9 сар 29, 2024

Mонгол, Италийн хaрилцaa

Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

2024.07.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв. Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд италийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Улаанбаатар, Ромын харилцаа нь ардчилал, хүний ​​эрхийн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлсэн, нөхөрлөлийн гүн гүнзгий мэдрэмжээр тэтгэгддэг бат бэх үндэс дээр суурилдаг билээ. Хоёр улсын харилцааг харилцан сонирхсон салбаруудад төдийгүй Европын Холбоо, Монгол Улсын харилцааны хүрээнд хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэх замаар өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Эдгээр хүсэл эрмэлзлээ дурдахын ялдамд Эрхэм Ерөнхийлөгч Танд эрүүл энх, сайн сайхан, монголын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлтийн дээдийг хүсэн ерөөе гэжээ.

 Италийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2024.02.05. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Италийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ. Цаашид харилцан сонирхсон салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Элчин сайд Ж.Пиккаррета улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг  идэвхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Тэрбум мод, Эрүүл монгол хүн, Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Итали Улстай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Ж.Пиккарретад ажлын амжилт хүсэж, бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв гэжээ. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Translate