12 сар 19, 2024

Монгол, Швейцарын харилцаа

Женевт тогтвортой ноолуур зөвлөгөөн болов

2020.10.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Тогтвортой ноолуур сэдэвт зөвлөгөөн зохиолоо. Зөвлөгөөнд Женевт төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв, НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагын Женев дэх салбар, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Женев дэх салбар, Тогтвортой хөгжлийн олон улсын хүрээлэн зэрэг байгаль орчны болон эдийн засаг, худалдааны байгууллагуудын төлөөлөл оролцов. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон Алт төсөл, Францын Байгаль орчны Сан, Францын хил хязгааргүй агрономчид зэрэг монголын ноолуурын салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллага, хөгжлийн агентлагуудын төлөөлөл оролцов. Зөвлөгөөнд оролцогсдод зориулж Засгийн газрын зүгээс ноолуурын салбарын хөгжил, малчдын амьжиргааг тэтгэх, бэлчээр зөв зохистой ашиглах, байгаль орчны доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус тус мэдээлэл хийв. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газраас боловсруулсан Тогтвортой ноолуурын Платформын талаар Суурин төлөөлөгч Элейн Конкиевич илтгэл тавьж, бэлчээр ашиглах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх Швейцарын туршлагын талаар Олон улсын Тогтвортой мал аж ахуйн Хөтөлбөрийн тэргүүн Фриц Шнайдер танилцуулав. Зөвлөгөөнөөр боловсруулсан ноолуурын экспортыг нэмэгдүүлэх, бэлчээрийн доройтлыг бууруулах, ямааны ноолуураас бусад ашиг шимийг нэмэгдүүлэх замаар малчин өрхийн орлогыг тогтвортой байлгаж, экспортыг төрөлжүүлэх зэрэг цогц асуудлаар байгаль орчин, малын эрүүл мэнд, өртгийн сүлжээ, гадаад худалдааны өнцгөөс олон улсын байгууллагуудын мэргэжилтнүүд хооронд мэдээлэл солилцуулж, Бэлчээрийн тухай хуулийн төсөлд тусгах боломжтой санал, дүгнэлтийг хэлэлцүүлэв.

Швейцарын банк яагаад нэр хүндтэй байдаг вэ

2022.06.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Швейцарын банк дэлхийн хамгийн нэр хүндтэй банкуудын тоонд ордог. Тус улсын банкууд харилцагчдынхаа тухай ямарч мэдээлэл гадагш гаргадаггүй, өндөр нууцлалтай байдаг учраас тэр юм. Тиймээс, тус улсын банкууд руу хэний мөнгө орж, гарч байдгийг тэр бүр мэдэх бололцоогүй. 2009.05.02-ны хавьцаа АНУ-д 15 тэрбум ам.долларын татвараас зайлсхийсэн 52 мянган иргэн байгаа гэх мэдээлэл гарч байлаа. Тэднийг Швейцарийн UBS банкинд харилцах болон хадгаламжийн данстай байж магадгүй гэж Америкийн татварын албаныхан сэрдэж байсан юм. Тиймээс тэд Швейцарийн UBS банкнаас америк харилцагчдынхаа нэрсийг гаргаж өгөх хүсэлт тавьсан талаар дэлхийн хэвлэлүүд онцлон бичиж байсан билээ. Харин Швейцарийн UBS банкныхан америк харилцагчдынхаа нэрсийг өгөхгүй гэдгээ шүүхийн өмнө албан ёсоор мэдэгдэж байв. Хэрэв америкийн талд харилцагчдынхаа тухай мэдээлэл өгвөл Швейцарийн хуулийг тэрсэлсэн хэрэг болно гэж тус банкныхан мэдэгдэж байжээ. Цаашлаад тус банкны нэр хүнд дэлхийн тавцанд унаж, харилцагчдынх нь итгэл сулрах байсан гэж үздэг юм. 

Швейцарын Холбооны Ерөнхийлөгч А.Берсе мэндчилгээ дэвшүүлэв

2023.07.10. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Швейцарын Холбооны Ерөнхийлөгч А.Берсе: Эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг Монголын ард түмэнд хүсэн ерөөе. Ирэх жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзав

2023.09.20. АНУ. Нью-Йорк хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Ален Берсе-г өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг 2024 онд хамтран тэмдэглэн өнгөрүүлэх болон олон улсын харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов. Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Ален Берсе, геополитикийн нөхцөл байдал амаргүй байгаа нь улс орнуудын олон талт хамтын ажиллагаанд бэрхшээл үүсгэж буйг тэмдэглэв. Тэрбээр 2024 онд Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг талархан хүлээж авлаа гэжээ. 

Швейцарын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Юрг Бурри харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсад Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд төрийн айлчлал хийнэ

2024.07.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024.08.02-04-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Уг айлчлал нь энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжих бөгөөд Монгол Улсад швейцарын талаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны төрийн айлчлал юм. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх талаар ярилцана. Мөн хоёр орны харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Монгол Улс, Швейцарын Холбооны Улс 1964.05.22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм гэжээ.

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024.08.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч Виола Амхерд болон дагалдан яваа төлөөлөгчдийг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри болон бусад албаныхан угтав. Энэ айлчлал нь Швейцарын Холбооны Улсаас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм. Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд 1964.05.22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2024.08.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар 02-04-ний өдрүүдэд анх удаа төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Виола Амхерд Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын болон Швейцарын Холбооны Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Виола Амхерд Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Хоёр улс 1964.05.22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар албан ёсны уулзалт хийлээ

2024.08.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан Монгол, Швейцарын найрсаг харилцаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол болон хүмүүнлэг зэрэг салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжилтийг швейцарын тал тууштай дэмжиж, ардчилсан засаглалыг бэхжүүлэх чиглэлээр болон хамтын ажиллагааны олон салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсныг тэмдэглэлээ. Талууд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтаа бататгаж, цаашид харилцан сонирхсон бүхий л салбарт идэвхтэй ажиллахын төлөө байгаагаа нотоллоо. Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах талаар ярилцлаа. 

Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2024.08.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Швейцарын Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа.

1.МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ

Хамтарсан тунхаглалаар 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгаж, цаашдын чиглэлийг тодорхойллоо. Энхтайвны төлөөх Монгол, Швейцар хэмээх түүхэн ойн уриа нь хоёр улсын гадаад харилцааны зорилтуудыг тодорхойлсон. Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, улс төрийн харилцан ойлголцол, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх санаачилгын хүрээнд хамтрах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй хамтран тэмцэх, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтуудын хүрээнд хамтын ажиллагааг тэлэхээр тохиров. Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, онцгой байдал, боловсрол, спорт, соёлын салбар дахь хамтын ажиллагааг улам баяжуулахаар боллоо.

2.АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛЫН АСУУДЛААРХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри нар гарын үсэг зурлаа. Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлсэд суурилсан засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр тусгайлсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээг Санамж бичгээр тодорхойлсон. Энэ хүрээнд Парламентын институцийг бэхжүүлэх нь, Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх зэрэг төсөл хэрэгжүүлж байна.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ

2024.08.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар албан ёсны уулзалтын дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж буй анхны төрийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болохыг талууд онцолж, Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал, Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг зарлалаа. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон Швейцарын Холбооны Улсын даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, тууштай бодлогыг харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны энэ айлчлал Швейцарын Холбооны Улсын Төрийн тэргүүний манай улсад хийж буй анхны түүхэн айлчлал бөгөөд Монгол, Швейцарын ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг бид хамтдаа нээж байна. Газарзүйн байршлын хувьд алс хол Швейцарын Холбооны Улсыг бид манай улсын гуравдагч хөрш, Европ дахь итгэлт түншээ хэмээн үздэг бөгөөд хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлс нь манай хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлж, хамтын ажиллагааны чухал үндэс суурь болдог билээ. Төрийн айлчлалын үеэр бид харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 60 жилийн ололт, амжилтыг бататгах, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо. Бидний яриа хэлэлцээний дүнд Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал, Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурлаа. Эдгээр баримт бичиг нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлж, ардчилсан засаглалыг улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Ардчилал, хууль дээдлэх зарчим, сайн засаглалын үнэт зүйлийг бататгаж, хууль тогтоох болон иргэний нийгмийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, шүүх болон эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлээр бид хамтарсан төсөл хэрэгжүүлнэ. Швейцарын Холбооны Улс нь манай улсын гадаад худалдааны томоохон түнш бөгөөд хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг судлан хэрэгжүүлэхээр ярилцлаа. Мөн хоёр улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудаа уялдуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг бататгах, аялал жуулчлал, боловсрол, соёл, хөдөө ахуй, эрүүл мэндийн салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохирлоо. Хүнсний хангамж, Аюулгүй байдал, Цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой фермийн аж ахуй, мал аж ахуйн менежментийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, био-органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зэрэгт чиглэсэн хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Швейцарын стандарт, технологийг нутагшуулах, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан залуусыг сургаж бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрийг танилцууллаа. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь бидний нийтлэг томоохон зорилт гэдгийг онцолж, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний зорилт болон Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын ардчилсан тогтолцоо, сайн засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд зориулан Швейцарын ард түмэн, төр, засгаас өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай улсад 460 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж, үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэнд манай ард түмэн ямагт талархаж байдаг. Мөн цар тахал, байгалийн гамшиг, үер, зудын бэрхшээлтэй тулгарсан цагт Швейцарын Холбооны Улс монголын ард түмэнтэй хамт байж, хүмүүнлэгийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн. Үүний нэг  жишээ нь Зүрх мартахгүй төслийг онцлохыг хүсэж байна. Цаашид хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, газар хөдлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах чиглэлээр Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх, монголын зүрхний эмч нарын тусламжтайгаар хүүхдийн эмнэлгийн бүс нутгийн үйлчилгээг дэмжих ажлыг бид үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Мөн үндэсний соёлоо сурталчилж, спортыг дэмжих чиглэлээр бид хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Монголын түүхийн үзэсгэлэнг Швейцарын Цюрих хотын Рийтберг музейд 2025 онд гаргахаар боллоо. Байгаль, цаг уур, далайд гарцгүй зэрэг бидний нийтлэг онцлог,  гадаад бодлогын ижил төстэй байр суурьтай манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхээ талууд нотоллоо. Цаашид эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө өргөн хүрээнд хамтран ажиллах болно. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон Швейцарын Холбооны Улсын даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, тууштай бодлогыг бид харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.

ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВИОЛА АМХЕРД:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Өнөөдөр би Монгол Улсад айлчилж байгаадаа туйлын баяртай байна. Манай хоёр улсын олон жил ойр дотно хамтран ажиллаж ирсэн атал Швейцар Улсын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа айлчилж байгаа нь итгэхэд бэрх ч  бодит үнэн юм. Энэ айлчлал Швейцар, Монголын харилцааны түүхэнд нэгэн чухал үйл явдал болж байгааг нэн хүндэтгэж, маш их баяртай байна. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил, Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага Монгол Улсад 20 жил ажилласан амжилтыг энэ айлчлалаар ёслон тэмдэглэж байна. Үүний зэрэгцээ бид ирээдүйгээ харж, хоёр улсын цаашдын харилцааг тодорхойлоход чухал ач холбогдол өгч байна. Энэ зорилтын хүрээнд бид хоёр улсын хамтын ажиллагааны тухай Хамтарсан тунхаглал, Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. НҮБ-аас анхааруулсан дэлхий дахинаа тархаж буй ардчиллын бууралтыг сөрөн зогсоох нь Швейцар Улсын хувьд нэн чухал юм. Монгол Улсад саяхан болсон парламентын сонгуулиар сонгогчдын оролцоо өндөр байж, сонгууль амжилттай болсон нь ардчиллын төлөөх иргэд, төрийн байгууллагуудын хүчин чармайлтыг тод илтгэн харууллаа. Бид улс төр, хууль эрх зүйн чиглэлээр идэвхтэй харилцаа өрнүүлж байгаагийн зэрэгцээ эрүүл мэнд, худалдаа, хүмүүнлэгийн салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн бид бусад салбарт хоёр болон олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр болсныг өнөөдөр Хамтарсан тунхаглалдаа тусгалаа. Швейцар, Монгол дэлхийн тавцанд олон асуудлаар ижил төстэй байр суурьтай. Тухайлбал, манай хоёр улс цаазын ялыг дэлхий дахинаа халахын төлөө байдаг. Энх тайван, аюулгүй байдлыг хангах нь Швейцар Улсын олон талт гадаад бодлогын нэг тулгуур нь юм.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Үүнтэй холбогдуулан энх тайван, тогтвортой байдлын төлөөх Монгол Улсын хүч чармайлт, ялангуяа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж  байна. Бид дэлхий дахины аюулгүй байдлын тогтолцооны талаар мөн ярилцлаа. Тухайлбал, энэ оны зургаадугаар сард Бүргеншток хотод болсон олон улсын бага хурлын дараа Украинд зүй ёсны, энх тайвныг тогтвортой цогцлоохын төлөө Швейцар Улсаас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Өнөөгийн нөхцөл байдалд энэ олон улсын бага хурал төсөөлж байсандаа хүрсэн. Үүний үр дүн нь асуудлыг урагшлуулахад чиглэсэн арга замыг эрэлхийлэхийг зорьсон. Швейцар Улсын хувьд байр суурь тодорхой бөгөөд хоёр талын оролцоог хангаж байж л энх тайвныг урт удаан хугацаанд цогцлоож чадна. Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх Швейцар, Монголын хүч чармайлтын талаар бид мөн ярилцлаа. Швейцар, Монгол хоёр улс газар зүйн хувьд алс хол хэдий ч ардчилсан үнэт зүйл, эрх зүйт ёс, олон улсын тавцан дахь хамтын хүч чармайлт биднийг ойртуулдаг. Бид энэхүү нөхөрлөлөө улам бүр бататгаж, ирээдүйн боломжоо үр дүнд хүргэхээ нотоллоо. Найрсаг зочломтгой хүлээн авч буй хүндэт Ерөнхийлөгч Танд талархал илэрхийлье. Манай хоёр улсын харилцааг түүчээлэн өргөжүүлэхдээ баяртай байна. 

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Чингис хаан үндэсний музейд зочиллоо

2024.08.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердын төрийн анхны айлчлал үргэлжилж байна. Хүндэт зочин Чингис хаан үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс эхлэн ХХ зууны эхэн хүртэлх хаад, монголын түүхийг өгүүлсэн үнэт үзмэрүүдийг үзэж  сонирхлоо. Мөн өнгөрсөн онд Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотноо 250 мянга гаруй хүнд толилуулсан Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэнг үзлээ. Энэ үзэсгэлэнг Луврын музей, Францын Үндэсний архив, Севрийн Үндэсний керамикийн музей, Чимэглэлийн урлагийн музей болон Швейцарын Рийтбергийн музейтэй хамтран гаргаж байгаа юм. Үзэсгэлэнг хоёр орны төрийн тэргүүний тохиролцсоны дагуу ирэх оны 2024.10 сараас 2026.03 сар хүртэл хугацаанд Швейцарын Цюрих хотын Рийтберг музейд дэлгэнэ. Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд мөн Чойжин ламын хийд музейд зочиллоо. Энэ хийдийг 1908 онд наймдугаар Богд Жавзандамба хутагт төрсөн дүү, олноо Чойжин лам хэмээн алдаршсан Лувсанхайдавтаа зориулан бүтээсэн түүхтэй. Хийдэд 1936 оныг хүртэл хурал ном хурж байсан бөгөөд 1941.11.13-ны өдрийн Ардын Бага Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар түүх, соёлын тэргүүн зэргийн дурсгал болгожээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердад бараалхлаа

2024.08.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр ббараахав. Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд тус айлчлал болж байгаагаараа онцлог юм. Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль амжилттай болсонд баяр хүргэж, ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог улам бэхжүүлэхэд амжилт хүсэв. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс нь манай хоёр орны харилцааг улам ойртуулж, бүх талын хамтын ажиллагаа бэхжиж байгаад баяртай байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийлэв гэжээ. 

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

2024.08.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердын 2024 оны 8 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв. Швейцарын талаас Төрийн тэргүүний түвшинд анх удаа хэрэгжсэн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар албан ёсны уулзалт хийж, хэвлэлд мэдээлэл хийжээ. Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжсэн төрийн айлчлалын үеэр Монгол-Швейцарын Хамтарсан тунхаглал, Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ардчилсан засаглалыг бэхжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой болов. Eрөнхийлөгч Виола Амхерд айлчлалаа өндөрлүүлэхээсээ өмнө монголын нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, эрийн гурван наадам, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхжээ.

Translate