12 сар 22, 2024

Төрийн тахилгатай уулс

Монголчууд эрт дээр үеэс уул овоог эцэг тэнгэр, ус голыг эх тэнгэр гэж ярьдаг байжээ. Уул газрын эзнийг савдаг. Усны эзнийг лус гэж нэрийдэх нь бий. Уул усаа тахиж шүтдэг нь байгаль дэлхийгээ хамгаалж үлдэх гэсэн эртний уламжлал юм. Тиймээс монголчууд байгалийн үзэсгэлэнт цогцолбор, уул усаа олон зууны турш тахиж ирсэн уламжлалтай. Эрт дээр үеэс Бурхан халдун, Алтан овоо, Богдхан, Отгонтэнгэр уулыг тахиж ирсэн ч, энэ уламжлал нэлээд хугацаанд завсардсан байна. Тиймээс уул усаа хамгаалж үлдэх үүднээс эртний энэ уламжлалыг сэргээжээ. Мөн 2005 онд баруун хязгаарын Алтан хөхий, 2007 онд Суварга хайрхан, Хан хөхий, Сутай хайрханыг төрийн тахилгатай уулсын тоонд оруулж, дөрвөн жилд нэг удаа тахихаар болсон юм. Ингэснээр манай улс төрийн тахилгатай найман уултай болсон билээ. Тэгвэл Монгол Улсын Eрөнхийлөгчийн зарлигаар Говь гурван сайхан, Бурхан буудай, Алтай таван богдыг нэмж төрийн тахилгатай уулсын тоонд оруулжээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар төрийн тахилгат 12 хайрхан уулыг таван жил тутам тахиж байна.

Бурхан буудай уул

Бурхан халдун

Бурхн халдун уул нь Улаанбаатар хотоос 186 километрийн зайд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт далайн түвшнээс дээш 2361 метрийн өндөрт оршдог. Есүхэйгийн дайсан болох мэргэдүүд Тэмүжинг барихаар очиход тэрбээр Бурхан халдун уулын шугуйд нуугдан эсэн мэнд үлдсэн гэдэг. Тэмүжин нуугдсан уулнаасаа буусныхаа дараа Бурхан халдун уул таныг өглөө бүр мялааж байя, өдөр бүр тахиж байя, үе тутам үргэлж шүтье хэмээн мөргөсөн аж. Өтгөн шугуйдаа халхавчилсан учраас Тэмүжин ихэд сүсэлж, тахиж байхаар болжээ. Тиймээс уул овоо тахих ёсыг судлаачид Чингис хааны үеэс эхэлсэн гэж үздэг юм.

Бурхан буудай уулын тэнгэрийг тайх ёслол

Богдхан уул

Богдхан уул нь далайн түвшнөөс 2257 метрийн өндөрт оршдог. Хэнтийн нурууны баруун урд төгсгөл Богдхан уулын орчмоор 12 зууны үед Хэрээдийн ван хан Тоорил нутаглаж байсан учраас өмнө хэсгийг Хан уул гэж нэрлэх болжээ. Хожим Хан уулын ар хөндийд Богт өргөмжит хаадууд нутаглах болсны улмаас бүрнээ Богд уул гэж нэрлэх болсон байна. Богдхан уул үзэсгэлэнт байгальтай, ан амьтан ихтэй. Тиймээс Тоорил уг ууланд ан ав хийх, гал түлэхийг цаазлан хориглож байжээ. Харин 1778 онд Хан-Уулын араар нутаглаж байсан ноёдууд уг уулыг дархан цаазтай болгож, жилд нэг удаа тахиж байхаар болсон гэдэг. Энэ цагаас хойш Богдхан уулыг монголчууд нийтээрээ тахин шүтэж ирсэн юм.

Бурхан буудай уулын тэнгэрийг тайх ёслол
Суварга хайрхан

2022.09. 23. Монгол Улс. Архангай аймаг. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Төрийн тахилгат Суварга хайрхан ууланд холбогдох түүх, шашин, соёлын судалгааны үр дүнтэй холбоотой  эрдэм шинжилгээний бага хурал тус аймагт болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт Уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлд хүндэтгэлтэй хандаж, төрийн тахилгат хайрхнууд, үндэсний бахархалт зүйлсийг дээдлэн хамгаалахаар тусгасан. Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан судалгааны баг Суварга хайрхан уулын тайлга тахилгын уламжлал, шинэчлэл, зан үйл болон байгаль, газар зүйн онцлог зэргийг судлах, уулын тэнгэрийг тайх тахилгын ёслолын дэг, ёслол үйлдэх хуваарийг шинэчлэх эсэх талаар санал боловсруулжээ. Суварга хайрхан уулыг нутгийн иргэдийн санал, хүсэлт зэргийг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007.07.26-ны өдрийн 183 дугаар зарлигаар Төрийн тахилгатай болгосноос хойш гурван удаа тахижээ. Монгол төрөөс ард түмний дунд хадгалагдан үлдсэн байгальд ээлтэй зан үйл, дэг ёс, аргуудыг нээн илрүүлэх, судлах, сурталчлан таниулахад анхаарч байгаагийн нэг илрэл нь уул хайрхдын тэнгэрийг тайх ёслол юм. Цаашид төрийн ёслолыг уламжлалт зан үйлийн дагуу үйлдэхэд анхаарч бүх хайрхан ууланд үе шаттай судалгаа хийхээр болжээ.

Бурхан буудай уулын тэнгэрийг тайх ёслол

Алтан овоо

2023.08.05. Монгол Улс. Сүхбаатар аймаг. Алтан овоо далайн түвшнөөс 1354 метрийн өндөрт орших унтарсан галт уул юм. Галт уулын шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн. Энэ ууланд галт уулсын хүрмэн чулуу их, амсар нь баруун хойшоо сэтэрч үлдсэн ийм байгалийн өвөрмөц тогтоцтой уул юм. Тиймээс ховор уулсын тоонд багтаж, тахиж шүтсээр иржээ. Манай улсын хамгийн өмнө зүгт орших Дарьгангийг Алтан овоо уулыг 1700-аад оноос тахидаг болжээ. Алтан овооны тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол 2023.08.05-ны өдөр буюу XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх харагчин туулай жилийн зуны адаг Шарагчин хонь сарын хөхөгчин хонь өдөр Алтан овооны Тахилгат овоонд болов. Тахилгын ёслолын өмнөх орой лам хуврагууд Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурав. Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед Ганжуур их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв. Дараа нь хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Сүхбаатар аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл гэдгийг тодотгов. Эртний их шүтээн, Алтан овоондоо бишрэл, хүндэтгэлээ үзүүлж, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн өв соёлоо дээдэлж буй нь түүх, ёс заншилаа эрхэмлэн хадгалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, үнэт зүйлээ бэхжүүлж байгаа хэрэг гэдгийг хэлэв. Мөн Гол мөрөн, нуур цөөрөм, булаг шанд, рашаан усаа хамгаалж, ундны усны эхийг сэргээх, хөрс шороо, ой мод, ургамал, амьтнаа хамгаалахад иргэд, ялангуяа залуучууд идэвхтэй оролцож байгаад Төрийн тэргүүн баяртай байна. Хатаж ширгээд байсан Ганга нуураа сэргээсэн нь үүний нэг тод жишээ гэлээ. Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч Алтан овооны магтаал хайлав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир Алтан овооны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө. Дараа нь лам хуврагууд Буман цагаан судар, Алтан овооны сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншив. Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, Аймгийн мэргэн харваач Б.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгч, тус аймгийн Дарьганга сумын малчин Б.Батаагийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв. Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Сүхбаатар аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өндөрлөв. Монголчууд, тэр дундаа Дарьгангачууд Алтан овоогоо үе дамжин дээдлэн шүтэж ирсэн. Анх Богд хааны зарлигаар 1913 оны намрын дунд сарын гал бичин өдрийн луу цагт Алтан овоог тахисан түүхтэй юм.

Отгонтэнгэр хайрхан 

2021.08.22. Монгол Улс. Завхан аймаг. Завхан аймгийн Улиастай хотоос зүүн тийш 70 гаруй километрийн зайд орших далайн түвшнөөс 4031 метрийн өндөрт орших, 750 километр үргэлжлэх Хангайн нурууны мөнх цаст оргил юм. Отгонтэнгэр хайрханыг 1828 онд дархан цаазтай болгож, 1911 оноос эхлэн нутгийн иргэд жил бүр тэнгэрийг нь тайх ёслол үйлддэг болсон байна. Отгонтэнгэр хайрханыг монголчууд Очирваанийн сахиустай гэж үздэг аж. Очирваань нь монголчуудыг харж хамгаалж байдаг сахиусан тэнгэр юм. Энэ ч утгаараа догшин сахиустай энэ хайрханыг нутгийн зон олон аргадан тахисаар уламжлал болон үлджээ. Тэгвэл Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга 2021.08.22-ны өдөр болж, ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлов. Тахилгын ёслолын өмнөх орой Долоон бурхан одны тахилгыг зохион байгуулж, сүсэгтэн олон залбирал, мөргөл үйлдсэний дараа туульч Хангайн магтаал болон Отгонтэнгэр хайрхан уулын магтаал хайллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв. Дараа нь хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Завхан аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед Ганжуур их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүн, байгаль хоёр харших болсон энэ цаг үед өвөг дээдэс маань эх дэлхийгээ эрхшээн түрэмгийлэх бус энэрэн хайрлаж ирсэн уламжлалыг бид алхам тутамдаа санаж явах нь зүйтэй. Учир нь энэ уламжлал өдгөө хүн төрөлхтөнд тулгамдаад байгаа байгалийн хүчин зүйлийг даван туулах, сав, шим ертөнцийн тэнцвэрт байдлын алдагдлыг шийдвэрлэх нэгэн зүйл арга болж иржээ гэлээ. Мөн байгаль эхдээ хүндэтгэлтэй хандан зүй ёсоор харьцдаг бидний өвөг дээдсийн энэ үнэт зүйлийг өнөө цагийн даяаршлын давалгаанд устаж алга болохоос нь сэргийлэн Уул овоо тахих Монгол зан үйлийг 2017 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн гэдгийг онцлов. Түүнчлэн Отгонтэнгэр хайрхан уулын цадиг түүх бол монголчуудын байгаль хамгааллын түүх, төрийн бодлого, хууль цааз хийгээд төрт ёсны ёслол, байгалиа шүтэн дээдэлдэг ардын ухаан, уламжлалт соёл, зан заншлын бүхэл бүтэн цогцолбор жишээ мөн болохыг тодотголоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлж дууссаны дараа туульч Хангайн магтаал хайлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө. Үүний дараа Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, Хамба Номун хан Д.Чойжамц, Жалханз хутагт Ч.Данзэнчойжийванчүг, Наро банчэн гэгээнтэн Б.Цэдэн-Иш тэргүүтэй лам хуврагууд Буман цагаан судар, Отгонтэнгэр хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол номуудыг уншиж мандал өргөв. Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Монгол Улсын Гавьяат тамирчин, үндэсний сурын Дархан мэргэн, Зууны манлай харваач Ш.Даваахүүд хүлээлгэн өгч, Завхан аймгийн Отгон сумын харьяат, Аймгийн аварга малчин, Аймгийн алдарт уяач, Алтан унаганы эзэн Б.Дугаазааны адуун сүргээс сонгосон цагаан морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв. Ийнхүү Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх долоо дахь удаагийн төрийн тахилгын ёслол өндөрлөсөн юм. Хангайн нурууны ноён оргил, мөнх цаст Отгонтэнгэр хайрханыг 1995 оны 110 дугаар зарлигаар Төрийн тахилгатай болгож 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016 онд тус тус тахиж байжээ. Өдгөө Монгол Улсад төрийн тахилгатай 12 уул байгаа бөгөөд Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам болон ёслол үйлдэх хуваарийн дагуу төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэн таван жилд нэг удаа төрийн тахилгын ёслолыг үйлддэг юм. Отгонтэнгэр хайрхан уулын 2021 оны төрийн тахилгын ёслолыг орон нутаг, иргэдийн хүсэлтийг харгалзан уламжлалт дэг жаяг, зан үйлийн дагуу зохион байгууллаа. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4021 метрт өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай. Мөнх цасны хилээс доохон, дархан газрын бүсэд Ар, Өвөр Бадархундага хэмээх үзэсгэлэнт нуурууд бий гэжээ.

Отгон тэнгэр уулын тэнгэрийг тайх ёслол

Хан хөхий

2022.07.27. Монгол Улс. Увс аймаг. Хангайн нурууны хамгийн зүүн талын төгсгөлийн уул юм. 240 километр үргэлжилсэн урттай бол, хамгийн өргөн хэсгээрээ 180 километр үргэлжлэх аж. Хан хөхийн нурууны зүүн урд талд Хяргас, Зүүн талын бэлээр нь Цабдан, Тахилт, Цагаан нуур, Хойд талд нь Баян-нуур, баруун хойд талд Увс нуур оршдог ажээ. Урд талаараа 180 километр үргэлжилсэн Их монголын элстэй. Хойд талаараа Увс нуурын захаас Завхан аймгийн Тэс сум хүртэл 100 гаруй километр үргэлжилсэн Бөөргөдлийн элстэй. Бөөргөдлийн элс зарим газраа 15 километр үргэлжилсэн Элсэн манхантай аж. Хан хөхий тогтоогүй бол хоёр элс нийлэх байсан. Тэгвэл тэр хавь тэр чигтээ цөл болох байсан тухай нутгийн иргэд хуучилдаг билээ. Гайхамшигтай тогтоцтой учир Хан-хөхий уулыг ЮНЕСКО-ийн бүртгэлд оруулж, хамгийн ашигтай уул гэж 2001 онд нэрлэсэн байна. Энэ ууланд 360 гаруй төрлийн ургамад байдаг. Үүний дотор маш алдартай, эрт дээр үеэс хэрэглэж ирсэн Хан-хөхийн Шахлай шар цэцэг, Ясны цэцэгтэй. Хан хөхий бол Хөвсгөлийн уулс шиг ногоон хуш мод их учраас жил бүхэн их хэмжээний самар ургадаг аж. Мөн хар мод элбэгтэй ой юм. Хойд талын амуудаас том голууд гардаг, нэлээд намагтай, шавартай нуруунд ордог. Энэ уулын ойролцоо халх, баяд, дөрвөд, казакууд нутагладаг аж. Хяргас нуурын урд орших Завхан суманд Сартуулууд мөн байдаг. Энэ уулыг 300 жилийн тэртээгээс Дарванчин гэгээн Дэлэн хутагт, Жалханз хутагт Жамсранжав, Лувсандондов, ноён Лу Жанчив зэрэг хутагтууд тахиж ирсэн байна. Догшин хайрхан гэдэг учраас нэг талаас хамгаалах, нөгөө талаас аргадар зорилгоор тахиж иржээ.УИХ-ын гишүүн асан Авдай:  Ханхөхийд геологийн хайгуул зарим нэг газар хийгдсэн ч, бүрэн судлагдаагүй, онгон дагшнаараа газар юм. Хайгуулаар нүүрсний нөөц тогтоогдсон. Барилгын төрөл бүрийн будаг оломгени шороотой, бараглит гэх чулуутай. Аспест болон зэс, молибдений илэрцтэй. Тиймээс энэ газрыг байгаа чигээр нь хамгаалах зорилгоор дархан цаазтай уулсын тоонд оруулсан тухай хуучилж байсан нь саяхан. Тэгвэл Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2022.07.27-ны өдөр болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд, Хан Хөхий хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг дөрөв дэх удаагаа ёслол төгөлдөр үйлдэж байгааг дурдав. Бидний өвөг дээдэс байгалийн хуулийг танин мэдэж, хувирал хэмнэлд нь ахуй амьдралаа найрсан зохируулж, жам ёсыг ухааран сэнхэрч ирсний яруу тод нэгэн илрэл нь уулын тэнгэрийг тайх ёслол гэдгийг хэллээ. Байгаль дэлхийн уул ус, мод бут алив бүхэн нь амьтай, эзэнтэй хэмээн итгэн сүсэглэж, унаган нутгаа хайрлан хамгаалж, уугуул төрхөөр нь үр хойчдоо өвлөн үлдээх тухай энэхүү зан үйл нь монголчуудын түүх соёл, итгэл бишрэлийн цогцолбор гэдгийг онцлов. Тийм ч учраас өвөг дээдсээс уламжлан ирсэн үнэт өв – уул ус, овоо тахилгын уламжлалт зан үйлдээ хүндэтгэлтэй хандаж, уг язгуур төрхөөр нь хадгалан хамгаалж, өвлүүлэн уламжлуулах талаар Төрийн тэргүүн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байгааг тэмдэглэв. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир Хан Хөхий хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг Увс аймгийн музейд хадгалуулахаар өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007.07.26-ны өдрийн 183 дугаар зарлигаар Хан Хөхий уулыг Төрийн тахилгатай болгосон. Үүнээс хойш 2008, 2012, 2017 онд тус тус Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг зохион байгуулсан байна. Увс аймгийн нутагт орших Хан Хөхийн нурууны ноён оргил Алтан Дуулга нь далайн түвшнээс дээш 2,928 метр өндөрт оршдог юм.

Хан-Хөхий хайрханы тэнгэрийг тайх ёслол

Сутай хайрхан

2021.08.07. Монгол Улс. Говь-Алтай аймаг. Далайн түвшнөөс 4300 метрийн өндөрт сүндэрлэдэг. Энэ уулын савдаг нь Сарлаг унасан бүсгүй байдаг гэсэн аман яриа бий. Үнэхээр уулыг хэдэн талаас нь ажваас хэвтэж байгаа сарлаг ч юм шиг сайхан төрхтэй аж. Урьд цагт уг уулнаас зэрлэг үхрийг буулган гаршуулж сааж байсан учраас сүүтэй уул хэмээн нэрлэх болсон гэлцдэг. Тиймээс ч нутгийн иргэд эрт дээр үеэс сүүгээр цацал өргөж энэ уулаа шүтэж иржээ. Эргэн тойрных нь зон олон үхэр сарлаг ихтэй, сүү сааль их баян хангай юм. Хүн ард нь сүү цагаагаар тасардаггүй, үхрээр дундардаггүй буян заяатай тул эхэндээ Сүүтэй уул хэмээн нэрийдэж байгаад, яваандаа Сутай хайрхан гэж дуудах болжээ. Чингисийн удам Саму Бумагийн ач хүү Бишрэлт гүн Сутайн нэрээр энэ уулыг нэрийдсэн гэж домогт өгүүлсэн тухай ярих нэгэн бий. Мөн Сутай хатны сан хэмээх мөртүүд байдаг нь нэгийг хэлэх биз. Сутай уулын ихэнх хэсэг нь Говь-Алтай аймагт оршдог. Тиймээс Сутай хайрхан дөрвөн сумын нутагт харагдана, суусан боссон ч харагдана, харанхуй манан дундаас ч харагдана гэж шүлэглэсэн биз. Үнэхээр ч Сутай мөнх цастай учир харанхуй дотроос гэрэлтэн харагдах аж. Цагаан шөнө Сутай хайрханаас эх авч урсдаг Зүйлийн голд саргүй шөнө тохиодог нь үүнтэй холбоотой. Сутай нь Монголын цастай уулсыг бодвол илүү өргөн талбайг эзэлсэн их цастай. Сутайн тэр их цасны туяанд уулын өвөрт цагаан шөнө болж, тэр үеэр зон олон нь цүү хаясаар уламжлалт наадгайгаа хадгалж үлдэж чадсан гэлцдэг. Мөнх цасных нь гэрлийн тусгалыг магтан дуулж Зүйлийн цагаан шөнө гэж яруу найрагт мөн шүлэглэн үлдээжээ. Монгол Алтайн нурууны мөнх цаст Сутай хайрхан нь байгалийн сайхан, сүр жавхлан бүрдсэн, Алтай нутгийнхны хишиг даллага, сүсэг бишрэл, домог түүх цогцолсон Монгол орны өрнө зүгийг даан сахисан харуул хайрхан юм. Бэлээс нь шүтэж мөргөж байгаа олон хүнтэй таарч байсан нь бахархууштай. Гандантэгчлэн хийдийн төв шүтээнд мөргөж байгаа мөргөлчид шиг газар дэвсээд мөргөж байсан олон хүн байсан. Эндээс монголчуудын зүрх сэтгэлийн хамгийн нандин хайрхан юм байна гэсэн ойлголт бүрнээ авсан хэмээн хуучлах нэгэнтэй таарч явлаа. Тэгвэл мөнх цаст энэ хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга 2021.08.07-ны өдөр болов. Тахилгын ёслолын өмнөх орой Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон аймгийн төв хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурав. Орон нутгийн удирдлага, сүсэгтэн олон өөр өөрийн одонд залбирал, мөргөл үйлдсэний дараа Аргил цагаан өвгөн тууль хайлснаар одны тахилга өндөрлөв. Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед Ганжуур их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд жавдандаа суун Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв. Тэрээр Ганжуур их хөлгөн судраас адис аван, овооны өмнө гурвантаа мэхийн ёсолж, тэнгэрт хүндэтгэл илэрхийллээ. Энэ үеэр хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Үүний дараа туульч Алтайн магтаал хайлав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Уул овооны тахилга бол байгаль дэлхийн жам ёстой зохицон, уул усаа дээдлэн ирсэн нүүдэлчин монгол түмний үнэт өв, уламжлал, соёл. Тэнгэр, газар, байгаль эхээ дээдлэн шүтэж, хайрлан хамгаалах, өгөөж хишгийг нь зүй ёсоор зөв хүртэхийн эх болсон өнө эртний сүсэг бишрэл, уул усны тахилга, уламжлалт зан үйлийг тасралтгүй уламжлан хадгалж, үндэсний өв соёл, үнэт зүйлээ үрийн үрд өвлүүлэн бадрааж явах учиртай гэв. Мөн аймаг, сумдын удирдлагууд ард иргэд, хүүхэд, залууст үндэсний соёл, түүх уламжлал, ёс заншил, нутгийнхаа тахилгат хайрхан, уул, овооны талаар мэдлэг олгох, байгаль хамгаалал, экологийн боловсролыг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх чиглэлээр чармайн ажиллахыг сануулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сутай хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд үүрд хадгалуулахаар хүлээлгэн өгөв. Энэ удаагийн тахилгыг орон нутаг, иргэдийн хүсэлтийг харгалзан уламжлалт дэг жаяг, зан үйлийн дагуу зохион байгуулжээ. Монгол Алтайн нурууны мөнх цаст Сутай хайрхан нь байгалийн сайхан, сүр жавхлан бүрдсэн, Алтай нутгийнхны хишиг даллага, сүсэг бишрэл, домог түүх цогцолсон Монгол орны өрнө зүгийг даан сахисан харуул хайрхан юм.

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол

Говь гурван сайхан

2023.06.15.Монгол Улс. Өмнөговь аймаг.Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Зүүнсайхан ууланд орших Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2023.06.15-ны өдөр болов. Тахилгын ёслолын өмнөх орой лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурав. Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед Ганжуур их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв. Дараа нь хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Өмнөговь аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл гэдгийг тодотгов. Мөнх хөх тэнгэртээ сүсэлж, хөрст дэлхийгээ шүтэн, байгальтайгаа эвсэн найрсаж, уул ус, ургамал модоо амьтай, эзэнтэй хэмээн хайрлан дээдэлж ирсэн нүүдэлчин монгол түмний соёл иргэншлийн гайхамшиг, давтагдашгүй онцлог гэдгийг хэлэв. Байгаль эхээ хайрлан хамгаалж аж төрөх монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн дээдэлж, ой, усны нөөцийг нэмэгдүүлэхэд хүн бүр хувь нэмрээ оруулахын чухлыг тэмдэглэв. Мөн Говь нутаг өрнүүн хөдөлмөр, их бүтээн байгуулалтын талбар болж, улс орны хөгжил дэвшил, хүн ардын амьдралд бодитой хувь нэмрээ оруулж, урагшлах урам зориг, дэвжих итгэл найдварын өлгий болж байна. Өмнийн говийн зон олон нутгийнхаа эрдэс баялгийн хишиг буяныг хүртэж эхэлснээр нутаг орноо хөгжүүлж, амьдрал ахуйгаа өөд нь татан, улс орон, ард түмнийхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй аймаг гэлээ. Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч Алтайн магтаал хайлав. Их тахилгат хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө. Дараа нь Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд Буман цагаан судар, Их тахилгат хайрхан уулсын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншиж, мандал өргөв. Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, Монгол Улсын даяар дуурсагдах мэргэн Ж.Баттөмөрт  хүлээлгэн өгч, тус аймгийн Хүрмэн сумын Хүрмэн багийн малчин Г.Нямдоржийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв. Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Өмнөговь аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх гуравдахь удаагийн төрийн тахилгын ёслол өндөрлөв. Говь гурван сайхан уулын Их тахилгат хайрхны тэнгэрийг Өгэдэй хааны үеэс тахиж байсан түүхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012.08.23-ны 153 дугаар зарлигаар Говь гурван сайхан уулын Зүүнсайхан ууланд орших Их тахилгат хайрхныг төрийн тахилгатай болгосон юм. Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх гурван том нурууг Говь гурван сайхан уул гэдэг. Хамгийн өндөр нь Зүүнсайхан уул бөгөөд далайн түвшнээс дээш 2,846 метр. Энэ ууланд Ёлын ам, Мухар шивэртийн ам, Улиастай ам, Тосонгийн ам, Дүнгэнээгийн ам зэрэг үзэсгэлэнт газар олон. Баруунсайхан ууланд 400 сая жилийн өмнөх мантийн чулуулаг ил гарсан сонин тогтоц бүхий газар байдаг. Үүнээс гадна дөрөвдүгээр сарын сүүлээр монгол сакура буюу бүйлс цэцэглэдэг юм. Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрыг 1993 онд байгуулж, Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумын нийт 2,700 орчим га талбайг хамруулжээ.

Говь гурван сайхан уулын тэнгэрийг тайх ёслол

Бурхан буудай

2024.07.20. Монгол Улс. Говь-Алтай аймаг.Бурхан буудай хайрхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол 2024.07.20-ны өдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын хөхөгчин тахиа өдөр Бурхан буудай хайрхан уулын Тахилгат овоонд боллоо. Бурхан хэмээн хүндэтгэн, дээдлэн шүтэж ирсэн хоёр их хайрханы нэг Алтайн нурууны салбар Бурхан буудай уулын унаган төрх, ургамал амьтан, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд зарлиг гарган, төрийн тахилгатай болгож, анхны төрийн тахилгыг үйлдлээ. Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед Ганжуур их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв. Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх, соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл гэдгийг тэмдэглэв. Байгаль дэлхийтэйгээ зохистой харилцах, унаган төрхийг нь хадгалан хамгаалахад онцгой ач холбогдолтой энэ өв соёлыг 2017 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэсэн гэдгийг тодотгов. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх зорилготой Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Говь-Алтайчууд дэмжин 108 сая мод тарих амлалт өгч, бусад аймгаа манлайлсанд төрийн тэргүүн талархал илэрхийллээ. Хүн төрөлхтний өв соёлыг хадгалсан онгон дагшин байгальтай, эрдэнэс баялгийн арвин сан хөмрөгтэй алтайчууд нутаг орноо улам бүр хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхийг хүсэн ерөөв. Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч Алтайн магтаал хайллаа. Дараа нь УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Бурхан буудай хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө. Лам хуврагууд Буман цагаан судар, Бурхан буудай хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Говь-Алтай аймгийн Бугат сумын Засагт хан клубын харваач, Улсын мэргэн Б.Дашзэвэгт хүлээлгэн өгч, тус аймгийн Цогт сумын Төгрөг багийн малчин С.Мандахнарангийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгож сэтэрлэлээ. Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Бурхан буудай уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өндөрлөв. Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумын нутгийг дамнан орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистой явуулах зорилгоор 1996 онд улсын тусгай хамгаалалтад авсан түүхтэй. Уулын ноён оргил нь 3,765 метр өндөр, мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлөгийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх, асга нуранги ихтэй. Уулнаас Урд гол, Дунд гол, Хойд гол, Уст чацран гол эх авч урсдаг. Вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс, жимсгэнэ ургадаг. Аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувуу ихтэй. Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр байц хад, хадан хавцал байдаг. Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж иржээ.

Бурхан буудай уулын тэнгэрийг тайх ёслол

Алтай таван богд

2024.07.22. Монгол Улс. Баян-Өлгий аймаг. Монгол орны уулсын манлай төрийн тахилгат Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2024.07.22-ны өдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын Улаагчин гахай өдөр Алтай таван богд хайрхан уулын Тахилгат овоонд боллоо. Тахилгын ёслолын өмнөх орой лам хуврагууд Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурав. Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед Ганжуур их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв. Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Баян-Өлгий аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх, соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл бөгөөд байгаль дэлхийтэйгээ зохистой харилцах, унаган төрхийг нь хадгалан хамгаалахад онцгой ач холбогдолтой энэ өв соёлыг 2017 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэсэн гэдгийг тодотгов. Байгалийн болон соёлын өв хосолсон дурсгалт газар болох Алтай Таван богд тэргүүтэй Алтайн өндөр уулсыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлэх ажил эрчимтэй өрнөж байгааг сонордууллаа. Ингэснээр Монгол Алтайн нурууг байгалийн болон соёлын өвийн чухал дурсгалт газар болохыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах монгол уламжлалыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалыг эрчимжүүлж, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Өндөр сүрлэг Алтай Таван богдоо түшин нутаглаж, өлгий  сайхан нутгаа  хүндлэн дээдэлдэг Баян-Өлгийчүүд их хайрхныхаа хайр хишгийг хүртэж, эв нэгдлээ бататган, ажил үйлсээрээ үлгэрлэж, үеийн үед дэвжин байхын  ерөөлийг өргөн дэвшүүллээ. Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч Алтайн магтаал хайллаа. Дараа нь УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Алтай Таван богд хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө. Лам хуврагууд Буман цагаан судар, Алтай Таван богд хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, үндэсний сурын Улсын мэргэн, урианхай сурын дархан мэргэн, буриад сумын хошой мэргэн М.Батгэрэлд хүлээлгэн өгч, тус аймгийн Цэнгэл сумын аварга малчин Ч.Хэнзхүүгийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгож сэтэрлэлээ. Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн ёслол өндөрлөлөө. Монгол Улсын дээвэр буюу хамгийн өндөрт өргөгдсөн цэг бол Алтай Таван богд уулсын Хүйтэн оргил юм. Хүйтэн оргил далайн түвшнөөс дээш 4,374 м өндөрт өргөгдсөн. Алтай Таван богдын уулс нь Хүйтэн, Наран, Найрамдал, Малчин, Бүргэд гэсэн оргилтой юм.

Алтай таван богд уулын тэнгэрийг тайх ёслол