12 сар 22, 2024

Mонгол, Австралийн харилцаа

Австралийн элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2022.06.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смит Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 50 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв. Элчин сайд Кэти Смит Монгол, Австралийн Өргөтгөсөн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, Австралийн Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улс, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг 2022.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр Монгол, Австралийн 100 хүртэлх залуу тус бүр нэг жил хүртэлх хугацаанд ажиллах, сурах, аялах боломж нээгдэж буй нь иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэв.

Австралийн элчин сайд Кейти смитийг хүлээн авч уулзлаа

2023.01.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам. Уулзалтын үеэр хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагаа Монгол дахь хөгжлийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Сангийн сайд  Б.Жавхлан хоёр улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй хөтөлбөрүүдээс дараах хэдэн зүйлийг онцлон ярилаа.

  • Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн үргэлжлүүлж, хугацааг сунгаж, оюутны тоог нэмэгдүүлэхийг хүссэн. Австрали улсын талаас энэ тал дээр анхаарч дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
  • Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр /AMEP/ төслийн II дугаар шат амжилттай хэрэгжиж энэ оны 6 дугаар сард дуусахтай холбогдуулан энэ талаар хоёр тал ярилцаж санал солилцсон.
  • Рио Тинто группийн Оюутолгой төслийн хэрэгжилттэй холбоотой 2 улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр анхаарал хандуулахыг Сангийн сайд онцгойлон хүссэн.
  • Австрали Улсаас Монгол Улсад сайн дурын хөтөлбөрөөр ирж ажиллаж буй Австрали иргэдийн тоог цаашид нэмэгдүүлэх тухай мөн ярилцсан юм.   

Австрали Улсын Элчин сайд хадагтай Кэйти Смитийн зүгээс шинээр хэлэлцэх хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд дараах гурван зүйл дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн.

  • Уур амьсгалын өөрчлөлт
  • Жендерийн тэгш байдал
  •  Нөхөн сэргээгдэх эрчим хүч

Сангийн сайд Б.Жавхлан түүний саналыг сайшаагаад, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлээд, цаашид Австрали Улсын уул уурхайн экспортлогч орон хэрнээ эдийн засгийн 30%-иас хэтрүүлэхгүй байгаа туршлага, мөн мал аж ахуй, газар тариалан, санхүү хөрөнгийн зах зээлийн сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх нь Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой талаар хэллээ. Энэ онд хоёр Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд манай улсын хөгжлийн сайн түнш орон юм.

Австралийн Амбан захирагч мэндчилгээ дэвшүүлэв

2022.07.16. Mонгол Улс. Улаанбаатар хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Австралийн Холбооны Улсын Амбан захирал Дэвид Хөрли мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойг тохиолдуулан Австралийн Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Танд болон Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Австрали Улс Монгол Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаагаа өндрөөр үнэлдэг бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, уул уурхай, боловсролын салбарт тууштай өргөжин хөгжиж ирсэн. Монгол Улсын бахархалтай гуравдагч хөршийн хувьд бид иргэд хоорондын бат бэх хэлхээ холбоо, улс төрийн харилцаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байгаад талархалтай байдаг болно. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохиож буй бөгөөд манай хоёр улсын харилцаа жилээс жилд улам бэхжиж ирсэн билээ. Хоёр улсын найрсаг харилцаа ирж буй он жилүүдэд өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна гэжээ.

 Дэвид Хөрли мэндчилгээ ирүүлэв

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Австралийн Холбооны Улсын Амбан Захирагч Дэвид Хөрли Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүлэв. Тэрбээр Австралийн Холбооны Улсын төр, засгийн нэрийн өмнөөс болон хувиасаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монголын найрсаг ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэнд хүргээд, Австралийн Засгийн газраас Монгол Улсын иргэдэд олгож буй боловсролын тэтгэлгийн 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэв. Цаашид Австрали, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч айлчилна

2024.10.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс 2024 оны 10 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн уулзалт хийнэ. Мөн айлчлалын үеэр Австралийн Холбооны Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана. Энэхүү айлчлал нь Австралийн Холбооны Улсын Сенатын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд Монгол, Австралийн хооронд улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа

2024.10.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс бараалхлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно  гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Ардчилалын нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Австрали Улстай харилцааны түвшинг удахгүй шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэхээр тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв. Боловсрол, уул уурхай, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг салбар болон иргэд хоорондын харилцааг бэхжүүлж, ашигт малтмал, эрчим хүч, ногоон шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Австралид монголын 6,000 гаруй залуус, түүний дотор 60 орчим оюутан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд суралцаж, Австралийн 60 гаруй аж ахуйн нэгж Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нь харилцааны цар хүрээ тэлж байгаагийн тод жишээ гэдгийг  Ерөнхийлөгч онцоллоо. Иргэд хоорондын солилцоо жилээс жилд нэмэгдэж буйтай холбогдуулан хоёр улс Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг эцэслэн тохиролцож, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ эхлүүлэх болсныг сайшаав. Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ. Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүй, бодлогын шинэчлэлийг тууштай хийж байгааг онцоллоо. Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор наймдугаар сард зохион байгуулсан “Ногоон ирээдүйн төлөө” уриатай Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үр дүнг бодит ажил хэрэг болгоход Австралийн Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл” хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.