12 сар 22, 2024

Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн шинэчилсэн найруулга батлагдав

2023.06.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газраас 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын 2023.06.16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдсан дараах үндсэн агуулгын хүрээнд тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдлаа. Үүнд: 

Нэг.Технологийн дэвшилд тулгуурлан тендер шалгаруулалт дахь хүний оролцоог бууруулж, тендерт оролцогчдын бүрдүүлдэг материалаас зөвхөн 18 хувийг цахим хэлбэрээр төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийн сангаас татан авч тендерийн үнэлгээнд харгалзан үзэж байгааг 70 хувьд хүргэх агуулгыг тусгалаа. 

Хоёр.Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод, байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлнэ. Тендер шалгаруулалтын бүх үе шатыг ил тод болгож, тендерт оролцогчид шалгарсан оролцогчийн ирүүлсэн нууцалснаас бусад материал, тодруулга болон тендерийн үнэлгээний үе шаттай танилцах боломжийг олгоно. Гэрээний мэдээллийн санг ил тод болгож аль компани, ямар ажлыг хийж байгаа, тухайн гэрээний гүйцэтгэл, санхүүжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх зохицуулалтыг шинээр тусгасан. 

Гурав.Худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хянах хүртэлх үе шатыг цахим системээр зохион байгуулна. Одоогийн хуульд мөрдөж буй тендер шалгаруулалтын журам, аргыг цахим системд суурилсан тендер шалгаруулалтын арга байхаар шинэчлэн боловсрууллаа. Нээлттэй, харьцуулалт, гэрээ шууд байгуулах, нэг эх үүсвэрээс худалдан авах, ерөнхий гэрээ гэсэн үндсэн 5 аргаар тендер шалгаруулалтыг зохион байгуулна. 

Дөрөв. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан эх оронч худалдан авалтыг дэмжих зорилтын хүрээнд дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжиж, одоогийн хуулийн сайн зохицуулалтуудыг бүрэн хадгалж давуу эрхийн зөрүү тооцох аргачлалыг боловсронгуй болголоо. Мөн дотоодын барааг импортын бараатай өрсөлдүүлэхгүй ба зөвхөн Монгол бараа үйлдвэрлэгч хоорондоо өрсөлдөнө. 

Тав. Худалдан авах ажиллагаанд оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгалаа. Сонирхлын зөрчлөөс сэргийлэх зорилгоор захиалагч тендерийн баримт бичиг боловсруулах болон тендерийг үнэлэх ажлын хэсгийг тус тусад нь байгуулах, хууль бус шийдвэр гаргасан захиалагч, үнэлгээний хороонд зайлшгүй хариуцлага хүлээлгэх, хариуцлагатай, чадвартай компанийг дэмжихийн тулд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан хариуцлагагүй аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн мэдээллээр бүртгэж, олон нийтэд ил тод мэдээлнэ.