт, хүнсний хангамж болон аюулгүй байдлыг сайжруулах чиглэлд түлхүү анхаарал хандуулж байна. Нөгөө талаас дэлхий нийтийн өрийн хуримтлал урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, хөгжиж буй орнуудын өрийн үйлчилгээний төлбөр нь авч буй зээлийн хэмжээнээсээ хэтэрч, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх төсвийн орон зай улам хумигдсаар байна. Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн санаачилгуудын хүрээнд зөвхөн өрийн тогтвортой байдлыг хангах бус, олон улсын санхүүгийн тогтолцоог уг үндсээр нь шинэчлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг бүрэн дэмжиж байна.
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, XXI зууны эхний жилүүдэд дэлхий дахиныг бүхэлд нь хуваасан үзэл суртал, системийн зөрчил түүх болж, цэрэг дайны уламжлалт аюул занал алсран холдож, харин уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, терроризм, цахим гэмт хэрэг, дүрвэгсдийн асуудал зэрэг уламжлалт бус аюул занал анхаарал татах хандлагатай байлаа. Гэвч энэ нөхцөл байдал сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөн, уламжлалт аюул занал урьдын адил дахин сэргэж, дэлхий нийтийн аюулгүй байдал, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөх боллоо. Өөрөөр хэлбэл аюул заналын уламжлалт болон уламжлалт бус төрлүүд давхцан, хамрах хүрээ нь нэмэгдэж буйд дэлхийн улс орнууд онцгой анхаарч, хамтын хүчин чармайлтаа улам илүү бэхжүүлэх шаардлагатай болж байна. Ялангуяа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь байгаль, цаг уур, эдийн засгийн хүрээнээс хальж хүний нийгмийн эмзэг асуудал, нөөц баялгийн төлөөх маргааныг хурцатгах, шилжилт хөдөлгөөнийг өдөөх зэргээр олон тооны шууд ба дам аюул, эрсдэл дагуулах боллоо. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл хүн төрөлхтөнд хөгжих, эс хөгжихийн тухай бус, харин орших, эс оршихын сонголт тулгарахыг үгүйсгэх аргагүй. Тиймээс та бид нөхцөл байдалд нухацтай дүгнэлт хийж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн асуудал, сорилтуудыг даван туулахдаа эрин үеийнхээ дэвшилд суурилсан ухаалаг шийдэл, шинэ технологийг нэвтрүүлж, сайн туршлагаа харилцан хуваалцаж, хамтран ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Монголчууд бид нүүдэлчдийн үр сад бөгөөд энэ онцлог өв соёл, уламжлалаа өнөө ч хадгалж, эрхэмлэн дээдэлж ирсэн. Нүүдлийн соёл иргэншлийн эх сурвалж нь чухамдаа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, үр шимийг нь зөв зохистой хүртэх, хүн байгалийн зүй тогтлыг хадгалан хамгаалах ногоон хөгжлийн үзэл санаа юм. Энэ нь ногоон хөгжлийн ирээдүйн талаар монголчууд бидэнд уламжлалт арга ухаан, санал санаачилга багагүй байна гэсэн үг юм. Тиймээс тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, чиглэлдээ нийцүүлэн “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал,” “Эрүүл монгол хүн”, “Цахим Монгол” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр нь тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд олон улс, бүс нутгийн түвшинд бидний оруулж буй хувь нэмэр гэж үзэж болно. Мөн энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байгааг дуулгахад таатай байна. Олон улсын хамтын нийгэмлэг, гишүүн улс орнууд биднийг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Эрхэм хүндэт чуулганы дарга аа, Манай улс Төв Азийн өндөрлөгт орших өвөрмөц байрлал, эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй орны хувьд ижил төстэй байрлал, нийтлэг сорилт бүхий улсуудын асуудалд онцгой анхаарч, тэдэнтэй хамтран эрх ашгаа хамгаалах, дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэхэд бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн. Монгол Улс 2023-2024 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын НҮБ-ын Гуравдугаар бага хуралд бэлтгэх Засгийн газар хоорондын хороог Австри Улсын хамт даргалж, төгсгөлийн баримт бичгийн төслийг гишүүн улсуудаар амжилттай хэлэлцүүллээ. Ирэх 12 дугаар сард Ботсвана Улсад болох бага хурлаар батлагдах Үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь ДГХБО-ын хөгжлийг дараагийн 10 жилд залж чиглүүлэх тодорхой зорилго, арга хэмжээнүүдийг тусгасан шинэлэг агуулга бүхий баримт бичгийн төсөл болсонд баяртай байна. Иймээс бид ДГХБО-ын НҮБ-ын Гуравдугаар бага хуралд дээд, өндөр түвшинд оролцож, тус бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх санал, санаачилгаа бүтээлчээр хэлэлцэхийг ДГХБО-ууд болон транзит улсууд төдийгүй НҮБ-ын нийт гишүүн улсууд, хөгжлийн түншүүдэд уриалж байна. Эрхэм хүндэт чуулганы дарга аа, Бээжин хотноо 1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн асуудлаарх НҮБ-ын IV бага хурлаас “эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх, хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх” хэмээн тунхаглаж, хүйсийн тэгш харилцаанд тулгардаг саад бэрхшээлийг арилгах томоохон зорилтыг дэлхий нийтийн өмнө тавьсан билээ. Монголчууд бид эртнээс эмэгтэй хүнийг хайрлан хүндэтгэдэг соёл, уламжлалтай бөгөөд монгол хатад, эмэгтэйчүүд улс орныхоо төр, нийгмийн үйл хэрэгт чухал оролцоотой явж ирсэн түүхтэй билээ. Энэ сайхан уламжлал, түүх соёлын улбаа улам бэхжин хөгжиж, Монгол Улс хүйсийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр Ази тивдээ тэргүүлэгчдийн нэг байсаар ирлээ. Монгол Улс анхдугаар Үндсэн хуульдаа эмэгтэйчүүдийн тэгш эрх, сонгох, сонгогдох эрхийг Ази тивдээ анхлан баталгаажуулсан бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн үндэсний хэмжээний байгууллага байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ түүхэн ойн босгон дээр 2023 онд нийгэм, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүй, бодлогын шинэчлэл хийсэн. Үүний үр дүнд саяхан болсон парламентын ээлжит сонгуулиар нийт гишүүдийн 25.4 хувь нь эмэгтэй гишүүд сонгогдож, Ази тивийн дундаж үзүүлэлт болох 21.2 хувийг давлаа. Мөн манай улс нийслэл Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сард Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг НҮБ-тай хамтран “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор амжилттай зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтад таван тивийн улс орнуудын төр, засаг, олон улсын байгууллагын удирдагч, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын манлайлагч эмэгтэйчүүд хуран цуглаж, тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд эдийн засаг, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, түүнчлэн боловсрол, спорт, соёл, урлагийн талбарт эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр олон бүтээлч санал санаачилга дэвшүүлж, туршлагаа хуваалцан, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичиг баталсныг цохон тэмдэглэхэд таатай байна. Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын мөрөөр болон жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр цаашид ч идэвхтэй ажиллах болно. Эрхэм хүндэт чуулганы дарга, хүндэт зочид төлөөлөгчид өө, НҮБ-ын Ерөнхий Ассамблей бол даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хүн төрөлхтний сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөөх үзэл санаа, хүсэл эрмэлзлийн дуу хоолойг түгээх хамгийн чухал, эрхэм хүндтэй индэр юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг тэгш шударга төлөөлөлтэй, хүртээмжтэй, ил тод, үр дүнтэй, ардчилсан, хариуцлагатай тогтолцоо болгон шинэчлэхийн төлөөх гишүүн улсуудын хүсэл эрмэлзэл, хүч чармайлтыг Монгол Улс тууштай дэмжсээр ирсэн. Мөн бид дэлхийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхийг тууштай дэмжих болно. Манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үздэг. Иймд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд төр, засгийн тэргүүн, эрхэм хүндэт төлөөлөгч Та бүхэн онцгой манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулахыг уриалж байна. Мөнх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа
2024.09.26. АНУ. НҮБ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уулзлаа.Монгол Улсын Ерөнхийлөгч олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хөндөж, НҮБ Монгол Улсыг тууштай дэмжиж ажилладагт талархлаа илэрхийлэв. Түүнчлэн Улаанбаатар хотноо Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бага хурлыг амжилттай зохион байгуулсан талаар мэдээлэл өгч, НҮБ-тай харилцаа, хамтын ажиллагааг бүх чиглэлд бэхжүүлэхийн төлөө байгаагаа онцоллоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын 2026 онд эх орондоо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг онцолж, бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж байдгаа тэмдэглэлээ. Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлогоо амжилттай хэрэгжүүлж, мөнхийн хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой харилцаа, хамтын ажиллагааг тэнцвэртэй бөгөөд эрчимтэй хөгжүүлж байгаа нь бахархууштай хэмээн тэмдэглэлээ. Тэрбээр Монгол Улс нь НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийн чухал гишүүн, бүс нутгийнхаа улс орнуудын харилцан ойлголцол, харилцан итгэлцлийн гүүр болж байгааг тэмдэглэхийн сацуу НҮБ нь Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, бэхжүүлэхийн төлөө байгааг илэрхийллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр халуун дотноор хүлээн авсныг санан дурсаж байдгаа хэлээд, Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын төр, засгаас тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, улс орныхоо хөгжил дэвшлийг цогцлоох чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг НҮБ болон түүний системийн байгууллагууд бүх талаар тууштай дэмжихыг нотоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийг хүлээн авч уулзлаа
2024.09.26. АНУ. НҮБ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер-ийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хөгжүүлж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжилтийг эрчимжүүлэхийн төлөө байгааг тодотгов. Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хооронд сайн засаглал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилт, эрчим хүчний шилжилт, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдал, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг олон чиглэлээр өрнөж буй хамтын ажиллагааг тууштай дэмжихээ илэрхийллээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал, санаачилгуудыг дэмжин, Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ялангуяа байгаль орчин, ногоон хөгжлийн хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулахаа илэрхийллээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингээсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой Цагаан алт хөтөлбөрийг онцолж, тус хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь цагаа олсон, зохион байгуулагч орон төдийгүй дэлхий даяарх эмэгтэйчүүдийн нийтлэг асуудлыг хөндөн, өргөн цар хүрээтэй, ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлсэн амжилттай хурал болсон гэдгийг тэмдэглэлээ. Чуулга уулзалтаас баталсан “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ын гол үзэл санаа Нью-Йорк хотноо 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд болсон “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-аас баталсан баримт бичгүүдэд тусгалаа олсныг сайшаав. Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапаэ Мишраг Найрамдал медалиар шагналаа
2024.11.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх томилолтын хугацаа нь дуусаж буцах болсонтой нь холбогдуулан НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Суурин зохицуулагчаар ажиллах хугацаандаа Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажилласныг Ерөнхийлөгч өндөр үнэлж байгаагаа тэмдэглэлээ. Ялангуяа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, орлогч Амина Мохаммедын Монгол Улсад хийсэн айлчлал, Улаанбаатар хотноо Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын хурал, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэг томоохон арга хэмжээг хамтран зохион байгуулсныг онцоллоо. Суурин зохицуулагчаар ажилласан таван жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Монголын төр, засаг болон ард түмэнд Тапан Мишра талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт зэрэгт биечлэн оролцохын зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогоо бататган, дэлхийн бүх 192 оронтой дипломат харилцаа тогтоож, улс орнуудад манлайлал үзүүлж байгааг тэмдэглэлээ. Тапан Мишра цаашид Монгол Улсын тогтвортой хөгжил, хөдөө орон нутаг, бүс нутгийн хөгжлийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгээ илэрхийлэв Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс, НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эдийн засаг, нийгэм, байгаль орчны олон талт зорилтыг хэрэгжүүлж, байгалийн гамшигт үзэгдлийг даван туулахад хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйлсэд хамтран ажилласныг нь үнэлэн Тапан Мишраг Найрамдал медалиар шагналаа гэжээ.