12 сар 21, 2024

Mонгол, Энэтхэгийн хaрилцaa

БНЭУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав

2022.09.06. Монгол Улс. Улаанбаатао хот. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингхийг хүлээн авч уулзав. Оюун санааны түнш, гуравдагч хөрш БНЭУ-тай харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэж, үүнд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди-гийн 2015 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал болон Батлан хамгаалахын сайдын энэ удаагийн айлчлал чухал түлхэц болж байгааг онцлов. Мөн хоёр орны хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүргэх бүрэн боломж байгааг хэлэв. Ардчилал, эрх чөлөөг дээдэлдэг зэрэг ижил төстэй зүйл олон Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх илэрхийлэв. Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудал болон газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, батлан хамгаалах, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, боловсрол, агаарын тээвэр, аялал жуулчлал зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэтхэгийн Ерөнхийлөгч баярын захидал ирүүлэв

2022.07.15. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Нат Ковинд мэндчилгээ дэвшүүллээ. УГ МЭНДЧИЛГЭЭНД: Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Энэтхэгийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Энэтхэг, Монгол нь оюун санааны ойр дотно хөрш бөгөөд Стратегийн түншүүд билээ. Цар тахлын улмаас тулгарч буй сорилтуудыг үл харгалзан бидний олон талт хамтын ажиллагаа бүх талаар цэцэглэн хөгжиж байгааг тэмдэглэхэд нэн таатай байна. Саяхан болж өнгөрсөн Монгол Улсын Их дүйчэн өдрөөр Энэтхэг Улсад хадгалагдаж буй Бурхан багш Буддагийн чандарыг Монгол Улсад залж, сүсэгтэн олон, ард иргэдэд дэлгэн үзүүлсэн нь бидний Буддын шашны гүн гүнзгий хэлхээ холбоо, ижил төстэй өв соёл, шашин шүтлэгтэйг гэрчилж байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны манлайлал дор манай хоёр орны Стратегийн түншлэл олон салбарт өргөжин тэлж, хамтын ажиллагааны шинэ гарцуудыг нээж өгнө гэдэгт миний бие итгэл төгс байна. Энэхүү завшааныг ашиглан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхны ерөөл дэвшүүлье. Энэ ялдамд, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлж буйг минь хүлээн авна уу гэжээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2023.11.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Пратап Сингх-ийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй хэдий ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотой гэдгийг тэмдэглэлээ. Мөн Оюун санааны хөрш Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд бэхжүүлэх, хамтын ажиллагааны түүхэнд бичигдэх томоохон төсөл, хөтөлбөрийг ажил хэрэг болгоход жинтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж буйгаа онцлов. Элчин сайд М.Сингх аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг  өргөжүүлэх чиглэлээр хамтран ажилласандаа баяртай буйгаа тэмдэглэв. Тэрбээр цаашид хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ. Элчин сайд М.Сингх нь 2019 оноос Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллахдаа цар тахлын үед Энэтхэг Улсаас вакцин хандивлах, Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Кибер аюулгүй байдлын төв,  Мэдээлэл, харилцаа холбооны аутсорсонгийн төв болон Монгол-Энэтхэгийн найрамдалт ерөнхий боловсролын сургуулийг Улаанбаатар хотноо байгуулах зэрэгт онцгой хувь нэмэр оруулсан юм.

Энэтхэгийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2024.04.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд А.М.Готсурвэг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэн, амжилт хүсээд Оюун санааны хөрш Энэтхэг Улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотойг тэмдэглэв. Харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд бэхжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөр, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах чиглэлээр хичээн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа хэлэв. Элчин сайд А.М.Готсурвэ хоёр орны харилцааг бэхжүүлэх, аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохионо.

Энэтхэгийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ

2024.07.13. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму мэндчилгээ ирүүлжээ. Энэтхэгийн Засгийн газар, ард түмэн, өөрийн нэрийн өмнөөс Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон Монгол Улсын Засгийн газар, танай найрсаг ард түмэнд Үндэсний их баяр наадмын халуун баяр хүргэе. Манай хоёр улс оюун санааны хөрш бөгөөд стратегийн түншүүд билээ. Бид соёл иргэншил, түүх, оюун санаа, соёлын хэлхээ холбоотой төдийгүй ардчилал, эрх чөлөөний ижил үнэт зүйлстэй. Буддын шашны нийтлэг өв соёл нь бидний харилцааг улам бүр бэхжүүлэн бататгах гүүр болдог билээ. Харилцааны чухал төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажилд ихээхэн ахиц гарч байна. Таны чадварлаг удирдлага дор манай Стратегийн түншлэлийн харилцаа улам хөгжиж, хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжна гэдэгт итгэлтэй байна гэжээ.