9 сар 29, 2024

Mонгол, Кaзaкcтаны харилцаа

Казахстанаас Монголд суух Элчин сайд

2022.06.13. Монгол улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Габит Койшибаев 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Энэ онд Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйг уулзалтын үеэр онцолж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоёулаа далайд гарцгүй. Иймээс гадаад худалдааны зах зээлийг төрөлжүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх шинэ гарцыг эрэлхийлэхэд бэлэн байгаагаа Элчин сайд Габит Койшибаев илэрхийлэв.

Казакстаны Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

2022.07.13.Монгол Улс.Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон монголын нийт ард түмэнд Yндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ илгээжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

2023.09.20. АНУ. Нью-Йорк хот. АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023.09.19-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой тус улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх өргөн боломж байгааг харилцан илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүн экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлж, улмаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2023-2025 онд эрчимжүүлэх замын зураглал болон бизнесийн зөвлөлийг ойрын хугацаанд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Цаашид томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, уул уурхайн салбар дахь туршлагаа солилцох, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болон бусад харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөснөө энэ үеэр илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно

2024.07.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024.07.3-4-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно. Манай улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын удирдагчидтай уулзан, харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна гэжээ.

Үзбекистан Улсад зохиогдсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хуралдаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо

2024.07.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024.07.3-4-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор эх орноосоо мордлоо. Манай улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын удирдагчидтай уулзан, харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хүрэлцэн очлоо

2024.07.03. Казахстан. Астана. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор 2024.07.03-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо хүрэлцэн очлоо.  Монгол Улсын Ерөнхийлөгчийг Нурсултан Назарбаев олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, БНКазУ-ын Шадар сайд Г.Т.Койшыбаев нар угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хүрэлцэн очлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев угтаж авлаа

2024.07.04. Казакстан. Астана. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Астана хотын Тусгаар тогтнолын ордонд хүрэлцэн очлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг 2023-2024 онд ШХАБ-ыг даргалж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевтай уулзаж, харилцаа хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Энэ удаагийн өргөтгөсөн хуралдаанд Хятад, Орос, Узбекистан, Киргиз, Азербайжан, Тажикистан, Беларусь, Турк зэрэг 16 орны төр, засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад өндөр албан тушаалтан оролцож байна. ШХАБ нь гишүүн 10 /Казахстан, Киргиз, Орос, Пакистан, Тажикистан, Узбекистан, Хятад, Энэтхэг, Иран, Беларусь/, ажиглагч 2 /Афганистан, Монгол/, яриа хэлэлцээний түнш 13 /Азербайжан, Армени, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив/, нийт 25 улсыг хамардаг юм. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд улсынхаа байр суурийг илэрхийлж, үг хэлэх юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа

2024.07.04. Казакстан. Астана. Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Казакстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, дээд, өндөр түвшинд яриа хэлэлцээ тогтмолжин Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаа идэвхжиж буйг онцлон тэмдэглэв. Хоёр улсын төрийн тэргүүн хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг тэргүүлэх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо. Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга Хоёр тэрбум мод төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох замаар хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй хоёр талын болон олон улсын түвшинд хамтран ажиллахаар тохиролцлоо. Казахстан Улсад шар усны үерийн улмаас эд материалын ихээхэн хэмжээний хохирол учрахад Монголын ард түмэн сэтгэл зүрхээрээ хамт байж, Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд Ерөнхийлөгч Ж.Токаев чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрбээр цаашид дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ

2024.07.04. Казакстан. Астана. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож үг хэллээ. Тэрбээр, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг болон НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоосныг тэмдэглэв. Олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд, ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш орнуудтай хоёр талт болон олон талт форматын хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тасралтгүй хийж ирснийг хэлэв. Цаашид ШХАБ-ын оролцогч нийт улс оронтой худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр ложистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол тохиож байгааг хэлж, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал байгааг онцлов. Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан амжилттай хэрэгжүүлж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байгааг тэмдэглэв. Далайд гарцгүй улс орнуудад тулгарч буй нийтлэг сорилт, бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд ШХАБ-ын оролцогч орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, нэгдмэл байр суурь нэн чухал байгааг онцолж, Улаанбаатарт төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвтэй хамтран ажиллахыг уриаллаа. Монгол Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлогтоо тулгуурлан худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон транзит монгол болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг хэллээ. Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан авто зам, төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төслүүд болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо. Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар, Туркменистан зэрэг улсын төрийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Исламын орнуудын хүнсний аюулгүй байдлын байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евроазийн эдийн засгийн комисс зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцжээ.

Казахстаны Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлжээ

2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлжээ. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай ард иргэдэд Казахстаны иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улс Ази тивийн нэр хүндтэй бөгөөд идэвх санаачилгатай улс болон хөгжиж байна. Улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өсгөх, эдийн засгаа хөгжүүлэхэд чиглэсэн Таны санал, санаачилга, төлөвлөсөн ажлууд амжилттай хэрэгжихийн ерөөл дэвшүүлье гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Translate