12 сар 21, 2024

Сангийн яам 112 нас хүрлээ…

-Үндэсний эрх чөлөөний өдөр-

Монгол Улсад Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 112 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр эх орончдын тэмцэл ялалтад хүрч, 200 гаруй жилийн дараа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин мандуулж VIII Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж, анхны таван яамыг байгуулсан билээ. Богд хааны зарлигаар тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэсэн

  • Гомбын Цэрэнчимэдийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
  • Минжиддоржийн Ханддоржийг Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
  • Гадинбалын Чагдаржавыг Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
  • Галсанцэвэгмидийн Гомбосүрэнг Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
  • Мижиддоржийн Намсрайг Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар тохоон томилсон түүхтэй.

Монгол Улсын анхны таван яам нь улсын төсөв санхүү нь бүрдээгүй, бие даасан хууль эрхзүйн тогтолцоо нь төлөвшөөгүй, дэлхий дахинд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадаагүй, зэвсэгт хүчин нь хөгжин бэхжээгүй амаргүй хүнд сорилтын цаг үеийг амжилттай даван туулж, өнөөдөр 112 жилийн ойтойгоо золгож байна. 

-Сангийн яамны анхны сайд-

Одоогоос нэгэн зууны тэртээ, билгийн тооллын цагаагчин гахай жилийн өвөл, аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан. Энэ өдөр наймдугаар Жавзандамба хутагтыг шашин, төрийг хослон баригч Богд хаанаар өргөмжилж, Богдын засгийн газрыг таван яамтайгаар байгуулсан юм. Тухайлбал, сангийн яам, цэргийн яам, гадаад хэргийн яам, дотоод хэргийн яам, шүүх яамыг богдын засгийн газрын дэргэд байгуулсан түүхтэй. Монгол улсын ууган яамдын нэг болох сангийн яам тухайн үед Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам нэртэйгээр байгуулагдаж байсан юм. Харин анхны сайдаар нь Түшээт хан аймгийн засаг ноён Гадинбалын Чагдаржав томилогдож байжээ. Тэрбээр 1870 онд Түшээт хан аймгийн Говь түшээт ханы Чин вангийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн байна. Тэрбээр, 27 насандаа эцгээсээ угсаа залгамжлан засаг түшээ гүн болсон бол, 30 насандаа Түшээт хан аймгийн дэд дарга, 39 насандаа аймгийнхаа засаг дарга болсон байна. Гадинбалын Чагдаржав нь монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг санаачлагчдын нэг юм. Тиймээс ч, монгол улсыг сэргээн тогтооход хүчин зүтгэсэн түүний хөдөлмөрийг үнэлж, Богд хаан Жавзандамба анхны сангийн сайд Чагдаржавт үе улиран түшээт цол, төрийн жүн ван, чин ван хэргэмийг олгож байжээ. Гадинбалын Чагдаржав сангийн сайдын албыг дөрвөн жил хашиж, улмаар 1915.07.16-нд зуурдаар таалал төгссөн байна. Тэрбээр, сангийн сайдын албыг хашихдаа, Манжид албан гувчуур төлөх явдлыг бүр мөсөн таслан зогсоосноос гадна, монгол улсын сан хөмрөгийг арвижуулахад хувь нэмрээ оруулсан түүхэн хүн юм. Харин дэд сайдуудаар Сэцэнхан аймгийн засаг ноён бишрэлт ван Пүрэвжавын Доржцэрэн, Засагт хан аймгийн засаг ноён сартуул сэцэн ван Насанбуянжаргалын Жалчингомбоцэдэн нар томилогдож, сангийн яамны түшмэлээр зайсан лам Лувсанбалдан, түшмэлээр Нэринванчиг нар томилогдож байжээ. Тэд, монгол улсын санхүү төсвийн бүх хэргийг захирч, улсын сан хөмрөгийг нэмэгдүүлэх бодлогыг тодорхойлж байснаас гадна, олон төрлийн татварыг санаачилсан түүхэн хүмүүс юм. Тухайлбал, 1911 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр, гадаадын иргэдээс газрын түрээсийн татвар авч эхэлсэн байна. Ингэхдээ гадаадын иргэд монгол улсын нутаг дэвсгэрээр мал тууварлавал бэлчээрийн түрээсийн татвар төлж эхэлжээ. Нэг тэмээнээс лан мөнгө, үхэр адуунаас таван цэн алт, хонь ямаанаас хоёр цэн алтны татвар жилд хоёр удаа авч байсан байх жишээтэй. Үүнээс гадна, гадаадын иргэд монгол улсын нутаг дэвсгэрээс өвс хадвал жилд 2 цэн алтны газрын түрээсийн татвар мөн авч байжээ. Харин гадаадын иргэд тариалангийн талбай түрээслүүлэх бол, тухайн газрын үржил шим, хөрс, зам суурингийн хол ойрыг харгалзан үзэж, талбайгаа дээд, дунд, доод зэрэгт ангилж шатлалтайгаар татвар ногдуулж байжээ. Тухайлбал, дээд зэргийн талбайгаас жилд 3 цэн алт, дунд зэргийн талбайгаас жилд 2.5 цэн алт, доод зэргийн талбайгаас жилд 2 цэн алтны татвар авч байжээ. Үүн дээр тариалангийн талбай эзэмшүүлсний төлбөрт нэг цэн алт давхар авдаг байсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна. Хэдийгээр сангийн яамыг байгуулж, сангийн сайдаар ахлуулсан албан тушаалтнууд газрын түрээсийн татварыг бий болгосон ч тухайн үед улсын сан хөмрөг хүндхэн байжээ. Тиймээс төсвийн хөрөнгийн нэмэгдүүлэх зорилгоор экспорт, импортын бараанаас гаалийн татвар авч эхэлсэн байгаа юм. Энэ дагуу, Богд хаант засгийн газар 1912 онд Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэх яам байгуулж, яамны харьяа хороодыг Нийслэл хүрээ, Миймаа хот, Улиастай, Хиагтад нээсэн байна. Энэ үеэс эхлэн гаднаас оруулж ирсэн бараа, гадагшаа гаргаж буй таваараас гаалийн татвар авч эхэлжээ. Ер нь тухайн үед импортоор оруулж ирсэн цай зэрэг хүнсний бүтээгдэхүүнд 5 хувийн татвар, архинд 10 хувийн татвар ногдуулж байсан байна. Харин Монголоос экспортолсон мал, ноос, арьс, шир, бугын эвэр, хүдрийн заар, мөөг, мод, хунчир, алтны элс, бохир алт, эрдэнийн чулуу зэрэгт 5 хувийн татвар ногдуулдаг байжээ. Үүнээс гадна монгол иргэдийн худалдан борлуулсан бүтээгдэхүүн бүрт 5 хувийн татвар ногдуулж эхэлсэн байна. Энэ татварыг тухайн үед дотоод гаалийн татвар гэж нэрлэдэг байжээ. Ийнхүү гаалийн яамыг байгуулж төсвийн хөрөнгийн багагүй хувийг экспорт, импорт, дотоод гаалийн татвараас бүрдүүлж байсан ч, улсын сан хөмрөг санасан хэмжээнд хүрэхгүй байлаа. Тиймээс төсвийн хөрөнгийн хэмнэх зорилгоор гаалийн яамны орон тоог цөөлж сангийн яаманд нэгтгэжээ. Энэ цагаас сангийн яам гааль хураах, гадаад хүү, дотоод хүү гэсэн гурван хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Гааль хураах хэлтэс нь экспорт, импорт, дотоод гаалийн татварыг хураан авч орлогоо дотоод хүүгийн хэлтэст хүлээлгэн өгдөг байжээ. Гадаад хүүгийн хэлтэс нь газрын түрээсийн татварыг хураан авч түүнийгээ дотоод хүүгийн хэлтэст хүлээлгэн өгдөг байсан байна. Харин Дотоод хүүгийн хэлтэс нь гаалийн болон түрээсийн татварын орлогыг цалин, хөлс олгоход зарцуулж байснаас гадна, бараа бүтээгдэхүүн худалдан авч, ханган нийлүүлэх ажлыг гардан явуулдаг байжээ. Тухайн үед ууган яамдын тэргүүн сайдууд 290 лан мөнгө, дэд сайдууд 180 лан мөнгөний цалин авдаг байсан байна. Үүнийг өнөөгийн ханшаар тооцвол, сангийн тэргүүн сайдууд 1,1 сая төгрөгийн цалин, дэд сайдууд 740 мянган төгрөгийн цалин авдаг байжээ. Сангийн яамны дотоод хүүгийн хэлтэс бүх яамдын ажилчдын цалинг энэ мэт бодож олгохоос гадна, яамдыг нүүрс, лаа зэргээр хангах ажил хийдэг байжээ. Анх таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан Сангийн яам Гаалийн яамтай нэгдсэнээсээ хойш орон тоо нь эрс өссөн байгаа юм. Ууган яамдууд дотроо хамгийн их ажилтантай нь тухайн үед Сангийн яам байлаа. Сангийн яамны Дотоод хүү, Гадаад хүү, Гааль хураах хэлтсийг эрхэлсэн түшмэл, дэс түшмэл гэсэн гурван хүн удирддаг байсан бөгөөд тэдний доор 80 орчим хүн ажиллаж байсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна. 112 жилийн түүхтэй монгол улсын ууган яамдын нэг болох Сангийн яамнаас Харилцаа холбоо, Уул уурхай, Хүнсний, Гоёл чимгэлэлийн, Банкны зэрэг манай улсын тэргүүний байгууллагууд төрөн гарчээ.

-Богдын засгийн газрын санхүү-

Сангийн болон Гадаад яам хамтарч 1911 оны сүүлчээр алтны гаалийн татварыг шинэчлэн тогтоолоо. Өмнө нь монгол улсын нутаг дэвсгэрээс олборлож, худалдан борлуулсан алтны үнийг дүнд жилд 2 хувийн татвар ногдуулдаг байсныг халж, сард 16.5 хувийн татвар авдаг болов. Ийнхүү төрөл бүрийн татвар нэвтрүүлсэн ч тухайн үед улсын сан хөмрөг хүндхэн, орлого зарим үед тооцоолж байсан хэмжээнд хүрдэггүй байжээ. Тухайн үед хүн амын дийлэнх нь татвараас чөлөөлөгддөг байсан учраас хүндхэн санхүүтэй байсан нь мэдээж. Тэр үеийн засаг ноёд, хутагт хувилгаад, 25-аас доош бодтой хошууны захирагч, туслагч, залан, занги бүгд алба гувчуураас чөлөөлөгддөг байсан тул төсвийн орлогыг бүрдүүлэхээр оросоос зээл хүссэн байх юм. Тус улс манай саналыг хүлээн авч 1912 оны тавдугаар сард 100 мянган рублийг 10 жилийн хугацаатай олгожээ. Энэ нь манай эдийн засагт нэмэр болсон ч, цэрэг иргэний зардалд үүнээс их хөрөнгө шаардагдаж байсан гэдэг. Тиймээс 1913 нэгдүгээр сарын 15-нд Ерөнхий сайд Т.Намнансүрэн, сангийн сайд Г.Чагдаржав нар оросын консул Коростовецтой гэрээ байгуулж, 2 сая рублийг 20 жилийн хугацаатай зээлэхээр тохиролцов. Үүнээс зургаан сарын дараа Манай засгийн газар Оросын консулаар дамжуулан хойд хөршөөс дахиад зээл хүсчээ. Энэ хүсэлтийг нөгөө тал хүлээн авсан ч, оронд нь нэг болзол тавьсан нь Монгол улсад Оросын санхүүгийн зөвлөхийг урьж ажиллуулах явдал байлаа. Богдын засгийн газар үүнийг хүлээн авах боломжгүй гэж үзэн бүх аймгуудаас татвар авч, төсвийн орлогоо дотоодоосоо бүрдүүлэх гэж оролдсон гэдэг. Ингэхдээ, Түшээт хан аймгаас 246 мянган лан, Сайн ноён хан аймгаас 82 мянган лан мөнгөний татвар авахаар төлөвлөжээ. Тухайн үед нийт аймгуудаас 700 мянган лан мөнгө /1 лан ойролцоогоор 37 грамм/- ний татвар хураахаар төлөвлөсөн ч, ердөө 25 хувийг нь улсын сан хөмрөгт төвлөрүүлж чадсан байна. Энэ нь санхүүгийн бүх хэрэгцээг хангахад хүрэлцээгүй учир Богдын засгийн газар зээлийн эрэлд дахиад морджээ. Ингэхдээ монгол улсад үйл ажиллагаа явуулж байсан Дайчин улсын банк /Дайчин нь тэр үеийн Дачин улс буюу Манж улс/-ны салбараас зээл хүссэн гэгддэг. Гэвч тус банкныхан оросын нэгэн адил манай талд өөрсдийн болзлоо тавих нь тэр. Энэ банкинд монгол улсын дундаж өрхийн өр мянган лан мөнгөөр хэмжигдэж байсан гэх. Энэ өрийг барагдуулж байж Богдын засгийн газар зээл авах боломжтой гэсэн болзлыг тус банк тавьсан байгаа юм. Богдын засгийн газар иргэдийн энэ өрийг ямар нэгэн аргаар төлүүлэх арга хэмжээ авахыг даалгаж, Сангийн яам иргэдээс өрөө төлөхийг шаардсан байна. Үүний үр дүнд дээрх банкинд төлөх монголчуудын нийт өрийн 25 хувийг 1913 оны эцэст барагдуулсан ч, тусыг эс олжээ. Дайчин улсын банкны салбар Богдын засгийн газарт мөнгө зээлсэнгүй. Ийнхүү манай улс энд тэндээс зээл хүссэн ч бүтэл муутай байсан тул Оросоос авах зээлээ 3 сая рубльд хүргэх санал тавьжээ. Хойд хөрш эхний ээлжинд 2 сая рублийн зээл олгох ба дөрөвний нэгийг Монголд байгуулах цэргийн сургуулийн зардалд, үлдэх мөнгийг нь төсвийнхөө зардалд зарцуулж болно. Зээлийг 30 жилийн хугацаанд барагдуулах ёстой ч, оросын зөвлөхийг авч ажиллуулаагүй цагт зээл олгох бололцоогүй гэсэн болзол дахин тавьжээ. Ингээд Богдын засгийн газарт С.А.Козин /Монголчуудын дунд Гоожин нэрээр алдаршсан эрхэм/ санхүүгийн зөвлөхөөр ажиллахаар болж, манай улс хойд хөршөөс хүссэн зээлээ авах бололцоо бүрдсэн юм.

-Монголд зөвлөхөөр С.А.Козин ирэв-

Богдын Засгийн газар оросоос удаа дараа зээл хүссэний эцэст хойд хөршөөс 3 сая рублийн зээл авахаар болжээ. Оросууд тухайн үед манай улсад зүгээр ч нэг мөнгө зээлсэнгүй. Богдын засгийн газарт зээлсэн 3 сая рублийг зөв зохистой захиран зарцуулах төлөөлөгч болох С.А.Козинг Монгол Улс руу давхар илгээсэн юм. Ингээд Богдын засгийн газар 1913 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр С.А.Козинтой гэрээ байгуулсан байна. Гэрээг гурван жилийн хугацаатай байгуулсан бөгөөд С.А.Козин 1914 оны тавдугаар сарын 13-нд манай улсад ирж, эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж эхэлжээ. Оросоос ирсэн эдийн засгийн зөвлөхийн хийх ёстой гол ажил бол Монгол Улсын сан хөмрөгийн хөрөнгийг захиран зарцуулахад зөвлөгөө өгч, татвар хураамжийг хэмжээг тодорхойлох, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэхэд чиглэсэн шинэлэг санаа олж, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд Сангийн яамтай хамтран ажиллах явдал байлаа. С.А.Козин хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын иргэдийн аж амьдрал, эдийн засгийн нөхцөл байдалтай биеэр танилцаж, ашигт малтмалын ордуудыг нээж, мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэхийн тулд ургамлын бүтэц, газрын үржил шимийг судлах шаардлага тулгарч байжээ. Тиймээс тэрбээр ирсэн даруйдаа манай улсын санхүүгийн байдал, орлогын гол эх үүсвэрүүдийг судалж эдийн засгийн нөөц бололцоог нэмэгдүүлэх гарц хайж эхэлсэн байна. Манай улс уул уурхайн баялаг ихтэйгээс гадна, малын тоо толгой их учир эдгээрийг оросын зах зээлд нийлүүлэх боломжтойг тэрээр олж харжээ. Тиймээс Монгол улс зээлээ эргүүлэн төлөх нөөц бололцоотой тул зээл олгох боломжтой гэсэн ноот бичгийг өөрийн улсдаа илгээсэн байх юм. Ингээд 1914 оны есдүгээр сарын 30-нд хойд хөрш манай улсад 3 сая рублийн зээлийг 30 жилийн хугацаатай олгох шийдвэр гаргажээ. Ингэхдээ, эхний 1 сая рублийг тэр даруй олгосон бол, үлдэх мөнгийг зургаан сарын зайтай 500 мянган рублиэр таслан олгосон байна. Энэ мөнгийг улсын төсөв, санхүүд зарцуулахаас гадна тариалан, мал аж ахуйг сайжруулах, уурхайн баялаг ашиглах, оросын сургагч нарын сургалтын зардал, иргэдийн боловсролыг дээшлүүлэхэд зарцуулахаар тохирчээ. Зээлийг 30 жилийн дотор барагдуулах ёстой байсан бөгөөд эцсийн зээл олгосон өдрөөс эхлэн жил тутам 100 мянган рублийг төлөхөөр тохиролцсон байна. Ийнхүү хойд хөршөөс урт хугацаатай зээл авахад С.А.Козины оролцоо, туслалцаа их байсан гэж түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна. Тэрээр 1915 онд улсын орлого зарлагын данс үйлдэж, нэгдсэн төсөв зохиох, тайлан гаргах журам боловсруулсан бол, 1916 онд Санхүүгийн зөвлөх газрыг байгуулж хойд хөршөөс эдийн засагч, инженер, хөдөө аж ахуйн нарийн мэргэжлийн 25 хүн авч ирж ажиллуулжээ. Тус газар манай улсын санхүү, төсөвт тулгамдаж байсан гол хүндрэлүүдийг тухайн үед хэрхэн тодорхойлж байсан нь их сонин. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг байсан гадаадын иргэд, орон нутгийн эрх баригчидтай үгсэж татвараа бараг төлдөггүй. Мөн гадаадын иргэд зөвшөөрөлгүй талбайд бэлчээр болон тариалангийн газар ашиглахын зэрэгцээ ашигт малтмал олборлож, татвар төлдөггүй зэрэг олон хүндрэлийг олж харсан байна. Үүнийг татвар хураах нэгдсэн журам байдаггүйгээс гадна, түрээсийн хураамжид хяналт тавьдаггүйтэй холбон тайлбарлаж байжээ. Тиймээс тэрбээр татварын хувь хэмжээг нэмэгдүүлж, хяналтыг сайжруулах хэрэгтэй гэж тэд Богдын засгийн газарт зөвлөж байлаа. Ингэхийн тулд, гадаад хүүгийн хэлтэс, дотоод хүүгийн хэлтэс, гааль хураах хэлтэстэйгээр анх байгуулагдсан Сангийн яаманд улсын ашиг орлогыг бадруулах хэлтэс байгуулахыг зөвлөсөн байна. Энэ хэлтэс байгуулагдсан даруйдаа Сангийн яамны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлж, данс тооцоо тайлан тэнцлийг тодорхой журамтай болгож, монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, үйлчилгээ, аж ахуй эрхлэгчдийн орлогод хяналт тавьж, тэднээс авах татварын хувь хэмжээг тодорхойлж эхэлжээ.

-Монголын худалдаа аж үйлдвэрийн банк буюу Монголбанк байгуулагдав-

Монгол улсад 19-р зууны эхээр өөрийн гэсэн банк байсангүй. Зөвхөн гадаадын банкны салбарууд үйл ажиллагаа явуулж байжээ. Монгол улсад хамгийн анх үйл ажиллагаа явуулж байсан банк бол Дайчин улсын банк юм. Манж дайчин улсын сангийн яам монгол иргэд болон худалдаачдад өндөр хүүтэй зээл олгож, дундаас нь ашиг олох зорилгоор 1906 онд банкныхаа салбарыг Миймаа болон Улиастайд нээсэн гэдэг. Энэ үеэс хойш монгол иргэд тус банкнаас нэлээд хэмжээний мөнгө зээлсэн байна. Сангийн яамнаас 1911 онд гаргасан мэдээнээс харахад, монгол улсын иргэд Дайчин улсын банкинд 800 мянган лан мөнгөний зээлтэй байжээ. Үүнийгээ цагтаа төлдөг монгол иргэд тухайн үед цөөхөн байсан байна. Тиймээс монголчуудын энэ өрийг барагдуулбал Богдын засгийн газарт зээл олгох боломжтой гэсэн болзлыг Дайчин улсын банк тавьж байжээ. Манжийн дарлалаас ангижраад удаагүй байсан Богдын засгийн газарт тухайн үед улсын сан хөмрөгийг нэмэгдүүлэх хөрөнгө, мөнгө ихээр шаардагдаж байсан нь мэдээж. Тиймээс Дайчин улсын банкинд өгөх ёстой монголчуудын өрийг ямар нэг аргаар төлүүлэхийг Богд хаан Сангийн яаманд даалгаж байжээ. Сангийн яамныхан энэ дагуу 1911 оны эцсээр монголчуудын нийт өрийн 25 хувийг Дайчин улсын банкинд төлүүлж чаджээ. Гэвч энэ нь тусыг олсонгүй. Дайчин улсын банк Монголын засгийн газарт өгсөн амлалтаасаа ухарч, мөнгө зээлсэнгүй. Тиймээс Монгол Улсад Дайчин улсын банкийг ажиллуулахгүй байх шийдвэрийг Богдын Засгийн газраас гаргасан байна. Ингэж л хятадын банкны салбар монгол улсад үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон юм. Гэвч үүний дараа оросын банкны салбар монгол улсад нээгдсэн байна. Энэ нь монголыг гарын таван хуруу шигээ мэддэг оросын иргэн Юферовтой нягт холбогддог. Тэрээр 1912 онд Англи, Францтай хамтран Монголд хувийн банк байгуулах саналыг Богдын засгийн газарт уламжилж зөвшөөрөл авчээ. Гэвч тэрбээр Монголын Засгийн газраас авсан банк байгуулах зөвшөөрлөө цааш нь дамлаж Оросын Засгийн газарт худалдсан аж. Удалгүй 1913 онд оросууд манай улсад хандаж, Юферовт олгосон банк байгуулах эрхийг бид худалдаж авахаар боллоо. Монгол улсад банк байгуулж болох эсэхийг даруй мэдэгдэнэ үү. Юферовын Богдын засгийн газартай байгуулсан банк байгуулах гэрээг Оросын засгийн газар зөрчихгүй хэмээн албан бичиг ирүүлжээ. Үүнийг Монголын Засгийн газар хүлээн авахыг хүсээгүй ч арга буюу зөвшөөрсөн юм. Манж дайчин улсын банк Монголд дахин үйл ажиллагаагаа сэргээхийг эрмэлзэж байсан учир оросын болзлыг хүлээн авахаас өөр аргагүйд хүрсэн тухай түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Ингээд 1915 онд Монгол-Оросын Засгийн газар тохиролцоонд хүрч гэрээ байгуулсан байна. Уг гэрээнд оросууд Монгол улсын сангийн банкийг байгуулж, монголчуудын албан хэрэгцээнд зориулж 6 хувийн хүүтэй мөнгө зээлнэ. Мөн банкны жил тутам олсон ашгийн 14 хувийг Монголын Засгийн газарт өгнө гэж тусгажээ. Гэвч оросууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Тухайлбал 1917 он хүртэл банкныхаа орлого, зарлагын тайланг Сангийн яаманд ирүүлээгүй гэх. Банкныхаа ашгийн 14 хувийг монголын талд өгөөгүй байна. Тэр ч байтугай Монголын Засгийн газрын хэрэгцээнд шаардлагатай зээлийг олгоогүй байгаа юм. Монгол Улсын засгийн газар 1915 онд 200 мянган рубль, 1917 онд 300 мянган рубль, 1918 онд 200 мянган рублийн зээлийг Сангийн банкнаас хүссэн ч авч чадаагүй аж. Оросын банк Засгийн газарт бага хүүтэй зээл олгох бус, монгол худалдаачдад өндөр хүүтэй зээл олгож, ашиг олох зорилгоор байгуулагдсаныг холбогдох албан тушаалтнууд тухайн үед анзаарч, гадаадын банкны эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан байна. Тодруулбал, монгол улсын сангийн банкны үйл ажиллагааг бүр мөсөн хориглох санал боловсруулж, 1918 онд улсын дээд болон доод хурлаар хэлэлцүүлж дэмжүүлсэн байна. Энэ даруй оросын банкны удирдлагууд Засгийн газарт нэгэн захидал ирүүлжээ. Энэ захидалд европт дэгдсэн дайнаас болж, тус банкны хөрөнгө, мөнгө хямралд орж, анх тохиролцсон гэрээгээ зөрчсөн. Монгол улсын сангийн банк 1915-1918 оны хооронд 19,4 сая рублийн гүйлгээ хийсэн. Үүнийхээ цэвэр ашгаас Монголын талд 14 хувийг өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн санал тусгасан байна. Энэ саналыг манай тал хүлээн авалгүй Сибирийн худалдааны харъяа Монгол улсын сангийн банкны үйл ажиллагааг албан ёсоор зогсоосон байна. Ингээд санхүүгийн бэрхшээлээ шийдэхийн тулд Манж дайчин улсын банкны эрхийг сэргээхээр болж, 1918 оны аравдугаар сарын 14-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байх юм. Энэ гэрээнд монголчууд тус банкинд мөнгө хадгалуулах бол гурван хувийн хүү төлнө. Монголын засгийн газар 8 хувийн хүүтэй зээл авна. Монголчуудын өмнө аваад төлөөгүй өрийг гурван жилийн дотор барагдуулна гэж тусгажээ. Дайчин улсын банкныхан монгол улсад үйл ажиллагаа эргэн сэргээсэн нь нэг талаас ашиг олох, нөгөө талаас өмнөх өрөө барагдуулахад оршиж байсан гэж түүхчид үздэг юм. Тиймээс 1924 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа аж үйлдвэрийн банкийг байгуулжээ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Монголбанкны  суурийг оросуудтай хамтарч тавьсан гэсэн үг юм. Ингэж л 112 жилийн түүхтэй монгол улсын ууган яамдын нэг болох Сангийн яамнаас Банкны салбар төрөн гарсан түүхтэй. Энэ банкийг 1954 онд оросууд манай улсад 100 хувь хүлээлгэн өгсөн аж. Монголбанк 1980-аад оны сүүлч хүртэл мөнгөний шинэчлэл явуулах, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргах, үнийн хөдөлгөөнийг зохицуулах, иргэд болон худалдаачдад зээл олгох үйл ажиллагаа эрхэлж байлаа. Харин 1990-ээд оны эхээр Монгол Улс хоёр шатлалт банкны тогтолцоотой болсон юм. Өөрөөр хэлбэл, төвбанк болон арилжааны банк гэсэн хоёр шатлалт тогтолцоотой болсон юм. 2012 оны долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар Монголбанк аймгуудад 17 салбартайгаар, Лондон хотод 1 төлөөлөгчийн газартайгаар, арилжааны 14 гаруй банкны үйл ажиллагааг хянаж байлаа. Харин арилжааны 14 банк 436 салбараараа дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд хадгаламж, зээлийн үйлчилгээ үзүүлж байжээ.

-Сангийн яамны 100 жилийн дараах салбар нэгжүүд-

Төсвийн бодлогын газар: Монгол улсын нэгдсэн төсөв одоогоос арав гаруй жилийн өмнө улсын, орон нутгийн, нийгмийн даатгалын, хүний хөгжил сангийн төсөв гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг байлаа. Сангийн яамны Төсвийн бодлогын газар дээрх дөрвөн төсвийн төлөвлөгөө, орлого, зарлага, санхүүжилтийн бодлогыг хариуцан ажиллаж ирсэн юм. Мөн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн дунд хугацааны төсөөллийг боловсруулдаг юм. Өөрөөр хэлбэл, ирэх гурван жилд манай улс ямар санхүү, эдийн засгийн хүрээнд ажиллах вэ гэдгийг тодорхойлдог газар бол Төсвийн бодлогын газар юм. Үүнээс гадна, дараа жилийнхээ төсөвтэй холбоотой бусад хуулийн зохицуулалт, ялангуяа татварын бодлого, үүний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, зохистой арга хэрэгслүүдийн талаар бодлого боловсруулж ажилладаг. Сангийн яамны Төсвийн бодлогын газар арав гаруй жилийн өмнө дөрвөн хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулж байлаа. Тодруулбал, орлого, зарлага, хөрөнгө оруулалт, нэгдсэн төсөв гэсэн дөрвөн хэлтэстэйгээр ажлаа хийдэг байв. Энэ дөрвөн хэлтэс төсвийн орлого, урсгал зарлага, хөрөнгө оруулалт, төсвийн нэгдсэн байдлыг хангаж ажилладаг. Сангийн сайд, Засгийн газар, УИХ-ыг төсвийн бодлоготой холбоотой мэдээлэл, шинжилгээ, судалгаа, тайлбар, танилцуулгаар мөн хангадаг юм.

Төрийн сангийн газар: Сангийн яамны Төрийн сангийн газар Монгол Улсын төсвийн хэрэгжилтийг хангах, төсвийн зарцуулалтад хяналт тавих, төрийн сангийн төлбөр тооцоог гүйцэтгэх, засгийн газрын өрийн удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй газар юм. Сангийн яамны Төрийн сангийн газрын Пүрэвсүрэн: Монголросцветмет компанийн монголын талын хувь хөрөнгийг бүрдүүлэхэд зориулж манай улс хойд хөршөөс 174.2 сая долларыг зээлж байсан. Энэ өрийг тэглэхэд Сангийн яамны Төрийн сангийн газар нэлээд үүрэг, рольтой ажилласан талаар жишээ татан хэдэн жилийн өмнө ярьж байснаас Сангийн яамны Төрийн сангийн газар ямар чиглэлээр ажилладаг болохыг хялбар ойлгож болох юм. 

Зээл тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газар: Сангийн яамны Зээл тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газар олон улсын байгууллага, гадаадын улс орнуудтай зээл, тусламжийн гэрээ байгуулахаас гадна, зээл тусламжийн хөрөнгийн ашиглалтад хяналт, шинжилгээ, судалгаа хийх үндсэн үүрэгтэй ажилладаг юм. Сангийн яамны Зээл тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Хүрэнбаатар: Гадаадын ямар байгууллагатай хамтран ажиллаж, ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг төлөвлөдөг болохыг хэдэн жилийн өмнө хэлж байснаас Зээл тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газар ямар чиглэлээр ажилладаг нь илт юм.

Санхүү, эдийн засгийн бодлогын газар: Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газар монгол улсад санхүүгийн зах зээл хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах хууль тогтоомж бодлого, стратеги боловсруулах, үүнийг хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлж ажиллдаг. Тухайлбал, Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газар үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийн хүрээнд улс орны эдийн засагт нэн чухал хуулийн төслүүдийг засгийн газарт өргөн барилцаж, парламентаар батлуулахад голлох үүрэгтэй ажиллаж ирснийг энд дурдаж болно. Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Батбаяр: УИХ 1996 онд Банкны тухай хуулийг баталж байсан. Энэ хуулийг шинэчлэн найруулж парламентаар баталсан байдаг. Банкны тухай хуулийг шинэчилснээр банк, санхүүгийн эрсдэлийг цогцоор нь хянах тогтолцоо бий болсноос гадна, банкны удирдлагын эрх үүргийг нарийвчлан зааглаж, хариуцлагыг тодорхой болгосон юм. Үүнээс гадна, арилжааны банкуудын санүүгийн тайлан балансыг олон нийтэд ил тод болгох зохицуулалтыг оруулж өгсөн. Хууль хэрэгжиж эхэлснээр арилжааны банкууд хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэрсийг олон нийтэд зарласнаас гадна, санхүүгийн тайлан балансаа улирал тутам мэдээллэдэг болсон. Энэ нь иргэдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлж, монгол улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд нэг ахиц авчирсан тухай арав гаруй жилийн өмнө ярьж байсан юм. Тус газар монголын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж ирсний нэг нь зээлийн батлан даалтын сангийн тогтолцоог зах зээлд нэвтрүүлэхэд оролцсон явдал. 

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар: Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар сангийн сайдын эрхлэх ажлын үндсэн чиг үүргийн хүрээнд нягтлан бодох бүртгэл, хөрөнгийн үнэлгээ, аудитийн үйл ажиллагааг стандарт, бодлого арга зүй, удирдлага зохицуулалтаар хангах үүрэгтэй алба юм. Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Мягмардаш: Тус газар 2010 онд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг УИХ-аар батлуулсан бол, 2011 онд Аудитийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэж хэдэн жилийн өмнө хуучилж байсныг эргэн сануулахад илүүдэхгүй биз ээ. Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар ийнхүү нягтлан бодох бүртгэлийг хөтлүүлэх, мөрдүүлэх, хангуулах үүрэгтэй ажилладаг. Энэ хүрээнд арав гаруй жилийн өмнө Сангийн сайд С.Баярцогтын тушаалаар Нягтлан бодох бүртгэлийн стандартын орон тооны бус хороо хэдэн жилийн өмнө байгуулагдаж байлаа. Тус хороо нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргахад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн стандартуудыг мөрдүүлэх явдлыг хөхүүлэн дэмжих. Мөн санхүүгийн тайлантай холбоотой зохицуулалт, бүртгэлийн стандарт, журмыг сайжруулах, уялдуулах, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын хэрэглээг нэг мөр болгох, нэгдмэл ойлголтыг хэвшүүлэх асуудлыг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй байгуулагдсан юм. Тус хороог тухайн үед 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байсан. Тэднийг сангийн дэд сайд тухайн үед ахлан ажиллж байсан юм. Орон тооны бус хороонд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Их дээд сургууль болон зарим яамны төлөөлөл багтсан юм.

Худалдан авах ажиллагааны бодлогын газар: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын газар Худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг явуулж, гэрээ байгуулж, үүний хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй юм. Үүнээс гадна, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг худалдан авах ажиллагааны газар төсөвт өртөгтэй худалдан авалт зохион байгуулж ирсэн. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд 2014 онд 1,1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 259 төсөл арга хэмжээний худалдан авалт зохион байгуулахаар байжээ. Үүний 129-ийг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас явуулах байсан бол, үлдсэн тендер шалгаруулалтыг яам хариуцан явуулахаар байжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас зарласан 129 төслийн тендерийн нийт өртөг нь 521 тэрбум төгрөг байсан гэдэг. Үүний 256 тэрбум төгрөг нь эхний ээлжийн санхүүжилт байсан юм. Үүний 80 хувийг цахим байдлаар зохион байгуулахаар тухайн үед төлөвлөж байсан юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын Сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Тэгшдэлгэр: Ийм онцлогтой, ийм өртөгтэй тендерт оролцох аж ахуйн нэгжүүд өмнөх шигээ олон газраар орж, бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй болсон тухай хэлж байсан юм. Худалдан авалт явуулахад аж ахуйн нэгжүүдээс шаарддаг элдэв лавлагаа мэдээллийг төрийн байгууллагууд шууд солилцдог байхаар болсон байв. Үүний бэлтгэлийг хангаж төрийн байгууллагуудыг нэгдсэн цахим системд холбож эхэлж байсан үе юм. Эндээс худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг нэг талаас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын газар явуулдаг. Нөгөө талаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар мөн зохион явуулдаг гэдэг нь тод ялгарч харагддаг билээ. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогынгазрын дарга Ганцогт: Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг 2001 онд хуульчлан баталсан байдаг. Энэ хуульд 2011 оны зургадугаар сарын 9-ний өдөр өөрчлөлт оруулсан. Энэ хуулийг үндэслэж худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг болохыг 2011 онд хэлж байсан юм.

Татварын ерөнхий газар: Үндэсний татварын ерөнхий газар татвар хурааж, улсын төсвийг бүрдүүлэх үүрэгтэй. Мөн тус газар мэдээллийн онлайн сүлжээг улсын хэмжээнд нэвтрүүлж, цаасгүй орчин, цахим татварын тайлангийн системийг үе шаттай нэвтрүүсэн байдаг.

Гаалийн ерөнхий газар: Сангийн яамны харъяа Гаалийн ерөнхий газар түүхэн уламжлалаа өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж байна. Тус газар экспорт, импортын гаалийн татварыг хурааж, улсын төсөвт төвлрүүлэх үндсэн үүрэгтэй. Ажлаа боловсронгуй болгох үүднээс 2010 онд төвлөрсөн мэдээллийн санг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хилийн боомтуудыг орчин үеийн технологиор хангасан байна. Энэ талаар тэр үеийн Гаалийн ерөнхий газрын дэд дарга Оюучимэг: Гаалийн ерөнхий газар гадаад худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдаанд оролцогчдын цаг зардлыг хэмнэх өндөр ач холбогдол бүхий гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагааг автоматжуулж, төвлөрсөн мэдээллийн CAIS, CEPS нэгдсэн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Үүнээс гадна, экспорт, импортын барааг задлахгүй шалгах зорилгоор электрон авто пүү, рентген аппарат, металл илрүүлэгч, машин шалгах толь, компъютер зэрэг орчин үеийн технологиор боомтуудыг хангаж, лаброторийн салбар дөрвийг байгуулж, зарим боомтод GPS системийг ашиглалтад оруулсан тухай 10 жилийн өмнө хуучилж байснаас жишээ татан хэлж болох юм.

-Сангийн яамны 2020 оны онцлох 10 ажил-

2020 он дэлхий даяар Коронавирусын халдварт цар тахалтай тэмцсэн амаргүй жил байлаа. Сангийн яам 2020 онд эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж улс орны эдийн засгийг сэргээх, аж ахуй эрхлэгчдийг дэмжиж ажлын байрыг хадгалах, иргэдийн амьжиргаа, орлогыг хамгаалахад чиглэсэн төсөв, санхүүгийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг. Сангийн яам эдгээр хийж хэрэгжүүлсэн онцлох 10 ажлаас танилцуулж байна.

Онцлох ажил-1 Монгол Улс СААРАЛ ЖАГСААЛТ-аас хамгийн богино хугацаанд гарлаа. Цар тахлын амаргүй үе таарсан ч, нөөц бололцоогоо бүрэн дайчилж САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ БАЙГУУЛЛАГУУД, ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУД төрийн болон хувийн хэвшлийн иргэн, хуулийн этгээдүүдтэй хамтран ажлыг өргөн хүрээнд, шуурхай зохион байгуулсан нь амжилтын үндэс байлаа. Саарал жагсаалтаас гарснаар манай улсын гадаад нэр хүнд өсөх, гадаад худалдаа, банк санхүүгийн төлбөр тооцоонд гарах саатал багасах, мөнгөн шилжүүлгийн шимтгэл буурах ашигтай нөхцөл бүрдэж байна.

Онцлох ажил-2. 2020 оны 9 дүгээр сард бага хүүтэй Номад бондоор өндөр хүүтэй Мазаалай, Чингис бондыг солих ажлыг амжилттай хийж, хүүгийн зардлыг буурууллаа. Уг бондыг жилийн 5.125 хувийн хүүтэй гаргаж чадсан нь Монгол Улсын төсөв, санхүүгийн бодлого зөв, гадаад нэр хүнд өндөр байгааг нотолсон юм. Номад бонд нь гадаад бондын хүүгийн зардлыг 2021 онд 76.1 тэрбум төгрөгөөр бууруулж, гадаад валютын нөөцийг өсгөх, валютын ханшийг тогтвортой түвшинд барихад чухал дэмжлэг үзүүлж байна. Азийн санхүүгийн нэр хүндтэй Finance Asia сэтгүүлээс цар тахлын амаргүй үед Номад бондыг амжилттай арилжсаныг үнэлж Хөгжиж буй зах зээлийн шилдэг-2020, Шилдэг хөрөнгө босгосон улс -2020 шагналуудыг хүртээлээ.

Онцлох ажил-3. 2020 онд эдийн засаг болон төсөвт дарамт үүсгэхгүйгээр 1.9 их наяд төгрөгийн өр төлбөр төллөө.

Гадаад бонд арилжааны нөхцөлтэй зээлийн төлбөрт 864.1 тэрбум төгрөг төлөв. Үүнд:

– 2012.12.05-д гаргасан Чингис бондын хүүгийн төлбөрт 130.2 тэрбум төгрөг

– 2016.03.15-д гаргасан Кредит свисс банкны зээлийн төлбөрт 299.9 тэрбум төгрөг

– 2016.04.06-д гаргасан Мазаалай бондын хүүгийн төлбөрт 153.2 тэрбум төгрөг

– 2017.03.09 -д гаргасан Хуралдай бондын хүүгийн төлбөрт 153.9 тэрбум төгрөг

– 2017.10.26-д гаргасан Гэрэгэ бондын хүүгийн төлбөрт 126.9 тэрбум төгрөг

Хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл төлбөрт 585.9 тэрбум төгрөг төлөв. Үүнд

– АХБ 63 зээлийн төлбөрт 251.8 тэрбум

– Дэлхийн банкны 45 зээлийн төлбөрт 67.1

– Японы улсын 21 зээлийн төлбөрт 106.5 тэрбум төгрөг

– БНХАУ-ын 23 зээлийн төлбөрт 83.5 тэрбум төгрөг

– Бусад улсуудын 65 зээлийн төлбөрт 77.0 тэрбум төгрөг

Дотоод бондын төлбөрт 420.1 тэрбум төгрөг төлөв.

Монгол Улсын 30,31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 оны 10-р сард байгуулагдсанаас хойш нийт 9.9 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулжээ.

Онцлох ажил-4. Цар тахалтай амаргүй энэ цаг үед Монгол Улс зээлжих зэрэглэлээ В, тогтвортой хэвээр хадгалж чадлаа. Дэлхийд тархсан цар тахлын улмаас олон улс орны эдийн засаг унаж, төсвийн алдагдал өсөж байгаа хэдий ч Монголын эдийн засаг богино хугацаанд сэргэж, төсөв, санхүүгийн үзүүлэлтүүд нь сайжирна гэсэн нааштай төсөөллийг зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд хийжээ.

Онцлох ажил-5. Хөгжлийн банк Сангийн яамны мэдэлд шилжиж ирсэн 2020 оны 4-р сараас эхлэн банкны хяналт, сахилга, хариуцлагыг сайжруулах, чанаргүй зээлүүдийг төлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, бүтцийг оновчтой болгох, ил тод, ашиг сонирхлын зөрчилгүй банк болгох зорилт тавин ажиллалаа. Ингэснээрээ:

-Бүтцийг оновчтой болгож, тэргүүн дэд, дэд захирал, ахлахуудын орон тоог цомхотгож, ажил үүргийн давхцлыг арилгаж, орон тоог 144-өөс 104 болгож, 2 охин компанийг татан буулгалаа;

-Үр ашиггүй зардлыг танаж, 2020 онд 7.2 тэрбум төгрөг хэмнэлээ;

-Чанаргүй гэж тооцогдож байсан 6 зээлийг бүрэн төлүүллээ.

-Зээлээ огт төлдөггүй байсан 27 ААН-ээр 32,5 тэрбум төгрөг төлүүллээ.

-Зориулалтын дагуу зарцуулаагүй 17 зээлийг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж байна.

Онцлох ажил-6. Цалингийн нэгдсэн системийг нэвтрүүллээ. Төрийн сангаас цалин хөлсийг төрийн албан хаагчийн дансанд шууд шилжүүлэх системтэй болсноор төрийн албан хаагчдын тоо, бүртгэл цэгцэрч, цалин хөлстэй холбоотой санхүүгийн зөрчил буурах нөхцөл бүрдлээ. Нэгдсэн төсвийн урсгал зардлын 20% болох цалингийн зардлыг бүрэн хянах боломжтой боллоо.

Онцлох ажил-7. Дэлхий даяар цар тахалтай, хил хаалттай үед гадаад хамтын ажиллагааг идэвхтэй явууллаа. Ковид-19 нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж бэлэн байдлыг хангах, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн санхүүжилтийг шийдвэрлэх, вакцин, вакцинжуулахтай холбоотой болон Монгол улсыг Саарал жагсаалтаас гаргах зэрэг зорилгоор хоёр талт болон олон талт 94 удаагийн уулзалтыг цахимаар зохион байгуулж оролцон, нийт 46 гэрээ, хэлэлцээрийг байгууллаа.

Онцлох ажил-8. Төрийн банк цар тахлын үед төрийн үйлчилгээг иргэд, ААН-дэд түргэн шуурхай үзүүлж, зээлдэгчдээ дэмжсэн арга хэмжээг авч хэрэгжүүллээ:

-Нийт 12 төрлийн зээлийн жилийн хүүг 1.2-4.8 нэгж хувиар буурууллаа.

-Цар тахалтай холбоотойгоор 57,217 зээлдэгчийн 624 тэрбум төгрөгийн зээлийн бүтцэд өөрчлөлт орууллаа.

-Цар тахлын үеэр банкны 98 831 карт үнэ төлбөргүй өгч, төрөөс хэрэгжүүлж буй хүүхдийн мөнгө, халамж, тэтгэвэр олгох ажлыг халдвар тархах эрсдэлгүйгээр зохион байгуулах, зээлийн хугацааг сунгах, хүүг нь бууруулах зэрэг харилцагчдаа дэмжсэн ажлуудыг үр дүнтэй хийлээ.

2020 онд Төрийн банк чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, хямд эх үүсвэр гадаад зах зээлээс татах замаар 35.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа.

Онцлох ажил-9. Монгол Улсын Төсвийн нээлттэй байдлын үнэлгээгээр 2020 онд Open Budget Partnership олон улсын байгууллагын судалгаагаар 15 улс орноор урагшилж 41-р байранд жагслаа.

Үүнд Иргэдийн төсөв товхимол, Төсвийн гүйцэтгэлийн сар, улирлын мэдээ, жилийн эцсийн төсвийн гүйцэтгэлийн тайлангийн хамрах хүрээ, агуулга сайжирсан нь чухал нөлөө үзүүлсэн юм. Та бүхэн илүү дэлгэрэнгүйг: https://www.internationalbudget.org/…/cou…/2019/mongolia хаягаас сонирхоно уу.

Онцлох ажил-10. Ковид-19 цар тахлын хүндрэлтэй цаг үед иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, бизнесийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн болон хэсэгчлэн төрөөс хариуцан төлөх зэрэг дараах багц арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүллээ. Үүнд:

-Хувийн хэвшилд ажиллаж буй 989.4 мянган иргэдийн цалингаас 198.9 тэрбум төгрөгийн орлогын албан татварыг 2020 оны 4-10 сарын хооронд чөлөөллөө;

-2020 оны 4-10 сард 570 мянган иргэний 566.8 тэрбум төгрөгийн НДШ-ийг бүрэн, 10-12 сард 148.7 тэрбум төгрөгийн шимтгэлийг хэсэгчлэн төрөөс хариуцаж төллөө;

-Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой 104.4 мянган аж ахуйн нэгжүүдийг 2020 оны 4 дүгээр сараас он дуустал 78.9 тэрбум төгрөгийн орлогын албан татвараас чөлөөллөө;

-Төрийн шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого нь 50 хувиас дээш буурсан боловч ажлын байраа хадгалж үлдсэн 7,284 аж ахуйн нэгжид 4-7 саруудад хадгалсан ажлын байрны тоогоор тус тус 200,000 төгрөг олголоо;

-Түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдэд 2020 оны 2 дугаар сараас татварын хөнгөлөлт үзүүлсний үр дүнд 3,368 түрээслэгчийн 18.9 тэрбум төгрөгийн түрээсийн зардал хэмнэгдлээ

-Энэ оны 2 дугаар сараас хойш 356.2 мянган иргэд, аж ахуйн нэгжийн 876 тэрбум төгрөгийн татварын өрт ногдох алданги, торгуулийг чөлөөллөө;

-6,100 аж ахуйн нэгж, байгууллагын 14.4 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн торгууль, алдангийг чөлөөллөө;

-Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах зорилгоор 15 мянган тонн улаан буудайн элит үр, 160 мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тос импортлоход 24.3 тэрбум төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө.

-Цар тахлын эсрэг Засгийн газраас 2020 онд нийт 2.4 их наяд төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, хүүхдийн мөнгө болон халамжийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.

-Үе үеийн сангийн сайдууд уулзлаа-

Сангийн яамыг анх Богд хааны зарлигаар 1911 онд Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам нэртэйгээр байгуулж байсан тухай дээр өгүүлсэн билээ. Анхны таван яамны нэг Сангийн яамны 110 жилийн ой 2021.12.29.ний өдөр тохиосон юм. Өнгөрсөн хугацаанд Сангийн сайдаар 38 сайд ажиллаж, Монгол Улсын төсөв санхүүгийн бодлогыг тодорхойлж, улс эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж иржээ. Сангийн яамны 110 жилийн ойг тохиолдуулан Сангийн сайд Б.Жавхлан үе үеийн Сангийн сайд нарыг хүлээн авч уулзсан байдаг. Уулзалтад Сангийн сайд асан Д.Содном, Э.Бямбажав, Д.Даваасамбуу, Д.Цагаан, Я.Очирсүх, Ч.Улаан, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн ирсэн. Уулзалтын эхэнд Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын засгийн газар, яамны бодлого үйл ажиллагаа, салбарт хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч 110 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Сайд нар өөрийн ажиллаж байсан үеийн бодлого, зорилт, авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнийхээ талаар ярилцаж, өнөөгийн салбарын бодлого, цаашдын зорилго, чиглэлийн талаар ярилцаж, Сангийн сайд Б.Жавхланд ажлын амжилт хүсч тодорхой санал, зөвлөгөөг өгсөн байна.