12 сар 22, 2024

Монгол, Кубын хaрилцaa

-Монгол Улсын Ерөнхийлөгч Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцоно-

2023.09.12. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар 2023 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Хавана хотноо болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг сэдвийн хүрээнд болох дээд түвшний уулзалтад оролцож, шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудес-тай уулзаж, Монгол-Кубын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөж байна. Монгол Улс Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийг 2023 онд даргалж буй Бүгд Найрамдах Куба Улстай 1960 онд дипломат харилцаа тогтоож, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байна гэжээ. Монгол Улс, БНКУ 1960 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсад хүрэлцэн очив-

2023.09.15. Куба Улс. Хавана хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсад болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор тус улсад хүрэлцэн ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хавана хотын Хосе Марти олон улсын нисэх онгоцны буудалд  Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал, Бүгд Найрамдах Куба Улсын Аж үйлдвэрийн сайд Элои Алварез Мартинез нар угтан авав. Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэхдээ Латин Америкийн орнуудаас анх удаа Куба Улстай дипломат харилцаа тогтоосныг хэлээд, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгчтэй уулзав-

2023.09.15. Куба Улс. Хавана хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр тус улсын Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудезтай уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Куба Улс 77-гийн бүлгийг 2023 онд даргалж, шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлаарх дээд түвшний уулзалтыг зохион байгуулж буйд баяр хүргэв. Куба Улсын Засгийн газар олон жилийн турш монголын оюутан залууст олгож ирсэн тэтгэлгийг цаашид нэмэгдүүлэхээр болсныг Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудез хэлэв. Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа анагаах ухаан, биотехнологи, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, биеийн тамир, спорт зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар ярилцав. Тус улсын Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудез Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгыг талархан хүлээн авч, 2024 онд айлчилна гэдгээ илэрхийлэв.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Куба Улсад суралцдаг оюутнуудтай уулзав-

2023.09.15. Куба Улс. Хавана хот. Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Куба Улсад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсад суралцаж байгаа монгол оюутнуудтай уулзав. Өндөр боловсрол эзэмшин, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө эрдэм номд хичээнгүйлэн суралцахыг Ерөнхийлөгч оюутан залууст захиж, Монгол Улсын Засгийн газраас амьжиргааны зардлын хэмжээг энэ хичээлийн жилээс нэмж олгох болсныг хэлэв. 2023 оны байдлаар БНКУ-д 15 монгол иргэн ажиллаж, суралцаж байгаагийн 11 нь оюутан юм. Тэдгээрийн нэг нь Ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөр, бусад нь Засгийн газар хоорондын гэрээгээр сурч байна. 2022-2023 оны хичээлийн жилд Кубын Засгийн газраас анагаах ухааны чиглэлээр хоёр, эдийн засгийн чиглэлээр нэг оюутан суралцах хуваарь олгожээ.

-Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалт эхэллээ-

2023.09.16. Куба улс. Хавана хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудезийн урилгаар Хавана хотноо болж байгаа Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хавана олон улсын хурлын төвд хүрэлцэн ирэхэд БНКУ-ын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канель Бермудез угтан мэндчилэв. Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг сэдэвт дээд түвшний уулзалтыг БНКУ-ын Ерөнхийлөгч нээж үг хэллээ. Тэрбээр 77-гийн бүлэг нь НҮБ-ын гишүүн орнуудын гуравны хоёр, дэлхийн нийт хүн амын 80 хувийг төлөөлж байгааг хэлээд, энэ удаагийн уулзалт хүн төрөлхтөн хэдэн арван жилийн өмнө төсөөлж ч байгаагүй шинжлэх ухаан, технологийн ололтод хүрсэн цаг үед болж байгааг тэмдэглэв. Сүүлийн 30 жилд технологийн хурдацтай хөгжил явагдсан ч дэлхий даяар ядуурал нэмэгдэж, 2005 оноос хойш өлсгөлөн хамгийн дээд цэгтээ хүрснийг хэлэв. Тухайлбал хөгжиж буй орнуудад 80 сая гаруй хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй, 60 гаруй сая хүн цахилгаангүй. Буурай хөгжилтэй орнуудад хүн амын 36 хувь нь интернэт хэрэглэдэг бол аж үйлдвэржсэн орнуудын хүн амын 92 хувь нь интернэт хэрэглэж байгааг жишээ болгов. Бүгд Найрамдах Куба Улс хөгжиж буй орон боловч цар тахлын эсрэг вакцинаа өөрсдөө үйлдвэрлэсэн нь шинжлэх ухааны хөгжлөөрөө дутуу үнэлж болохгүй түвшинд хүрсний нэг илэрхийлэл гэдгийг хэллээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ойрын 10 жил шинжлэх ухаан, технологи, инновацын шинэ сэргэлтийн он жилүүд байх болно-

2023.09.16. Куба Улс. Хавана хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудезийн урилгаар Хавана хотноо болж байгаа Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг сэдэвт дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд дээрх чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Энэ удаагийн дээд түвшний уулзалтад дэлхийн 100 гаруй улсын төлөөлөгч, тэр дундаа олон арван орны төр, засгийн тэргүүн, дэд тэргүүн оролцож байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Мигель Диас-Канел Бермудез, Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Эрхэм хурлын дарга аа, Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн гишүүн улсуудын төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтыг амжилттай даргалж буй Бүгд Найрамдах Куба Улсын удирдагчид болон Кубын ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Хөгжлийн хурдасгуур болсон шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлыг хэлэлцэж буй энэхүү дээд түвшний уулзалтыг нарлаг Хавана хотноо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Эрхэм хүндэт хурлын дарга аа,

Улс үндэстнүүд бид үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, соёлын ялгаанаас үл хамааран эх дэлхийдээ бүгд эрх тэгш, амар амгалан амьдрах учиртай. Гэвч бидний дэвшүүлсэн хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах зарчим өнөөг хүртэл бүрэн биеллээ олж чадалгүй, улс орнуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл байдал харилцан адилгүй хэвээр байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад илүү хүндээр тусаж байгаа цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн зөрчил, санхүү болон өрийн асуудал, ядуурал, өлсгөлөн зэрэг хөгжлийн хурдыг сааруулсан сорилт, бэрхшээлүүдийг хамтдаа даван туулахын тулд НҮБ дахь хамгийн том бүлэг болох 77-гийн бүлэг эв санаагаа улам нэгтгэн, хамтын ажиллагаагаа илүү эрчимжүүлэх нь нэн чухал байна. Гэвч дэлхий нийтийн итгэлцэл, эв нэгдэл, хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжих хугацааны тал нь өнгөрөөд байхад бидний дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй талаар НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурджээ. Энэхүү дэлхий нийтийн хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс, үндэстнүүдийн тэгш байдлыг хангах, түүний дотор хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол арга хэрэгслүүдийн нэг нь шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх явдал юм.

Монгол Улс Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, инновацын тогтолцоог бүрдүүлэхээр тусгаж, ойрын 10 жилийг шинжлэх ухаан, технологи, инновацын шинэ сэргэлтийн он жилүүд байхаар төлөвлөн ажиллаж байна. Монгол улс сүүлийн жилүүдэд цахим шилжилтийг эрчимжүүлж, цахим хөгжлийн багц хуулиудыг батлан хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хялбаршуулан, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, авлига, хүнд суртлыг бууруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор E-Mongolia системийг улс орон даяар амжилттай нэвтрүүлсэн бөгөөд 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр байгуулан Цахим үндэстэн болохоор зорин ажиллаж байна. Мөн шинжлэх ухаан, технологийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, чадавхыг сайжруулах зорилгоор Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж, Шинжлэх ухаан, технологийн паркийг эрчимтэй хөгжүүлэхийг зорьж байна. Цаашид Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хуваалцах, инновацыг дэмжих, бүс нутгийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх зэргээр шинжлэх ухаан, технологийн салбарт бүлгийн гишүүн улсуудтай хамтран ажиллах сонирхолтой байна.

Эрхэм хурлын дарга аа,

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд шинжлэх ухаан, технологи, инновац, түүний дотор  мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, хэрэглээ нь дэлхийн зах зээлд нэвтрэх шинэ боломжуудыг нээхэд чухал үүрэгтэй юм. Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв нь далайд гарцгүй улсуудын алслагдмал байршлын сул талыг бууруулж, уялдаа холбоог сайжруулах, ялангуяа худалдаа, тээвэр, транзит, харилцаа холбоо, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдол бүхий олон асуудлаар бодлогын судалгааг өндөр түвшинд хийж гүйцэтгэснийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Энэхүү судалгааны төвийн шугамаар хөгжиж буй орнууд, түүний дотор далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжих судалгааны төслүүдийг Өмнөд-Өмнөдийн болон гуравласан хамтын ажиллагааны хөтөлбөрүүдтэй хамтран хэрэгжүүлэх нь тэдгээрийн үр өгөөж, цар хүрээ, ач холбогдлыг улам нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Эрхэм хурлын дарга аа,

Эх дэлхийн энх тайван, хүн төрөлхтний сайн сайхан, улс орнуудын тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилт зориулагдах учиртай. Нийтлэг боловч ялгаатай үүрэг хариуцлага хүлээх, хөгжлийн албан ёсны тусламж болон уур амьсгалын санхүүжилтэд авсан үүрэг амлалтаа биелүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацын төсөл, хөтөлбөрт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг хөгжиж буй орнуудын нөхцөл байдалд тохируулан хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлөөр шилжүүлэх зэрэг боломж нөхцөлийг бүрдүүлэхэд хөгжингүй улс орнууд болон хөгжиж буй орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нэн чухал юм. Хөгжиж буй орнуудын бүлэг дуу хоолойгоо нэгтгэн, ашиг сонирхлоо хамгаалах яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлж чадваас Умард ба Өрнөдийн орнуудын стратегийн түншлэл бэхжиж, мэдлэг, технологи, инновац хуваалцах үйл явц үр дүнтэй, эрчимтэй хэрэгжих нь дамжиггүй юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Бидний нийтлэг зорилго илтгэлийн хүрээнд хэлэлцэж буй Даян дэлхийн цахим гэрээ нь бүх нийтийн нээлттэй, ил тод, аюулгүй цахим орчныг бий болгоход чухал түлхэц болно гэж бид үзэж байна. Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний энэхүү уулзалтын үр дүн хөгжиж буй орнуудын хөгжлийг тэтгэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд шинжлэх, ухаан, технологи, инновацын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа гэлээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын удирдагч асан Раул Кастро Рустай уулзлаа-

2023.09.17. Куба улс. Хавана хот. Бүгд Найрамдах Куба Улсад Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Кубын удирдагч асан Раул Кастро Рустай уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч түүний 1970 онд манай улсад айлчлах үеэр татуулсан гэрэл зургийг дурсгахад тэрбээр Монголд өнгөрүүлсэн мөчүүдээ дурсан элэгсэг дотно яриа өрнүүлэв. Тэрбээр ирэх онд Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудез Монгол Улсад айлчлах гэж байгаа тухай хэлж, боломж тохиовол Монгол Улсад дахин зочлох хүсэлтэй явдгаа илэрхийллээ.