11 сар 16, 2024

Монгол, Бутаны харилцаа

Бутаны Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2024.05.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил  Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Аянгат лууны орон Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Хилэнт эх хэмээх луу жилд Итгэмжлэх жуух бичгээ анх удаагаа өргөн барьсанд бэлгэшээж буйгаа тэмдэглэж, баяр хүргэж, амжилт хүсэв. Хоёр орон газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч баялаг өв, соёл уламжлал зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц бололцоотойг онцоллоо. Элчин сайд Вецоп Намжил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 12 жилийн дараа Монгол Улсад хавсран суух анхны Элчин сайдаар томилогдсондоо баяртай буйгаа илэрхийллээ. Хоёр улс найрамдалт хамтын ажиллагааны түвшинд харилцаж ирсэн. Цаашид улс төр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа хэллээ. Монгол Улс, Бутаны Хаант Улс хооронд 2012.01.18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.  2024.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчукын хамт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2024.07.08-15-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байна. 

Бутаны Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2024.07.03. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024.07.08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Түүнчлэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамтаар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцоно. Энэхүү айлчлал нь манай хоёр улс 2012 оны 1 дүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны төрийн айлчлал  юм гэжээ. Дашрамд дурдахад, Японы Цог жавхлант Эзэн хаан Нарухитог хаан ширээнд залах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэргий Jetsun Pema-ийн хамт оролцож байсан юм. 

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчук Монгол Улсад хүрэлцэн ирэв
Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад хүрэлцэн ирлээ

2024.07.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны 07 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамт Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолд хүндэт зочноор оролцоно. Энэ айлчлал нь хоёр улс 2012 оны 01 дүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм гэжээ.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчук Монгол Улсад хүрэлцэн ирэв
Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа

2024.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Цог Жавхлант Хаан Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн албаны хүмүүс болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис Хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа гэжээ. 

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчукийг угтан авав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийлээ

2024.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар 2024.07.09-ний өдөр Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны анхны төрийн айлчлал нь өв соёл, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Хааны гэр бүл болон Бутаны төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрбээр 2012 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, улс төрийн яриа хэлэлцээ идэвхжиж буйг өндрөөр үнэллээ. Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ. Хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч түүх, шашин, соёлын биет бус өвийн гүнзгий хэлхээ холбоотойг онцолж, энэ удаагийн төрийн айлчлал өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаа ахиулан, харилцааны түүхэн шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд энэ сул талаа давуу тал болгон, нэгдмэл байдал, харилцан ойлголцол, түншлэлийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, нийгэм, эдийн засгийн нийтлэг сорилт, бэрхшээлийг даван туулж, тогтвортой хөгжлийг цогцлоох чиглэлд хамтран ажиллахын төлөө гэдгээ нотоллоо. Түүнчлэн Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын Судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого боловсруулах үйлсийн төлөө хамтран ажиллахаар тогтлоо. Энэ удаагийн айлчлалын дүнгээр гаргасан Хамтарсан мэдэгдэл нь улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, иргэдийн солилцоо зэрэг салбарыг хөгжүүлэх замын зураглал нь болж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх арвин нөөц бололцоогоо ажил хэрэг болгож, оюутан залуусаа тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулахаар шийдвэрлэлээ. Иргэд хоорондын солилцоог өргөжүүлэх зорилгоор Go Mongolia үндэсний брэндийг Bhutan Believe үндэсний брэндтэй уялдуулахаар болов. Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтарч, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн болон Цог Жавхлант Хааны Зуун сая жимсний мод тарих санаачилгын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхээр боллоо. Хоёр улсын төрийн тэргүүн бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснээ бататган, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа харилцан нотоллоо. Уулзалтын дүнгээр Монгол Улс, Бутаны Хаант Улсын хамтарсан мэдэгдэл, мөн хоёр улсын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүд байгууллаа.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчук төв талбайд
Монгол, Бутаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2024.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-ийн төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр талууд хөдөө аж ахуй, мал аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл, мэдээллийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:

  • ӨНДӨРЛӨГ ГАЗРЫН МАЛ АЖ АХУЙ, БЭЛЧЭЭРИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БУТАНЫ ХААНТ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, МАЛ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчук төв талбайд

Малын удмын санг сайжруулах, уг салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үр хөврөлийн солилцоо хийх замаар малын үр шимийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Энэ хүрээнд сарлаг, адуу, хонин сүргийн удмын сангийн чадавхыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрөлжүүлэх замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллана. Мөн бэлчээрийн нөөц болон экосистемийг бүрдүүлэх зорилгоор бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцоно.

  • БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БОЛОН БУТАНЫ ХААНТ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,  Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукын хамт

Хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа уламжлалт анагаах ухаан, гар урлал, уламжлалт соёл, урлагийн чиглэлээр оюутан харилцан суралцуулна. Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр олон улсын хурал, уулзалт зохион байгуулна.

  • СОЁЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ, БУТАНЫ ХААНТ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, 
Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар

Соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг дэмжих, музей хоорондын сургалт, соёлын солилцоог хөхиүлэн дэмжиж, хамтын ажиллагааны суурийг тавилаа. Бутаны Хаант Улсын Дотоод хэргийн яамны харьяа Соёл, хэлний агентлагтай уламжлал, шашин судлал, хэл судлал зэрэг салбарын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов.

  • УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, БУТАНЫ ХААНТ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчук нар Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Уламжлалт анагаах ухааны салбарын эмч, мэргэжилтнүүдийг солилцох, сургалтад хамруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, уламжлалт эмийн үйлдвэрлэлийн талаар харилцан мэдлэг, сайн туршлага солилцоно. Цог Жавхлант Хааны төрийн анхны айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүд байгуулж, хөдөө аж ахуй, мал аж ахуй, уламжлалт анагаах ухаан, соёл урлаг, зан заншил, үндэсний хувцас урлал зэрэг хоёр улсын хувьд харилцан ашигтай, нийтлэг сонирхол бүхий салбаруудаа хөгжүүлэхээр тохиролцлоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчук нар Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Бутаны Цог Жавхлант Хаан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцав

2024.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд НҮБ-ын байранд зочилж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Цог Жавхлант Хааныг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн нар угтав. НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулаад НҮБ-ын энхтайван, хөгжил дэвшлийн үйлсэд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэв. Үүний дараа Бутаны Цог Жавхлант Хаан далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй хүндрэл бэрхшээл, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов. Тэрбээр Монгол Улс болон Бутаны Хаант Улс нь далайд гарцгүй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцахын чухлыг тэмдэглээд Бутаны Хаант Улсын зүгээс тус төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн Бутаны Хаант Улс нь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах олон талт хэлэлцээрт нэгдэн орсон тус байгууллагын идэвхтэй гишүүн орон гэдгийг онцлоод, цаашид үргэлжлүүлэн нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв. Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дэлхийн хүн амын 7 хувь, газар нутгийн 22 хувийг эзэлдэг гэжээ. 

Бутаны Цог Жавхлант Хаан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцав

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант хаан Богд хааны ордон хаан музейд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма нар 2024.07.08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Тэд Богд Хааны Ордон Музейд зочилж, Богд хаан болон хатан Дондогдулам хатны эдэлж хэрэглэж байсан зүйлстэй танилцлаа. VIII Богд Жавзандамба хутагт 1869 оны намрын сүүл сарын шинийн 8-ны өдөр Лхас хотын ойролцоо Далай ламын шадар түшмэл Гончигцэрэн, эх Ойдовдулам нарын гэр бүлд мэндэлжээ. 1871.12.20-ны өдөр Далай лам тэргүүтэй лам нар Гончигцэрэнгийн хөвгүүнийг Халхын шарын шашны тэргүүн Богд гэгээний хойт дүр мөн болохыг тодруулжээ. Далай лам түүнд номын нэр хайрлаж, хадаг, бурхан сахиус шагнажээ. Монголоос Сайн ноён хан аймгийн Чин ван Санга-шри, Түшээт хан аймгийн засаг чин ван Лувсанбазар, Да хүрээний хамба номун хан Балданчоймбол, да лам Дашдорж нар тэргүүтэй 400 гаруй хүн 1874.09.30-нд VIII Богд Жавзандамба хутагтыг Их хүрээнд залж, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 5-нд Хутагтын ширээнээ өргөмжилж, Халхын 4 аймаг, шавь 5 газраас Бат-Оршил өргөжээ. 1875 онд Манж чин гүрний эзэн хаан VIII Богдод алтан тамга, алтан навчит өргөмжлөлийг шагнажээ. Халх монголын найман Богд Жавзандамба хутагаас ганцхан VIII Богд Жавзандамба хатан буулгасан, гавжийн дамжаа барьсан нь урьд урьдын дүрүүдээс өвөрмөц намтартай хүн байжээ. Энэ үйл явдал 1908 онд тохиосон юм. Ийнхүү Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма нар Богд хааны ордон музейгээр зочилж, Богд хаан, түүний хатан Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан зүйлстэй танилцав. 

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Богд Хааны Ордон Музейг үзэж сонирхов

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант хаан Чингис хаан үндэсний музейд зочиллоо

2024.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Чингис хаан, хаад язгууртны музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн  хуулбар, уран бүтээл юм. Энэ музей Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эх буюу 2000 жилийн хугацаан дахь хаад, язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны музей юм. Тус музейд Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэн 2024.08.25-ныг хүртэл үргэлжилнэ. Тус үзэсгэлэн монголчууд дэлхийд хэрхэн нөлөө үзүүлж, амар амгаланг тогтоон, соёл, худалдаа, эдийн засаг, улс төрийн хувьд хэрхэн өөрчилснийг илтгэх эртний улсуудын түүхтэй холбоотой дурсгалууд, Монголын эзэнт гүрний дурсгал, хаад, түүний угсааныхны дурсгал хэсгээс бүрджээ. Тухайлбал Монголын эзэнт гүрэн, Ил хант, Юань, Кидан Улстай холбоотой дурсгалуудыг хадгалж буй Луврын музей, Францын Үндэсний Архив, Севрийн Үндэсний Керамикийн музей, Чимэглэлийн Урлагийн музей болон Швейцарийн Ритберг музей, цуглуулагч Сэм ба Мирна Майэрсын цуглуулга зэрэг Европын таван томоохон музей, архиваас татаж авчирсан үзмэрүүдийг толилуулжээ. Ил хаант, Юань, Кидан Улс, Хүннү үеийн ховор чухал дурсгалууд, Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын бүх харьяа улсуудын дурсгалуудыг анх удаа нэг дор дэлгэжээ. Үзэсгэлэнгийн онцлох гол дурсгал нь 1305 онд Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт илгээсэн монгол бичгийн захидал юм. Энэ захидал нь монгол хаадын бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв, төрт ёсны аугаа уламжлал, монгол бичгийн гайхамшиг, монголын их амар амгаланг бүрэн илэрхийлдэг, үнэлж баршгүй түүхэн баримтад тооцогддог. Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжин Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нар Чингис хаан музейн танхимуудаар зочилохын зэрэгцээ Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Тэд Чингис хаан музейн үзмэрүүдтэй танилцаж, Чингис хаан Үндэсний музейн Хүндэт дэвтэрт сэтгэгдлээ бичиж, гарын үсгээ мөн үлдээсэн байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукт бараалхлаа

2024.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукт бараалхлаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлоод Бутаны Хаант Улсыг Өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд холимог тогтолцоогоор бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламентын даргаар сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүслээ. Түүнчлэн хоёр улсын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал ач холбогдолтойг тэмдэглээд энэ чиглэлд талууд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа онцлов. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан цаашид хоёр улсын парламент хоорондын ажил хэрэгч уулзалт, ойр дотно хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, парламентын бүхий л түвшний төлөөлөгчдийн харилцан солилцоог идэвхжүүлэх нь уламжлалт харилцааг бэхжүүлэх нэгэн үндэс суурь болно гэдгийг тодотголоо. Айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүнүүдийн ярьж тохирсон санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох чиглэлд Монгол Улсын Их Хурлын зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук болон түүний гэр бүл Монгол Улсын Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд хүндэт зочноор оролцож, монголын өвөрмөц соёлын өв, баялаг түүхтэй танилцаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлалд нь амжилт хүсэв гэжээ. 

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчук, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гэргийн хамт
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар үндэсний сурын талбайд зочлов

2024.07.11. Монгол Улс. Улаанбаатар хот.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ үеэр эртний уламжлалын дагуу дуут сумаар харваж үндэсний сурын харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олонд хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нар мөн үндэсний сурын талбай болон шагайн асарт зочлов. Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук энэ үеэр дуут сумаар харваж, Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нум сум харваж, Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
Монгол Улс, Бутаны Хаант Улсын Хамтарсан мэдэгдэл

2024.07.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс, Бутаны Хаант Улсын Хамтарсан мэдэгдэл гаргалаа. Хамтарсан мэдэгдэлд: 

1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны 07 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Цог Жавхлант Хааныг Эрхэмсэг Хатан Жэцүн Пэма Ванчук, Эрхэмсэг хунтайж Гялси Жигмэ Намжил Ванчук, Эрхэмсэг хунтайж Гялси Угэн Ванчук, Эрхэмсэг гүнж Гялсэн Сонам Яндэн Ванчук болон албаны бусад хүмүүс дагалдав.

Бутаны Хаант Улсын Хатан Жэцүн Пэма Ванчук, Монгол Улсын Тэргүүн Хатагтай Л.Болорцэцэг 

2. Энэхүү түүхэн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-тай албан ёсны уулзалт хийж, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамт Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа болон Үндэсний их баяр наадмын Төрийн дайллагад хүндэт зочноор оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчуктай албан ёсны уулзалт хийв

3. Айлчлалын үеэр талууд улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, иргэдийн солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчуктай албан ёсны уулзалт хийв

4. Албан ёсны уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар Монгол, Бутаны “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлaсан найрсаг харилцааг хоёр орны давуу тал, нөөц бололцоонд нийцүүлэн эдийн засгийн агуулгаар баяжуулах, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, дээд, өндөр түвшний төлөөлөгчдийн солилцоог төр, Засгийн газар, Парламент зэрэг бүхий л түвшинд өргөжүүлэхээр санал нэгдэв.

Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис Хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

5. Талууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхжиж буйд сэтгэл хангалуун байгааг дурдаж, Монгол, Бутаны энхийг сахиулагчид даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд мөр зэрэгцэн хүчин зүтгэж буйг өндрөөр үнэлэв. Энэ хүрээнд Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургуульд бутаны тал үргэлжлүүлэн оролцож, туршлага солилцон хамтран ажиллахаар тогтов.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчук, Монгол Улсын Ерөнхийлгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэгийн хамт

6. Төрийн тэргүүн нар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Монгол Улс, Бутаны Хаант Улсын Гадаад харилцааны яам хоорондын яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулах, харилцан сонирхсон асуудлаар санал солилцох, тэргүүлэх чиглэлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, залуу дипломатчдын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар болов.

Хамтын ажиллагааны гэрээ байгуулав

7. Хоёр орны төрийн тэргүүн нар хүнсний аюулгүй байдлыг хангах нь хоёр улсын нэн тэргүүний зорилт гэдгийг онцолж, тогтвортой газар тариалан эрхлэх, газар тариалангийн менежментийн чиглэлээр туршлага солилцох, тус салбарын мэргэжилтний солилцоог эрчимжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар болов.

Хамтын ажиллагааны гэрээ байгуулав

8. Талууд хөдөө аж ахуйн салбарыг хоёр талын хамтын ажиллагааны тулгуур салбар болохыг тэмдэглэж, хоёр орны давуу тал бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлчилгээг хоёр улсын зах зээлд харилцан нэвтрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, туршлага солилцох, тус салбарын мэргэжилтнүүдийн солилцоог нэмэгдүүлэхээр санал нэгдэв.

Хамтын ажиллагааны гэрээ байгуулав

9. Талууд мал аж ахуй, түүний дотор бэлчээрийн менежмент, сарлаг, хонь, банхар зэрэг өндөрлөг газрын амьтдын маллагаа, үржүүлгийн сайн туршлагыг хуваалцах, тархалтын хүрээг өргөтгөх, нэн ялангуяа мах, сүү, хөөвөр зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиров.

Монгол Улсын Ерөнхийлгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук наадмын талбай зорив

10. Талууд Монгол Улс, Бутаны Хаант Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий улс орнууд гэдгийг онцолж, ганд тэсвэртэй таримал сортуудыг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тохирсон хөдөө аж ахуйн арга барилыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Монгол Улсын Ерөнхийлгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук төв цэнгэлдэх хүрээлэнд

11. Бутаны тал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг сайшаан тэмдэглэв. Монголын тал Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-ийн тариаланчдад чиглэсэн “Зуун сая жимсний мод” тарих эдийн засгийн санаачилгыг өндрөөр үнэлэв. Талууд хоёр улсын хооронд хэрэгжүүлж буй мод тарих шилдэг туршлагыг хуваалцах, ойн аж ахуйн тогтвортой менежментийн арга техникийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлан ажиллахаар болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчукийн хамт үндэсний их баяр наадмаар

12. Талууд хоёр улсын боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх арвин нөөц бололцоо байгааг тэмдэглэв. Монголын тал Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт бутан оюутан залуусыг хамруулах, бутаны тал Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-ийн болон Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт монгол оюутан залуусыг тус тус хамруулахаар шийдвэрлэснийг мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчукийн хамт үндэсний их баяр наадмаар

13. Төрийн тэргүүн нар хоёр улсын аялал жуулчлалын давуу тал, нөөц бололцоог харилцан сурталчлах замаар аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Засгийн газраас зарласан Go Mongolia үндэсний брэндийг Бутаны Хаант Улсын Засгийн газраас зарласан Bhutan Believe үндэсний брэндтэй уялдуулан хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахаар санал нэгдэв.


Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамт Цонжин Болдогт

14. Талууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгийг даван туулах, холбогдох эрсдэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Энэ хүрээнд Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлснийг онцлоод бутаны талаас дээд, өндөр түвшинд төлөөлөгч оролцуулахыг хүсэлт болгов.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчук Богд Хааны Ордон Музейд

15. Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, харилцан бие биеэ дэмжихээ илэрхийлэв. Түүнчлэн талууд Улаанбаатар хотод төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв”-ийн үйл ажиллагааг сайшааж, энэ чиглэлд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа нотлов.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчук нар монгол ахуйтай танилцав

16. Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

– Уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бутаны Хаант Улсын Эрүүл мэндийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

– Өндөрлөг нутгийн мал аж ахуй болон бэлчээрийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хүүгийн хамт монгол ахуйтай танилцав

– Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Бутаны Хаант Улсын Боловсрол, ур чадвар хөгжлийн яам хоорондын Боловсролын салбар дахь харилцан ойлголцлын санамж бичиг;

– Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёлын яам, Бутаны Хаант Улсын Дотоод хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

– Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз (МNB) болон Бутаны Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний корпорац (BBSC) хооронд телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчук нар цамын бүжиг үзэж сонирхов

17. Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Бутаны Хаант Улсын төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд талархал илэрхийлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Бутаны Хаант Улсад төрийн айлчлал хийхийг урив.

Монгол Улсын Их Хурлын Дарга Д.Амарбаясгалан, 
Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар наадамчин олонтой мэндчилэв
Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн төрийн айлчлал өндөрлөлөө

2024.07.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн анхны төрийн айлчлал өндөрлөлөө. Цог Жавхлант Хаан болон албаны төлөөлөгчдийг Чингис хаан олон улсын нисэх буудалд албаны хүмүүс үдэж мордууллаа. Айлчлалын хүрээнд Төрийн тэргүүн нар Хамтарсан мэдэгдэл гаргаж, харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг тэргүүлэх салбарт бодит ахиц гаргахаар тохиролцлоо. Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогынхоо хүрээнд Бутаны Хаант Улсыг Өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үздэг. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын өнөөгийн хамтын ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, хэтийн төлөвийг тодорхойлох, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд түүхэн ач холбогдолтой боллоо гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн анхны төрийн айлчлал өндөрлөв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай бараалхлаа

2024.09.23. НҮБ. АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгайг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Бутаны Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлов. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд харилцан туршлага судалж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв. Ерөнхий сайд Цэрэн Тобгай энэ онд Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлсэн анхны төрийн айлчлал нь хоёр улсын хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой болсныг тэмдэглэлээ. Мөн тус айлчлалаар дамжуулан Монгол Улсын түүх соёл, зан заншил Бутаны ард түмний зүрхэнд ойр болсон гэдгийг онцолж, Бутаны төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтарч, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Цог Жавхлант Хааны “Зуун сая жимсний мод” тарих санаачилгын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал нэгдэв. Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа талууд харилцан нотлов.