11 сар 22, 2024

Mонгол, Кaзaкcтаны харилцаа

Казахстанаас Монголд суух Элчин сайд

2022.06.13. Монгол улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Габит Койшибаев 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Энэ онд Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйг уулзалтын үеэр онцолж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоёулаа далайд гарцгүй. Иймээс гадаад худалдааны зах зээлийг төрөлжүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх шинэ гарцыг эрэлхийлэхэд бэлэн байгаагаа Элчин сайд Габит Койшибаев илэрхийлэв.

Казакстаны Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

2022.07.13.Монгол Улс.Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон монголын нийт ард түмэнд Yндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ илгээжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

2023.09.20. АНУ. Нью-Йорк хот. АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023.09.19-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой тус улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх өргөн боломж байгааг харилцан илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүн экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлж, улмаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2023-2025 онд эрчимжүүлэх замын зураглал болон бизнесийн зөвлөлийг ойрын хугацаанд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Цаашид томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, уул уурхайн салбар дахь туршлагаа солилцох, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болон бусад харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөснөө энэ үеэр илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно

2024.07.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024.07.3-4-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно. Манай улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын удирдагчидтай уулзан, харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна гэжээ.

Үзбекистан Улсад зохиогдсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хуралдаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо

2024.07.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024.07.3-4-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор эх орноосоо мордлоо. Манай улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын удирдагчидтай уулзан, харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хүрэлцэн очлоо

2024.07.03. Казахстан. Астана. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор 2024.07.03-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо хүрэлцэн очлоо.  Монгол Улсын Ерөнхийлөгчийг Нурсултан Назарбаев олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, БНКазУ-ын Шадар сайд Г.Т.Койшыбаев нар угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хүрэлцэн очлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев угтаж авлаа

2024.07.04. Казакстан. Астана. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Астана хотын Тусгаар тогтнолын ордонд хүрэлцэн очлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг 2023-2024 онд ШХАБ-ыг даргалж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевтай уулзаж, харилцаа хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Энэ удаагийн өргөтгөсөн хуралдаанд Хятад, Орос, Узбекистан, Киргиз, Азербайжан, Тажикистан, Беларусь, Турк зэрэг 16 орны төр, засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад өндөр албан тушаалтан оролцож байна. ШХАБ нь гишүүн 10 /Казахстан, Киргиз, Орос, Пакистан, Тажикистан, Узбекистан, Хятад, Энэтхэг, Иран, Беларусь/, ажиглагч 2 /Афганистан, Монгол/, яриа хэлэлцээний түнш 13 /Азербайжан, Армени, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив/, нийт 25 улсыг хамардаг юм. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд улсынхаа байр суурийг илэрхийлж, үг хэлэх юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа

2024.07.04. Казакстан. Астана. Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Казакстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, дээд, өндөр түвшинд яриа хэлэлцээ тогтмолжин Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаа идэвхжиж буйг онцлон тэмдэглэв. Хоёр улсын төрийн тэргүүн хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг тэргүүлэх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо. Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга Хоёр тэрбум мод төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох замаар хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй хоёр талын болон олон улсын түвшинд хамтран ажиллахаар тохиролцлоо. Казахстан Улсад шар усны үерийн улмаас эд материалын ихээхэн хэмжээний хохирол учрахад Монголын ард түмэн сэтгэл зүрхээрээ хамт байж, Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд Ерөнхийлөгч Ж.Токаев чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрбээр цаашид дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ

2024.07.04. Казакстан. Астана. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож үг хэллээ. Тэрбээр, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг болон НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоосныг тэмдэглэв. Олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд, ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш орнуудтай хоёр талт болон олон талт форматын хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тасралтгүй хийж ирснийг хэлэв. Цаашид ШХАБ-ын оролцогч нийт улс оронтой худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр ложистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол тохиож байгааг хэлж, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал байгааг онцлов. Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан амжилттай хэрэгжүүлж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байгааг тэмдэглэв. Далайд гарцгүй улс орнуудад тулгарч буй нийтлэг сорилт, бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд ШХАБ-ын оролцогч орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, нэгдмэл байр суурь нэн чухал байгааг онцолж, Улаанбаатарт төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвтэй хамтран ажиллахыг уриаллаа. Монгол Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлогтоо тулгуурлан худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон транзит монгол болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг хэллээ. Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан авто зам, төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төслүүд болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо. Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар, Туркменистан зэрэг улсын төрийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Исламын орнуудын хүнсний аюулгүй байдлын байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евроазийн эдийн засгийн комисс зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцжээ.

Казахстаны Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлжээ

2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлжээ. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай ард иргэдэд Казахстаны иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улс Ази тивийн нэр хүндтэй бөгөөд идэвх санаачилгатай улс болон хөгжиж байна. Улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өсгөх, эдийн засгаа хөгжүүлэхэд чиглэсэн Таны санал, санаачилга, төлөвлөсөн ажлууд амжилттай хэрэгжихийн ерөөл дэвшүүлье гэжээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2024.10.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024.10.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч К.Токаевыг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Б.Койшибаев болон албаны бусад хүн угтаж авлаа. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна. Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа болж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2024.10.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.   Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолж, Ерөнхийлөгч К.Токаев Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ.Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч К.Токаев Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна. Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа болж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ. Мөн ондоо манай улс Алматы хотод, Казахстан Улс 1997 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. Манай улсын Элчин сайдын яам одоо Астана хотноо байрлаж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2024.10.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаев нар гарын үсэг зурлаа.

  • Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тогтсоныг төрийн тэргүүнүүд тунхаглан зарлалаа. Монгол Улс нь Төв Ази дахь чухал түнш Бүгд Найрамдах Казахстан Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан хамтын ажиллагаагаа улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн харилцаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан чиглэлүүдэд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.

Мөн: 1. ТЭТГЭВРИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т   

  1. Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд Роман Скляр,
  • Хоёр улс өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоохдоо нөгөө талын нутаг дэвсгэрт ажилласан хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр тогтоох, тэтгэврийг харилцан шилжүүлэх асуудлыг зохицуулсан. Хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, одоогоор тус улсад албан ёсоор хөдөлмөр эрхэлж буй 3 мянга гаруй Монгол Улсын иргэд хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэж, ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах чухал ач холбогдолтой. Хэлэлцээр шинээр байгуулах чиглэлээр 2018 оноос хойш ажиллан, 17 удаа хэлэлцээ хийсний үр дүнд хэлэлцээрийг ийнхүү эцэслэн байгууллаа.
  • МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ХООРОНД ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ ТУХАЙ 2025-2027 ОНУУДЫН ЗАМЫН ЗУРАГЛАЛ”-дМонгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд Роман Скляр,
  • Худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон бусад салбарт 2025-2027 авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгаж, хамтарч ажиллахаар тохиролцлоо.
  • НИСЭХИЙН ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
    Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн сайд Марат Карабаев,
    Эрэн хайх, авран туслах байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр улсын нутаг дэвсгэрт аюулд нэрвэгдсэн иргэдийг богино хугацаанд эрэн хайх, аврах, тусламж үзүүлэх зорилгоор яаралтай мэдээлэл солилцох, өөрийн харьяаллын бүсэд нөгөө талын агаарын болон газрын эрэн хайх, авран туслах байгууллагыг ажиллуулж, иргэдэд түргэн шуурхай тусламж үзүүлэх боломж бүрдлээ.
  • МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
    Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн сайд Марат Карабаев,
    Олон улсын хоёр талын болон дамжин өнгөрөх тээврээр зорчигч болон ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах замаар хоёр улсын хоорондын авто замын харилцааны үр ашгийг нэмэгдүүлэх, хуурай боомтын үйл ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох, олон улсын зорчигч, ачаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, Монгол-Казахстаны чиглэлийн тээвэрлэлтийг хөгжүүлнэ. Энэ нь тээвэрлэлтийн түргэн шуурхай, тогтвортой байдлыг хангах, экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх, бүс нутгийн худалдаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой.

    “МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН 2025-2027 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд
    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Мурат Нуртлеу,
    Монгол, Казахстаны Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх хүрээнд 2025-2027 онд хоёр улсын Гадаад харилцааны яам тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар тусгалаа. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал зохион байгуулах, харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар Гадаад харилцааны яамдын удирдлагын түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах зэргийг харилцан тохиролцлоо.
  • CОЁЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН СОЁЛ, МЭДЭЭЛЛИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
    Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, мэдээллийн сайд Аида Балаева,
    Соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр хамтран зохион байгуулах, соёлын өвийг хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр судалдаа хийж, соёлын солилцоог нэмэгдүүлнэ. Түүх, өв соёл, нүүдэлчин уламжлалт зан заншлын гүнзгий хэлхээ холбоотой улсуудын хувьд соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол, казахын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, монгол, казах судлалыг хөгжүүлэх, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдлээ.

    “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
    Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев,
    Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээ хамтран зохион байгуулах, улс орноо харилцан сурталчлан таниулах, улмаар нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлнэ. Аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтэц, байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
  • XӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ БОЛОН МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
    Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн сайд Айдарбек Сапаров,
    Арьс шир, ноосны боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, талуудын инженер, техникийн ажилтан, төрийн болон аж ахуйн нэгжүүдийн холбогдох мэргэжилтнүүдийг бэлтгэх болон арьс шир, ноос гүн боловсруулахад хөрөнгө оруулалт татах, технологи нутагшуулах, нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтарч ажиллана. Малын арьс шир, ноос боловсруулах хяналтын тогтолцоо, стандарт, лабораторийн байгууламжийг хөгжүүлэх, боловсронгуй болгоход харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо. Цаашид хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой юм.
    Мал эмнэлэг, хорио цээрийн асуудал хариуцсан байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн мэдээллийн систем үүсгэх, хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлгийн гэрчилгээний тоог нэмэгдүүлж, энэ салбарт мэдээлэл солилцохоор тохиролцлоо. Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээгээр мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн шаардлагыг харилцан тохиролцох замаар мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаанд дэмжлэг үзүүлэх боломж бүрдлээ.
  • МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, САНСРЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
    Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Цэндийн Баатархүү, Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрлэлийн сайд Жаслан Мадиев,
    Үндэсний хэмжээнд тулгамдсан асуудлуудыг мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх чиглэлээр туршлага хуваалцана. Энэ салбарын жижиг, дунд үйлдвэрлэл, инновац, гарааны бизнес эрхлэлтийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамтран ажиллах, хиймэл оюун ухаан дээр түшиглэсэн шийдлийг улсын байгууллагуудад нийлүүлдэг платформыг харилцан туршлага судлахаар тохиролцлоо. Мөн хоёр улс мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж, улс орныхоо хөгжилд шинэ үеийн технологи, шинжлэх ухаан, өндөр технологийг түлхүү ашиглах чиглэлээр хамтран ажиллана.

    “ЦӨМИЙН ЭНЕРГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИСС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”-т
    Монгол Улсын Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Гун-Аажавын Манлайжав, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев нар гарын үсэг зурлаа.
    Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах хүрээнд ураны олборлолт, тусгай зөвшөөрөл, цацрагийн аюулгүй ажиллагаа зэргээр туршлага солилцох, хамтран ажиллах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор хамтарсан онол, практикийн сургалт, семинар, уулзалтыг зохион байгуулах зэргээр хамтарч ажиллана.


Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч нар уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснээ зарлалаа  

2024.10.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрхэм хүндэт Касым Жомарт Токаeв. Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та миний урилгыг хүлээн авч, өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж буйд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн энэхүү түүхэн айлчлал нь 2008 оноос хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй бөгөөд манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататгаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Манай хоёр улс эрт дээр үеэс түүх соёл, өв уламжлалын гүн гүнзгий хэлхээ холбоотой аж төрж ирсэн ахан дүүсийн харилцаатай эсгий туургатан ард түмнүүд билээ. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны энэ удаагийн төрийн айлчлалаар хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг өнөө цагт улам өргөжүүлэн хөгжүүлж, Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэн хөгжүүлэх түүхэн шийдвэрийг бид хамтдаа гаргалаа. Энэ нь манай хоёр орны харилцааны түүхийн нэгэн шинэ үеийг эхлүүлэх онцгой чухал үйл явдал боллоо. Казахстан Улс нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны “Стратегийн түнш” орон болж буйг онцлон тэмдэглэхэд таатай байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Тантай хийсэн албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай болж өнгөрлөө. Бид өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцож, хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүд, замын зураглалаа хамтдаа тодорхойллоо. Айлчлалын үр дүнгээр “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг гаргаж байгаадаа баяртай байна. Энэхүү төрийн айлчлалын хүрээнд Монгол, Казахстаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг чухал салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгууллаа.  Мөн манай хоёр улс харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх өргөн нөөц бололцоондоо тулгуурлан зам, тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохирлоо. Бид манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагаа нэн чухал гэдэгт санал нэгдэж, зам, тээврийн салбарт тулгарч буй саад, бэрхшээлийг шийдвэрлэх, хоёр болон олон талт эрх зүйн механизмын хүрээнд тээвэр, логистикийн шинэ маршрут бий болгох, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэхээр тохирлоо. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглал”-ыг байгууллаа. Мөн хоёр улсын зах зээлд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай бараа бүтээгдэхүүнээ харилцан нийлүүлэхээр тохирч, хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол, Казахстаны бизнесийн зөвлөлийн анхдугаар хурал амжилттай болж, хоёр орны аж ахуйн нэгжийн олон төлөөлөл оролцон, Монгол, Казакстаны бизнесийн зөвлөл байгуулагдсан нь бизнес эрхлэгчдийн хамтран ажиллах хүсэл эрмэлзэл өндөр байгаагийн тод илэрхийлэл гэж үзэж байна. Соёлын харилцаа нь манай хоёр орны иргэдийг холбох чухал гүүр бөгөөд энэ чиглэлд хамтарсан соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол, казахын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх зэрэг чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр санал нэгдлээ. Монгол, Казах судлалыг хөгжүүлэх, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх, шинжлэх ухаан, стратеги судалгааны асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, түүх, археологийн хамтарсан судалгаа хийх, эсгий туургатны болон нүүдлийн соёл иргэншлийг дэлхий нийтэд хамтран таниулахаар тохирлоо. Энэ удаагийн айлчлалаар аялал жуулчлал болон мэдээллийн технологийн  салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулсан нь соёлын өдөрлөг, аялал жуулчлалын арга хэмжээг хамтран зохион байгуулах, хил орчмын болон нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг дэмжихэд чухал түлхэц болно. Цаашид мэдээллийн технологи, цахим хөгжил, харилцаа холбооны салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалахад хамтын хувь нэмэр оруулахаар болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төслийг уялдуулан хэрэгжүүлэхээр боллоо. Казахстан Улс нь Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гишүүн орны хувьд тус байгууллагын үйл ажиллагааг тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлье. Энэхүү олон улсын судалгааны төвийн хүрээнд талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого боловсруулах, байр сууриа нэгтгэх, харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдлээ. Тантай Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан Стратегийн түншлэлийн өндөр түвшинд хүргэж, манай хоёр орны харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйдаа сэтгэл хангалуун байна. Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө бодит ажил хэрэг болж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Казахстаны ахан дүүсийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай. Өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай зочлохыг урьж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Eрөнхийлөгч К.Токаeв: Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо, Юуны түрүүнд Улаанбаатар хотод төрийн айлчлалаар хүрэлцэн ирэхийг урьсан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Халуун дотно сэтгэлээр угтаж буй Монголын нийт ард иргэдэд талархал илэрхийлье. Миний бие энэ удаагийн айлчлалд онцгой ач холбогдол өгч байна. Монгол Улс бол бүс нутаг дахь бидний чухал хөрш орон билээ. Бид нэг нэгнийхээ сайн сайхны төлөө байдаг, нийтлэг түүх, оюун санааны болон соёлын үнэт зүйлстэй. Өнөөдрийн уулзалт маань казахын түүхэнд онцгой орон зай эзэлдэг Зүчийн Улсын 800 жилийн ойтой давхцаж байна. Энэ нь манай хоёр орны хувьд бэлгэдлийн ач холбогдолтой билээ. Сүүлийн жилүүдэд Казах, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж байна. Бат бөх эвийг түшиглэсэн хамтын ажиллагаа маань “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. Энэ баримт бичиг хоёр орны нөхөрлөлийг улам бэхжүүлж, олон салбарт харилцан үр ашигтай харилцаа, холбоог хөгжүүлэхэд түлхэц болно. Түүнчлэн худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцлоо. Айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хэлэлцээ маш амжилттай болж өнгөрлөө. Эдийн засгийн харилцааг сэргээхээр тохиролцлоо. Казахстан, Монгол Улс нь Ази дахь томоохон орнуудын ангилалд багтдаг. Тийм учраас худалдааны эргэлт нь өргөн хүрээг хамрах учиртай. Өнгөрсөн жилүүдэд худалдааны хэмжээ 150 сая ам.долларт дөхсөн. Энэ үзүүлэлтийг ойрын хугацаанд  500 сая ам.доллар болгохоор ярилцлаа. Үүний тулд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаанд учирч буй саад, бэрхшээлийг арилгах зэрэг чиглэлээр хоёр орны Засгийн газар бодитой арга хэмжээ авч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр Худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх тухай замын зураглалд гарын үсэг зурлаа. Энэ баримт бичиг хоёр талт хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, тээвэр логистик болон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцээ хийлээ. Казахстанд малын өвчний эсрэг вакцин гаргаж авах боломж бий. Цаашид Монгол Улсад вакцины үйлдвэр байгуулахаар тохирлоо. Түүнчлэн шинэ технологи, ашигт малтмалын баялгийг хамтран ашиглах, хөрөнгө оруулах талаар ярилцлаа. Миний бие Казахстаны цахим Засгийн газар, кибер аюулгүй байдал болон сансар судлалын салбар дахь ололт, амжилтуудын талаар дурдлаа. Манай хоёр орон байгалийн баялаг ихтэй. Төмөр, фосфат, боксит болон ховор эрдсийн уурхайн хайгуул, ашиглалтын чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтой. Казахстаны бизнес эрхлэгчид уул уурхайн салбарт хамтрахад бэлэн байна. Хэлэлцээний үеэр тээвэр логистикийн талаар санал солилцлоо. Олон улсын коридоруудын өрсөлдөөний чадавхыг нэмэгдүүлэх нь чухал байна. Улс хоорондын болон бусад оронтой тээврийн харилцааг хөгжүүлснээр манай хоёр орны газар нутгаар дамжин тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэнэ. Транс-Каспийн чиглэл болон урд, хойд коридорыг ашиглах нь чухал юм. Өчигдөр Улаанбаатар хотод хоёр орны Бизнесийн зөвлөлийн анхны уулзалт болж өнгөрлөө. Энэ үеэр бизнес эрхлэгчид маань худалдааны гэрээ болон бусад олон баримт бичигт гарын үсэг зурлаа. Хоёр улсын Засгийн газар хамтарсан аж ахуйн нэгжүүдэд таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр ажиллах учиртай. Өдгөө Астана, Улаанбаатар хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоосон бөгөөд энэ харилцааг бусад аймгийн хооронд хөгжүүлэх нь зүйтэй юм. Монголын казах иргэд бол бат бөх нөхөрлөлийн алтан гүүр билээ. Энэ ялдамд элэг нэгтнүүдэд маань байнга анхаарал хандуулдаг Монгол Улсын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлье. Бид боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны талаар онцгой анхаарч ярилцлаа. Залуусын харилцаа холбоог нэмэгдүүлэх шинэ санаачилгын талаар ч хэлэлцлээ. Казахстаны их, дээд сургуулиуд монголын залуусыг хүлээж авахад хэзээд бэлэн. Эрдэмтэн, судлаачид, сэхээтнүүдийн төлөөллийг нийтлэг түүхээ хамтран судлахыг уриалж байна. Эдгээр чухал алхмууд хоёр орны хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ, Казахстан, Монгол Улс нь олон улсын болон бүс нутгийн түвшинд нягт харилцаа тогтоосон. Олон чухал зүйл дээр ижил байр суурьтай байдаг. Хамтын ажиллагаа маань дэлхийн болон бүс нутгийн байгууллагуудын хүрээнд хөгжиж байна. Нэн ялангуяа Ази дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарал хандууллаа. Одоогийн геополитикийн нөхцөл байдал эгзэгтэй байдалд байна. Тиймээс НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, зөвлөлдөх нь чухал юм. Бид хоёр талт болон олон талт харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно. Монгол Улсын Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийх эрмэлзлийг дэмждэг. Өнөөдрийн айлчлал манай хоёр орны хамтын ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлэх нь тодорхой. Монголын ард иргэдэд сайн сайхныг хүсэн ерөөе. Бидний нөхөрлөл үүрд мөнх байх болтугай. Та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн айлчлал манай хоёр орны хамтын ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлэх нь тодорхой. Монголын ард иргэдэд сайн сайхныг хүсэн ерөөе. Бидний нөхөрлөл үүрд мөнх байх болтугай. Та бүхэнд баярлалаа.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАЛАА

2024.10.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийлээ. Хоёр улсын төрийн тэргүүн (цаашид “Талууд” гэх) 1992 оны “Дипломат харилцаа тогтоох тухай Протокол” болон 1993 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-гээр бэхэжсэн Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 1998, 2007, 2008 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хамтарсан мэдэгдэл”-ийн зарчимд тулгуурлан тууштай хөгжиж ирснийг өндрөөр үнэлэв. Талууд Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт өргөжин хөгжиж, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж буйг сайшаан тэмдэглэв. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын уламжлалт найрсаг харилцааг НҮБ-ын Дүрмийн дагуу, хоёр талын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй Төв Азийн бүс нутаг, олон улсад энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт Талууд санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тогтов. Талууд “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан 1. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах; 2. Худалдаа, эдийн засаг; 3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи; 4. Тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн харилцаа; 5. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван  тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтов. 

Нэг. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах:

Хоёр улсын төрийн тэргүүн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулж, хоёр орны төр, засгийн тэргүүн нарын ойр дотно харилцааг гүнзгийрүүлэн, улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэхээр болов. Мөн хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хүчний болон хууль сахиулах байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэн бүс нутгийн хэмжээнд итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцлов.

  • Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, улс төрийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хууль тогтоох байгууллага, Парламент дахь найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаар тохиров.
  • Хоёр улсын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалтын механизм бий болгох, цэргийн атташег харилцан томилох, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • Олон улсын терроризм, шашны хэт даврах үзэл, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт болон түүнтэй адил бодис, зэвсгийн хууль бус наймаа, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, цөмийн материалын хууль бус наймаа, хууль бус шилжилт хөдөлгөөний эсрэг тэмцэлд хоёр талын түвшинд нягт харилцан ажиллахад бэлэн байгаагаа нотлов. Энэ хүрээнд Талууд хоёр улсын прокурор, шүүх, хууль сахиулах, хил хамгаалах байгууллагууд болон тусгай албадын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болов.
  • Цөмийн зэвсэг хураах, түүнийг үл дэлгэрүүлэх асуудлаар хоёр улс идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг харгалзан цөмийн зэвсэггүй бүсийн асуудлаарх харилцаа, хамтын ажиллагааны хүчин чармайлтаа эрчимжүүлэхээр тогтов.
  • Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн комисс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монгол, Казахстаны Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн Зөвлөлдөх уулзалт, Консулын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, 2025-2027 онд бүхий л салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам хооронд хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох механизмыг идэвхжүүлэхээр тохиров.
  • Монгол, Казахстаны орон нутаг хоорондын солилцоо, ах дүү хотуудын найрсаг харилцаа болон хоёр орны залуучууд хоорондын солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болов.

Хоёр. Худалдаа, эдийн засаг:

Талууд орчин үеийн техник технологи, хоёр улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Монголын байгалийн арвин нөөц зэрэг Монгол, Казахстаны давуу тал, хөгжлийн нөөц бололцоог ашиглан харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтов. Талууд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгагдсан зорилтуудын хүрээнд хамтран ажиллахаар болов.

  • Монгол, Казахстаны Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг тогтмол зохион байгуулах, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх яриа хэлэлцээг бэхжүүлэх, шаардлагатай тохиолдолд тодорхой салбарын хоёр талын ажлын хэсгийг байгуулж ажиллахаар тогтов.
  • Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр талын хууль, эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхээр тохиров. Талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглал” байгуулсныг өндрөөр үнэлэв. Хоёр улсын хооронд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” байгуулах явцыг эрчимжүүлэхээр болов.
  • Монгол, Казахстаны худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсаас ноос, ноолуур, арьс шир зэрэг бүтээгдэхүүн казахстаны зах зээлд нийлүүлэх, Казахстан Улсаас монголын зах зээлд импортлох жимс, жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • Хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын арвин нөөц бололцоонд тулгуурлан мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр болон жижиг дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтов.
  • Монгол Улсын өргөн уудам тал нутаг, бэлчээрийн аж ахуйг үр ашигтай ашиглан хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд Талууд идэвхтэй хамтран ажиллахаар болов.
  • Экспорт, импортын үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор хоёр улсын мал эмнэлэг, хорио цээрийн асуудал эрхэлсэн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн мэдээллийн системийг үүсгэх, хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлгийн гэрчилгээний тоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • “Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага” (WOAH)-ын олон улсын стандартын дагуу мал амьтны эрүүл мэнд, түүний дотор вакцинжуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тогтов.
  • Хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Мал эмнэлгийн Ерөнхий газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн хяналт, шалгалтын Хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Олон улсын худалдааны танхимын дэргэд Бизнес зөвлөл байгуулсныг Талууд сайшаан тэмдэглэв. Цаашид аж ахуйн нэгжийн төлөөлөл, баялаг бүтээгчдийн харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр улсад зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд оролцох, хоёр талын бизнес форумыг тогтмол, үр дүнтэй зохион байгуулахын чухлыг онцлов.

Гурав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи: 

Хоёр улсын төрийн тэргүүн орчин цагийн мэдээлэл технологийн эрин үетэй хөл нийлүүлэн боловсрол, шинжлэх ухаан, цахим технологи, харилцаа холбоо зэрэг ирээдүй рүү чиглэсэн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол, Казахстаны соёлын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, улмаар нүүдэлчин соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдэв.

  • Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрын тэтгэлгээр Монголын оюутан залуусыг тус улсын их, дээд сургуулиудад суралцуулж буйг монголын тал өндрөөр үнэлэв.
  • Ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахын төлөө дээд боловсролын чадавхыг бэхжүүлж, бусад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг боловсрол, хүний нөөцийн хөгжлийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов.
  • Монгол, казах судлалыг хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиров. Мөн Казахстан Улс дахь монгол хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэх, монгол хэлний мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • Талууд монгол, казах хэлний багш нарыг харилцан сургах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлэв.
  • Шинжлэх ухаан, стратеги судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, энэ хүрээнд шилдэг туршлагыг харилцан солилцох, хамтарсан судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, түүх археологийн судалгаануудыг харилцан дэмжих, эсгий туургатны болон нүүдлийн соёл уламжлалыг дэлхий нийтэд таниулах чиглэлээр хамтран ажиллахаар болов.
  • Монгол Улс Түрэг судлалын академитай шинжлэх ухааны байгууллагын түвшинд хэлхээ холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхлоо илэрхийлэв. Талууд түүхийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.
  • Мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, цахим хөгжил, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагаа өргөжиж буйг Талууд сайшааж, энэ чиглэлд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цахим дэд бүтцийн хөгжил, цахим засаглал, эдгээр салбарын хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих, мэдээллийн дэд бүтцийн үйл ажиллагааг оновчтой болгох, дэвшилтэт техник, технологи ашиглах чиглэлээр туршлага солилцох зэрэгт хамтран ажиллахаар тохиров.
  • Мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монгол, Казахстан Улс нь эрт үеэс түүх, өв соёл, нүүдэлчин уламжлалт зан заншлын гүнзгий хэлхээ холбоотой явж ирснийг Талууд онцолж, энэ чиглэлд хамтарсан соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол, казахын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт, дурсгалыг судлан тогтоох, монгол, казах судлалыг хөгжүүлэх, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэв.
  • Соёлын салбарын хамтын ажиллагааг тэлэх хүрээнд соёл, урлагийн асуудал эрхэлсэн яам, холбогдох байгууллага хоорондын харилцааг хөгжүүлэх, хамтарсан Ажлын хэсэг байгуулах, хүүхэд, залуучуудын солилцооны хөтөлбөр, биеийн тамир, спорт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжихээр болов.
  • Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, мэдээллийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Хоёр орны эрдэмтэн судлаачид Монгол Улсын Булган, Архангай, Хэнтий зэрэг аймагт археологийн малтлага судалгааны ажил гүйцэтгэж, Төв Азийн нүүдэлчдийн аж ахуй, шашин, соёлыг тодотгон харуулах үнэ цэнэтэй олон дурсгалыг нээж илрүүлснийг Талууд сайшаав. Цаашид тус судалгааны ажлыг тодорхой сэдвийн хүрээнд урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхээр тохиров.

Дөрөв. Тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн солилцоо: 

Талууд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх хүрээнд агаарын тээврийн харилцааг эрчимжүүлэх, Улаанбаатар-Астана чиглэлийн шууд нислэг үйлдэх, тээвэр, логистикийн шинэ маршрутыг шат дараатайгаар бий болгох, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, хоёр орны ард түмний хэлхээ холбоог бататган бэхжүүлэхийн чухлыг онцлов.

  • Монгол, Казахстаны зам тээврийн харилцаа, түүний дотор агаарын болон авто тээврийн шууд харилцаа өргөжин тэлж, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг Талууд өндрөөр үнэлэв.
  • Хоёр улсын төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн салбарт тулгамдаж буй асуудал, саад бэрхшээлийг бүс нутгийн улс орнуудтай яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх гарц, боломжийг үргэлжлүүлэн эрэлхийлж ажиллахаар тохиролцов.
  • Монгол Улсын Зам тээврийн яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Талууд бүс нутгийн хүрээнд хэлхээ холбоогоо бэхжүүлэх, түүний дотор “Транс-Каспийн олон улсын тээврийн маршрут”-ын (Дунд Коридор) хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар санал нэгдэв.
  • Цаашид хоёр улс хоорондын шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, тогтмолжуулах зорилгоор Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэх боломжийг эрэлхийлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.
  • Хоёр орны хамтын ажиллагаанд аялал жуулчлалын салбар чухал байр суурь эзэлдгийг Талууд тэмдэглээд аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээг хамтран зохион байгуулах, улс орноо харилцан сурталчлан таниулах, улмаар нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болов.
  • Аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтэц, байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Талууд санал нэгдэв.
  • Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Аялал жуулчлал, спортын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.

Тав. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа 

Хоёр улсын төрийн тэргүүн бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тогтов.

  • Монгол, Казахстан Улс НҮБ, Олон улсын атомын энергийн агентлаг болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, олон улсын байгууллагын сонгуулиудад мөн бие биеэ харилцан дэмжиж ирснийг сайшаав.
  • Хоёр улс олон улс болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар ижил төстэй байр суурьтай байгаагаа тэмдэглэж, цаашид НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, ШХАБ зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд бие биеийн санаачилгыг үргэлжлүүлэн харилцан дэмжихээ илэрхийлэв.
  • Хоёр улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах хүрээнд 2026 онд Монгол Улсад зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болон Казахстан Улсад НҮБ-ын ивээл дор болох Уур амьсгалын асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад тус тус дээд, өндөр түвшинд оролцохоо илэрхийлэв.
  • Хоёр улс нүүрсхүчлийн хийг саармагжуулах буюу тэглэх гэсэн нийтлэг зорилтыг төрөл бүрийн арга замаар хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгдэв. Улмаар эрчим хүчний салбар дахь хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны төслүүд, хоёр улс хоорондын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарч буйг Талууд сайшаав.
  • Монгол Улсын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг Казахстан Улс дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч тус санаачилгын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотлов. Цаашид бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хоёр улсын хүчин чармайлтын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр Талууд санал нэгдэв.
  • НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг чухалчлан үзэж, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа Талууд илэрхийлэв.
  • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, газрын доройтол, ойжуулалт, нөхөн сэргээлтийн чиглэлд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлэхээр тохиров.
  • Монгол Улсын санаачилга “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т нэгдэж, энэ хүрээнд идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж буйг өндрөөр үнэлэв.
  • Монгол Улс Казахстаны олон талт тусгай байгууллага болох Олон улсын биологийн аюулгүй байдлын агентлаг (IABS) байгуулах санаачилгыг сайшаан тэмдэглэв.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-ын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлж, хоёр улсын харилцааны шинэ түүхэн хуудсыг нээсэн онцгой ач холбогдолтой үйл явдал болов. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Казахстаны төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авсанд талархал илэрхийлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхийг урив.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

2024.10.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлал өндөрлөлөө. Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, улс хооронд болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар уламжлалт найрсаг харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэснээ тунхаглан зарлалаа. Ингэснээр Казахстан Улс нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байна. Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, тээвэр, логистик, хөнгөн үйлдвэр, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурлаа. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө. Ерөнхийлөгч К.Токаевт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлалынхаа үеэр Чингис хаан үндэсний музейд зочиллоо. Тэрбээр музейн үйл ажиллагаа, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсаас ХХ зууны эхэн хүртэлх Монголын хаад, төрт улс хүртэлх түүхийг товч танилцууллаа. Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа боллоо. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм гэжээ.