11 сар 15, 2024

Монгол, Азербайжаны харилцаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо

2024.11.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар 2024 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд тус улсын Баку хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ манай улс хамтран зохион байгуулах уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт зарим улсын төрийн тэргүүний хамт оролцоно. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 160 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцоно гэжээ.

Монгол Улсын Eрөнхийлөгч Азербайжан улсад хүрэлцэн очив

2024.11.10. Азербайжан Улс. Баку хот. Монгол Улсын Eрөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Азербайжан улсад ням гаригт хүрэлцэн очив. Тэрбээр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хуралд оролцохоор тус улсыг зорьсон юм. Түүнийг албаны хүмүүс угтан авсан нь Азeртакийн дуранд ийнхүү буужээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзлаа

2024.11.11. Азербайжан Улс. Баку хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Азербайжан Улсын нийслэл Баку хотноо өнөөдөр эхэлж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурлын үеэр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтын эхэнд Нэгдсэн үндэстний байгууллагын томоохон арга хэмжээг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, амжилт хүсэв Уулзалтын үеэр Төрийн тэргүүн нар Монгол, Азербайжаны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төрийн салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, цаашид харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Энэ хүрээнд хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний айлчлалыг ойрын хугацаанд хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс суурийг бэхжүүлэхээр санал нэгдэв. Түүнчлэн Монгол, Азербайжаны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тухайлбал, хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсролын салбарт бодит үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар ярилцав. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхийн нийтэд тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахад хоёр улсын хамтын хувь нэмрийг оруулах талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна

2024.11.12. Азербайжан Улс.Баку хот. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг дээд түвшний уулзалтад оролцохоор Баку цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар угтав. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал (COP29)-ын үеэр болж буй дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл явцыг урагшлуулах, талуудын эв нэгдлийг бэхжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилгоор хүлээсэн үүрэг амлалтын биелэлтийг түргэтгэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицоход чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, санхүүжилт босгох, түүний дотор хөгжиж буй орнуудын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангах санхүүжилтын хамтын шинэ зорилтыг тодорхойлохыг зорьж байна. СОР29 бага хурлыг даргалагч Бүгд Найрамдах Азербайжан Улс 2025 он гэхэд дасан зохицох санхүүжилтыг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэх талаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргахыг хөгжингүй орнуудад уриалж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах, тэсвэртэй байдлыг бий болгох, тогтвортой туршлагыг дэмжих, нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжих бодлого, санаачилгыг хэрэгжүүлэх зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанд үг хэлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ

2024.11.13. Азербайжан Улс. Баку хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Илхам Алиев, Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлж, дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Байгалийн хүчин зүйл, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж, дэлхий дахины тогтвортой хөгжил, хүн төрөлхтний амьдралд сөргөөр нөлөөлж буй энэ цаг үед Та бид улс төрийн манлайлал, хамтын хүчин чармайлт, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх боломж улам бүр буурсаар байгааг НҮБ-аас анхааруулсаар байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Амжилтгүй манлайлал, биелүүлээгүй үүрэг амлалт, асар их алдагдсан боломжоос шалтгаалж ам, ажлын зөрүүний ангал хавцал үүслээ” хэмээн хэлснийг бид онцгой анхаарах ёстой. Тиймээс өнөөдөр хүн төрөлхтөн эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгүүдийг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна. Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.

Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг Бид хэзээ ч мартаж болохгүй. Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас тэдгээр улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай бүрэн биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байна. Тиймээс энэ удаагийн 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид, улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж Уур амьсгалын санхүүжилтийн нэгдмэл хамтын шинэ зорилгыг дэмжин баталж, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын хувьд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа бүрэн амжилттай хэрэгжүүлэхэд ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай байна. Энэ хүрээнд манай улс сэргээгдэх эрчим хүч, ногоон хөдөө аж ахуй, ойн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлийг хийж байна. Тухайлбал, манай улс Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, Өнө мөнхийн Монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлээд байна. Эрхэм хурлын дарга аа, НҮБ-ийн эмэгтэйчүүдийн байгууллагын судалгаагаар хэрэв дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтдоо хүрч чадахгүй тохиолдолд 2050 он хүртэл 160 сая орчим охид, эмэгтэйчүүд шинээр ядууралд өртөж, 240 сая орчим охид, эмэгтэйчүүдийн хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.

Тиймээс Монгол Улс өнгөрсөн 8 дугаар сард НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ыг гарган уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх уриалгыг дэлхийн улс орнуудад дэвшүүлээд байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт нь уламжлалт бэлчээрийн аж ахуйд түшиглэсэн улс орнуудад хүчтэй сөргөөр нөлөөлж байгаа энэ цаг үед Монгол Улс Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл байгуулах санаачилгыг дэвшүүлж байна. Энэхүү санаачилгыг дэлхийн улс орнууд дэмжсэнээр уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзэж байна.

Түүнчлэн энэхүү санаачилга нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан “2025 оныг Хоршооллын олон улсын жил болгон тэмдэглэх тухай”, “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлийг хангахад чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Мөн Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулан, бүхий л боломжоо дайчлан ажиллана гэдгээ үүгээр дахин нотолж байна. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа” гэжээ.

Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүхийн Азeрбeйжан дахь айлчлалыг Азeртак дамжуулсан байна

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд Уулсын хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах нь сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт зохион байгууллаа

2024.11.13. Азeрбeйжан улс. Баку хот. Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд уулын зорилго, хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын асуудлыг зохицуулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Өндөр түвшний хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Рам Чандра Поудэл, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Жейхун Баярамов нарын төлөөлөгчид оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр өндөр уулын экосистемийг хамгаалах, энэ бүс нутагт дасан зохицох арга хэмжээ авч хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх яриа хэлэлцээ, шийдвэр гаргах үйл явцад уулархаг бүс нутгийн улс орнуудын эрх ашгийг хамгаалах, тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх гарц, боломжийг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ:

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Садыр Жапаров, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Рам Чандра Поудэл, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо, Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтран зохион байгуулж буй энэхүү өндөр түвшний хэлэлцүүлэгт бидний урилгыг хүлээн авч, оролцож байгаа Та бүхэнд талархал илэрхийлье. Байгалийн үзэсгэлэнт тогтоц, биологийн олон янз байдал, уур амьсгалын таатай нөхцөлд чухал үүрэгтэй уулсын экосистемийн асуудлыг “Уулын түншлэл”-ийн оролцогч талууд чухалчлан үзэж, анхаарч ирснийг Монгол Улс талархан дэмжиж ирсэн билээ. Хималай, Альп, Андын нуруу, Рокки, Кавказ, Тэнгэр, Алтай зэрэг өндөр уулс, нурууд нь дэлхий олон улс орны өргөн уудам нутаг, орон зайг дамнан оршиж, ховор амьтан, ургамлын өлгий нутаг, олон мянган гол мөрний эх ундарга болж, хүн төрөлхтөн бидний тав тухтай аж төрж, амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг. Дэлхийн нийт газар нутгийн дөрөвний нэг болох уулархаг бүс нутгийн экосистем нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдэл, ойн хомсдол, газрын доройтол, байгалийн гамшигт өртөж, мөнх цас, мөсөн гол, цэвдэг хурдтайгаар багасаж байна. Үүнээс шалтгаалан өндөр уулсын амьтан, ургамлын амьдрах, ургах орчин өөрчлөгдөж, тархац нутаг хумигдаж, төрөл зүйлүүд нүүдэллэх, шилжих, эсхүл мөхөх аюулд орж байна. Түүнчлэн үер ус, цас, хөрсний нуранги зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэж, орон нутгийн оршин суугчдад аюул учруулж байна. Цаашлаад усны нөөц хомсдсоноос хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, өндөр уулын бүс нутгууд дахь байгалийн үзэсгэлэнт газруудын талбай хумигдан аялал жуулчлалын салбарт ч сөргөөр нөлөөлж байгааг олон улсын судалгаа харуулж байна.

Дэлхийн нийт хүн амын 10 гаруй хувь нь уулсын байгалийн нөөцөөс хамааралтай амьдардаг бөгөөд өндөр уулсын экосистемийг хамгаалахад хүчин чармайлт гаргахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалах зорилгоор энэхүү өндөр түвшний хэлэлцүүлгийг Киргиз Улсын санаачилгыг дэмжин манай улс хамтран зохион байгуулж байгаа юм. Уулархаг бүс нутгийн улс орнууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Тогтвортой уулын хөгжил”, “Уулархаг бүс нутгийн хөгжлийн 5 жилийн хөтөлбөр батлах тухай”, “2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолуудыг батлуулж, “Уулын түншлэлийн бүлэг”-ийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тогтвортой хөгжлийн 6 болон 15 дугаар зорилгыг ханган хэрэгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байна. Мөн уулархаг бүс нутгийн улс орнуудын дуу хоолой, онцгой хэрэгцээ шаардлагыг олон улсын хамтын нийгэмлэгийн анхааралд хүргэх, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын яриа хэлэлцээнд байр сууриа илэрхийлэхэд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэг болон уулын түншлэлийн бүлэг хоорондын хамтын ажиллагаа нэн чухал байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Монгол Улсын хувьд нийт усны нөөцийн 10.5 хувийг бүрдүүлдэг мөнх цас, мөсөн голууд улам багассаар байна. Манай орны алтайн уулсын мөнх цас, мөсөн голын талбайн хэмжээ сүүлийн 80 гаруй жилд 40 орчим хувиар багассан гэсэн эрдэмтдийн дүгнэлтэд үндэслэн уулсын экосистемийн тэнцвэрт байдлыг хамгаалах чиглэлээр бид онцгой анхааран ажиллаж байна. НҮБ-ын гишүүн орнуудын зүгээс уулархаг бүс нутгийн улс орнуудын тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох, тэсвэртэй байдлыг сайжруулах чиглэлээр дэвшүүлсэн санал, санаачилгуудыг Монгол Улс бүх талаар дэмжин хамтран ажиллаж ирсэн.

Ирэх 12 дугаар сард Ботсвана Улсад зохион байгуулагдах Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлаар 2024-2034 оны үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийг батлах болно. Энэхүү хөтөлбөрийн төсөлд уулархаг бүс нутагт хамаардаг далайд гарцгүй улс орнуудад тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох, тэсвэртэй байдлыг сайжруулах, холбогдох санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал зорилтуудыг тусгасан нь уулархаг бүс нутгийн хөгжлийг дэмжих, экосистемийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хөтөлбөрийн төсөлд уулархаг бүс нутагт хамаардаг далайд гарцгүй улс орнуудад тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох, тэсвэртэй байдлыг сайжруулах, холбогдох санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал зорилтуудыг тусгасан нь уулархаг бүс нутгийн хөгжлийг дэмжих, экосистемийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээр зуу зуун сая хүн оршин амьдарч байгаа өндөр уулсын экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр олон бодит санал санаачилга гаргаж, гарц шийдлийг хамтдаа хэлэлцэн зохих үр дүнд хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа гэлээ.

Үргэлжлэл бий

Хариулт үлдээнэ үү