Монгол, Оросын харилцаа

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Ю.П.Трутнев Монгол Улсад айлчилж байна
2014.12.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч ноён Ю.П.Трутневийг хүлээн авч уулзлаа. Энэ онд манай хоёр орны харилцаа идэвхтэй өрнөж, өндөр дээд хэмжээний айлчлалууд амжилттай болж буйд сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины Монголд хийсэн ажлын айлчлал хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгсөн гэж тэрбээр онцоллоо. Сүүлийн хоёр жилийн туршид буураад байгаа хоёр орны худалдааны хэмжээг тэнцвэржүүлэх, нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд тодорхой хугацааны туршид тэглэсэн татвараар нийлүүлэх саналыг бид дэвшүүлсэн. Энэ асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсээд “Хоёр улсын хамтын ажиллагааны томоохон төслүүдийн явцыг хэрэгжүүлэхэд санаачилгатай ажиллана” гэж Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ. Мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж болох саналыг ОХУ-ын Засгийн газрын дэд дарга Ю.П.Трутнев илэрхийлээд Монголын тал дэмжвэл энэ ажлыг судалж эхлүүлэхэд бэлэн байна.

Монгол Улс ОХУ-тай хил орчмын бүс нутгийн гамшгаас хамгаалах чиглэлээр хамтарна
2015.03.17. Япон Улс. Сендай хот. Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож буй Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах асуудал эрхэлсэн сайд Владимир Андреевич Пучковтой уулзлаа. 1995 онд Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 13 удаа болж, бүс нутгийн хуралдааныг жил бүр 2-3 удаа тогтмол хийж байна. Мөн өнгөрсөн 9 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Ойг түймрээс хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан. Зөвхөн хоёр орны хэмжээнд төдийгүй дэлхий нийтийг гамшгаас хамгаалах чиглэлээр Шадар сайд У.Хүрэлсүхийн тус хурал дээр хэлсэн үг, тавьсан саналыг бүрэн дэмжиж, санал нэг байгаагаа ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах асуудал эрхэлсэн сайд Владимир Андреевич Пучков илэрхийллээ. Мөн ”Хоёр орны хувьд байгалийн гамшиг, аж үйлдвэрийн ослын үед хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Шинээр хөдөө аж ахуйн салбар болон халдварт өвчнөөс үүдэлтэй хор хохирлыг арилгах асуудал дээр хамтран ажиллая. Үер усны аюул, гал түймэр, газар хөдлөлт хил орчмын бүс нутагт гамшгаас сэргийлэх, хамгаалах чиглэлээр ч хамтрая” гэсэн саналыг сайд В.А.Пучков тавьсан байна. ОХУ-ын сайд В.А.Пучков 5 дугаар сард Москвад Монгол, Оросын аврагчдын хамтарсан сургуулилт хийхэд Шадар сайдыг хүрэлцэн ирэхийг урилаа.

Шадар сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
2016.08.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Шадар сайдаар дахин томилогдсонд К.К.Азизов баяр хүргээд ОХУ-ын Шадар сайдын мэндчилгээг уламжиллаа. Уулзалтаар онцгой байдал, чөлөөт бүс зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тухайлбал, Алтанбулагийн чөлөөт бүсийг хамтран ашиглаж хөгжүүлэх, Оросын аж ахуйн нэгжүүдийг тус бүсэд хөрөнгө оруулах таатай нөхцөлөөр хангах, хил, гаалийн хяналт шалгалтыг хөнгөвчлөх талаар ярилцлаа. Байгалийн гамшгийн давтамж ойртож, хүний амь нас, эд материалын хохирол учрах болсон энэ үед онцгой байдлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа гэдэгт талууд санал нэгдлээ. Хоёр улсын Засгийн газар хооронд өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-т тусгагдсан асуудлуудыг ажил хэрэг болгохын төлөө байна гэдгээ Шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ. Тухайлбал, хил орчмын халдварт өвчний дэгдэлтийг эрт илрүүлэх, тархалтыг зогсоох, шуурхай мэдээлэл солилцох, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорио цээр тогтоох зэргийг зохицуулах механизм бий болгох чиглэлээр хамтран ажиллах бодлого барьж байгааг хэлэв. Мөн дээрх хөтөлбөрт “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, үр дагаврыг нь арилгах салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлнэ” гэж заасан нь онцгой байдлын салбарын хамтын ажиллагаа хөгжих нэг түлхэц болсон гэдгийг Шадар сайд онцлов.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хурал эхэлж байна
2016.12.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатар хотноо маргааш Төрийн ордонд эхэлнэ. Өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч танилцах уулзалт хийлээ. Хоёр өдөр үргэлжлэх хуралдаанаар зам, тээвэр, байгаль экологи, хүнс, хөдөө аж ахуй, техникийн харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм. Монголын хэсгийг Шадар сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын талыг Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской ахалж байна.
Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Дотоод хэргийн сайдыг хүлээн авч уулзав
2017.05.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хуульзүйн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд тэмдэглээд хил орчмын харилцааг хөгжүүлэх, монгол оюутнуудыг сургах, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулж ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаад талархал илэрхийллээ. ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын урилгаар Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулж өнөөдөр баталгаажуулсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2018.01.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Бид хоёр хөрштэйгөө тэнцвэртэй хамтын ажиллагаа хөгжүүлэхийг зорьж буй боловч Оростой тогтоосон худалдаа, эдийн засгийн харилцааны түвшин чамлалттай байна. Оросын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортолж гаргахад гаалийн тариф, НӨАТ-ийн татвар өндөр, мөн тарифын бус саад бэрхшээл их байгаа юм. Монгол Улсын Засгийн газар худалдааны алдагдлыг тэнцвэржүүлэх үүднээс тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр Евразийн эдийн засгийн холбоотой сүүлийн жилүүдэд идэвхтэй хамтран ажиллаж байна. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нэг боломж нь Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах явдал гэж үзэж байна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын ээлжит хуралдааныг ирэх сард зохион байгуулна. Энэ үеэр болох Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын XIII хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар хоёр тал ажиллаж байна. Хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд бүх талаар анхаарч ажиллана гэлээ. “Монгол, Оросын санаачилга 2018” худалдаа, эдийн засгийн арга хэмжээг энэ оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулна. Буриадын аж, ахуйн нэгжүүд идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Мөн Монголын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Бурядын Улаан-Үүд хотноо зохион байгуулахад Буриадын талаас дэмжлэг хүслээ. Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг өөдрөгөөр төсөөлж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн жагсаалтад багтсан 32 төслийн дотор тээврийн дэд бүтцийн 13 хөтөлбөр байгаа юм. Эдгээр хөтөлбөрт нэгдмэл байж, хамтарч ажиллах боломж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн уулзалтын үеэр аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны таалаар ярилцлаа. Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн худалдан авах сонирхлоо ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн илэрхийлжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч Ю.П.Трутневтэй уулзлаа
2018.04.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч, Алс Дорнодын Холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгч Ю.П.Трутневтэй уулзлаа. Хоёр орны бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Цаашид энэхүү бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа нь Монгол Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол хүчин зүйлс болно гэж үзэж буйгаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг бол газар зүйн хувьд Монгол Улстай ойрхон, хөгжиж буй бүс нутаг юм. Бид тус бүс нутагт харилцан ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Үүнд ноён Ю.П.Трутневийн оролцоо, дэмжлэг туслалцаа чухал гэлээ. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байна гэж Ерөнхий сайд хэлээд энэхүү хамтын ажиллагаа нь гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д энэ дөрөвдүгээр сард албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын үеэр Хятадын тал гурван талын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа нотолсон. Хөтөлбөрийн тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх 32 төслөөс Монголын тал нэн тэргүүнд гурван төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байна. УБТЗ-ын шинэчлэлтэй холбоотой төсөл, Азийн автозамын АН3 замын төсөл, БНХАУ-ын санхүүжилтээр Орос, Монголын талууд хамтран хэрэгжүүлэх эрчим хүчний төсөл нь манай хоёр орны хамтын ажиллагаанд харилцан ашигтай тул Оросын тал дэмжинэ гэдэгт найдаж байна гэлээ. ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр Монгол, Оросын нийт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх том боломж байна гэдэгт хоёр тал санал нэгдлээ.

ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдыг хүлээн авч уулзав
2018.06.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр шинээр бүрдсэн Засгийн газарт Аж үйлдвэр, худалдааны сайдаар дахин томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, соёлын салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Өндөр, дээд түвшний айлчлал, арга хэмжээ тогтмолжин, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжиж, бизнес эрхлэгчдийн харилцаа улам нэмэгдэж байгааг тэмдэглэв. Хоёр орны худалдааны эргэлт 2016 онтой харьцуулахад 2017 онд 37 хувиар нэмэгдсэн нь үүний тод илрэл гэлээ. Улаанбаатар хотноо болж байгаа “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ нь харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засгийн салбарын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв. Энэ арга хэмжээний үеэр “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах болсон нь хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэв. Монгол Улс ОХУ-д нийлүүлэх бараа бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх сонирхолтой. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, энэ хүрээнд ОХУ-ын стандарт, шаардлага хангасан махны хамтарсан үйлдвэр байгуулах, “Ноолуур” төсөлд оросын талтай хамтран ажиллах саналаа илэрхийллээ. ОХУ Монгол Улстай харилцах харилцаа, тэр дундаа соёл, худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөгийг Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров тэмдэглэв. Хоёр орны худалдааны эргэлт өсөн нэмэгдэж байна гээд Монголын зах зээлд эрэлт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн экспортлох, нисэх онгоц угсрах, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах, хөдөө аж ахуйн техник хэрэгсэл, нисдэг тэрэг нийлүүлэх сонирхолтой байна гэлээ. Мөн Дулааны III станц, “УБТЗ”-ын өргөтгөл шинэчлэл, хурдны зам тавих зэрэгт оролцох сонирхлоо илэрхийлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Тээврийн сайдыг хүлээн авч уулзав
2018.06.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ОХУ-ын шинээр байгуулагдсан Засгийн газарт Тээврийн сайдаар томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргээд “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Цаг гарган хүлээн авч уулзаж байгаад нь Монгол Улсын Ерөнхий сайдад ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих талархал илэрхийлэв. Тэрээр Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа хэлээд зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тэмдэглэлээ. Цаашид төмөр замын дэд бүтэц барьж байгуулах, “УБТЗ” нийгэмлэгт өргөтгөл, шинэчлэл хийх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр байгууллаа
2018.06.17.Монгол Улс. Улаанбаатар хот. Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Е.И. Дитрих нар “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр сүүлийн 10 орчим жил хоёр улсын хооронд яригдсан асуудал биеллээ олж хэрэгжиж эхэлж байна. 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөх хэлэлцээрт:
- хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх
- төмөр замын ачаа тээвэрт бусад чиглэлүүдтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хангах;
- төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх
- хоёр улсын төмөр замын ачаа тээврийн өсөлтийг хөхиүлэн дэмжих
- ачаа тээврийн өсөлтийн эрчим болон төмөр замын тээврийн суурь бүтцийн хөгжил харилцан уялдааг хангах
- Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэргийг тусгажээ.
Хэлэлцээр байгуулснаар манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдэлнэ. Энэ нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой юм. Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч И.Е.Левитин болон албаны бусад хүн оролцов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав
2018.10.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал С.К.Шойгуг хүлээн авч уулзлаа. С.Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан. Энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд дурдав. Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталдаг. Энэ талаархи хөтөлбөрт цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр туссан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж үзүүлэх, боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлэв. Монгол Улс Зэвсэгт хүчнээ зэвсэглэх, мэргэшсэн боловсон хүчнээр бэхжүүлэх зорилтоо ОХУ-тай тогтоосон уламжлалт хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх бодлого баримталдаг гэлээ. Цаашид “Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-ийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Батлан хамгаалахын сайд С.Шойгугаас хүсэв. Ирэх онд болох Халхын голын байлдааны хамтын ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх үед ОХУ-аас өндөр, дээд хэмжээний зочид хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Найрамдалт харилцаатай Монгол Улсад дахин зочилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу илэрхийлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлав. Айлчлалынхаа үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэлэлцээ хийн, “Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурж, Монгол Улсын Зэвсэгт хүчинд нисэх буудлын техник, тоног төхөөрөмжийг тусламжаар хүлээлгэн өгснөө дурдав. Цаашид цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, хамтарсан сургуулилт хийх, боловсон хүчин бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэлээ. Мөн ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг хамтран зохион байгуулах хүсэлтээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу илэрхийлэв. Уулзалтын үеэр хоёр орны хоорондох худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой барих зэргийн талаар санал солилцов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайдыг хүлээн авч уулзав
2019.03.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В. Моргулов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Энэ онд Халхын голын байлдааны ялалтын 80 жил, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 70 жил, Атар газар эзэмшсэний 60 жилийн түүхт ой тохиож байгааг онцлон тэмдэглэв. Дайны хүнд хэцүү үе, энх цагийн бүтээн байгуулалтад мөр зэрэгцэн явсан хоёр улс цаашид ч бүс нутаг, олон улс, дэлхийн тавцанд хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв. Монгол Улсын Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов илэрхийлэв. Талууд худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Тухайлбал Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын харилцаа, Владивосток хотноо Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар нээх, Худалдааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах, Алс Дорнодын далайн боомтуудаар туршилтын тээвэр хийх, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн суурь бүтцийг шинэчлэх, мал эрүүлжүүлэх, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах зэргийн талаар ярилцав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Гордеевийг хүлээн авч уулзлаа
2019.05.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.В.Гордеев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай болж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээж байгаад Ерөнхий сайд талархлаа илэрхийллээ. “УБТЗ” ХНН-ийн хэрэгцээнд нийлүүлж байсан дизель түлшний онцгой албан татварын асуудлыг шийдвэрлэсэн нь Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн санхүүжилтийн таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт талууд санал нэгдлээ. ДЦС-3, ДЦС-4-ийн шинэчлэлийн ажлын хүрээнд хөнгөлөлтэй зээл авах асуудал шийдвэрлэгдэж, шинэчлэлийн ажил эхлээд байна. Монголын малыг эрүүлжүүлэх чиглэлээр хоёр орон идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд хамтарсан хөтөлбөрийн гуравдугаар үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Монгол, Оросын хамтарсан их сургууль байгуулах санаачилга гарсан зэрэг Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдааны шийдвэрүүдийн талаар ярьж, санал солилцлоо. Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй гэж үздэгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав
2019.09.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхав. Уулзалтын үеэр манай улсад албан ёсны айлчлал хийж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд оролцож байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа шинэ түвшинд гарч Иж бүрэн стратегийн түншлэлд хүрч байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэв. Цаашид Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж манай улсын ОХУ-д гаргах экспортын хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахын төлөө байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэх боломж байгаа гэж үзэж байгаагаа тэмдэглэж монголын эдийн засгийг төрөлжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна
2019.11.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Москва хотноо болох ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болон “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болно.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ
2019.12.03. ОХУ.Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр 12 дугаар сарын 03-ны өдөр Москва хотын “Внуково” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр газардлаа. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний ОХУ-д 9 жилийн дараа хийж буй албан ёсны айлчлал бөгөөд хоёр улс “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г байгуулж стратегийн түншлэлээ шат ахиулсны дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцож хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Маргааш буюу 12 дугаар сарын 04-ний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотноо зохион байгуулагдах ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд үг хэлж, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотод болж буй Бизнес форумд үг хэлэв
2019.12.04. ОХУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 12 дугаар сарын 4-ний өдөр Москва хотноо зохион байгуулагдсан ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд үг хэлж “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. Тус айлчлалын тохиолдуулан манай талаас Монгол Улсын Гадаад харилцааны яам, МҮХАҮТ хамтарч Евразийн эдийн засгийн холбоо болон Оросын ХАҮТ-тай хамтран энэхүү бизнес форум болон үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд хэлхээ холбоо тогтоох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломж бололцоог нээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Монголд үйлдвэрлэв үзэсгэлэнд Монголын 50 гаруй бизнес эрхлэгчид, томоохон экспортын компаниуд оролцож, хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүдийг хийлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой байв.

Монгол Улс, ОХУ-ын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав
2019.12.04. ОХУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд хооронд байгуулах баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Үүнд:
- “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын Ажлын хэсгийн 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”
- “Хамтын ажиллагааны тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хэлэлцээр”
- “Хамтын ажиллагааны тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Москвагийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын Санамж бичиг”
- “Монгол-Оросын ажил хэргийн зөвлөлийн үйл ажиллагааны зарчим, механизмын тухай Протокол”
- “Бизнес-Маркет талбайг ашиглах талаар хамтран ажиллах тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Москвагийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хэлэлцээр”
- “Хамтын ажиллагааны тухай “Монгол Эмимпекс” ХХК болон “Ласа Лабораториос” ХХК хоорондын Санамж бичиг”
- “Хамтын ажиллагааны тухай Монголын чанарын менежментын холбоо болон Чанарын асуудлаарх Бүх Оросын нийгэмлэг хоорондын Санамж бичиг”
- “Харилцан ойлголцлын тухай Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг болон Олон улсын хөрөнгө оруулалтын банк хоорондын Санамж бичиг”-т холбогдох хүмүүс гарын үсэг зурав.

Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар тохиролцов
2019.12.06. ОХУ. Сочи хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна” гэдгийг тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй” гэлээ. Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар олон жил яригдсан ч ажил хэрэг болоогүй байсныг ийнхүү эцэслэж хоёр тал Санамж бичиг байгууллаа. Хоёр улсын судалгааны ажлын хэсгүүд одооноос эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг ажлаа эхлэх юм. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэнэ.

Монголын ард түмнээс ОХУ-ын ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав
2020.05.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай улсын удирдлага, ард түмнээс үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав. Оросын Холбооны Улс шинэ төрлийн коронавирусын цар тахалд хүндээр өртөж Засгийн газрын хэмжээнд багагүй хүчин чармайлт гаргаж цар тахалтай тэмцэж байгаа билээ. Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай ард түмнээс хүмүүнлэгийн тусламжийн үзүүлэх тухай шийдвэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд гарсан билээ. Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 72 сая рубль буюу 1 сая ам.доллартай тэнцэх үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлэх бөгөөд энэхүү үйл ажиллагааг ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ, ОБЕГ зэрэг байгууллага хамтран зохицуулан хэрэгжүүлж байна. Монгол Улс, ОХУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа бөгөөд ийнхүү хойд хөршдөө хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь манай хоёр улсын харилцааг улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэв.
200.09.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүсэлтээр нь хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын гэрээ”-г соёрхон баталсан батламж жуух бичиг солилцон, гэрээг хүчин төгөлдөр болгосонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Уулзалтаар харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудал болон ирэх онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлал, арга хэмжээний талаар ярилцав.

Хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах тусгай зориулалтын компанийг байгууллаа
2020.08.25. Монгол Улс. Улаанбаатар хот. ОХУ-аас БНХАУ-руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг үзэглэв. Баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурлаа. Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хий хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах төслийн ажил бодит биелэлээ олоход нэг шат ахилаа хэмээн хуралдаанд оролцогч талууд онцлон тэмдэглэж, харилцан баяр хүргэлээ. Хурлаар хоёр талын хамтарсан төлөвлөгөөний биелэлтийг дүгнэн хэлэлцэж, цаашид талуудын авах арга хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийг тохиролцлоо. Мөн ирэх долоо хоногт “Газпром” НХН болон “Эрдэнэс Монгол” ХХК хооронд нууцлалын гэрээг байгуулахаар болов. Гарын үсэг зурах ёслолын цахим хуралд Оросын талын хүсэлтээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож амжилт хүсэж, үг хэлэв. Тэрбээр, Энэхүү төслийг хэрэгжүүлэх боломжийг хамтран судлах талаар харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь миний ОХУ-д 2019 оны 12 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалын чухал үр дүнгийн нэг болсон юм. Хэрэв Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг амжилттай хэрэгжүүлвэл энэ нь Монгол Улс болон Оросын Холбооны Улс хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах юм. Иймд манай Засгийн газар энэ төслийг онцгой анхаарч, холбогдох дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллана. Бид 2021 онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өргөн хүрээтэй тэмдэглэхээр төлөвлөж байна. Энэхүү түүхэн ойг уг төслийн хэрэгжилтийг эхлүүлсэн байдлаар тэмдэглэхийг та бүхэнд санал болгож байна… гэв. Уг төслийг хэрэгжүүлэх ажлыг ОХУ-аас “Газпром” НХН, БНХАУ-аас “CNPC” корпораци, Монгол улсаас “Эрдэнэс Монгол” ХХК тус тус хариуцан аж7иллаж байна.

Тэнгэр баганадсан Лахта
2025.02.14. Монгол Улс. Улаанбаатар хот. А.Энхтуул. ОХУ дотроо хамгийн eвропжсон хот бол Санкт-Пeтeрбург билээ. Латви, Литва, Эстони, Финлянд, Швeд, Норвeги гэхчлэн eвропын орнуудтай хамгийн ойр оршдог хот учраас eвропын соёл нэвт шингэсэн газар гэж ойлгож болох талтай. Эдгээр орнуудаас гадаадын оюутнууд ирж сурахаас гадна, eвропын жуулчдын хөлд дарагдсан хот билээ. Хэдийгээр Москва дутахгүй ч, Санкт-Пeтeрбургийг гүйцэхгүй нь үнэн билээ. Энэ хоёр хот уран барилгын хийц хэлбэрийн тухайд төсөөтэй болов ч, Санкт-Пeтeрбург нь Балтийн тэнгисийн эрэгт, Финляндын буланд оршдог учраас байгалийн үзэмж илүү чимсэн газар хоорондын гэж ойлгож болох талтай. Балтийн тэнгисээс урсан гарах их,дунд,бага нeва мөрнийг гүүрээр холбож, эдгээр мөрний хоёр талд орших хуурай газарт хот сүндэрлүүлсэн учраас яг вeнeц гэж төсөөлөхөд илүү хялбар. Одоогоос 20 шахам жилийн өмнө ОХУ-ын Санкт-Пeтeрбург хотод сурч байхад өнөөгийн жуулчдын үзэхийг хүсдэг тэнгэр баганадсан Лахта төв гэж байсангүй. Харин шав нь тавигдаж байсан байж магад. Балтийн тэнгисийн эрэгт, Финландын булангаас 1 киломeтр хүрэхгүй зайд оюутны байр байрладаг байв. Хавар, зун, намрын налгар нартай сайхан өдөр Финляндын буланд очиж, Балтийн тэнгисийн эргээр их ч салхилсан. Далай, тэнгисийн ус нарны гэрэлд цэнхэртэж, ногоорч харагдах нь юутай сүртэй, юутай сайхныг үгээр хэлж, үзгээр илэрхийлэхийн аргагүй. Тэрүүгээр салхилаж явахад эрэг дагуу нэлээд цаашаа хэдэн барилгын суурь тавигдаж байсныг санаж байна. Магад тэгэхэд тэнд Лахта-ийн суурь тавигдаж байсныг үгүйсгэх аргагүй юм. Учир нь өнөөдөр Лахта тэнгэр баганадсан, жуулчдын үзэхийг хүсдэг, хүмүүсийн зугаалахаар очдог газар болж, яг миний харж байсан байршилд сүндэрлэсэн байх аж. Тиймээс тэр үeд суурь нь тавигджээ гэж бодоход хүрэв. Гэтэл энэ байшин Монгол Улстай хийн хоолойн төсөл үзэглэсэн Газпром компанийн эзэмшил байх бөгөөд барилгынхаа зургийг тавьчихсан, тэр дотроосоо юм болов уу цахимаар холбогдож, гэрээ үзэглээд сууж байгаа харагдав. Монгол улс юун төлөө хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах тусгай зориулалтын компанийг байгуулсан билээ тэнд төлөөлөгчийн газраа нээж болдоггүй юм уу гэх бодол төрөв. Цаашлаад энэ хүнд цаг үeд тэнд сурч, ажилладаг иргэдийнхээ асуудлыг хариуцах консулын газар тус хотод нээж болдоггүй юм уу гэх бодол төрөв. Гэхдээ эдгээр нь миний бодлоор бус, төрийн шийдвэрээр хэрэгждэг асуудал тул анзаарахгүй өнгөрч боломгүй, анхаарахад илүүдэхгүй санаа байж мэдэх юм. Тиймээс Лахта төвийн тухай хэдэн өгүүлбэр хэлж өгөх нь зүйтэй болов уу гэж бодов… Лахта нь Финляндын буланд, Балтийн тэнгисийн эрэгт баригдсан барилга бөгөөд өндөр нь 462 метр аж. Уг барилга eвроп, оросын бүх тэнгэр баганадсан барилгуудыг ардаа орхисон дэлхийн хамгийн дэвшилтэт технологи бүхий барилга хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн онцлогтой гэнэ. Оросууд Шведтэй байлдаж олж авсан газартаа чулуугаар уран барилга сүндэрлүүлсэн нь Санкт-Пeтeрбург хот билээ. Холоос дайсан ирж буй эсэхийг дурандах гэж нэгэн өндөр байшин сүндэрлүүлсэн нь хамгийн анхны байшин нь байсан бөгөөд одоо музeй гэж хэлж ойлгож болно. Хуучин тус хотын анхны бөгөөд хэдэн зуун жилийн түүхтэй байшин хамгийн өндөрт ордог байсан бол, одоо Лахта хамгийн өндөрт тооцогдож байна. Газпромын цахим хуралын зурагт Лахта нүдэнд үл үзэгдэх төдий жижигхэн мэт харагдавч, бодит байдал дээр тэнгэр баганадсан ийм өндөр барилга ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар утсаар ярив
2021.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр утсаар ярив. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд дахин баяр хүргэсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлж, Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Монгол, Оросын төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцаа “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалд ч хэвийн үргэлжилж буйг тэмдэглэж, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал жилийн турш өргөн хүрээнд тэмдэглэж буйн ач холбогдлыг өндрөөр үнэлж, оны үлдсэн хугацаанд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх зорилтын хүрээнд “УБТЗ” ХНН-ийг шинэчлэн хөгжүүлэх, шинэ чиглэлийн төмөр зам барих, эрчим хүчний төслүүд зэрэг томоохон төслийн хэрэгжилтийг урагшлуулах, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг эрчимжүүлэх нь зүйтэй гэж санал нэгдэв. “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ахиц гарч буйг тэмдэглэж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа төрийн тэргүүн нар илэрхийлэв. Талууд цар тахлын эсрэг хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар “Ковид-19” цар тахлын сорилтуудыг богино хугацаанд даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Төрийн тэргүүн нар цаашид ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх есдүгээр сард цахим хэлбэрээр болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урив.

Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд болон шашны байгууллагууд, тамирчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
2021.10.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн орон даяар үргэлжилж байна. 2021.10.10-ны өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллага, “Токио-2020” олимпын наадмын медальтан болон шагналт байр эзэлсэн тамирчид, шашны байгууллага мод тарилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчиндоо эзний ёсоор хандаж, цөлжилт, газрын доройтол, шороон шар шороон шуурганы эсрэг хамтран тэмцэж байгаа ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ. Мөн тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос мод авчирч суулгахгүй. Үрслүүлж, арчилж, тордох ёстой. Тариад орхих бус, ургуулах нь чухал гэдгийг хэлэв. Үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллана гэдгээ Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд илэрхийллээ. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов: Энэ том зорилтыг хэрэгжүүлэхийн тулд жил бүр Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүртэл хувийг зарцуулна гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сая хэллээ. Энэ бол Монгол Улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалахад чухал хувь нэмэр болно. Бид энэ санаачилгыг бүрэн дэмжиж байгаа, хамтран ажиллахад бэлэн. Энэ талаар дараа нь нарийвчлан ярилцах байх гэж бодож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож үг хэлэв
2021.09.03. Монгол Улс. Улаанбаатар хот. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин, Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Юуны өмнө Дорнын эдийн засгийн чуулганд намайг урьсан ОХУ-ын Ерөнхийлөгч Танд талархал илэрхийлэхийг хүсч байна. 2015 оноос эхлэн зургаан удаа зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн олон улсын чуулга уулзалтад Монгол Улс дөрөв дэх удаагаа төрийн тэргүүний түвшинд оролцож байна. Энэ нь Монгол Улс тус чуулганд өндөр ач холбогдол өгч байдгийн нотолгоо төдийгүй цаашид бүс нутгийн орнуудтай үр бүтээлтэй, харилцан ашигтай хамтран ажиллах гэсэн чин эрмэлзлэлийн илэрхийлэл юмаа.
Дорнын эдийн засгийн чуулганд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, зөвхөн эдийн засаг, бизнесийн төдийгүй улс төр, нийгэм, шинжлэх ухааны салбарын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй төлөөлөгчид дэлхийн хөгжил, геополитикийн тогтвортой байдал, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцдог талбар болж, Ази, Номхон далайн бүс нутаг дахь нэр хүнд бүхий яриа хэлэлцээний механизм болон төлөвшиж байгаа учраас бодит үр өгөөж нь цаашид ч нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
“Хувьсан өөрчлөгдөж буй ертөнц дахь Алс Дорнодын шинэ боломж” сэдэвт өнөөгийн энэ чуулга уулзалт дэлхий даяараа цар тахлын аюулд нэрвэгдсэн, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах шинэ шийдлүүдийг нийтээр хайж буй энэ цаг үед болж буйгаараа ач холбогдолтой юм.
Иймд тус чуулган Алс Дорнод, Ази, Номхон далайн бүс нутаг дахь цар тахлын үр дагавар, хямралын эсрэг шинэ боломжуудыг нээх, бүс нутгийн хэмжээнд эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрийг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна.
Цар тахалтай тэмцэх, хумих үйлсэд ард иргэдийн дархлаажуулалт гол үүрэг гүйцэтгэх тул “Ковид-19” халдварын эсрэг вакцин бүтээж, үйлдвэрлэж, түгээж буй орнууд, түүний дотор Монголын ард түмэнд цар тахлын хүнд үед туслалцаа үзүүлж ирсэн улс орнууд, олон улсын байгууллагуудад гүн талархлаа энэ дашрамд илэрхийлье.
Өнөөдрийн энэ боломжийг ашиглаад “Ковид-19” цар тахлын хамгийн хүнд үед өөрийн үйлдвэрлэсэн вакциныг манай улсад нийлүүлсэн ОХУ, БНХАУ, БНЭУ, санхүүгийн тусламж үзүүлсэн Япон Улсын Засгийн газарт Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.
Цар тахлаас хамгаалах чиглэлээр бүс нутаг, дэлхий нийтээрээ хамтран ажиллаж, вакциныг тэгш шударга хүртээх, буурай хөгжилтэй орнуудад вакцин хандивлах, цар тахалтай тэмцэх туршлагыг хуваалцах нь магадгүй цар тахлыг түргэн хугацаанд даван туулах цорын ганц зам байхыг үгүйсгэхгүй.
Өнөөгийн дэлхийн ертөнцийн нэн амаргүй үед зуны Олимпийн 32 дугаар наадмыг амжилттай зохион байгуулсан Япон Улсын Засгийн газар, ард түмэн, сайн дурынханд чин сэтгэлийн баяр хүргэе. Цар тахлын хүнд хэцүү нөхцөлд 206 улс орны 11 мянга гаруй тамирчин оролцсон олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах томоохон туршлага боллоо.
Энэ онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Түүхэн баялаг замыг туулсан манай хоёр улсын бүх талын хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн агуулгаар цаашид улам баяжин бэхжиж, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.
Манай улсын мөнхийн хоёр хөрш болох ОХУ болон БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл билээ. Ард түмнүүдийн найрамдал, харилцан ойлголцолд суурилсан бидний түншлэл “Ковид-19” цар тахлын амаргүй нөхцөл байдлыг үл харгалзан бүх салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй юм.
ОХУ-ын “Их Евразийн түншлэл” болон БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг Монгол Улс анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч эрчимтэй хамтран ажиллах, нэн ялангуяа манай бүс нутгийг хамарсан дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль экологийн доройтлыг сэргээх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдэд оролцох, хамтран ажиллах хүсэлтэй байдаг.
Монгол Улс эдийн засгаа сэргээх хүрээнд өнгөрсөн 2020 онд манай улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, онцгойлон дэмжиж байна.
Энэ хүрээнд Алс Дорнод болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтран ажиллахад баяртай байх болно.
Хатагтай, ноёд оо,
Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том улстай хиллэдэг өвөрмөц байршилтай орон.
Монгол Улсын худалдаа, эдийн засгийн салбар нь манай хоёр хөршөөс ихээхэн хамааралтай бөгөөд бидний хувьд дээрх хоёр улстай явуулж буй эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг билээ.
Монгол Улс бол далайд гарцгүй хөгжиж буй дэлхийн 32 орны нэг юм. Иймд Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтыг тавьж байна.
“Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улс дэлхийн бусад улс орны нэгэн адил худалдаа, эдийн засгийн томоохон хүндрэл, сорилттой тулгарч байгаа хэдий ч энэ оны эхний байдлаар манай улсын эдийн засаг үе шаттай сэргэх хандлагатай байна.
Цар тахал дэгдэхийн өмнөх үе буюу 2017-2019 онд Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн дунджаар зургаан хувийн өсөлттэй байсан. Мөн энэ хугацаанд гадаад худалдааны тэнцэл 1-2 тэрбум ам.долларын ашигтай, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2-3 тэрбум ам.долларын түвшинд тогтвортой хадгалагдаж, Монгол Улсын өрийн удирдлага мэдэгдэхүйц сайжран, Зээлжих зэрэглэл дээшлэх, гадаад валютын албан нөөц зохистой түвшинд хүрч нэмэгдэх, валютын ханшийн хэлбэлзэл тогтворжих, инфляци зорилтот түвшинд хадгалагдах таатай нөхцөл бүрдсэн байсан.
Харин цар тахлаас үүдэлтэйгээр глобал эдийн засгийн идэвхжил саарсан 2020, 2021 онд Монгол Улсын эдийн засаг мөн томоохон сорилттой тулгарсан бөгөөд энэхүү сорилтыг давахын тулд мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлого, хямралын эсрэг чиглэсэн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Мөн дэлхийн бусад орнууд, гадаад ба дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, үндэстэн дамнасан корпорацуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.
Тухайлбал, манай эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхайгаас гадна экспортын чиг баримжаатай үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, байгалийн хий, газрын тос боловсруулах зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Алс Дорнодын бүс нутаг нь байгалийн асар их баялагтай бөгөөд Зүүн Азийн бүс нутаг дахь худалдаа, эдийн засгийн чухал төв болж байна. Дэлхийн олон улс орны хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Алс Дорнодын бүс нутгийг сонирхож, хөрөнгө оруулалтыг түлхүү хийх боллоо.
Манай улс ч уг бүс нутагт хамтран ажиллах боломжийг судлах, эдийн засгийн үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор Владивосток хотод Худалдааны төлөөлөгчийн газраа байгуулсан нь худалдаа, эдийн засгийн цаашдын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Тус Худалдааны төлөөлөгчийн газар нь Монгол Улсын Алс Дорнодын бүс нутаг дахь худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн тэлэх, дэлхийн улс орнууд, тэр дундаа Зүүн болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудад бараа бүтээгдэхүүнээ усан замаар экспортлох, тэдний барааг импортлох, хөрөнгө оруулалт татах, бүс нутаг дахь зах зээлийн судалгааг хийж хэрэгжүүлэх болно.
Монгол Улс нь Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд анхаарал хандуулсаар ирсэн. Одоогийн байдлаар Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар судалж байна.
Гадаад худалдаанд тулгарч буй хориг саадыг бууруулах, манай улсаас бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалд оролцох оролцоонд ийм төрлийн хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж бид үзэж байна.
Алс Дорнодын эдийн засгийн харилцааны чиглэлээр Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах тухай хөтөлбөрийн талаар дурдахыг хүсэж байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд төмөр зам, авто замын коридорыг шинэчлэх, шинээр барьж байгуулах, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хөрш орнуудтайгаа хамтран ажиллаж байна.
Тухайлбал, байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн Техник, эдийн засгийн үнэлгээний ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд энэ нь Алс Дорнодын бүс нутаг дахь нэн чухал бүтээн байгуулалтын нэг болно.
Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг. Иймд Орос-Хятад, Ази-Европын хооронд хийгдэж буй худалдаа, бараа бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улсын энэхүү газар зүйн таатай байршлыг ашиглан худалдаа, тээвэр логисткийн сүлжээ, ачаа тээврийн урсгалыг бий болгох нь бүс нутгийн хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.
Монгол Улс худалдаа, тээврийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого барьж, энэ хүрээнд шинэ төмөр замын сүлжээ барих, авто замын сүлжээг өргөжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, бүс нутгийн тээвэр, логистикийн төв шинээр барих зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.
Цаашид “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, Өвөрбайгалын хязгаараас Монгол Улсын дорнод хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын зүүн коридор барих, Тува Улсаас Монгол Улсын баруун хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын баруун коридор барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг яаравчлах хэрэгтэй байна.
Эдгээр бүс нутгийн болон үндэсний хэмжээний, үр ашигтай, ирээдүйтэй, хөгжлийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улс та бүхэнтэй хамтран ажиллахад нээлттэй байна.
Хатагтай ноёд оо, Бид байгаль, экологийн асуудалд өнөөдөр анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ авахгүй бол байгаль орчны доройтол, цаг уурын онцгой аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж, улмаар улс орнуудын эдийн засгийн тогтвортой хөгжил, хүмүүний амьдрах орчинд асар их хохирол учруулж, аюулын харанга дэлдэж байна.
ОХУ-ын Якутад гарсан ойн түймрийн утаа манай улсын нийслэл Улаанбаатар хотод төдийгүй Хойд мөсөн далай хүртэл тархаж, Монгол Улсад дэгдсэн шороон шуурга Хятад, Япон, Солонгос төдийгүй Номхон далайн ай сав газарт хүрч байна.
Хаяа нийлүүлэн амьдардаг орнуудын хувьд гамшгаас хамгаалах, урдчилан сэргийлэх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллаж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал гэдэгтэй Та бүхэн санал нэгдэнэ гэдэгт итгэж байна.
Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд бүсийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний холболтыг хөгжүүлэх явдал чухал байна.
Монгол Улс эрчим хүчний дотоод хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ эрчим хүч экспортлогч орон болох зорилт тавиад байгаа бөгөөд энэ хүрээнд Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, манай улсад усан цахилгаан станц барих төслүүдийг хэрэгжүүлэхэд бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллах санаачилга дэвшүүлээд байна.
Хүн амын шилжилт хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдлын алдагдал, бичил биетийн хувьсал зэрэг олон хүчин зүйлс мал, амьтнаас хүнд халдварлах шинэ болон сэргэж байгаа халдварын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.
Хил дамнасан халдварт өвчний аюул занал улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед бүс нутгийн хамтын ажиллагааг өргөтгөх ажлын хүрээнд нэн тэргүүнд мэдээлэл шуурхай солилцох механизмыг боловсронгуй болгох, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нь ирээдүйн цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах бэлэн байдлын чадавхийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь эдийн засгийн өсөлт, эргэлтийг хангах боломжийг бүрдүүлэх тул цаашид энэ чуулганаар биологийн аюулгүй байдал, бүс нутгийн улс орнуудын цар тахлаас сэргийлэх хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг хийж байх санал дэвшүүлж буйг хүндэт зохион байгуулагчид болон оролцогчид анхааралдаа авахыг хүсье.
Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо, Жил бүр зохион байгуулах Ази, Номхон далайн орнуудын хөгжил дэвшил, тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны талаар санаа бодлоо солилцох сайхан боломж олгодог Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байгаа Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголчууд бид энэ чуулганаас олон сайхан ажил хэрэгч санаа сонсож, бас өөрсдийн санаа бодлоо Та нөхдөд хүргэхийг хичээлээ. Чуулганыг зохион байгуулагч оросын талд болон намайг чуулганд оролцохыг урьсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Танд гүн талархал илэрхийлье. Анхаарал тавьсанд баярлалаа.

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
2021.10.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Москва хотноо Ардын Засгийн газар ба ЗСБНОУ-ын Засгийн газар хооронд Найрамдлын хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхтэй. Хоёр орны харилцааны нэгэн зууны хөгжлийн түүхийг ирээдүй хойч үе, хүүхэд, залууст сурталчлан таниулах, мөнхлөн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлэг, Гадаад харилцааны яам болон бусад холбогдох байгууллага хамтран Уран зургийн галерейд “Зууны түүх-Зууны үйл явдал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа.Тэрбээр хоёр улс “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г хугацаагүйгээр байгуулсан нь улс төрийн өндөр итгэлцэл, өргөн хүрээний нийтлэг эрх ашгийг харуулсан түүхэн ач холбогдолтой үйл явдал болсныг тэмдэглэв. Мөн дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж байгаа нь хоёр улсын харилцааны бахдам түүхийг бүтээсэн ахмад үедээ хүндэтгэл үзүүлэх, хойч үеийн хүүхэд, залууст уламжлуулан, харилцааны цаашдын хөгжлийн суурийг улам батжуулах зорилготойг хэлэв. Үзэсгэлэнг их, дээд сургууль, номын сангууд өөрийн байранд гаргаж, илүү олон хүнд хүргэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байгаа нь үнэ цэнтэй, чухал ач холбогдолтой гэдгийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов хэллээ. Хоёр улс өнгөрсөн 100 жилд итгэлцэлд суурилсан, найрсаг харилцаатай явж ирснийг тэмдэглэв. Үзэсгэлэнд хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, арми, их бүтээн байгуулалт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбар болон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцсон түүхэн хүмүүсийн 200 орчим гэрэл зургийг толилуулж байна. Тухайлбал 1921 оны Ардын хувьсгалаас эхлээд төмрийн завод, Төв цахилгаан станц ашиглалтад орсон, 1939 оны Халх голын дайн, “Бүхнийг фронтод-Бүхнийг ялалтад” хөдөлгөөн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1949 онд Улаанбаатар-Наушкийн төмөр зам баригдсан, 1960-аад онд атар газар эзэмшсэн, Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэг, XX зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр, Найрамдлын Дархан хот байгуулагдсан зэрэг түүхэн үйл явдлыг товчоолон харуулжээ. “Зууны түүх-Зуун онцлох үйл явдал” гэрэл зургийн үзэсгэлэнг 2021 оны 10 дугаар сарын 27-ныг дуустал нийтэд толилуулах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзав
2021.11.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзав. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан амжилттай болж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ. Тэрбээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг талууд жилийн турш өргөн хүрээнд тэмдэглэснийг хэлэв. Ойн хүрээнд ОХУ-ын өндөр түвшний төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан нь оросын тал харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж үзэж буйгаа онцлов. Өнгөрсөн зуунд харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй өрнөж, амжилт бүтээлээр арвин байсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэллээ. Шинэ зуунд хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчим, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хоёр тал идэвхтэй ажиллах нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлэв. Хүлээн авч уулзсанд нь ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийллээ. Мөн Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар тохиролцсон томоохон асуудал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хангах чиглэлээр оросын талаас авч буй арга хэмжээний талаар мэдээлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга В.В.Герасимов бараалхав
2021.11.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын ард түмэн дайны хүнд үе, энх цагийн бүтээн байгуулалтад хамтдаа байж ирснийг тэмдэглэв. Жанжин штабын даргын айлчлал хоёр орны батлан хамгаалах салбар, тэр дундаа Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгааг хэлэв. Харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов илэрхийллээ. Тухайлбал Монгол Улсын цэргийн алба хаагчдыг цэргийн академи, их, дээд сургуульд сургаж бэлтгэхийн зэрэгцээ жил бүр “Сэлэнгэ” хамтарсан хээрийн сургууль зохион байгуулдгийг хэлэв. Уулзалтын үеэр хоёр орны цэрэг, цэрэг техникийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ
2021.12.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахаар эх орноосоо мордлоо
2021.12.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх албан ёсны айлчлал 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотноо хүрэлцэн ирэв
2021.12.15. ОХУ. Москва хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр тус улсын нийслэл Москва хотноо хүрэлцэн ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийг олон улсын “Внуково-2” нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд И.В. Моргулов нар угтан авав. Монгол Улсын Ерөнхийлөгчид Хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд Монгол Улс, Оросын Холбооны Улсын Төрийн дуулал эгшиглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр мөн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргалаа
2021.12.16. ОХУ. Москва хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо хэлэлцээ хийж, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргалаа.
МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ
Монгол Улс, Оросын Холбооны Улс (цаашид Талууд гэх),
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва хотноо 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийсэн хэлэлцээний үеэр Монгол, Оросын харилцааны түүхэн ач холбогдол, өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөвийн талаар өргөн хүрээнд санал солилцсон үр дүнг харгалзан,
- улс хоорондын харилцааны түүхэн дэх Монгол, Оросын ард түмний зуун жилийн найрамдал, сайн хөршийн харилцааны онцлог шинж чанарыг тэмдэглэн,
- Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хамтын тэмцэл, Ардын хувьсгал, Халх голын байлдаан болон Аугаа их Эх орны дайн, Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд бэхэжсэн ахан дүүсийн дайчин нөхөрлөл, харилцан тусламж үзүүлж ирсэн гэгээн сайхан уламжлалыг үндэс болгон,
- хоёр талын нягт хамтын ажиллагаа нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлэх үндэс суурь болсныг тэмдэглэн,
- түүх, соёл, зан заншлаа харилцан хүндэтгэж, хоёр ард түмний найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэн,
- бүрэн эрхт улсууд эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр орчин үеийн нөхцөл байдалд нийцсэн улс төрийн яриа хэлэлцээг хөгжүүлэн,
- батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг эрмэлзэн,
- худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэг, байгаль орчныг хамгаалах салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр талын шугамаар болон олон улс, бүс нутгийн байгууллагуудын хүрээнд өргөжүүлэхийг зорин,
- бүс нутгийн болон дэлхий нийтийн гол асуудлуудаар ижил буюу төстэй байр суурьтай байдгаа үндэслэн,
- хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хугацаагүйгээр хөгжүүлж, дараагийн зуунд хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэхийг зорин дараах зүйлсийг тунхаглаж байна:
Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ” нь хоёр талын харилцааг чанарын шинэ түвшинд гарган хугацаагүй хэрэгжихийг баталгаажуулсан бөгөөд Монгол, Оросын хамтын ажиллагааг уламжлалт найрамдал, итгэлцэл, сайн хөршийн харилцаа, төрийн бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, бие биеийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмуудын дагуу цаашид хөгжүүлэх бат бөх эрх зүйн үндэс суурийг бүрдүүлснийг Талууд онцлон тэмдэглэв.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсэн нь хоёр орон, ард түмний найрамдал, сайн хөршийн харилцаа, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, энэхүү гэгээн сайхан уламжлалыг үеэс үед дамжуулах Монгол, Оросын харилцааны цаашдын хөгжлийн эрх ашигт нийцсэн олон нийтийн дэмжлэгийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан ажил болсныг Талууд тэмдэглэв.
Талууд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх 2016 оны дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, шинэ хөтөлбөр боловсруулах хэрэгцээ шаардлагыг судлах нь зүйтэй гэж үзэв.
Талууд хоёр талын улс төрийн байнгын хэлхээ холбоо, ялангуяа өндөр, дээд түвшний харилцааг тогтмол хадгалах нь хамтын ажиллагаанд түлхэц үзүүлэх ач холбогдолтойг тэмдэглэв.
Талууд Монгол Улсын Их Хурал болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, парламент хоорондын харилцааны механизмуудыг хууль тогтоох үйл ажиллагааны туршлага солилцоход идэвхтэй ашиглахад бэлэн байгаагаа нотлов.
Талууд цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн болохыг тэмдэглэж, цэрэг-техникийн туслалцаа үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, түүнчлэн цэргийн төлөөлөгчдийн солилцоо, хамтарсан сургуулилт, соёл, спорт, хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулах замаар батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
Талууд Халх голын байлдаан, Аугаа их Эх орны дайн болон Дэлхийн хоёрдугаар дайнд байгуулсан ялалтад зориулсан хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, эдгээр үйл явдлыг судлах, дурсгалыг нь мөнхжүүлэх санаачилгуудыг дэмжиж, түүхийг гуйвуулах, нацизмыг алдаршуулах явдал гаргахгүй байх арга хэмжээ авна.
Талууд терроризм, хэт даврах үзэл, салан тусгаарлах үзэл, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигатай тэмцэх, зэвсэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн бэлдэц, түүхий эдийг хууль бус эргэлтэд оруулах, эдийн засаг, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх болон олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цогц хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Энэ үүднээс Талууд хоёр улсын прокурор, шүүх, хууль сахиулах, хил хамгаалах байгууллагууд болон тусгай албадын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.
Талууд түлш, эрчим хүч, геологи, уул уурхай, дэд бүтэц, тээвэр, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа, түүний дотор банк, санхүүгийн байгууллага хоорондын яриа хэлэлцээг урагшлуулах, харилцан ашигтай хөрөнгө оруулалтын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс, түүний дэд комисс, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж байна.
Талууд эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, эдгээр харилцааг чанарын шинэ шатанд гаргахад чиглэсэн санаачилгуудыг дэмжих шаардлагатайг хүлээн зөвшөөрөв.
Талууд “Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1994 оны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол” байгуулсныг сайшааж, боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаа нотлов.
Монгол, Оросын хилийг шалгах ээлжит ажлыг хэрэгжүүлэх хоёр талын хамтарсан комисс байгуулагдаж, тус комисс нь ажлаа 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөж буйг Талууд сайшааж байна.
Талууд онцгой байдал, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах, тэр дундаа хамтарсан сургуулилт хийх, тулгамдсан чухал асуудлуудаар мэдээлэл, туршлага харилцан солилцох, мэргэжилтнүүдийг бэлтгэх замаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ.
Талууд Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т үндэслэн бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд цаашид ч дэмжлэг үзүүлнэ.
Талууд хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, замын шинэчлэлийг цаашид хийх, түүнд суурилж хил дамнасан төмөр замын коридорыг хөгжүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус нийгэмлэгт бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов.
Талууд Оросын Холбооны Улсын үл хөдлөх хөрөнгийн өмчийн эрхийг хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүртгэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт газар ашиглах Оросын Холбооны Улсын эрхийг шинэчлэн бүртгэх үйл явцыг аль болох хурдан хугацаанд дуусгахын тулд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах болно.
Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, бие биенийхээ ашиг сонирхлыг харгалзан үзэж, харилцан хүндэтгэх үндсэн дээр хил дамнасан усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалахад нягт хамтарч ажиллахыг эрмэлзэнэ.
Талууд боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын шууд харилцааг хөгжүүлэхийг зорьж, Монголын боловсон хүчнийг ОХУ-д сургах, орос хэлний сургалтыг Монгол Улсад өргөжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Монгол Улсад орос судлал, ОХУ-д монгол судлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана.
Талууд орчин үеийн технологийн дэвшлийг ашиглах, инновацыг хөгжүүлэх зорилгоор эрдэмтэн, мэргэжилтэн, оюутан харилцан солилцох зэргээр шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
Талууд нийгэм, соёлын сэдэвчилсэн арга хэмжээ, концерт, үзэсгэлэн, уран бүтээлийн уулзалт зохион байгуулах замаар хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэхийг эрмэлзэнэ.
Талууд хүүхэд, залуучуудын солилцооны хөтөлбөрүүдийн өгөөж боломжийг нэмэгдүүлнэ.
Талууд эрүүл мэнд, нийгмийн болон хүмүүнлэгийн салбарын, түүний дотор хоёр улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах, байгалийн голомтот болон бусад халдварт өвчинтэй тэмцэх, анагаах ухааныг хөгжүүлэх, эрүүл мэнд, эм зүйн салбарын мэргэжилтэн сургах, давтан сургах чиглэлээр туршлага солилцоход чиглэсэн хэлхээ холбоог улам бэхжүүлнэ.
Талууд шинэ төрлийн коронавируст (COVID-19) халдварын тархалтыг зогсоох чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хоёр орны тээврийн харилцааг сэргээхэд шаардлагатай хүчин чармайлт гаргаж, цар тахал дууссаны дараа худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг аль болох түргэн, бүрэн сэргээх боломжийг эрэлхийлж ажиллана.
Талууд 2015 онд байгуулсан “Монгол Улс, ОХУ, БНХАУ хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглал” болон 2016 онд байгуулсан “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг Монгол, Орос, Хятадын энэхүү ирээдүйтэй гурван талт цогц хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх үүднээс идэвхжүүлнэ.
Талууд Ази, Европын хооронд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд Монгол, Оросын газарзүйн ашигтай байршлын давуу байдлаа бүрэн дүүрэн ашиглахын тулд энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх сонирхлоо нотлов.
Талууд ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлнэ.
Талууд дэлхийн болон бүс нутгийн олон асуудлаар хандлага ойролцоо байдгийг тэмдэглэж, олон улсын байгууллага болон бүс нутгийн тавцан дахь хоёр талын хамтын ажиллагааны түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Талууд гадаад бодлогын уялдааг бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох зорилгоор тогтмол хийдэг хоёр талын зөвлөлдөх уулзалтуудыг үргэлжлүүлнэ.
Талууд олон улс болон бүс нутгийн үйл хэргийн хүрээнд нөгөө Талын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нийгмийн дэг журамд хохирол учруулахуйц алхам хийхгүй гэдгээ нотлов.
Талууд Нэгдсэн үндэстний байгууллага, Ази-Европын уулзалт (АСЕМ), Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ), АСЕАН-ы Бүс нутгийн чуулга (АРФ), Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) зэрэг олон улсын байгууллага, механизмын хүрээнд хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов.
Монголын тал Их Евразийн түншлэл байгуулах санаачилгыг дэмждэгээ илэрхийлэв.
Талууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаа, түүний дотор эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, мэдээлэл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн механизмууд дахь Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Талууд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан судалгааны ажлын хэсгийн ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ганцаарчилсан уулзалт эхэллээ
2021.12.16. ОХУ. Москва хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ганцаарчилсан уулзалт эхэллээ. Цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд хэцүү үед ч хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд харилцан айлчлал зохион байгуулж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, шинэ шатанд гаргах цаг үе ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо. Мөн “Транзит Монгол” болох зорилт тавьснаа дурдаж, 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын нутгаар дамжуулан хийн хоолой тавих төслийг Ерөнхийлөгч В.В.Путинтай ярилцаж шийдвэрлэсэн нь амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэв. Мөн Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд эрчим хүчний коридор бий болгох шаардлагатай байгааг хэлэв.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлал амжилттай болж, өндөр үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин илэрхийлэв. Цар тахлын улмаас эдийн засгийн хамтын ажиллагаа 2020 онд 20 хувиар буурсан ч энэ оны эхний гурван улирлын байдлаар 25 хувиар нэмэгдсэн бөгөөд цаашид цар тахлын өмнөх түвшинд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ганцаарчилсан уулзалт хаалттай хэлбэрт шилжин үргэлжилж байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар дараа нь хэлэлцээ хийж, хамтарсан тунхаглал гаргана.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийв
2021.12.16. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийв. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцааны өнгөрч буй зуун жилийн өрнөл, явцыг дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, шинэ зууны хамтын ажиллагааны замын зураглалын талаар ойлголцолд хүрэв.
Монгол, Оросын ард түмэн бүтэн зууны туршид ойр дотно, сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирсэн нь улс орны харилцааны түүхэнд ховор тохиолдох, хөрш зэргэлдээ орнуудын харилцаанд үлгэр жишээ болохуйц онцлог шинж чанартай гэж үзэж буйгаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.
Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд талууд өндөр ач холбогдол өгч, тусгай төлөвлөгөөний дагуу оны турш өргөнөөр тэмдэглэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, шинэ зуунд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.
Хэлэлцээний үеэр улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Салбаруудын харилцааг цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлж, чанарын шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нь чухал болохыг тэмдэглэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилт тавьж буйг тэмдэглэж, төмөр зам, авто замын томоохон төслүүдэд оросын талыг хамтран ажиллахыг урив.
Талууд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэхээ илэрхийлэв.
Төрийн тэргүүн нар хоёр улс эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбар, газрын тосны бүтээгдэхүүн худалдааны чиглэлээрх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцов.
Монголд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдэгт найдаж буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлэв.
Төрийн тэргүүн нар ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотлов.
Түүнчлэн “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал болохыг тэмдэглэв.
Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлж, оросын талтай идэвхтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарьж ургуулах хөдөлгөөний хүрээнд ажиллах боломжийг судлах үүргийг өгөхөө илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгч, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргаснаа зарлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийв
2021.12.16. ОХУ. Москва хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийв. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцааны өнгөрч буй зуун жилийн өрнөл, явцыг дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, шинэ зууны хамтын ажиллагааны замын зураглалын талаар ойлголцолд хүрэв. Монгол, Оросын ард түмэн бүтэн зууны туршид ойр дотно, сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирсэн нь улс орны харилцааны түүхэнд ховор тохиолдох, хөрш зэргэлдээ орнуудын харилцаанд үлгэр жишээ болохуйц онцлог шинж чанартай гэж үзэж буйгаа төрийн тэргүүн нар илэрхийлэв. Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд талууд өндөр ач холбогдол өгч, тусгай төлөвлөгөөний дагуу оны турш өргөнөөр тэмдэглэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, шинэ зуунд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.Хэлэлцээний үеэр улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Салбаруудын харилцааг цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлж, чанарын шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нь чухал болохыг тэмдэглэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилт тавьж буйг тэмдэглэж, төмөр зам, авто замын томоохон төслүүдэд оросын талыг хамтран ажиллахыг урив. Талууд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэхээ илэрхийлэв. Төрийн тэргүүн нар хоёр улс эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбар, газрын тосны бүтээгдэхүүн худалдааны чиглэлээрх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцов. Монголд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдэгт найдаж буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлэв. Төрийн тэргүүн нар ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотлов. Түүнчлэн “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал болохыг тэмдэглэв. Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлж, оросын талтай идэвхтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарьж ургуулах хөдөлгөөний хүрээнд ажиллах боломжийг судлах үүргийг өгөхөө илэрхийлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгч, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргаснаа зарлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар хамтарсан мэдэгдэл хийв
2021.12.17. ОХУ. Москва хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хамтарсан мэдэгдэл хийлээ.
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН:
“Бид Монголын нөхөдтэйгөө найрсаг түншлэлийг хөгжүүлэх сонирхолтой нь мэдээжийн хэрэг. Хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа маань дээр үеийн үүх түүхтэй. Бидний дипломат харилцаа албан ёсоор тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Манай улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улс байсан гэдгийг онцлон хэлье. Тэртээх үеэс Орос, Монголын хамтын ажиллагаа бэхжиж, бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан хөгжиж ирсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээний дүнгээр улс төрийн тунхаглал гаргалаа. Энэхүү баримт бичиг нь 2019 онд гарын үсэг зурсан хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг хөгжүүлэхэд чиглэсэн. Тунхаглалд хоёр талын харилцааг бүх чиглэлээр цаашид гүнзгийрүүлэх тодорхой чиглэлүүдийг тусгасан. Түүнчлэн айлчлалын үед талууд худалдаа, олон салбарыг хамарсан Засгийн газар хоорондын болон яам, агентлаг хоорондын баримт бичгүүдийг боловсруулж гарын үсэг зурна.
Оросын Холбооны Улс бол Монгол Улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг. Коронавируст цар тахлын амаргүй нөхцөлийг үл харгалзан, энэ оны есдүгээр сарын байдлаар манай худалдааны эргэлт 24 хувиар нэмэгдсэн. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс үр дүнтэй ажиллаж байна. Энэ оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо болж өнгөрсөн комиссын ээлжит хуралдаанаар дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, цахим технологи зэрэг салбарын хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөг гаргасан.
“Улаанбаатар төмөр зам” бол хоёр улсын хамтарсан гол чухал, амжилттай хөгжиж буй арилжааны том төсөл юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр талын ачаа тээвэрлэлт 15 сая тонноос 30 сая тонн болон өсөж, хоёр дахин нэмэгдсэн.
Сүүлийн жилүүдэд төмөр замыг шинэчлэх, өргөтгөх, “Улаанбаатар төмөр зам”-ын тогтвортой байдлыг хангах талаарх ажил Оросын Холбооны Улсын дэмжлэгтэйгээр хийгдсэн. Тухайлбал, тээвэрлэлтийн тарифын индексжүүлэлтийг цаг тухайд нь тогтворжуулж, 1990-ээд оны зээлийг зохицуулах төлөвлөгөөг гаргаж, газар эзэмшилтийн хуучин асуудлыг шийдвэрлэв. Монгол Улсаар дамжуулан ачааг төмөр замаар тээвэрлэх нь улам үр ашигтай болно гэж найдаж байгаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцав. Оросын Холбооны Улс нь Монгол Улсын эрчим хүчний найдвартай нийлүүлэгч бөгөөд тус улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 80 хувийг хангаж байна. Оросын эрчим хүчний компаниуд Монгол Улстай хамтран ажиллах, тэр дундаа Монголын шатах, тослох материалын зах зээл дэх орон зайгаа тэлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд “Роснефть” компани Улаанбаатарын олон улсын нисэх онгоцны буудал дахь түлш цэнэглэх шинэ цогцолборын операторын хувьд бүртгүүлэхээр ажиллаж байна.
Ойрын хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих байгалийн хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болно. Ажил амжилттай урагшилж байгаа. Энэхүү хоолой нь Оросын “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох боломжтой. Хамгийн оновчтой чиглэл, уртыг нь тодорхойлоод байна.
Өнгөрсөн онд манай улсын компаниуд Улаанбаатар хотын Дөрөвдүгээр цахилгаан станцын шинэчлэлийг амжилттай хийсэн. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний системийн хүчин чадлыг 15 хувиар нэмэгдүүлэв. Гуравдугаар дулааны цахилгаан станцыг шинэчлэх өөр нэг хамтарсан төслийг боловсруулж байна.
Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах ирээдүй байгаа. Монгол Улсад аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн салбарыг хөгжүүлэх үүднээс Цөмийн шинжлэх ухааны төв байгуулж, судалгаа хийх боломжийг судалж байгаа.
Орос, Монгол хоёр улс цаашид байгаль орчныг хамгаалах чиглэлд чухал төслийг хамтран хэрэгжүүлнэ. Тухайлбал, ЮНЕСКО-гийн өв хэмээн бүртгэгдсэн Байгал, Тарь нууруудын өвөрмөц экологийн системийг бүрдүүлэх хил дамнасан гол мөрнийг хамгаалахад хамтран ажиллана.
Орос, Монгол хоёр улсын хооронд коронавируст халдвартай хамтран тэмцэхэд чиглэгдсэн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа. Спутник V вакцин болон “Ковид-19” илрүүлэн оношлох оношлуурыг Монгол Улсад нийлүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээ ажил хэрэгч, эерэг уур амьсгалд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсад хийж буй анхны айлчлалаа Оросын Холбооны Улсаас эхлүүлж буйд баяртай байна” гэв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
“Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд гадаад улсад хийж буй анхны айлчлалаа Оросын Холбооны Улсаас эхэлж байгаадаа баяртай байна.
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр орны харилцааны түүхт 100 жилээ дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, ирж буй шинэ зууны харилцаа, хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхойлсон түүхэн ач холбогдолтой айлчлал болж байна.
Эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэл, эх орны дайны он жилүүд, энх цагийн их бүтээн байгуулалтын үед ч Монгол, Оросын ард түмэн хамтдаа байж, харилцан туслалцаж хамтдаа хөгжиж ирсэн гэгээн сайхан уламжлалыг хоёр улсын төрийн тэргүүн нар бахархан тэмдэглэж, бүрэн эрхт улсууд эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр орчин үеийн нөхцөл байдалд нийцсэн улс төрийн яриа хэлэлцээг хөгжүүлэхээ илэрхийлж байна.
Бүтэн зууны туршид ойр дотно, сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн манай хоёр орны найрамдал, нөхөрлөл бол улс орны харилцааны түүхэнд ховор тохиолдох, хөрш зэргэлдээ орнуудын харилцаанд үлгэр жишээ болохуйц онцлог шинж чанартай түүхэн уламжлалт харилцаа билээ.
Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад 2019 онд хийсэн айлчлалын үеэр хоёр тал “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г хугацаагүйгээр байгуулсан. Энэ нь манай хоёр орны шинэ зууны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэхийн үндэс суурь болж байгааг хоёр улсын төрийн тэргүүн нар дахин нотоллоо.
Манай хоёр улс эрчим хүч, нефть шатахуун, байгалийн хий, зам тээвэр, харилцаа холбоо, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчин, худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломж байна.
Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээг далайцтай нэмэгдүүлж, шинэ шатанд гаргах шаардлагатай гэж бид санал нэгтэй үзэж байна. Айлчлалын хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, төмөр замын томоохон төслүүдэд оросын талыг идэвхтэй хамтран ажиллахыг урьж, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа манай тал илэрхийллээ.
Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, хоёр улсын хил дамнасан хамтын ажиллагааны бүс байгуулах талаар харилцан санал солилцлоо.
Талууд 2016 онд байгуулсан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих 3 улсын хамтарсан төслийн ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл хангалуун байна.
Ази, Европын хооронд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, “Транзит Монгол” болох зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, хил дамнасан төмөр зам, авто зам, эрчим хүчний шинэ коридор бий болгох талаар идэвхтэй хамтран ажиллахаар санал солилцлоо.
Манай хоёр улсын хооронд соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлал бий. Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны квотыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнд талархаж байна.
Манай хоёр улс бүс нутгийн хамтын ажиллагааны механизм, олон улсын байгууллагын хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирсэн уламжлалтай. Хоёр тал НҮБ, АСЕМ, ШХАБ зэрэг байгууллагын хүрээнд цаашид ч нягт хамтран ажиллахаа нотоллоо.
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины дэвшүүлсэн “Их Евразийн түншлэл” байгуулах санаачилгыг Монголын тал дэмжиж, бүс нутгийн худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Оросын Холбооны Улсад хийж байгаа айлчлалын хүрээнд “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал”-ыг гаргаж, хилийн боомт, гааль, оюуны өмч, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж байна.
Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цар тахлын амаргүй нөхцөлд ч урагшлан хөгжиж байна. “Ковид-19” цар тахлын энэ цаг үеийн сорилт, бэрхшээлийг аль болох хурдан даван туулж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, шинэ агуулгаар баяжуулан харилцан ашигтай хөгжүүлэхийн төлөө байгаагаа дахин нотолж байна.
Миний бие өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна. Манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан шинэ түвшинд гаргахад хүчин чармайлт гаргаж буй эрхэм хүндэт Владимир Владимирович Танд болон агуу түүхт, мөнхийн хөрш Оросын ард түмэнд, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтай уулзав
2021.12.17. ОХУ. Москва хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улс /ОХУ/-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал оны туршид өргөн хүрээнд тэмдэглэж, ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-д хийж буй айлчлал амжилттай болж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны зорилт, тэргүүлэх чиглэлийн талаар ойлголцолд хүрч, хамтарсан Тунхаглал гаргасан нь хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал хэсэг болохыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төрийн Думын дарга В.В.Володин нар тэмдэглэж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй хөгжиж байгааг сайшаав. Хоёр улсын парламент хооронд хамтын ажиллагааны шинэ механизм байгуулах талаар ярилцаж буйг ойрын хугацаанд ажил хэрэг болгох нь зүйтэй гэж санал нэгтэй үзэв. Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд бүх салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Төрийн Думын зүгээс дэмжлэг үзүүлэхээ В.В.Володин илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтай уулзав
2021.12.17. ОХУ. Москва хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал оны туршид өргөн хүрээнд тэмдэглэж, ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-д хийж буй айлчлал амжилттай болж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар утсаар ярьж, Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулсан нь айлчлал үр дүнтэй болоход түлхэц үзүүлснийг дурдав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны зорилт, тэргүүлэх чиглэлийн талаар өргөн хүрээний ойлголцолд хүрч, цаашдын хөгжлийн замын зураглалыг гаргасныг онцлон тэмдэглэв. Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цогц байдлаар хөгжүүлэх, шинэ агуулгаар баяжуулах үүднээс Иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр гарган хэрэгжүүлэх нь зүйтэй гэж төрийн тэргүүн нар санал нэгдсэнийг мөн тэмдэглэв. ОХУ-ын Засгийн газар хоёр улсын найрсаг харилцааны уламжлалыг нандигнан үздэг бөгөөд иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж, төлөвлөгөө гарган ажиллахаа Засгийн газрын дарга М.В.Мишустин илэрхийлэв. Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чанарын шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллах нь чухал болохыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын дарга М.В.Мишустин нар тэмдэглэж, үүнд хоёр улсын Засгийн газар хоорондын комисс илүү идэвхтэй ажиллах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв. Харилцааны шинэ зуунд харилцан ашигтай байх зарчмаар эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарын томоохон төслийг хэрэгжүүлэх нь чухал гэж санал нэгдэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан “Транзит Монгол” болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйг тэмдэглэж, Орос, Хятадыг холбох хурдны авто зам, баруун болон зүүн төмөр замын босоо тэнхлэгийн төслүүд, “Богдхан” төслийг хэрэгжүүлэхэд оросын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэх нь чухал болохыг тэмдэглэж, дүрмийн санг нэмэгдүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэхээр тохиролцов. Монгол Улсын эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэх, шинээр байгуулах төслүүдэд хамтран ажиллах боломжийг хоёр улсын аж ахуйн нэгжүүд идэвхтэй эрэлхийлж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв. ОХУ-ын Засгийн газрын дарга хоёр улсын эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх цогц төлөвлөгөө гарган ажиллах үүргийг холбогдох байгууллагууддаа өгч буйгаа тэмдэглэв. Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэх замаар ОХУ-д гаргах махны экспортыг нэмэгдүүлэх саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэвшүүлснийг дэмжиж ажиллахаа Засгийн газрын дарга М.В.Мишустин илэрхийлэв. Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нар ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, холбогдох аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотлов. Түүнчлэн “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь чухал болохыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэж, “Тэрбум мод” тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд оросын талтай идэвхтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Монгол Улс, ЕАЭЗХ-ын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны дүнд үндэслэн цаашдын арга хэмжээг тогтохоор Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нар ярилцав. Хоёр улсын соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйг Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нар тэмдэглэж, Монголын боловсон хүчнийг ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцуулах, Монгол дахь орос хэлний сургалтыг бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотай уулзав
2021.12.18. ОХУ. Москва хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-д хийж буй айлчлал амжилттай болж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны замын зураглалыг тохирч, хамтарсан Тунхаглал гаргасан нь хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко ОХУ-ын Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газрын удирдлага Орос, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар гүнзгийрүүлэх нь чухал гэдэгтэй санал нэгтэй байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэв. Өнгөрсөн зуун жилийн хугацаанд хоёр улс дайны хүнд үе, энхийн бүтээн байгуулалтын аль алинд харилцан ойлголцож, харилцан тусламж үзүүлж ирсэн сайхан уламжлалтай. Цаашид хоёр ард түмний чин сэтгэлийн, ойр дотно хандлага, ахан дүүсийн харилцааг нандигнаж, үеийн үед уламжлуулан өвлүүлэх нь чухал гэдэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар санал нэгдэв. Мөн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа харилцааны чухал хэсэг болохыг тэмдэглэж, парламент хооронд хамтын ажиллагааны шинэ механизм байгуулах талаар ярилцаж буйг ойрын хугацаанд ажил хэрэг болгох нь зүйтэй гэж санал нэгтэй үзэв. Хоёр улсын парламент бүс нутаг, олон улсын механизмын хүрээн дэх хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх нь чухал болохыг В.И.Матвиенко тэмдэглэв. Талууд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт томоохон хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь чухал гэж үзэв. Айлчлалын мөрөөр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний явцад хяналт тавьж, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн мэдээллийг сонсоно гэдгээ Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко илэрхийлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар соёл, боловсрол, хүмүүнлэг, бүс нутаг, орон нутгуудын шууд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн санал, санаачилгуудыг дэмжихээ тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведевтэй уулзав
2021.12.18. ОХУ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведевтэй 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны зорилт, тэргүүлэх чиглэлийн талаар ойлголцолд хүрч, хамтарсан Тунхаглал гаргасан нь харилцааны цаашдын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2019 онд ОХУ-д хийсэн айлчлалын үеэр ярьж тохиролцсон зүйлс өнгөрсөн хугацаанд бодит ажил хэрэг болж байгаад баяртай байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв. Энэ удаагийн айлчлалаар хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхэд хоёр улсын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведев аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа онцолж, уламжлалт болон шинэ төрлийн аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв. Талууд харилцааны дараагийн зуунд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, төмөр зам, байгалийн хийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хоёр улсын ашиг сонирхолд нийцэж байгааг тэмдэглэж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сансрын нисэгчдийг хүлээн авч уулзав
2022.06.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, В.П.Савиных, Орос-Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн В.А.Бабушкин, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарыг хүлээн авч уулзав. Зөвлөлт, Монголын хамтарсан нислэгийн багийн гишүүд хоёр орны найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Өнгөрсөн онд тохиосон хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ой, сансрын нисэгч В.А.Жанибековын 80 насны ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Энэ онд Сансар судлалын төвийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хүрээнд байгуулж, сансрын технологийг хөгжүүлэх, микро хиймэл дагуул бүтээн хөөргөх чиглэлээр ажиллаж байгааг дурдав. Мөн Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ сансрын дараагийн хамтарсан нислэг зохион байгуулах, энэ хүрээнд монгол эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэх, нисгэх талаар Ерөнхийлөгч В.В.Путинтай санал солилцсоны дагуу яриа хэлцэл явагдаж байгааг тодотгов. Хамтарсан нислэгийн хүрээнд бэлтгэгдсэн сансрын нисэгч Ж.Гүррагчаа, М.Ганзориг нар улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, засаг, ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс гэдгийг сансрын нисэгч В.А.Жанибеков хэллээ. Дараагийн хамтарсан нислэг зохион байгуулах, тэр дундаа монгол эмэгтэй нисэгчийг бэлтгэх, нисгэхийг Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн гишүүн, сансрын нисэгчийн хувиар бүх талаар дэмжиж, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцахаа В.П.Савиных илэрхийлэв. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарган В.А.Жанибековт “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн” өргөмжлөл, В.П. Савиныхт нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон, В.А.Бабушкинд Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олгосон байна. ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан баг 1981 оны 03 дугаар сарын 22-нд ЗХУ-ын Байконуураас “Союз-39” хөлгөөр хөөрч, дэлхийг 124 удаа тойрон найм хоногийн дэлхийдээ газардсан түүхтэй. Ингэснээр БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн хоёрдахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм. Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн гурван чиглэлээр 25 нэр бүхий 36 туршилт, судалгаа хийжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров бараалхав
2022.07.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 07 дугаар сарын 05-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров бараалхав. Монгол, Оросын уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байгааг онцлов. Цаашид хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад талууд анхаарах шаардлагатайг дурдав. Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг уламжлав. Мөн хоёр улсын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар мэндчилгээ дэвшүүлэв
2022.07.13. Монгол Улс. улгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНЫ МЭНДЧИЛГЭЭНД: Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авч соёрхоно уу. Орос, Монгол хоёр улс найрсаг, сайн хөршийн уламжлалт хэлхээ холбоотой билээ. Улс төрийн ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнөхийн зэрэгцээ олон салбарт үр өгөөжтэй хамтын ажиллагаа хөгжсөөр ирлээ. Орос, Монголын ард түмнүүдийн эрх ашигт бүрэн нийцсэн Иж бүрэн стратегийн түншлэл цаашид улам бэхжинэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Танд эрүүл энх, ажлын их амжилт, танай ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” гэжээ. БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИНИЙ МЭНДЧИЛГЭЭНД: Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан миний бие БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон танаар дамжуулан танай улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Хятад, Монгол хоёр улс бол уул, усаар холбогдсон найрсаг, үнэнч хамтын ажиллагаатай түншүүд. Хоёр улсын харилцааг сайтар хамгаалж, бэхжүүлэн хөгжүүлэх нь талуудын язгуур болоод хэтийн эрх ашигт нийцдэг. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа цогцоор хурдацтай хөгжиж, салбар бүрийн харилцаа, хамтын ажиллагаа арвин үр өгөөжтэй байна. Миний бие хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч, хоёр улсын харилцааны хөгжлийн гол чиглэлийг стратегийн түвшинд алсын хараатайгаар чиглүүлж, Хятад, Монголын Иж Бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлж, хоёр улс болон хоёр улсын ард түмэнд үр шимийг хүртээхэд Тантай хамтран ажиллахыг хичээхэд бэлэн байна. Монгол Улсад хөгжил цэцэглэл, ард түмэнд аз жаргалыг хүсэн ерөөе” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевыг хүлээн авч уулзав
2023.01.19. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевыг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн томоохон төслүүдийг урагшлуулах нь нэн чухал болохыг онцлов. Тэрээр хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь харилцааны чухал хэсэг болохыг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссыг шинээр байгуулахаар ажиллаж байгааг сайшаав. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг идэвхжүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих байгалийн хий дамжуулах хоолой, өндөр хурдны автозам, төмөр замын шинэчлэл зэрэг төсөлд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Элчин сайд бараалхлаа
2023.01.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов үүрэгт ажлаа дуусгавар болгож, нутаг буцах болсонтойгоо холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайд И.К.Азизовын Монгол Улсад ажилласан есөн жилийн хугацаанд Монгол, Оросын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлон тэмдэглээд, цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүслээ. Элчин сайд И.К.Азизов хүлээн авч уулзсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд талархал илэрхийлж, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цаашид ч гүнзгийрэн хөгжиж, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд урагшилна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2023.05.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Тэрбээр Монголын төр, засаг ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллахад ихээхэн анхаарал хандуулж байгааг тэмдэглэв. Мөн нэгэн зууны түүхтэй харилцааг хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр, бодит ажлаар бататгах чин эрмэлзэл байгааг онцлов. Элчин сайд А.Н.Евсиков Монгол Улс нь ОХУ-ын хамгийн ойрын хөршөөс гадна гол түнш орны нэг гэдгийг тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Тухайлбал байгалийн хий дамжуулах хоолойн төсөл, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэх, шинэчлэх замаар орчин үеийн ложистикийн шаардлага хангасан төмөр замтай болгох, шинэ шугам барих зэрэгт анхаарахаа хэлэв. Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хилийн боомтуудын хөгжил, мэдээллийн аюулгүй байдал, хүмүүнлэг, соёл, боловсрол, залуучуудын харилцан солилцоо, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон түүхт 100 жилийн ойг талууд 2021 оны турш тэмдэглэн өнгөрүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайдын хувиар ОХУ-д албан ёсны айлчлал хийж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн талаар Ерөнхийлөгч В.В.Путинтай зарчмын тохиролцоонд хүрсэн юм. Мөн 2021 онд Ерөнхийлөгчийн хувиар албан ёсоор айлчлахдаа худалдаа, эдийн засаг, газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлт, боловсрол, соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр тохиролцсон бөгөөд энэ хүрээнд талууд холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Ерөнхийлөгч мөн 2022 онд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийж, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг ажил хэрэг болгох тохиролцоонд хүрсэн юм. ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков мэргэжлийн дипломатч бөгөөд гадаад харилцааны салбарт 39 жил ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Төрийн Думын дарга бараалхав
2023.09.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг онцолж, уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд бүх салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Мөн Ерөнхийлөгч В.В.Путинд мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. Төрийн Думын дарга В.В.Володин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтарсан Комисс ажлаа эхэлсэн нь хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав
2023.10.18. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав.Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх нь чухал болохыг онцлов. Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд ноогдуулж буй татварын хэмжээг бууруулах асуудлыг ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр Ерөнхийлөгч нар тохиров.Төрийн тэргүүн нар Монгол, Оросын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэл хийх, Монгол Улсын баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замуудын бүтээн байгуулалтад хамтран ажиллах талаар санал солилцов. ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв. Монгол Улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны хүрээнд Эгийн голын усан цахилгаан станц байгуулах асуудлыг талууд нарийвчлан судлахаар болов. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийн газрын орлогч дарга А.В.Новак, Эдийн засгийн хөгжлийн сайд М.Г.Решетников, Тээврийн сайд В.Г.Савельев, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозёров, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер, “Роснефть” НХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.И.Сечин нар хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, саналаа танилцуулав. Хоёр улсын төрийн тэргүүн ирэх жил тохиох Халхын голын хамтын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх нь хоёр улсын дайчин нөхөрлөлийг мөнхжүүлж, залуу, хойч үед түүхэн үнэнийг таниулахад чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв. Түүхт ялалтын баярт оролцох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг Ерөнхийлөгч В.В.Путин талархан хүлээн авлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хоёр орны соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх нь чухлыг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзлаа
2023.10.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын 25 дугаар хуралдаан амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.Хэдхэн өдрийн өмнө БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хоёр талын үр дүнтэй уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүч, зам тээвэр зэрэг олон асуудлаар санал солилцсон гэдгээ хэллээ. Тухайлбал, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөөц боломж өргөн байгааг онцолж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченко эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэр, зам тээврийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар онцлов. Түүнчлэн боловсрол, байгаль орчны салбарт, тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэдгийг хэллээ. Талууд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг идэвхтэй хөгжүүлэх, олон жил яригдсан хамтын ажиллагааны төслүүдийг урагшлуулах чиглэлд хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч даргыг хүлээн авч уулзав
2024.02.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Алексей Логвинович Оверчукийг хүлээн авч уулзав. Харилцан итгэлцэл дээр суурилсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, бодит агуулгаар баяжуулах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлэв. 2023 оны 10 дугаар сард Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдсэнийг тэмдэглэв.ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, хоёр улсын төрийн тэргүүн болон Ерөнхий сайд нарын 2023 онд хийсэн уулзалтын үеэр хэлэлцэн тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж буйгаа танилцуулав. Энэ онд тохиож буй “УБТЗ” ХНН-ийн 75 жил, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүд хоёр орны найрсаг харилцаа, ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2024.07.03. Казакстан Улс. Астана хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэрээ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзлаа. Төрийн тэргүүн нар Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд хоёр талын худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл байдгийг нотоллоо. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны тусгай хэлэлцээр байгуулах яриа, хэлэлцээ амжилттай өрнөж байгааг Ерөнхийлөгч нар онцолж, энэ онд багтаан талууд гарын үсэг зурахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын худалдаа төдийгүй дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөөс гадна хамтарсан аж ахуйн нэгж, үйлдвэр байгуулахад түлхэц үзүүлнэ гэдэгт санал нэгдлээ.2024 онд Халхын голын тулалдааны хамтын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх нь хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаагаа хоёр улсын төрийн тэргүүн нар илэрхийлэв. Уулзалтаар мөн “УБТЗ” ХНН-ийн төв шугам, Дулааны гуравдугаар цахилгаан станцын шинэчлэл, зүүн, баруун төмөр зам, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцын талаар ярилцлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
2024.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ ирүүллээ. Мэндчилгээнд “Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Саяхан Астан хотноо болсон бид хоёрын уулзалт Орос, Монголын харилцааны найрсаг, ажил хэрэгч шинж чанарыг бүрэн нотолсон билээ. Хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө, Евразийн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүүлэх ашиг сонирхлын үүднээс цаашид хамтын хүчин чармайлтаар хамтын ажиллагааг бүх салбарт үе шаттай өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Танд эрүүл энх, ажлын амжилт, Монгол Улсын ард иргэдэд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар баярын захидал солилцов
2024.08.30. Халх голын байлдааны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар баярын захидал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч захидалдаа, Халхын голын байлдааны хамтын ялалтын түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний нэрийн өмнөөс ОХУ-ын Ерөнхийлөгч болон Оросын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэв. Энэхүү түүхэн ойг хоёр улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлагаар тэмцсэн цэрэг эрсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний эх оронч гавьяа зүтгэлийг хойч үедээ мөнхлөн үлдээх, Монгол-Оросын ард түмний энхийн болон хөгжлийн төлөөх их үйлсээр гагнагдсан ган бат найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэх зорилгоор онцгойлон тэмдэглэдэг гэдгийг онцоллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч захидалдаа, Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид эрүүл энх, амжилт бүтээл, Монголын ард түмэнд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөв. Мөн хүнд бэрх үед батжин бэхэжсэн хоёр орны найрамдал нөхөрлөл, харилцан тусламжийн уламжлал нь Оросын Холбооны Улс, Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны цаашдын хөгжлийн бат бэх суурь нь мөн гэдгийг онцоллоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна
2024.08.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа билээ. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2024.09.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч В.В.Путиныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны бусад хүн угтаж авлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно. Хоёр улсын төрийн тэргүүн мөн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөх юм. 2019 онд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээнд гарын үсэг зурснаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Хоёр улс 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоож, дараа жил нь Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн түүхтэй.

ОХУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
2024.09.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон ОХУ-ын албаны төлөөлөгчидтэй мэндчиллээ. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, В.В.Путин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, газрын тос, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна. 2019 онд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурснаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон юм. Хоёр улс 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоож, дараа жил нь Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн түүхтэй.

Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
2024.09.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:
1. “МОНГОЛ УЛСЫН УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”–Т
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг хангадаг Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих зураг төсөл боловсруулж, инженерийн судалгаа хийнэ.
Ингэснээр талууд төслийн нийт өртөг, барилга угсралтын хугацааг нарийвчлан тодорхойлж, төслийг хэрэгжүүлэх дараагийн шатны гэрээ байгуулах нөхцөл бүрдэнэ.
2. “ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т
Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.
Хэлэлцээр байгуулснаар Монгол Улс, ОХУ-ын газрын тосны салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн саадгүй, тогтвортой нийлүүлэх боломж бүрдлээ. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор, үүнээс 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. ОХУ газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийнхээ нөхцөл байдалтай холбоотойгоор 2023 онд шатахууны экспортод хязгаарлалт тавьж, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээртэй улс орнууд болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд энэ хязгаарлалтад хамаарахгүй байхаар зохицуулсан юм.
3. “МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т
Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.
Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын түлшний хангамжийг олон улсын стандартад нийцсэн, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах боломж нэмэгдэхээс гадна манай улсын агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал дэмжлэг болно.
4. “БАЙГАЛ НУУР, СЭЛЭНГЭ МӨРНИЙГ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нар гарын үсэг зурлаа.
Эгийн усан цахилгаан станц байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийж, хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэн, нэгдсэн шийдэлд хүрлээ. Хоёр улс дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарна.
Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь даян дэлхийн байгаль орчны төлөв байдалд чухал хувь нэмэртэйг ухамсарлан усны нөөцийг зохистой ашиглах, урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох тухай олон жилийн яриа, хэлэлцээ бодит ажил хэрэг болно. Энэ чиглэлээр хамтын ажиллагааны замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцлоо.
5. “ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ТАРХВАР СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОЛБООНЫ ХЯНАЛТЫН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т
Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Оросын Холбооны Улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга А.Ю.Попова нар гарын үсэг зурлаа.
Талууд 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хамтран ажилласан.
Хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар хамтран тандалт судалгаа хийх, мэдээлэл солилцох, тархвар судлал, нян судлалын чиглэлээр монголын мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний ажил хийх, тархвар судлалын хүндрэл үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах зэрэг өргөн боломж бий боллоо.
Харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл хийлээ.

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч В.В.Путины айлчлал найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжууллаа
2024.09.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
Хоёр улсын төрийн тэргүүний хийсэн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд хийсэн мэдээллийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Владимир Владимирович,
Энд цугларсан хэвлэлийн төлөөлөгчид, эрхэм зочид оо!
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны түүхт 85 жилийн ой, Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой болон Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин манай сайхан оронд албан ёсны айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бид Халх голын байлдааны энэхүү түүхэн ялалтын баярыг манай хоёр улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлагаар тулалдсан цэрэг эрсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний эх оронч гавьяа зүтгэлийг хойч үедээ мөнхлөн үлдээх, Монгол-Оросын ард түмний энхийн болон хөгжлийн төлөөх их үйлсээр гагнагдсан найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэх зорилгоор онцгойлон тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай билээ.
Мөнхийн хөрш манай хоёр орны ард түмний хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг хугацааны уртад улам батжин бэхжиж, шинэ агуулгаар өргөжин хөгжиж, өдгөө Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэм хүндэт Владимир Владимирович таны Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь манай хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой үйл явдал болж байна.
Мөн айлчлалын хүрээнд та бид хоёр орны болон бүс нутаг, олон улсын өмнө тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцож, өөрсдийн байр суурийн талаар харилцан ярилцлаа.
Бидний яриа хэлэлцээний үр дүнд “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай”, “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Мөн олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг онцгойлон анхаарч, “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай протокол байгууллаа.
Ийнхүү “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барих ажил хоёр талын хүчин чармайлтын үр дүнд урагшлах болсонд баяртай байна.
ОХУ нь манай улсын гадаад худалдааны томоохон түнш бөгөөд Монгол, Оросын худалдааны нийт эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа хэдий ч худалдааны баланс тэнцвэргүй байгааг өөрчлөх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцсон.
Энэ хэлэлцээр нь манай хоёр улсын худалдааны эрх зүйн орчныг сайжруулж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит шинэ боломжийг бий болгоно хэмээн үзэж байна. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ ондоо багтаан байгуулахаар хоёр тал ажиллаж байгааг сайшааж байна.
Энэхүү хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад гаргах мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортын татвараас бүрэн чөлөөлөгдөх болно.
Энэ нь манай хөдөө аж ахуйн салбар болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх төдийгүй худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд шинэ боломжуудыг нээх юм.
Мөн уулзалт, хэлэлцээний үеэр талууд “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийг өнөө цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж, эрчимжүүлэхээр санал нэгдлээ.
Энэ нь манай улсын транзит тээврийн өвөрмөц боломж, чадавхыг дээд зэргээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ ОХУ-ын “Их Евразийн санаачилга”, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга болон Монгол Улсын “Талын зам хөтөлбөр”-ийн хүрээнд гурван улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх юм.
Манай улсын оюутан залуус ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр их, дээд сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх талаар санаачилга гаргаж байгаад талархал илэрхийлье.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд хөрш ОХУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.
Бид аливаа улс орны түүх, соёл, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.
Бид дэлхийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхийг тууштай дэмжиж байна.
Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үздэг.
Иймд манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Таны энэ удаагийн Монгол Улсад хийж буй айлчлал нь манай хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж, хоёр улсын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам боллоо.
Эрхэм хүндэт Владимир Владимирович Таныг болон эрхэм хүндэт зочид төлөөлөгчид та бүхнийг өнө эртний түүхтэй, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай сайхан морилохыг хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэлэлцээ хийв
2024.09.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Халх голын байлдааны ялалтын 85 жил, Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жил, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг үргэлжлүүлэн тэмдэглэх хүрээнд албан ёсоор айлчилж байгаад талархал илэрхийлэв.
Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, түүний дотор түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын харилцааг улам эрчимжүүлэх талаар ярилцлаа.
Айлчлалын хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж байгааг сайшаан тэмдэглэв.
Хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барих ажил хоёр талын хүчин чармайлтын үр дүнд урагшилж байгааг тэмдэглээд, Эгийн голын төслийг онцгойлон анхаарч, байгаль орчны үнэлгээний асуудлыг цогцоор нь авч үзэхийн тулд хоёр талын ажлын хэсгийг байгуулахаар тохиролцож, Санамж бичиг байгуулж байгааг өндрөөр үнэлэв.
Энэ оны сүүлээр Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо хооронд байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээр худалдааны эрх зүйн орчныг тэлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж бий болгоно гэж итгэж байгаагаа талууд илэрхийлэв.
Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдэж, гурван улсын холбогдох байгууллагууд холбогдох төслүүдийг цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж буйг сайшаан тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар Г.В.Плехановын нэрэмжит сургуульд зочиллоо
2024.09.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, В.В.Путин нар Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулиар зочилж, багш, сурагчдын төлөөлөлтэй уулзлаа. 1999 онд байгуулагдсанаасаа хойш оросын стандартын дагуу боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тус сургуульд өдгөө 1,500 гаруй оюутан, сурагч суралцаж байна. Салбар сургууль нь ерөнхий боловсролын сургуулийн дунд сургууль, дээд боловсролын диплом авах хүртэлх өргөн хүрээний сургалтын хөтөлбөртэй томоохон цогцолборын нэг болжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын боловсролын салбарт жинтэй хувь нэмэр оруулж буй салбар сургуулийн хамт олонд талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөв
2024.09.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар маршал Г.К. Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолын үеэр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэлээ. Хоёр улсын төрийн тэргүүн ахмад дайчидтай мэндчилж, Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал үзэж сонирхлоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө
2024.09.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсад хүрэлцэн ирсэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Айлчлалын хүрээнд талууд эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, байгаль орчин зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К. Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Хоёр улсын төрийн тэргүүн мөн Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулиар зочилж, багш, сурагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо.

Жанжин Д.Сүхбаатар, хувьсгалын аугаа удирдагч В.И.Ленинтэй уулзсан нь
2025.02.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Лeнин Сүхбаатартай уулзсан нь хэмээх энэ зураг Уран зургийн галерейг чимдэг сор бүтээлүүд тоонд орно. Учир нь уг зургийг харсан хэнд ч түүхийг бүхэлд тайлж уншиж болдогт оршиж буй. В.И. Лeнин бол оросын хувьсралын агуу удирдагч бол, Д.Сүхбаатар Монголын хувьсгалын агуу удирдагч юм. Хоёр улсын хувьсгалын удирдагч уулзаж буй нь нэн ховор тохиолдол бөгөөд уран зураг болж түүхэнд мөнхөрсөн учраас ази тивдээ цор ганц урлагийг бүтээлд тооцогддог. Магад дэлхийд цор ганц ч байж болох талтай юм. Эдгээр хүмүүстэй монгол, оросын хувьсгалын түүх салшгүй холбоотой нь маргаангүй үнэн билээ. Оросын хаант засаг гэр бүлийг нь ихэд хавчин гадуурхаж байсан учраас В.И.Лeнин хаант засагтайгаа тэрсэлдэх болж, хаант засгаа түлхэн унагах хувьсгал өрнүүлсэн түүхэн хүн юм. Үүний дараагаар Ардын хувьсгалын өрнүүлэхэд Монгол ардын намыг үүсгэн байгуулагч их жанжин Д.Сүхбаатарт дэмжлэг үзүүлэв. Өөрөөр хэлбэл, Оросын улаан арми Монголын улаан армид тусалснаар, ардын хувьсгал ялж, ард түмэн ялалтад хүрсэн түүхтэй. Тухайн түүхэн үйл явдлыг өгүүлэх уран зураг учраас уг уран зураг мэргэжлийн хүмүүсээр дүгнэлтээр азид цор ганц, минийхээр бол дэлхийд цор ганц юм. Энэ хоёр удирдагч хоёулаа хувьсгалын төлөө тэмцэж, хоёулаа хаант засгаа халахад оролцож, хоёулаа ард түмэнд засгийн эрхийг өгч, эрх чөлөө тусгаар тогтнолын үндэс суурийг тавьсан учраас түүхэнд мөнхөрч хоцорсон нь энэ билээ. Дашрамд дурдахад дээр өгүүлсэн Санкт-Пeтeрбург бол оросын хаан Пeтрийн байгуулсан хот байсан бөгөөд нэгэн цагт оросын нийслэл байсан газар юм. Тиймээс эхэн үедээ Пeтроград хэмээн нэрийддэг байсан ч, хожим В.И.Лeнин хувьсгал хийсний дараагаар хотын нэр Лeнинград болж өөрчлөгдсөн түүхтэй. Харин одоо Санкт-Пeтeрбург гэж нэрлэдэг ба энэ нь гэгээн питeр гэсэн утгатай юм. Тэгтэл Ленинградад төрсөн ОХУ-ын Eрөнхийлөгч В.В.Путин, Сүхбаатар аймагт төрсөн Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж буй бас нэн ховор тохиол. Лeнин Сүхбаатар хоёр уулзаж буй мэт сэтгэгдэл төрөв.
