12 сар 19, 2024

Mонгол, Aмерикийн харилцаа

Mонгол, Америкийн харилцаа

1911 оноос өмнө барагцаалбал 200 жилийн хугацаанд өнөөгийн Монгол үндэстэн нь Хятадын Эзэнт Гүрний газар нутгийн хүрээлэлд харъяалагддаг байв. Энэхүү эзэнт гүрэн задран бутарсны дараа эх оронч Монголчуудын бүлгэм Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар 1924 онд бүгд найрамдах улсаа зарлан тунхаглажээ. Монголчууд 1945 оны 10-р сард тусгаар тогтнолоо бүх ард түмний санал хураалтаар баталгаажуулсан боловч, Зөвлөлт Холбоот Улстай ойр дотно байсан учраас Монгол улс болон Америкийн Нэгдсэн Улсын хоорондын харилцаа хөгжихөд удаашралтай байв. Америкийн Нэгдсэн Улс нь 1987 оны 1-р сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хараат бус байдлыг хүлээн зөвшөөрч хоёр улс хамтын мэдэгдэл хийснээр албан ёсны дипломат харилцаа тогтоожээ. Үүнээс өмнө Америкийн Нэгдсэн Улс Ерөнхийлөгч Кеннеди, Жонсон, Никсон болон Картерын эрх барьж байх үед дотоодын уулзалт хэлэлцүүлэг болон Монгол улсын элч төлөөлөгчидтэй албан бус ярилцлагаар дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх талаар хэд хэдэн удаа хэлэлцсэн боловч бүтээгүй юм. Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсыг 1961 онд НҮБ-д элсэхэд хаалт тавиагүй(Америкийн Нэгдсэн Улс санал өгөхөөс түдгэлзсэн) бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон хэд хэдэн олон талт олон улсын гэрээнд гарын үсэг зурж байсан ч, эдгээр арга хэмжээ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд хангалтгүй байлаа гэж АНУ-ын Элчин сайдын яамныхан өгүүлдэг юм.

Mонгол, Aмерикийн түүх

  • 1944 АНУ-ын Дэд ерөнхийлөгч Хэнри Уоллас Монгол Улсад айлчлав.
  • 1988 VI сард Улаанбаатар хотноо АНУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэв.
  • 1989 III сард Вашингтон хотноо Монгол Улсын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэв.
  • 1990 VIII сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад айлчлав.
  • 1991 VII сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад хоёр дахь удаагийн айлчлал хийв.
  • 1991 Улаанбаатар хотноо Энх тайвны корпус нээгдэж, VII сарын 3-нд Энх тайвны корпусын анхны ээлжийн сайн дурын 21 ажилтан Монгол Улсад ирэв.
  • 1991 АНУ-ын Элчин сайдын яам Сэлбэ голын дэргэдэх одоогийн байрандаа нүүж оров.
  • 1991 XII сард анхны USAID хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж эхлэв.
  • 1995 Тэргүүн хатагтай Хилари Клинтон Монгол Улсад айлчлав.
  • 1998 V сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Маделин Албрайт Монгол Улсад айлчлав.
  • 2004 Улаанбаатар хотноо Америкийн соёл мэдээллийн төв үүдээ нээв.
  • 2005 XI сард Ерөнхийлөгч Жорж Буш, тэргүүн хатагтай Лора Буш, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райсийн хамт Монгол Улсад айлчлав.
  • 2011 VIII сард Дэд ерөнхийлөгч Жоу Байден Монгол Улсад айлчлав.
  • 2012 VII сард ТНБД Хилари Родхам Клинтон Монгол Улсад айлчлав.
  • 2013 VIII сард АНУ-ын Сенатийн гишүүн МакКэйн АНУ-ын Конгрессийн төлөөллийг ахлан Монгол Улсад айлчлав.
  • 2016 АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй ЛИЙД (Ардчиллыг Бэхжүүлэгч Залуу Манлайлагчид) хөтөлбөрт анхны оролцогчид хамрагдлаа.
  • 2017 АНУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.
  • 2018 Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Вашингтон хотод айлчилж, Дэд ерөнхийлөгч Майк Пенстэй уулзав.
  • 2018 ТНБД Майкл Помпео Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамтаар Улаанбаатарын цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх Мянганы Сорилтын Сангийн 350 сая ам. долларын хоёр дахь компакт гэрээнд гарын зурав.
  • 2019 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Mонгол Улсын Ерөнхий сайд нарын хамтран тунхагласан АНУ-МУ-ын Залуучуудын Жилд хоёр улсын залуу үеийн харилцааг иргэний оролцоо, соёл боловсролын хөтөлбөрүүдээр онцлон тэмдэглэв.
  • 2019 VIII сард АНУ-ын Батлан хамгаалахын сайд гадаад дахь анхны албан айлчлалаа Монгол Улсад хийв.
  • 2024 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Mонгол Улсад айлчилж, Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзав

AНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2014.12.13. Mонгол Улс. Улаанбаатар хот. Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед УИХ-д суудалтай улс төрийн намууд зөвшилцөж, хамтарсан Засгийн газар байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрснээр шинэ Засгийн газар байгуулагдан ажиллаж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ. Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгмийг сонгосон үеэс  бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн АНУ-ын ард түмэн, Засгийн газарт талархалтай ханддаг. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж байна гэж Шадар сайд хэллээ. АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсний нэг нь Мянганы сорилтын сангийн хөтөлбөр гэдгийг онцлоод тус хөтөлбөрийн хоёр дахь шатны гэрээг дахин хэрэгжүүлэх болсонд баяртай байна гэлээ. Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл Шадар сайдыг хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд АНУ-ын Засгийн газар Монгол Улсын үе үеийн Засгийн газартай хамтран ажилласан уламжлалтай бөгөөд шинээр байгуулагдсан Засгийн газартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

АНУ-ын Элчин сайдтай уулзлаа

2016.09.27. Mонгол Улc. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Галтыг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол зэрэг салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд У.Хүрэлсүх илэрхийллээ. Ялангуяа   батлан хамгаалах салбар, түүний дотор энхийг сахиулах хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг гэдгийг онцолж, Говийн чоно олон улсын хамтарсан сургалтыг амжилттай зохион байгуулж ирснийг тэмдэглэв. Монгол Улс нь АНУ зэрэг гуравдагч хөршийн эдийн засгийн сонирхлыг бий болгох сонирхолтой, энэ чиглэлээр АНУ-ын талтай идэвхтэй хамтран ажиллана. Мянганы сорилтын корпорацийн хоёрдахь Компакт гэрээ байгуулахад Монголын тал ач холбогдол өгч байгаа гэв. Энх тайвны корпусын сайн дурынхан Монгол Улсад ирж ажиллаж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Өнгөрсөн хугацаанд сайн дурынхан манай орны өнцөг булан бүрт англи хэл, эрүүл мэнд, боловсрол болон хөгжлийг дэмжих чиглэлээр хүчин зүтгэж ирсэнд талархал илэрхийлэв. Цаашид хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, хүнс, өндөр технологи бүхий аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулж, томоохон төслүүдэд хамтран ажиллахыг Шадар сайд санал болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2017.10.27. Mонгол Улc. Улaaнбaaтaр хот. Эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Ж.Гаалтыг хүлээн авч уулзлаа. Шадар сайдын хувиар Элчин сайд Ж.Гаалттай нягт хамтран ажиллаж байсандаа сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байна гэв. Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахыг АНУ тууштай дэмжиж, шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлж, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө байна гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх нотлов. Бүрэн эрхийн 2.5 жилийн хугацаанд улсаа хүнс экспортлогч орон болох суурийг тавих, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг олон асуудлыг шийдэхийг зорьж байгаа бөгөөд АНУ-ын тал дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд Ж.Гаалт баяр хүргээд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын мэндчилгээг гардууллаа. Өнгөрсөн хугацаанд АНУ нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бол одоо эдийн засгийн хамтын ажиллагаанд голлон анхаарч байгааг Элчин сайд тэмдэглэв. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь Монгол Улс эдийн засгаа сэргээн тогтворжуулах, өсгөх боломж гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаад Элчин сайд талархаад цаашид инженерийн ротын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэв. Мөн Улаанбаатар хотын усан хангамжийн системийг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд АНУ хамтран  ажиллана гэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ дахь албан ёсны айлчлал эхэллээ

2018.09.19. АНУ. Цагаан ордон. Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй Цагаан ордонд уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож ярилцав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Америк хоёр нь ардчилал, хууль ёсыг дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэх зэрэг нийтлэг үнэт зүйлтэйг онцолж, дипломат харилцаа тогтоосноос хойшхи 30 гаруй жилд Монгол, Америкийн харилцаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Монгол оронд өрнөсөн ардчилал, эрх, эрх чөлөөний төлөөх ард түмний хүсэл эрмэлзлийг АНУ-ын үе үеийн засаг захиргаа, ард түмэн тууштай дэмжиж, чөлөөт зах зээлийн харилцаанд шилжих хүнд үеийг даван туулахад дэмжиж, тусалж байсан ачийг монголын ард түмэн ямагт санаж явдгийг Дэд Ерөнхийлөгчид хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотны түнш орон болохыг нотлохын сацуу манай хоёр орны цэрэг, энхийг сахиулагчид дэлхий дахин, бүс нутгийн аюулгүй байдлын төлөө мөр зэрэгцэн хамтдаа зүтгэж байгааг тэмдэглэв. Уулзалтаар талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, харилцааг стратегийн түвшинд хүргэхийг зорьж байгаагаа нотолж, энэ зорилгын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн түвшин рүү ахиулж байгааг нотолж, “Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг тохиролцов. Замын зураглалыг хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засгаа төрөлжүүлэх зорилтын чухал хэсэг бөгөөд АНУ-тай хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх юм. Мөн Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх боломжийг эрэлхийлэн, АНУ-ын Конгрессын зарим гишүүн энэ тухай хуулийн төслийг санаачлан Конгресст өргөн бариад байгаа билээ.Монгол Улсын Засгийн газрын АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Компакт гэрээ нь монголын ард түмний аж амьдрал, эдийн засгийн өсөлт, улмаар хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж, АНУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Ерөнхий сайд Америкийн Өмнөд хэсгийн зарим муж далайн хар шуурганд өртөж, хүний амь эрсдэн, эд материалын хохирол учирсан явдалд Засгийн газар, монголын ард түмний нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлж, тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдэв. Дэд Ерөнхийлөгч М.Пэнс Флоренс хар шуурганд өртөгсдөд Монголын Засгийн газар, ард түмнээс сэтгэлийн дэм үзүүлж байгаад талархал илэрхийлж, Монголтой байгуулсан Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ нь АНУ-ын Засаг захиргаа Монгол Улстай явуулж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл болохыг онцлов. М.Пэнс Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Афганистан дахь үүргээ нэр хүндтэй гүйцэтгэж байгаад баяр хүргэв. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг Монгол Улс дэмжиж ирснийг тэмдэглэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэд Ерөнхийлөгч М.Пенсийг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урив. Уулзалтад AНУ-ын талаас Ерөнхийлөгч Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон, Дэд Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Дэслэгч генерал К.Келлог, Тамгын газрын дарга Н.Айерс, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийг хариуцсан Ахлах захирал М.Поттинжир, Дэд Ерөнхийлөгчийн ажлын албаны Азийг хариуцсан зөвлөх Н.Снайдер нар байлцав. Уулзалт яриа найрсаг, дотно уур амьсгалд болж өндөрлөв.

АНУ, МУ-ын Засгийн газар МУ-д тулгамдаад буй хэрэглээний усны нөөцийн асуудлыг шийдвэрлэх 350 сая ам.долларын Усны компакт гэрээнд гарын үсэг зурав

2018.09.20. АНУ. Вашингтон хот. АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга бөгөөд Мянганы Сорилтын Корпорацийн Удирдах Зөвлөлийн Дарга Майкл Помпео болон Монгол Улсын Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүх Монгол улсад хэрэгжүүлэх нийт 350 сая ам долларын өртөг бүхий Мянганы Сорилтын Корпорацийн ээлжит шинэ гэрээ болох Усны Компакт Гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан Тунхаг Бичигт гарын үсэг зурав. Бид бүхэн өнөөдөр Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс хоорондын түүхэн түншлэл бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдол бүхий Монгол улсад хэрэгжүүлэх Усны Компакт Гэрээнд гарын үсэг зурж байгаадаа баяртай байна гэж Мянганы Сорилтын Корпорацийн Гүйцэтгэх Захирлын үүрэг гүйцэтгэгч Брок Биерман мэдэгдэв. Тэрээр, Энэ удаа Мянганы Сорилтын Корпораци нь нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэж, цаашид эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахуйц засгийн газрын чадавхийг бэхжүүлэх зорилготой институцийн болон бодлогын шинэчлэлийг эхлүүлэхээр Монгол Улсын Засгийн Газартай түншилж хамтарч ажиллах болсондоо таатай байна гэж хэлэв. Мянганы Сорилтын Корпораци болон Монголын ард түмний хоорондын харилцаа нь 2007 онд Монгол улсад хэрэгжүүлсэн 285 сая ам долларын анхны Компакт Гэрээнд гарын үсэг зурснаас хойш 10 гаруй жилийн нүүр үзжээ. Энэхүү анхдагч Компакт Гэрээ нь дэд бүтэц болон тээвэрлэлт, эрүүл мэнд, эрчим хүч, газрын эрхийг хамгаалах шинэчлэл зэрэг бусад төслүүдээр дамжуулан Монгол улсын эдийн засгийг дэмжихэд төвлөрсөн бөгөөд нийт 2 сая гаруй иргэнд үр ашгаа өгсөн гэж үздэг. Энэхүү түүхэн хамтын ажиллагаа, түншлэл болон нээлттэй зах зээл, ардчиллын төлөөх хоёр орны нийтлэг үнэт зүйлс дээр үндэслэсэн Монгол улсад хэрэгжүүлэх ээлжит шинэ Компакт Гэрээ нь зон олны туйлын чухал хэрэгцээ болох усны хүртээмжийн асуудлыг хөндөж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. 10 жил хүрэхгүй хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хүн ам, түүнийг дагаад усны хэрэгцээ нь ойролцоогоор гурав дахин өссөн үзүүлэлттэй байна. Мянганы Сорилтын Корпорацийн статистик мэдээллээс үзвэл, 2019 он гэхэд нийслэл хотын усны хэрэгцээ нь нийлүүлэлтээсээ хол давах төлөвтэй байна. Монгол улсад хэрэгжүүлэх Мянганы Сорилтын Корпорацийн Усны Компакт Гэрээ нь дэд бүтцийн чадавхийг дэмжиж, зохицуулалтын шинэчлэлийг тогтвортой байдлаар эхлүүлж, усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлснээр Монгол улсад нүүрлэж буй эдийн засгийн хямралын асуудлыг хөндөх болно. Энэхүү хөрөнгө оруулалт нь төрийн зүгээс хувийн хэвшлийнхэн манлайлсан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд тус дөхөм үзүүлнэ. Мянганы Сорилтын Корпораци 350 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн Газар өөрсдөө 111.8 сая ам доллар зарцуулах амлалт авч байгаа нь Мянганы Сорилтын Корпорацийн түүхэнд түншлэгч орон маш чухал хариуцлага хүлээж буй тохиолдол юм. Мянганы Сорилтын Корпораци нь эдийн засгийн өсөлтөөр дамжуулан дэлхий дахинд нүүрлэж буй ядуурлыг бууруулахын төлөө ажилладаг АНУ-ын Засгийн Газрын хараат бус агентлаг юм. 2004 онд байгуулагдсан Мянганы Сорилтын Корпораци нь авлигатай тэмцэхээс авахуулаад ардчилсан эрхүүдийг эрхэмлэн дээдлэх зэрэг асуудлуудыг хөндөх хүртэл сайн засаглалын дээд зэргийн стандарт, хэм хэмжээг хангасан доогуур орлого бүхий улс орнуудад хугацаатай санхүүжилт олгодог ажээ.

AНУ-д оршин суугаа Mонгол иргэдтэй уулзав

2018.09.20.АНУ. Цагаан ордон. Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариу өгөв. Тэрээр энэ удаагийн АНУ-д хийж буй айлчлалын дүнгээр хоёр талын харилцаа шинэ шатанд гарч, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг онцолж,  Монгол, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг тохирч хэрэгжүүлэхээр болсныг мэдээлэв. Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас хилийн чанадад аж төрж буй буй иргэдээ хамгаалах, тэдэндээ шаардлагатай үед тусалж дэмжих зэрэг авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулж, АНУ-д манай иргэд зорчих, оршин суух таатай эрх зүйн орчинг бүрдүүлэхэд зарим ахиц гарч,  монгол иргэд АНУ-д H2A, H2B визээр хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргуулсныг онцлон тэмдэглэв. Энэхүү уулзалтад АНУ-ын Вашингтон ДиСи орчмын Монголчуудын холбоо, Монгол соёлын төв ТББ,  Вашингтон хот дахь Монгол сургууль, Соёл төв зэрэг монголчуудын үүсгэл санаачилгын байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид зэрэг 150 гаруй иргэн оролцов. Өнөөдрийн байдлаар АНУ-д 30 гаруй мянган монгол иргэн оршин сууж байна. 1999-2017 онд  манай улсын 160 гаруй мянган иргэн АНУ-д зорчсон бөгөөд жилд дунджаар 10 гаруй мянган монгол иргэн АНУ-д зорчиж байна.

ОЁМОЛ, СҮЛЖМЭЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АМЕРИКИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАТВАРГҮЙ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР СЕНАТАД ТАНИЛЦУУЛАХАД ОРОЛЦОНО ГЭВ

2018.09.24. АНУ. АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүн ноён Дан Салливантай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Ерөнхий сайд түүнтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд түүний Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлал  амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй хийсэн яриа хэлэлцээний үр дүнд хоёр талын харилцаа шат ахиж, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч байгааг зарласныг тэмдэглэж, улмаар хоёр тал эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн тэлэх замын зураглалыг тохирсныг мэдээлэв. Мөн Мянганы сорилтын корпорацитай байгуулсан 350 сая ам.долларын буцалтгүй тусламж нь Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох усны хангамжийг сайжруулах төсөлд зориулагдаж байгааг дурдаж, төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлын талаар ярив. Сенатор Дан Салливан Монгол, Америкийн найрсаг сайн харилцаа харилцан итгэлцсэн уур амьсгалд өргөжин тэлж байгаад баяртай байна гээд Монгол, Америк цэргүүд Афганистанд хамтдаа алба хааж, дэлхий дахин болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байгааг сайшаан тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрээр АНУ-ын Конгресст өргөн барьсан Монголын ноолууран, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг Сенатад танилцуулахад хамтран зохиогчоор оролцож, дэмжиж ажиллахаа мэдэгдэв. Мөн Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс Хойд, Өмнөд Каролина мужид тохиолдсон далайн шуурганд нэрвэгдсэн  хүмүүст зориулж чин сэтгэлийн тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн талууд хоёр орны иргэдийн хэлхээ холбоо гүнзгийрэн хөгжиж байгааг сайшаан, дэмжиж ажиллахын чухлыг тэмдэглэж, үүнд ялангуяа АНУ-ын сайн дурынхны оруулж буй хувь нэмэр их байгааг онцлов.

Хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн боломж байна

2018.09.28. АНУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ дахь айлчлалынхаа үеэр тус улсын удирдагчидтай уулзав.Дэд ерөнхийлөгч Майк Пэнс: Монгол Улсын зэвсэгт хүчин Афганистанд “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болсонд баяртай байна. Хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын маш өргөн боломж байна. Флоренс хар салхины уршгаар орон гэргүй болсон, хохирол амссан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс эд материалын туслалцаа үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео: Монголд Америкийн бизнесүүд хөрөнгө оруулах сонирхол их байгаа. Ил тод, тогтвортой байдал чухал. Монголын зэвсэгт хүчин Афганистанд гүйцэтгэж буй албыг үргэлжлүүлэх тухай танай шийдвэрт талархал илэрхийлье. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай танай улсын дэмжлэгт талархаж байна. Сенатын танхимын гишүүн Дан Салливан: Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг дэмжиж байгаа. Би энэ хуулийн төслийг Сенатад танилцуулагдахад нь бүрэн дэмжинэ.Ерөнхийлөгч Доналд Трамп: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нью-Йорк хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай санал солилцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр орны харилцаа шинэ шатанд гарсанд талархалтай байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол орны тухай, монголын соёл уламжлалын талаар сонирхон асууж ярилцсан байна. Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким: Монгол Улсад эдийн засгийн олон эерэг үр дагаврууд гарч байгаа болон Гадаад, дотоод хөрөнгө оруулалт өссөн, экспорт нэмэгдэж байгаад баяртай байна. Улс төрийн хувьд дарамт их байх ч та бүхэн эдийн засгийн реформууд, өөрчлөлт шинэчлэлтийн бодлогуудыг амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна. ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард: Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Та бүхний идэвх чармайлт мэдээж их нөлөөлсөн. Үр дүн нь бид бүгдийн хамтын амжилт юм. Эдийн засгийн уналтыг давж гарч чадсандаа баяртай байна. Монгол Улс өрийн хэмжээгээ бууруулахад ихээхэн амжилт олж байгаад талархал илэрхийлье. Эдийн засгийг тогтворжуулах нь эдийн засгийг солонгоруулах, монголчуудын амьжиргааг дээшлүүлэхэд чухал гэдэгт бид санал нэгдлээ. Та бүхэнд амжилт хүсье гэжээ.

Дональд Трамп Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалд өндөр ач холбогдол өгч, баяртай байгаагаа илэрхийллээ

2018.09.28. АНУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ дахь албан ёсны айлчлалаа Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73-р чуулганд оролцох томилолтоор үргэлжлүүлж байна.Вашингтонд хийсэн айлчлалын үеэрээ тэрбээр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнстэй хэлэлцээ хийж хоёр орны харилцааны түвшинг шат ахиулж Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжүүлж буйгаа зарласан билээ.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Маик Пэнс “Монгол Улсын зэвсэгт хүчин Афганистан дахь шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болсонд байртай байна.  Хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын маш өргөн боломж байна” гэж онцлоод Флоренс хар салхины уршгаар орон гэргүй болсон, хохирол амссан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс эд материалын туслалцаа үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн билээ. Мөн энэхүү айлчлалын хамгийн чухал зорилго болох Улаанбаатарын усан хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжүүлэх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар гарын үсэг зурж Хамтарсан мэдэгдэл гаргасан. Ингэснээр АНУ-аас Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгон үүнийхээ зарцуулалтыг Улаанбаатарын усан хангамжийг цогцоор нь шийдэх шийдвэрт хүрээд байна. М.Помпео “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай танай улсын дэмжлэгт талархаж байна. Монголд Америкийн бизнесүүд хөрөнгө оруулах сонирхол их байгаа. Ил тод, тогтвортой байдал чухал” гэж уулзалтын үеэрээ онцлон тэмдэглэж байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Вашигтонд АНУ-ын төр засгийн удирдлагуудтай уулзахаас гадна олон улсын байгууллагын удирдлагуудтай уулзаад байна. Тухайлбал, ОУВС-ийн тэргүүн тэргүүн хатагтай К.Лагард, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Кимтэй уулзаж, хамтын ажиллагаа, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон тухай бид мэдээлсэн. Ерөнхий сайд энэ өдрүүдэд Нью-Йорк хотод ажиллаж байгаа бөгөөд тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцож байна. Тэрбээр энэ үеэр Вашингтонд уулзаж амжаагүй АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр орны харилцаа шинэ шатанд гарсанд талархалтай байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ч Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж Монгол орны тухай, монголын соёл уламжлалын талаар сонирхон асууж ярилцсан байна. У.Хүрэлсүх Д.Трамптай Вашингтонд Цагаан ордонд уулзах хуваарьтай байсан ч яаралтай нөхцөл байдлын улмаас Д.Трамп Флоренс хар шуурганд өртсөн иргэдтэйгээ уулзаж, газар дээр нь ажиллах шаардлага гарсан юм. Тиймээс хойшлогдсон уулзалтаа тэд ийнхүү Нью-Йорк хотод НҮБ-ын чуулганы үеэр хийсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа

2018.09.26. AНУ. Нью-Йоркийн бирж. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассемблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл оролцох үеэр буюу есдүгээр сарын 26-ны өдөр Нью-Йоркийн Хөрөнгийн биржид зочлов. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс орныхоо эдийн засгийн байдал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Жон Таттл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллаж ирснээ тэмдэглээд, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч буй энэ үед хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байна гэв. Хөрөнгийн биржид зочлох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Хөдөө аж ахуйн сайд Сонни Пердутай уулзав. Уулзалтын үеэр, Монгол Улс хүнс үйлдвэрлэгч орон болох зорилтын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбарт хөгжүүлэх өргөн боломж буйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолсон бөгөөд сайд Сонни Перду АНУ-аас бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйг нотлов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2019.03.05. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клеческийг хүлээн авч уулзав. Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин орсноос хойш бүх талаар тууштай дэмжиж ирсэн АНУ-ыг гуравдагч хөрш, ойр дотны түнш гэж үздэгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа улам бататгаж Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхийн төлөө байна гэв. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ Элчин сайд Майкл С. Клечески илэрхийлэв.  Цаашид улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбар болон ноос, ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний экспорт, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв гэжээ.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨХ, ЭЛЧИН САЙД ЖОН БОЛТОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2019.07.01. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Талууд харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг стратегийн түвшинд хүргэх, энэ хүрээнд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, Монгол Улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг бодитойгоор хэрэгжүүлэх, шинэ салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг АНУ-ын Конгрессоор батлуулах болон бусад асуудлаар санал солилцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, ойрын түнш орон гэдгийг онцолж, АНУ-тай явуулж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. АНУ нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг бататгах, зах зээлийн эдийн засагт шилжин, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулах, тулгарч буй сорилт, бэхшээлийг даван туулахад эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархав. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Хоёр дахь компакт гэрээний хэрэгжилт, ач холбогдлыг өндрөөр үнэлдэгээ илэрхийлэв. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Дэд Ерөнхийлөгч М.Пэнс нар Монгол Улсад айлчлах урилгатайг Ерөнхий сайд нотлов. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Дэд ерөнхийлөгч М.Пенсийн мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлав. АНУ нь Монгол Улсыг тус бүс нутаг дахь чухал түнш, дотны анд хэмээн үздэг гээд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө байдгаа тэмдэглэв гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баяр хүргэж, баярын цахилгаан илгээлээ

2021.06.25. Mонгол Улс. Улаанбаатар хот. Өнөөдөр тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баяр хүргэж, баярын цахилгаан илгээлээ. АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАЯРЫН ЦАХИЛГААНД: Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Танаа, Хүндэт Ерөнхийлөгч өө. Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд баяр хүргэе. КОВИД-19 цар тахлын үеэр Монгол Улс ардчилсан үйл явцыг тууштай дэмжиж байгаа нь бүс нутаг, дэлхий дахинд үлгэр жишээ болоод байна. КОВИД-19-ийг ялан дийлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг томоохон сорилтуудыг ирэх сар, жилүүдэд даван туулах шаардлага манай хоёр улсад тулгарч байгаа бөгөөд эдгээр тулгамдсан асуудалд анхаарал хандуулан, Тантай хамтран ажиллах болсондоо миний бие баяртай байна. Өнгөрсөн жилийн нөхцөл байдал амаргүй байсан ч манай хоёр улс стратегийн түншийн хувьд нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр ирлээ. Үүнд ирэх арван жилүүдэд Улаанбаатар хотын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах Мянганы Сорилтын Сангийн усны төсөл зэрэг түүхэн төслүүд орж байна. Энэ завшааныг ашиглан Танд болон Монголын ард түмэнд дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлье. АНУ болон Монголын цэргүүд 18 жилийн турш Афганистан улсад мөр зэрэгцэн алба хаасан бөгөөд тус улс дахь ажиллагаа дуусгавар болж буй энэ үед бид хамтрагчийн хувьд үйл ажиллагаагаа өндөрлөж байна. АНУ – Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 34 жил болсныг тэмдэглэхийн ялдамд хоёр улсын харилцаа өндөр түвшинд хөгжсөнийг харахад бахархалтай байна. Ирээдүйгээ харан, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан, Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд стратегийн түншлэлээ бэхжүүлэхдээ таатай байх болно. Хүндэтгэсэн, Ж.Р.Байден гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден нар захидал солилцож, мэндчилгээ дэвшүүлэв

2022.01.27. Mонгол Улс. Улаанбаатар хот. Одоогоос 35 жилийн өмнө энэ өдөр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд өдгөө манай хоёр улс ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй Стратегийн түнш орнууд болжээ. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд бүхий л салбарт өргөжиж, ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлс, энх тайван, тогтвортой байдлыг хангах хамтын ашиг сонирхолд тулгуурлан идэвхтэй хөгжиж байна. Энэхүү ойн жилд манай хоёр улс хамтын ажиллагааны ололт амжилтаа бататгаж, цаашид Стратегийн түншлэлээ бэхжүүлж, улам бүр өргөжүүлэх, ялангуяа хоёр талын харилцаанд эдийн засгийн хамтын ажиллагааны эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээхэд чиглэсэн, хоёр талын хөгжилд хувь нэмэртэй, бодит, харилцан ашигтай ажлыг хэрэгжүүлэх томоохон зорилт тавин ажиллаж байна. Ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байден нар захидал солилцож, мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээндээ Гучин таван жил гэдэг хугацаа богино мэт боловч хоёр талын хүч чармайлтын дүнд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт ёс, ил тод, нээлттэй байдал зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан идэвхтэй өргөжин хөгжиж, эдүгээ Стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгааг тэмдэглэхэд нэн таатай байна… АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш бөгөөд эдүгээ Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хоёр улсын энэхүү ойр дотно түншлэлийг цаашид улам бүр бататган бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахдаа баяртай байна гэж тэмдэглэв. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден мэндчилгээндээ АНУ нь Монгол Улсын Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш байдгаараа бахархдаг, АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоогоо бэхжүүлэх, эрх зүйт ёсыг баримтлах болон эдийн засгаа төрөлжүүлэхэд чиглэгдсэн хүч чармайлтыг тууштай дэмжихээ илэрхийлье…  Бид ирээдүйгээ төсөөлөхдөө Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхий дахинаа эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, эдийн засгийн тогтвортой бөгөөд тэгш өсөлтийг хангахад нэн чухал түнш орон гэж үзэж байна хэмээв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг бүтэн жилийн турш хамтран тэмдэглэх бөгөөд энэ хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлж, харилцан айлчлал зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүлэв

2022.07.14. Mонгол Улс. Улаанбаатар хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүллээ. АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Танд болон Монголын ард түмэнд энэ 07 дугаар сарын 11-ний өдөр тохиож буй Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн баярын мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Дипломат харилцаатай 35 жилийн хугацаанд манай хоёр улсын харилцаа өсөн нэмэгдсээр ирлээ. Манай хоёр ард түмний ойр дотно нөхөрлөлийн хамт ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, хууль дээдлэх ёсны төлөөх бидний хамтын тууштай зүтгэл ирэх он жилүүдэд ч биднийг улам ойртуулах болно. Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг. Америкийн ард түмний нэрийн өмнөөс, Жилл бид хоёр дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа монголчуудад Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан аз жаргал, баяр цэнгэлийг хүсэн ерөөе гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав

2022.09.12. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайд Майкл Клечески ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд хоёр дахь Компакт гэрээ байгуулсан нь Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, усны нийлүүлэлтийн хомсдолын сөрөг нөлөөллийг бууруулах онцгой ач холбогдолтой болсныг дурдав. Элчин сайд Майкл Клечески Монгол Улсад ажилласан хугацаандаа Монгол Улсын ардчиллын үйл явц, хөгжил дэвшлийг ажиглаж байсан бөгөөд цар тахлын амаргүй цаг үед ч харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин хөгжсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн зарлиг гаргаж, Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг Төрийн дээд шагнал-Алтан гадас одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс бараалхав

2021.09.20. АНУ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс бараалхжээ. Талууд Тогтвортой хөгжлийн зорилтууд болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Жеффри Сакс Тогтвортой хөгжлийн төлөөх санаачилга” хөдөлгөөнтэй бөгөөд үүнд МУИС, зарим их, дээд сургууль элссэн байна. Иймээс түүнийг Монгол Улсад урьж, тогтвортой хөгжлийн бодлого, хэрэгжилт, ялангуяа цар тахлын дараах эдийн засгийг хэрхэн сэргээх, дэлхийн улс орнууд яаж хөгжих, энэ чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав. Мөн тогтвортой хөгжлийн талаар Монгол Улсад бүс нутгийн форум зохион байгуулах, их, дээд сургуулиудад лекц унших боломжийн талаар санал солилцлоо. Монгол Улсад байгаа чадавхыг ашиглан тогтвортой хөгжлийн бодлогыг чиглүүлэх чиглэлээр туслахад бэлэн. Бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ Жеффри Сакс хэллээ. Жеффри Сакс нэр хүндтэй эдийн засагч, сурган хүмүүжүүлэгч, шинийг санаачлагч, гэгээрүүлэгч бөгөөд эдийн засаг, тогтвортой хөгжлийн чиглэлээр судалгаа хийдэг юм. Тэрбээр байгаль орчны манлайллын Цэнхэр гарагийн шагналыг 2015 онд хүртэж байсан. Time сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 удирдагчийн тоонд хоёр удаа нэрлэгдэж байжээ. Түүний ядуурлыг устгах, макро эдийн засгийн тогтворгүй байдлыг даван туулах, өлсгөлөн/өвчинтэй тэмцэх, байгаль орчны тогтвортой үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр хийсэн ажил нь дэлхийн 125 гаруй улсад хүрсэн гэж үздэг юм. New York times сэтгүүл Магадгүй дэлхийн хамгийн чухал эдийн засагч, Time” сэтгүүл Дэлхийн хамгийн алдартай эдийн засагчаар нэрлэсэн бол The Economist сэтгүүлийн судалгаагаар хамгийн нөлөө бүхий гурван эдийн засагчаар тодорч байжээ.

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2022.11.17. Mонгол Улс. Улаанбаатар хот. АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайд Р.Буанган-ыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улсын чухал гуравдагч хөрш, Стратегийн түнш орон АНУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв. АНУ-аас Монгол Улсад сууж байсан үе үеийн Элчин сайд нар ардчилсан үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, Элчин сайд Р.Буанганыг хоёр улсын харилцааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Элчин сайд Р.Буанган АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон нь нэр төрийн хэрэг гэдгийг тэмдэглэв. Тэрбээр АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг бөгөөд Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийг цаашид бататган бэхжүүлэх, хоёр улс хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эзлэх байр суурь болон иргэд хоорондын хэлхээ холбоог  нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Р.Буанган нь АНУ-ын дипломат албанд 20 гаруй жил ажилласан, Энэтхэг-Номхон далай, Зүүн хойд Азийн бүс нутаг, олон нийтийн харилцааны асуудлаар мэргэшсэн, Ази, Африк, Европ, Ойрхи Дорнод дахь АНУ-ын Дипломат төлөөлөгчийн газруудад ажилласан, Төрийн департаментад удирдах албан тушаалыг удаа дараа хашиж байсан юм.

АНУ-ын иргэн Жак Уэтерфордод Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээв

2022.11.24. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрийг тохиолдуулан AНУ-ын иргэнд Монгол Улсын төрийн дээд шагнал, Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээв. Чингис хаан, түүнийг залгамжлагчид болон монгол хатдын дэлхий ертөнцийн түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг сурвалжлан судалж, шинжлэх ухаанчаар үнэлэн дүгнэсэн Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан, Монголын их хатдын нууц товчоо, Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд зэрэг судалгааны бүтээл, ном зохиол туурвисан. Энэхүү бүтээлүүд нь олон хэлээр орчуулагдан дэлхий нийтийн хүртээл болохдоо монголчуудын талаарх түүхэн бодит ойлголтыг өнөөгийн дэлхий ертөнцөд дахин таниулж, Чингис хаан судлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн Америкийн Нэгдсэн Улсын иргэн, эрдэмтэн судлаач, доктор, профессор Жак Уэтерфордыг шагнажээ. АНУ-ЫН ЭРДЭМТЭН ЖАК УЭТЕРФОРД /JACK WEATHERFORD/. Жак Уэтерфорд Монголын түүх, соёл, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар олон арван ном бүтээл туурвисан. 1990 оноос хойш монголчуудын түүх, соёлыг дэлхий дахинд шинжлэх ухааны үндэстэйгээр шинээр таниулж, буруу зөрүү олон ойлголтыг залруулан, олон оронд монгол хүн, монгол үндэстнийг ойлгох, үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд онцгой гавьяа байгуулсан. Жак Уэтерфорд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн анхны гадаад хүн болж байна.  Энэ бол гадаад дахь монгол судлал, тэр дундаа Чингис хаан судлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл юм. 

Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан (2004)

  • Тус ном “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300 гаруй мянган хувь борлогдон, 20 гаруй хэлээр орчуулагдсан.
  • Энэ бүтээлээрээ Чингис хаан болон монголчуудын талаарх дэлхийн түүхэнд үлдсэн олон ойлголтыг залруулж, “Чингис хаан бол чөлөөт худалдаа, нээлттэй харилцаа, мэдлэг, мэдээллийн солилцоо, олон улсын эрх зүй, дипломатын халдашгүй дархан байдал, шашны эрх чөлөө, сүм хийдээс ангид орших улс төрийн тогтолцоо тэргүүтний суурийг тавьснаар өнөөгийн ертөнцийг үндэслэсэн их хаан” гэдэг үзэл санааг дэвшүүлсэн.

Монгол хатдын нууц товчоо (2010)

  • “Монгол хатдын нууц товчоо” ном нь зургаан хэлээр орчуулагдсан бөгөөд монгол хатад эмэгтэйчүүдийн гавьяа зүтгэлийг олон улсад алдаршуулсан.
  • Тус бүтээлд монгол хатад, охид, мөн харьд бэр болон одсон алтан ургийн бусад хатан, охид очсон газар орондоо Монгол төрийн алтан аргамж болон эрдэм чадал, ургийн хэлхээгээрээ улс гүрнийхээ гадаад, дотоод харилцааг батлан бэхжүүлж, зуун зууны турш алтан ургийн эрчүүдтэй эн зэрэгцэн ухаан билгээ уралдуулан төрийг барьж, улсыг засан, түүхийг бичилцэж, үг хэл, үйл хэрэг, үзэл санаагаараа дэлхийн түүхэнд ул мөрөө тод үлдээж ирснийг дэлхийд сурталчлан таниулсан.

Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд (2016)

  • Хүн төрөлхтний түүхэнд зөвхөн Монголын эзэнт гүрэнд л янз бүрийн шашин шүтлэгтэй, өөр өөр ард түмэн эв найртай зэрэгцэн оршиж байсныг дурдаж, Чингис хаан шашин шүтэх эрх чөлөөг үндэслэгчдийн нэг болохыг шинжлэх ухааны үндэстэй таниулснаараа Чингис хаан судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан.
  • Америкийн Нэгдсэн Улсын гурав дах Ерөнхийлөгч Томас Жефферсон энэ дэвшилтэт үзэл санаанд тулгуурлан Америкийн анхны Шашны эрх чөлөөний тухай хуулийг боловсруулсан байсан нь Чингис хааны үзэл санаа, суу билгээс дэлхийн нэртэй удирдагчид хэрхэн суралцаж, үлгэр дуурайл авч ирснийг гэрчлэх нэгэн түүхэн баримт болохыг уншигч түмэнд таниулсан юм.

Судалгааны ажил:

  • 1997 оноос хойш Монгол Улсад 40 гаруй хээрийн судалгааны ажил, экспедиц зохион байгуулан, Монголын нууц товчооны түүхэн газар нутгуудад судалгааны ажлын материал цуглуулсан.
  • Энэ хүрээнд Монголын нууц товчооны газар орныг судалдаг О.Сүхбаатар, судлаач Г.Аким зэрэг эрдэмтэн судлаачтай хамтрахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
  • “Жак Уэтерфорд сан” нь залуу судлаачдыг бэлтгэн, тэднийг урамшуулж шагнал олгодог.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

2023.07.12. Mонгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Америкийн ард түмний нэрийн өмнөөс Танд болон монголын ард түмэнд наадмын баярын мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол Улс, АНУ-ын түншлэл нь манай хоёр улсад ашиг тустай бөгөөд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь ардчиллын ирээдүйд чухал юм. Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн хэрэгжилт, Мянганы сорилтын корпорацтай хамтран хэрэгжүүлж буй усны төсөл, эрдэс баялаг, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна. Байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, энхийг сахиулах болон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтуудад танай улс анхаарч, хувь нэмрээ оруулж байгааг сайшааж байна. АНУ-д аж төрж буй монголчууд манай нийгмийн чухал хэсэг бөгөөд Монгол Улсад амьдарч, ажиллаж, аялж буй америкийн иргэд бидний хэлхээ холбоог улам бататгаж байдаг билээ. Цаашид Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө байна. Дэлхийн өнцөг булан бүрд буй монголчуудад баяр наадмаа сайхан тэмдэглэж, эрүүл энх, хөгжил цэцэглэлт, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бараалхлаа

2024.08.01. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд мэндчилгээ дэвшүүлж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Уулзалтын үеэр талууд олон улсын болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. Монгол Улс чухал гуравдагч хөрш, итгэлт түнш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо. Хоёр улсын ард түмний найрамдлын бэлгэ тэмдэг болсон Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хамтран хэрэгжүүлж буй хоёр дахь Компакт гэрээ нь Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэж, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, Компакт гэрээг хуваарийн дагуу амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай буйгаа нотоллоо. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын олон улсын болон бүс нутгийн түвшинд дэвшүүлсэн санал, санаачилгуудыг дэмжиж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн үзэл санааны хүрээнд цэвэр эрчим хүч, боловсрол, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засаг зэрэг салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр санал нэгдлээ.

Төрийн нарийн бичгийн дарга Блинкен англи хэлний боловсролыг нэмэгдүүлэх АНУ-Монгол Улсын өргөжсөн хамтын ажиллагааг зарлав

2024.08.02. Mонгол Улс. Улаанбаатар хот. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Монгол дахь англи хэлний хөтөлбөрүүдийг өргөжүүлэх зорилготой цогц хөтөлбөр буюу АНУ болон Монгол Улсын Англи Хэлний Төгөлдөршил Санаачилгыг шинээр эхлүүлж буйг зарлалаа. Энэхүү санаачилга нь хоёр орны боловсрол, соёлын харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монголын оюутан сурагч, сурган хүмүүжүүлэгчдийг 21-р зуунд амжилтад хүрэхэд шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен: Англи хэл бол бидний хамгийн хүчирхэг экспорт юм хэмээгээд Хоёр орны иргэд хоорондын харилцаа бол бидний хамтын ажиллагааны амин сүнс нь гэдгийг онцлов. АНУ болон Монгол Улсын Англи Хэлний Төгөлдөршил Санаачилга нь Аксесс хөтөлбөрийн хүрээнд суралцаж буй оюутнуудын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монголын их дээд сургуулиудад англи хэл заах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр багшилж буй феллов, мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэх юм. Энэхүү санаачилгаар АНУ-ын Төрийн департаментаас Мэргэжлийн англи хэлний цахим сүлжээ (OPEN) зэрэг цахим багшийн хөтөлбөр болон бусад нөөц бололцоогоор хангах болно. Ингэснээр хөтөлбөрийн хамрах хүрээг Монгол орон даяар өргөжүүлж, нөлөөллийг нэмэгдүүлэх юм. АНУ-ын Элчин сайд Буанган: Энэхүү шинэ санаачилгыг хүчтэй дэмжиж буй нь манай хоёр үндэстэн боловсролын ач холбогдлыг хэр их үнэлдэг болохыг, мөн англи хэл нь монголчуудад тоо томшгүй олон боломжийг нээж өгөх түлхүүр юм гэдэг дээр бид санал нийлж байгааг харуулж байн гэж хэлэв. Эдгээр хөтөлбөрүүд бидний нөхөрлөл, стратегийн түншлэлийг цаашид хэрхэн бэхжүүлэхийг харахыг тэсэн ядан хүлээж байна гэжээ. Санаачилга нь:

  • Англи хэлний Аксесс хөтөлбөрийг өргөжүүлэх: Төрийн департамент 2024-2026 онд 180 гаруй оюутныг хамруулах таван шинэ Аксесс хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Мөн хөтөлбөрөөр Монголын англи хэлний багш нарын холбоонд 22 багш бэлтгэх сургалтыг санхүүжүүлэх юм.
  • Англи хэлний тэтгэлэгт феллов багш, мэргэжилтнүүд: Англи хэлний феллов хөтөлбөрт хамрагдаж буй туршлагатай Америк багш нар монгол багш нарт сургалтын тогтолцоогоо бэхжүүлэх, ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх, орон нутгийн монгол багш нарыг чадавхжуулахад нь тусална. 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсын Боловсролын Их Сургууль, ШУТИС, Дотоод Хэргийн Их Сургууль гэсэн гурван их сургуулийн англи хэлний сургалтын чадавхыг бэхжүүлэхэд англи хэлний феллов багш нар дэмжлэг үзүүлнэ. Англи хэлний мэргэжилтнүүд богино хугацааны туршлага солилцоогоор сургалтын хөтөлбөр боловсруулах талаар зөвлөгөө өгнө.

Мөн бид Монгол Улсад англи хэлний сургалтын стандарт, чанарыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Их Сургуулийн дэргэд Англи хэлний сургалтын шинэ төвийг байгуулахад дэмжлэг үзүүлж байна. Их Британи, Австрали, Канад болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран байгуулах тус төвийг монголчууд өөрсдөө удирдаж, хамтран ажиллаж авч явах болно. Тус төв нь боловсролын системдээ англи хэлний заах арга барилыг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын  хүчин чармайлтыг дэмжих нөөц, шилдэг туршлага, мэдлэгээр хангах зорилготой юм. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам Монгол Улсын Боловсролын яамтай хамтран олон нийтийн харилцаа, англи хэл, боловсролын яриа хэлэлцээрийг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүгээр хоёр орны албаны хүмүүс болон салбарын мэргэжилтнүүд цугларч боловсрол, англи хэл, ард иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм гэж АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Дэд Ерөнхийлөгч Камала Харрисаас Ерөнхийлөгч Хүрэлсүх болон “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын зочдод илгээсэн зах

2024.08.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын эрхэм зочдод мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд энэ жилийн чуулга уулзалтыг  Улаанбаатар хотноо өөрийн ивээл доор зохион байгуулж буй Ерөнхийлөгч Хүрэлсүхэд талархал илэрхийлэхдээ баяртай байна. Би ажил, амьдралынхаа бүхий л замналын туршид эмэгтэйчүүдийг улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэхийн төлөө ажилласаар ирсэн. Учир нь энэ бол зөв зүйл бөгөөд ядуурлыг бууруулах, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг хөхиүлэн дэмжих, мөн энх тайван, аюулгүй байдлыг урагшлуулахад чухал нөлөөтэй байдаг. Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд миний бие 2023 оны 8-р сард нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий түүхэн санаачлагуудыг эхлүүлсэн билээ. Хүйсийн тэгш эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих замаар ардчиллаа улам бэхжүүлэхийн төлөө бид тууштай байгаа. Түүнчлэн, Америкийн Нэгдсэн Улс ихэнх нь эмэгтэй эзэнтэй, эсвэл эмэгтэйчүүд ажиллуулдаг Монголын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг санхүүжилт авах боломжоор ханган, компанийн засаглалаа сайжруулахад нь туслах хөтөлбөрт хөрөнгө оруулж байна. Бидний түншлэл дэлхий дахины чухал асуудлууд дээр хамтран ажиллах үндэс суурийг бидэнд тавьж өгч байна. Монгол Улс энэ жилийн чуулга уулзалтыг уур амьсгал, хүнсний аюулгүй байдал, боловсрол, спорт, урлаг, соёлын хүртээмжтэй байдал зэрэг асуудлуудад хандуулж байгаад би баяртай байна. Чуулганд оролцож буй манлайлагч эмэгтэйчүүдэд хандан хэлэхэд: Боломжийг өргөтгөн, тэгш бус байдалтай тэмцэх талаар гаргаж буй хүчин чармайлт бүрт чинь баярлалаа. Чуулга уулзалтанд амжилт хүсье гэжээ.

Translate