12 сар 21, 2024

Монгол, Үзбекистаны харилцаа

ШХАБ-ын Дээд түвшний уулзалтад оролцоно

2022.09.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 2022 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч өргөтгөсөн хуралдааны үеэр ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Түүнчлэн цар тахлын улмаас хоёр жил завсардсан Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт ээлжит зургаадугаар уулзалтад оролцож, гурван улсын хувьд стратегийн ач холбогдолтой Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн хэрэгжилтийн талаар ярилцана. Монгол Улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистанд хүрэлцэн очив

2022.09.14. Узбекистан улс. Самарканд хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод хүрэлцэн очлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Самарканд хотын олон улсын нисэх буудалд хүрэлцэн очиход хүндэт харуулын цэрэг жагсаж, Үзбекистаны талаас Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Монголын талаас Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын анхны Ерөнхийлөгч И.Каримовын бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтэй уулзана.

Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй уулзав

2022.09.14. Узбекистан улс. Самарканд хот. Бүгд Найрамдах Узбекистан Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирoмонович Мирзиёевтэй албан ёсны уулзалт хийв. Албан ёсны уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч эртний түүхт Самарканд хотод зочилж, Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ээлжит зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, өндөр амжилт хүсэв. Уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистан хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд болохыг онцолж, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. Цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын тулд дээд түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, ойрын ирээдүйд Дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээн ажиллуулах нь чухал ач холбогдолтой болохыг онцлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Төв Азийн бүс нутагт хүн амаараа тэргүүлдэг Узбекистан Улсын зах зээл манай сонирхлыг ихээхэн татаж байгааг онцолж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн, мөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлт зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Узбекистаны тал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газар хоорондын комиссыг шинээр байгуулах саналыг дэвшүүлж, узбекистаны талаас Хөдөө аж ахуйн сайдыг томилж байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын уулзалтыг тогтмолжуулж, зөвлөлдөх уулзалтуудыг хийж ажиллахаар тохиролцов. Үүнээс гадна, талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нийтлэг сорилт болох тээврийн саад тотгорыг хэрхэн даван туулах талаар харилцан туршлага солилцож ажиллахаар санал нэгдэв. Түүнчлэн Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвд Төв Азийн бүс нутгийн чухал орон болох Узбекистан Улс гишүүнээр элсэх чиглэлээр нааштай судалж үзэхээ Узбекистаны тал мэдэгдэв. Уулзалтын үеэр талууд цаашид түүх, соёл, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцолж, энэ оны 06 дугаар сараас эхлэн хоёр улсын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчиж байгааг сайшаан тэмдэглэсэн болно. Түүнчлэн тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмэр оруулах зорилтын хүрээнд Монгол Улсын Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Узбекистаны Ногоон орон зай хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлэхээр санал солилцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буй хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хоёр талын хүрээнд болон олон улсын тавцанд нягт хамтарч ажиллахаар тогтов. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчтой уулзав

2022.09.14. Узбекистан улс. Самарканд хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Самарканд хотноо ШХАБ-ын Дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанаг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ, түүний системийн байгууллагууд нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг онцлон тэмдэглээд, цаашид хамтын ажиллагааны агуулгыг баяжуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс, АНДЭЗНК байгаль орчныг хамгаалах, транзит тээврийг хөгжүүлэх, худалдааны бодлогыг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, статистикийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирснийг энэ үеэр тэмдэглэв. Тэрбээр Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахад НҮБ-ын АНДЭЗНК онцгой хувь нэмэр оруулсныг хэллээ. Цаашид энэ жишгээр Зүүн Өмнөд Ази, Төв Азийн бусад улсад чиглэсэн автотээврийн олон талт хэлэлцээр байгуулахад НҮБ-ын АНДЭЗНК-той хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана 2019 онд Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд хүндэт зочноор оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй Засгийн газрын тэргүүний хувиар нь уулзаж байснаа дурдаад Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Алсын хараа-2050 хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж буйгаа онцлон тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг НҮБ талархан дэмжиж, дэлхий дахинд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг нь өндрөөр үнэлж буйг онцлоод, цаашид энэ чиглэлд хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Монгол Улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, НҮБ-ын АНДЭЗНК-оос Ногоон бонд (Green Bond)-ын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Талууд худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих, Зүүн Өмнөд Ази, Төв Азийн бусад улсад чиглэсэн автотээврийн олон талт хэлэлцээр байгуулах, Монгол Улсад олон улсын чанартай хуурай боомт байгуулах хамтарсан судалгаа хийх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, зарчмын шинэ тохиролцоонд хүрлээ.

ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-тэй уулзав

2022.09.14. Узбекистан улс. Самарканд хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-ийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны эхээр Жан Мин ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, цаашид  ШХАБ-тай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Хоёр талын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд 2004 онд ШХАБ-ын ажиглагч орон болсноос хойш тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол оролцож, хамтын ажиллагааг оновчтой хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн гэдгийг хэллээ. Цаашид ч Монгол Улс ажиглагч орны хувиар тус байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том улстай хиллэдэг, мөн Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон Транзит Монгол болох зорилтыг тавьж буйг танилцууллаа. Энэ хүрээнд цаашид Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэв. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ши Жиньпинтэй уулзлаа

2022.09.15. Үзбекистан улс. Самарканд хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын дарга Ши Жиньпинтэй уулзав. Хоёр орны Төрийн тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт өгч, цаашдын төлөв болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцолж, хоёр улсын хамтын ажиллагааг тус тусын хөгжлийн бодлого, зорилтуудтай уялдуулан хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлов. Түүнчлэн цар тахлын хүнд цаг үед БНХАУ-ын Засгийн газар, ард түмнээс Монголын ард түмэнд вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмж, эд материалыг шуурхай нийлүүлж, дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс чухал байр суурь эзэлдгийг онцолж, цаашид хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шат ахиулахын төлөө байгаагаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг хятадын тал дэмжиж, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгааг мэдэгдлээ.Түүнчлэн Бүс ба Зам санаачилга, Талын зам хөтөлбөрийг харилцан уялдуулж, Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн бүтээн байгуулалтыг урагшлуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдогантай уулзлаа

2022.09.16. Узбекистан улс. Самарканд хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай уулзаж, хоёр талын болон олон улсын  харилцааны зарим асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч манай улсын гуравдагч хөрш, Иж бүрэн түншлэлийн харилцаатай Бүгд Найрамдах Турк Улстай өрнүүлж буй харилцааг өргөжүүлэх, шат ахиулан хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий дахиныг хамарсан цар тахал болон олон улсын харилцаанд тулгарч буй хүндрэлтэй цаг үед Турк Улсаас хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн болон дипломат үйл ажиллагааг сайшааж, энэ чиглэлээрх хүчин чармайлт нь мөргөлдөөнийг намжааж, бүс нутаг, олон улсад тогтвортой байдлыг сэргээхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан ах дүүгийн харилцаатай Монгол Улстай бүх салбарт хамтран ажиллаж, хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлэхийг зорьж байгаагаа хэллээ. Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцолж, энэ онд хоёр орны худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрэх төлөвтэй байгааг сайшаан тэмдэглэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, цаашид өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэв.

ШХАБ-ын хуралд үг хэлэв

2022.09.17. Үзбекистан улс. Самарканд хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв. Энэхүү олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирснийг хэлэв. Цаашид ч ШХАБ-ын гишүүн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр ложистик, байгаль орчин, аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, хүнсний хангамж – аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, улс хоорондын болон бүс нутгийн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол болон хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлуудад улс орнууд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж эхлээд байгааг дуулгалаа. Уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж байгаа улс орнуудын нэг болохын хувьд Монгол Улс хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хөрш болон бүс нутгийн улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP-17/-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулахаар болсныг хэлэв. Мөн түүнчлэн дэлхий даяар үнийн өсөлт, инфляц нэмэгдэж, дэлхийн улс орнууд хоол хүнс, эрчим хүч, нефть шатахуун болон бусад амин чухал бараа бүтээгдэхүүний хомсдолд орж байгааг дурдав.

НҮБ-ын мэдээлснээр 2019 онд дэлхийн хэмжээнд 135 сая хүн хүнсний хэт дутагдалд орж байсан бол, энэхүү үзүүлэлт өнөөдөр 2.5 дахин нэмэгдэж, 345 саяд хүрээд байна. Иймд улс орон бүр хүнсний хангамж, аюулгүй байдалдаа ихээхэн анхаарах шаардлагатай байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдлаа сайжруулж, цаашид хүнс экспортлогч улс болохыг зорьж байгааг онцоллоо. Монгол Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлог байдалдаа тулгуурлан худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн  урсгал, үйлчилгээний зангилаа болсон Транзит Монгол болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг хэлэв. Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан авто зам, төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төслүүд болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ. Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит өргөтгөсөн хуралдааны дүнгээр:

  • Самаркандын тунхаглал,
  • Иран Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн улс болохтой холбогдуулан хүлээх үүргийн тухай санамж бичиг,
  • Египет, Саудын Арабын Хаант Улс, Катар зэрэг улсад ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статус олгох тухай санамж бичиг,
  • Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээр,
  • ШХАБ-ын гишүүн орнуудын дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр, бизнесийн салбарын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх хөтөлбөр,
  • ШХАБ-ын хүрээнд бүс нутгийн худалдааг хөгжүүлэх үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө,
  • ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг нийт 40 гаруй баримт бичгийг батлан гаргасан байна.

Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтад Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан, Пакистан,
Туркменистан, Энэтхэг, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Балба, Камбож, Мьянмар, Шри-Ланка, Мальдив, Бахрейн, Сири, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Монгол, ОХУ, БНХАУ зэрэг улсын төлөөлөгчид оролцов. Мөн НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, Арабын орнуудын лиг, Астана олон улсын санхүүгийн төв зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Узбекистанийн элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Фарход Арзиев харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Eрөнхийлөгч Үзбeкистан Улсад айлчилна

2024.06.21.Монгол Улс.Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын
23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал нь хоёр улсын хооронд  1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд болж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Олий Мажлис Парламентийн Сенатын дарга Танзила Нарбаева, Ерөнхий сайд Абдулла Арипов нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

2024.06.23. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Энэ айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд  дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд анх удаа болж буй дээд түвшний айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Узбекистан Улсын Парламент Олий Мажлис-ийн Сенатын дарга Т.Нарбаева, Ерөнхий сайд А.Арипов зэрэг албаны хүмүүс бараалхана. Айлчлалын хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайдын яамыг албан ёсоор нээж, Монгол-Узбекистаны бизнес форум, соёлын хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна гэжээ. Дашрамд дурдахад, Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Үзбeкистан Улсын Eрөнхийлөгч Шавкат Мирзиeeвтэй Самарканд хотноо болсон ШХАБ-ын уулзалтаар ажил төрлийн яриа хэлэлцээр өрнүүлж байсан юм гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

2024.06.24. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр 2024.06.23-ны өдөр Ташкент хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ташкент хотын Ислам Каримовын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, тус улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Н.Арзиев зэрэг албаны хүн угтан авав. Энэ өдөр Ерөнхийлөгч гэргийн хамт Тусгаар тогтнолын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Төлөөлөгчдийг тусгаар тогтнолын хөшөөнд хүрэлцэн ирэхэд Узбекистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтлаа. Цэцэг өргөсний дараа Түүхийн музейн захирал Ж.Исмаилова дурсгалын хананд сийлсэн Узбекистан Улсын түүхийг товч танилцууллаа. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд 1992.01.25-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд болж буй анхны төрийн айлчлал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиву хотод зочилж, тус улсын түүх соёлын дурсгалт газартай танилцана 

2024.06.24. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлс.үх Бүгд Найрамдах Үзбекистан Улсад төрийн айлчлал хийх тухай тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллэв. Үзбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024.06.23-26-ны өдрүүдэд Үзбекистан Улсад төрийн айлчлал хийх юм гэжээ. Айлчлалын үеэр Ташкент хотод өндөр дээд түвшний яриа хэлэлцээ өрнөх ба Монгол-Үзбекийн найрамдалт харилцааг цаашид улам гүнзгийрүүлэх, бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм. Ингэхдээ улстөрийн яриа хэлэлцээг өргөжүүлэх, бараа эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, транспорт, логистик, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцэж, баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үзбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн уулзахаас гадна, томоохон компаниудын төлөөлөл болон ажлын хэргийн ойрын хүрээлэлтэй уулзаж, хоёр талын бусад арга хэмжээнд оролцох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиву хотод зочилж, тус улсын түүх соёлын дурсгалт газартай танилцана гэжээ. 

Үзбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев хүндэт зочдоо угтан авав

2024.06.24. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн нарыг албан ёсоор угтан авлаа. Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Узбекистаны Куксарой ордны өмнө албан ёсоор угтан авлаа. Ордны өмнөх талбайд хоёр улсын төрийн далбааг мандуулж, Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн Хүндэт харуул жагссан байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев хүндэт индэрт урьсны дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хүндэт харуулын дарга угтан мэндчилсний дараа Төрийн тэргүүн нар хоёр талын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчиллээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар дурсгалын гэрэл зураг авахууллаа. Үүний дараа өндөр дээд түвшний яриа хэлэлцээр эхэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2024.06.24. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн 2024.06.24-ний өдөр Узбекистаны Куксарой Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Евроазийн төвд орших байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо айлчлахыг урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Ерөнхийлөгч Ш.Mирзиёев болон Узбекистаны төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн хоёр ард түмний хэлхээ холбоо олон зууны тэртээгээс эхтэй бөгөөд нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй, найрсаг дотно харилцаатай орнууд болохыг онцоллоо. Узбекистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Ерөнхийлөгч Ш.Мирзиёев хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал нь найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Хоёр улсын төрийн тэргүүн өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтаа дүгнэж, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлж, харилцааны түүхэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсныг сайшаан тэмдэглэв. Талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов. Айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа талууд нотоллоо. Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Узбекистан Улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо ойрын хугацаанд нээх эрмэлзэлтэй буйгаа тэмдэглэв. Төрийн тэргүүн нар Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр байгуулсныг сайшааж, худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар тогтов. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар боллоо. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц, бололцоонд тулгуурлан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр талууд санал нэгдэж, Ажлын хэсэг байгуулахаар болов. Талууд тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Олон улсын автозамын тээвэрлэлтийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсныг сайшаав. Цаашид хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог давуу талаа ашиглан Улаанбаатар-Ташкент чиглэлийн шууд нислэгийг эхлүүлж, иргэд харилцан зорчих урсгал, бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров. Айлчлалын хүрээнд Ташкент хотноо зохион байгуулж буй Монгол-Узбекистаны бизнес форумд хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгж оролцож байгааг сайшааж, цаашид хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдааг хамтран зохион байгуулахаар тогтов. Узбекистан Улсад олон зуун монгол залуус дээд боловсрол эзэмшсэнийг талууд тэмдэглээд цаашид хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан залуусыг их, дээд сургуульд харилцан сургах, боловсролын салбарын уламжлалт харилцаагаа сэргээн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов. Төрийн тэргүүн нар эрүүл мэндийн салбар нь Монгол, Узбекистаны хамтын ажиллагааны бас нэгэн шинэ чиглэл болон хөгжиж буйг сайшаалаа. Монголын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий эрүүл мэндийн Нура оношилгооны төвийг Ташкент хотноо нээж байгаа нь хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ харилцан нотлов. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах үүднээс Монгол Улсын Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Узбекистан Улсын Ногоон орон зай төсөлтэй уялдуулан ойн салбарт хамтран ажиллахаар санал нэгдэв. Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээрт Узбекистан Улс нэгдэн орохоо илэрхийлэв. Талууд хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Монгол-Узбекистаны соёлын хамтарсан тоглолт зохион байгуулж буйг сайшааж, цаашид соёлын өдөрлөг зохион, хоёр орны өв соёл, зан заншлыг харилцан сурталчлан таниулах чиглэлээр хамтрахаар боллоо. Албан ёсны хэлэлцээний дүнгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ш.Mирзиёев нар Монгол, Узбекистаны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

Монгол, Узбекистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2024.06.24. Үзбекистан Улс.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев нар гарын үсэг зурлаа. 

  • Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-2026 оны хөтөлбөрт Шадар сайд С.Амарсайхан, узбекийн талаас Шадар сайд Ж.Ходжаев,
  • Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад харилцааны яам хоорондын 2024-2025 оны хамтын ажиллагааны хөтөлбөрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, узбекийн талаас Гадаад хэргийн сайд Б.Саидов,
  • Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, узбекийн талаас Аялал жуулчлалыг хөгжүүлэх төрийн зөвлөлийн дарга У.Шадиев,

Түүх, соёл, байгалийн түүхэн дурсгалт газрууд болон үндэсний уламжлалыг харилцан сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

  • Олон улсын автоээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, узбекийн талаас Тээврийн сайд И.Махкамов,

Хоёр орны нутаг дэвсгэр хооронд болон нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч улс руу ачаа, зорчигч тээвэр үйлдэх боломж бүрдэнэ. Хоёр улсын хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр зуучлалын хамтын ажиллагаа хөгжинө.  

  • Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, узбекийн талаас Тээврийн сайд И.Махкамов, 

Хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бий болохын зэрэгцээ цаашид Төв Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломж бүрдэнэ.

  • Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр,

Мал эмнэлэг, мал аж ахуйн салбарын мэдлэг, туршлагаа  солилцох, мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт хийх, хяналт тавих чиглэлээр хамтарна.

  • Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр,
  • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Ташкент хотын Хокимият хоорондын хэлэлцээр,

Бизнес эрхлэгчдийг холбоход дэмжлэг үзүүлж, албан хаагчдын туршлага, мэдлэгийг нэмэгдүүлэх, иргэдэд тухайн улсын уламжлал, соёл, түүхтэй танилцуулах зорилгоор мэдээлэл, сайн туршлагаа солилцох, уулзалт зэргийг зохион байгуулах  

  • Шинжлэх ухааны академи, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Узбекистаны Аж үйлдвэрийн танхим, МОНЦАМЭ агентлаг, Узбекистаны үндэсний мэдээллийн УзА агентлаг хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

Хамтарсан хөтөлбөрт гарын үсэг зурлаа

2024.06.24. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар Ташкент хотноо хоёр орны албаны төлөөлөгчдийг байлцуулан Куксарой ордонд Дээд түвшний хэлэлцээ хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Шадар сайд Жамшид Абдухакимович Ходжаев нар Монгол Узбекистаны Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Хамтарсан хөтөлбөрийг үзэглэснээр хоёр улсын худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллах боломж бүрдлээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсан бөгөөд талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, агаарын болон авто тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхээр тогтов гэжээ. Мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар боллоо гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

2024.06.25. Үзбекистан Улс.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар Куксарой цогцолборын Хүндэт зочдын төгөлд ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа. Төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Узбекистаны Ногоон орон зай төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр тохирлоо. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах зорилготой юм. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн ордон Куксарой буюу Хөх ордоны Хүндэт зочдын төгөлд тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр, засгийн тэргүүн нар мод тарьдаг уламжлал тогтжээ.

Узбекистан Улсын инновацийн чадавхийг Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлэв

2024.06.25. Үзбекистан Улс. Бүгд Найрамдах Үзбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хамт Ташкент хот дахь Технологийн паркад зочлов. Энэхүү орчин үеийн инновацийн цогцолборыг Үзбекистан Улсын төрийн тэргүүний санаачилгаар аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор байгуулжээ. Өнөөдөр энд 365 сая гаруй ам.долларын шууд хөрөнгө оруулалттай 16 үйлдвэрлэлийн газар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх технологийн паркад үйлдвэрлэсэн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, электрон тоолуур, лифт, усны насос, үйлдвэрийн агааржуулагч, хөргөлтийн төхөөрөмж болон бусад бүтээгдэхүүнтэй танилцав. Технологийн паркад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нь гадаад, дотоодын зах зээлд эрэлт ихтэй байдаг аж. Хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Үзбекистаны тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох нь чухал болохыг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Олий Мажлис-ийн Сенатын даргыг хүлээн авч уулзлаа

2024.06.25. Үзбекистан Улс.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Олий Мажлисийн Сенатын дарга Танзила Нарбаеваг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч, хоёр улсын төрийн тэргүүний албан ёсны хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд үр дүнтэй болсныг онцоллоо. Нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Үүнд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж, жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Сенатын дарга Т.Нарбаева Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд Узбекистан Улсын төр, засаг, парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч буйг онцолж, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд боломжит бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Талууд хоёр улсын харилцааны эрх зүйн таатай орчныг улам бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хооронд харилцан айлчлал хэрэгжүүлэх, туршлага солилцох зэргээр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олий Мажлисийн Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын үг үлдээлээ. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Парламент Олий Мажлис нь 65 гишүүн бүхий Сенатын дээд танхим, 150 гишүүнтэй Хууль тогтоох доод танхимаас бүрддэг. Тус улсын 25 нас хүрсэн иргэн эдгээр танхимын гишүүнээр сонгогдох эрхтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа таван жил байдаг юм.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайдын яамны нээлт боллоо

2024.06.25. Үзбекистан Улс.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээлээ. Хоёр улсын төрийн тэргүүний ярьж тохирсны дагуу богино хугацаанд Элчин сайдын яамаа нээж байгаа нь Монгол Улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагийн тод илрэл гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ. Элчин сайдын яам худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн солилцоо, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг тэмдэглэлээ. Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улс удахгүй Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг,  Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайд Д.Батбаатар болон албаны хүмүүс оролцлоо. Монгол Улсын Ерөнхий консулын газар 1977-1994 онд Ташкент хотноо ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар тус хотод 46 Элчин сайдын яам, Ерөнхий консулын гурав, Өргөмжит консулын 13 газар үйл ажиллагаа явуулж байна гэжээ.  

Үндэсний үйлдвэрлэгчид Узбекистан болон Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж эрс нэмэгдлээ

2024.06.26. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ нь төрийн тэргүүнүүд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн илрэл гэж хоёр улсын бизнес эрхлэгчид үзэж байлаа. Цаашид худалдааны эргэлтийг богино хугацаанд 10-20 дахин нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтрах аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжинэ гэдгээ  хоёр орны Ерөнхийлөгч илэрхийллээ. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-2026 оны хөтөлбөрийн хүрээнд талууд хамтарч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийнхөө жагсаалтыг баталлаа. Ингэснээр хоёр улс ойрын хоёр жилд харилцан ашигтай, бодит, идэвхтэй хамтын ажиллагаа явуулах юм. Одоогоор манай улсын  10 гаруй аж ахуйн нэгж Узбекистанд үйл ажиллагаа явуулж байна. Төрийн айлчлалын үеэр зохион байгуулсан Бизнес форумд хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Узбекистаны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтын ажиллагааны Санамж бичгээ шинэчлэн, хамтарсан бизнес зөвлөл байгуулах боллоо. Энэ зөвлөл бизнес эрхлэгчдийг холбож, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, аж үйлдвэрийн бүх салбарын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны санаачилгыг дэмжих зорилготой юм. Таванбогд солюшнс ХХК, Монгол базальт ХК, Доктор авто сүлжээ, Эра жимс зэрэг олон аж ахуйн нэгж узбекийн талтай хамтрах гэрээ, хэлцэл хийсэн байна. Тухайлбал эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан хорт хавдар болон амьдралын хэв маягаас шалтгаалах өвчлөлийг эрт илрүүлдэг NURA төслийг тус улсад нэвтрүүлэх боллоо. Монгол Базальт ХК, Базальт Узбекистан групп хамтран Узбекистанд орчин үеийн базальт технологийн үйлдвэр байгуулна. Эхний шатанд 30 сая ам.долларын хөрөнгө оруулах бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 45,000 тонн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын бүрэлдэхүүнд үндэсний 40 гаруй үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөл багтсан юм. Хоёр орны худалдааны эргэлт 2023 оны байдлаар 10 сая ам.доллар, нэр, төрөл нь цөөн хэдий ч цар тахлын үеэс хойш тогтмол өсөж байгаа. Манай улс 4,6 сая ам.долларын үнэ бүхий хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэргийг экспортолж, Узбекистанаас 5,4 сая ам.долларын үнэ бүхий усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмж, ачааны автомашин импортоор авчээ. Узбекистан Улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо сайжруулах, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг арилгах шийдэмгий алхам авч байна. Үүний дүнд эдийн засаг нь сүүлийн жилүүдэд бараг хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин, аж үйлдвэрлэл 40 хувиар өсжээ. 2023 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 90 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох хэмжээ нь 2,510 ам.доллар, гадаад худалдааны эргэлт 63 орчим тэрбум ам.долларт хүрсэн байна. Узбекистан далайд гарцгүй, байгалийн баялгийн арвин нөөцтэй, 2,700 гаруй орд газар илрүүлж, 60 гаруй төрлийн эрдэс баялаг олборлодог. Алтны нөөцөөр дэлхийд дөрөвт, олборлолтын хэмжээгээр долоодугаарт ордог юм.

Морин хуур найрал хөгжим, Узбекистаны Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал Ташкент хотноо хамтран тоглолоо

2024.06.26. Үзбекистан Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал хөгжим Ташкент хотноо хамтын уран бүтээлээ толилууллаа. Морин хуур найрал хөгжим анх удаа Ташкент хотноо тоглож байгаа бөгөөд энэ хамтарсан тоглолт хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг харуулж буй юм. Уламжлал, соёл, амьдралын хэв маяг нь хоорондоо ижил төстэй хоёр орон түүх, урлаг, соёлын өвөө харилцан судалж, хамгаалж байх нь зүйтэйг Үзбекистаны Шадар сайд Ж.Ходжаев онцлоод, Узбекистанд зохион байгуулдаг урлаг, соёлын олон арга хэмжээнд Монголын уран бүтээлчид тогтмол оролцдогт талархав. Монгол, Узбекийн шилдэг бүтээлийг хоршиж толилуулсан тоглолтыг Узбекистаны төр, засаг, нийгэм, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, тус улсад суугаа гадаадын улсуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, монгол, узбек иргэд зэрэг 1,800 гаруй хүн үзэж сонирхлоо. Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо 3000 гаруй, дэлхийн улсаадад 600 гаруй удаа тогложээ. Үндэснийхээ урлагийг сурталчлан таниулахад оруулсан хувь нэмэр, гавьяаг нь төр үнэлж Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээн, энэ онд өргөтгөж Морин хуур найрал хөгжим болгосон юм. Найрал хөгжмийн хамт олон Японы NHK телевизийн концертын их танхим, НҮБ-ын төв байр, Сиднейн дуурийн театр, Парис хотын Версалийн ордны Хааны дуурийн театр, Нант хотын Консерваторын Дебюсси танхим, Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхим зэрэгт Монголын сайхан орон бүтээлээ толилуулж байсан түүхтэй.