Mонгол, Вьетнамын хaрилцaa
2024.08.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ онд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, энэхүү түүхэн ойн жил Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буйд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр манай хоёр улсын Найрамдалт хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх зорилтыг бодит ажил хэрэг болгох, иргэд харилцан визгүй зорчих давуу талаа ашиглан иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад элчин сайдыг онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв гэжээ.
БНСВУ-ын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ
2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам баярын мэндчилгээ дэвшүүллээ. Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Вьетнамын төр, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон танаар уламжлан Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Монгол Улсын төр, ард түмэн улс орноо хөгжүүлэн цэцэглүүлэх их үйлсэд улам их амжилт гарган, ард түмэн нь аз жаргалтай байж, улс орон нь цэцэглэн хөгжиж, Шинэ сэргэлтийн бодлого болон 2021-2025 оны Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа өнгөрсөн 70 жилийн хугацаанд тасралтгүй бэхжин хөгжиж, сүүлийн жилүүдэд олон бодит үр дүн, амжилтанд хүрч байгаад баяртай байна. Цаашид харилцаа, хамтын ажиллагаа хоёр орны ард түмний нийтлэг эрх ашигт нийцэн улам бүр өргөжин хөгжиж, дэлхий болон бүс нутгийн энх тайван, хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
2024.05.13.Mонгол Улc. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам-ыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд, харилцаа Найрамдалт хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг дурдав. Элчин сайдаар ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилга гаргаж, худалдаа, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөхөд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлов. Монгол Улсын төр, засаг бүх талаар дэмжин, хамтран ажиллаж байсанд Элчин сайд Зоан Хань Дам талархал илэрхийллээ. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж Элчин сайд Зоан Хань Дам-ыг Найрамдал медалиар шагналаа.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024.09.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 70 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй гэдгээрээ онцлог юм.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2024.09.30. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам болон дагалдан яваа төлөөлөгчдийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд албаны төлөөлөгчид угтав. Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч То Лам-д бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм гэжээ.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
2024.09.30. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам-ыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч То Лам Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, То Лам нар Вьетнамын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч То Лам Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, То Лам нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно гэжээ.
Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
2024.09.30. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-ын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:
1. “ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т
монголын талыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюунсайханы Алтангэрэл, вьетнамын талыг төлөөлж Хууль зүйн сайд Нгуен Хай Нинь нар гарын үсэг зурлаа. Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад урьдчилсан судалгаа хийх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг төгөлдөржүүлэх, хууль тогтоомжийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хэрэгжилтийн талаар харилцан туршлага солилцох зэргээр хамтран ажиллана. Мөн иргэний бүртгэл, хууль зүйн туслалцаа, эрх зүйн сурталчилгааны салбарт хамтарна.
2. “ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т
монголын талыг төлөөлж Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, вьетнамын талыг төлөөлж Тээврийн сайд Нгуен Ван Тан нар гарын үсэг зурлаа.
Автотээвэр, агаарын тээвэр, төмөр зам, далайн тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан дэмжлэг үзүүлэх, талуудын нутаг дэвсгэрээр дамжуулан ачаа тээвэрлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын тээвэр, ложистикийн үр ашигтай сүлжээ бий болгоно.
3. “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т
монголын талыг төлөөлж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, вьетнамын талыг төлөөлж Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Нгуен Ван Хунг нар гарын үсэг зурлаа.
Аялал жуулчлалын салбарын мэдлэг, туршлага, хэвлэмэл материал, мэдээ мэдээлэл, тоо баримт солилцох, аялал жуулчлалын хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих замаар аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
4. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т
монголын талыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюунсайханы Алтангэрэл, вьетнамын талыг төлөөлж Нийгмийн аюулгүй байдлын дэд сайд Фам Те Дунг нар гарын үсэг зурлаа.
Кибер аюулгүй байдлын тухай олон улсын эрх зүйн дүрэм, журам, стандартыг хөгжүүлэн сайжруулах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргууд, чухал мэдээллийн дэд бүтцийн хамгаалалт, кибер аюулгүй байдлын хамгаалалтын чиглэлээр мэдээлэл солилцож, харилцан туршлага солилцоно.
5. “МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН НИЙСЛЭЛ ХАНОЙ ХОТ ХООРОНДЫН НАЙРСАГ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-Т
монголын талыг төлөөлж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Луулайгийн Хосбаяр, вьетнамын талыг төлөөлж Ханой хотын Ардын хорооны орлогч дарга Нгуен Мань Куйен нар гарын үсэг зурлаа.
Худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж, найрсаг харилцаагаа бэхжүүлэн, бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нөхцөл бүрдүүлнэ.
6. “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН АКАДЕМИ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т
монголын талыг төлөөлж Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газрын дарга Адьяасүрэнгийн Баярбаатар, вьетнамын талыг төлөөлж Шинжлэх ухаан, технологийн академийн Ерөнхийлөгч Чау Ван Минь нар гарын үсэг зурлаа.
Хамтарсан хурал, семинар, зөвлөгөөн зохион байгуулах, эрдэм шинжилгээний ажилтан солилцох, шинжлэх ухааны мэдээлэл, өгөгдөл, судалгааны үр дүнгийн талаар харилцан мэдээлэл солилцох замаар харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
7. “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т
монголын талыг төлөөлж Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Төмөрпүрэвийн Намнан, вьетнамын талыг төлөөлж Вьетнамын Үндэсний их сургуулийн захирал Ле Куан нар гарын үсэг зурлаа. Хамтарсан сургалт, хөтөлбөр зохион байгуулах, арга зүй, туршлага солилцох, шинжлэх ухаан болон технологийн салбарт хамтарсан судалгаа хийх, судлаач эрдэмтэн мэргэшүүлэх болон оюутан харилцан солилцоно.
Монгол Улс, БНСВУ-ын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал гаргалаа
2024.09.30. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс, БНСВУ-ын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын төрийн айлчлал үргэлжилж байна.Айлчлалын хүрээнд хоёр улс Хамтарсан тунхаглал гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ХООРОНД ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ
- Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-д тус тус бараалхлаа.
- Төрийн тэргүүн нар өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа тууштай өргөжин бэхжиж ирснийг өндрөөр үнэлж, хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн төлөв болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.
- Монгол Улс БНСВУ-ыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо. БНСВУ нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хүндэтгэн хоёр орны харилцааг шинэ шатанд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
- Төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСВУ-ын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улсын ард түмний нийтлэг эрх ашигт нийцэх төдийгүй олон улс, бүс нутгийн энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирч, дараах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тогтов. Үүнд:
I. Улс төрийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
- Талууд бүхий л түвшний харилцан айлчлал, төлөөлөгчдийн солилцоог нэмэгдүүлж, ард иргэд хоорондын ойр дотно харилцааг өргөжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаар санал нэгдэв. Түүнчлэн, хоёр улсын яамд, төрийн бусад байгууллага болон нийслэл, орон нутаг хоорондын хамтын ажиллагааны шинэ механизмыг бий болгох боломжийг судалж ажиллахаар тогтов.
- Талууд Монгол, Вьетнамын хууль тогтоох дээд байгууллага, түүний дотор Парламент дахь Байнгын хороо, Найрамдлын бүлэг, эмэгтэй болон залуу гишүүд хоорондын хамтын ажиллагааг харилцааны шинэ түвшинд нийцүүлэн хөгжүүлэх, 2018 онд байгуулсан Парламент хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчлэн байгуулах, бүс нутаг болон олон улсын парламентчдын форум зэрэг олон улсын байгууллагын хүрээнд харилцан бие биеэ үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллахаар санал нэгдэв.
- Талууд хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизмыг тогтмолжуулж, хоёр талт хамтын ажиллагаа, гадаад бодлого, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар тогтмол санал солилцож, олон талт яриа хэлэлцээний механизмыг бий болгох арга замыг эрэлхийлэхээр болов.
II. Батлан хамгаалах, хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
- Төрийн тэргүүн нар аюулгүй байдал, батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаанд сүүлийн үед гарч буй шинэ ахиц дэвшлийг өндрөөр үнэлж, бүх түвшний төлөөлөгчдийн солилцоо, уулзалт, яриа хэлэлцээг тогтмолжуулахаар тогтлоо.
- Талууд хоёр улсын хууль сахиулах болон хүчний байгууллага хоорондын харилцааг үргэлжлүүлэн өргөжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.
- Энэ хүрээнд хоёр талын хооронд байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгийн хэрэгжилтийг хангах, аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах, мэдээлэл солилцох, хоёр орны үндэсний эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой стратегийн асуудлаар таамаглал, дүн шинжилгээ хийж, хамтарсан үнэлгээ гаргах чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
III. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь бодит хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
- Төрийн тэргүүн нар эдийн засгийн бодит, үр өгөөжтэй, иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны механизмыг тогтмолжуулах, түүний дотор Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны механизм болох Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг тогтмолжуулахын чухлыг онцлон тэмдэглэв.
- Талууд Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар санал нэгдэж, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан “Бизнесийн зөвлөл”-ийн ач холбогдол, үүргийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг дэмжих зэргээр хамтран ажиллахаар тохиров.
- Төрийн тэргүүн нар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр харилцан туршлага солилцох, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” байгуулах асуудлыг судлан үзэхээр тохиров.
IV. Хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, зам, тээвэр, соёл, спорт, аялал жуулчлал, боловсрол, хөдөлмөр, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарт бодит хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
- Төрийн тэргүүн нар 2022 онд байгуулсан “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэхээр тохиролцов.
- Талууд хөдөө аж ахуйн салбарт баримталж буй хөгжлийн бодлого, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, хөдөө аж ахуйн салбар дахь дэвшилтэт технологийг судалж, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлд харилцан дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
- Төрийн тэргүүн нар Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан, түүний дотор Шинжлэх ухаан, технологийн дэд комиссын протоколын хэрэгжилтийг хангаж, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, инновац, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр хамтарсан судалгаа хийхээр санал нэгдэв.
- Төрийн тэргүүн нар зам тээвэр, ложистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх, хоёр улсын хооронд авто зам, төмөр зам, агаарын тээвэр, далайн тээврийн салбарт байгуулсан баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохиров.
- Монгол, Орос, Хятад гурван улсын 2016 онд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т БНСВУ-ыг нэгдэн ороход Монгол Улс дэмжлэг үзүүлэх, Монгол, Вьетнам, Хятад гурван улсын хооронд бараа бүтээгдэхүүн тээвэрлэх механизм байгуулах тухай асуудлыг үргэлжлүүлэн судлахаар тогтов.
- Талууд 2022 онд байгуулсан “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Вьетнам Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах, соёл, урлаг болон спортын төлөөлөгчид хооронд хамтарсан арга хэмжээ, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр санал нэгдэв.
- Хоёр орны ард иргэдийн найрамдал, нөхөрлөл, харилцан ойлголцлыг бататгах, түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах, нөхөн сэргээх, соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр улсын аялал жуулчлалын давуу тал, нөөц бололцоог харилцан сурталчлах ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалын салбарт баримталж буй хөгжлийн бодлого, менежментийн талаарх туршлага, мэдээлэл солилцох чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаар тогтов.
- Талууд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр улсад суралцаж буй оюутнуудыг өөр өөрийн улсын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлээр суралцуулах чиглэлд хамтран ажиллахаар болов.
- Талууд 2017 онд байгуулсан “Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Вьетнам Улсын хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн асуудлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хоёр орны хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй салбарт ажиллах хүч нийлүүлэх, хүлээн авах боломжийн талаар үргэлжлүүлэн судлахаар тогтов.
- Вьетнам Улс нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, Монгол орны тал хээр, говь, цөлийн бүсийг ойжуулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хүчин чармайлт, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өндрөөр үнэлж, монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгааг төлөвлөсөн талбайд хийхээр тогтов.
- Талууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар судалж үзэхээр санал нэгдэв.
- Талууд мэдээлэл, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг байгуулах талаар судалж, эдийн засаг, соёл, нийгмийн хөгжлийн үйл явцын талаарх мэдээ, мэдээлэл, зураг, дүрс бичлэг зэргийг харилцан солилцох нь хоёр орны иргэд бие биеэ төдийгүй улс орны онцлогийг илүү сайн ойлгосноор ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх ач холбогдолтойг онцолж, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиров.
V. Олон улс болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
- Төрийн тэргүүн нар олон улс болон бүс нутгийн байгууллагын хүрээнд нягт хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлэв. Талууд бүс нутгийн аюулгүй байдал, улс төр, олон улсын нөхцөл байдлын талаар харилцан сонирхсон асуудлаар баримталж буй бодлого, байр суурийн талаар тогтмол санал солилцож, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.
- Түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК), Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН), Ази-Европын уулзалт (АСЕМ), Зүүн Азийн Дээд түвшний уулзалт зэрэг бүс нутаг, олон улсын байгууллага болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд нягт хамтран ажиллаж, вьетнамын тал Монгол Улсыг АСЕАН-ы улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, АПЕК гишүүнчлэлээ өргөтгөх үеэр Монгол Улс тус байгууллагад элсэх хүсэлтийг дэмжихээ дахин нотлов.
- Талууд терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг уламжлалт бус аюул заналтай тэмцэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаар тогтов.
- Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах хүрээнд 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд вьетнамын талаас төлөөлөгч оролцуулахаар болов.
- Талууд Өмнөд Хятадын тэнгист тогтвортой байдал, энх тайван, аюулгүй байдлыг хангах, маргаантай асуудлыг НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомж, түүний дотор 1982 оны Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц (UNCLOS 1982)-д нийцүүлэн энхтайвны арга замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.
- Төрийн тэргүүн нар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын Монгол Улсад хийсэн энэхүү төрийн айлчлал нь хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулсныг санал нэгтэй тэмдэглэв.
- Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Вьетнамын дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:
“Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг болно.
“Хууль зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хууль зүйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
“Кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
“Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хот хоорондын найрсаг, хамтын ажиллагааны санамж бичиг”;
“Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шинжлэх ухаан, технологийн академи хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
“Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2024.10.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам нар 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлал нь “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гарган, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад найрсгаар айлчлахыг урьж, вьетнамын төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрээр манай хоёр улс газарзүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч цаг хугацааны бүхий л сорилт, шалгуурыг даван туулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тууштай хөгжүүлэн эдүгээ 70 жилийн ойтойгоо золгож буйг тэмдэглэв. Талууд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хэрэгжүүлж буй энэхүү төрийн айлчлалаар өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаа улам бүр бататган ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрснийг тунхаглан зарлаж буй нь хоёр улсын харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх онцгой чухал үйл явдал болж буйг цохон тэмдэглэв. буйг цохон тэмдэглэв. Ерөнхийлөгч То Лам хоёр орон бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бий гээд хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх, түүний дотор Вьетнам Улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох боломжтойг илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн онд байгуулсан визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээр нь иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлснийг онцлоод, цаашид Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн шууд нислэгийг эхлүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дэвшилтэт технологид суурилсан хамтарсан үйлдвэр байгуулах, нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны тулгуур багана болгох чиглэлд нягт хамтран ажиллахаар Төрийн тэргүүн нар санал нэгдэв. Ерөнхийлөгч То Лам хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчин нийлүүлэх тухай монголын талын саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, ирээдүй рүү чиглэсэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мөн мэдээлэл, технологийн салбар дахь боловсон хүчинг бэлтгэх боломжтойг илэрхийлэв. Төрийн тэргүүн нар боловсрол, соёл, спортын салбар дахь хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, Монгол Улсын тамирчдын өндөр амжилт үзүүлж буй байт харваа, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр харилцан туршлага солилцох, хамтарсан бэлтгэл хийх болон монгол, вьетнам судлалыг хөгжүүлэх, оюутан солилцоог өргөжүүлэхээр тохиров. Түүнчлэн манай хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болон хөгжиж буй Вьетнамын Хөдөлгөөнт цагдаагийн дэргэдэх “Морьт цагдаагийн хороо”-нд нэр төртэй алба хашсан монгол морьдыг нутаг буцаах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тогтов. Төрийн тэргүүн нар манай хоёр улс олон улс болон бүс нутгийн байгууллагын хүрээнд нягт хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлж, вьетнамын тал Монгол Улсын Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн (АСЕАН) Яриа хэлэлцээний түнш болох, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК) зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн орох санаачилгыг үргэлжлүүлэн дэмжихээ нотлов. Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд вьетнамын тал оролцохоо илэрхийлэв. Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлд нягт хамтран ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгааг хийхэд хамтран ажиллахаар тогтов.Eрөнхийлөгч То Лам Монгол орон даяар хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болсонтой холбогдуулан зудад нэрвэгдсэн малчдад Вьетнам Улсын Засгийн газраас 500 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдэв. Уулзалтын дүнгээр талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”, мөн хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр талын баримт бичгүүдийг байгуулав.
БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам Хо Чи Минийн нэрэмжит 14 дүгээр сургуульд зочиллоо
2024.10.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам өнөөдөр Хо Чи Минийн нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургуульд зочиллоо. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам энэ үеэр Хо Чи Минийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, сургуулийн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Энэ онд 75 жилийн ойгоо тэмдэглэж буй тус сургуульд Вьетнам, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор зочилж буйдаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч То Лам илэрхийлэв. Тэрбээр Хо Чи Минийн нэрэмжит 14 дүгээр сургуулийн сурагчид сурлага, хөдөлмөрөөр манлайлж, улсын тэргүүний сургууль болон хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Ерөнхийлөгч То Лам БНСВУ-ын анхны Ерөнхийлөгч Хо Чи Минь нь БНСВУ-аас Монгол Улсад айлчилсан анхны удирдагч байсан бөгөөд 1955 онд хэрэгжсэн тус айлчлалаар хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан гэдгийг тэмдэглэлээ. Сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд багшийн хөгжил, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор БНСВУ-ын талаас 14 дүгээр сургуульд 50 мянган ам.доллар хандивлах тухай батламжийг Ерөнхийлөгч То Лам сургуулийн удирдлагад гардуулав. Ерөнхийлөгч То Лам сурагчдын урлагийн тоглолтыг үзэж, тус сургууль болон сурагчдад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ. Хо Чи Минийн нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургууль нь 6 мянга гаруй сурагч, 200 гаруй багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. БНСВУ-ын анхны Ерөнхийлөгч Хо Чи Минийн мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан 14 дүгээр сургуулийг түүний нэрэмжит болгосон.
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
2024.10.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, улс хооронд болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Монгол Улс Зүүн өмнөд Азийн улс орнуудаас хамгийн түрүүнд Вьетнам Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож буйгаа тунхаглан зарлаж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Хоёр улс харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо. Ерөнхийлөгч То Лам-д Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Талууд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан Соёлын өдөрлөгийг хамтран зохион байгуулж, Ерөнхийлөгч То Лам монголын аж ахуйн нэгж, бизнесийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ удаагийн айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болсноороо онцлогтой байлаа.