10 сар 12, 2024

Mонгол, Cолонгосын харилцаа

БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2017.10.27. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суныг өрөөндөө хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен  баяр хүргэж  халуун дотно үгтэй мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлье. Ерөнхий сайд Ли Наг Енд миний мэндийг уламжилж өгөхийг хүсье. Ази Номхон далайн бүс нутгийн чухал түнш, манай гуравдагч хөрш БНСУ-тай найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг. Гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, БНСУ-тай Иж бүрэн түншлэлийн харилцааг бүх талаар өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө хичээн ажиллана. Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог хөгжүүлэхэд БНСУ-ын Засгийн газар, ард түмний дэмжлэг туслалцаа чухал үүрэг гүйцэтгэж ирсэн төдийгүй одоо ч үргэлжилж байна. Монгол улс Эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад БНСУ-ын Засгийн газар ОУВС-ийн хүрээнд 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэнд талархал илэрхийлье. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах явдал чухал. БНСУ-ын Ерөнхий сайд 2015 онд манай улсад айлчилсан. Миний хувьд Ерөнхий сайдын хувиар БНСУ-д айлчилна гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газар БНСУ-тай харилцаа хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, түүний дотор худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад анхаарч ажиллана. “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулах боломжийг судлах хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн судалгаанаас нааштай дүн хүлээж байна. Бидний энэ уулзалт ч үүнд түлхэц болох байх. Улс орны хөгжил ард иргэдийн амьдралд үр өгөөжтэй мөн хоёр талд харилцан үр ашигтай салбар чиглэлд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах нь зүйтэй юм. Элчин сайд та санал бодлоо нээлттэй хуваалцаж хамтран ажиллахыг хүсье Бусад улс орнуудаас  хамгийн олон буюу 30 гаруй мянган иргэн маань БНСУ-д ажиллаж суралцаж амьдарч байна. Хоёр орны хамтын ажиллагаанд иргэд солилцоо улам бүр нэмэгдэж байна. Цаашид иргэд харилцан зорчих нөхцөлийг улам хөнгөвчлөх, хоёр орны агаарын тээвэрлэлтийн давтамжийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч хамтран ажилламаар байна. Бид Өмнөх Засгийн газрынхаа бодлогыг хэвээр хадгалж, тогтвортой үргэлжлүүлэх болно. Монгол Улсын Засгийн газрын кабинет өөрчлөгдсөн болохоос бодлого өөрчлөгдөөгүй.Төрд буй хүнд суртал, авилга хээл хахуультай хатуу тэмцэж ажлын сахилга хариуцлагыг сайжруулж ажиллана. Улмаар нийгмийн шударга ёсыг бэхжүүлж бизнес эрхлэгчид, гадаадын хөрөнгө оруулагчдын ажиллах эрхзүйн орчныг тогтвортой болгоно. Гадаад, дотоодын хамтарсан хөрөнгө оруулалт бүхий компаниудын үйл ажиллагааг дэмжинэ. Улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл Уул уурхайгаас гадна Хөдөө аж ахуй ,газар тариалан, жижиг,дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого барина. Монголын онгон байгальд экологийн цэвэр бүтээгдэхүүн, тариа, хүнсний ногоог тариалж экспортод гаргах чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хичээн зүтгэж байгаа Элчин сайд танд болон  Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүсье гэлээ. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён У Сун манай хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж байна. Тэр дундаа Төр засгийн төвшинд. 2015 онд БНСУ-ын Ерөнхий сайд танай оронд айлчилснаас хойш Монгол улсын Ерөнхий сайдыг манай орон өөрийн улсад айлчлуулах хүсэлтэй байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх та манай оронд айлчлахыг зөвшөөрч байгаад талархаж байна. Энэхүү айлчлалаар манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам батжиж олон асуудал шийдэгдэх болно. Бизнесийн эрхлэгчдийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлогод тань сэтгэл хангалуун байна. Сэлэнгэ аймагт Солонгос-Монголын хамтарсан компани үр тариа, хүнсний ногоо тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ мэт олон олон төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Монгол Солонгос хоёр улс нь ахан дүүсийн найрамдалт харилцаатай улс. Сүүлийн жилүүдэд Монголд ирэх Солонгос иргэдийн жуулчлал эрс нэмэгдэж байгаа. 2016 онтой харьцуулахад аялагчдын тоо 20 хувиар өсч, он гарсаар эхний 10 сарын байдлаар 70 мянган хүн ирсэн байна. Иргэд хоорондын харилцаа ийнхүү өргөжин тэлж байгаа учраас хоёр орны агаарын тээврийн нислэгийн давтамжийг  нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах болно гээд ажлын амжилт хүсч, хүлээн авч уулзсанд дахин талархал илэрхийллээ гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчилна

2018.01.09. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018.01.15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлалын зорилго нь гуравдагч хөрш БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна. Айлчлалын үеэр хоёр Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн айлчлалын үеэр БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны  асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын Бизнес форумд оролцож, БНСУ-ын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө. Түүнчлэн БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзана гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ дахь айлчлал эхэллээ

2018.01.15. БНСУ. Сөүл хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-нд тус улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна.  Айлчлалын зорилго нь гуравдагч хөрш БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын бизнес форумд оролцож, БНСУ-ын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө. Түүнчлэн БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзана гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхав

2018.01.16. БНСУ. Сөүл хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхав. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улстай тогтоосон Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа гуравдагч хөрш БНСУ-аас эхлүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газар 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож буйд талархал илэрхийлээд өвлийн олимпийг зохион байгуулах нэр хүндтэй үйлсэд нь БНСУ-ын Ерөнхийлөгчид амжилт хүслээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод боллоо. Форумын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улс орны хөгжлийн гол ачааг бизнес эрхлэгчид үүрч байна. Бид харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдээ бүх талаар, тууштай дэмжинэ гэж тэмдэглэв. Газрын баялаг ихтэй Монгол Улстай хамтран ажиллах боломж их байгааг БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд тэргүүн Ким Жун Дон хэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүү хүндэтгэн өглөөний зоог барив. 2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ жилийн квотыг өмнөхөөс нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү хэллээ гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен нар албан ёсны хэлэлцээ хийв

2018.01.16. БНСУ. Сөүл хот. БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийв. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Талууд Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай, Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай хэлэлцээр болон Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. БНСУ-ын Засгийн газраас авах 700 сая ам.доллартай тэнцэх воны хөнгөлөлттэй зээл 0,2 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм. Энэ зээлийг 2019 он дуустал хугацаанд авах бөгөөд агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулахаар төлөвлөж байна. Харин Санамж бичиг байгуулснаар хоёр орны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм гэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

2018.01.18. БНСУ. Cөүл хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийв. Түүнчлэн БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүнтэй уулзаж, Монгол, Солонгосын бизнес форумд оролцож үг хэлэв. Мөн тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзлаа. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд шийдвэрлэсэн тодорхой асуудлуудын талаар дараах мэдээллийг өглөө. Үүнд:

1.  Айлчлалын үеэр хоёр тал өнөөгийн Иж бүрэн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэхээр санал нэгдлээ. БНСУ-ын удирдлага харилцааг Стратегийн түншлэлд дэвшүүлэн хөгжүүлэх саналыг тавьсан.

2.  БНСУ-ын Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн  ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү зээлийн хөрөнгийг Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд ашиглах хүсэлтэй байгаагаа манай талаас илэрхийлсэн. Солонгосын тал манай саналыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж холбогдох ажлын хэсгийг ойрын үед Монголд илгээхээр болов.

3.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Засгийн газраас өмнө нь олгохоор шийдвэрлэсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10 аймгийн дулааны цахилгаан станц барих төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хяналтын систем байгуулах төсөлийг энэ онд багтаан эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг Солонгосын тал хүлээж авав. Мөн БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Байгалийн түүхийн музейн шинэ барилга барих төсөлийг хэрэгжүүлэх асуудлыг Солонгосын тал судалж үзэхээр болов. 

4.  Айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны 3 дугаар хуралдааныг ирэх 3 дугаар сард зохион байгуулахаар тохирлоо

5. Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаашид Монгол Улсад дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар эдийн засгийг төрөлжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд БНСУ-тай ХАА, газар тариалан, аялал жуулчлалын зэрэг салбаруудад хамтран ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлснийг Солонгосын тал бүрэн дэмжиж, нэн ялангуяа мэдээлэл, харилцаа холбоо, аж үйлдвэрийн салбарт хуримтлуулсан технологи, туршлагаасаа хуваалцаж, хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.

6. Айлчлалын үеэр зохиогдсон Монгол-Солонгосын бизнес форумын хүрээнд Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжуудын талаар танилцуулав. Энэхүү форумын үеэр хүнс, хөдөө аж ахуйн гаралтай, органик бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох талаар түлхүү ярилцаж гадаадын хөрөнгө оруулагчдыг энэ салбарт хамтран ажиллахыг уриаллаа. 

7.  Талууд хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэхэд түлхэц болох Эдийн засгийн түншлэлийн (ЕPA) хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарсан судалгааны ажил амжилттай дууссаныг тэмдэглэж, дараачийн шатны ажлаа эхлүүлэхээр ярилцав.

8. Цаашид байгаль орчин, анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тогтов.

9.  Ерөнхий сайд Ли Наг Ен монгол иргэд БНСУ-д тав тухтай ажиллаж, амьдрах асуудалд анхаарч, монгол залуучууд тус улсад суралцах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарахаа илэрхийлэв.

10.Талууд хоёр орны иргэд алсдаа визгүй зорчих зорилтын хүрээнд эхний ээлжинд олон удаагийн виз олголтыг өргөжүүлэхээр боллоо.

11.Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдтай уулзах үеэр Солонгосын тал БНСУ-д ажиллах манай ажилчдын квотыг нэмэгдүүлэхээр болж байгаагаа илэрхийлэв.

12.Айлчлалын үеэр Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурав.

13.БНСУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгчдын мэдээллийн санг бий болгох 2.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий цахим системийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтойгоо Солонгосын тал илэрхийлэв. Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын өнөөгийн нөхцөлд нэн чухал болохыг манай тал нотолж, хэрэгжүүлэхээр тохиров.

14. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өөрийн санаачилсан Шинэ Умардын бодлогыг тайлбарлаж, Евразийн зүрхэнд орших Монгол Улстай улам нягт хамтран ажиллах нөөц боломж их байгааг цохон тэмдэглэв. Хоёр тал Азийн супер сүлжээ зэрэг бүс нутгийн томоохон төслүүдэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр тохиров.

15.Хоёр улс НҮБ болон олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж ажиллахаар болов. Монгол Улс Зүүн Азийн дээд түвшний уулзалт, АПЕК-т элсэх Монгол Улсын хүсэл эрмэлзлэлийг БНСУ дэмжив.

16. ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх манай Улаанбаатарын яриа хэлцээ санаачилгыг БНСУ өндрөөр үнэлж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв гэжээ.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2018.03.26. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнxий сайд У.Хүрэлсүx БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чо Хьюныг хүлээн авч уулзаx үеэр ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд БНСУ-аас авах зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөж байгаа талаар дурдлаа. Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, xудалдаа, бизнесийн таатай орчныг бүрдүүлэx талаар санал солилцсон юм. БНСУ-ын хөрөнгө оруулагчдын бизнесийн нөxцөлийг сайжруулах, тэдний эрх ашгийг хамгаалах талаар мөн ярилцлаа. Улмаар xоёр орны иргэд харилцан визгүй зорчиx асуудлыг түргэвчлэх хүсэлтэй байгаагаа Ерөнxий сайд У.Хүрэлсүx илэрxийллээ. БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чо Хьюн Монголын гуравдагч хөрш орон болоx xэмжээнд xамтын ажиллагааг илүү нягт байлгах саналыг дэвшүүлсэн юм. Энэ оны долдугаар сард Улаанбаатар xотод Гамшгийн эсрэг Азийн сайд нарын чуулга уулзалт болно. Уг чуулганд БНСУ-ын талаас идэвхи чармайлт, өндөр ач xолбогдол өгч оролцохоо илэрxийллээ гэжээ.

БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2024.09.21. Mонгол Улс. Улаанбаатар хот. Бүрэн эрхийн хугацаа нь дуусч нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суныг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал болж, худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Ялангуяа өнгөрсөн нэгдүгээр сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр харилцааг нэг шат ахиулж Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхээр тохиролцсоныг онцлов. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад БНСУ, тус улсын ард түмэн туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаад Ерөнхий сайд талархав. Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсны хувьд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд аль болох туслах, дэмжих, цаашид визгүй зорчдог  болох зэрэг чиглэлээр ажиллана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам онцгой анхаарч байгааг Элчин сайд У Сун тэмдэглэлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлал цаг үеэ олсон, олон асуудлаар тохиролцсон, харилцан ашигтай шийдвэр гаргасан үр дүнтэй айлчлал болсныг Элчин сайд хэлэв. Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засаг нь сэргэж, үр дүн гарч байгааг тэмдэглэлээ. БНСУ-аас олгох хөнгөлөлттэй зээлийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах, энэ хүрээнд 10 аймагт дулааны станц барих ТЭЗҮ бэлэн болж энэ намраас барилгын ажил нь эхлэх гэж байгааг дурдав. БНСУ-ын Засгийн газар хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хугацаанд нь, үр дүнтэй хэрэгжүүлнэ гэсэн байр суурьтай байгааг уламжиллаа. Талууд хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал болон бусад асуудлаар санал солилцжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2018.08.14. Mонгол Улс. Улаанбаатар хот. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол Улсад ажиллах хугацаанд Элчин сайд таны ажилд Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайд миний зүгээс бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллах болно гэлээ. Мөн Өмнөх Элчин сайдууд хоёр улсын харилцааг хөгжүүлэх, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан. Элчин сайд Жон Жэ Нам та ч мөн бидэнтэй нягт хамтран ажиллаж хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд бүтээлч, шинэлэг ажлуудыг хамтран хэрэгжүүлж үр дүнд хүргэнэ гэж итгэж байна гэв. Уулзалтаар хоёр улсын иргэд хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлийн ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх асуудлыг хөндөв. Энэ нь аялал жуучлал, иргэдийн урсгалыг дэмжих, Монгол иргэд БНСУ-д хууль бусаар үлдэх явдлыг багасгах, мөн БНСУ-ын ЭСЯ-ны ачаалал буурахад ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзэж байгаа юм. Элчин сайд Жон Жэ Нам нь 2018.05.11-нд Монгол Улсад томилогдон ирсэн юм.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён айлчиллаа

2019.03.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 1 дүгээр сард БНСУ-д айлчилсны хариуд ийнхүү Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн өдөр Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-ын Ерөнхий сайдын энэхүү айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ онд гадаад айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтран эрчимтэй ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр тохирч, БНСУ-ын Ерөнхий сайд ирэх оныг Монгол, БНСУ-ын найрамдлын жилээр зарлах санал дэвшүүлэв. Ойг тохиолдуулан төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэлийн түвшин”-д дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах, үүний бэлтгэлийг хангах хүрээнд Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулахаар тогтов. Түүнчлэн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр тал эрдэм шинжилгээний бага хурал, соёл, урлаг, спортын өргөн хүрээтэй арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ярилцав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүд дэх Солонгосын оролцоог нэмэгдүүлэх, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн түрээсийн орон сууцны төслүүдийг шуурхай хэрэгжүүлж эхлэх, манай улсад 10 аймгийн дулааны станц барих төслийг ирэх ондоо багтаан дуусгах зэрэг чиглэлд дэмжлэг хүсэв. Мөн иргэд зорчих нөхцлийг улам хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчдог болгох чиглэлд замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж байгааг хоёр Ерөнхий сайд нар тэмдэглэж, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах асуудлыг цаашид Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг солонгосын тал санал болгов. Талууд соёл, боловсрол, мэдээллийн технологи, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг цаашид улам дэмжиж ажиллахаар болов. Байгальд ээлтэй эрчим хүчийг ашигласан хотхон байгуулах төсөл БНСУ-ын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхий сайд Ли Наг Ён онцлов. Тэрээр мөн монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах боломжтойг онцолж, тус улсад эмчлүүлээд буцаж ирсэн хүмүүст зориулж эмчилгээний дараахь хяналтын тогтолцоо байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Урлаг, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ залуучуудын солилцоог давхар дэмжих, энэ хүрээнд “М-К поп” соёл урлагийн фестиваль зохион байгуулах тухай монголын талын саналыг Ерөнхий сайд Ли Наг Ён дэмжинэ гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс ЗХА, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд хүч чармайлт гарган хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлээд “Азийн супер сүлжээ”, “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг” байгуулах зэрэг БНСУ-ын зүгээс дэвшүүлж буй санаачилгуудыг дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Эдгээр санаачилгуудын хүрээнд хамтран ажиллах асуудлыг Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдаан болон бусад холбогдох уулзалтуудын үеэр дэлгэрүүлэн ярилцаж, илүү тодорхой болгох нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 1 дүгээр сард БНСУ-д айлчилсны хариуд ийнхүү Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн өдөр Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-ын Ерөнхий сайдын энэхүү айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ онд гадаад айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтран эрчимтэй ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр тохирч, БНСУ-ын Ерөнхий сайд ирэх оныг Монгол, БНСУ-ын найрамдлын жилээр зарлах санал дэвшүүлэв. Ойг тохиолдуулан төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэлийн түвшин”-д дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах, үүний бэлтгэлийг хангах хүрээнд Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулахаар тогтов. Түүнчлэн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр тал эрдэм шинжилгээний бага хурал, соёл, урлаг, спортын өргөн хүрээтэй арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ярилцав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүд дэх Солонгосын оролцоог нэмэгдүүлэх, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн түрээсийн орон сууцны төслүүдийг шуурхай хэрэгжүүлж эхлэх, манай улсад 10 аймгийн дулааны станц барих төслийг ирэх ондоо багтаан дуусгах зэрэг чиглэлд дэмжлэг хүсэв. Мөн иргэд зорчих нөхцлийг улам хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчдог болгох чиглэлд замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж байгааг хоёр Ерөнхий сайд нар тэмдэглэж, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах асуудлыг цаашид Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг солонгосын тал санал болгов. Талууд соёл, боловсрол, мэдээллийн технологи, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг цаашид улам дэмжиж ажиллахаар болов. Байгальд ээлтэй эрчим хүчийг ашигласан хотхон байгуулах төсөл БНСУ-ын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхий сайд Ли Наг Ён онцлов. Тэрээр мөн монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах боломжтойг онцолж, тус улсад эмчлүүлээд буцаж ирсэн хүмүүст зориулж эмчилгээний дараахь хяналтын тогтолцоо байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Урлаг, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ залуучуудын солилцоог давхар дэмжих, энэ хүрээнд “М-К поп” соёл урлагийн фестиваль зохион байгуулах тухай монголын талын саналыг Ерөнхий сайд Ли Наг Ён дэмжинэ гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс ЗХА, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд хүч чармайлт гарган хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлээд “Азийн супер сүлжээ”, “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг” байгуулах зэрэг БНСУ-ын зүгээс дэвшүүлж буй санаачилгуудыг дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Эдгээр санаачилгуудын хүрээнд хамтран ажиллах асуудлыг Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдаан болон бусад холбогдох уулзалтуудын үеэр дэлгэрүүлэн ярилцаж, илүү тодорхой болгох нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдэв.

БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ЛИ НАГ ЁН-Ы МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ДҮНГИЙН ТАЛААР

2019.03.29. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь БНСУ-ын Засгийн газрын тэргүүний манай улсад 4 жилийн дараа хийж буй айлчлал бөгөөд хоёр улсын улс төрийн яриа хэлэлцээ, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болов. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нар албан ёсны хэлэлцээ хийв. БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд ярьж тохирсон, шийдвэрлэсэн тодорхой асуудлуудын талаар:

1.  Монгол, БНСУ-ын Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулан хөгжүүлэх, Стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, хамтын ажиллагааны салбар тус бүрээр зорилтыг тодорхойлохоор болов. 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн үеэр төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

2.  Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тусгай төлөвлөгөөний дагуу хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол, Солонгосын соёлын долоо хоног зэрэг соёл, урлаг, спортын арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар тогтов. Солонгосын тал ирэх оныг Монгол, БНСУ-ын найрамдлын жилээр зарлах саналыг дэвшүүлэв.

3.  Улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэх, хоёр талын болон олон талт стратегийн яриа хэлэлцээний механизмыг бүрдүүлж тогтмолжуулахаар ярилцав.

4.  Харилцааны эрх зүйн орчинг улам бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын солилцоо, хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг нотолж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргыг тааламжтай цагт нь Монгол Улсад хүлээн авч айлчлуулах, Парламентын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, идэвхжүүлэхээр тогтов. Түүнчлэн, иргэн та эрх баригч хөтөлбөр, зөвлөлдөх санал асуулгаар шийдвэр гаргадаг БНСУ-ын парламентын туршлагаас судлахаар болов.

5.  Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж, нөөц бололцоо байгааг талууд тэмдэглэж, хорио цээрийн стандартыг жигдрүүлэх, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах асуудлыг цаашид Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх чиглэлд хамтран ажиллахаар болов.

6.  Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулах, хуралдааны үеэр худалдаа, эдийн засаг, зам тээвэр, төмөр зам, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол, иргэд, консулын зэрэг хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг нарийвчлан хэлэлцэхээр тогтов. 

7.  Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газраас олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг шуурхайлах, түрээсийн орон сууцны хороолол байгуулах асуудлыг нааштай судалж, шийдвэрлэхээр тохиров. БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл хөрөнгөөр 10 аймгийн төвийн Дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахад хоёр тал үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов.

8.  Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүд дэх Солонгосын хөрөнгө оруулалт, техник технологи, но-хауг нэвтрүүлэх, хоёр улсын бизнес, хувийн хэвшлийнхэн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, гарааны залуу бизнесүүдийг дэмжих зорилгоор Бизнесийн зөвлөл байгуулах санал, санаачилгыг урагшлуулахын төлөө байгааг монголын тал тэмдэглэв.

9. Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ, Зүүн Азийн Төмөр замын хамтын нийгэмлэг байгуулах зэрэг бүс нутгийн санал санаачилгын хүрээнд уялдаа холбоотой ажиллах, энэ чиглэлээрх судалгааны ажлыг эрчимжүүлэх, хоёр талын төмөр замын уулзалт зохион байгуулах зэрэг асуудлын талаар санал солилцов.

10. Хоёр улсын хамтын ажиллагаа байгаль орчин, эрүүл мэндийн салбарт амжилттай хөгжиж байгааг тэмдэглэж, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж буй Сөүл төсөл, Ногоон хэрэм зэрэг олон нийтэд болон тухайн салбартаа хүртээмжтэй, үлгэр жишээ болохуйц төсөл хөтөлбөрийг цаашид улам нэмэгдүүлэх сонирхолтой байгааг монголын тал илэрхийлэв. Ерөнхий сайд Ли Наг Ён Байгальд ээлтэй эрчим хүчийг ашигласан хотхон байгуулах төсөл БНСУ-ын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж байгааг дурдаж, монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах боломжтойг онцолж, тус улсад эмчлүүлээд буцаж ирсэн Монгол иргэдэд зориулж эмчилгээний дараахь хяналтын тогтолцоо байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.

11.Талууд соёл урлаг, боловсрол, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал нэгдэж, М-К Pop фестиваль зохион байгуулах, Korea IT Camp байгуулах зэрэг манай талын санал, санаачилгыг солонгосын тал нааштай хүлээн авч, дэмжиж ажиллахаар болов. Солонгосын тал солонгос хэлний сургалтыг эрчимжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв.

12.Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д сурч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд Засгийн газрын зүгээс тэргүүлэх ач холбогдол өгч буйг онцолж, манай иргэдийн ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулах, хэтдээ иргэд харилцан визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Ерөнхий сайд Ли Наг Ён солонгосын тал БНСУ-д зорчих Монгол иргэдэд зориулан олон удаагийн визний өргөжүүлсэн журмыг шинэчлэн хэрэгжүүлж байгааг онцолж, цаашид иргэд, консулын чиглэлээрх хүч чармайлтаа үргэлжлүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

13.Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд амжилттай хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид ч энэхүү хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Солонгосын тал Солонгосын хойг болон ЗХА-ийн энх тайван аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгааг тэмдэглэв. Монгол Улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, маргаантай асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх тууштай байрь суурь баримтлахын зэрэгцээ бүс нутгийн энх тайвны үйл явцад хувь нэмрээ оруулах зорилгоор Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг дэвшүүлж, амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Mонгол Улсад хийсэн айлчлалыг Arirang сурвалжлав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

2020.02.21. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, хоёр улсын харилцаа Иж бүрэн түншлэлийн түвшинд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжиж, олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжихийн зэрэгцээ иргэд хоорондын найрсаг харилцаа улам бэхжиж байгаад баяртай байгааг илэрхийлэв. Мөн БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирснийг дурдаад, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зэрэг хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслүүдийг амжилттай хэрэгжүүлж дуусгах болон худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, БНСУ-д манай хамгийн олон иргэн сурч, ажиллаж байгааг дурдаад хоёр улсын иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар ахиц гаргахад Элчин сайдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв. Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсад томилогдон ажиллаж байгаадаа баяртай байгааг илэрхийлж, энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх, хоёр улсын харилцааг шат ахиулан хөгжүүлэх болон хөнгөлөлттэй зээл, тусламжийн төслүүдийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн иргэдийн солилцоог идэвхжүүлэх, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар нягт хамтран ажиллахаа тэмдэглэв.

 У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана

2020.08.13. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, Монгол, Солонгосын найрамдлын жилийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө гэдгээ илэрхийлэв. Цар тахалтай тэмцэх, иргэдээ татан авах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа хэлээд тус улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд боломжит бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүслээ. Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ үед Монгол Улс халдварыг дотооддоо алдалгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч байгааг өндөр үнэлдэгээ хэлэв. Уулзалтын үеэр агаарын бохирдлыг бууруулах зэрэг төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

2023.09.22. АНУ. Нью-Йорк хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, Стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Солонгосын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, ирээдүйд чиглэсэн ногоон хөгжил, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг түлхүү хөгжүүлэх асуудлаар санал солилцохын зэрэгцээ Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэхээр санал нэгдэв. Уулзалтын үеэр талууд Монгол Улсад Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулж, уул уурхайн салбарт дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо. Түүнчлэн цаашид бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, соёл, аялал жуулчлал, иргэдийн солилцоог өргөжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн