12 сар 21, 2024

Mонгол, Оросын харилцаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав

2019.09.03. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхав. Уулзалтын үеэр манай улсад албан ёсны айлчлал хийж,  Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд оролцож байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа шинэ түвшинд гарч Иж бүрэн стратегийн түншлэлд хүрч байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэв. Цаашид Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж манай улсын ОХУ-д гаргах экспортын хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахын төлөө байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэх боломж байгаа гэж үзэж байгаагаа тэмдэглэж монголын эдийн засгийг төрөлжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

2019.11.29. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Москва хотноо болох Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь сэдэвт бизнес форум болон Монголд үйлдвэрлэв бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болно гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

2019.12.03. ОХУ. Mосква хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр 2019.12.03-ны өдөр Москва хотын Внуково олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр газардлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Внуково олон улсын нисэх буудалд Оросын талаас Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов тэргүүтэй төлөөлөгчид угтан авч Москва хотын хүндэт харуулын гарнизон жагсаж хүндэтгэл үзүүлэв. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний ОХУ-д 9 жилийн дараа хийж буй албан ёсны айлчлал бөгөөд хоёр улс Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг байгуулж стратегийн түншлэлээ ахиулсны дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцож хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. 2019.12.04-ний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотноо зохион байгуулагдах Монгол-Орос, Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь сэдэвт бизнес форумд үг хэлж, Монголд үйлдвэрлэв бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно гэжээ.

Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар тохиролцов

2019.12.05. ОХУ. Mосква хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм.  Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй гэлээ. Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар олон жил яригдсан ч ажил хэрэг болоогүй байсныг ийнхүү эцэслэж хоёр тал Санамж бичиг байгууллаа. Хоёр улсын судалгааны ажлын хэсгүүд одооноос эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг ажлаа эхлэх юм. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэнэ гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Газпромын тэргүүн Алексей Миллертэй уулзлаа

2019.12.03. ОХУ. Mосква хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр 12 дугаар сарын 3-ны өдөр Москва хотын Внуково олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр газардав. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ОХУ-ын байгалийн хийн Газпром төрийн өмчит компанийн тэргүүн Алексей Миллер бараалхаж, албан ёсны уулзалт хийв. 2019 оны енгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос-Хятадыг холбох хийн хоолойн төслийг хэрэгжүүлэгч төрийн мэдлийн Газпром компанийн тэргүүн Алексей Миллертэй уулзаж, хийн хоолой дамжуулах дараагийн чиглэлийг Монгол Улсын нутгаар дамжуулан тавих ажлыг судлаж үзэх тухай зааварчилгааг өгч байжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар утсаар ярив

2021.07.09. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярив. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв. Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлэв. Монгол, Оросын төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцаа хэвийн үргэлжилж буйг тэмдэглэж, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал жилийн турш өргөн хүрээнд тэмдэглэж буйн ач холбогдлыг өндрөөр үнэлж, оны үлдсэн хугацаанд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх зорилтын хүрээнд УБТЗ ХНН-ийг шинэчлэн хөгжүүлэх, шинэ чиглэлийн төмөр зам барих, эрчим хүчний төслүүд зэрэг томоохон төслийн хэрэгжилтийг урагшлуулах, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг эрчимжүүлэх нь зүйтэй гэж санал нэгдэв. Монгол, Орос, Хятадын эдийн засагт ахиц гарч буйг тэмдэглэж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа төрийн тэргүүн нар илэрхийлэв. Төрийн тэргүүн нар цаашид ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж биечлэн уулзахаар тохиролцов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх есдүгээр сард цахим хэлбэрээр болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урив.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож үг хэлэв

2021.09.03. ОХУ. Владивосток. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин, Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Юуны өмнө Дорнын эдийн засгийн чуулганд намайг урьсан ОХУ-ын Ерөнхийлөгч Танд талархал илэрхийлэхийг хүсч байна. 2015 оноос эхлэн зургаан удаа зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн олон улсын чуулга уулзалтад Монгол Улс дөрөв дэх удаагаа төрийн тэргүүний түвшинд оролцож байна. Энэ нь Монгол Улс тус чуулганд өндөр ач холбогдол өгч байдгийн нотолгоо төдийгүй цаашид бүс нутгийн орнуудтай үр бүтээлтэй, харилцан ашигтай хамтран ажиллах гэсэн чин эрмэлзлэлийн илэрхийлэл юмаа. Дорнын эдийн засгийн чуулганд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, зөвхөн эдийн засаг, бизнесийн төдийгүй улс төр, нийгэм, шинжлэх ухааны салбарын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй төлөөлөгчид дэлхийн хөгжил, геополитикийн тогтвортой байдал, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцдог талбар болж, Ази, Номхон далайн бүс нутаг дахь нэр хүнд бүхий яриа хэлэлцээний механизм болон төлөвшиж байгаа учраас бодит үр өгөөж нь цаашид ч нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хувьсан өөрчлөгдөж буй ертөнц дахь Алс Дорнодын шинэ боломж сэдэвт өнөөгийн энэ чуулга уулзалт дэлхий даяараа нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах шинэ шийдлүүдийг нийтээр хайж буй энэ цаг үед болж буйгаараа ач холбогдолтой юм. Иймд тус чуулган Алс Дорнод, Ази, Номхон далайн бүс нутаг дахь хямралын эсрэг шинэ боломжуудыг нээх, бүс нутгийн хэмжээнд эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрийг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Энэ онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Түүхэн баялаг замыг туулсан манай хоёр улсын бүх талын хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн агуулгаар цаашид улам баяжин бэхжиж, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна гэж үзэж байна. Манай улсын мөнхийн хоёр хөрш болох ОХУ болон БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл билээ. Ард түмнүүдийн найрамдал, харилцан ойлголцолд суурилсан бидний түншлэл бүх салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй юм. ОХУ-ын Их Евразийн түншлэл болон БНХАУ-ын Бүс ба зам санаачилгыг Монгол Улс анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч эрчимтэй хамтран ажиллах, нэн ялангуяа манай бүс нутгийг хамарсан дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль экологийн доройтлыг сэргээх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдэд оролцох, хамтран ажиллах хүсэлтэй байдаг.

Монгол Улс эдийн засгаа сэргээх хүрээнд өнгөрсөн 2020 онд манай улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын баталсан Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, онцгойлон дэмжиж байна. Энэ хүрээнд Алс Дорнод болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтран ажиллахад баяртай байх болно. Хатагтай, ноёд оо Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том улстай хиллэдэг өвөрмөц байршилтай орон. Монгол Улсын худалдаа, эдийн засгийн салбар нь манай хоёр хөршөөс ихээхэн хамааралтай бөгөөд бидний хувьд дээрх хоёр улстай явуулж буй эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг билээ. Монгол Улс бол далайд гарцгүй хөгжиж буй дэлхийн 30 орны нэг юм.

Иймд Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа Транзит Монгол Улс болох зорилтыг тавьж байна. Монгол Улс дэлхийн бусад улс орны нэгэн адил худалдаа, эдийн засгийн томоохон хүндрэл, сорилттой тулгарч байгаа хэдий ч энэ оны эхний байдлаар манай улсын эдийн засаг үе шаттай сэргэх хандлагатай байна. 2017-2019 онд Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн дунджаар зургаан хувийн өсөлттэй байсан. Мөн энэ хугацаанд гадаад худалдааны тэнцэл 1-2 тэрбум ам.долларын ашигтай, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2-3 тэрбум ам.долларын түвшинд тогтвортой хадгалагдаж, Монгол Улсын өрийн удирдлага мэдэгдэхүйц сайжран, Зээлжих зэрэглэл дээшлэх, гадаад валютын албан нөөц зохистой түвшинд хүрч нэмэгдэх, валютын ханшийн хэлбэлзэл тогтворжих, инфляци зорилтот түвшинд хадгалагдах таатай нөхцөл бүрдсэн байсан. Харин глобал эдийн засгийн идэвхжил саарсан 2020, 2021 онд Монгол Улсын эдийн засаг мөн томоохон сорилттой тулгарсан бөгөөд энэхүү сорилтыг давахын тулд мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлого, хямралын эсрэг чиглэсэн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн дэлхийн бусад орнууд, гадаад ба дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, үндэстэн дамнасан корпорацуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, манай эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхайгаас гадна экспортын чиг баримжаатай үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, байгалийн хий, газрын тос боловсруулах зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Алс Дорнодын бүс нутаг нь байгалийн асар их баялагтай бөгөөд Зүүн Азийн бүс нутаг дахь худалдаа, эдийн засгийн чухал төв болж байна. Дэлхийн олон улс орны хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Алс Дорнодын бүс нутгийг сонирхож, хөрөнгө оруулалтыг түлхүү хийх боллоо. Манай улс ч уг бүс нутагт хамтран ажиллах боломжийг судлах, эдийн засгийн үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор Владивосток хотод Худалдааны төлөөлөгчийн газраа байгуулсан нь худалдаа, эдийн засгийн цаашдын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.Тус Худалдааны төлөөлөгчийн газар нь Монгол Улсын Алс Дорнодын бүс нутаг дахь худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн тэлэх, дэлхийн улс орнууд, тэр дундаа Зүүн болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудад бараа бүтээгдэхүүнээ усан замаар экспортлох, тэдний барааг импортлох, хөрөнгө оруулалт татах, бүс нутаг дахь зах зээлийн судалгааг хийж хэрэгжүүлэх болно.

Монгол Улс нь Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд анхаарал хандуулсаар ирсэн. Одоогийн байдлаар Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар судалж байна. Гадаад худалдаанд тулгарч буй хориг саадыг бууруулах, манай улсаас бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалд оролцох оролцоонд ийм төрлийн хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж бид үзэж байна. Алс Дорнодын эдийн засгийн харилцааны чиглэлээр Орос, Монгол, Хятад гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрийн талаар дурдахыг хүсэж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд төмөр зам, авто замын коридорыг шинэчлэх, шинээр барьж байгуулах, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хөрш орнуудтайгаа хамтран ажиллаж байна. Тухайлбал, байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн Техник, эдийн засгийн үнэлгээний ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд энэ нь Алс Дорнодын бүс нутаг дахь нэн чухал бүтээн байгуулалтын нэг болно. Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг. Иймд Орос-Хятад, Ази-Европын хооронд хийгдэж буй худалдаа, бараа бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улсын энэхүү газар зүйн таатай байршлыг ашиглан худалдаа, тээвэр логисткийн сүлжээ, ачаа тээврийн  урсгалыг бий болгох нь бүс нутгийн хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Монгол Улс худалдаа, тээврийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого барьж, энэ хүрээнд шинэ төмөр замын сүлжээ барих, авто замын сүлжээг өргөжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, бүс нутгийн тээвэр, логистикийн төв шинээр барих зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Цаашид Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, Өвөрбайгалын хязгаараас Монгол Улсын дорнод хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын зүүн коридор барих, Тува Улсаас Монгол Улсын баруун хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын баруун коридор барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг яаравчлах хэрэгтэй байна.

Эдгээр бүс нутгийн болон үндэсний хэмжээний, үр ашигтай, ирээдүйтэй, хөгжлийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улс та бүхэнтэй хамтран ажиллахад нээлттэй байна гэжээ. Хатагтай ноёд оо, Бид байгаль, экологийн асуудалд өнөөдөр анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ авахгүй бол байгаль орчны доройтол, цаг уурын онцгой аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж, улмаар улс орнуудын эдийн засгийн тогтвортой хөгжил, хүмүүний амьдрах орчинд асар их хохирол учруулж, аюулын харанга дэлдэж байна. ОХУ-ын Якутад гарсан ойн түймрийн утаа манай улсын нийслэл Улаанбаатар хотод төдийгүй Хойд мөсөн далай хүртэл тархаж, Монгол Улсад дэгдсэн шороон шуурга Хятад, Япон, Солонгос төдийгүй Номхон далайн ай сав газарт хүрч байна. Хаяа нийлүүлэн амьдардаг орнуудын хувьд гамшгаас хамгаалах, урдчилан сэргийлэх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллаж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал гэдэгтэй Та бүхэн санал нэгдэнэ гэдэгт итгэж байна. Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд бүсийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний холболтыг хөгжүүлэх явдал чухал байна. Монгол Улс эрчим хүчний дотоод хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ эрчим хүч экспортлогч орон болох зорилт тавиад байгаа бөгөөд энэ хүрээнд Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, манай улсад усан цахилгаан станц барих төслүүдийг хэрэгжүүлэхэд бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллах санаачилга дэвшүүлээд байна. Хүн амын шилжилт хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдлын алдагдал, бичил биетийн хувьсал зэрэг олон хүчин зүйлс мал, амьтнаас хүнд халдварлах шинэ болон сэргэж байгаа халдварын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Хил дамнасан халдварт өвчний аюул занал улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед бүс нутгийн хамтын ажиллагааг өргөтгөх ажлын хүрээнд нэн тэргүүнд мэдээлэл шуурхай солилцох механизмыг боловсронгуй болгох, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нь ирээдүйн цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах бэлэн байдлын чадавхийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь эдийн засгийн өсөлт, эргэлтийг хангах боломжийг бүрдүүлэх тул цаашид энэ чуулганаар биологийн аюулгүй байдал, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг хийж байх санал дэвшүүлж буйг хүндэт зохион байгуулагчид болон оролцогчид анхааралдаа авахыг хүсье. Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо. Жил бүр зохион байгуулах Ази, Номхон далайн орнуудын хөгжил дэвшил, тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны талаар санаа бодлоо солилцох сайхан боломж олгодог Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байгаа Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголчууд бид энэ чуулганаас олон сайхан ажил хэрэгч санаа сонсож, бас өөрсдийн санаа бодлоо Та нөхдөд хүргэхийг хичээлээ. Чуулганыг зохион байгуулагч оросын талд болон намайг чуулганд оролцохыг урьсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Танд гүн талархал илэрхийлье. Анхаарал тавьсанд баярлалаа гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга В.В.Герасимов бараалхав

2021.11.30. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд  ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Монгол, Оросын ард түмэн дайны хүнд үе, энх цагийн бүтээн байгуулалтад хамтдаа байж ирснийг тэмдэглэв. Жанжин штабын даргын айлчлал хоёр орны батлан хамгаалах салбар, тэр дундаа Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгааг хэлэв. Харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов илэрхийллээ. Тухайлбал Монгол Улсын цэргийн алба хаагчдыг цэргийн академи, их, дээд сургуульд сургаж бэлтгэхийн зэрэгцээ жил бүр Cэлэнгэ хамтарсан хээрийн сургууль зохион байгуулдгийг хэлэв. Уулзалтын үеэр хоёр орны цэрэг, цэрэг техникийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

2021.12.14. Mонгол Улс.Улаанбаатар хот. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахаар эх орноосоо мордлоо

2021.12.14. Mонгол Улс.Улаанбаатар хот. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх албан ёсны айлчлал 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд үргэлжилнэ гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотноо хүрэлцэн очив

2021.12.15. ОХУ. Mоcква хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр тус улсын нийслэл Москва хотноо хүрэлцэн очив. Монгол Улсын Ерөнхийлөгчийг олон улсын Внуково-2 нисэх онгоцны буудалд Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд И.В. Моргулов зэрэг албаныхан угтан авав. Монгол Улсын Ерөнхийлөгчид Хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд Монгол Улс, Оросын Холбооны Улсын Төрийн дуулал эгшиглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021.12.16-ны өдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр мөн Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна гэжээ.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргалаа

2021.12.16. ОХУ. Mосква хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо хэлэлцээ хийж, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргалаа. Монгол Улс, Оросын Холбооны Улс (цаашид Талууд гэх),

  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва хотноо 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийсэн хэлэлцээний үеэр Монгол, Оросын харилцааны түүхэн ач холбогдол, өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөвийн талаар өргөн хүрээнд санал солилцсон үр дүнг харгалзан,
  • улс хоорондын харилцааны түүхэн дэх Монгол, Оросын ард түмний зуун жилийн найрамдал, сайн хөршийн харилцааны онцлог шинж чанарыг тэмдэглэн,
  • Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хамтын тэмцэл, Ардын хувьсгал, Халх голын байлдаан болон Аугаа их Эх орны дайн, Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд бэхэжсэн ахан дүүсийн дайчин нөхөрлөл, харилцан тусламж үзүүлж ирсэн гэгээн сайхан уламжлалыг үндэс болгон,
  • хоёр талын нягт хамтын ажиллагаа нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлэх үндэс суурь болсныг тэмдэглэн,
  • түүх, соёл, зан заншлаа харилцан хүндэтгэж, хоёр ард түмний найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэн,
  • бүрэн эрхт улсууд эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр орчин үеийн нөхцөл байдалд нийцсэн улс төрийн яриа хэлэлцээг хөгжүүлэн,
  • батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг эрмэлзэн,
  • худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэг, байгаль орчныг хамгаалах салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр талын шугамаар болон олон улс, бүс нутгийн байгууллагуудын хүрээнд өргөжүүлэхийг зорин,
  • бүс нутгийн болон дэлхий нийтийн гол асуудлуудаар ижил буюу төстэй байр суурьтай байдгаа үндэслэн,
  • хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хугацаагүйгээр хөгжүүлж, дараагийн зуунд хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэхийг зорин дараах зүйлсийг тунхаглаж байна:
  • Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ” нь хоёр талын харилцааг чанарын шинэ түвшинд гарган хугацаагүй хэрэгжихийг баталгаажуулсан бөгөөд Монгол, Оросын хамтын ажиллагааг уламжлалт найрамдал, итгэлцэл, сайн хөршийн харилцаа, төрийн бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, бие биеийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмуудын дагуу цаашид хөгжүүлэх бат бөх эрх зүйн үндэс суурийг бүрдүүлснийг Талууд онцлон тэмдэглэв.
  • Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсэн нь хоёр орон, ард түмний найрамдал, сайн хөршийн харилцаа, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, энэхүү гэгээн сайхан уламжлалыг үеэс үед дамжуулах Монгол, Оросын харилцааны цаашдын хөгжлийн эрх ашигт нийцсэн олон нийтийн дэмжлэгийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан ажил болсныг Талууд тэмдэглэв.
  • Талууд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх 2016 оны дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, шинэ хөтөлбөр боловсруулах хэрэгцээ шаардлагыг судлах нь зүйтэй гэж үзэв.
  • Талууд хоёр талын улс төрийн байнгын хэлхээ холбоо, ялангуяа өндөр, дээд түвшний харилцааг тогтмол хадгалах нь хамтын ажиллагаанд түлхэц үзүүлэх ач холбогдолтойг тэмдэглэв.
  • Талууд Монгол Улсын Их Хурал болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, парламент хоорондын харилцааны механизмуудыг хууль тогтоох үйл ажиллагааны туршлага солилцоход идэвхтэй ашиглахад бэлэн байгаагаа нотлов.
  • Талууд цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн болохыг тэмдэглэж, цэрэг-техникийн туслалцаа үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, түүнчлэн цэргийн төлөөлөгчдийн солилцоо, хамтарсан сургуулилт, соёл, спорт, хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулах замаар батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
  • Талууд Халх голын байлдаан, Аугаа их Эх орны дайн болон Дэлхийн хоёрдугаар дайнд байгуулсан ялалтад зориулсан хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, эдгээр үйл явдлыг судлах, дурсгалыг нь мөнхжүүлэх санаачилгуудыг дэмжиж, түүхийг гуйвуулах, нацизмыг алдаршуулах явдал гаргахгүй байх арга хэмжээ авна.
  • Талууд хоёр улсын прокурор, шүүх, хууль сахиулах, хил хамгаалах байгууллагууд болон тусгай албадын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.
  • Талууд түлш, эрчим хүч, геологи, уул уурхай, дэд бүтэц, тээвэр, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа, түүний дотор банк, санхүүгийн байгууллага хоорондын яриа хэлэлцээг урагшлуулах, харилцан ашигтай хөрөнгө оруулалтын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс, түүний дэд комисс, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж байна.
  • Талууд эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, эдгээр харилцааг чанарын шинэ шатанд гаргахад чиглэсэн санаачилгуудыг дэмжих шаардлагатайг хүлээн зөвшөөрөв.
  • Талууд “Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1994 оны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол” байгуулсныг сайшааж, боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаа нотлов.
  • Монгол, Оросын хилийг шалгах ээлжит ажлыг хэрэгжүүлэх хоёр талын хамтарсан комисс байгуулагдаж, тус комисс нь ажлаа 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөж буйг Талууд сайшааж байна.
  • Талууд онцгой байдал, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах, тэр дундаа хамтарсан сургуулилт хийх, тулгамдсан чухал асуудлуудаар мэдээлэл, туршлага харилцан солилцох, мэргэжилтнүүдийг бэлтгэх замаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ.
  • Талууд Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т үндэслэн бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд цаашид ч дэмжлэг үзүүлнэ.
  • Талууд хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, замын шинэчлэлийг цаашид хийх, түүнд суурилж хил дамнасан төмөр замын коридорыг хөгжүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус нийгэмлэгт бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов.
  • Талууд Оросын Холбооны Улсын үл хөдлөх хөрөнгийн өмчийн эрхийг хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүртгэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт газар ашиглах Оросын Холбооны Улсын эрхийг шинэчлэн бүртгэх үйл явцыг аль болох хурдан хугацаанд дуусгахын тулд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах болно.
  • Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, бие биенийхээ ашиг сонирхлыг харгалзан үзэж, харилцан хүндэтгэх үндсэн дээр хил дамнасан усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалахад нягт хамтарч ажиллахыг эрмэлзэнэ.
  • Талууд боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын шууд харилцааг хөгжүүлэхийг зорьж, Монголын боловсон хүчнийг ОХУ-д сургах, орос хэлний сургалтыг Монгол Улсад өргөжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Монгол Улсад орос судлал, ОХУ-д монгол судлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана.
  • Талууд орчин үеийн технологийн дэвшлийг ашиглах, инновацыг хөгжүүлэх зорилгоор эрдэмтэн, мэргэжилтэн, оюутан харилцан солилцох зэргээр шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Талууд нийгэм, соёлын сэдэвчилсэн арга хэмжээ, концерт, үзэсгэлэн, уран бүтээлийн уулзалт зохион байгуулах замаар хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэхийг эрмэлзэнэ.
  • Талууд хүүхэд, залуучуудын солилцооны хөтөлбөрүүдийн өгөөж боломжийг нэмэгдүүлнэ.
  • Талууд эрүүл мэнд, нийгмийн болон хүмүүнлэгийн салбарын, түүний дотор хоёр улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах, байгалийн голомтот болон бусад халдварт өвчинтэй тэмцэх, анагаах ухааныг хөгжүүлэх, эрүүл мэнд, эм зүйн салбарын мэргэжилтэн сургах, давтан сургах чиглэлээр туршлага солилцоход чиглэсэн хэлхээ холбоог улам бэхжүүлнэ.
  • Талууд шинэ төрлийн коронавируст халдварын тархалтыг зогсоох чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хоёр орны тээврийн харилцааг сэргээхэд шаардлагатай хүчин чармайлт гаргаж, цар тахал дууссаны дараа худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг аль болох түргэн, бүрэн сэргээх боломжийг эрэлхийлж ажиллана.
  • Талууд 2015 онд байгуулсан Монгол Улс, ОХУ, БНХАУ хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглал болон 2016 онд байгуулсан Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрийн хэрэгжилтийг Монгол, Орос, Хятадын энэхүү ирээдүйтэй гурван талт цогц хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх үүднээс идэвхжүүлнэ.
  • Талууд Ази, Европын хооронд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд Монгол, Оросын газарзүйн ашигтай байршлын давуу байдлаа бүрэн дүүрэн ашиглахын тулд энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх сонирхлоо нотлов.
  • Талууд ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлнэ.
  • Талууд дэлхийн болон бүс нутгийн олон асуудлаар хандлага ойролцоо байдгийг тэмдэглэж, олон улсын байгууллага болон бүс нутгийн тавцан дахь хоёр талын хамтын ажиллагааны түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
  • Талууд гадаад бодлогын уялдааг бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох зорилгоор тогтмол хийдэг хоёр талын зөвлөлдөх уулзалтуудыг үргэлжлүүлнэ.
  • Талууд олон улс болон бүс нутгийн үйл хэргийн хүрээнд нөгөө Талын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нийгмийн дэг журамд хохирол учруулахуйц алхам хийхгүй гэдгээ нотлов.
  • Талууд Нэгдсэн үндэстний байгууллага, Ази-Европын уулзалт (АСЕМ), Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ), АСЕАН-ы Бүс нутгийн чуулга (АРФ), Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) зэрэг олон улсын байгууллага, механизмын хүрээнд хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов.
  • Монголын тал Их Евразийн түншлэл байгуулах санаачилгыг дэмждэгээ илэрхийлэв.
  • Талууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаа, түүний дотор эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, мэдээлэл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн механизмууд дахь Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
  • Талууд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан судалгааны ажлын хэсгийн ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ганцаарчилсан уулзалт эхэллээ

2021.12.16. ОХУ. Mосква хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ганцаарчилсан уулзалт эхэллээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд харилцан айлчлал зохион байгуулж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх цаг үе ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо. Мөн Транзит Монгол болох зорилт тавьснаа дурдаж, 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын нутгаар дамжуулан хийн хоолой тавих төслийг Ерөнхийлөгч В.В.Путинтай ярилцаж шийдвэрлэсэн нь амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэв. Мөн Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд эрчим хүчний коридор бий болгох шаардлагатай байгааг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлал амжилттай болж, өндөр үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин илэрхийлэв. Эдийн засгийн хамтын ажиллагаа 2020 онд 20 хувиар буурсан ч энэ оны эхний гурван улирлын байдлаар 25 хувиар нэмэгдсэн бөгөөд цаашид өмнөх түвшинд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ганцаарчилсан уулзалт хаалттай хэлбэрт шилжин үргэлжилж байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар дараа нь хэлэлцээ хийж, хамтарсан тунхаглал гаргана.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийв

2021.12.16. ОХУ. Mосква хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021.12.16-ны өдөр Москва хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийв. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцааны өнгөрч буй зуун жилийн өрнөл, явцыг дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, шинэ зууны хамтын ажиллагааны замын зураглалын талаар ойлголцолд хүрэв. Монгол, Оросын ард түмэн бүтэн зууны туршид ойр дотно, сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирсэн нь улс орны харилцааны түүхэнд ховор тохиолдох, хөрш зэргэлдээ орнуудын харилцаанд үлгэр жишээ болохуйц онцлог шинж чанартай гэж үзэж буйгаа төрийн тэргүүн нар илэрхийлэв. Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд талууд өндөр ач холбогдол өгч, тусгай төлөвлөгөөний дагуу оны турш өргөнөөр тэмдэглэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, шинэ зуунд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов. Хэлэлцээний үеэр улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Салбаруудын харилцааг цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлж, чанарын шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нь чухал болохыг тэмдэглэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал үйлчилгээний зангилаа болсон Транзит Монгол болох зорилт тавьж буйг тэмдэглэж, төмөр зам, авто замын томоохон төслүүдэд оросын талыг хамтран ажиллахыг урив. Талууд Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэхээ илэрхийлэв. Төрийн тэргүүн нар хоёр улс эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбар, газрын тосны бүтээгдэхүүн худалдааны чиглэлээрх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцов. Монголд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдэгт найдаж буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлэв. Төрийн тэргүүн нар ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотлов. Түүнчлэн “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал болохыг тэмдэглэв. Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний  талаар мэдээлж, оросын талтай идэвхтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарьж ургуулах хөдөлгөөний хүрээнд ажиллах боломжийг судлах үүргийг өгөхөө илэрхийлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгч, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргаснаа зарлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар хамтарсан мэдэгдэл хийв

2021.12.17. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хамтарсан мэдэгдэл хийлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин: Бид Монголын нөхөдтэйгөө найрсаг түншлэлийг хөгжүүлэх сонирхолтой нь мэдээжийн хэрэг. Хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа маань дээр үеийн үүх түүхтэй. Бидний дипломат харилцаа албан ёсоор тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улс байсан гэдгийг онцлон хэлье. Тэртээх үеэс Орос, Монголын хамтын ажиллагаа бэхжиж, бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан хөгжиж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээний дүнгээр улс төрийн тунхаглал гаргалаа. Энэхүү баримт бичиг нь 2019 онд гарын үсэг зурсан хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг хөгжүүлэхэд чиглэсэн. Тунхаглалд хоёр талын харилцааг бүх чиглэлээр цаашид гүнзгийрүүлэх тодорхой чиглэлүүдийг тусгасан. Түүнчлэн айлчлалын үед талууд худалдаа, олон салбарыг хамарсан Засгийн газар хоорондын болон яам, агентлаг хоорондын баримт бичгүүдийг боловсруулж гарын үсэг зурна. Оросын Холбооны Улс бол Монгол Улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг. Aмаргүй нөхцөлийг үл харгалзан, энэ оны есдүгээр сарын байдлаар манай худалдааны эргэлт 24 хувиар нэмэгдсэн. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс үр дүнтэй ажиллаж байна. Энэ оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо болж өнгөрсөн комиссын ээлжит хуралдаанаар дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, цахим технологи зэрэг салбарын хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөг гаргасан. Улаанбаатар төмөр зам бол хоёр улсын хамтарсан гол чухал, амжилттай хөгжиж буй арилжааны том төсөл юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр талын ачаа тээвэрлэлт 15 сая тонноос 30 сая тонн болон өсөж, хоёр дахин нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд төмөр замыг шинэчлэх, өргөтгөх, Улаанбаатар төмөр замын тогтвортой байдлыг хангах талаарх ажил Оросын Холбооны Улсын дэмжлэгтэйгээр хийгдсэн. Тухайлбал, тээвэрлэлтийн тарифын индексжүүлэлтийг цаг тухайд нь тогтворжуулж, 1990-ээд оны зээлийг зохицуулах төлөвлөгөөг гаргаж, газар эзэмшилтийн хуучин асуудлыг шийдвэрлэв. Монгол Улсаар дамжуулан ачааг төмөр замаар тээвэрлэх нь улам үр ашигтай болно гэж найдаж байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцав. Оросын Холбооны Улс нь Монгол Улсын эрчим хүчний найдвартай нийлүүлэгч бөгөөд тус улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 80 хувийг хангаж байна. Оросын эрчим хүчний компаниуд Монгол Улстай хамтран ажиллах, тэр дундаа Монголын шатах, тослох материалын зах зээл дэх орон зайгаа тэлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд Роснефть компани Улаанбаатарын олон улсын нисэх онгоцны буудал дахь түлш цэнэглэх шинэ цогцолборын операторын хувьд бүртгүүлэхээр ажиллаж байна. Ойрын хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих байгалийн хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болно. Ажил амжилттай урагшилж байгаа. Энэхүү хоолой нь Оросын Сибирийн хүч-2 хийн хоолойн үргэлжлэл болох боломжтой. Хамгийн оновчтой чиглэл, уртыг нь тодорхойлоод байна. Өнгөрсөн онд манай улсын компаниуд Улаанбаатар хотын Дөрөвдүгээр цахилгаан станцын шинэчлэлийг амжилттай хийсэн. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний системийн хүчин чадлыг 15 хувиар нэмэгдүүлэв. Гуравдугаар дулааны цахилгаан станцыг шинэчлэх өөр нэг  хамтарсан төслийг боловсруулж байна. Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах ирээдүй байгаа. Монгол Улсад аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн салбарыг хөгжүүлэх үүднээс Цөмийн шинжлэх ухааны төв байгуулж, судалгаа хийх боломжийг судалж байгаа. Орос, Монгол хоёр улс цаашид байгаль орчныг хамгаалах чиглэлд чухал төслийг хамтран хэрэгжүүлнэ. Тухайлбал, ЮНЕСКО-гийн өв хэмээн бүртгэгдсэн Байгал, Тарь нууруудын өвөрмөц экологийн системийг бүрдүүлэх хил дамнасан гол мөрнийг хамгаалахад хамтран ажиллана. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсад хийж буй анхны айлчлалаа Оросын Холбооны Улсаас эхлүүлж буйд баяртай байна гэв. Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд гадаад улсад хийж буй анхны айлчлалаа Оросын Холбооны Улсаас эхэлж байгаадаа баяртай байна. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр орны харилцааны түүхт 100 жилээ дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, ирж буй шинэ зууны харилцаа, хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхойлсон түүхэн ач холбогдолтой айлчлал болж байна. Эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэл, эх орны дайны он жилүүд, энх цагийн их бүтээн байгуулалтын үед ч Монгол, Оросын ард түмэн хамтдаа байж, харилцан туслалцаж хамтдаа хөгжиж ирсэн гэгээн сайхан уламжлалыг хоёр улсын төрийн тэргүүн нар бахархан тэмдэглэж, бүрэн эрхт улсууд эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр орчин үеийн нөхцөл байдалд нийцсэн улс төрийн яриа хэлэлцээг хөгжүүлэхээ илэрхийлж байна. Бүтэн зууны туршид ойр дотно, сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн манай хоёр орны найрамдал, нөхөрлөл бол улс орны харилцааны түүхэнд ховор тохиолдох, хөрш зэргэлдээ орнуудын харилцаанд үлгэр жишээ болохуйц онцлог шинж чанартай түүхэн уламжлалт харилцаа билээ. Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад 2019 онд хийсэн айлчлалын үеэр хоёр тал Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг хугацаагүйгээр байгуулсан. Энэ нь манай хоёр орны шинэ зууны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэхийн үндэс суурь болж байгааг хоёр улсын төрийн тэргүүн нар дахин нотоллоо. Манай хоёр улс эрчим хүч, нефть шатахуун, байгалийн хий, зам тээвэр, харилцаа холбоо, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчин, худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломж байна. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээг далайцтай нэмэгдүүлж, шинэ шатанд гаргах шаардлагатай гэж бид санал нэгтэй үзэж байна. Айлчлалын хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, төмөр замын томоохон төслүүдэд оросын талыг идэвхтэй хамтран ажиллахыг урьж, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа манай тал илэрхийллээ. Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, хоёр улсын хил дамнасан хамтын ажиллагааны бүс байгуулах талаар харилцан санал солилцлоо. Талууд 2016 онд байгуулсан Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих 3 улсын хамтарсан төслийн ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл хангалуун байна. Ази, Европын хооронд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, Транзит Монгол болох зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, хил дамнасан төмөр зам, авто зам, эрчим хүчний шинэ коридор бий болгох талаар идэвхтэй хамтран ажиллахаар санал солилцлоо. Манай хоёр улсын хооронд соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлал бий. Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны квотыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнд талархаж байна. Манай хоёр улс бүс нутгийн хамтын ажиллагааны механизм, олон улсын байгууллагын хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирсэн уламжлалтай. Хоёр тал НҮБ, АСЕМ, ШХАБ зэрэг байгууллагын хүрээнд цаашид ч нягт хамтран ажиллахаа нотоллоо. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины дэвшүүлсэн Их Евразийн түншлэл байгуулах санаачилгыг Монголын тал дэмжиж, бүс нутгийн худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Оросын Холбооны Улсад хийж байгаа айлчлалын хүрээнд Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглалыг гаргаж, хилийн боомт, гааль, оюуны өмч, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж байна. Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цар тахлын амаргүй нөхцөлд ч урагшлан хөгжиж байна. Цаг үеийн сорилт, бэрхшээлийг аль болох хурдан даван туулж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, шинэ агуулгаар баяжуулан харилцан ашигтай хөгжүүлэхийн төлөө байгаагаа дахин нотолж байна. Миний бие өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна. Манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан шинэ түвшинд гаргахад хүчин чармайлт гаргаж буй эрхэм хүндэт Владимир  Владимирович Танд болон агуу түүхт, мөнхийн хөрш Оросын ард түмэнд, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановтой уулзав

2021.12.15. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад хийж буй айлчлалын үеэр Сангийн сайд Б.Жавхлан ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановтой 12 дугаар сарын 15-ны өдөр Москва хотноо уулзалт хийлээ. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хоёр талын санхүү, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ОХУ-ын Сангийн сайдтай ярилцлаа. Монгол Улс, ОХУ-ын санхүүгийн хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн нөхцөл байдал, үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлд талууд анхаарал хандуулж, санал солилцов. Мөн түүнчлэн талууд уулзалтын үеэр санхүүгийн салбарт цаашид хамтран ажиллах төлөвлөгөөгөө тодорхойллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтай уулзав

2021.12.17. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улс /ОХУ/-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал оны туршид өргөн хүрээнд тэмдэглэж, ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-д хийж буй айлчлал амжилттай болж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны зорилт, тэргүүлэх чиглэлийн талаар ойлголцолд хүрч, хамтарсан Тунхаглал гаргасан нь хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал хэсэг болохыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төрийн Думын дарга В.В.Володин нар тэмдэглэж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй хөгжиж байгааг сайшаав. Хоёр улсын парламент хооронд хамтын ажиллагааны шинэ механизм байгуулах талаар ярилцаж буйг ойрын хугацаанд ажил хэрэг болгох нь зүйтэй гэж санал нэгтэй үзэв. Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд бүх салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Төрийн Думын зүгээс дэмжлэг үзүүлэхээ В.В.Володин илэрхийлэв гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтай уулзав

2021.12.17. ОХУ. Mосква хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уулзав.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал оны туршид өргөн хүрээнд тэмдэглэж, ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-д хийж буй айлчлал амжилттай болж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар утсаар ярьж, Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулсан нь айлчлал үр дүнтэй болоход түлхэц үзүүлснийг дурдав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны зорилт, тэргүүлэх чиглэлийн талаар өргөн хүрээний ойлголцолд хүрч, цаашдын хөгжлийн замын зураглалыг гаргасныг онцлон тэмдэглэв. Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цогц байдлаар хөгжүүлэх, шинэ агуулгаар баяжуулах үүднээс Иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр гарган хэрэгжүүлэх нь зүйтэй гэж төрийн тэргүүн нар санал нэгдсэнийг мөн тэмдэглэв. ОХУ-ын Засгийн газар хоёр улсын найрсаг харилцааны уламжлалыг нандигнан үздэг бөгөөд иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж, төлөвлөгөө гарган ажиллахаа Засгийн газрын дарга М.В.Мишустин илэрхийлэв. Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чанарын шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллах нь чухал болохыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын дарга М.В.Мишустин нар тэмдэглэж, үүнд хоёр улсын Засгийн газар хоорондын комисс илүү идэвхтэй ажиллах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв. Харилцааны шинэ зуунд харилцан ашигтай байх зарчмаар эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарын томоохон төслийг хэрэгжүүлэх нь чухал гэж санал нэгдэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан “Транзит Монгол” болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйг тэмдэглэж, Орос, Хятадыг холбох хурдны авто зам, баруун болон зүүн төмөр замын босоо тэнхлэгийн төслүүд, “Богдхан” төслийг хэрэгжүүлэхэд оросын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэх нь чухал болохыг тэмдэглэж, дүрмийн санг нэмэгдүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэхээр тохиролцов. Монгол Улсын эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэх, шинээр байгуулах төслүүдэд хамтран ажиллах боломжийг хоёр улсын аж ахуйн нэгжүүд идэвхтэй эрэлхийлж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв. ОХУ-ын Засгийн газрын дарга хоёр улсын эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх цогц төлөвлөгөө гарган ажиллах үүргийг холбогдох байгууллагууддаа өгч буйгаа тэмдэглэв. Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэх замаар ОХУ-д гаргах махны экспортыг нэмэгдүүлэх саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэвшүүлснийг дэмжиж ажиллахаа Засгийн газрын дарга М.В.Мишустин илэрхийлэв. Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нар ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, холбогдох аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотлов. Түүнчлэн “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь чухал болохыг  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэж, “Тэрбум мод” тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд оросын талтай идэвхтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Монгол Улс, ЕАЭЗХ-ын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны дүнд үндэслэн цаашдын арга хэмжээг тогтохоор Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нар ярилцав. Хоёр улсын соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйг Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нар тэмдэглэж, Монголын боловсон хүчнийг ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцуулах, Монгол дахь орос хэлний сургалтыг бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотай уулзав

2021.12.17. ОХУ. Mосква хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-д хийж буй айлчлал амжилттай болж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны замын зураглалыг тохирч, хамтарсан Тунхаглал гаргасан нь хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко ОХУ-ын Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газрын удирдлага Орос, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар гүнзгийрүүлэх нь чухал гэдэгтэй санал нэгтэй байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэв. Өнгөрсөн зуун жилийн хугацаанд хоёр улс дайны хүнд үе, энхийн бүтээн байгуулалтын аль алинд харилцан ойлголцож, харилцан тусламж үзүүлж ирсэн сайхан уламжлалтай. Цаашид  хоёр ард түмний чин сэтгэлийн, ойр дотно хандлага, ахан дүүсийн харилцааг нандигнаж, үеийн үед уламжлуулан өвлүүлэх нь чухал гэдэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар санал нэгдэв.Мөн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа харилцааны чухал хэсэг болохыг тэмдэглэж, парламент хооронд хамтын ажиллагааны шинэ механизм байгуулах талаар ярилцаж буйг ойрын хугацаанд ажил хэрэг болгох нь зүйтэй гэж санал нэгтэй үзэв. Хоёр улсын парламент бүс нутаг, олон улсын механизмын хүрээн дэх хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх нь чухал болохыг В.И.Матвиенко тэмдэглэв. Талууд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт томоохон хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь чухал гэж үзэв. Айлчлалын мөрөөр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний явцад хяналт тавьж, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн мэдээллийг сонсоно гэдгээ Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко илэрхийлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар соёл, боловсрол, хүмүүнлэг, бүс нутаг, орон нутгуудын шууд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн санал, санаачилгуудыг дэмжихээ тэмдэглэв гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведевтэй уулзав

2021.12.17. ОХУ. Mосква хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведевтэй 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны зорилт, тэргүүлэх чиглэлийн талаар ойлголцолд хүрч, хамтарсан Тунхаглал гаргасан нь харилцааны цаашдын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2019 онд ОХУ-д хийсэн айлчлалын үеэр ярьж тохиролцсон зүйлс өнгөрсөн хугацаанд бодит ажил хэрэг болж байгаад баяртай байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв. Энэ удаагийн айлчлалаар хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхэд хоёр улсын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведев аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа онцолж, уламжлалт болон шинэ төрлийн аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв. Талууд харилцааны дараагийн зуунд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, төмөр зам, байгалийн хийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хоёр улсын ашиг сонирхолд нийцэж байгааг тэмдэглэж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров бараалхав

2022.07.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 07 дугаар сарын 05-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров бараалхав. Монгол, Оросын уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байгааг онцлов. Цаашид хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад талууд анхаарах шаардлагатайг дурдав. Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг уламжлав. Мөн хоёр улсын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзав

2022.09.15. Үзбекистан. Самарканд. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 09 дүгээр сарын 15-ны өдөр болов. Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлд ахиц гаргах талаар хэлэлцлээ. Тухайлбал, Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцов. Түүнчлэн төмөр замын зүүн, баруун коридорыг байгуулах, хил, гаалийн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг харилцан онцоллоо. Гурван улсын хооронд авто тээврийг хөгжүүлэн, Азийн авто замын сүлжээгээр гурван улсын хооронд тээврийг нэмэгдүүлэх талаар ярилцав. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцоллоо. Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, төслийг хариуцсан холбогдох аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах нь чухал гэдэгт талууд санал нэгдэв. Иргэд хоорондын харилцаа, хил дамнасан аялал, жуулчлалыг хөгжүүлэх нь гурван улсын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт Төрийн тэргүүн нар санал нэгдлээ. Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хугацааг таван жилээр сунгасныг Төрийн тэргүүн нар уулзалтын үеэр тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын газарзүйн байршлын онцлогт тулгуурлан олон улсын транзит тээврийг хөгжүүлэх, энэ хүрээнд гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгасан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал байгааг онцлов. Түүнчлэн дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг гурван улсын хүчин чармайлтыг нэгтгэж, байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг уялдуулан, Монгол Улсад хэрэгжиж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх саналыг дэвшүүлэв. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд эдийн засгийн үр өгөөж өндөртэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь Монгол Улсад чухал буйг онцлон тэмдэглэлээ. Энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төслүүдэд хөрш орнуудтай идэвхтэй хамтран ажиллах саналаа илэрхийлсэн бөгөөд энэ чиглэлд шинжээчдийн түвшинд ажиллахаар болов. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан томоохон төслүүд хэрэгжиж эхлээд байгаа энэ үед 2018 онд тохиролцож байсны дагуу Хөрөнгө оруулалтын хамтарсан төвийг Улаанбаатар хотноо байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх саналыг дэвшүүлэв. Үүнээс гадна шинжлэх ухаан, соёл, боловсрол, хүмүүнлэг, аялал жуулчлал, гамшигтай тэмцэх зэрэг гурван улсын хамтын ажиллагааны бусад салбарт анхаарал хандуулах хэрэгтэйг онцоллоо. Талууд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болж, хамтын ажиллагааны олон асуудлаар санал нэгдсэн гэдгээ дүгнэн тэмдэглэв.Монгол Улс 2012 оноос эхлэн ОХУ, БНХАУ-тай гурван талаар эдийн засгийн салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит коридор байгуулах саналыг дипломат шугамаар илэрхийлж ирсний үр дүнд гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах болж, Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан болно. Стратегийн түнш, хөрш орнуудын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, улс төр, эдийн засгийн гурван талт хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх зорилго бүхий энэхүү уулзалтыг 2014 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Уулзалтыг зохион байгуулж эхэлснээс хойш Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг байгуулж, хэрэгжүүлэх чиглэлд гурван талаас томилсон Ажлын хэсгийн дарга нарын уулзалт болон шинжээчдийн түвшний уулзалтыг тогтмол зохион байгуулж ирлээ. Гурван талт яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд гурван улсын дэд сайд нарын уулзалтыг тогтмол зохион байгуулж байна. Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт нь 2019 оноос хойш түр хугацаанд завсардаад байв. Энэ жилийн Төрийн тэргүүн нарын уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин даргалсан бөгөөд ирэх жилийн уулзалтыг БНХАУ-ын дарга, үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч даргална гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевыг хүлээн авч уулзав

2023.01.19. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевыг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн томоохон төслүүдийг урагшлуулах нь нэн чухал болохыг онцлов. Тэрээр хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь харилцааны чухал хэсэг болохыг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссыг шинээр байгуулахаар ажиллаж байгааг сайшаав. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг идэвхжүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих байгалийн хий дамжуулах хоолой, өндөр хурдны автозам, төмөр замын шинэчлэл зэрэг төсөлд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.05.02. Moнгол Улc. Улаанбаатар хот. Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Тэрбээр Монголын төр, засаг ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллахад ихээхэн анхаарал хандуулж байгааг тэмдэглэв. Мөн нэгэн зууны түүхтэй харилцааг хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр, бодит ажлаар бататгах чин эрмэлзэл байгааг онцлов. Элчин сайд А.Н.Евсиков Монгол Улс нь ОХУ-ын хамгийн ойрын хөршөөс гадна гол түнш орны нэг гэдгийг тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Тухайлбал байгалийн хий дамжуулах хоолойн төсөл, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэх, шинэчлэх замаар орчин үеийн ложистикийн шаардлага хангасан төмөр замтай болгох, шинэ шугам барих зэрэгт анхаарахаа хэлэв. Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хилийн боомтуудын хөгжил, мэдээллийн аюулгүй байдал, хүмүүнлэг, соёл, боловсрол, залуучуудын харилцан солилцоо, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон түүхт 100 жилийн ойг талууд 2021 оны турш тэмдэглэн өнгөрүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайдын хувиар ОХУ-д албан ёсны айлчлал хийж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн талаар Ерөнхийлөгч В.В.Путинтай зарчмын тохиролцоонд хүрсэн юм. Мөн 2021 онд Ерөнхийлөгчийн хувиар албан ёсоор айлчлахдаа худалдаа, эдийн засаг, газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлт, боловсрол, соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр тохиролцсон бөгөөд энэ хүрээнд талууд холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Ерөнхийлөгч мөн 2022 онд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийж, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг ажил хэрэг болгох тохиролцоонд хүрсэн юм. ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков мэргэжлийн дипломатч бөгөөд гадаад харилцааны салбарт 39 жил ажиллаж байна гэжээ.

ОХУ-ын eрөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ дэвшүүлэв

2022.07.13. Mонгол Улс. Улаанбаатар хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин: Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авч соёрхоно уу. Орос, Монгол хоёр улс найрсаг, сайн хөршийн уламжлалт хэлхээ холбоотой билээ. Улс төрийн ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнөхийн зэрэгцээ олон салбарт үр өгөөжтэй хамтын ажиллагаа хөгжсөөр ирлээ. Орос, Монголын ард түмнүүдийн эрх ашигт бүрэн нийцсэн Иж бүрэн стратегийн түншлэл цаашид улам бэхжинэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Танд эрүүл энх, ажлын их амжилт, танай ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүлэв

2023.07.11. Mонгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин баярын мэндчилгээ ирүүлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин: Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч, Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Найрамдал, сайн хөршийн уламжлалт харилцаатай манай хоёр орны хооронд ажил хэрэгч улс төрийн яриа хэлэлцээ, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтсон. Цаашид Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх нь Орос, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж, бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна. Танд эрүүл энх, амжилт хүсэхийн зэрэгцээ Монголын нийт ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

2024.07.12. Mонгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ ирүүллээ. Мэндчилгээнд Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.  Саяхан Астан хотноо болсон бид хоёрын уулзалт Орос, Монголын харилцааны найрсаг, ажил хэрэгч шинж чанарыг бүрэн нотолсон билээ. Хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө, Евразийн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүүлэх ашиг сонирхлын үүднээс цаашид хамтын хүчин чармайлтаар хамтын ажиллагааг бүх салбарт үе шаттай өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Танд эрүүл энх, ажлын амжилт, Монгол Улсын ард иргэдэд хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Төрийн Думын дарга бараалхав

2023.09.25.Moнгол Улc. Улаанбаатар хот. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг онцолж, уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд бүх салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Мөн Ерөнхийлөгч В.В.Путинд мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. Төрийн Думын дарга В.В.Володин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтарсан Комисс ажлаа эхэлсэн нь хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав

2023.10.18. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бээжин хотноо Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх нь чухал болохыг онцлов. Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд ноогдуулж буй татварын хэмжээг бууруулах асуудлыг ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр Ерөнхийлөгч нар тохиров. Төрийн тэргүүн нар Монгол, Оросын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Улаанбаатар төмөр зам ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэл хийх, Монгол Улсын баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замуудын бүтээн байгуулалтад хамтран ажиллах талаар санал солилцов. ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв. Монгол Улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны хүрээнд Эгийн голын усан цахилгаан станц байгуулах асуудлыг талууд нарийвчлан судлахаар болов. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийн газрын орлогч дарга А.В.Новак, Эдийн засгийн хөгжлийн сайд М.Г.Решетников, Тээврийн сайд В.Г.Савельев, Оросын төмөр замууд НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозёров, Газпром НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер, Роснефть НХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.И.Сечин нар хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, саналаа танилцуулав. Хоёр улсын төрийн тэргүүн ирэх жил тохиох Халхын голын хамтын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх нь хоёр улсын дайчин нөхөрлөлийг мөнхжүүлж, залуу, хойч үед түүхэн үнэнийг таниулахад чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв. Түүхт ялалтын баярт оролцох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг Ерөнхийлөгч В.В.Путин талархан хүлээн авлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хоёр орны соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх нь чухлыг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзав

2021.11.26. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзав. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан амжилттай болж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ. Тэрбээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг талууд жилийн турш өргөн хүрээнд тэмдэглэснийг хэлэв. Ойн хүрээнд ОХУ-ын өндөр түвшний төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан нь оросын тал харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж үзэж буйгаа онцлов. Өнгөрсөн зуунд харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй өрнөж,  амжилт бүтээлээр арвин байсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэллээ. Шинэ зуунд хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчим, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хоёр тал идэвхтэй ажиллах нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлэв. Хүлээн авч уулзсанд нь ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийллээ. Мөн Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар тохиролцсон томоохон асуудал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хангах чиглэлээр оросын талаас авч буй арга хэмжээний талаар мэдээлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзлаа

2023.10.24. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын 25 дугаар хуралдаан амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хэдхэн өдрийн өмнө БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хоёр талын үр дүнтэй уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүч, зам тээвэр зэрэг олон асуудлаар санал солилцсон гэдгээ хэллээ. Тухайлбал, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөөц боломж өргөн байгааг онцолж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченко эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэр, зам тээврийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар онцлов. Түүнчлэн боловсрол, байгаль орчны салбарт, тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэдгийг хэллээ. Талууд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг идэвхтэй хөгжүүлэх, олон жил яригдсан хамтын ажиллагааны төслүүдийг урагшлуулах чиглэлд хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч даргыг хүлээн авч уулзав

2024.02.06. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Алексей Логвинович Оверчукийг хүлээн авч уулзав. Харилцан итгэлцэл дээр суурилсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, бодит агуулгаар баяжуулах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлэв .2023 оны 10 дугаар сард Бээжин хотноо болсон Бүс ба Зам дээд түвшний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдсэнийг тэмдэглэв. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, хоёр улсын төрийн тэргүүн болон Ерөнхий сайд нарын 2023 онд хийсэн уулзалтын үеэр хэлэлцэн тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж буйгаа танилцуулав. Энэ онд тохиож буй УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэлэгийн 75 жил, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүд хоёр орны найрсаг харилцаа, ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэгдэв гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

2024.07.03. Казакстан. Астана. Mонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Нурсултан Назарбаев олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, БНКазУ-ын Шадар сайд Г.Т.Койшыбаев нар угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэрээ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзлаа. Төрийн тэргүүн нар Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд хоёр талын худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл байдгийг нотоллоо. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны тусгай хэлэлцээр байгуулах яриа, хэлэлцээ амжилттай өрнөж байгааг Ерөнхийлөгч нар онцолж, энэ онд багтаан талууд гарын үсэг зурахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын худалдаа төдийгүй дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөөс гадна хамтарсан аж ахуйн нэгж, үйлдвэр байгуулахад түлхэц үзүүлнэ гэдэгт санал нэгдлээ.2024 онд Халхын голын тулалдааны хамтын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх нь хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаагаа хоёр улсын төрийн тэргүүн нар илэрхийлэв. Уулзалтаар мөн “УБТЗ” ХНН-ийн төв шугам, Дулааны гуравдугаар цахилгаан станцын шинэчлэл, зүүн, баруун төмөр зам, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцын талаар  ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ

2024.07.04. Казакстан. Астана. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ. Тэрбээр, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг болон НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоосныг тэмдэглэв. Олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд, ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш орнуудтай хоёр талт болон олон талт форматын хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тасралтгүй хийж ирснийг хэлэв. Цаашид ч ШХАБ-ын оролцогч нийт улс оронтой худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр ложистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол тохиож байгааг хэлж, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал байгааг онцлов. Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан амжилттай хэрэгжүүлж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байгааг тэмдэглэв. Далайд гарцгүй улс орнуудад тулгарч буй нийтлэг сорилт, бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд ШХАБ-ын оролцогч орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, нэгдмэл байр суурь нэн чухал байгааг онцолж, Улаанбаатарт төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв тэй хамтран ажиллахыг уриаллаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар баярын захидал солилцов

2024.08.30. Moнгол Улc. Улаанбаатар хот. Халх голын байлдааны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар баярын захидал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч захидалдаа, Халхын голын байлдааны хамтын ялалтын түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний нэрийн өмнөөс ОХУ-ын Ерөнхийлөгч болон Оросын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэв. Энэхүү түүхэн ойг хоёр улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлагаар тэмцсэн цэрэг эрсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний эх оронч гавьяа зүтгэлийг хойч үедээ мөнхлөн үлдээх, Монгол-Оросын ард түмний энхийн болон хөгжлийн төлөөх их үйлсээр гагнагдсан ган бат найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэх зорилгоор онцгойлон тэмдэглэдэг гэдгийг онцоллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч захидалдаа, Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид эрүүл энх, амжилт бүтээл, Монголын ард түмэнд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөв. Мөн хүнд бэрх үед батжин бэхэжсэн хоёр орны найрамдал нөхөрлөл, харилцан тусламжийн уламжлал нь Оросын Холбооны Улс, Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны цаашдын хөгжлийн бат бэх суурь нь мөн гэдгийг онцоллоо гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна

2024.08.30. Moнгол Улc. Mонгол Улc. Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024.09.03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа билээ. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024.09.02. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч В.В.Путиныг Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны бусад хүн угтаж авлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно. Хоёр улсын төрийн тэргүүн мөн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөх юм. 2019 онд Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээнд гарын үсэг зурснаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Хоёр улс 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоож, дараа жил нь Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн түүхтэй.

ОХУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2024.09.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон ОХУ-ын албаны төлөөлөгчидтэй мэндчиллээ. Eрөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, В.В.Путин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, газрын тос, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэлэлцээ хийв

2024.09.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Халх голын байлдааны ялалтын 85 жил, Монгол, Оросын Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жил, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг үргэлжлүүлэн тэмдэглэх хүрээнд албан ёсоор айлчилж байгаад талархал илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, түүний дотор түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын харилцааг улам эрчимжүүлэх талаар ярилцлаа. Айлчлалын хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах  тухай, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж байгааг сайшаан тэмдэглэв. Хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эгийн голын усан цахилгаан станцыг барих ажил хоёр талын хүчин чармайлтын үр дүнд урагшилж байгааг тэмдэглээд, Эгийн голын төслийг онцгойлон анхаарч, байгаль орчны үнэлгээний асуудлыг цогцоор нь авч үзэхийн тулд хоёр талын ажлын хэсгийг байгуулахаар тохиролцож, Санамж бичиг байгуулж байгааг өндрөөр үнэлэв. Энэ оны сүүлээр Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо хооронд байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээр худалдааны эрх зүйн орчныг тэлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж бий болгоно гэж итгэж байгаагаа талууд илэрхийлэв. Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдэж, гурван улсын холбогдох байгууллагууд холбогдох төслүүдийг цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж буйг сайшаан тэмдэглэлээ.

Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2024.09.03. Mонгол Улс. Улаанбаатар хот. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:

1.МОНГОЛ УЛСЫН УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”–Т гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг хангадаг  Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих зураг төсөл боловсруулж, инженерийн судалгаа хийнэ. Ингэснээр талууд төслийн нийт өртөг, барилга угсралтын хугацааг нарийвчлан тодорхойлж, төслийг хэрэгжүүлэх дараагийн шатны гэрээ байгуулах нөхцөл бүрдэнэ.

2. ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР-Т гарын үсэг зурлаа. Хэлэлцээр байгуулснаар Монгол Улс, ОХУ-ын газрын тосны салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн саадгүй, тогтвортой нийлүүлэх боломж бүрдлээ. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор, үүнээс 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. ОХУ газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийнхээ нөхцөл байдалтай холбоотойгоор 2023 онд шатахууны экспортод хязгаарлалт тавьж, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээртэй улс орнууд болон Евразийн эдийн засгийн  холбооны гишүүн орнууд энэ хязгаарлалтад хамаарахгүй байхаар зохицуулсан юм. 

3. МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР-Т гaрын үcэг зурлаа. Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын түлшний хангамжийг олон улсын стандартад нийцсэн, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах боломж нэмэгдэхээс гадна манай улсын агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал дэмжлэг болно.

4. БАЙГАЛ НУУР, СЭЛЭНГЭ МӨРНИЙГ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ-Т гарын үсэг зурлаа. Эгийн усан цахилгаан станц байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийж,  хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэн, нэгдсэн шийдэлд хүрлээ. Хоёр улс дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарна. Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь даян дэлхийн байгаль орчны төлөв байдалд чухал хувь нэмэртэйг ухамсарлан усны нөөцийг зохистой ашиглах,  урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох тухай олон жилийн яриа, хэлэлцээ бодит ажил хэрэг болно. Энэ чиглэлээр хамтын ажиллагааны замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцлоо.

5. МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОЛБООНЫ ХЯНАЛТЫН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР-Т гaрын үcэг зурлаа. Талууд 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хамтран ажилласан. Хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар хамтран тандалт судалгаа хийх, мэдээлэл солилцох, тархвар судлал, нян судлалын чиглэлээр монголын мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний ажил хийх, тархвар судлалын хүндрэл үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах зэрэг өргөн боломж бий боллоо.   Харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл хийлээ.

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч В.В.Путины айлчлал найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжууллаа

2024.09.03. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.Хоёр улсын төрийн тэргүүний хийсэн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд хийсэн мэдээллийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Эрхэм хүндэт  Владимир Владимирович, Энд цугларсан хэвлэлийн төлөөлөгчид, эрхэм зочид оо! Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны түүхт 85 жилийн ой, Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой болон Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин манай сайхан оронд албан ёсны айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид Халх голын байлдааны энэхүү түүхэн ялалтын баярыг манай хоёр улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлагаар тулалдсан цэрэг эрсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний эх оронч гавьяа зүтгэлийг хойч үедээ мөнхлөн үлдээх, Монгол-Оросын ард түмний энхийн болон хөгжлийн төлөөх их үйлсээр гагнагдсан найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэх зорилгоор онцгойлон тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай билээ.

Мөнхийн хөрш манай хоёр орны ард түмний хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг хугацааны уртад улам батжин бэхжиж, шинэ агуулгаар өргөжин хөгжиж, өдгөө Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэм хүндэт Владимир Владимирович таны Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь манай хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой үйл явдал болж байна. Мөн айлчлалын хүрээнд та бид хоёр орны болон бүс нутаг, олон улсын өмнө тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцож, өөрсдийн байр суурийн талаар харилцан ярилцлаа. Бидний яриа хэлэлцээний үр дүнд “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай”, “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Мөн олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг онцгойлон анхаарч, “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай протокол байгууллаа. Ийнхүү “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барих ажил хоёр талын хүчин чармайлтын үр дүнд урагшлах болсонд баяртай байна. ОХУ нь манай улсын гадаад худалдааны томоохон түнш бөгөөд Монгол, Оросын худалдааны нийт эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа хэдий ч худалдааны баланс тэнцвэргүй байгааг өөрчлөх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцсон. Энэ хэлэлцээр нь манай хоёр улсын худалдааны эрх зүйн орчныг сайжруулж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит шинэ боломжийг бий болгоно хэмээн үзэж байна. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ ондоо багтаан байгуулахаар хоёр тал ажиллаж байгааг сайшааж байна. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад гаргах мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортын татвараас бүрэн чөлөөлөгдөх болно.

Энэ нь манай хөдөө аж ахуйн салбар болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх төдийгүй худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд шинэ боломжуудыг нээх юм. Мөн уулзалт, хэлэлцээний үеэр талууд “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийг өнөө цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж, эрчимжүүлэхээр санал нэгдлээ. Энэ нь манай улсын транзит тээврийн өвөрмөц боломж, чадавхыг дээд зэргээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ ОХУ-ын “Их Евразийн санаачилга”, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга болон Монгол Улсын “Талын зам хөтөлбөр”-ийн хүрээнд гурван улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх юм. Манай улсын оюутан залуус ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр их, дээд сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх талаар санаачилга гаргаж байгаад талархал илэрхийлье. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд хөрш ОХУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.  Бид аливаа улс орны түүх, соёл, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг. Бид дэлхийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхийг тууштай дэмжиж байна.

Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үздэг. Иймд манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Таны энэ удаагийн Монгол Улсад хийж буй айлчлал нь манай хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж, хоёр улсын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам боллоо. Эрхэм хүндэт Владимир Владимирович Таныг болон эрхэм хүндэт зочид төлөөлөгчид та бүхнийг өнө эртний түүхтэй, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай сайхан морилохыг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөв

2024.09.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар маршал Г.К. Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолын үеэр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэлээ. Хоёр улсын төрийн тэргүүн ахмад дайчидтай мэндчилж, Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал үзэж сонирхлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар Г.В.Плехановын нэрэмжит сургуульд зочиллоо

2024.09.04. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, В.В.Путин нар Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулиар зочилж, багш, сурагчдын төлөөлөлтэй уулзлаа. 1999 онд байгуулагдсанаасаа хойш оросын стандартын дагуу боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тус сургуульд өдгөө 1,500  гаруй оюутан, сурагч суралцаж  байна. Салбар сургууль нь ерөнхий боловсролын сургуулийн дунд сургууль, дээд боловсролын диплом авах хүртэлх өргөн хүрээний сургалтын хөтөлбөртэй томоохон  цогцолборын нэг болжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын боловсролын салбарт жинтэй хувь нэмэр оруулж буй салбар сургуулийн хамт олонд талархал илэрхийллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө

2024.09.04. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Монгол Улсад хүрэлцэн ирсэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Айлчлалын хүрээнд талууд эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, байгаль орчин зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К. Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Хоёр улсын төрийн тэргүүн мөн Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулиар зочилж, багш, сурагчдын төлөөлөлтэй уулзлаа. Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо. Энэ удаагийн айлчлал Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 85, Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог байлаа.