9 сар 29, 2024

Mонгол, Хятадын харилцаа

БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав

2022.06.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж, захидал ирүүлснийг Элчин сайд уламжлав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх асуудлыг чухалчлан үздэгээ онцолж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалыг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа хятадын тал дахин нотлов. Цар тахлын үед ч найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин, хүмүүнлэгийн харилцаа тэлж, хоёр ард түмний нөхөрлөл нягтран, олон улс болон бүс нутгийн асуудлаарх хамтын ажиллагаа өргөжиж буйг Элчин сайд Цай Вэньруй онцлов.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүлжээ

2022.07.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд: Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан миний бие БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон танаар дамжуулан танай улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Хятад, Монгол хоёр улс бол уул, усаар холбогдсон найрсаг, үнэнч хамтын ажиллагаатай түншүүд. Хоёр улсын харилцааг сайтар хамгаалж, бэхжүүлэн хөгжүүлэх нь талуудын язгуур болоод хэтийн эрх ашигт нийцдэг. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа хурдацтай хөгжиж, салбар бүрийн харилцаа, хамтын ажиллагаа арвин үр өгөөжтэй байна. Миний бие хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч, хоёр улсын харилцааны хөгжлийн гол чиглэлийг стратегийн түвшинд алсын хараатайгаар чиглүүлж, Хятад, Монголын Иж Бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлж, хоёр улс болон хоёр улсын ард түмэнд үр шимийг хүртээхэд Тантай хамтран ажиллахыг хичээхэд бэлэн байна. Монгол Улсад хөгжил цэцэглэл, ард түмэнд аз жаргалыг хүсэн ерөөе гэжээ.

ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав

2023.04.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин  бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байдгийг илэрхийлэв. Энэ хүрээнд цаашид ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түнш улсуудтай ажиглагчийн хувиар үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа нотлов. Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин ШХАБ дахь Монгол Улсын оролцоог өндрөөр үнэлдгээ илэрхийлээд, ажиглагч болсон цагаасаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэнд талархал илэрхийлэв. Талууд Монгол Улс, ШХАБ-ын харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр ложистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

-Монгол Улсын Ерөнхийлөгчид ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга захидал ирүүллээ-

2023.04.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин захидал ирүүлжээ. Тэрбээр захидалдаа Монгол Улсад айлчлах үеэр нь хүлээн авч уулзсанд Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн Танай оронд өмнө нь зочилж байснаас хойш гарсан ахиц дэвшил, эерэг өөрчлөлт надад гүн сэтгэгдэл төрүүллээ хэмээн дурджээ. Монгол Улс ажиглагч орны хувьд ШХАБ-ын гол түншүүдийн нэг билээ. ШХАБ-ын арга хэмжээнд идэвхтэй оролцож байдгаараа танай улс байгууллагын зорилго, зарчмыг тууштай дэмжиж, тулгамдаж буй асуудлуудад зүй ёсны анхаарал хандуулж буйн илрэл юм гэжээ. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин Монгол Улсын Ерөнхийлөгчид эрүүл энх, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа ШХАБ-ын Нарийн бичгийн даргын газарт зочлохыг урилаа.

2023.07.10. Mонгол Улс. Улаанбаатар хот. БНХАУ-ын дарга Ши ЖиньПин: Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, Танаар дамжуулан танай улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Уул, усаар холбогдсон Хятад, Монгол Улс урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд бүрэн нийцдэг. Найрамдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Хоёр талын тохиромжтой үед үзэсгэлэнт Монгол оронд дахин айлчлахыг хүсэж байна. Монгол Улс, Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэжээ.

23 улсын төрийн тэргүүн уулзав

2023.10.18. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бээжин хотноо болж буй Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцов. Энэ удаагийн чуулга уулзалт Бүс ба замын өндөр чанарын хамтын ажиллагаа: Хамтын хөгжил, цэцэглэлтийн төлөө ерөнхий сэдвийн дор явагдаж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин: Эртний торгоны замыг сэргээж, улс түмний бодлогын, худалдааны, санхүүгийн, нөхөрлөлийн холболтыг бүтээн байгуулснаар дэлхийн эдийн засгийн хөгжилд шинэ эрч хүчийг нэмэх зорилготойг онцлов. Мөн тэрбээр ирэх 10 жилд дэлхийн 150 гаруй орон, олон улсын 20 гаруй байгууллагыг хамруулан гурван хэмжээст дэд бүтцийг бүтээн байгуулж, нээлттэй эдийн засгийн хөгжилд бүх талын дэмжлэг үзүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх, ногоон хөгжлийг цогцлоох, техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгох зэрэг 8 шинэ саналыг дэвшүүлэв. Энэ удаагийн дээд түвшний чуулга уулзалтын үеэр:

  • Нээлттэй дэлхийн эдийн засагт дэд бүтцээр харилцан холбогдох,
  • Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулах,
  • Өсөлтийн шинэ эх сурвалж цахим эдийн засаг зэрэг гурван сэдвээр дээд түвшний гурван хэлэлцүүлэг,

Мөн Саадгүй худалдаа, Иргэд хоорондын хэлхээ холбоо, Тинк танкийн солилцоо,  Цэвэр торгоны зам, Орон нутгийн хамтын ажиллагаа, Далайн хамтын ажиллагаа зэрэг 6 сэдвээр салбар хуралдаан болж байна. Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улс, ОХУ, Чех, Лаос, Серби, Шри Ланка зэрэг 23 улсын төр, засгийн тэргүүн нар оролцож байна гэжээ. 

У.Хүрэлсүх: Ногоон торгоны замыг хамтдаа бүтээе

2023.10.18. БНХАУ. Бээжин хот. БНХАУ-ын Бээжин хотноо Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ногоон Торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр Бүс ба зам санаачилга нь хөгжлийн боломжоо хуваалцах, харилцан суралцах, харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллах үзэл санаанд тулгуурлан хамтдаа хэлэлцэх, хамтдаа бүтээх, хамтдаа үр өгөөжөө хүртэх үндсэн зарчмын дагуу хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг бүс нутгийн түвшинд өрнүүлэх чухал тавцан болж байгааг тэмдэглэв. Ногоон хөгжлийг удирдлага болгож, эко, цэвэр хөгжлийн үзэл санааны дагуу байгалийн нөөц баялгийг хэмнэсэн, байгаль орчинд ээлтэй байх зарчмыг баримталж байгаа нь НҮБ-аас дэвшүүлсэн Тогтвортой хөгжил-2030-ын зорилгод бүрэн нийцдэг гэж үздэгээ илэрхийлэв.Энэ удаагийн чуулга уулзалтаар хамтран гаргаж байгаа Бүс ба Замын ногоон хөгжлийн төлөөх Бээжингийн санаачилга нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, ногоон дэд бүтэц, ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжихэд чиглэсэн улс орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал ач холбогдолтойг тодотгов. Монгол Улс Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал, Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх зорилготой гэдгийг хэллээ. 2026 онд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлаар улс орон болон бүс нутгийн хэмжээнд газрын доройтол, цөлжилтийн эсрэг хийж байгаа ажил, тогтвортой ойн мененежментийг бэхжүүлж байгаа туршлагаа хуваалцаж, цаашдын бодлого, зорилт, үйл ажиллагаагаа тодорхойлно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн яриа хэлэлцээний дүнд Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төвийг энэ оны есдүгээр сараас байгуулах ажил эхэлснийг тэмдэглэв. Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй Монгол Улс ногоон хөгжлийн бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчид болон олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байгааг хэлэв. Мөн эдийн засаг, нийгмийн хөгжлийг байгаль, экологийн хамгаалалтай нягт уялдуулж, байгальд ээлтэй стандарт болон сайн туршлагыг дэлгэрүүлж, цэвэр, шинэ эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн, байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023.10.19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны  баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ

2024.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай Засгийн газар, ард иргэдэд чин сэтгэлээсээ баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Хятад, Монгол хоёр улс бие биеийнхээ хувьд чухал хөрш бөгөөд сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь хоёр улсын ард иргэдийн язгуур эрх ашигт нийцнэ. Миний бие Тантай хамт хоёр улсын хувь заяаны хамтын нэгдлийг бий болгох зорилгод чиглэж, харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалан, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг зөв замналд эрүүл, тогтвортой урагшлуулан хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхэд бэлэн байна. Танай улсад хөгжил цэцэглэлт, ард иргэдэд энх тунх, аз жаргал хүсэн ерөөе гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа

2024.09.07. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Төрийн ордонд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн онд Бээжин хотноо болсон Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, олон асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээг нь уламжлахыг хүсэв. Хоёр талын харилцааны олон чухал ой тохиож буй энэ үед БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилж байгаа нь мөнхийн хөрш манай хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илрэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон асуудлууд, тухайлбал, хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хоёр талын холбогдох байгууллага идэвхтэй ажиллах нь зүйтэйг онцлов. БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав. Тэрбээр уул, усаар холбогдсон найрсаг хөрш Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгааг онцоллоо. Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтод тулгуурлан, Монгол Улстай найрамдал, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд хятадын тал бэлэн байгааг илэрхийлэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Translate