12 сар 22, 2024

Mонгол, Aнглийн хaрилцaa

Ф.Малон: Тэрбум мод хөтөлбөр цагаа олсон алхам юм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор Их Британийн Глазгоу хотыг зорьсон. Тэрбээр эх орноосоо мордохын өмнө Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Малоныг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид  гуравдагч хөрш Британи Улстай харилцааг улам бэхжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм. Харин Британийн Элчин сайд Ф.Малон: Монгол, Британийн худалдаа, эдийн засаг, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийлээд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь цагаа олсон чухал алхам хэмээн онцолсон юм. Дэлхийн нийтийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Британийн Засгийн газар тэргүүлэх ач холбогдол өгдөг гэдгийг Элчин сайд Ф.Малон тэмдэглэсэн. Мөн Британийн Глазгоу хотноо зохиогдож буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт нь байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Глазгоу хотыг зорив

2021.10.31. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны арваннэгдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Глазгоу хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм. Энэ үеэр Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарек, Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Аксель ван Тротзенбург, Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацугу Асакава зэрэг олон улсын байгууллагын удирдлагууд болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлын үеэр болох дээд түвшний уулзалтад 130 улсын төр, засгийн тэргүүн оролцох юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Борис Жонсонтой уулзав

2021.11.01. Их Британи. Глазгоу хот. Энэ өдөр Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Борис Жонсон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр дээд түвшний уулзалтад оролцож үг хэлэхээс гадна олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх COP-26 уулзалтад үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА:

Ноён хурлын дарга аа,

Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурлыг зохион байгуулж буй Британийн Засгийн газарт чин сэтгэлийн халуун баяр хүргэж, бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэж байгааг минь хүлээн авна уу.

Парисын хэлэлцээрээр тохирсон 2050 онд хүрэх зорилтоо биелүүлэхэд улс орон бүр хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ эргэн харж, зоримог шийдвэртэй нэгдсэн цогц бодлого гарган хамтдаа тэмцэх шаардлагатай болж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.

Мөн түүнчлэн хүн төрөлхтөн КОВИД-19 цар тахалтай нүүр тулж буй энэ цаг үе бидэнд байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, ногоон хөгжлийг эрчимжүүлэх зоримог, шийдвэртэй алхмуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг сануулж байна.

Хурлын дарга аа,

Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй орнуудын нэг болох Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө бүх боломж нөхцөлөө дайчлан ажиллах болно гэдгээ дахин нотолж байна.

Монгол Улс Үндэсний тодорхойлсон хувь нэмэр бичиг баримтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар ахиулан тодорхойллоо.

Дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2 хувь хүртэл ахиулах боломж байгааг энэхүү дээд түвшний уулзалтын индэр дээрээс дуулгахад таатай байна.

Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бүс нутгийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний харилцан холболтыг хөгжүүлэх нь чухал үүрэгтэй.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цаашлаад Зүүн хойд Азийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Азийн супер сүлжээ санаачилгыг дэмжиж байгаа билээ. Энэ хүрээнд говийн бүсийн нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан томоохон эрчим хүчний цогцолбор байгуулахаар бүс нутгийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.

Манай улс СОР-26 дээд хэмжээний уулзалтыг угтаж, нийслэл Улаанбаатар хотноо хоёр долоо хоногийн өмнө Монгол Улс-Ногоон хөгжил сэдэвт олон улсын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулсан гэдгээ Та бүхэнд дуулгахад таатай байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэж ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртдөг хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна.

Энэхүү хөдөлгөөний хүрээнд Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийг хөрөнгө, санхүүг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн хор уршгийг бууруулахад зориулж байхаар шийдвэрлэж байна.

Амьдралын эх ус, усны эх мод гэж манай ард түмэн ярьдаг. Монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг соёл уламжлалын нэгэн илрэл болох тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачилга хэрэгжсэнээр Ази тив төдийгүй Америк тив хүрч байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж байгаа шар шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Эрхэм хурлын дарга аа,

Эцэст нь хэлэхэд бага, дунд орлоготой орнуудад чиглэсэн уур, амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь зориулсан хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэхэд бүс нутаг болон олон улсын нягт хамтын ажиллагаа онцгой үүрэгтэй болохыг цохон тэмдэглэж байна.

Дэлхий нийтийн бүх цаг үеийн хамгийн том асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эх байгальдаа хариуцлагатай хандан үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээх эрхэм зорилгоо биелүүлэхэд гагцхүү та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл нэн чухал юм.

Энэхүү үйл хэргийн төлөө дэлхийн улс түмнүүд хүчээ нэгтгэх цаг болжээ.

Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэлсэн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэв. 

Ерөнхийлөгчийн илгээлт-2100 тэтгэлэгийн эзэд гадаадад суралцахаар мордов

2022.11.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Ерөнхийлөгчийн илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо. Энэ жил эхний ээлжид 256 оюутан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Канад Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Австралийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс зэрэг 13 орны их, дээд сургуульд суралцах юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэтгэлэгт хөтөлбөрийн эздийг үдэх ёслолд оролцон баяр хүргэж, сурлагын амжилт хүсэн ерөөв. Тэрбээр хэлсэн үгэндээ, алс газар сурахаар явж байгаа оюутан залуус дэлхийн боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагчид гэдгийг тэмдэглэв. Мөн гадаад улсад эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж, бие биеэ хайрлаж, тусалж, дэмжиж, хүндэтгэж явж байхыг захилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх III Чарльзийг хаан сэнтийд залах ёслолд оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцоно-

2023.05.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт 2023.05.06-ны өдөр Лондон хотноо болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцоно. Төрийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзтай уулзаж, Монголын ард түмний нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд баяр хүргэнэ. Цог Жавхлант Хааныг сэнтийд залах төрийн ёслолд гадаадын улс орны төр, засгийн 2000 гаруй төлөөлөгч оролцоно гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцож байна

2023.05.06. ИБУИНХУ. Лондон хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Лондон хотын Вэстминстерийн сүмд ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльз болон Хааны хатан Камилла нарыг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцож байна. Монгол Улсын Төрийн тэргүүн ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хааны урилгаар хаан сэнтийд залах төрийн ёслолд анх удаа оролцож байгаа юм. Энэхүү үйл ажиллагаа нь 1000 гаруй жилийн өнө эртний түүхтэй өвөрмөц зан үйл бүхий төр, шашин, соёлыг хослуулсан ёслол бөгөөд Хаан гуравдугаар Чарльз 1066 оноос хойш Вэстминстерийн сүмд хаан сэнтийд заларч буй 40 дэх хаан болж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Хаан жүжиг тоглох Колизей театрт зочлов

2023.05.09. ИБУИНХУ. Лондон хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах Төрийн ёслолд оролцохоор Лондон хотноо ажиллах үеэрээ Монгол хаан жүжиг тоглох Колизей театрт зочилж, бэлтгэл ажилтай танилцав. Тэрээр Монгол хаан жүжгийг Лондон хотноо толилуулах төсөл дээр хамтран ажиллаж буй Херо Энтертайнмент, Wild Yak Productions, Мактуб Продакшнс продюсерын багийн гишүүдтэй уулзаж, уран бүтээлийн өндөр амжилт хүслээ. Уэст Эндийн (West End) хамгийн том буюу 2359 суудалтай танхим бүхий Колизей театрт Тоска, Айда, Набукко дуурь, Хунт нуур, Жизель балет зэрэг сонгодог бүтээлүүдийг тавьдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Британи улсад сурч буй монгол оюутнуудтай уулзлаа

2023.05.09. ИБУИНХУ. Лондон хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах Төрийн ёслолд оролцохоор Лондон хотноо ажиллах үеэрээ Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд Британи Улсад суралцаж буй оюутан залуустай Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яаманд уулзлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд ИБУИНХУ-д 29 монгол оюутан, үүнээс 15 оюутан дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг Бристолын их сургуульд суралцаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, хилийн чанадад суралцах хугацаандаа Монгол Улсаа төлөөлж буйгаа үргэлж санаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, монгол хүний оюуны нөөц бололцоог бүрэн ашиглаж, хичээл зүтгэл гарган суралцахыг захилаа. Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрт шалгаран Британи Улсад суралцаж буй оюутнууд сургуулиа амжилттай дүүргээд эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана гэдгээ илэрхийлэв гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав-

2023.06.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой энэ жил тохиож буйг Ерөнхийлөгч онцлоод, Элчин сайд Филип Малон Монгол Улсад ажиллахдаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж байсан Монголын төр, засаг болон найрсаг, зочломтой ард түмэнд Элчин сайд Филип Малон талархал илэрхийллээ. Мөн Монгол Улс ойрын 10-15 жилийн дотор хөгжин дэвжсэн орон болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

ИБУИНХУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.08.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блайт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдаар томилогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Тэрбээр Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн, дээд, өндөр хэмжээний айлчлал хэрэгжүүлэхийг чухалчилж байгааг тэмдэглэв. Элчин сайд Фиона Блайт хоёр улсын харилцааг өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв. Фиона Блайт Их Британийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын алба, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, НҮБ-ын дэргэд суугаа Британийн Байнгын төлөөлөгчийн газар, Сомали дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан юм.

Чарльз хаан мэндчилгээ дэвшүүллээ

2024.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот.Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хаан, хамтын нөхөрлөлийн Тэргүүн Цог Жавхлант Гуравдугаар Чарльз баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд Танд болон танай ард түмэнд Үндэсний их баяр наадмын онцгой өдрийн баярын мэндийг гэргий бид хоёр хүргэж байгаадаа баяртай байна. Манай хоёр улс энх тайван, хөгжил цэцэглэлт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн дахинд тулгамдаж буй асуудлаар цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна. Танд эрүүл энх, монголын ард түмэнд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэвид Камерон бараалхав

2024.04.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн .Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав. Талууд Монгол, Британийн найрсаг харилцааны түвшинг ахиулж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх суурь тавигдсанд баяртай байгаагаа илэрхийлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал, Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчноо хамгаалах, цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, органик хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. Талууд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл хэрэгжүүлэхийн чухлыг онцолж, энэ чиглэлээрх санал, санаачилгыг дэмжихээ нотлов. Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон 2010-2015 онд Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Хоёр улс 60 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ удаагийн айлчлал Британийн Гадаад хэргийн сайдын түвшинд 11 жилийн дараа болж байгаа юм. Мөн ховор металл, геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтрах тухай баримт бичигт холбогдох яам, агентлагын удирдлагууд гарын үсэг зуржээ.