11 сар 16, 2024

Парис-2024 зуны олимпын нээлтэд оролцлоо

Грекийн нийслэл Афин хотод анхны олимп зохиогдож байжээ

2008.10.11. Монгол Улс.Улаанбаатар хот. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэдэл болсон олимпын наадам эртний Грекийн нийслэл Афин хотод анх зохиогдож байжээ. Харин өнөөдөр олимпын наадам эрх авсан улсад зохиогддог уламжлалтай. Оюутан ахуйд эртний уран зохиолын эхний хичээлд Гомерийн Одиссей оров. Хүүхэд байхад Одиссей хэмээх кино үзэж байснаа гэнэт санав. Одиссей зохиолоос сэдэвлэж Одиссей уран сайхны кино бүтээсэн байх нь гэсэн бодол шуудхан төрөв. Харин эртний уран зохиолын удаах хичээлд Илиада оров. Илиадагийн тухайд арай өөр сэтгэгдэл төрж байсан юм. Би энэ зохиолыг олимптой холбон ойлгодог. Олимп болж буй тул оюутан ахуйдаа уншсан Илиада зохиолоор Олимпыг тайлбарыг хичээв. Илиада зохиолд Олимпыг – Троадын зүүн хойно орших бурхадын гэр хэмээн тайлбарласан байдаг. Иллион, Трой гэдэг нь бага азийн хойгт одоогийн Туркийн нутагт оршиж байсан хүчирхэг улсын нэр. Уг хотын дэргэд болсон дайныг Гомер нь Илиада зохиолдоо найраглаж үлдээжээ. Зарим тохиолдолд Илионы дуулал хэмээн нэрийдэх нь бий. Гомер ард түмний дунд түгсэн баатруудын тухай богино дуунуудыг нэгтгэн найраглал болгож үлдээсэн нь тэр юм. Ингэхдээ олон жил үргэлжилсэн дайны тодорхой хэсгийг сонгон авч, үүгээр дайны үйл явцыг тодорхой харуулахаар зохиомжилсон байгаа юм. Хэдийгээр дайны тухай өгүүлдэг ч, уг зохиол үйл явдал эртний Грекийн Афин хотод болж байгаагаараа онцлог юм. Уг зохиолд үлгэр домгийн баатруудыг бурханы дүрээр дүрсэлж, олимпын тухай өгүүлдэгээрээ онцлог. Тиймээс олимпыг ойлгож мэдэхийн тулд Илиада зохиолыг уншихад эртний олимпын тухай илүү ихийг ойлгож болох юм. Олимпыг Грекээс ялгаж салгахын аргагүй билээ. Түүхэнд хоёр төрлийн олимп зохиогдож байсан тухай өгүүлдэг. Эртний болон орчин цагийн олимп хоёулаа Грекээс гаралтай юм. Тухайлбал, эртний олимпын наадмыг Грекийн домогт баатар Геракл санаачилсан гэдэг. МЭӨ 776-394 оны хооронд зохиогдсон уг наадам Грекийн Олимп уулын хормойд орших, Олимпиа хотод болдог байжээ. Олимпийн үеэр тэмцэл тулаанаа зогсоодог байсан учраас уг наадмыг хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэдэл хэмээн үзсээр ирсэн байна. Эртний олимп зөвхөн гүйлтийн төрлөөр зохиогддог байсан бөгөөд олимпийн анхны аваргыг эртний бурхдын Элис хотоос ирсэн Короебус авсан гэх нь бий. Гэвч МЭӨ 394 онд Ромын эзэн хаан Феодосий I олимпын наадмыг зохион явуулахыг хориглох зарлиг гаргажээ. Ингэснээр Грекээс гаралтай олимпын наадам хэсэг зогссон ч, үүнээс 2500 жилийн дараа Францын соён гэгээрүүлэгч Пьер де Кубертенийн санаачилгаар Олон улсын олимпийн хороо байгуулагдсан байна. Ингээд 1896 онд Грекийн нийслэл Афин хотноо орчин үеийн олимпын анхдугаар наадам зохиогджээ. Тиймээс олимпын наадмыг Грекээс ялгаж салгахын аргагүй юм. Өөрөөр хэлбэл, эртний болон орчин үеийн олимпын наадам Грекээс гаралтай юм.

Монголын тамирчид 1964 оноос олимпод оролцож эхэлжээ

2008.10.11. Монгол Улс.Улаанбаатар хот.Монгол улсын тамирчид 1964 оноос эхлэн хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон олимпын наадамд оролцож эхэлжээ. 1968 оны Мехикогийн олимпоос чөлөөт бөхийн тамирчид 4 медаль эх орондоо авч ирсэн юм. Энэ олимпоос чөлөөт бөхийн 82 килограммын жинд Мөнхбат мөнгө, 52 килограммын жинд Дамдиншарав, 70 килограммын жинд Сэрээтэр, 78 килограммын жинд Артаг нар хүрэл медаль хүртсэн байдаг. Энэ цагаас манай улсын үе үеийн тамирчид олимпийн медаль эх орондоо тасралтгүй авч ирсэн. 1972 онд Герман улсын Мьюнхен хотноо зохиогдсон зуны олимпын 21-р наадмаас чөлөөт бөхийн тамирчин Баянмөнх 100 килограммын жинд мөнгөн медаль үргэлжлүүлэн хүртэв. Харин 1976 онд Канадын Монреал хотноо зохиогдсон зуны олимпын 22-р их наадмаас чөлөөт бөхийн тамирчин Ойдов 62 килограммын жинд мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл 1980 онд Москва хотноо зохиогдсон олимпын их наадмаас чөлөөт бөхийн тамирчин Даваажав 74 килограммын жинд мөнгө, Оюунболд 57 килограммын жинд хүрэл медаль тус тус хүртэж байлаа. Түүгээр ч үл барам жудо бөхийнхөн олимпод амжилт гаргаж эхэлсэн юм. Москва хотноо зохиогдсон олимпод жудо бөхийнхөн амжилттай оролцож, 78 килограммын жинд Дамдин мөнгө, Даваадалай хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Олимпод оролцож эхэлснээсээ хойш манай тамирчид чөлөөт, жудо бөхийн төрөлд амжилт үзүүлж ирсэн бол, зуны олимпын 24, 25 дахь удаагийн наадамд бокс, буудлагын төрөлд ихээхэн амжилт гаргав. 1988 оны Сөулийн олимпоос Энхбат боксын 60 килограммын жинд хүрэл, 1992 оны Барселоны олимпоос Баярсайхан боксын 62 килограммын жинд хүрэл медаль өвөртөлсөн юм. Мөн 1992 оны Барселоны олимпоос манай улсын эмэгтэй тамирчин Мөнхбаяр хийн гар бууны төрөлд хүрэл медаль хүртэж байсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Энэ нь монголын спортын түүхэнд анх удаа эмэгтэй тамирчин олимпын медаль хүртсэн түүхэн үйл явдал байлаа. 1996 онд АНУ-ын Атланта хотноо зохиогдсон зуны олимпын 27-р их наадмаас Нармандах жудо бөхийн 60 килограммын жинд өрсөлдөж хүрэл медалиар энгэрээ мялаав. Үүний дараах 2004 оны Афины олимпоос жудоч Цагаанбаатар мөн л 60 килограммын жинд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн билээ. Манай улсын үе үеийн тамирчид 1968 оноос хойш олимпод оролцохдоо 5 мөнгө, 10 хүрэл нийт 15 медалийг эх орондоо авчирсан гэлцдэг. Ингэхдээ, жудо бөхийн 4, чөлөөт бөхийн 8, боксын 2, буудлагын 1 медаль авчирсан юм. Ер нь манай тамирчид олимпын наадамд оролцохдоо чөлөөт бөх, жудо, бокс, буудлагын төрөлд амжилттай оролцож ирсэн байна.

Бээжингийн олимпын үеэр өсвөрийн зураачид гар зургийн уралдаанд оролцов

2008.10.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Хүүхдийн урлан бүтээх төв монгол хүүхдүүдийн авьяас, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилгоор анх байгуулагдсан. Одоо ч гэсэн өсвөр үеийнхэнд урлагийн мэдлэг олгосоор байна. 2008 онд тус төвийн сийлбэр, наамал, уран зураг, оёдол, сүлжмэлийн дугуйланд ойролцоогоор 600 гаруй хүүхэд суралцаж байлаа. Тэд манай улсын авьяаслаг хүүхдүүдийн тоонд яах аргагүй багтана. Учир нь тус төвд суралцаж буй хүүхдүүд монголдоо төдийгүй, олон улсын тэмцээнээс ганзага хоосон ирж байгаагүй юм. 2008 онд Бээжингийн олимпын үеэр олон улсын хүүхдийн гар урлалын 4-р их наадам болсон юм. Уг наадмын зургийн уралдаан хоёр үе шаттайгаар зохиогдсөн бөгөөд эхний шатны шалгаруулалтад Хүүхдийн урлан бүтээх төвийн 50 хүүхэд оролцсноос 48 нь алт, мөнгө, хүрэл, тусгай байруудад шалгарч байлаа. Тухайлбал, гурван хүүхэд хошой алтан медаль, 9 хүүхэд алтан медаль, 15 хүүхэд мөнгөн медаль, 19 хүүхэд хүрэл медаль, хоёр хүүхэд тусгай байрт шалгарч байсныг эргэн сануулах нэн таатай. Эхний шалгаруулалтад тэнцсэн 48 хүүхэд хоёрдугаар шатны шалгаруултад оролцохоор Бээжинг зорьсон юм. Тэд явахынхаа өмнө Өсвөрийн зураач Нарантуяа: Би 79-р сургуульд 10-р ангид сурдаг. Хүүхдийн урлан бүтээх төвд долоо дахь жилдээ уран зургийн дугуйланд амжилттай суралцаж байна. Манай төвийн хүүхдүүд Бээжингийн олимптой холбоотой Хятад улсаас зохион байгуулсан уран зургийн уралдаанд сургуулиараа оролцоод уран бүтээлээ явуулсан юм. Хариу нь ирэхэд ихэнх хүүхдүүд байр эзэлсэн байсан. Миний тухайд нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эзэн болсон. Алтан медаль гэдэг миний хувьд чухал, өндөр нэр хүнд. Бээжинд болох хоёр дахь шатны гар зургийн уралдаанд оролцохоор явж байгаадаа маш баяртай хэмээн сэтгэгдлээсээ хуваалцаж байсан юм. Мөнхбат багшийн шавь: Хүүхдийн урлан бүтээх төвийн үсэг баригчийн дугуйланд суралцдаг. Тус төвд хоёр дахь жилдээ суралцаж байна. Өмнө нь тус төвийн монгол зургийн Мөнхбат багш дээр хичээллэж байсан. Монгол зургийн дугуйланд хичээллэж байсан тул, миний зургийн арга барил монгол талдаа байдаг. Бээжин-2008 гар зургийн уралдааны эхний шатны шалгаруулалтад монгол зургийг, уран зурагтай хольж зурсан бүтээлээ явуулсан. Монгол зураг, уран зураг хоёр хоорондоо их ялгаатай. Монгол зураг гэхэд ихэвчлэн контр, таслалгүй, жигд өнгөтэй байдаг. Уран зураг бол ихэвчлэн бичил дүр дээр ялгагддаг. Энэ хоёр урлагийн өнгө төрхийг нэг уран бүтээлд шингээж өгсөн нь хятадуудад таалагдсан байх. Тиймээс би нэгдүгээр байрт, алтан медаль хүртсэн гэж ойлгож байна. 40 гаруй орны авъяаслаг хүүхдүүд дундаас түрүүлсэндээ эхлээд итгээгүй. Хятад руу илгээсэн уран зураг маань монгол улсын нутаг дэвсгэр дээр үндэснийхээ хувцасаа өмссөн хүүхдүүд олон орны үе тэнгийхэнтэйгээ тоглож байгаагаар дүрсэлж зурсан бүтээл юм хэмээн хуучлав. Харин Өсвөрийн зураач Нямбаяр: Өмнө нь тус төвийн дугуйланд хичээллэж байсан. Энэ урланд нэг жил гаруйн хугацаанд хичээллэсэн. Бээжин-2008 зургийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтад бүтээлээ явуулаад нэгдүгээр байрт орсон. Хоёрдугаар шатанд оролцохоор Бээжинг зорих гэж байна. Бээжинд болох тэмцээнд ямар сэдвээр зураг зурж өрсөлдөхөө одоогоор мэдэхгүй байна. Тэнд очихоор ямар ч хамаагүй сэдэв өгөх байх. Тэр сэдвийнх нь дагуу зурж хоёрдугаар шатанд оролцоно. Эхний шалгаруулалтад бид бэлэн болсон зурагаа илгээж оролцсон бол, энэ удаад Бээжинд очоод өгсөн чиглэлийнх нь дагуу уран бүтээл хийж оролцох юм. Бээжин-2008 зургийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтад амжилттай оролцоно гэж бодож байна хэмээн хуучлав. Тэдний Бээжинд очоод өгсөн сэдвийн хүрээнд бүтээлээ туурвиах ёстой  болов. Мэдээж Бээжин-2008 олимпын үеэр зохиогдсон гар зургийн уралдаан учраас тэнэнд энэ сэдэв элбэг таарсан нь гарацаагүй биз. Хүүхдийн урлан бүтээх төвд дөрвөн зургийн дугуйлан байдаг бөгөөд тухайн үед тэнд нийт 200 орчим хүүхэд суралцаж байлаа. Бээжин-2008 эхний шатны шалгаруулалтад оролцсон 50 хүүхдийн уран бүтээлийг дээрх 200 хүүхдийн бүтээлээс шалгаруулсан байгаа юм. Шалгарсан бүтээлүүдийг Бээжин рүү явуулсан нь ийн амжилт үзүүлж,  хоёрдугаар шатны тэмцээнд Монголын 48 өсвөрийн зураачид оролцож байсан билээ. Тэд урлан бүтээх төвийн сурагчид байхдаа улсынхаа нэр хүндийг цуурайтуулж явсан. Харин одоо тэд улсынхаа нэрийг хаана дуурсгаж, алдартай зураачид болсныг таашгүй юм. 

Бээжингийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэв

2008.08.08-24. Монгол Улс. Улаанбаатар хот. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэдэл болсон Олимпын 29 дэх удаагийн наадам 2008.08.08-нд Бээжин хотноо эхэлж, 2008.08.24-нд өндөрлөсөн. 16 өдрийн турш үргэлжилсэн 29 дэх удаагийн наадамд манай улсаас 29 тамирчин буудлага, бокс, жудо, чөлөөт бөх, усанд сэлэлт, хүндийн өргөлт, хөнгөн атлетик зэрэг спортын долоон төрөлд хүч үзэв. 29 дэх удаагийн олимпын наадам учраас тэр үү. Манай улсаас 29 тамирчин оролцсон нь ихэд бэлэгшээлтэй. Бээжин-2008 онд олимпын наадмын үеэр Монголын баг, тамирчдын ахлагч Баясгалан: Монгол улсын зулай болсон ноён оргилуудад мандуулсан улсынхаа төрийн далбааг хүлээн авч байгаа нь асар том нэр хүнд. Монгол Улсын баг, тамирчид алтан соёмбот далбаагаа Бээжингийн тэнгэрт мандуулахын төлөө авъяас, спортын бүхий л чадлаа дайчлан ажиллана гэдэгт монголын ард түмэн бидэнд найдаж байгаа. Манай баг, тамирчид монголын ард түмний хүлээлгэсэн итгэлийг өндөрт өргөж, энэхүү олимпын наадамд амжилттай оролцохоо амлаж байна. Монгол улсын баг тамирчдын ахлагчын хувьд, баг тамирчдаа амжилттай зохион байгуулж, монгол улсынхаа нэр хүндийг өргөхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлж байсан юм. Үнэхээр ч тэд амлалтандаа хүрэв. Бээжин-2008 олимпын наадмын нээлтийн ажиллагаанд төрийнхөө далбааг жудо бөхийн 100 кг-ийн жинд барилдах Баяржавхлан барьж алхав. Удалгүй манай улсын баг тамирчид 3 алт, 2 мөнгөн медалтай болж, Бээжингийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. 

О.Гүндэгмаа: Олимпод оролцох бүрт медальтай ирэх байх гэж итгэдэг

2008.08.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Токио-2020 олимпын наадамд улсаа төлөөлөн оролцож буй гавъяат тамирчин О.Гүндэгмаагийн туршлага арвин билээ. Тэрбээр Бээжингийн олимпоос өмнө гурван удаа олимпын наадамд оролцож байсан манай улсын туршлагатай тамирчдын нэг юм. Тэрбээр 1996, 2000, 2004 онд зохиогдсон олимпын наадмуудад шагналт байруудад шалгарч байсан юм. О.Гүндэгмаа Бээжингийн олимпод монгол тамирчдаас анхны медалийг авч цахиур хагалсан нэгэн. Тэрбээр спорт гар бууны 25 метрийн төрөлд 792.2 оноо авч мөнгөн медаль хүртэж байсан юм. Тэрбээр 1980 оноос хойш тасраад байсан мөнгөн медалийн буухиаг 28 жилийн дараа эх орондоо эргүүлэн авч ирж чадсан юм. Олимпын наадмаас медаль хүртсэн манай хоёр дахь эмэгтэй тамирчин гэдгээрээ алдартай. Бээжин-2008 олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа: Тамирчдаасаа түрүүлж хамгийн анхны медалийг авч салхийг хагалсандаа маш баяртай байна. Хамгийн сүүлийн финалд бууны сум гол төмөртөө ороод гацчихсан. Түүнээс буунаас болсон юм байхгүй. Техникийн саатал ер нь ямар нэг тэмцээн уралдаанд орж байхад гардаг. Харамсалтай нь олимпын яг эцсийн тоглолт дээр ийм зүйл боллоо. Анх 1996 оны олимпод оролцсоноос хойш хүмүүст их танил болсон. Намайг олимпын наадамд оролцох бүрт медальтай ирэх байх гэж хүмүүс их итгэл найдвар тавьдаг байсан. Энэ удаад намайг дэмжиж байсан монголчуудынхаа олон жил хүсэн хүлээсэн хүлээлтийг нь биелүүлж, медальтай эх орондоо ирж чадлаа. Дараагийн олимпод медалийнхаа өнгийг хувиргаж улам амжилттай оролцоно гэж Бээжингийн олимпоос ирэхдээ хэлж байсан юм. Тэрбээр зорилгодоо хүрч Токиогийн олимпоос алтан медальтай ирнэ гэсэн итгэл найдварыг монголчууд тавьж байна.

Монголын иргэн Германы нэрийн өмнөөс хийн гар бууны төрөлд өрсөлдөв

2008.08.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Бээжингийн олимпоос хийн гар бууны 25 метрийн төрөлд тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртсэн бол, Барселеоны олимпоос эх орондоо хүрэл медаль авч ирсэн Д.Мөнхбаяр Бээжингийн олимпод гуравдугаар байр эзэлсэн юм. Д.Мөнхбаяр тус олимпод Герман улсыг төлөөлөн оролцож хүрэл медаль хүртсэн байдаг. Манай улсын шилдэг тамирчин Германыг төлөөлж оролцох болсон шалтгааныг тэр үеийн Биеийн тамир спортын улсын хорооны дэд дарга Ш.Сүрэнхорол: Д.Мөнхбаяр 1992 онд гаргаж байсан амжилтаа давтаж байна гэсэн үг. Монгол хүний геньд буудлагын спортын чиглэлийн юм байна гэж бодогдлоо. Д.Мөнхбаярын хувьд Германд сурч энэ улсын иргэн болсон байгаа. Монгол эцгийн овгоор, Монгол охины нэрээр, Герман улсын нэрийн өмнөөс хийн гар бууны төрөлд өрсөлдлөө. Олимпын тавцанд О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр хоёр маань зэрэгцэж зогсоод медаль хүртсэнд баярлаж байна. Германы нэрийн өмнөөс орж хүрэл медаль хүртсэн ч, манай тамирчин хүрэл медаль авлаа гэж ойлгож баярлаж байна. Монгол улсаас Бээжингийн олимпын наадамд оролцож байгаа баг тамирчид дундаас О.Гүндэгмаа гар бууны төрөлд мөнгөн медаль хүртсэн. Энэ бол монгол тамирчдын үзүүлсэн амжилт яах аргагүй мөн. Монголын ард түмний хүсэн хүлээж байсан медалийг авч чадсанд баяртай байна. О.Гүндэгмаа гар бууны төрөлд олон жил хичээллэж байгаа манай улсын гавъяат тамирчин юм. Тэрбээр, Италийн цомын тэмцээнд 2005 онд оролцож олимпод орох эрхээ авсан. О.Гүндэгмаагийн амжилт түүнийг дэмжиж байсан нийт монголчуудын авч байгаа медаль гэж ойлгож байна хэмээн сэтгэгдлээсээ хуваалцаж байсан юм.

Монголын анхны олимпын алтан медальтан төрөв

2008.08.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Бээжингийн олимпод гавъяат тамирчин О.Гүндэгмаа монгол тамирчдаас анхны медалийг авч цахиур хагалсан бол, жудо бөхийн тамирчин Түвшинбаяр 100 килограммын жинд ялж олимпын алтан медалийн эзэн болов. Бээжингийн олимпын хаалтын өдөр Монгол Улсын боксынхон медалийн тоогоо хоёроор ахиуллаа. Тодруулбал, 2008.08.24-нд олон улсын хэмжээний мастер П.Сэрдамба боксын 48 килограммын жинд Хятадын тамирчинтай алтан медалийн төлөө тоглосон юм. Харамсалтай нь тэрээр бэртэлтэй байсан тул хятадын тамирчинд ялалтыг нь шууд өгч мөнгөн медаль өвөртөлсөн. П.Сэрдамба боксын спортоор 2000 оноос хойш хичээллэсэн. 2007 оны Ази тивийн аварга, Герман улсад зохиогддог Химийн цом тэмцээн медаль авчээ. Казакстан улсын Астана хотод зохиогдсон олон улсын тэмцээнд мөнгөн медаль хүртэж олимпод оролцох эрх авсан манай шилдэг тамирчдын нэг юм. Олимпын наадамд анх удаа оролцоод мөнгөн медаль хүртэнэ гэдэг том амжилт. Тэрбээр өсөх ирээдүйтэй манай улсын шинэ залуу тамирчдын нэг гэдгээ үүгээр нотлон харуулсан юм. П.Сэрдамбын мөнгөн медаль алтан сүүлтэй байсан гэж монголчууд бэлгэшээн ярьдаг билээ.

Боксчид олимпоос нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн нь

2008.08.25. Монгол Улс. Улаанбаатар хот. П.Сэрдамбын араас манай улсын боксчин Бадарууган 54 килограммын жинд Кубын тамирчинтай алтан медалийн төлөө тоглосон юм. Тэрбээр, өрсөлдөгчөө 16:5 харьцаагаар буулган авч алтан медаль өвөртөлсөн нэгэн. Куба боксын спортоор дэлхийд дээгүүрт бичигддэг. Кубын тамирчинг буулган авна гэдэг Бадарууган хичнээн чадварлаг боксчин болох нь эндээс харагдана. Ганц олимпын наадмаас бус, тэрбээр олон улсын чанартай тэмцээн уралдаанаас ганзага хоосон ирж байсангүй. Бадаруурган нь 2006 оны оюутны дэлхийн аварга, ДОХА-2006 наадмын хүрэл медальт, 2007 оны Ази тивийн аварга, 2007 оны улсын аварга, Герман улсад зохиогддог Химийн цом тэмцээний аварга, Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга, Чехийн Устинад Лабе хотноо зохиогддог олон улсын тэмцээний аварга, АНУ-ын Чикаго хотноо зохиогдсон 2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт тамирчин юм. Монгол тамирчдын медалийн тоог ахиулж, монголын боксын түүхэнд байгаагүй амжилт үзүүлсэн П.Сэрдамба, Бадарууган нар 2008.08.25-нд эх орондоо газардсан юм. Монголын Боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Сүхбаатар: Энэ удаагийн олимпод маш амжилттай оролцлоо. Гавъяат тамирчин О.Гүндэгмааг дурдахгүй байхын аргагүй. Гүндэгмаа хоёр алт, нэг мөнгөн сүүлтэй бүсгүй юм байна. Манай П.Сэрдамбын медаль бэртэл гэмтэл байгаагүй бол алтан медаль байсан гэж бодож байна. Монголын боксын спорт дээд цэгтээ хүртлээ хөгжсөн нь эндээс харагдаж байна. Сүүлийн 7 жилийн эхний 4 жилд манай боксын тамирчид 64 медалийг олон улсын тэмцээнээс авсан бол, 2005.05.14-ний өдрөөс хойш гурван жилийн хугацаанд 270 гаруй медаль авчээ. Түүний дотор олимпын нэг алт, нэг мөнгөн медаль авлаа. Дэлхийн аваргын нэг мөнгө, Ази тивийн гурван алт, хоёр мөнгөн медаль аваад байна. Медалийн тоо болон чанарын асар өндөр хур буулаа. Нийт ард түмэндээ сайн сайхныг хүсч, дахин олон аваргуудыг тосч байх ерөөл дэвшүүлье хэмээн ялалтынхаа сэтгэгдлээс хуваалцсан юм.

Байт сурын харваач Я.Баатаржав алтан медалийн тоог нэмэв

2008.08.25. Монгол Улс. Улаанбаатар хот.Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпын 29 дэх удаагийн наадамд манай тамирчид хос алт, хос мөнгөн медальтай эх орондоо ирээд удаагүй байлаа. Гэтэл удалгүй алтан медалийн тоогоо дахин нэгээр нэмсэн таатай мэдээ Бээжин-2008 олимпоос ирэв. Ийнхүү монголчууд гурван алтан медальтай болж, Бээжингийн тэнгэрт гурвантаа төрийн дууллаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулав. Бээжин-2008 параолимпоос манай улсын тамирчин Я.Баатаржав байт харвааны төрөлд хүч үзэж, алтан медаль хүртсэн юм. Дэлхийн 148 орны 4200 гаруй тамирчин 11 өдөр авьяас хүчээ сорьж, 20 гаруй спортын төрлөөр өрсөлдөв. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог параолимп 13 дахь наадмаа үдсэн нь энэ юм. Бээжин-2008 олимпыг зохион байгуулах хороо энэ удаагийн наадмыг шууд нэвтрүүлгээр нийт 70 гаруй улсад цацаж, 20 орчим компани эфирийн цагийг худалдан авч, 3000 орчим сэтгүүлч сурвалжилсан болохоор Я.Баатаржав болон түүний алтан медаль дэлхий нийтэд цацагдаж, монголчуудын бахархалыг төрүүлсэн нь дамжиггүй. Энэ удаагийн наадамд хятадын тамирчид медалийн тоогоороо тэргүүлж 200 гаруй багц медаль хүртсэн бол, багийн дүнгээрээ хоёрдугаарт байрт орсон Их Британийн тамирчид 102 медаль хүртэв. Энэ удаагийн параолимпод монголын тамирчид анхныхаа медалийг хүртэж Бээжингийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн нь монголчуудад мартахын аргагүй сайхан дурсамж үлдээсэн юм. Байт сурын тамирчин Я.Баатаржавын алтан медалийн ачаар монголын баг тамирчид 52 дугаар байрт бичигдсэн билээ.

У.Хүрэлсүх:  Токиогийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэн, төрийн далбаагаа мандуулахыг хүсье

2021.07.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпын наадам анх 1896 онд Афин хотноо буухиалж байсан түүхтэй. Зуунаас зуун дамжин зохиогдож ирсэн олимпын наадам 2021.07.23-ны өдрөөс 2021.08.08-ны өдрүүдэд Япон Улсад зохион байгуулагдана. Токио-2020 олимпын наадамд Монгол Улсаас түүхэндээ хамгийн олон буюу спортын 10 төрлөөр 43 тамирчин оролцох юм. Харин Токио-2020 параолимпын наадам 2021.08.24-ний өдрөө 2021.09.05-ны өдрүүдэд болно. Тус наадамд Монгол Улсаас пара спортын 6 төрөлд 9 тамирчин эрхээ аваад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Токио-2020 олимпын наадмын баг тамирчдад амжилт хүсч, тэдэнд хандан Токиогийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэн, төрийн далбаагаа мандуулаад ирэхийг захив. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрхэм хүндэт олимп, параолимпын баг тамирчид, дасгалжуулагчид аа. Албаны төлөөлөгчид өө. Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид Токио-2020 зуны олимпын XXXII наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, зуны паралимпын XVI наадамд 6 төрлөөр 9 тамирчин оролцох эрхээ авсан байна. Тусгаар тогтносон Монгол Улсын ард түмний хийморь золбоо, итгэл сэтгэлийг тээсэн тамирчид маань олимпын бэлтгэл сургуулилтаа эх орондоо ханган хурд хүч, авхаалж самбаа, эр зориг, тэсвэр хатуужлаа сорихоор Токиог зориход бэлэн болсон байна. Энэ удаагийн олимпод манай баг тамирчид анх удаа шинээр спортын тоглоомын 3х3 сагсан бөмбөг, ширээний теннисний төрлөөр олимпын эрх авсанд талархаж байгаагаа илэрхийлье. 1964 оноос Монгол Улс олимпын түүхийн хуудсыг эхлүүлсэн, Бээжин-2008 олимпоос анхны алтан медаль авсан бахархалт амжилтыг ахиулах, олимпын шинэ аваргуудыг төрүүлэх, Монголын спортын түүхэн замналыг баяжуулах чухал хариуцлагатай цаг мөч бидний өмнө тулгараад байна. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпын наадамд Монголын баг, тамирчид, дасгалжуулагчид 2008 оны Бээжингийн олимпоос Олимпын аваргуудыг өлгийдөн авсан цаг саяхан санагдаж байна. Токио-2020 зуны олимпод бэлтгэх стратеги хөтөлбөрт тусгасан эрхийн болзлоо биелүүлэхэд төр засгаас анхаарал хандуулж, олон байгууллага, хүмүүсийн хичээл зүтгэл, дэмжлэг туслалцаа үзүүлснийг Та бүхэн санаж, олимпын наадамдаа өндөр хариуцлагатай оролцож, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг даалгавраа нэр төртэй биелүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна. Та бүхнийг дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын үед ард түмнийхээ сэтгэл санааг өндөрт өргөн, итгэл найдварыг дааж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэн, алтан соёмбот Төрийн далбаагаа олонтаа мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Амжилт хүсье гэсэн юм.

Токио-2020 нээлтээ хийлээ

2021.07.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Зуны XXXII олимпын наадам Токио хотноо албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн наадамд 206 орны 11324 тамирчин спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах: Энэ удаагийн олимп нь урьд өмнө тохиож байгаагүй хэцүүхэн шалгууртай нүүр тулж буйг нээлтийн үеэр онцолсон. Тэрбээр Газар хөдлөлт, коронавирус гээд олон бэрхшээлийг даван туулж олимпийг зохион байгуулж буй Японы ард түмнээр бахархах сэтгэл төрж байна. Цар тахлыг намжаахын төлөө хувь нэмрээ оруулсан хүн бүхэнд талархал илэрхийлье. Тамирчид та бүхэн цар тахлын үед тодорхойгүй олон зүйлтэй нүүр тулсан. Одоо та нар минь сайхан хөгжилдөөрэй, баярлаж цэнгээрэй. Та бүхэн бидэнд урам зориг өглөө хэмээсэн юм. Тэрбээр өмнө нь Токиогийн олимп дэлхий нийтэд цар тахлыг ялан дийлэх итгэл найдвар, урам зориг хайрлах нь гарцаагүй хэмээн онцолсон билээ. Монголын баг 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр нээлтийн ёслолд жагсав. Анх удаа эмэгтэй тамирчин Монголын багийн тугийг залсан нь нээлтийн гол онцлогийн нэг байв. Япончууд нээлтийн ёслолыг орчин үеийн технологийн дэвшил болоод ёс заншилтайгаа уялдуулан өвөрмөц байдлаар хийв. Түүнчлэн нээлтэд жагсах улс орнуудыг япон цагаан толгойн дарааллаар оруулж ирсэн. Ингэснээр Монголын баг 191 дүгээрт жагссан юм. Олимпын галт бамбарыг хэн, хэрхэн асаах нь олны анхаарлыг үргэлж татдаг. Энэ удаа жүдо, чөлөөт бөхийн аваргууд болох Тадахиро Номүра, Саори Ёшида нараас гадна бейсболын түүхэнд нэрээ тодоор үлдээсэн Шигео Нагашима, Садахару О.Хидеки Мацуи нар бамбар дамжуулах ёслолд оролцож Японы теннисний шинэхэн од, дэлхийн чансааны тэргүүнд хүртэл бичигдэж байсан Наоми Осакад гардуулан өгөв. Их дуулга тэмцээнд дөрвөнтөө түрүүлээд буй тэрбээр шатаар өгсөн гарч, бамбарыг тун даруухнаар асааснаар Токиогийн олимп албан ёсоор хөшгөө нээлээ. Токио-2020 Зохион Байгуулах Хороо нь Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар спорт дахь хүйсийн тэгш эрхийг хангахын төлөө улам хичээнэ гэдгээ мэдэгдэж байсан юм. Токио-2020 олимпод оролцох тамирчдын 49 хувь нь эмэгтэйчүүд байна. Ингэснээр олимпын түүхэн дэх жендерийн тэгш тэнцвэртэй хамгийн анхны олимп болно гэж мэдэгдэж байсан билээ. Холимог хосын төрлийг 18 хүртэл нэмэгдүүлсэн нь Рио-2016 олимпийг давсан. 206 олимпийн хорооны багийн бүрэлдэхүүнд дор хаяж нэг эмэгтэй тамирчин багтсан байх. Энэ нь олимпийн эрх авах чадвар хомс орнуудад шууд хамааралтай хэмээн мэдэгдэж байсан юм. Олимпын нээлтийн ёслолын жагсаалд нэг эмэгтэй + нэг эрэгтэй тамирчнаар хамтдаа төрийн далбаагаа залахыг өргөнөөр дэмжин хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Токио-2020 зохион байгуулах хорооны Гүйцэтгэх зөвлөлд нэг дор 12 эмэгтэй гишүүнийг шинээр томилж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 42-т хүрсэн тухай өмнө мэдэгдэж байсан. Олимпын үеэр хүйсийн тэгш эрхийг дэмжих тусгай баг ажиллуулахаар баталсан тухай мөн мэдэгдэж байсан юм. Ингэснээр энэ удаагийн Токио-2020 олимпын наадам жендерийн тэгш эрхийг хангасан наадам болж буй гэдгээрээ онцлог болж байгаа юм. 

М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

2021.07.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүдокан ордонд эхэлсэн Токио-2020 олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдсөн манай улсын тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагаллаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө Португалын өсч яваа жүдоч Катарина Костаг дархан өчих мэхээрээ буулгаж авсан юм. Ингэснээр тэрбээр олимпын наадмаас медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдоч болж түүхэнд бичигдэж байна. Мөн Монголын жүдочид ес дэх медалиа олимпын наадмаас авч байгаа нь энэ юм. Медалийг Олон улсын олимпын хорооны гишүүн, Сөүл – 1988 олимпийн аварга Сергей Бубка, наадмын маскот болон баярын цэцгийг Олон улсын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од гардуулав. Барилдааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнтэй утсаар ярьж, Алтын дайтай хүрэл медаль хүртсэнд халуун баяр хүргэлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны даргын үүрэг хүлээж, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын нийгмийн баталгааг хангах, цалин урамшууллыг шинэчлэх, үе шаттай нэмэгдүүлэх зорилт тавьж ажилласны үр дүнд сүүлийн 2 жилийн хугацаанд тамирчдын дундаж цалингийн хэмжээг 75 хувиар нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн Үндэсний шигшээ багийн төсвийг үе шаттай өсгөж, олимпод бэлтгэж буй тамирчдын гадаад, дотоодын бэлтгэл сургуулилтын төсөв санхүү, орчин нөхцөлд тогтмол анхаарч, дэмжлэг үзүүлж байсны үр дүнд Монголын тамирчид энэ удаагийн олимпод итгэл дүүрэн оролцож байна гэж Биеийн тамир, спортын улсын хороо илэрхийлсэн юм. Монголын үндэсний олимпын хорооны удирдлагууд Токио-2020 Монголын баг тамирчдын анхны медалийг эх орондоо авчирсанд нь талархал илэрхийлж, М.Уранцэцэгт цаашдын спортын замналд нь улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. 

Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ

2021.07.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Токио-2020 олимпын наадмыг зорьсон Монгол Улсын жудоч Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж цэвэр ялсан. Дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрикийг мөн цэвэр ялсан байна. Дараа нь энэ жилийн Европын аварга Косовогийн Акил Гжаковаг нэмэлт цагт ялж хагас шигшээд шалгарчээ. Ц.Цогтбаатар Гжаковатай өмнө нь гурав таарч барилдахад хоёрт нь давсан. Хамгийн сүүлд энэ жилийн Тбилисийн Их дуулгад таарч ялсан байна. Ц.Цогтбаатар олимп, дэлхийн аварга Японы Шохэй Онод ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдсан байна. Ц.Цогтбаатар хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг цэвэр ялж олимпын медальтан болов. Жүдо бөхийн 73 киллограммд зодоглосон Олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэнээр Монголын багийн хоёр дахь медалийг эх орондоо авчирлаа. Дашрамд дурдахад, Монголын жүдочид олимпын наадмаас 10 дахь медалиа хүртэж, хамгийн олон медаль авсан спортын төрөл болж байна. Чөлөөтийнхөн ес, боксчид долоон медаль аваад байгаа юм.

О.Болортуяа хүрэл медаль хүртлээ

2021.08.07. Монгол Улс. Улаанбаатар хот.Монголын багийн дөрөв дэх, чөлөөтийн багийн анхны медалийг Бат-Очирын Болортуяа авчирлаа. Тэрбээр 53 килограммын хүрэл медалийн төлөөх барилдаанд Камеруны бөх, Африк тивийн долоон удаагийн аварга Жозеф Эссомбегийг ялсан байна. Ингэснээр чөлөөтийнхөн олимпын наадмаас 10 дахь медалиа өөрийн болгож байгаа юм. Түүнчлэн тэрбээр олимпын наадмаас медаль хүртсэн чөлөөтийн хоёр дахь эмэгтэй бөх болж байгаа юм. Б.Болортуяа хоёр жилийн өмнө дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн бол, өдгөө ийнхүү олимпын медальтан гэж дуудуулах боллоо. Монголын баг Токио-2020 олимпын наадмаас одоогоор 4 медаль ийнхүү хүртээд байна. Б.Болортуяа хүрэл медаль авснаар Монголын баг нэг мөнгө, гурван хүрэл медальтай болж, багийн дүнгээрээ 69-д бичигдэж байна. Дашрамд дурдахад, манай тамирчид Мехико-1968, Москва-1980, Бээжин-2008 олимпоос дөрвөн медаль хүртсэн бол Лондон-2012 олимпоос таван медальтай ирсэн билээ. 

Бээжин-2022 өвлийн олимп эхлэв

2022.02.06. Монгол улс. Улаанбаатар хот. Бээжин 2022 өвлийн XXIV олимпод 91 орны 2871 тамирчин спортын үндсэн долоон төрөлд 109 багц медалийн төлөө 16 хоногийн турш өрсөлдөх юм. Энэ удаагийн олимпод оролцож буй тамирчдын тоо өмнөх хоёр олимпоос бага болохыг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж байгаа юм. Гэхдээ нийт тамирчдын 44.9 хувь нь эмэгтэй тамирчид байгаа нь хүйсийн харьцаа хамгийн ойртож ирсэн өвлийн олимп болж буйгаараа онцлог юм. Олон улсын олимпын хорооноос эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх үүднээс долоон шинэ төрлийг Бээжингийн олимпын хөтөлбөрт оруулсан байна. Тухайлбал, фристайлын эрэгтэй, эмэгтэй big air төрөл, бобслейн эмэгтэй ганцаарчилсан төрөл болон трамплин, сноуборд, шорт трек, фристайлын aerials төрөлд холимог багийн тэмцээнийг оруулжээ. Монголчууд энэ удаагийн олимпод цанын төрлөөр хоёр тамирчинтай оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Парис-2024 олимп, паралимпын тамирчдаа үдлээ

2024.07.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Парис-2024 олимп, паралимпын тамирчдаа үдэж, Төрийн далбаа гардууллаа. Тэрбээр, Монгол Улс хүн төрөлхтний эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд тогтмол оролцож, зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн олимпын амжилтын түүхтэйг дурдлаа. Монгол Улсын Үндэсний шигшээ баг энэхүү амжилтын буухиаг үргэлжлүүлэхээр Парис-2024 зуны гучин гурав дахь удаагийн олимп, арван долоо дахь удаагийн паралимпын наадамд оролцох бэлтгэлээ хангаж, зуны олимпын наадмын байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 9 төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхийг баталгаажуулаад байгааг тодотгов.

Парис-2024 зуны олимпын нээлтэд оролцоно

2024.07.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт 2024.07.26-ны өдөр болох Парис-2024 зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах нарын урилгаар оролцоно. Зуны олимпын нээлтэд дэлхийн 60 гаруй орны төр, засгийн болон олон улсын байгууллагын тэргүүн нар оролцох юм. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны олимпын XXXIII наадамд Монгол Улсын 33 тамирчин 9 төрөлд оролцох ба манай багийн тэмцээн байт харваагаар эхэлнэ. Монгол Улс 1964 оноос эхлэн олимпын наадамд оролцож эхэлсэн бөгөөд Монголын баг тамирчид зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн амжилттай билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо

2024.07.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болж буй зуны Олимпын XXXIII наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо. Энэхүү арга хэмжээнд нийт 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцов. Бүгд Найрамдах Франц Улс нь Парис хотноо Олимпын наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба Олимпын нээлтийн ёслол нь анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус үзэсгэлэнт Сена мөрний дагуу болсноороо онцлогтой байв. Олимпын наадамд оролцох нийт 184 улсын 10,500 тамирчид Сена мөрний дагуу 6 км замаар үргэлжлэх 160 завиар парад хийж оролцов. Энэ удаагийн зуны Олимп нь 2024.07.26-ны өдрөөс 2024.08.11-ний өдрүүдэд болох ба манай улсын тамирчид чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлага, байт харваа, усанд сэлэлт, дугуй, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг спортын 9 төрөлд 33 эрх авч оролцож байна. Харин ирэх 2024.08.28-ны өдрөөс 2024.09.08-ны өдрүүдэд болох Паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно гэжээ.