11 сар 15, 2024

Монгол, Японы харилцаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Т.Мотеги бараалхав

2020.10.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги 2020.10.9-10-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна гээд 2019 онд Гадаад хэргийн сайдаар анх томилогдсон цагаасаа Монгол Улсад айлчлахыг төлөвлөж байсан гэдгээ илэрхийлэв. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг шинэ шатанд хүргэх болно гэдэгт итгэж байгаагаа цохон тэмдэглэсэн юм. Яриа хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалд болж, талууд хоёр улсын харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм. Манай улсын гуравдагч хөрш, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий  Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-н энэ удаагийн айлчлал манай улсад парламентын сонгууль болж, шинэ Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа цаг үед, мөн Япон Улсад Ерөнхий сайд Ё.Сүгагийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлсний дараахан болж байгаагаараа онцлог болж байна. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагаанд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Гадаад хэргийн сайд Т.Мотэги дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бүс нутгийн улс орнууд үйл ажиллагаагаа уялдуулж, нягт хамтран ажиллахын чухлыг онцлоод Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид ч өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Тэрээр Япон Улсын Засгийн газар манай улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр 0,01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн буюу 230 гаруй сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэв. Гадаад хэргийн сайд Т.Мотэги Япон Улсын Засгийн газраас иргэд харилцан зорчих урсгалыг шат дараатай нээх хүрээнд бизнесийн зорилгоор зорчих, урт хугацаанд Япон Улсад оршин суух манай иргэдэд Япон Улсад зорчих визийг олгож эхэлснээ танилцуулав. Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч эхэлж буйг онцлоод Япон Улсын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, ноу-хау-г идэвхтэй татаж, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд тус улстай түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хороодын хуралдааныг ойрын үед зохион байгуулах санал тавив. Талууд яриа хэлэлцээний үеэр ойрын үед хоёр талдаа хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, иргэд консулын гээд өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцов. Мөн 2022 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцав. Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг талууд нотолж, 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор болов. Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжил цэцэглэл, Солонгосын хойгийн аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа талууд нотоллоо. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад хийж буй 5 дахь айлчлал юм. Өмнө нь Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд тус тус Монгол Улсад айлчилсан юм. Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхсан юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгийн айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл болж байгааг тэмдэглэв. Түүнчлэн Япон улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн манай гуравдагч хөрш Японтой харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ оны зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар ялалт байгуулж, Засгийн газраа эмхлэн байгуулсанд баяр хүргээд Монгол, Японы Засгийн газрын тэргүүн нар цаашид нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал зорилт гэдэгт хоёр тал санал нэгдэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай эдийн засгийг төрөлжүүлэх, экспортыг нэмэхэд чиглэсэн үйлдвэрлэлийн салбаруудад Японы хөрөнгө оруулалт, техник, технологийг нэвтрүүлэх нь нэн чухал болохыг тэмдэглэсэн юм. Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-н айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, олон улсын түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж өндөрлөлөө.

Чингис хаан олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслол болов

2021.07.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингис хаан олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолд оролцож, үг хэллээ. Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудал буюу Чингис хаан олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолын үйл ажиллагаа болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, нээлтийн үг хэллээ. Монгол Улс, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтаар:

  • Жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Зорчигч үйлчилгээний барилга,
  • 24 агаарын хөлөг зогсох перрон талбай,
  • 43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөний барилга,
  • 8,000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах,
  • Жилд 11,900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминал,
  • Олон улсын C9 зэрэглэлтэй Аврах гал унтраах барилга,
  • Бие даасан дулааны станц болон цахилгаан шугам сүлжээний дэд барилгууд,
  • Хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх, ариутгах, татуурга ус цэвэршүүлэх байгууламж зэрэг үндсэн 30 гаруй барилга, байгууламжаас бүрдсэн, олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх буудал баригдсан юм.

Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн OM501 аяллын дугаартай, Boeing 737-800 агаарын хөлөг Японы Токио, Нарита чиглэлд амжилттай гүйцэтгэлээ. Анхны нислэгийн ёслолын эхэнд нисэх буудлын зорчигчийн танхим дахь Монгол-Японы Найрамдлын дурсгалын цогцолборын хөшөөг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар албан ёсоор нээв. Дараа нь ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Өлзий дэмбэрэл бүрдсэн өгөөмөр сайхан энэ өдөр Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтуудын нэг, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг, манай хоёр орны ард түмний хамтын ажиллагааны бэлгэдэл болсон, далайд гарцгүй Монгол Улсыг дэлхий ертөнцтэй холбож байгаа Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал албан ёсоор ашиглалтад орж, анхныхаа нислэгийг үйлдэж байгаа энэ сайхан бэлгэ дэмбэрэлтэй, торгон дурсамжтай агшинд оролцож байгаадаа миний бие баяртай байна. Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Танд болон Элчин сайдын яамны хамт олон Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Өөдлөх айл үүднээсээ гэж ардын сайхан үг бий. Энэ шинэ нисэх буудал Монголын ард түмний үүд хаалга, манай улсын хөгжил цэцэглэлтийн бэлгэ тэмдэг болж шинээр нээгдэж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 онд миний бие Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, Стратегийн түншлэлийн чиглэлээр олон асуудал яригдсаны дотор хамгийн ихээр онцгойлон ярьсан нэг асуудал нь энэ нисэх буудлын барилгыг барьж, ашиглалтад оруулах байсан бөгөөд энэ талаар хоёр орны Ерөнхий сайд нар санал бодлоо солилцож, хамтарч ажиллахаар болсон юм. Түүнээс хойш шинэ нисэх буудлын төслийн олон ажил эрч хүчтэй явагдан, өнгөрсөн жил бид нар шинэ нисэх буудлаа хүлээн авсан. Цар тахлын харгайгаар энэ ажил тодорхой хугацаанд хойшлогдсон ч өнөөдөр албан ёсоор Монгол Улсаас Япон Улсын Токио хотын чиглэлд анхны нислэгээ үйлдэх түүхэн үйл явдал болж байна. Манай хоёр орны ард түмний харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон, ийм сайхан үйл явдал болж байна. Жилдээ гурван сая хүн хүлээж авах хүчин чадалтай нисэх онгоцны буудалд зөвхөн иргэний агаарын тээврийн онгоцуудаас гадна хүнд даацын онгоцууд бууж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард түмний маань аж амьдрал дээшлэх, нэн ялангуяа аялал жуулчлал хөгжиж, эдийн засаг өсөн дэвжихэд шинэ нисэх буудал асар их ач тусаа өгнө гэж бодож байна. Эзэн Чингис хааныхаа нэрээр овоглосон шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолын ажиллагаанд оролцож байгаа Та бүхэнд дахин талархал илэрхийлье. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон энэ нисэх буудлыг барьж байгуулахад төр, засгийн түвшинд хамтран ажилласан хүмүүс, Монгол, Японы бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, энэ том бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулсан удирдлагын баг, хамт олон, оролцсон бүх компани, тэдгээрийн ажилтнууд, инженер, техникийн ажилчид, гар бие оролцсон бүх хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар талархал дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Энэ нисэх буудал ашиглалтад орсноор улс орны маань хөгжил дэвшилд асар том ач холбогдолтой. УИХ-аар батлагдсан Шинэ Зуун мод хотыг хөгжүүлэх бүрэн боломж нь бүрдэж байна. Монгол Улсад ложистикийн шинэ төв нээгдэж байна. Энэ нисэх буудлыг дагаж шинээр амьдрал цэцэглэнэ. Шинэ Зуун мод хот хүн ард маань суурьшиж амьдрах, бизнес, эдийн засаг, худалдааны том бүс болон хөгжинө гэдэгт миний бие бат итгэлтэй байна. Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин баяр хүргэе! Монгол, Японы ард түмний ган бат найрамдал, манай хоёр орны Стратегийн түншлэл улам хөгжиж, дэвжин цэцэглэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье! Та бүхэнд баярлалаа гэлээ.

Үүний дараа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки:2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Япон Улсад айлчлах үедээ тухайн үеийн Ерөнхий сайд Абэ Шинзотой шинэ нисэх буудлыг шуурхай ашиглалтад оруулах тал дээр санал нэгдэн, түүнийг хэрэгжүүлэхэд манлайлан ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх Танд хүндэтгэл үзүүлэн, гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдөр ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлж буй шинэ нисэх буудлын нээлтийн арга хэмжээнд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Та өөрийн биеэр оролцож байгаа нь нэр төрийн хэрэг юм гэлээ. Шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолыг тохиолдуулан Япон Улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэндчилгээ ирүүлснийг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки уншиж сонордууллаа. Дараа нь Чингис хаан олон улсын нисэх буудлын менежментийг ирэх 15 жилд хариуцан ажиллах Монгол, Японы хамтарсан Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК (НУБИЭ)-ийн Гүйцэтгэх захирал Като Такэо шинэ нисэх буудлын үйл ажиллагаа нээгдэж буйг тунхаглан зарлав. Тэрбээр Бид Монгол Улсын агаарын үүд хаалга болох энэхүү шинэ нисэх буудлын үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын иргэд болон дэлхийн өнцөг булан бүрээс Монгол Улсыг зорин ирэх бүх зочид, үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтайгаар үйлчлүүлдэг нисэх буудал байлгахын төлөө ажиллах тул цаашид дэмжин ажиллахыг Та бүхнээс хүсэж байна гэлээ. Ийнхүү шинэ нисэх буудал ашиглалтад орсноор хуучин нисэх буудал буюу Буянт-Ухаа нисэх буудлыг ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх болон сургалтын зориулалтаар ашиглаж, Хөшигийн хөндийд баригдсан Чингис хаан олон улсын нисэх буудлаар дамжуулан гадаад болон дотоодын арилжааны бүх нислэгүүдийг үйлдэх юм. Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлаас агаарын тээврийн Mongolian Airlines /MIAT/, Aero Mongolia, Hunnu Air, Eznis Airways LLC, Air China Limited, Aeroflot, Turkish Airlines, Korean Air, Asiana Airlines Inc., Air Busan, SCAT Airlines зэрэг компаниуд нислэг үйлдэнэ. Шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК (НУБИЭ)-ийн Гүйцэтгэх захирал Като Такэо зэрэг албан ёсны зочид, төлөөлөгчид оролцжээ.

Др.Такеши Касайг хүлээн авч уулзлаа

2022.06.14. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касайг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ковид-19 цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар их хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлснийг онцолж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касай Монгол Улсын төр, засгийн зүгээс Ковид-19 цар тахлын үеэр түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллан халдварыг 10 сарын турш дотооддоо алдаагүй, мөн зорилтот бүлгийн иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулж, өндөр үр дүн гаргасныг онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллийг бууруулах зорилгоор Тэрбум мод, ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ дотоодоос хангах Хүнсний хангамж, аюулгүй байдал, эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж, архи, согтууруулах ундааны соёлтой хэрэглээг төлөвшүүлэх Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа тухай товч танилцуулав. Хөрсний доройтлыг бууруулснаар хүнсний чанар сайжирч, энэ хэрээр хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилт үр дүнгээ өгнө гэж үздэгээ хэлэв. Мөн үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай бүх талаар хамтран ажиллана гэдгээ Ерөнхийлөгч хэллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зорилтуудтай нягт уялдаж буй бөгөөд бүс нутгийн болон гишүүн орнуудад туршлага болохуйц ажил болж байгааг тэмдэглэв. Цаашид энэ чиглэлд Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. 

Жайкагийн Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзав

2022.10.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын  ерөнхийлөгч Танака Акихико болон Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон бөгөөд одоогийн байдлаар Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 5 төсөл,  буцалтгүй тусламжийн 3,  төслийн бус буцалтгүй тусламжийн 2,  техникийн туслалцааны 25 төсөл, өвсний үндэс, хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэрэгжиж байна. Япон Улсын Засгийн газар 1991 оноос хөгжлийн тусламжийг Монгол улсад олгож эхэлсэн. 2022 оны хагас жилийн байдлаар 120.6 тэрбум иений буцалтгүй тусламж, 55.7 тэрбум иений техник туслалцаа, 182.4 тэрбум иений хөнгөлөлттэй зээл, нийт 358.4 гаруй тэрбум иений (3.3 тэрбум гаруй ам.доллар) зээл, тусламжийг үзүүлээд байна. Сангийн сайд Б.Жавхлан ЖАЙКА-тай хамтын ажиллагааны 30 жил, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа нээсний 25 жилийн ой тохиож байгаад баяр хүргэж хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжин, нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад айлчилна

2022.11.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022.11.29-ний өдрөөс 2022.12.02-ны өдрүүдэд Япон Улсад төрийн айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи нарыг хүлээн авч уулзана. Айлчлал Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлох чухал ач холбогдолтой. Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа болох гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж байна

2022.08.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Ш.Такэи, Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Т.Шимада, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал нарын албаны хүмүүс угтав. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи болон Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг хүлээн авч уулзана. Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа Япон Улсад хэрэгжиж буй төрийн айлчлал нь Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хоёр улсын хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Япон, Монголын Эдийн засгийн хорооны гишүүдийг хүлээн авч уулзав

2022.11.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Япон, Монголын Эдийн засгийн хорооны тэргүүн Цүбай Хироюки тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзлаа. Тус хороо харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч  тэмдэглэв. Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны төр, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалт зохион байгуулах гэж буйг дурдаж, эдийн засгаа төрөлжүүлэн, олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй болгох,  экспортын чадавхыг дээшлүүлэхийн чухлыг тэмдэглэв. Цаашид эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Япон Улсын хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг нэвтрүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Япон Улсын томоохон 11 аж ахуйн нэгж нэгдсэн Япон, Монголын Эдийн засгийн хороо нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий Сайд Ф.Кишида угтлаа

2022.11.29. Япон Улс. Токио хот. Япон Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида албан ёсоор угтав. Угтах ёслолын үеэр цэргийн найрал хөгжимд Монгол Улс, Япон Улсын Төрийн дуулал эгшиглэж, Япон Улсын хүндэт харуул хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Япон Улсын Ерөнхий сайд нар хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг танилцуулснаар угтах ёслол өндөрлөж, албан ёсны хэлэлцээ эхлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийв

2022.11.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай Ерөнхий сайдын өргөөнд нь албан ёсны хэлэлцээ хийв. Албан ёсны хэлэлцээ элэгсэг дотно, найрсаг уур амьсгалд болж, талууд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, цаашдын зорилт, хэтийн төлөвийн талаар болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газар Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий гуравдагч хөрш Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Ерөнхий сайд Ф.Кишида Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Япон Улсад төрийн айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын харилцааны ололт, амжилтыг бататгаж, итгэмжилсэн харилцааг улам гүнзгийрүүлж, бүс нутаг, олон улсын талбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллаж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын тогтвортой хөгжлийг Япон Улс цаашид ч тууштай дэмжихээ нотлов. Албан ёсны хэлэлцээний үр дүнд талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг ахиулан Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан  хөгжүүлэхээр тогтов. Мөн цаашид эрх чөлөө, ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан бүхий л салбарын хүн төвтэй харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтдаа хувь нэмэр оруулж, нягт хамтран ажиллахаар болов.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны замын зураглал болж ирсэн Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн Монгол, Японы Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн 10 жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулж, Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, Хүн төвтэй хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа зэрэг дөрвөн үндсэн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. Япон Улс нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн тэргүүний хандивлагч улс гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлалын үеэр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дарханы дэд станцад бага чадлын баттерейн цэнэг хураагуур суурилуулах, Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөлийг хэрэгжүүлэхээр тохирч, хоёр улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурж байгааг талууд сайшаан тэмдэглэв.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, Япон Улсаас хөрөнгө оруулалт татах зорилгоор хууль эрх зүйн болон бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хоёр тал нягт хамтран ажиллахаар санал нэгдэв. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд Япон Улсын хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, газрын ховор элемент, ховор металл зэрэг ашигт малтмал болон Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах чиглэлд японы талтай хамтран ажиллах сонирхлоо монголын тал нотлов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан 10 дугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буйг талууд сайшааж, Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотлов.

Талууд бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь хүн хэмээн санал нэгдэж, хүний нөөцийг чадавхжуулах хамтын ажиллагааг үргэлжлүүлж, цаашид хоёр орны ард түмний хоорондын найрсаг харилцааг хөхиүлэн дэмжин, хоёр улсын ирээдүй хойч үеийг түүчээлэх залуучуудын солилцоог гүнзгийрүүлэхээр тохиролцов. Талууд бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд цаашид  ч уялдаа холбоотой ажиллахаа нотлов. Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд хоёр улс үргэлжлүүлэн хувь нэмэр оруулж, хамтран ажиллахаа нотолж, японы тал манай Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг сайшааж, үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа нотлов. Төр, засгийн тэргүүн нар дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдэв. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан дэвшүүлсэн Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад 50 мянган мод тарьж, ойжуулах төсөл болон монголын 20 мянган хүүхэд, залуучуудад байгаль орчин, цөлжилт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танин мэдэхүйн сургалт зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэн бодит ажил хэрэг болгоход тууштай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын төр, засгийн тэргүүн нар хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийв

2022.11.29. Япон Улс. Токио хот. Энэ удаагийн айлчлалын дүнгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргав. Мөн Монгол Японы Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулав. Түүнчлэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөлийн тухай хоёр улсын Засгийн газрын хооронд солилцох ноот бичигт Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши нар гарын үсэг зурав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улс, Япон Улс хамтарсан мэдэгдэл гаргалаа

2022.11.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нарын албан ёсны хэлэлцээний дүнгээр Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргав. Хамтарсан мэдэгдэлд: Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар төрийн айлчлал хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар 2022.11.29-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр энэхүү Хамтарсан мэдэгдлийг гаргав. Хоёр улсын төр, засгийн тэргүүн нар Монгол Улс, Япон Улс хоорондын харилцааг цаашид улам бэхжүүлэхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны хүрээнд бүс нутаг, олон улсын тавцанд хоёр улс тус тусдаа Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далайн үзэл санааны хүрээнд дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорилго болгон Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг байгуулахаар санал нэгдэв гэж тусгажээ. 

Өнөөг хүртэлх хоёр улсын харилцааны ололт, амжилт

2022.11.29. Япон Улс. Токио хот. Хоёр улсын төр, засгийн тэргүүн нар (цаашид Талууд гэх) дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, Монгол Улс 1990 онд ардчилал, зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжих үед Япон Улс дэлхийн улс орныг түүчээлэн дэмжлэг туслалцаа үзүүлсний дүнд хоёр улсын харилцаа үсрэнгүй хөгжиж, өнөө цагт эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Стратегийн түнш болсныг дахин нотолж, үүнийг өндрөөр үнэлэв. Талууд хоёр улсын дараах хамтын ажиллагааг өнөөг хүртэлх хугацаанд, тэр дундаа 1996 онд Иж бүрэн түншлэл, 2010 онд Стратегийн түншлэлийг байгуулснаас хойш доор дурдсан хамтын ажиллагааны хүрээнд ололт амжилт, туршлага хуримтлуулахын сацуу хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцолж, талархан хүлээн авав. Үүнд:

  • Улс төр, аюулгүй байдлын салбарт дээд, өндөр түвшний харилцан айлчлал, Засгийн газар хоорондын харилцан ойлголцол гүнзгийрч, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирсэн.
  • Япон Улс нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн тэргүүний хандивлагч улс юм. Түүнчлэн, Монгол Улс нь Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг анх удаагаа байгуулсан бөгөөд Япон Улсаас Монгол Улсад харилцаа, холбоо болон тээвэр, логистикийн салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх зэргээр эдийн засгийн хамтын ажиллагааг нягт хөгжүүлж ирсэн.
  • Боловсрол, соёл, хүмүүнлэг, иргэд хоорондын харилцаа, Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд найрсаг солилцоо, харилцан ойлголцол гүнзгийрч, бүхий л салбар дахь хүний нөөцийг дэмжих хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
  • Бүс нутаг, олон улсын тавцан дахь хоёр талын нягт хамтын ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн үйл явцад илрэлээ олж, бодит түвшинд хөгжиж байна.
  • Монгол Улсын Засгийн газар болон ард иргэд 2011 онд Япон Улсын зүүн бүс нутаг байгалийн гамшигт нэрвэгдэх үед нэн даруй тусламжийн гараа сунгасан зэргээр харилцан хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж ирсэн.

Монгол, Японы харилцааны хэтийн төлөв

2022.11.29. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын ойр дотно гуравдагч хөрш болох Япон Улсын зүгээс тус улсын хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж, сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд Энх тайванч улсын хувиар Япон Улсын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв. Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида өнөөгийн хувьсан өөрчлөгдөж буй бүс нутаг, олон улсын нөхцөл байдалд далайд гарцгүй газар зүйн онцлог бүхий Монгол Улс эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг үнэт зүйлсийг хамгаалж, олон улсын хамтын нийгэмлэгт хувь нэмрээ оруулан, нэр хүндтэй байр суурь эзэлсээр ирснийг өндрөөр үнэлэв. Талууд өнөөг хүртэлх хоёр улсын хамтын ажиллагааны ололт, амжилтыг ирэх 50 жилд үргэлжлүүлж, нийтлэг үнэт зүйлстэй түнш улс орнуудын хувьд эрх чөлөө, ардчиллын мөн чанарыг хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, хамтдаа хөгжих хүсэл эрмэлзэлтэйгээ нотлов.

Үүний зэрэгцээ талууд бүс нутаг, олон улсын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж байгаа үед хуулийн засаглалд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалж, бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг бий болгох, энх тайван, тогтвортой байдлыг хангах асуудал урьд өмнө байгаагүйгээр чухлаар тавигдаж буйг дахин нотлов. Мөн энэ хүрээнд аливаа бүс нутагт нөхцөл байдлыг хүчээр, нэг талын шийдвэрээр өөрчлөх асуудлыг үл хүлээн зөвшөөрч, олон улсын хууль, журамд үндэслэн мөргөлдөөнийг энх тайвны аргаар шийдвэрлэхийн чухлыг дахин нотлов. Эдгээр нөхцөл байдлын улмаас бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг бий болгохын төлөө цаашид хамтран ажиллаж, хувь нэмэр оруулах зорилгоор хоёр улсын харилцааг шинэ түвшинд хүргэж, Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг байгуулахаар санал нэгдэв.

Талууд дараах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов

  • Улс төр, аюулгүй байдлын салбар

Улс төр, аюулгүй байдлын салбар дахь талуудын хамтын ажиллагааг дээд, өндөр түвшинд хадгалах бөгөөд энэхүү хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх зорилгоор батлан хамгаалахын инженерийн тоног төхөөрөмж нийлүүлэх болон техникийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

  • Эдийн засгийн хамтын ажиллагаа

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шаардлагатай хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлнэ. Хоёр улсын Засгийн газар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалт зэргээр дамжуулан уян хатан, харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлж, улам бэхжүүлэхийг зорьж ажиллана. Монгол, Японы хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болсон Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал нь Япон зэрэг бусад гадаад улс орноос хөрөнгө оруулалт татахад ач холбогдолтой болохыг харгалзан цаашид тус нисэх онгоцны буудлын менежментийн хэвийн үйл ажиллагааг хангаж, агаарын тээврийн чиглэлийг нэмэгдүүлэн идэвхжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал, Япон Улсаас хөрөнгө оруулалт татах зорилгоор хууль эрх зүйн болон бизнесийн орчинг сайжруулах, эрдэс баялаг, нэн ялангуяа газрын ховор элементийн хайгуул, олборлолтын салбарт хамтран ажиллах боломжийг судлах, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох чиглэлээр хамтран ажиллана.

  • Хүнд чиглэсэн хөрөнгө оруулалт

Бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь хүн хэмээн санал нэгдэж, хүний нөөцийг хөгжүүлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлж, цаашид хоёр орны ард түмэн хоорондын солилцоог дэмжин, харилцан ойлголцлоо үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ. Ялангуяа хоёр улсын ирээдүй хойч үеийг түүчээлэх залуучуудын солилцоог гүнзгийрүүлнэ.

  • Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа

НҮБ-ын дүрэм болон хуулийн засаглалд суурилсан олон талт хамтын ажиллагааг мөрдлөг болгон ажиллана. Мөн олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөөх хамтын ажиллагааг үргэлжлүүлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл болон НҮБ-ын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өрнүүлнэ. Энэ хүрээнд энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын Зэвсэгт хүчнийг чадавхжуулахад чиглэсэн Япон Улсын дэмжлэг чухал ач холбогдолтойг онцлов. Бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад энэхүү үйл ажиллагааг үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр тогтов. Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй эдийн засгийн шинэ сорилтыг даван туулахын тулд эдийн засгийн аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Хүний эрхийг хамгаалах олон талт хамтын ажиллагаа болон дэлхий дахин дахь хүний эрхийг хамгаалах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

Цөмийн дайн нь хүн төрөлхтөн, соёл иргэншил, хүрээлэн буй орчинд мөхөл, сүйрлийн үр дагавартай гэдэгт санал нэгдэж, олон улсын түвшинд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, хураах эрх зүйн тогтолцооны суурь болсон Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг тууштай мөрдөж, бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана. Япон Улс Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг дэмжинэ. Монгол Улс Хирошимагийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу цөмийн зэвсгийг хураах чиглэлээр Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж, цөмийн зэвсгээс ангид байх дэлхий ертөнцийн төлөөх олон улсын эрдэмтдийн зөвлөл байгуулахыг сайшаана. Үүнээс гадна талууд цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл улам нэмэгдэж, олон улсын аюулгүй байдлын орчин эрс доройтож байгаад гүнээ санаа зовниж, цөмийн дайнд ялагч хэзээ ч байхгүй тул цөмийн дайн хийхгүй гэдгээ нотлохыг бүхий л улс орнуудад уриалав.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах хүрээнд БНАСАУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг бүрэн хэрэгжүүлж ажиллахыг уриална. Мөн хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг уриална. Талууд НҮБ-ын дүрэм, улс орнуудын бүрэн эрх болон эрх тэгш байх зарчим, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, заналхийлэл болон хүч хэрэглэхийг хориглох тухай олон улсын эрх зүйн өндөр ач холбогдлыг онцлон тэмдэглэв. НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц (UNCLOS)-д заасны дагуу усан болон агаарын хөлөг онгоцоор чөлөөтэй зорчих зэрэг эрх болон эрх чөлөөт байдлыг тууштайгаар хэрэгжүүлэхийн чухлыг онцлов. Талууд дэлхийн тулгамдсан асуудал болох байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад ойжуулах төсөл болон 20 мянган монгол хүүхэд, залуустай мод тарих үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээрх танин мэдэхүй, сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, тууштай дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын Засгийн газар эдгээр төслийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллана. Талууд дээрх чиглэлд үндэслэн Монгол Улс, Япон Улсын хооронд ирэх 10 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулав. Талууд ирэх 50 жилд хоёр улсын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, Монгол, Японы ард иргэд бие биенээ улам сайн танин мэдэж, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр улсын хөгжил цэцэглэл болон бүс нутаг, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргаж, хоёр улсын шинэ түүхийг бүтээлцэхийн төлөө ажиллах хүсэл эрмэлзлээ нотолж, гарын үсэг зурав.

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардуулав

2022.11.30. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын иргэдийг төрийн одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасан. Зарлигийн дагуу шагналыг гардуулах ёслол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын үеэр боллоо.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн хүндэт зөвлөх Никай Тошихиро,
  • Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Хоккайдо мужийн Саппоро хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Такэбэ Цүтомү,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Монгол судлалын холбооны тэргүүн, эрдэмтэн Конагая Юүки,
  • Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико,
  • Сакү, Монголын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Харүхара Акио,
  • Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Шимизү Такэнори,
  • Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такаока Масато,
  • Heart saving project төслийн зүрхний мэс засалч Тамүра Масамичи,
  • Мабүчи Мотор хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүндэт ерөнхийлөгч Мабүчи Такаичи,
  • Шима Сейки хувьцаат компанийн ерөнхийлөгч Шима Масахиро,
НАЙРАМДАЛ МЕДАЛИАР:
  • Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагааны хорооны дарга Ямагүчи Шүничи,
  • Монгол судлаач, эрдэмтэн Миявакэ Жюнко,
  • Глобал олон улсын рашаан судлалын төвийн захирал, судлаач Мацүда Таданори нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода-г хүлээн авч уулзав

2022.11.30. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Японы найрсаг харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Япон Улсын Парламент, Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлэг чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад Япон Улсад хийж буй энэ удаагийн төрийн айлчлалын дүнгээр Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг шат ахиулан Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн шинэ түвшинд бэхжүүлэн хөгжүүлэхээр болсонд баяртай байгааг онцлон тэмдэглэв.

Мөн Япон Улс Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэхийн сацуу дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа хувь нэмрээ оруулж, хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов.

Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын парламент, парламент дахь найрамдлын бүлгийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн олон ажил, арга хэмжээг зохион байгуулсныг дурдаж, Япон, Монголын найрсаг харилцааны бат бэх үндэс сууринд тулгуурлан хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд Японы Парламентын зүгээс цаашид ч дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-г хүлээн авч уулзав

2022.11.30. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-г 2022.11.30-ны өдөр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий гуравдагч хөрш Япон Улстай найрсаг, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр энэ удаагийн айлчлалын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг шат ахиулж, Дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулж, хоёр улсын харилцааны ирэх 50 жилийн шинэ түүхийг эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Монгол, Японы найрсаг харилцааг өнөөгийн түвшинд хүргэж, өргөжүүлэн бэхжүүлэхэд хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж, Японы Зөвлөхүүдийн танхимын зүгээс харилцааны хөгжилд үргэлжлүүлэн анхаарч, тууштай дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв. Мөн Монголын төр, засаг, парламентын зүгээс Япон лугаа хөгжье хэмээх санаачилгыг дэвшүүлэн идэвхтэй ажиллаж байгааг дурдаж, цаашид ч Парламентын солилцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүн Япон Улсад төрийн айлчлал хийж байгаад баяртай байгааг илэрхийлж, Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд Япон Улс онцгой ач холбогдол өгдөг гэдгийг тэмдэглэж, цаашид ч хоёр улсын ган бат харилцааг улам бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчинг төгөлдөржүүлэхэд Японы Парламентын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Японы эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нарт бараалхав

2022.11.30. Япон Улс. Токио хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт Эзэн Хааны ордонд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад айлчилж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитод бараалхаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Эзэн Хаан Нарүхито болон Японы найрсаг ард түмэнд Монголын ард түмний халуун дотно мэндчилгээг уламжлав. Мөн Японы Хэйсэй-гийн он жилүүдэд цэцэглэн хөгжсөн манай хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа Рэйва-гийн шинэ эринд улам батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Япон Улсад хийж буй энэ удаагийн айлчлалаар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн шинэ шатанд хүргэн хамтын ажиллагааны хэтийн төлөв, зорилтыг тодорхойлж, хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохирсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ой энэ жил тохиож, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл улам батжин бэхжиж байгааг тэмдэглээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийж буй төрийн айлчлалд амжилт хүсэв. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2007 онд Угсаа залгамжлах Хунтайжийн хувиар Монгол Улсад айлчлах үеэр Монгол Хаадын эртний өлгий нутаг болох Хархоринд зочилсон болон Монгол Улсын филармонийн уран бүтээлчидтэй хамтран К.Сен Саны Хун аялгууг хийл хөгжмөөр тоглож байсан тухай дурсамжаасаа хуваалцан Монгол Улсад хөгжил цэцэглэлтийг ерөөв. Бараалхалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарыг хүндэтгэн Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хаалтын арга хэмжээ болгон Токио хотноо зохион байгуулж буй Монгол Улсын филармонийн дэргэдэх Морин хуур чуулгын тоглолтыг хамтдаа үзэж сонирхов. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын Засгийн газар 2022 оныг Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жилээр зарлан жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, соёл, урлагийн 100 гаруй арга хэмжээг хамтран зохион байгууллаа. Японы NHK телевизийн их танхимд Морин хуур чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаагаа тоглолт хийж, Японы олон нийтэд морин хуурын гайхамшигт эгшиг аялгууг сонордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитогийн хамт NHK Hall-д морин хуур чуулгын тоглолт үзэв

2022.11.30. Японы Улс. Токио хот. Монгол Улс-Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтооосны түүхт 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Япон Улсын NHК Hall концертын танхимд болж өндөрлөлөө. Соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2022.11.30-ны өдрөөс 2022.12.20-ны өдрүүдэд зохион байгуулагдах Улсын Филармонийн Морин хуурын чуулгын аялан тоглолтын анхны тайз болох NHK Hall нь Япон Улсын нэр хүндтэй томоохон танхимуудын нэг юм. Энэ нь NHK Hall-д Монгол Улсаас бүрэн хэмжээний тоглолтоо сонирхуулж байгаа Монголын анхны найрал хөгжим болж байна. Морин хуурын чуулга нь 1997 оноос хойш Япон Улсад 33 удаагийн айлчлан тоглолтыг зохион байгуулж нийт 200 гаруй тоглолт, арга хэмжээнд уригдан оролцсон байна. Монгол Улс, Япон Улсын найрамдалт харилцаа, соёл урлагт үзүүлж байгаа хувь нэмрийг үнэлж 2018 онд Япон Улсын Гадаад Хэргийн сайдын өргөмжлөл хүртээж, 2022 онд Монгол Улсын Соёлын элчээр томилсон. 2021 оны долдугаар сард болж өнгөрсөн хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр 2022 оныг Монгол, Японы хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил болгон зарлаж, улмаар 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд бүтэн жилийн турш улс төр, эдийн засаг, соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулсан юм.

Японы Гадаад хэргийн сайд бараалхав

2022.05.02. Монгол улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл гэдгийг тэмдэглэв. Мөн энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг талууд Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жилээр зарлан, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ойн хүрээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог Монгол Улсад айлчлахыг урив. Түүнчлэн цар тахлыг хүндрэл багатай даван туулахад тусламж, дэмжлэг үзүүлсэн Япон Улсын Засгийн газар, ард иргэдэд талархал илэрхийлэв. Цаашид уул уурхай, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол гээд бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэй гэж үздэгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөгийг тэмдэглээд, цаашид бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Тэрбум мод санаачилгыг дэмжихээ илэрхийлж, энэ хүрээнд хамтран ажиллах хэлбэрээ судалж байгааг хэлэв. Дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бүрэн ашиглах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. Уулзалтын үеэр хувийн хэвшил болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, түүний дотор хүүхэд, залуучуудын солилцоог нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав

2023.09.21. АНУ. Нью-Йорк хот.АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмиотой айлын талын хүсэлтээр хоёр талын уулзалт хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улсын Стратегийн түншлэлийг шат ахиулж, Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирсныг сайшаан тэмдэглэв. Тэрбээр уг түншлэлийн ирэх арван жилийн замын зураглал болох үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад Монгол, Японы төр, Засгийн газар нягт хамтран ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд бодит илрэлээ олж, гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Монгол Улс тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцолж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх хамтын ажиллагааг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэв. Талууд харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын нөхцөл байдал зэргийн талаар ярилцан, Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай үзэл санааны хүрээнд бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хувь нэмрээ оруулж, дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх нэгэн санаа зорилгын дор хамтдаа хүчин зүтгэхийн төлөө буйгаа нотлов. Уулзалтын дараа Японы Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдийн зоог барилаа. Тэд 2021 онд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Глазгоу хотод, 2022 онд Токио хотноо уулзаж байсан юм.

Японы элчин сайдыг хүлээн авч уулзав

2023.11.20. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд Стратегийн түншлэлийг шат ахиулж, Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирсныг тэмдэглэв. Элчин сайд Монгол Улсад ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа харилцааг шат ахиулахад онцгой хувь нэмэр оруулсныг онцлов. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон ахиц дэвшил гарсныг Элчин сайд Кобаяши Хироюки тэмдэглэж, цаашид харилцааг бүх салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ зориулахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь үнэлж Элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа. Элчин сайд Кобаяши Хироюки өнгөрсөн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж байсан Монгол Улсын төр, засаг болон ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Японы Эзэн хаан болон Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүллээ

2022.07.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Япон Улсын Засгийн газар болон Японы ард түмнийг төлөөлөн Эрхэмсэг ноён Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ баярын мэндчилгээ дэвшүүлье. Япон, Монгол хоёр улс нь эрх чөлөө, ардчилсан ёс, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Стратегийн түнш билээ. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн тэмдэглэлт ой тохиож байгаа бөгөөд хоёр оронд олон тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Эрхэмсэг ноён Тантай 50 жилийн ойн жил биечлэн уулзаж, хоёр орны ирээдүйн талаар илэн далангүй санал бодлоо солилцох хүсэлтэй байна. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн тулд Эрхэмсэг ноён Тантай гар нийлүүлэн хамтран ажиллахыг хүсэж байна. Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, ажлын амжилтыг мөн Монгол орон улам бүр цэцэглэн хөгжихийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе гэжээ.

Кишида Фүмио мэндчилгээ ирүүлэв

2023.07.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүлэв. Япон Улсын төр, засаг болон ард түмний нэрийн өмнөөс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэлийн түвшинд шат ахиулж, ирэх 50 жилийн хамтын ажиллагааны замын зураглалыг тодорхойлсондоо баяртай байна. Цаашид ардчилалын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байна гэжээ.

2024.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот.Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүллээ. Мөн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээнд Япон Улс, Монгол Улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан энэ жил ард түмэн, тэр дундаа хойч үеийг авч явах залуучууд хоорондын солилцоо идэвхтэй өрнөж байгаад туйлын баяртай байна. Хоёр орны харилцааг Энх тайван хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл болгон шат ахиулах үеэр Эрхэмсэг ноён Тантай бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь бол хүн гэдэгт санал нэгдэж, дахин нотолсон билээ. Энэ хүрээнд иргэд хоорондын солилцоо улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Танд болон монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе гэжээ. 

Сангийн сайд Б.Жавхлан Токио хотноо ажиллаж байна

2023.02.13. Япон улс. Токио хот. Олон Улсын Валютын Сан болон Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас хамтран зохион байгуулж байгаа ХӨГЖИЖ БУЙ АЗИЙН ОРНУУДЫН ЦАР ТАХЛЫН ДАРААХ ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ, ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БОДЛОГО сэдэвт бага хурал болж байна. Тус бага хуралд Сангийн сайд Б.Жавхлан Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааны талаар болон төсвийн бодлогын талаарх мэдээллийг бага хуралд оролцсон төлөөлөгчдөд өглөө. ОУВС-ын ази, номхон далайн газрын захирал Кришна Сринивасан болон ОУВС-ийн дэд захирал Окамүра Кэнжи нартай тус тус уулзан Олон Улсын Валютын Сангийн тайлан, эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Мөн 2023.02.13-ны өдөр Сангийн сайд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танакатай уулзалт хийж, одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон. Түүнчлэн Монгол Японы энх тайван, хөгжилд цэцэглэлийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны дунд хугацааны /2022-2031 он/ хөтөлбөрийн талаар санал солилцсон юм гэжээ. 

Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио Монгол Улсад айлчилна

2024.08.08. Монгол Улс. Улаанбаатар хот.Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида 2024.08.11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида айлчлалын үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт бараалхана. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Япон Улстай Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, уг түншлэлийн Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход айлчлалын зорилго оршиж байна. Япон Улсын Ерөнхий сайдын түвшинд 2016 оноос хойш 8 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь Монгол Улсын цаашдын хөгжлийн бодлого, зорилтын хүрээнд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай хүн төвтэй харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно. Монгол Улс, Япон Улс нь 2022 оноос Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна гэжээ. 

Айлчлал хойшлогдсонтой холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар утсаар ярилцав

2024.08.24.  Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай Японы талын хүсэлтийн дагуу 2024.08.13-ны өдөр утсаар ярилцав. Ярианы эхэнд Ерөнхий сайд Ф.Кишида-гийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар 2024.08.11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөгдөж байсан хэдий ч тус улсын Миязаки мужид 2025.08.08-ны өдөр болсон газар хөдлөлтийн улмаас учирч болзошгүй эрсдлийг бууруулах, гамшгийн эсрэг авах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах шаардлагын улмаас энэ удаагийн айлчлалыг цуцлаад буй нөхцөл байдлын талаар тайлбарлалаа. Тэрээр уг айлчлалын бэлтгэлийг хангаж ажилласанд Монголын талд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол Улсад энэ удаа албан ёсны айлчлал хийх боломжгүй болсонд харамсаж буйгаа илэрхийлэхийн сацуу цаашид нөхцөл байдлыг харгалзан айлчлалыг хэрэгжүүлэхийн төлөө буй гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улс дахь газар хөдлөлт, байгалийн гамшгаас үүдсэн дотоодын нөхцөл байдалтай холбоотойгоор Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн  манай улсад хийхээр төлөвлөж байсан албан ёсны айлчлал энэ удаа цуцлагдах болсон тухай нөхцөл байдлыг маш сайн ойлгон, хүлээн авч буй гээд энэхүү цаг үед Монгол Улсын Засгийн газар, Монголын ард иргэд бидний нийтлэг үнэт зүйлс бүхий чухал гуравдагч хөрш, Тусгай стратегийн түнш Япон Улс, Японы ард иргэд, анд нөхөдтэйгөө сэтгэл зүрхээрээ хамт байгааг онцлов. Талууд хүний эрх, эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэж, улс төрийн итгэмжилсэн байдлыг батжуулах, бүхий л түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалыг улам бүр эрчимжүүлэх, эдийн засгийн харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын талбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов. Монгол Улс, Япон Улсын хооронд Соёлын харилцааны 50 жилийн ой тохиож буй 2024 онд манай хоёр улсын хүн төвтэй харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж буйг сайшаан тэмдэглэж, харилцаанд залуу үеийн төлөөллийг түлхүү хамруулж, ард иргэдийн солилцоо, найрамдал нөхөрлөлийг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар уулзав

2024.09.24. AНУ. НҮБ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулагдаж буй Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтaд оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидаг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг сайшаав. Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулан хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийллээ. Тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, хоёр талын болон олон талт яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, давтамжийг нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын тавцанд нэгдмэл зорилгын хүрээнд улам бүр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотлов.

Хариулт үлдээнэ үү