12 сар 19, 2024

Сайншандын аж үйлдвэрийн парк…

-Сайншандын аж үйлдвэрийн паркийн зөвлөх компани-

Манай улс өмнийн говьд Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулж тавантолгойн нүүрс, оюутолгойн зэс, зүүнбаянгийн нефть зэрэг бүтээгдэхүүнээ боловсруулж гадаад зах зээлд экспортлох замаар асар их ашиг олох мастер төлөвлөгөөг 2010 онд гаргасан юм. Энэ үйлдвэр ашиглалтад орвол манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хурдацтай өснө. Оюутолгойн зэс, тавантолгойн нүүрсийг түүхийгээр нь экспортолж олсон орлогоос ч их хэмжээний ашиг олох боломжтой. Цаашлаад хэдэн зуун мянган ажлын байр бий болно гэж холбогдох албаныхан ярьж байлаа. 2013 гэхэд тус үйлдвэрийг барьж байгуулна гэж албаны хүмүүс мэдэгдэж байсан юм. Ингэхдээ хөнгөн бетон блокны үйлдвэр, төмрийн үйлдвэр, зэсийн үйлдвэр, гангийн үйлдвэр, цементийн үйлдвэр, коксын үйлдвэр, шингэрүүлсэн түлшний үйлдвэрийг цогцоор нь барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан юм. Гэхдээ 2011 оны байдлаар Монгол Улсын хөгжлийг урагш ахиулах ёстой үйлдвэрийн бараа сураг ч үгүй сууж байсан цаг саяхан. Нүдэнд үзэгдэж, гарт баригдсан зүйлгүйгээр Сайншандын аж үйлдвэрийн парк цаасан дээр сүндэрлэж байх нь тэр. Тиймээс тэр үед Сайншандын аж үйлдвэрийн паркийн явц ямар байгааг холбогдох албаны хүмүүсээс тодруулахад дөнгөн данган зөвлөх компаниа сонгон шалгаруулсан гэх мэдээлэл өгч байсан юм. Зөвлөх компаниар хаанахын ямар аж ахуйн нэгж сонгогдсон болох нь өөрийн эрхгүй анхаарал татдаг. Энэ компани манай улсад, тэр тусмаа Сайншандад ямар бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх нь хүн бүрийн анхаарлыг татах нь мэдээж юм. 

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн олон улсын болон дотоодын хамтарсан хуулийн зөвлөх үйлчилгээний компанийн сонгон шалгаруулалтад Liberty partners LLC, BNP Paribas, McKinsey and Company, Pillsbury компанийн нэгдэл болон Hogan Lovells, GT’s advocate консерциум оролцсон байдаг. Эдгээрээс Hogan Lovells, GT’s advocate консерциум хамгийн сайн үнэлгээ авсан гэдэг. Гэхдээ дээрх компаниуд төслийн бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, санхүүжилтийн бүтэц боловсруулах болон эрсдлийг хүлээх зэрэгт учир дутагдалтай байсан аж. Тиймээс үүнийг Liberty partners LLC, BNP Paribas, McKinsey and Company, Pillsbury компанийн нэгдэлд хариуцуулан хамтарсан баг байгуулж шийдвэрлэх боломжтой гэж тэр үеийн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо үзсэн байна. Төслийн ерөнхий зөвлөх үйлчилгээний компанийн сонгон шалгаруулалтад 4 компани өрсөлдсөнөөс техникийн босго оноог Bechtel, Worley Parsons компани хангажээ. Нэгдсэн дүнгээр Bechtel компанийн санал хамгийн сайн үнэлэгдсэн учир хэлэлцээрт орж, өмнө хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний бодит үр дүнтэй танилцсаны үндсэн дээр гэрээ байгуулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан байгаа юм. Үнэлгээ дуусч, шалгарсан компаниудтай гэрээ байгуулах ажил эхэлсэнтэй холбогдуулан талууд санхүүжилтийн хэлэлцээрт орох хүлээгдэж байлаа. Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол удаах оноо авсан зөвлөх компанитай хэлэлцээ хийж, тендерийн хүчинтэй байх хугацаанд буюу 2011.03.26-ны дотор зөвлөхүүдийг сонгон шалгаруулна гэж Засгийн газраас мэдэгдэж байсан юм.

Тэгвэл, Сайншандын аж үйлдвэрийн паркийг барьж байгуулахад шаардлагатай судалгаа шинжилгээний ажлыг хийж, зөвлөгөө өгөх компаниар тухайн үед үндэстэн дамнасан Бектел корпораци сонгогдсон байгаа юм. Манай улс энэ корпорацитай 2011 оны тавдугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Гэрээний үнэ цэнэ нь нийт 2,4 сая ам.доллараар хэмжигдэж байлаа. Өөрөөр хэлбэл, манай улс америкийн Бектел корпорацид ийм хэмжээний мөнгө төлж, Сайншандад аж үйлдвэрийн парк барьж байгуулахад шаардлагатай судалгаа шинжилгээний ажил хийлгүүлэхээр болжээ. Америкийн Бектел корпораци төслийн ерөнхий удирдлага, инженер, дэд бүтэц, барилга угсралт, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 120 жилийн түүхтэй гэгдэх Бектел корпораци нь өнгөрсөн хугацаанд дээрх чиглэлээр дэлхийн улс орнуудад нэлээд ажил хийсэн туршлагатай нэгэн. Тухайлбал, Пуорте Рико, Венесуэл, Калифорнийн нефть-химийн аж үйлдвэрийн цогцолбор, Их британийн газрын тосны цогцолбор, Шинэ зеландын байгалийн хийгээс бензин, түлш үйлдвэрлэх цогцолбор, Жубайл дахь ган, нефть, бордооны үйлдвэрийн цогцолбор, Папуан зэсийн цогцолбор, Тринидадын байгалийн хийн үйлдвэр, Исландын хөнгөн цагаан хайлуулах үйлдвэр зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж байжээ. Тиймээс туршлагатай гэдэг үндэслэлээр тус компанийг манай улс сонгож, Сайншандын аж үйлдвэрийн зөвлөх компаниар ажилуулахаар болсон гэдэг. Тэр үеийн Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга Зориг: Тус компани гурван чиглэлээр зөвлөгөө өгч ажиллана гэдгийг хэлж байлаа.

Америкийн Бектел корпораци 2011 оны тавдугаар сарын 27-ны өдөр манай улстай хамтран ажиллах гэрээ байгуулсан даруйдаа судалгааны ажилдаа оржээ. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрийн парк байгуулах газарт очиж танилцсанаас гадна, яамдын төлөөлөлтэй уулзаж мэдээлэл цуглуулж эхэлсэн байна. Тэр үеийн Бектел корпорацийн ази дахь төлөөлөгчийн газрын бизнесийн хөгжлийн менежер Жак Хонг, тус компанийн төслийн удирдагч Ричард Гарбарино: Судалгааны ажил дөнгөж эхэлж байгаа учир Сайншандын аж үйлдвэрийн паркийг барьж байгуулахад ямар хүндрэл тулгамдаж байгаа. Сайншандын аж үйлдвэрийн паркийг энэ газарт барьж байгуулах нь газарзүйн хувьд зохистой юу гэсэн асуултанд тодорхой хариулт өгөх боломжгүй гэдгээ тухай үед илэрхийлж байсан юм. Гэхдээ тэд тендерт оролцохоос өмнө Сайншандын аж үйлдвэрийн паркад баригдах нүүрс, зэс, нефтийн үйлдвэрүүдийн талаар судалж манай улсад материал ирүүлж байсан тухай тэр үеийн Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга Зориг хэлснийг энд дахин сануулах нь зүйн хэрэг биз. Өмнийн говьд хэдийнэ шав нь тавигдаж, бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байх ёстой Сайншандын аж үйлдвэрийн паркийн явц 2011 оны зургаадугаар сарын 21-ний байдлаар ийнхүү цаасан дээр сүндэрлэж, зөвхөн эхлэлтийн судалгааны шатанд явсан юм. 

-Сайншандын аж үйлдвэрийн паркт 200 мянган ажлын байр бий болгохоор тооцож байжээ-

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн, араас нь тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэх тухай яригдаж эхэлсэн байлаа. Ордуудыг ашиглалтад оруулж, тэндээс олборлох нүүрс, зэс, алтыг зах зээлтэй холбохын тулд Тавантолгойгоос Оюутолгойг дайруулж Сайншанд руу төмөр зам барих тухай яригдаж байсан юм. Төмөр зам барьж, оюутолгой, тавантолгойн түүхий эдийг сайншандад хүргэнэ. Эрдэнэт, Дархан угаас төмөр замын сүлжээтэй холбоотой тул Дарханы төмрийн хүдэр, Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Сайншанданд мөн төвлөрүүлнэ. Үүгээр ч зогохгүй, Дорноговь аймгийн газрын тосыг Сайншандад мөн аваачихаар төлөвлөж байжээ. Тухайн үед албаныхан Тавантолгойн коксжих нүүрс, Дарханы төмрийн хүдэр, Оюутолгой, Эрдэнэтийн зэсийг Сайншандад аваачиж, тэнд боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох ийм бодолтойгоор хийж байгаа. Ер нь бол 3-4 үйлдвэр байх юм. Зэс боловсруулах үйлдвэр, ган боловсруулах үйлдвэр, төмрийн үйлдвэр барих юм. Үүнд 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орно. Эргээд хөрөнгө оруулалтаа нөхөх тийм боломж нөхцөл байгаа. Зорилго нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгдэж байгаа. Гадаадынхан болон манай улс өөрөө хөрөнгө оруулаад явах боломжтой. Үйлдвэрийн хүчин чадал гэвэл жишээ нь жилд 500 мянган тонн зэсийн баяжмал боловсруулах. Төмрийн үйлдвэр, коксны үйлдвэр жилд 2-3 сая тонн боловсруулах. Төмөр замаа хоёр жилийн дотор бариад дуусна гэж төлөвлөж байгаа. Төмөр зам эхэлж байхад үйлдвэрүүдээ эхлэхэд  2-3  жилийн дотор зэрэг дуусах боломжтой гэсэн тайлбар өгч байсан юм. Сайншандад аж, үйлдвэрийн парк барьж, уул уурхайн түүхий эдээ боловсруулж, замын-үүдийн боомтоор хятад руу экспортлохоор төлөвлөж байсан нь эндээс тод харагддаг. Тухайн үед зарим эх сурвалжууд монголчууд түүхий эдээ дан ганц хятад руу экспортолж болохгүй. Тэгвэл хятадаас 100 хувь хараат болж, тэдний хэлсэн үнэд бүтээгдэхүүнээ өгөх шаардлага тулгарна хэмээн хэлж, ярьж, зөвлөх нэгэн байлаа. Үүнийг холбогдох албаныхан бодолцоогүй биш, бодолцсон аж. Тиймээс Сайншандаас Чойблансан руу мөн төмөр зам тавихаар төлөвлөжээ. Сайншанд урд хөрштэй ойр. Энэ аймгаас Чойбалсан руу төмөр зам тавьбал хойд хөрштэй мөн ойр. Тиймээс Сайншандыг сонгожээ. Сайншандад хөнгөн бетон блокны үйлдвэр, төмрийн үйлдвэр, зэсийн үйлдвэр, гангийн үйлдвэр, цементийн үйлдвэр, коксын үйлдвэр, шингэрүүлсэн түлшний үйлдвэрийг барихаар төлөвлөж байсан юм. Эдгээр үйлдвэрүүд 2-3 жилийн дараа ашиглалтад орох байх гэсэн тайлбарыг салбарын сайд нь 2009 оны арванхоёрдугаар сарын 2-ны хавьцаа хэлж байлаа.

Энэ үйлдвэрүүд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орвол, 200 мянган ажлын байр шинээр бий болох байжээ. Аж үйлдвэрийн парк барьснаар ажлын байр нэмэгдэх нь ойлгомжтой. Энэ нь монгол улсад нүүрлээд байгаа ажилгүйдлийг бууруулахад нэлээд том түлхэц болно гэж албаныхан үзэж байлаа. Ингэхдээ, хоёр газраар судалгаа хийлгэж байжээ. Нэгдүгээрт төсөл боловруулж байгаа хүмүүсийн хэмжээнд судалгаа хийгээд, цэвэр яг үйлдвэрлэл дээр ажиллах мэргэшсэн 98 мянган боловсон хүчин хэрэгтэй гэж үзсэн. Үүнийг дагаад нийт ажлын байрны үзүүлэлтийг гурваар үржүүлээд 396 мянган ажилтан паркийн хэмжээнд ажиллана гэж үзсэн байгаа юм. Нөгөө талаар олон улсын хэмжээнд зөвлөгөө өгдөг Америкийн  Бонстан Консалтинг группээр хийлгэсэн судалгаагаар 80 мянган мэргэшсэн ажилтан байх. Үүнийгээ дагаад нийт 160 мянган ажилтан байх юм гэсэн тооцоо гаргаж байжээ. Ер нь бол дунджаар 200 мянган ажилтан шаардлагатай. Энэ хэмжээний ажлын байр бий болно гэж ойлгож болно. Мэргэшсэн ажилтан бол хомс. Энийг бол Бостан Консалтингийнхан хэлж байсан. Энийг тодорхой хэмжээнд үе шаттай бэлдэх шаардлагатай. Парк байгуулахад тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй. Нэгдүгээрт судалгаагаа гүйцэд хийх ёстой. Техник, эдийн засгийн үндэслэлүүдээ бий болгох ёстой. Ингээд цаашаа бэлтгэлээ хангаж, үйлдвэрлэл эхэлнэ гээд тодорхой ажлууд хийгдэнэ. Хоёрдугаарт үйлдвэрүүдээ гадаадын хөрөнгө оруулалтаар барина гэж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтаар барьвал гадаадын компаниуд орж ирээд, өөрсдийнхөө хөрөнгөөр бариад, тодорхой хугацаанд, тухайлбал 5-10  жил ашиглаад, дараа нь барьсан аж, үйлдвэрийн паркаа монгол улсад бүрэн шилжүүлж өгөх. Оруулсан хөрөнгөө буцаад эргүүлж аваад, тэгээд цааш нь Монгол Улсад шилжүүлж өгөх ийм зарчим. Энэ зарчим дэлхийн их олон оронд явагдаж байгаа. Тэр тусмаа буурай орнууд шилжилт хийх үе шатан дээрээ ийм зарчмыг их хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, өөрсдөө улс орон нь мөнгөний хомсдолтой. Тиймээс хөрөнгө оруулах хууль эрхзүйн нөхцөлийг нь сайн боловсруулсан үед бол, гаднын хөрөнгө оруулагчид орж ирж, өөрсдөө ажиллуулаад, ашгаа өгөөд, улсад нь шилжүүлдэг. Тийм маягаар шилжүүлнэ гэхэд наад зах нь 5 жил байх ёстой гэж үзэж байгаа юм. Тэгэхээр хүссэн хүсээгүй гол ажилтнууд нь гаднын ажилчид байна байх. Миний түрүүний яриад байсан. Тэр хүмүүс чинь энд орж ирж ажиллах ёстой. Тэгээд, 5-10  жилийн хугацааны дараа бүрэн Эрдэнэт үйлдвэртэй адил сууршиад ажиллана. Анх Эрдэнэт үйлдвэрийг барьж байхад бас л дан оросууд ажиллаж байсан шүү дээ. Боловсон хүчнээ дарааллан бэлдээд. Дараа нь удирдлагаасаа авхуулаад, доод  шатандаа монгол ажилчид ажиллах байх гэсэн тайлбарыг албаныхан өгч байсан юм. Тухайн үед нэг тонн түүхий нүүрсийг урд хөршид 58 ам.доллараар өгч байлаа. Хэрэв нүүрсээ боловсруулж, кокс болговол тонныг нь 398 ам.доллараар урд хөршид нийлүүлэх боломжтой болох байжээ. Ийнхүү түүхий эдээ боловсруулж, гадаад зах зээлд нийлүүлвэл, улсад орж ирэх мөнгөний хэмжээ эрс нэмэгдэнэ. Тэр хэрээр дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өсч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 14 мянган ам.доллар хүрэх бололцоотой гэсэн тооцоо судалгааг хийж байжээ.

-Коксын үйлдвэр цаасан дээр сүндэрлэв-

Нүүрснээс химийн аргаар дэлхий дээр 400-500 төрлийн бүтээгдэхүүн гарган авдаг байна. Тэдгээрээс манай нөхцөлд хүрэн нүүрснээс шингэрүүлсэн түлш, чулуун нүүрснээс метан хий, коксжих нүүрснээс кокс гаргаж авах бололцоо бий юм. Коксжих нүүрсийг хуурай аргаар баяжуулахдаа эхлээд том хэсгийг нь, дараа нь дунд зэргийг, эцэст нь хамгийн нарийн ширхэгтэйг нь боловсруулж 96 хувиас дээш нүүрстөрөгчийн агууламжтай хөнгөн чанарын кокс гаргаж авдаг билээ. Нүүрсийг коксжуулбал тослог өндөр, наалдацтай, дэгдэмхий харьцангуй ихтэй болдог. Илчлэг өндөртэй энэ бүтээгдэхүүнийг гангийн үйлдвэрт ихээр ашигладаг. Өөрөөр хэлбэл, төмөрлөгийн үйлдвэрийн гол түүхий эд юм. Коксжих нүүрсний үйлдвэрлэл, экспортоороо Австрали, Индонез, Орос гурав дэлхийд тэргүүлдэг. Тухайлбал, Австрали жилд 127 сая тонн кокс, Индонез 30 сая тонн кокс дэлхийн зах зээлд нийлүүлдэг байна. Харин тэдний бүтээгдэхүүнийг Хятад, Солонгос, Япон, Энэтхэг, Германы төмөрлөгийн үйлдвэр худалдан авч, жилд нэг тэрбум тонн ган үйлдвэрлэдэг гэх судалгаа бий. Нэг тонн ган үйлдвэрлэхэд 500 килограмм кокс хэрэглэдэг гэх судалгаа ч бий. Ийнхүү коксжих нүүрс худалдаж авдаг нэг хэсэг байхад, үүнийг нийлүүлдэг орнууд бас байна. Манай улсын тухайд нийт 162 тэрбум тонн нүүрсний баталгаат нөөцтэйгөөс тодорхой хувь нь коксжих нүүрс юм. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой ордыг стратегийн ач холбогдолтой орд гэж нэрлэдэг. Өнөөдөр манай улсад стратегийн 15 уул, уурхайн орд газар бий. Стратегийн ордуудаас Өмнөговь аймгийн нутагт орших тавантолгойн орд 6,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөрөө манай улсын хамгийн том нүүрсний ордод тооцогдож байна. Нийт нөөцийн гуравны нэг нь коксжих нүүрс юм. Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн орд 85.7 сая тонн нүүрсний нөөцтэй. Энэ нь тэр аяараа коксжих нүүрс юм. Хөвсгөл аймагт ихээхэн хэмжээний коксжих нүүрсний орд илэрсэн гэх мэдээлэл ч бий. Энэ мэтчилэн манай улсад илчлэг өндөртэй эрчим хүчний болон коксжих нүүрсний цөөнгүй орд бий. Жил ирэх тусам эрчим хүчний болон коксжих нүүрсний экспорт нэмэгдэж, урд хил дагуух боомтуудаар хятадын зах зээлд түүхийгээр нь нийлүүлж ирсэн билээ.

Тухайлбал, нүүрсний компаниуд Шивээ хүрэн, Замын-үүд, Гашуун сухайт, Бичигтийн боомтоор 2007 онд 2 сая тонн коксжих нүүрс экспортолсон байдаг. Харин 2011 оноос манай улс жилд 6 сая тонн коксжих нүүрс экспортлох төлөвтэй байсан талаар Ашигт малтмалын газрын нүүрсний судалгааны хэлтсийнхэн хэлж байсан билээ. Манай улсын коксжих нүүрсний экспорт 2007 оныхоос гурав дахин өссөн гэсэн үг юм. Тиймээс коксжих нүүрснээс кокс гарган авч нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нийлүүлэх бодлого төрөөс баримталж ирсэн. Энэ дагуу Дорноговь аймгийн Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор барих тухай яригдаж байсныг дээр дурдсан. Аж үйлдвэрийн цогцолборт нүүрс угаах, хийжүүлэх, кокс гаргах үйлдвэр барьснаар жилд 2 сая тонн коксжих нүүрснээс 1 сая тонн кокс гарган авах бололцоотой гэж тооцоолсон юм. Нэг талаас нүүрсээ Сайншандад хүргэж тэнд нь боловсруулж Замын- Үүдийн боомтоор урд хөрш рүү экспортлох. Нөгөө талаас Сайншандад боловсруулсан нүүрсийг Чойбалсангаар дамжуулан хойд хөрш рүү экспортлохоор төлөвлөж энэ газрыг сонгосон хэрэг. Цаашлаад урд, хойд хөршийн төмөр замыг ашиглаж гуравдагч зах зээлд далайн тээврээр хүрэхээр төлөвлөж байсан юм. Гэвч гуравдагч зах зээлд хүрэхэд хол. Хойд хөршийн зах зээлд өрсөлдөнө гэдэг амаргүй. Тус улс Распадская, Мечель, Северсталь зэрэг томоохон коксжих нүүрсний компаниуд болон ордуудтай учраас тэр юм. Харин хятадын зах зээлийн тухайд тус улс 2009 онд нүүрсний жижиг уурхайнуудаа хаасан билээ. Тухайн үед тус улсад 18 мянган жижиг уурхай үйл ажиллагаа явуулж байснаас 10 мянгыг нь хааж ордуудаа стратегийн нөөцдөө авахаар болсон байдаг. Үүнээс гадна, жилд 300 мянган тонноос бага нүүрс олборлох хүчин чадалтай уурхайд олборлолт явуулах эрх олгохгүй байхаар шийдвэрлэж байсан юм. Тиймээс хятадын коксжих нүүрсний импорт нэмэгдэж 24 сая тоннд хүрнэ гэж дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкны шинжээчид тооцож байлаа. Тэгвэл хятадын эдийн засаг өсч байсантай холбоотойгоор хэдэн жилийн өмнө тус улсын коксжих нүүрсний импорт үүнээс давсан тал бий. Тухайлбал, 2009 онд БНХАУ 409 сая тонн коксжих нүүрс үйлдвэрлэсэн ч, эрэлт нь үүнээс 30 сая тонноор илүү байсан юм. Нийлүүлэлт бага, эрэлт өсч байсантай холбоотойгоор 2010 онд хятадад нэг тонн коксжих нүүрс 1400 юанийн ханштай байсан бол, дэлхийн зах зээлд 190 ам.долларын ханштай байсан. Харин 2011 онд тус улсад нэг тонн коксжих нүүрс 1650 юаньд хүрч, дэлхийн зах зээлд 250 ам.долларт хүрнэ хэмээн дэлхийн санхүүгийн шинжээчид таамаглаж байсан билээ.

Эндээс цаашид урд хөршийн коксжих нүүрсний тал хувийг монголчууд хангах бололцоотой гэж мэргэжилтнүүд үзсэн юм. Гэвч Сайншандын аж үйлдвэрийн паркийн ажил удааширсан. Энд коксын үйлдвэрл барилаа гэхэд оновчгүй газар гэж үзэх нэгэн ч байсан юм. Тухайлбал, Сайншандад боловсруулах үйлдвэр барьж байхын оронд Чойрт боловсруулах үйлдвэр барьж байгуулах нь ашигтай. Чойр Цагаан суваргын зэсийн орд, Оюутолгойн зэсийн орд, Эрдэнэтийн зэсийн ордтой аль альтай нь ойр. Чойрын ойролцоо нүүрсний томоохон орд байдаг. Боловсруулах үйлдвэрт эрчим хүч шаардлагатай. Эрчим хүчийг нүүрснээс гаргаж авдаг. Тиймээс нүүрсний ордоо түшиглэж боловсруулах үйлдвэрээ барих ёстой гэж Монгол Улсын ерөнхий сайд асан Д.Содном гуай хэлж байсан удаатай. Ийнхүү Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор барих тухай нэг хэсэг нь ярьж байхад, нэг хэсэг нь буруушааж байв. Харин удалгүй Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын сураг алдарч, цаасан дээр сүндэрлэж хоцорсон билээ. Ийнхүү том төслүүдийн сураг алдарч, харин нүүрс баяжуулах жижиг төслүүдийг компаниуд мэр сэр хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж дуусаад байгаа бөгөөд, үйлдвэр ашиглалтад орсноор түлшний шаталтаас ялгарах хүхэрлэг хий (SO2)-г бууруулах, эрчим хүчний баяжуулсан нүүрсэнд агуулагдах хүхэрийн хэмжээг бууруулах өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор шинээр барьж байгуулах үйлдвэрийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Тавантолгойн уурхайн түүхий нүүрсийг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэн ажилласнаар нүүрсэнд агуулагдах хүхрийн хэмжээг 0,85 хувь, үнслэгийн хэмжээг 18 хувь хүртэл тус тус бууруулахаар тооцоолж, энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Дашрамд дурдахад, Тавантолгой түлш компани нь Тавантолгойн орд газрыг түшиглэн, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан, нэмүү өртөг шингэсэн коксжих чанартай нүүрсний үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа тэлэх зорилт тавин ажиллаж байгаа юм.

-1 тонн нүүрс олборлоход 1 шоо метр хий алддаг-

Манай улсад 200 гаруй нүүрсний орд байдгаас 80-д нь хайгуулын ажил хийж 170 гаруй тэрбум тонн нүүрсний нөөц тогтоогоод байна. Үүний 60 тэрбум нь чулуун нүүрс бөгөөд Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад тогтоогджээ. Чулуун нүүрсний нөөцтэй дээрх ай савд метан хийн хангалттай нөөц бий гэж мэргэжилтнүүд үздэг юм. Тэр үеийн Эрчим хүчний яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан З.Төмөрбаатар: Монгол Улс нүүрсээр баян орон. Дэлхийд нүүрсний нөөцөөрөө 15 дугаарт бичигддэг. Эрдэмтэд Монголд 150 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж тооцоолсон ч, сүүлийн үеийн хайгуул судалгааны ажлаар нэмж 20 тэрбум тонн нүүрсны нөөц тогтоогдсон. Ингэснээр нөөц нэмэгдэлтээр 170 тэрбум тонн нүүрсний нөөцтэй болсон. Монголд 200 гаруй нүүрсний орд илрээд байгаагаас 80 орд газарт хайгуулын ажил хийж нөөцийг нь тогтоосон байдаг. Нөөц нь тогтоогдсон энэ 80 гаруй ордод 170 тэрбум тонн нүүрсний нөөц тогтоогдоод байгаа юм. Багануур, Шивээ-Овоо, Өвдөг-худаг, Тэвшийн говь, Цайдам нуурын орд хүрэн нүүрстэй. Харин манай улсын өмнөд хэсгээс баруун тийшээ Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад чулуун нүүрс, коксжих нүүрсний тархац нь илүү. Энэ их нүүрсний нөөцийг дагаад хийн салбар хөгжих ёстой юм. Нүүрсний давхаргад метан хий гэж байдаг. Бид метан хий гэж ярьдаг боловч энэ нь байгалийн хийтэй төстэй. Бид байгалийн хийгээ огт тоохгүй байна. Энэ талаар ямар ч хайгуул судалгааны ажил хийгдэхгүй байна. Тиймээс судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэхээр тооцоолж байна. Урьдчилсан байдлаар зарим нэг нүүрсний орд газрууд дээр судалгаа явуулж нөөцийг нь тогтоогоод байна. Тухайлбал, манай улсын баруун хязгаарт Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад Хар тарвагатай, Нүүрст хотгор, Хөшөөтийн ордын метан хий 15 тэрбум шоо метр болж байгаа юм. Энэ хийгээ өнөөдөр бид олборлож, үйлдвэрлэж, ашиглахгүй байна. Энэ нь өнөөдөр хойд хөршөөс авч байгаа өндөр үнэтэй байгалийн хийтэй яг ижил. Оросынх бол газрын гүнээс газрын тос дагаж гарч байгаа байгалийн хий. Харин миний яриад байгаа метан хий бол нүүрсийг дагаж байгаа байгалийн хий юм. Байгалийн хийг боловсруулах ажлыг эрчимжүүлэхийн тулд гадаадын мэргэжлийн боловсон хүчин, гадаадын байгууллагуудтай хамтарч ажиллах, энэ ажлыг хурдан эхлүүлэх шаардлага байгаа юм. Манай улс энэ их байгалийн баялгаа түшиглэж гадаад хамтын ажиллагаа өргөжүүлэх хэрэгтэй юм гэсэн тайлбарыг одоогоос 13 жилийн өмнө өгч байлаа.

Өөрөөр хэлбэл, газрын тосны давхаргаас байгалийн хий олборлодог бол, нүүрсний давхаргаас метан хий олборлодог байна. Байгалийн хий болон метан хий шинж чанарын хувьд ижил. Чулуун нүүрсийг олборлох явцад нүүрсний давхаргаас асар их метан хий ялгардаг. Ингэхдээ нүүрсний давхаргаас ялгарч буй хийн 60-95 хувийг метан хий, үлдсэн хувийг азот болон нүүрстөрөгч эзэлдэг байна. Өнөөдөр дэлхийн улс орнууд газрын тосны давхаргынхаа байгалийн хийгээ олборлож дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортолж төсвийн орлогынхоо дийлэнхийг бүрдүүлж байна. Харин манай улс нүүрсний давхаргынхаа байгалийн хийгээ олборлож, ашиглаж, экспортлох нь битгий хэл дөнгөж эрэл хайгуулын шатандаа яваа буюу нөөцөө эцэслэн тогтоогоогүй байгаа юм. ОХУ-ын Гидрошахтын хүрээлэнгийн 1950-1960 онуудад хийсэн судалгаагаар Хар тарвагатай, Хөшөөт, Нүүрст хотгор зэрэг гурван ордод метан хий 15 тэрбум шоо метр байх магадлалтай гэж тооцоолжээ. Энэ нь 21,5 сая тонн нүүрстэй тэнцэх хэмжээний түлш гэж мэргэжилтнүүд хэлдэг. Харамсалтай нь манай улс нүүрсээ олборлох явцдаа метан хийг агаарт дэгдүүлдэг байх юм. Энэ талаар Уул уурхайн доктор, профессор Хурц: Манай улсын өмнө хязгаарт орших Овоот толгойн нүүрсний орд асар их метан хийн нөөцтэй. Энэ метан хийг нүүрс олборлох явцад давхар олборловол ашигтай. Гэвч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Овоот толгойн ордоос Соут гоби сэндс компани нүүрс олборлох явцад байгалийн хийг зүгээр агаарт цацаж байгаа талаар хэдэн жилийн өмнө хуучилж байсныг энд жишээ татан сануулахад илүүдэхгүй биз ээ. Ер нь газрын гүнээс 1 тонн чулуун нүүрс олборлох явцад ойролцоогоор 1 шоо метр байгалийн хий агаарт дэгддэг гэх судалгаа байдаг аж. Манай улс жилд 4 орчим сая тонн чулуун нүүрс олборлож экспортолдог гэж тооцвол жилд 4 сая шоо метр байгалийн хий агаарт дэгдүүлж байгаа юм. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол жилд дор хаяж 4 тэрбум долларын өртөг бүхий байгалийн хийг агаарт цацаж байна гэж ойлгож болох нь. Өнөөдөр дэлхийн зах зээлд байгалийн хий үнэтэй, харин нүүрс хямд байгааг хэн хүнгүй мэднэ. Өөрөөр хэлбэл, байгалийн хий нүүрснээс дутахгүй стратегийн түүхий эд юм.

Гэвч манай улс өөрсдийн түүхий эдээ олборлохгүй агаарт дэгдүүлдэг атлаа хойд хөршөөс байгалийн хий импортлон авч ахуйн хэрэгцээндээ болон тээврийн хэрэгсэлд ашигласаар ирсэн нь нууц биш. Байгалийн хийн импортыг дагаад гадагш гарч байгаа мөнгөний урсгалыг зогсоох үүднээс метан хийн шинжилгээ судалгааны ажлыг 2008 оноос Эрчим хүчний яамныхан идэвхжүүлсэн байдаг. Хийн нөөцөө тогтоосны дараа байгалийн хий боловсруулах үйлдвэрийн цогцолбор барьж, 2015 оноос ахуйн хэрэглээндээ хэрэглэж эхэлнэ гэж Эрчим хүчний яамныхан төлөвлөж байлаа. Ингэхдээ метан хийг эрчим хүч, дулаан гаргаж авахад ашиглахаас гадна, шингэрүүлэх шахах замаар ахуйн хэрэглээ болон тээврийн хэрэгсэл зэрэгт ашиглана гэж тооцоолж байсан юм. Метан хийн шинжилгээ судалгааны ажлыг эхлүүлэх, хийн үйлдвэрийн цогцолбор барихдаа Канад, ОХУ, Хятад, Австрали, АНУ, Украин, Энэтхэг, Польш, Герман, Англи улсаас туршлага судалж байжээ. Эдгээр орнууд нүүрсний давхаргын метан хийн нөөцөө тогтоон боловсруулаад эхэлчихсэн учраас тэр аж. Энэ ажлын хүрээнд тавантолгойн ордын метан хийн судалгааг дахин эхлүүлсэн гэж ойлгож болно. Тус орд 20-30 тэрбум шоо метр метан хийн нөөцтэй гэсэн судалгааг өмнө нь хийсэн бол, 2009 онд Норвест компани мөн ийм тоо хэлжээ. Тиймээс Эрдэнэс тавантолгой компани тавантолгойн нүүрсний давхаргын метан хийг судлах ажлыг 2013 онд Солонгосын Korean Gas Corporation, дотоодын өрөмдлөгийн Элгэн компаниудтай хамтран эхлүүлсэн байдаг. Korean Gas Corporation Солонгосын төрийн өмчийн хамгийн том хийн компани учраас түншээрээ сонгосон хэрэг. Хоёр орны төрийн өмчийн компаниуд урт хугацаанд хамтарч ажиллахаар болж хэд хэдэн цооног өрөмдөж, өмнө нь урьдчилсан байдлаар тогтоогдсон таамаг нөөцийг баталгаажуулах ажил эхлүүлжээ. Үүний дараа 2014 оны долдугаар сарын 1-нд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж хууль эрхзүйн орчин бүрдмэгц Эрдэнэс Тавантолгой компани нүүрсний давхаргын метан хийн эрлийн гэрээг Газрын тосны газартай байгуулсан юм. Эрлийн гэрээ бол уламжлалт бус газрын тосонд хамгийн эхэнд хийгддэг гэрээ.

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар эрлийн гэрээний дараа хайгуулын болон ашиглалтын гэрээ хийгдэх ёстой юм. Тавантолгойд нэмж метан хийн хайгуулын ажил хийхээс гадна, үүнийг ашиглах үйлдвэр барих шаардлага тулгарсаар ирсэн. Энэ дагуу тус компани туршилтын жижиг оврын үйлдвэрээ БНСУ-д захиалгаар хийлгэж, 2014 онд угсарч, 2015 оноос ашиглахаар төлөвлөж байсан нь нууц биш. Туршилтын үр дүнгээс шалтгаалан их хэмжээгээр олборлож, боловсруулах үйлдвэрийн тухай ярих нь дамжиггүй. Ер нь бол үйлдвэр байгуулж хэрэглэгчдэд хүргэхэд ойролцоогоор 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн судалгаа байдаг. Тавантолгойн нүүрсний давхаргын метан хий, хүрэн нүүрсийг боловсруулж хий гаргах хоёр өртгийн хувьд тэс өөр. Хүрэн нүүрснээс метан хий ялгаж авахдаа их хэмжээний халуун ус хэрэглэдэг. Харин тавантолгойн ордын тухайд нүүрсний давхаргын доор устай холилдсон хийг ялгаж, боловсруулж, ашиглахад оршиж байгаа юм. Тиймээс тавантолгойн хийн хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардал хүрэн нүүрсийг бодвол хямд өртөгтэй гэж ярих нь бий. Энэ чиглэлийн үйлдвэр баривал гаргасан зардлаа богино хугацаанд нөхөх бололцоотой гэж үзэх хүмүүс ч байдаг. Энэ мэт метан хийн төсөл хэрэгжиж байсан ч сураг алдраад олон жилийн нүүрс үзэж буй нь харамсалтай. Харин УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан болон бусад албаныхан Эрдэнэс-Монгол ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явцтай танилцах үеэр метан хийн төслүүдийн сураг дахин гарав. Дэлхий нийтэд цар тахал дэгдэж, хөл хорионы улмаас хөрөнгө оруулагчидтай хийх бодит уулзалт, олон улсын арга хэмжээ хязгаарлагдаад байгаа ч Эрдэнэс метан компанийн хэрэгжүүлж буй Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажил урагштай явж байгааг Эрдэнэс-Монгол компанийн гүйцэтгэх захирал асан П.Ганхүү дуулгасан байдаг. Өнгөрсөн оны тавдугаар сард Австралийн Жейд метан компанитай нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байна. Үүнээс хойш Тавантолгойн бүлэг ордын Бор тээгийн хэсэгт эрлийн ажлууд гүйцэтгэж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тайлангаа илгээжээ. Одоо нарийвчилсан хайгуул хийхээр бэлтгэж байгаа юм.

-Нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргах боломжтой-

Нефть газрын хэвлийн баялаг тул хэзээ нэг өдөр шавхагдах нь ойлгомжтой. Харин хэзээ вэ гэдэг дээр эрдэмтэд янз бүрийн таамаг дэвшүүлдэг. Зарим судлаачид дэлхийн нефтийн нөөц 50 жилийн дараа дуусна гэж тооцоолдог. Тиймээс дэлхийн ихэнх улс орон хагас зууны дараа учирч болохуйц газрын тосны гачигдлаас гарах арга замыг эртнээс хайж эхэлсэн байдаг юм. Үүнээс гарах хамгийн шилдэг арга нь хүрэн нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргаж авах явдал гэдгийг эрдэмтэд тогтоогоод байгаа билээ. Нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргаж авах хэд хэдэн технологи байдаг байна. Пичер торпч, Бергиум, Нас, Эс Ар Си-1, 2, Эйч Коал, Эйч Ар Ай гэх мэтийн технологиуд байдаг аж. Нүүрсийг хийжүүлж конденсацлан хөнгөн нүүрс төрөгч гарган авч, дараа нь устөрөгчөөр нэрж бензин болон дизелийн түлш гарган авахыг Пичер торпч болон Бергиусийн технологи гэдэг байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Уул, уурхайн инженерийн сургуулийн уурхайн технологийн тэргүүлэх профессор Цэдэндорж: Дэлхийн хоёрдугаар дайны үед германчууд энэ хоёр технологийг ашиглаж бензин гарган авч ашиглаж байсан тухай хэдэн жилийн өмнө хуучилж байсныг энд сануулах нь зүйтэй болов уу. Харин дайны дараагаар дэлхийн зах зээлд нефтийн үнэ хямдарсан тул нүүрснээс түлш гаргаж авах технологиос германчууд татгалзжээ. Харин одоо нөхцөл байдал ондоогоор эргэж, сүүлийн жилүүдэд газрын тосны үнэ тэнгэрт хадлаа. Газрын тосны нөөцгүй улсууд гаднаас тэр бүр үнэтэй шатахуун аваад байх амаргүй сорилттой тулгарч байна. Тиймээс нэгэн үе орхигдоод байсан нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргаж авах технологи руу дэлхийн улс орнууд өөрийн эрхгүй эргэн орж байна. Энд нэг жишээ дурдахад, Америк, Хятад, Өмнөд африкийн бүгд найрамдах улс нүүрснээс шингэрүүлсэн түлш гарган авдаг гэх мэдээлэл хэдэн жилийн өмнө гарч байв. Өмнөд африкийн бүгд найрамдах улсын Сасол компани германчуудын анх нэвтрүүлсэн Пичер торпч технологийг ашигладаг бол, Америк болон Хятад 1960-аад онд Галф ойл компанийн боловсруулсан Эс Ар Си-1, 2, 1976 онд Вильбурн Шроедерийн нэр дээр патентлагдсан Нас технологиудыг ашигладаг байна. АНУ нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргаж авах гурван үйлдвэртэй бол, Хятад нэг үйлдвэртэй аж. Америк, Хятад, Өмнөд африкийн бүгд найрамдах улс дээр дурдсан технологиудыг үйлдвэрлэлд ашиглаж, нэг тонн нүүрснээс 750 орчим литр бензин гаргаж авдаг байна.

Манай улс ч гэсэн нүүрсийг шингэрүүлж түлш, бензин, хий, тослох материал гаргаж авах ажлыг эртнээс эхлүүлж байжээ. Тухайлбал, манай улсад нүүрсний химийн судалгаа 1960-аад оноос эхлэн Шинжлэх ухааны академийн хүрээлэн, Монгол улсын их сургууль, Геологийн төв лаборатори, Түлш эрчим хүчний яамны шинжилгээ зураг төслийн институт, Нүүрсний хими технологийн үндэсний төв зэрэг газарт хийгдэж байжээ. Түлш эрчим хүчний яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн З.Төмөрбаатар: Харин нүүрсийг иж бүрэн боловсруулах, үйлдвэрлэх, ашиглах судалгааны ажил 1970-1980 онд маш эрчимтэй явагдаж байсан тухай хэлдэг. Ингэхдээ манай улсын 10 гаруй ордод нарийн шинжилгээ, судалгааны ажил хийсэн байна. Тухайлбал, Багануур, Баянтээг, Тал булаг, Өвдөг худаг, Шарын гол, Чандган тал, Тавантолгойн нүүрсний ордуудад явагджээ. Ингэхдээ эдгээр ордуудаас дээж авч, задлан шингэрүүлэх, гидрогенжүүлэх технологиор нүүрс шингэрүүлж нефть гаргаж авах судалгааны ажлыг эрчимтэй явуулжээ. Гидрогенижүүлэлт гэдэг нь нүүрсийг химийн урвалд оруулж, шингэн түлш гаргаж авахыг хэлж буй. Энэ ажлыг Польш, Герман, ОХУ-ын шинжлэх ухааны лабораторууд дээр эрдэмтэд туршилт хийж, үр дүнг нь гаргаж байжээ. Тухайн үед ОХУ-ын эрдэмтийн хийсэн туршилтаас Өвдөг худаг, Тал булагийн нүүрсний орд газруудаас авсан дээж шингэн түлш болж чадаж байжээ. Өвдөг худагийн нүүрсийг гидрогенижүүлэхэд шингэн түлшний гарц 85 хувьтай байсан байна. Тиймээс өмнө нь явуулсан энэ судалгаа шинжилгээний ажилд тулгуурлан нүүрсийг гидрогенижүүлэлтийн аргаар боловсруулж, шингэн түлш үйлдвэрлэж болно гэж Түлш, эрчим хүчний яамны мэргэжилтнүүд үздэг юм. Гэвч 1990 оноос нийгэм өөрчлөгдөж, улсын эдийн засаг хүнд байдалд орсонтой холбоотойгоор нүүрс боловсруулах ажил хэсэг хугацаанд орхигдсон билээ. Харин 2003 оноос эхлээд нүүрс боловсруулах асуудлаар нэлээд эрчимтэй ярьж хөөцөлдөж эхэлсэн байна. Улмаар 2006 онд Нүүрс хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газар дэмжин УИХ-д оруулж байсан юм. Өөрөөр хэлбэл, эцсийн шатны боловсруулалт хийж, нүүрсээс газрын тос гарган авах технологийг нэвтрүүлэх асуудлыг дахин эхлүүлсэн юм. 

Түлш эрчим хүчний яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн З.Төмөрбаатар: Нэгдүгээрт Монголд нүүрснээс шингэн түлш гаргаж авах юм бол дотооддоо үйлдвэрлэсэн нефтийн үнэ буурна. Хоёрдугаарт бид нүүрснээс ихээхэн хэмжээний шингэрүүлсэн түлш үйлдвэрлэх юм бол гадаад зах зээлийн нефтийн хэрэгцээг хангах бололцоотой юм. Гуравдугаарт нефть гаргаад ирэхээр нефтийг дагасан олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авах бололцоотой. Өөрөөр хэлбэл, гаднаас импортоор авч байгаа химийн бүтээгдэхүүнийг  дотооддоо үйлдвэрлэнэ. Мөн гадаад зах зээлд гаргана. Энүүгээрээ асар их өндөр ач холбогдолтой. Монгол Улсад 2008 он хавьцаа АНУ-ын том компани ирээд явсан. Түлш эрчим хүчний яам, Монгол, Зөвлөлийн хамтарсан Металл инвест компаниуд зохион байгуулаад уулзалт хийлээ. Энэ уулзалтан дээр Америкийн энэ компани өөрийнхөө хэрэгжүүлж байгаа төслүүдийг танилцуулсан. Голчлон АНУ болон бусад орнуудын нүүрсийг шингэрүүлж нефть гаргаж авах ийм төсөл байсан. Тухайлбал, Америкчууд Ордост хоногт 20 баррель нефть нүүрснээс гаргаж авах төсөл хэрэгжүүлж байгаагаа танилцуулсан. АНУ-ын энэ компани нүүрснээс нефть гаргаж авахаар 40 жил ажилласан эрдэмтэдтэй, Шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололтыг дэвшүүлж байгаа ийм компани байсан. Монголд хөрөнгө оруулъя. Танай улсын нүүрсийг шингэрүүлэх боломж байна хэмээн хэдэн жилийн өмнө хуучилж байсан юм. Түлш эрчим хүчний яамны Түлшний бодлого зохицуулалтын газрынхан 2014 он гэхэд ямар ч байсан шингэрүүлэх үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад оруулна. Үүнд 4-5 тэрбум ам.доллар шаардлагатай болно. Дээр дурдсан Америкийн компаниас гадна олон компаниуд хөрөнгө оруулах сонирхолтой байсан тухай 2008 он хувьцаа мэдээлэл өгч байсан юм. Тэгвэл хожим Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Раднаасүрэн: Нүүрсийг боловсруулан бензин шатахуун гаргаж авах асуудал одоогоор судалгааны түвшинд байна. Нэг хийгдсэн том ажил бол техник эдийн засгийн үндэслэлийг хийж дуусгаад байна хэмээн хуучилж байсан удаатай.

Анх оросуудтай хамтран нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргах авах судалгааны ажил эхлүүлсэн болохыг дээр дурдсан. Тэгвэл хожим нүүрсийг шингэрүүлж түлш гаргаж авах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг манай улс 200 мянган ам.доллараар Францын Аксенс компаниар хийлгэжээ. Гэхдээ одоогоор нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргаж авах үйлдвэр барихад эрт. Хөрөнгө мөнгө дутагдалтай байгаагаас гадна, нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл гаргах хэрэгтэй гэсэн тайлбарыг салбарын яамныхан хэлдэг юм. Манай улсын нүүрсний ордуудын талд нь буюу 80 орд газарт хайгуулын ажил бүрэн хийгдсэн байдаг. Хайгуулаар 162 тэрбум тонн нүүрсний нөөцтэй болох нь тогтоогдсон бөгөөд үүний 10 тэрбум тонн нь хүрэн нүүрс юм. Тэр ч утгаараа манай улсад нүүрсийг шингэрүүлж түлш гаргаж авахад хүрэлцэхүйц түүхий эд байгаа гэж үздэг. Дашрамд дурдахад, нүүрснээс шингэрүүлсэн түлш гарган авах судалгааны ажил Чандганы талын нүүрсний ордод хийгдэж байсан болохыг дээр дурдсан. Тэгвэл Хэнтий аймгийн Бүрэн, Жаргалтхаан сумдын нутагт орших Чандганы талд Вале-ийн монгол дахь салбар Дефиз майнинг компани хэдэн жилийн өмнө хайгуулын тусгай зөвшөөрөл авч байжээ. Ингээд 2005 оноос хойш тусгай зөвшөөрлийн талбайд гидрогеологи, геофизикийн зураглал хийж 5000 метрийн гүнд өрөмдлөг хийж, үүний үр дүнд 3 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний нөөц илрүүлсэн байдаг юм. Энэ бол урьдчилсан хайгуулаар тогтоосон нөөц. Түүнээс их нөөцтэй байж болох талтайг Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрынхан хэлдэг. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой ордыг стратегийн орд гэдэг. Тэр ч утгаараа Хэнтий аймгийн Чандганы талд илэрсэн гурван тэрбум тонн эрчим хүчний нүүрсний нөөцтэй орд стратегийн ордод багтах боломжтойг тухайн үед мэргэжилтнүүд хэлж байсан юм. Энэ мэт эрчим хүчний болон шингэн түлш үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц хэмжээний томоохон нөөц бүхий ордууд манай улсад элбэг юм.

-Замын-үүдийн чөлөөт бүс-

2021.08.19. Монгол Улс. Улаанбаатар хот.Орос, Монгол, Хятадын Засгийн газар 1950-аад оны дунд үед Ази Европыг холбосон төмөр замыг Монголын нутгаар дамжуулан тавих гэрээ байгуулжээ. Гэрээнд төмөр зам 1956 оны нэгдүгээр сарын 3-нд ашиглалтад орно гэж зааж энэ хугацаандаа хүлээлгэн өгсөн байна. Тэр үеэс төмөр зам дагуух Алтанбулаг болон Замын-үүд боомтууд хөгжих эхлэл тавигдсан билээ. Өнөөдөр энэ хоёр боомтоор манай улсын экспорт, импортын дийлэнх нь хийгдэж буй. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий эдгээр боомтод чөлөөт бүс байгуулах тухай 1995 оноос ярьж эхэлсэн ч, хууль нь 2002 оны зургаадугаар сарын 28-ны өдөр батлагджээ. Ингээд Алтанбулагийн чөлөөт бүсийг 500 га газарт, Замын-Үүдийн чөлөөт бүсийг 900 га газарт барьж байгуулахаар болсон юм. Худалдаа наймаа хийхдээ чөлөөт бүсэд газар авч, бараа бүтээгдэхүүн хилийн чанадаас оруулж гаргахад экспорт, импорт, онцгой, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй байхаар анх хуульчилж байлаа. Татваргүй тул олон орны бараа, бүтээгдэхүүн хямд байж тэр хэрээр гадаад, дотоодын иргэд хүссэн хүсээгүй саатна гэж тооцоолсон хэрэг. 2009 оны байдлаар Алтанбулагийн чөлөөт бүсийн 400 га газрыг Хятад, Орос, Солонгос, Япон, Англи, Америкийн 100 гаруй компани түрээслэхээр болж 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан бол, үлдэх 100 га газарт худалдааны төв барихаар төлөвлөсөн гэлцдэг. Тухайн үед чөлөөт бүсийн барилга байгууламжийн ажил эхэлсэн ч зам, цахилгаан, ус зэрэг дэд бүтцийг шийдвэрлэх хөрөнгө мөнгийг эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан Засгийн газар шийдвэрлэж өгөөгүй байна. Харин Замын-үүдийн чөлөөт бүсэд гадаадын 58 компани санал ирүүлж, чөлөөт бүс хүртэлх хатуу хучилттай зам, хилийн шалган нэвтрүүлэх цогцолбор зэрэг зарим нэг барилгын ажлыг эхлүүлэх нь эхлүүлжээ. Гэхдээ мөн л хөрөнгө мөнгөгүйн улмаас дэд бүтцийн ажил удааширсан тал бий. Тиймээс энэ чөлөөт бүсийн дэд бүтцэд шаардагдаж байсан 200 сая ам.долларын 50 сая ам.долларыг нь шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй 300 сая ам.долларын зээлийн 50 сая ам.долларыг Замын-үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн дулаан хангамжийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, цэвэр усны хангамж зэрэг дэд бүтцийг сайжруулах төсөлд зарцуулахаар хэдэн жилийн өмнө шийдвэрлэсэн юм. Дэд бүтцэд дутагдаж байгаа үлдэх хөрөнгийг олохын тулд Замын-үүдийн чөлөөт бүсийн газрын түрээслүүлье. Дэд бүтцийн асуудал шийдэгдсэн цагт хөрөнгө оруулагчид ирж, 6-7 жилийн дараа чөлөөт бүс эдийн засгийн үр өгөөжөө өгнө гэж үзэж байлаа. Уг нь 2011 онд баталсан ерөнхий төлөвлөгөөгөөр улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Замын-Үүдийн чөлөөт бүсийн 900 га газраас 362 га талбайд барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж 2015 онд хүлээлгэн өгсөн байх ёстой байлаа. Тэгвэл энэ ажил удтал дуншсаны эцэст Засгийн газрын 223 дугаар тогтоолын дагуу Замын-Үүд чөлөөт бүсийг сая нэг байнгын ажиллагаанд шилжүүлжээ. 2004 онд Замын-Үүдэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарснаас хойш 17 жилийн дараа ийн байнгын ажиллагаатай болж байгаа юм. 

Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын болгосноор бүсийн гүний гарцаар зорчигч, ачаа тээврийн хэрэгсэл нэвтэрч эхэлнэ. Цаашид үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлал, бизнесийн чиглэлүүд түлхүү хөгжинө гэж үзэж байна. 2022-2036 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувийн өсөлт бий болж, 2025 он гэхэд ажлын байр 9400, 2030 онд 15000, 2034 он гэхэд 18000-аар нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэх ач холбогдолтойг албаныхан хэлж байгаа юм. Чөлөөт бүс бол Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, эдийн засгийн өсөлтийг тэтгэх нэгэн чухал эх ундарга бөгөөд гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулах гол үүд хаалга. Ялангуяа, цар тахлын үед Засгийн газраас эдийн засгаа дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарч, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг ийнхүү эрчимжүүлж байгаа юм. Одоогийн байдлаар чөлөөт бүсэд эхний ээлжийн дэд бүтцийн бүтээн байгуулалтууд болох цахилгаан, дулаан болон усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиоллын ажлуудыг барьж байгуулаад байна. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58,8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд дээрх ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнээс гадна, тус бүсийн Захирагчийн ажлын албанаас уг дэд бүтцийн станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлэх, боомтын нэвтрэх системийг байгуулах зэрэг ажлыг үе шаттай хийхээр Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2020-07-02-нд байгуулсан Зээлийн гэрээний дагуу Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл 2020-08-21-нээс хэрэгжиж эхэлсэн байдаг. Таван жилийн хугацаатай энэ төсөл эдийн засгийг төрөлжүүлж, экспорт болон ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Төслийн нийт зардал 35 сая ам.доллар бөгөөд 300 га талбайн дэд бүтцийг бүрэн шийдэж, хил, гаалийн барилга барьж, хурууны хээ, нүүр царайгаар таньдаг дэвшилт технологи, тоног төхөөрөмж суурилуулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, Замын-Үүд чөлөөт бүс 900 га газартайгаас 300 га-д нь төлөвлөлт хийсэн нь энэ аж. Чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу 68 хөрөнгө оруулагчид 101.4 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байгаагийн 7 га нь аялал жуулчлал, 47.45 га нь үйлдвэрлэлд, 20.05 га-д худалдаа, үйлчилгээ, 25 га-д агуулах, ложистик, 1.4 га нь шатахуун түгээх станцын зориулалттай байх юм. Мөн ачаа тээврийг зургаа дахин, зорчигч тээврийг гурав дахин нэмэгдүүлэх хүчин чадалтай Замын-Үүд боомтын өргөтгөлийн барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн Замын-Үүдийн дулааны станцын үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхээр туршилт, тохируулгад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэжээ. Чөлөөт бүс хэрхэн байгуулах төрийн бодлого тодорхойгүй байхад дэд бүтцээ барьж эхэлсэн нь ажил саатах гол шалтгаан болсон гэж албаныхан үзэж буй. Тиймээс төрөөс баримтлах бодлогыг баталж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулжээ.

-Замын үүдийн боомтын бараа эргэлт-

Замын үүдийн боомтын нэвтрүүлэх чадвар 2013 онд: Манай урд хил болох Замын-үүдийн боомтоор Монгол Улсын нийт бараа эргэлтийн 70-80 хувь нь орж гардаг. Тус боомт Монгол Улсын худалдааны гол гарц гэдэг утгаараа сүүлийн жилүүдэд энэ боомтоор зорчигчдын тоо эрс өссөн байдаг. Тус боомтоор зорчих зорчигчдын тоо нэмэгдэхийн хэрээр дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж буй юм. Тухайлбал, 2013 оны наймдугаар сарын 14-ны байдлаар тус боомтоор нэвтрэх зорчигчдын тоо өнгөрсөн оны мөн үеэсээ 5,6 хувиар нэмэгдэж, хоногт 6000 гаруй иргэн хил нэвтэрч байлаа. Харин тус боомтоор хоногт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 7 хувиар өсч, 1500 хүрсэн гэх судалгаа гарч байсан юм. Үүний дийлэнх нь буюу 1400 орчим нь жижиг тээврийн хэрэгсэл бол, үлдэх 100 орчим нь хүнд даацын авто машин болохыг холбогдох албаныхан тухайн үед хэлж байсан билээ. 2003 онд Замын – Үүдийн боомтоор хоногт ачааны 10 машин дамжин өнгөрдөг байсан бол, 2013 онд арав дахин нэмэгдэж 100 дажээ. Дээр нь энэ боомтоор дамжин өнгөрөх ачааны тэрэгний даац хүртэл нэмэгдсэн байлаа. 2003 онд тус боомтоор 16 тоннын даацтай авто машин дамжин өнгөрдөг байсан бол, 2013 онд 60-аас доошгүй тоннын даацтай том оврын авто машин дамжин өнгөрч байсан юм. Ийнхүү Замын- Үүдийн боомтоор нэвтрэх ачааны авто машины тоо хэд дахин нэмэгдсэн юм. Мөн эдгээрийн даацын хэмжээ ч нэмэгдсэн байдаг. Энэ нь 1997 онд баригдсан авто замын шалган нэвтрүүлэх терминалын ачааллыг нэмэгдүүлсэн гэж ойлгож болно. Тиймээс гаалийн байгууллага нэг тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэхэд 30-40 минутын хугацаа зарцуулдаг байжээ. Хичээлийн шинэ жил, цагаан сар гээд ид ачааллын үед үүнээс их хугацаа зарцуулдаг аж. Тиймээс Замын-Үүд боомтыннэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд үе үеийн Засгийн газар анхаарлаа хандуулсаар ирсэн юм. Тухайлбал, хамтарсан засгийн газрын үед ачааны авто машины шалган нэвтрүүлэх терминалыг барих ажлыг эхлүүлсэн юм. Үүнийг барьж байгуулах ажлыг 2010 онд эхлүүлсэн ч, тухайн үед ачааны авто машин шалган нэвтрүүлэх терминалын даацыг зөв тооцоогүйгээс болж, зураг төсөлд хоёр ч удаа өөрчлөлт оруулсан байдаг. Энэ терминалыг барьж дуусгахад ойролцоогоор 1,5 тэрбум төгрөг шаардагдаж байгаа талаар холбогдох албаныхан 2012 оны наймдугаар сард хэлж, ярьж, сануулж байсан. Тэгвэл 2013 оны наймдугаар сар гэхэд уг терминалыг ашиглалтад оруулсан байв. Ингэснээр хоёр эгнээ бүхий хуучин авто замтай терминалаар жижиг тээврийн хэрэгсэл зорчиж эхэлсэн юм. Харин шинээр ашиглалтад оруулсан нэг талдаа 4 эгнээ авто зам бүхий шинэ терминалаар хүнд даацын авто машин зорчих боломжтой болсон юм. Тэр үеийн Гаалийн ерөнхий газрын дарга Ганбат: Ачааны авто машины шинэ терминалыг, гаалийн шинэ рентгэнтэй 2,3 километр авто замаар холбосон тухай хэлж байсан юм. Шинээр терминал болон авто зам барьж байгуулснаар Замын-Үүдийн нэвтрүүлэх чадвар 2-3 дахин нэмэгдсэн гэдэг. Үүнээс гадна, 2013 оны аравдугаар сарын 15-ны дотор МЧ-3 буюу төмөр замын ачиж, буулгах цэг хүртэлх 8,6 километр авто замыг барьж байгуулах ёстой байлаа. Тухайн үед энэ замын 1,3 километрийг нь барьж байгуулсан байхтай газар дээр нь танилцаад ирсэн билээ. 

Замын үүдийн боомтын нэвтрүүлэх чадвар 2021.07.31-нд: Тэгвэл Замын-Үүдийн боомтыг өмнөхөөс нь өргөтгөхөөр болсон байна. Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд манай улсын стратегийн чухал ач холбогдол бүхий хилийн боомтууд болох Замын-Үүд, Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж байгаа аж. Төслийн хүрээнд нийт 33.7 га талбайд зорчигч, тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх 30, ачаа тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх 28 барилга байгууламж барихаар болжээ. Мөн хүнд даацын 1,4 километр авто замын ажил хийгдэхээс гадна, инженерийн шугам сүлжээ төвийн шугамд бүрэн холбогдох юм байна. Замын-Үүдийн боомтыг өргөтгөж шинэчилснээр өдөрт дунджаар суудлын 4000 автомашин, том оврын 500 гаруй тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Ингэснээр зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал дөрөв, ачаа тээврийнх гурав дахин нэмэгдэх юм. 2019 оны есдүгээр сард эхэлсэн барилгын ажил өдгөө 41 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба Ковид-ын нөлөөтэй олон шалтгааны улмаас төлөвлөгөөт хугацаанаас 20 гаруй хувиар хоцорч байгаа аж. Тухайлбал, хил хаалттайн улмаас барилгын материалын нөөц хангамж тасалдсаны зэрэгцээ боловсон хүчний асуудал үүсчээ. Засгийн газрын 2020 оны 168 дугаар тогтоолоор тус төслийн гадаадын ажиллах хүч 510 байхаар шийдвэрлэсэн ч, одоогоор төслийн талбайд 89 хятад, 40 гаруй монгол ажилтан ажиллаж байгаа гэнэ. Төлөвлөгөө ёсоор Замын-Үүдийн боомтын өргөтгөл 2022 онд ашиглалтад орох боловч хугацаандаа амжихгүй тул гэрээг сунгах саналаа илэрхийлсэн ч, Шадар сайдын С.Амарсайхан боломжгүй гэх хариулт өгсөн байна. Тэрбээр ачаа тээврийн хэсгийг 2021 оны аравдугаар сард, зорчигч тээврийн хэсгийг арванхоёрдугаар сард ашиглалтад өгөх бэлтгэлээ ханган шахаж ажиллахыг даалгасан байна. Боомтуудын өргөтгөлтэй холбоотой Авто замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах Засгийн газрын тогтоол гаргуулах, төслийн ажилд ашиглах бараа материалыг Эрээн-Замын-үүд, Ганцмод – Гашуунсухайт боомт, хот, сум хооронд тээвэрлэлтийн асуудалд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээ Шадар сайд илэрхийлсэн байна. Үүнээс гадна, 2021 оны долдугаар сарын 1-ний байдлаар Замын-Үүд чөлөөт бүсийн гадна, дотор талд 2600 гаруй тээврийн хэрэгслийн дараалал үүсээд байсныг бууруулсан байна. Өдгөө чөлөөт бүсийн дотор 237, чөлөөт бүсийн хашаанд 1250 тээврийн хэрэгсэл байгаа аж. Эрээний хил дээр хүлээгдэж буй ачаа тээврийн хэрэгслийг шуурхай татан авахын тулд өдөрт нэвтрэх авто болон төмөр замын тээврийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Хөх хот, Эрээний төмөр замын байгууллагатай Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг удаа дараагийн хэлэлцээр хийсний үр дүнд өргөн царигийн 3 дахь замыг өчигдрөөс нээж эхэлсэн байна. Ингэснээр өдөрт нэвтрүүлж буй 50 вагон ачааг 2 дахин нэмэгдүүлэх боломж бүрджээ. Ийн өдөрт тогтмол 100-120 автомашин, 100 вагон ачаа тээврийг нэвтрүүлдэг болсноор Эрээний хил дээр гацаад буй бараа бүтээгдэхүүнийг нэг сарын хугацаанд багтааж татан авах тооцоолол байна. Замын-Үүдийн боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлэх, мөн үнийн хөөрөгдлийг цэгцлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд даалгасан байна. 

-Чойр-Сайншандын 220 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа-

2022.12.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам. Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хооронд хэрэгжүүлэж эхлэх гэж буй Чойр-Сайншандын 220кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих төсөлийн санхүүжилт болох 62.8 сая ам.долларын зээл болон 5.0 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд Б.Жавхлан, Европын сэргээн босголт, хөгжлийн банкийг төлөөлөн Төв Ази болон Монгол Улсыг хариуцсан захирал Сюзанна Харгитай нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Европын холбооны төлөөлөгчид оролцлоо. Уг төслийг хэрэгжүүлснээр Шинэ сэргэлтийн бодлого дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан Эрчим хүчний сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг урагшлуулахад чухал ач холбогдолтой төдийгүй Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн мега төслүүд болох Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга, Сайншандын аж үйлдвэрийн парк, газрын тос боловсруулах үйлдвэр болон Замын-Үүдийн худалдааны чөлөөт бүсэд тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангагдах эх үүсвэр болно. Чойр-Сайншандын 220кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих төсөлийн хүрээнд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын нийт 51.4 мянга гаруй хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчтэй холбогдох хүртээмжийг сайжруулснаар Засгийн газраас явуулж буй бодлогын хүрээнд хөдөө орон нутаг руу шилжих, орон нутаг дахь өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах боломжийг бүрдүүлэн өгч байгаа болно. Дашрамд дурдахад Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банканд гишүүнээр элссэний 16 жилийн ой энэ жил тохиож байна. Тус банк нь Монгол Улсад нийт 2.2 тэрбум еврогийн зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд 125 гаруй төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, манай улсын эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсаар байна гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.  

Translate