12 сар 19, 2024

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Хоккейн үндэсний шигшээ баг 2024.04.15-20-ны өдрүүдэд Кувейт Улсад болсон Хоккейн дэлхийн аварга шалгаруулах IV дивизионы тэмцээнээс алтан медаль хүртсэн. Мөн залуучуудын шигшээ баг 2024.04.21-30-ны өдрүүдэд Узбекистан Улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын хоккейн холбооны удирдлага болон Үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагч нарт баяр хүргэж, тив, дэлхийн  тавцанд Төрийн далбаагаа мандуулсанд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Цаашид бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, зохион байгуулалтаа сайжруулан амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан хоккейн холбоо нь 60 гаруй жилийн түүхтэй гэдгийг дурдаж, Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн битүү дээвэртэй Спортын ордон баригдсан үеэс хоккейн спортын хөгжлийн шинэ 60 жилийн түүх бичигдэж эхэлсэн гэдгийг онцоллоо. Дэлхийн аварга шалгаруулах IV дивизионы тэмцээнээс анх удаа алтан медаль хүртэж, III дивизионд тоглох эрхээ авсан нь Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт урам, итгэл өгсөн гэдгийг тодотгов. Хоккейн үндэсний шигшээ баг нь 17-41 насны тамирчдаас бүрддэг бөгөөд Залуучуудын шигшээ баг 2024 оны 09 дүгээр сард БНХАУ-д болох Азийн аварга шалгаруулах цомын тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна. Хоккейн тамирчид Бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2017 онд мөнгөн медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2023 онд мөнгөн медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018 онд алтан медаль, 2023 онд хүрэл медаль хүртэж байсан юм.

Translate