12 сар 19, 2024

Ховор ном шастирууд…

Улсын төв номын сан 1924 оны арваннэгдүгээр сарын 9-нд Судар бичгийн хүрээлэн нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. Судар бичгийн хүрээлэн анх байгуулагдаж байхад О.Жамъян, Ч.Бат-Очир, Д.Дашням, Ж.Цэвээн нар хувийнхаа номыг нийлүүлж, улмаар хоёр мянган номтойгоор номын сангийн үйл ажиллагаа эхэлж байсан түүхтэй. Харин 1940 оноос Улсын төв номын сан нэрээр үйл ажиллагаагаа явуулах болж, 1941 онд 97 мянга, 1990 онд 3 сая, 1998 онд 3,5 сая номтой болсон байна. Харин одоо 4 гаруй сая номтой гэх судалгаа бий. Номын сангийн сан хөмрөг 1961 оноос эхлэн жил ирэх тусам өсөх болсон нь Орос, Хятад, Зүүн европын орнуудтай соёлын харилцаагаа өргөжүүлж, ном хэвлэл солилцож байсан нь нөлөөлсөн гэдэг. Өнөөдөр тус номын санд бичиг үсгийн дурсгал, түүх соёлын үнэт шастир, гар бичмэл, монгол судлалтай холбогдолтой зохиол, өрнө дорно дахины олон хэл дээрх ном хадгалагдаж байна. Тухайлбал, Ганжуурын 108 боть, Данжуурын 226 боть, Монголын нууц товчооны 10 гаруй хэл дээр орчуулагдсан хувь, Сандуйн жүд зэрэг олон арван бүтээлийг дурдаж болох юм. Сандуйн жүд судар нь Монголын түүх соёлын хосгүй үнэт бүтээл бөгөөд энэ судрыг цэвэр мөнгөн хуудсан дээр эхлэл төгсгөлийн өгүүлбэрийг цул шижир алтаар урласан үнэт дурсгал юм. Номын хуудас бүрийг эрдэнийн чулуу шигтгэн суулгасан байдаг гэлцэх нь бий. Зөвхөн нэг хуудас нь гэхэд 1,2-3,7 килограмм жинтэй бөгөөд нийт 52 килограмм жинтэй гэгдэх хэтрүүлсэн яриа хүртэл бий. Манзуширийн хийдэд тус судрыг бүтээж, хийдийнх нь хутагт Цэрэндорж хэрэглэж байсан уг судрыг хожим VIII Богд Жавзандамба хэрэглэж байсан гэж судлаачид ярьдаг. 

Улмаар уг судар 1924 онд Улсын төв номын санд ирсэн байна. Мөн үнэт номын тоонд санскрит, төвд, монгол, хятад, дөрвөн хэлээр бичигдсэн дөрвөн хэлний хадмал Жамбалцанжид ордог байна. Энэхүү номыг 1502 онд модон бараар хэвлэжээ. Уг зохиол нь монголын сонгодог бичгийн хэлний өмнөх дурсгал төдийгүй, нугалбар номын нэгэн өвөрмөц төлөөлөгч болдгоороо монгол үсэг бичгийн түүх, ном судлалд чухал ач холбогдолтой дурсгал юм. Энэ номыг Түмэдийн алтанхааны ач Баягууд тайжийн зарлигаар түүний хүү Чойжамц хэвлэсэн гэх нь бий. Үүний зэрэгцээ Улсын төв номын санд үйсэн дээр бичсэн ном хадгалаатай байдаг аж. Монголчууд эрт дээр үеэс хус модны үйсэн дээр ном, судар бичиж байсан баримт нэлээд байдаг. Тухайлбал, 1930 онд Ижил мөрний хөвөөнөөс 13 зууны үеийн монгол-уйгураар бичсэн 25 хуудас үйсэн дээрх бичиг олдсон нь Алтан ордны үйсэн дээрх бичиг гэж алдаршсан түүхтэй. 1970-аад онд Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Хар бурхын балгасын чулуун суваргаас олон тооны үйсэн дээрх бичгүүд олдсон гэдэг. Тиймээс бидний өвөг дээдэс хусны үйсний өнгөн талыг цэвэрлэж, дэвтэрлэж утсаар үдээд ар, өвөр талд нь бичгээ бичдэг байжээ гэж эрдэмтэд тайлсан байдаг нь нэгийг хэлэх биз ээ. Ховор номын тоонд 104 жилийн түүхтэй хялгасан бичиг мөн орно. Энэ нь адууны дэлний ширхэг хялгасаар таван см дөрвөлжин цаасан дээр Ногоон дарь эх туужийг бичсэн судар юм. Эрдэмтэн С.Шагж 1914 онд Ногоон дарь эхийн туужийг төвд үсгээр, адууны дэлний хялгасаар бичсэн гэдэг. Хялгасан бичгийг академич Ц.Дамдинсүрэн 1980-аад онд Улсын төв номын санд авчирснаар энэ бүтээл эндэхийн хүндтэй өвийн нэг болжээ.

Ногоон дарь эх тууж эх хэлбэрээрээ 20 гаруй хуудас байдаг. Харин уг хялгасан бичиг Ногоон дарь эх туужийг бүхэлд нь ердөө 80 мөрд багтаасан байдгаараа онцлог аж. Тус хялгасан бичгийн эхлэл болон дунд хэсгийг улаан өнгийн бэхээр, харин төгсгөл хэсэг нь хар өнгийн бэхээр бичигдсэн байдаг байна. Хялгасан номыг уутанд сэрүүн газар хадгалдаг. Нарны хурц гэрэлд гаргавал үсэг нь балрах сөрөг нөлөөтэй байдаг учраас тэр юм. Тиймээс энэ номыг өнөөдөр Улсын төв номын сангийн Ховор номын үзэсгэлэнгийн танхимд цонхыг нь бүтээсэн, бүүдгэр гэрэлтэй өрөөний шилэн хоргонд хадгалдаг байна. Улсын төв номын сангийн ном судар болгон өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой алт, мөнгө, цаас, мод ашиглаж хийсэн байдаг бөгөөд монголчуудын түүхийг харуулсан соёлын өв юм. 1922 онд манай улсад номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо 129 байсан бол, 2008 оны байдлаар тус номын сангаар жилдээ 120 мянга гаруй уншигч 250 мянган ном хэвлэл, ном зүйн мэдээллээр үйлчлүүлсэн гэх судалгаа бий. 1999 оноос эхлэн тус номын санд хадгалагдаж байгаа номыг интернетээр унших бололцоо давхар бүрдсэн байдаг. Улсын төв номын санд түүх соёлын үнэт өв хадгалагдахын зэрэгцээ, жил ирэх тусам үйлчлүүлэгчдийнх нь тоо өсч буй.  Тиймээс түүхийн соёлын үнэт өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, уншигчдын заалыг томруулах зэрэг нь нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлууд цөөнгүй байлаа. Тиймээс Улсын төв номын санг өргөтгөж, Монгол Улсын Үндэсний төв номын санг байгуулах ажил хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Тэгвэл Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндэсний төв номын сангийн барилгын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж өгсөн юм.

-Монгол Жангар баатарлаг тууль-

ОХУ-ын Санкт-Петербургийн /хуучны Ленинградын/ их сургуулийг С.А.Козин 1903 онд төгсөв. Үүний дараа Халимагт ажиллаж байхдаа монгол хэл сурсан тул Богдын засгийн газарт зөвлөхөөр ирж ажилласан билээ. Тэрээр нутагтаа очоод 1920 онд өөрийн төрөлх Санкт-Петербургийн их сургуульд монгол хэл зааж эхэлжээ. Монголын нууц товчооны анхны бүрэн орчуулгыг орос хэл дээр гаргасан түүхэн хүн бол С.А.Козин гэдэг. Түүнчлэн 1935 онд Гэсэр, 1940 онд Жангар, 1938 онд Монгол түмний туульсийг тэрээр орчуулж орос хэл дээр хэвлүүлсэн нэгэн. Тэрээр монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, бас түүхэн хүн юм. Түүний энэ их судалгааны нөлөө юу… 1938 онд Санкт-Петербургийн их сургууль төгссөн, ардын уран зохиолч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч, эрдэмтэн, орчуулагч Цэндийн Дамдинсүрэн Жангар, Гэсэрийг үргэлжлүүлэн судалсан байдаг. Жангар туулийг мөн хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, түүхч, ахмад зохиолч, Ардын аман билэгзүйч Дэгээхүүгийн Сүрьяа эмхэтгэн 1986 онд хэвлэхэд бэлэн болгож үлдээсэн юм. Тэрээр 1910 онд Халимагт тод үсгээр хэвлэсэн 10 бүлэг, 1958 онд Өвөр Монголд хэвлэсэн 13 бүлэг зохиолыг эх болгон, Монгол Улсын олон аймаг, ястны дунд үе дамжин ирсэн тууль, үлгэр, домгийн хувилбаруудыг 60 гаруй жил судлан, 17 бүлэг, удиртгал, төгсгөл, тайлбарын хамт нэгэн боть болгон баринтаглаж үлдээсэн юм.

Монгол ардын Жангар баатарлаг туулийг түгээн дэлгэрүүлэх, туулиар дамжуулан өсвөр үеийнхнийг монгол уламжлалаа хүндэтгэн дээдлэх, эх оронч үзэлтэй болгох зорилгоор түүний бүтээлийг хэвлүүлэн Улсын нийтийн номын сангийн 376 салбарт бэлэглэсэн нь саяхан. Тууль бэлэглэх ёслолд Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх оролцож үг хэлсэн байдаг нь одоо ч шинээрээ… Тэрбээр Монгол Жангар тууль эвтэй найртай амьдрах, нөхөрлөх, эх нутгаа хайрлах, хамгаалах, эх оронч үзэлтэй болгох зэрэг хүмүүжлийн асар их ач холбогдолтой. Туулийг номын сангуудад хүлээлгэн өгч байгаа нь өсвөр үе, хүүхэд багачууд, олон нийтийг өв соёл, уламжлал, түүх, ёс заншлаа танин мэдэх, сэргээх, бахархах, гэгээрүүлэх ажлын эхлэл хэмээн хэлсэн билээ. Түүний санаачилсан Соён гэгээрүүлэх аяны хүрээнд ДАС ихэр сан, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран Монгол ардын Жангар баатарлаг туулийг хэвлэсэн бөгөөд цаашид англи хэл рүү хөрвүүлж, монгол зан заншил, өв соёл, уламжлал, монгол аман зохиолыг дэлхийд түгээн дэлгэрүүлэхэд оршиж буй юм. Монгол Жангар тууль нь ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Монголчуудын үзэл санаа, соёлыг шингээсэн 300 гаруй монгол тууль зуунаас зуун, мянганаас мянган дамжин өвлөгдөн үлдсэний нэг нь Монгол Жангар баатарлаг тууль юм.

-Хааны сангаас Хөгжлийн сан-

2011 онд Сангийн яамны түүхт 100 жилийн ой тохиож, Хааны сангаас Хөгжлийн сан хэмээх ном эмхэтгэн гаргасан билээ. Уг номонд Сангийн яамны 100 жилийн түүхийг бүрэн өгүүлсэн байдаг. Энд Козин Сергей Андреевичийн тухай товч өгүүлсэн байдгийг бүрэн эхээр нь хүргэх нь зүйтэй болов уу. С.А.Козин 1879-1956 оны хооронд амьдарсан нэгэн. Тэрбээр 1903 онд ОХУ-ын Петербургийн их сургууль /одоогийн Санкт-Петербургийн их сургууль/ төгсөж, төрийн албан хаагч болоод Халимагт ажиллаж байхдаа монгол хэл сурч, улмаар 1914-1918 оны хооронд Богдын Засгийн газарт санхүүгийн зөвлөхөөр ажилласан байна. Тэрбээр 1920 онд Б.Я.Владимирцовын байгуулсан Ленинградын Дорно дахины их сургуульд монгол хэл зааж байжээ. С.А.Козин Сокровенное сказание. Монгольская хроника 1240 г. номуудаа онд хэвлүүлсэн юм. Монголын нууц товчооны анхны бүрэн орчуулгыг орос хэл дээр гаргасан эрдэмтэн хүн юм. Түүнчлэн 1935 онд Гэсэр, 1940 онд Жангарын тууль, 1938 онд Монгол түмний туульсууд зэрэг бүтээлээ хэвлүүлсэн байна. С.А.Козин монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулж, гайхамшигтай бүтээл үлдээсэн нэрт эрдэмтэн, монгол судлаач байсан юм. 1943 онд ЗХУ-ын Шинжлэх ухааны академи түүнд Хэл, утга кохиолын салбарын Академич цол хүртээсэн байна. Монголчуудын дунд Гоожин хэмээн нэрлэгдэж байсан Козин манай улсад зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа Монголын эдийн засаг, санхүүг хөл дээр нь босгоход чиглэсэн тодорхой ажлуудыг сэдэж эхлүүлсэн байдаг. Үүний нэг жишээ бол, нүүрсний ил уурхай, тоосгоны завод, хэвлэлийн газар, утсан харилцааны газар, цахилгаан станц, дарханы газар, зэвсгийн завсар зэргийг цоо шинээр байгуулж ажиллуулсан нь улсын сан хөмрөгт багагүй орлого оруулах болсон юм хэмээн Хааны сангаас Хөгжлийн сан хэмээх Сангийн яамны түүхт 100 жилийн ойн номонд өгүүлжээ. Хөдөө аж ахуйн яамны урдхан Гоожингийн өндөр хэмээх байшин бийг монголчууд андахгүй билээ. Богд Хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хаан Намнансүрэн 1913 оны үед хоёр байшин бариулсны нэг нь Гоожингийн өндөр байжээ. Уг байшинг 1916 онд Сангийн яамны мэдэлд өгч, Хаант орос улсаас Богд Хаант Монгол Улсын Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байсан С.А.Козин сууж байсан тухай Хааны сангаас Хөгжлийн сан номд өгүүлжээ. Энэ бүтээл 1911-2011 он хүртэлх Сангийн яамны 100 жилийн түүхийг бүхэлд нь багцлан хүргэсэн ном гэдгээрээ онцлог билээ.  

Translate