12 сар 19, 2024

Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонголоо

2024.07.02. Монгол Улс. Улаанбаатар хот.Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1-т заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ хэмээн заасан байдгийг Улсын Их Хурлын гишүүн, хуралдаан даргалагч Д.Рэгдэл танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг мөн Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн 2024.07.02-ны өдрийн 22 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг нэр дэвшүүлэхээр санал болгожээ. Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгалан нь 1981.11.27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 2003 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Холбоо, мэдээллийн технологийн сургууль, 2011 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер, мэдээлэл хэмжлийн электроникийн инженер, улс төр судлаач мэргэжилтэй. 2000-2007 онд Соёмбо Принтинг компанийн ерөнхий менежер, захирал, 2007-2009 онд Монгол шуудан ТӨК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга, 2009-2012 онд МАН-ын Хэрэг эрхлэх газрын ХМОНХХ-ийн дарга, 2008-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч бүлгийн дарга, 2015-2016 онд МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга, 2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2022 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллажээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Улсын Их Хурлын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно хэмээн заасан байдгийг хуралдаан даргалагч танилцууллаа. Ингээд Улсын Их Хурлын даргыг сонгох санал хураалтыг гар өргөж явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжсэнээр талаарх Улсын Их Хурлын тогтоолыг уншиж танилцуулав. Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулж өглөө. Үүний дараа шинээр сонгогдсон Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан: Улсын Их Хурлын даргын хувьд Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, үндсэн хуулийг сахин ажиллана гэдгийг тэмдэглээд хүний эрхийг хангах, хамгаалах явдал төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно. Тийм ч учраас Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизм дахь Улсын Их Хурлын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүний эрх, эрх чөлөөний асуудлыг шинээр байгуулагдаж байгаа Улсын Их Хурал онцгой анхаарч ажиллана гэдгийг онцолжээ. 

Translate