12 сар 4, 2024

Mонгол, Словенийн харилцаа

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

2022.09.23. AНУ. Нью-Йорк хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахортай уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын эхэнд Монгол, Словенийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн босгон дээр уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. Талууд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, ойн менежмент зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

2023.09.22. АНУ. Нью-Йорк хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Мусартай уулзлаа. Талууд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ хүрээнд худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн олон талт хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд илгээх цэргийн баг бүрэлдэхүүний чадавхыг бэхжүүлэх, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтрах талаар ярилцав. Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг сахиулах болон Олон улсын цэргийн ажиллагаанд 20 гаруй мянган цэргийн алба хаагчаа илгээсний 900 гаруй нь эмэгтэйчүүд юм. НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудын дунд энхийг сахиулагч эмэгтэйчүүдийнхээ тоогоор 20 дугаарт эрэмбэлэгддэг.  Эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог 15 хувьд хүргэх НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын уриалгыг Монгол Улс дэмжиж,  2027 он гэхэд цэргийн багийн бие бүрэлдэхүүний 15, бие даан үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний 25 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчаар бүрдүүлэх юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг энэ жил хамтран тэмдэглэж байна.

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2024.08.14. Монгол Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах .Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, 08 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Хүндэт зочноор оролцоно. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарч ажиллах талаар ярилцана. Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Монгол-Словений Хамтарсан тунхаглал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг тээвэр, аялал жуулчлал, ойн салбарт гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хэрэгжих Төрийн айлчлал нь Словени Улсын Ерөнхийлөгчийн түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм.

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024.08.20. Монгол Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусарын хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусар болон дагалдан яваа төлөөлөгчдийг  Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд, Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аленка Сухадольник нар угтаж авлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно. Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар төрийн айлчлалынхаа хүрээнд Ой тогтвортой байдал, эмэгтэйчүүд хөтөлбөр, бизнес форум, Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэгт оролцохоор төлөвлөж байна.

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2024.08.20. Монгол Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа П.Мусар, нөхөр Др. Алеш Мусар нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Др.Наташа П.Мусар Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Словени Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Др. Наташа П.Мусар Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана. Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд Монгол-Словенийн Хамтарсан тунхаглал, аялал жуулчлал, ой зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2024.08.20. Монгол Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Төрийн тэргүүн нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан 30 жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны ололтоо бататгаж, улс орны хөгжил дэвшил, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулах талаар ярилцлаа. Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, Хүнсний хангамж, аюулгүй байдал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол, Словенийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа  

2024.08.20. Монгол Улс.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Словенийн Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа.

  • МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ

Төрийн тэргүүн нар энх тайван, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг цогцлоох, уур амьсгалын зохистой байдал, хүн бүрийн эрхийг хангах, тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, цөлжилттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн бүх салбарт жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжихэд чиглэсэн олон улсын хүч чармайлтад хувь нэмрээ оруулах санал, санаачилгыг дэмжиж байгаагаа нотоллоо.Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, “Гуравдагч хөрш”-ийн бодлого болон Бүгд Найрамдах Словени Улсын энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэл, хоёр талын сайн харилцаа, НҮБ төвтэй  олон талт тогтолцооны төлөөх хүчин чармайлтыг уялдуулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.

  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ

Хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, олон улсад өрсөлдөх чадвар бүхий тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, боломжийг эрэлхийлсэн хамтарсан судалгаа хийх, аялал жуулчлалын маркетинг, сурталчилгааг эрчимжүүлэх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалийн баялаг, соёлын өвийг хамгаалах чиглэлээр хамтарна.

  • АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ АСУУДЛААРХ ЭРМЭЛЗЛИЙН ЗАХИДАЛ

Нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэх, иргэд, аж ахуйн нэгжийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжих ач холбогдолтой. Талууд ойрын хугацаанд Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, хэрэгжүүлж  эхлэхээр  тохиролцлоо.

  • ОЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ОЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ОЙН АЛБА, ОЙН ХҮРЭЭЛЭН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг өрнүүлж, ойн аж ахуй, ойн тогтвортой менежментийг хөгжүүлнэ. Цөлжилт, хөрсний доройтол, элэгдэлтэй тэмцэх зорилгоор мод тарих, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцох, агро-ойн аж ахуйн шилдэг технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, ойг эдийн засаг, аялал жуулчлал, нийгэм, соёлын салбарын зориулалтаар ашиглах нөөц, боломжийг бүрдүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмэр оруулна.

  • МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ БОЛОН СЛОВЕНИЙН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

Хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес уулзалт, форум зохион байгуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжинэ. Гарааны бизнес, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжиж, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэн, бизнесүүдэд зөвлөгөө, зөвлөмж өгч,  хамтарсан бизнес уулзалт болон бусад арга хэмжээ зохион байгуулж, бизнес эрхлэгчдийг холбоно.

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ

2024.08.20. Монгол Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө. Монгол, Словени хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж буй төрийн анхны айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт талууд санал нэгдлээ. Төрийн тэргүүн нар Монгол-Словенийн Хамтарсан тунхаглал болон аялал жуулчлал, ойн салбарт хамтран ажиллах тухай баримт гарын үсэг зурсныг зарлалаа. Талууд харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөө хамтын хүч чармайлт гаргаж ажиллахаа нотоллоо. Хоёр улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Энд цугларсан хэвлэлийн төлөөлөгчид өө,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улс, Словени Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Наташа Мусар төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны энэ айлчлал Словени Улсын төрийн тэргүүний манай улсад хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг та бид хамтдаа нээж байна. Бүгд Найрамдах Словени Улсыг бид гуравдагч хөрш, Европ дахь чухал түншүүдийн нэг гэж үздэг бөгөөд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлд тулгуурлан өргөжин хөгжиж байна. Айлчлалын үеэр бид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөжтэй харилцааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Бидний яриа хэлэлцээний үр дүнд “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”, “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг”, “Ойн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Мөн “Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар эцэслэн тохиролцлоо. Эдгээр баримт бичиг нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын чиглэл, замын зураглалыг тодорхойлж, хоёр орны харилцааг бүхий л салбарт бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Энэ удаагийн төрийн айлчлал нь худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, зам тээвэр, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна. Мөн хүрээлэн буй орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь манай хоёр орны Дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх тэргүүлэх зорилтуудын нэг. Энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Словени Улсын “Крка” эмийн бүтээгдэхүүн манай зах зээлд нэгэнтээ танигдсан, цаашид энэ чиглэлийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өргөн боломж байна. Монгол, Словенийн бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо. Улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах нь манай хоёр орны нийтлэг зорилт бөгөөд энэ зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд хамтын хүчин чармайлт гаргах нь чухал гэдэгтэй санал нэгдлээ. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч та манай сайхан оронд төрийн айлчлал хийхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо болж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д хүндэт зочноор оролцох болсонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Манай хоёр улс нийтлэг зорилт, гадаад бодлогын ижил төстэй байр сууриа бататгаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхээ нотоллоо. Цаашид харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхжиж, эдийн засгийн агуулгаар баяжин, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон Словени Улсын даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, бодлогыг харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байна. Та бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө үр дүнтэй биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Наташа Мусар таныг болон эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхнийг мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай сайхан морилохыг хүсье”.

БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДР. НАТАША ПИРЦ МУСАР:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө,
Словени Улс 31 жилийн өмнө буюу 1993 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд эрхэм хүндэт Ерөнхийлөгчийн найрсаг урилгыг хүлээн авч, танай сайхан оронд хүрэлцэн ирсэндээ баяртай байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр 2024-2025 онд ажиллахаар Словени Улс нэрээ дэвшүүлж, бэлтгэлээ хангаж байх үеэр бид хоёр талын улс төрийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн. Монгол Улсын Гадаад харилцааны сайд 2023 оны 05 дугаар сард Словени Улсад айлчилж, “Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенц”-ыг баталсан дипломат бага хуралд оролцож байсан. Словени болон Монгол Улс нэгдмэл олон зорилго, хүсэл эрмэлзэлтэй. Манай хоёр улс ардчилал, эрх зүйт ёс, хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг. Бид мөн олон талт хамтын ажиллагааг тууштай дэмжиж, эмэгтэйчүүдийн эрх, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын хууль дээдлэх, тогтвортой хөгжлийг хангах зэрэг олон улсын харилцааны ижил төстэй бодлогыг хэрэгжүүлдэг. Монгол, Словени Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх олон улсын гэрээ санаачлагч улсууд юм. Манай хоёр улс уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, бүс нутаг, олон улсын геополитикийн өөрчлөлтөөс улбаатай нийтлэг олон сорилттой тулгарч байна. Монгол Улс өнгөрсөн өвөл сүүлийн жилүүдэд тохиож байгаагүй хүндрэлтэй тулгарсан бол Словени Улс мөн үерийн гамшигт нэрвэгдсэн. Чиг бодлого нэгтэй улсуудын нягт хамтын ажиллагаа, эв нэгдэл, дипломат хүч чармайлт нэн чухал гэдгийг эдгээр сорилт харуулж байна. Словени Улс ойн аж ахуйн тогтвортой менежментийн чиглэлээр мэдлэг, туршлагаа Монгол Улстай хуваалцаж байгаад баяртай байна. Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх төсөл нь Словени Улсын дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Төслийн үр дүнд ойн аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн анхны холбоо Монголд байгуулагдлаа. Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах сургалтыг Словени Улс 2023 онд Монголын энхийг сахиулагчдад явуулсан. Үүнийг монголын энхийг сахиулагчид сайшаасан. Энэ төслийг Словени Улсын Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төв хэрэгжүүлсэн бөгөөд жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төслийг Европт хэрэгжүүлэхээр сонгогдоод байна. Жендерийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн нийгмийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улс манлайлан ажиллаж байгааг Словени Улс гүнээ талархан сайшааж буйг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Мөн Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж буйг бид сайшааж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч, чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож байгаадаа туйлын баяртай байна. Энэ арга хэмжээ нь нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог тодотгох, тулгарч буй сорилтыг шийдвэрлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлаар яриа хэлцэл хийх чухал талбар болж байна. Словени Улс хүний эрхийн асуудалд онцгой ач холбогдол өгдөг. Эмэгтэйчүүдийн эрхийг хангах асуудал олон улсын талбарт хэрэгжүүлж буй бидний тэргүүлэх чиглэлийн нэг юм. Энэ чуулга уулзалт үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг олгож, жижиг мэт боловч илүү сайхан ирээдүйг цогцлооход нэн чухал алхмуудыг хийж буй бөгөөд нээлтийн хуралдаанд хүндэт зочноор оролцох нь нэн өндөр хүндэтгэл юм. Словени, Монгол хоорондын худалдаа, эдийн засгийн хэмжээ харьцангуй бага боловч төрийн айлчлалын үеэр зохиох бизнес форум цаашид өргөжүүлэх, тэлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлийн үүд хаалгыг нээх чухал боломжийг бүрдүүлж байна. Энэ форум эм, эмийн бүтээгдэхүүн, ухаалаг хөдөө аж ахуй, хүнс тэжээл, цахим хөгжил, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах боломжийг олгох юм. Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Словени Улсын Эдийн засаг, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хоорондын санамж бичиг” байгууллаа. Энэ айлчлал нь улс төр, эдийн засгийн агуулгаас гадна соёлын дипломат ажиллагааг эрчимжүүлнэ. Словенийн гэрэл зурагчин Матяж Танчичийн “Эх дэлхийг хамгаалагчид” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн тухай, тэд байгальтай хэрхэн харилцан шүтэлцээтэй байдгийг харуулна. Монгол Улс гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд Словени Улс болон Европын Холбооны гишүүн бусад оронтой нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаад талархаж байна. Европын Холбоо, Монгол Улс 2013 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг эрчимтэй хэрэгжүүлэхийг Словени Улс дэмжиж байна. Хөгжил дэвшил, ардчиллын зарчмуудаа хамгаалахын төлөөх Монгол Улсын ард иргэдийн тууштай зорилтыг Европын Холбоо сайшааж байгаа бөгөөд эрх зүйт ёсыг эрхэмлэсэн Монгол Улсын засаглалыг бэхжүүлэхийг дэмжинэ. Улаанбаатарын яриа хэлэлцээ болон Зүүн хойд Азид тогтвортой байдлыг хангахын төлөөх Монгол Улсын хүч чармайлт, яриа хэлэлцээг Словени Улс хүндэтгэн дэмжиж байна. Словени Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний хувьд яриа хэлэлцээ, итгэлцлийг бэхжүүлэх, олон улсын хууль эрх зүйг эрхэмлэдэг улс орнуудтай хамтран ажиллахыг илүү чухалчилж байна. Солонгосын хойг болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдалд санаа зовниж байна. БНАСАУ, ОХУ хоорондын цэргийн хамтын ажиллагаа аль аль бүс нутагт нөлөө үзүүлнэ гэдэгт Словени болон Европын Холбоо мөн санаа зовниж байна. Бүс нутагт төдийгүй, илүү өргөн хүрээнд сөрөг үр дагавартай байж болзошгүй бүс нутгийн тогтворгүй байдлаас урьдчилан сэргийлэхийн төлөө бид хамтран ажиллах нь чухал байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч тантай хамт гарын үсэг зурсан “Словени, Монголын Хамтарсан тунхаглал”-аар найрсаг харилцааг улам бүр бэхжүүлж, харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх үүрэг, амлалтаа бид бататгалаа. Нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдлыг хангахад бид онцгой анхаарч, бидний өмнө тулгарч буй, цаашид ч тулгарах олон сорилттой уялдуулан хамтран ажиллах болно. Манай хоёр улс алс хол оршдог хэдий ч нийтлэг төстэй зүйл олон бий. Словеничууд, монголчууд бид хосгүй морьдоо эрхэмлэн дээдэлдэг. Дэгжин бөгөөд эрхэмсэг төрхтэй Липиззан адуу нь Словенийн Карст нутгаас гаралтай. Монголчууд тэсвэр хатуужилтай, хурдан морьдоороо бахархаж, энэ хүлгээрээ Словенийн өнөөгийн хил хязгаар хүртэл давхиж байжээ.Англи хэлээр LOVE буюу “хайр” гэсэн үгийг нэрдээ агуулсан СЛОВЕниа, урагшлах буюу “GO” үгийг агуулсан МонГолиа аль аль нь тогтвортой хөгжил, байгаль хамгааллыг уриалж байна.  Манай хоёр ард түмнийг нэгтгэж буй олон зүйл байгаа бөгөөд хоёр орны хөгжил дэвшлийн төлөө хамтын ажиллагаагаа олон чиглэлд улам бэхжүүлнэ гэдэгт итгэл төгс байна”.