10 сар 16, 2024

Монгол, Туркменистаны харилцаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ

2024.10.07. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовтай албан ёсны хэлэлцээ хийж, Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахатын дарга Гурбангули Бердымухамедовтай уулзаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах олон улсын форумд хүндэт зочноор оролцоно гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

2024.10.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Туркменистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд хэрэгжиж буй анхны дээд түвшний айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-той албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Түүнчлэн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзана. Айлчлалын хүрээнд Монгол-Туркменистаны бизнес форум болон соёлын хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

2024.10.11. Туркменистан улc.Ашхабад хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийхээр Ашхабад хотноо хүрэлцэн очлоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ашхабад хотын олон улсын нисэх онгоцны буудалд Туркменистан Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Батыр Атдаев тэргүүтэй албаны төлөөлөгчид угтан авав. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Туркменистан Улсын хооронд 1992.04.23-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлог юм. Монгол Улсын Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд тус төрийн айлчлал чухал ач холбогдолтой болно. Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулахаар төлөвлөж байна. Дашрамд дурдахад Ашхабад хот нь нэг сая хүн амтай, цагаан гантигаар бүтээсэн 543 барилга байгууламжтай бөгөөд 2013 онд Гиннесийн номд Цагаан гантиг хотоор бүртгэгдсэн. Одоогоор тус хотод гадаадын улс орнуудын нийт 28 Элчин сайдын яам, 15 олон улсын байгууллага төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаа явуулж байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Г.Бердымухамедов-той уулзлаа

2024.10.11. Туркменистан улc.Ашхабад хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангулы Бердымухамедов-той уулзлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Туркменистан Улсад анх удаа төрийн айлчлал хийж, Туркменистан Улсын хөгжил цэцэглэлт, ард түмний ахуй амьдралтай ойр дотно танилцаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Талууд энэхүү төрийн айлчлал нь Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах болон хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Туркменистаны Халк Маслахат буюу Ардын зөвлөл нь үндсэн хуулийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч бие даасан байгууллага юм. Халк Маслахат нь Үндсэн хууль, бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн дотоод, гадаад бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх бүрэн эрхтэй байгууллага юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтлаа

2024.10.12.Туркменистан улc.Ашхабад хот. Туркменистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг тус улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Огузханы нэрэмжит Ерөнхийлөгчийн ордны өмнө албан ёсоор угтан авлаа. Огузханы нэрэмжит Ерөнхийлөгчийн ордны өмнөх талбайд хоёр улсын төрийн далбааг мандуулж, Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн Төрийн хүндэт харуул жагсав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов хүндэт индэрт урьсны дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хүндэт харуулын дарга угтан мэндчилсний дараа Төрийн тэргүүн нар хоёр талын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар дурсгалын гэрэл зураг татууллаа. Мөн өдөр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсоныхоо дараа хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд товч мэдээлэл хийнэ. Огузханы нэрэмжит Туркменистаны Ерөнхийлөгчийн ордныг 7.5 га газарт 2011 онд барьж байгуулсан бөгөөд ордны нийт талбай 16  мянган м2, дотор заслыг гантиг чулуу болон ховор төрлийн модоор хийжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2024.10.12.Туркменистан улc.Ашхабад хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Огузхан”-ы нэрэмжит Туркменистаны Ерөнхийлөгчийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Туркменистаны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, түүний дотор хөдөө аж ахуй, зам тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо. Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ази-Европыг холбосон “Торгоны зам”-ын зангилаа нутаг, байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо айлчлахыг урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Ерөнхийлөгч С.Бердымухамедов болон Туркменистаны төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Мөн тэрбээр Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Ерөнхийлөгч С.Бердымухамедов хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд анх удаа хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлал нь Монгол, Туркменистаны найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэдчухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа онцлов. Хоёр улсын төрийн тэргүүн нар өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэж, ирэх он жилүүдийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, харилцааны түүхэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Айлчлалын хүрээнд Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулсныг Ерөнхийлөгч нар сайшаан тэмдэглэв. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагаа чухал гэдэгт талууд санал нэгдэж, айлчлалын хүрээнд агаарын харилцааны болон олон улсын автотээврийн тухай Монгол, Туркменистаны Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгуулсныг онцлов. Мөн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, Монгол, Туркменистаны зах зээлд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэхээр тохиролцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц, бололцоонд тулгуурлан Монгол, Туркменистаны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэх саналыг дэвшүүлэв. Ерөнхийлөгч С.Бердымухамедов айлчлалыхүрээнд “Монгол-Туркменистаны бизнес уулзалт”-ыг зохион байгуулж буйг сайшааж, энэ нь хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн цаашдын хамтын ажиллагааны бат бэх суурийг тавьж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж буйг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд соёл, урлагийн харилцаа үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцолж, энэхүү сайхан уламжлалын тод илрэл болсон “Монгол-Туркменистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг Ашхабад хотноо амжилттай зохион байгуулсанд баяртай буйгаа илэрхийлэв. Манай хоёр улс олон улс болон бүс нутгийн байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг талууд өндрөөр үнэлж, Монгол Улсын санаачилга “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т ойрын хугацаанд нэгдэн орох асуудлыг туркменистаны тал судлан үзэхээ илэрхийллээ. Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах чиглэлд нягт хамтран ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Туркменистаны ойжуулалт” үндэсний хөтөлбөртэй уялдуулан байгаль орчны салбарт хамтран ажиллахаар боллоо. Албан ёсны хэлэлцээний дүнгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар “Монгол, Туркменистаны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны Хамтарсан мэдэгдэл” гаргалаа.

Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2024.10.12.Туркменистан улc.Ашхабад хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Гурбангулыевич Бердымухамедовын урилгаар Туркменистан Улсад хэрэгжүүлж буй төрийн айлчлалын хүрээнд талууд 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дараах баримт бичгийг байгуулав.

1. “АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Туркменистан Улсын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Тээвэр, харилцаа холбооны газрын агаарын харилцаа эрхэлсэн газрын дарга Довран Сабуров нар гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх бөгөөд Монгол Улсын хувьд цаашид Төв Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломжийг бүрдүүлж буй юм. Ингэснээр хоёр улс болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт, тэр дундаа аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн салбарт өргөжин хөгжих нөхцөлийг бүрдүүлж байна. 

2. “ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Туркменистан Улсын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Тээвэр, харилцаа холбооны газрын Автотээврийн харилцаа эрхэлсэн газрын дарга Гуванчмурат Акмаммедов нар гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх тээвэр хийх, мөн гуравдагч улс руу ба гуравдагч улсаас ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр Монголын тээвэрлэгчид бусад улс орон руу дамжин өнгөрөхөд одоо туулж буй замаасаа илүү дөт замыг сонгож, тээвэрлэлтэ илүү бага цаг хугацаа зарцуулах боломжтой болох юм. Түүнчлэн тус баримт бичиг нь агаарын харилцааны тухай хэлэлцээрийн нэгэн адил хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, иргэд болон бизнес эрхлэгч нарын харилцааг хөнгөвчилж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

3.“МАЛ ЭМНЭЛЭГ, МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбаагийн Энхбаяр, Туркменистан Улсын Хөдөө, аж ахуйн сайд Чарыяр Четиев нар гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд өөрийн улсын нутаг дэвсгэрт мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт хамтран ажиллахаас гадна хоёр улсын холбогдох байгууллагууд хооронд мэл эмнэлгийн шинжлэх ухаан, өвчний тандалт, хяналтын арга хэмжээний талаар мэдээлэл, туршлага солилцох боломжийг бүрдүүлж буй юм. Түүнчлэн талууд мал аж ахуйн мэргэжилтнүүд, малын эмч, эрдэмтдийн уулзалт, мэдлэг солилцох сургалт, чадавхыг бэхжүүлэхэд харилцан бие биедээ дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн нь хоёр улсын мал, эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой суурь баримт бичиг болж байна. 

4.“ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбаагийн Энхбаяр, Туркменистан Улсын Хөдөө, аж ахуйн сайд Чарыяр Четиев нар гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд хөдөө аж ахуйг цахимжуулах, орчин үеийн инновац, технологийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах, мал аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл, органик газар тариаланг хөгжүүлэх, газар тариалан, тэр дундаа хүнсний аж ахуй, жимс, жимсгэний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Монгол Улс нь Төв азийн бүс нутагт хөдөө аж ахуйн салбартаа тэргүүлэх байр суурийг эзэлдэг, уламжлалт хөдөө, мал аж ахуйтай Туркменистан Улстай энэ салбарт идэвхтэй хамтран ажиллаж, туршлага солилцох нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд батлагдсан бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдах бөгөөд ийнхүү тус хэлэлцээр нь цаашид хоёр улс хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн суурь баримт бичиг нь болж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөж, мод тарилаа

2024.10.12.Туркменистан улc.Ашхабад хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэргүүтэй албаны төлөөлөгчид Туркменистаны “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Төлөөлөгчдийг “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүрэлцэн ирэхэд Туркменистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтав. 118 метр өндөр “Тусгаар тогтнолын хөшөө”-г 2001 онд Ашхабад хотноо байгуулсан бөгөөд тус хөшөөний өмнө Туркменистаны анхны Ерөнхийлөгч С.Ниязов-ын алтадмал хөшөөг байршуулсан байдаг аж. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүндэт зочдын төгөл”-д хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн мод тарилаа. Хоёр улсын Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Туркменистаны ойжуулалт” үндэсний хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээр энэ удаагийн айлчлалын үеэр тохирсон болно. Энэхүү “Хүндэт зочдын төгөл”-д тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр, засгийн тэргүүн нар мод тарьдаг уламжлал тогтжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь олон улсын форумд хүндэт зочноор оролцлоо

2024.10.13.Туркменистан улc.Ашхабад хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь олон улсын форумд хүндэт зочноор оролцож, нээлтийн үйл ажиллагаанд үг хэллээ. Энэхүү арга хэмжээг Туркменистаны төр, Засгийн газраас тус улсын нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фраги-гийн мэндэлсний 300 жилийн ойд зориулан зохион байгуулсан бөгөөд тус форумд Армени, Иран, Казахстан, Киргиз, Пакистан, Орос, Тажикистан, Узбекистан  зэрэг улсын төрийн тэргүүн нар болон Азербайжан, Ирак, Турк улсаас өндөр түвшинд төлөөлөгчид мөн оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч форумын хүрээнд зарим улс орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Нэрт яруу найрагч Махтумгулы Фраги-гийн уран бүтээлүүд нь Туркменийн ард түмний эв нэгдэл, найрамдлын үзэл санаан дээр суурилсан бөгөөд өнөөг хүртэл залуу үеийнхний эх оронч үзэл, ёс суртахууны хүмүүжлийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй талаар судлаачид тэмдэглэсэн байна. 2023 онд ЮНЕСКО-гоос Туркменийн яруу найрагч, сэтгэгч Махтумгулы  Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх тогтоол гаргаж, түүнийг Дэлхийн дурсамжийн бүртгэлд оруулсан байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

2024.10.13.Туркменистан улc.Ашхабад хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ашхабад хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Туркменистан Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Атдаев тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа. Айлчлалын хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, айлчлалын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргалаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч М.Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо – Энх тайван, хөгжлийн үндэс суурь” сэдэвт олон улсын форумд хүндэт зочноор оролцож, нээлтийн үйл ажиллагаанд үг хэллээ. Айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор зохион байгуулж, Монгол Улсын Морин хуурын найрал хөгжим анх удаа Ашхабад хотноо эгшиглэлээ. Мөн “Монгол-Туркменистаны бизнес форум”-ыг амжилттай зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын хэлхээ холбоог тогтоосон нь цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.1992 онд Монгол Улс болон Туркменистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд анх удаа хэрэгжсэн энэхүү дээд түвшний айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьсан чухал ач холбогдолтой айлчлал болж өндөрлөлөө.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн