12 сар 19, 2024

Эрдэнийн сан Субашид…

-Эрдэнийн сан Субашид-

2023.03.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол-Төвд эртнээс улстөр, утга зохиолын харилцаатай байсныг Төвдөөс Монгол хэлнээ орчуулсан ном, зохиолоос уншиж болно. Ер нь Төвдөөс монгол хэлэнд XIII-XIV зууны үед орчуулсан зохиолын дийлэнх нь бурханы шашны ном байсан ч, цөөн тооны ардын цэцэн үгийн түүвэр чанартай яруу найраг байжээ. Үүний нэг нь Сажа Бандид Гунгаажалцангийн XIII зууны эхэн үед төвд хэлээр зохиосон Субашид шүлэглэл юм. Ардын цэцэн үгийн түүвэр чанартай яруу найраг болон шүлэглэлийг одоогоос 2000 жилийн тэртээ Энэтхэгийн зохиолч Нагаржуна үүсгэж дэлгэрүүлсэн гэдэг. Түүний зохиосон бэлгийн модон, Зуун бэлэг, Ардыг тэжээх дусал, Чогсрэдийн Зуун шүлэглэл, Занака хааны шастир зэрэг зохиол 1000-аад жилийн өмнө төвд хэлэнд орчуулагдсан бөгөөд Төвд-Монгол Данжуурт багтан оржээ. Дээр дурдсан зохиолуудыг Сажа Бандид Гунгаажалцан дуурайж, Субашидыг зохиожээ. Субашидын дотор Нагаржунагийн зохиолоос шууд авсан мөр, бадгууд ч байдаг байна. Субашидыг монгол хэлнээ орчуулбал сайн үгт эрдэнийн сан гэх утгатай аж. Тиймээс Эрдэнийн сан Субашид нэрээр уншигчдад хүрч байжээ. Сажа Бандид Гунгаажалцан 1182-1251 оны хооронд амьдарсан нэгэн. Тэрбээр Төвдийн Зан мужийн зохиолч байсан бөгөөд XIII зууны дундуур Өгөөдэйн хүү Годан, Хөх нуурт нутаглаж байхдаа анх залж авчирсан байна. Тиймээс түүнийг амьд ахуйд, уригдан ирэх үед нь Субашидийг монгол хэлнээ орчуулсан болов уу их зохиолч Ц.Дамдинсүрэн үзсэн байдаг. 1906 онд Финляндын нэг жуулчин Дорнод Туркстаны нутгаас ганц уранхай хуудас ном олжээ. Үүнийг Финляндын монголч эрдэмтэн Рамстедт судалж, 1912 онд нэг өгүүллэг бичиж хэвлүүлжээ. Тэгэхдээ Рамстедт энэ бичгийн 9 тасархай мөрийн доторх 10 үгийг уншсан байна. Рамстедт энэ хэдэн үгнээс хэдэн дүгнэлт хийсэн байна. 

  • Энэ бол монгол хэлээр дөрвөлжин үсгээр бичигдсэн бурханы шашны тасрхай бололтой
  •  Энэ бол дөрвөлжин үсгээр хэвлэгдсэн номоос олдсон ганц чухал дурсгалт баримт мөн
  • Энэ бол XIII зууны эцэс буюу XIV зууны эхний үед хэвлэгдсэн номын тасархай гэж хэлсэн байна.

Тэгвэл 1929 онд Унгарын монголч эрдэмтэн Лигети Өвөр-Монголоор жуулчилж яваад Харчины Конефүгийн Еши-Дамчаа хувилгаанаас төвд-монгол хадмал нэг Субашидыг олж авчээ. Лигети 1948 онд үүнийгээ фотогоор хэвлэж гаргав. Лигети энэ Субашидын монгол орчуулгын хэлний байдлыг хянаж үзээд, XVI зууны орчуулга гэж хэлжээ. Мөн энэ орчуулгын эхний хуудас дээр тарнич тойн Соном Гара орчуулбай гэж тэмдэглэсэн байжээ. Рамстедийн шав Аалто өнөөх уранхай хуудасны бичгийг Лигетийн хэвлүүлсэн Субашидтай тулгаж үзтэл хэдэн тохирох мөр дайралдсан байна. Энэ тухай Аалто тусгай өгүүллэг бичиж, Финляндын дорно дахины судлалын сэтгүүлийн 1952 оны дугаарт хэвлүүлсэн байна.

  • Рамстедтийн хэвлүүлсэн ганц уранхай хуудас бол Субашидын хуудас болох нь тодорлоо
  • Субашидыг 1206 оноос урьд, дөрвөлжин үсгийг өргөн хэрэглэж байх үед дөрвөлжин үсгээр хэвлүүлсэн нь мэдэгдлээ
  • Соном-Гарагийн орчуулга бол XIII зууны эцсийн үейин буюу XIV зууны бүр эхний үеийн орчуулга байна гэдэг нь баттай боллоо
  • Олон газрын эрдэмтэн нар монгол хэл бичгийг хамтран судалж байгаа ариун сайхан ажлын ач үр тодорч байна
  • Ганц уранхай хуудас монгол хэл бичгийн судлалд ийм чухал ачтай болсныг бодож, хуучин бичгийг хайрлан хамгаалахын чухлыг улам сайнаар ойлгож авч байна гэжээ.

Аалто бас дөрвөлжин үсгээр хэвлэгдсэн Субашидын нэг хуудас Берлинээс олж, энэ тухай өөр нэг өгүүлэл бичиж байжээ. Субашид монголд их дэлгэрсэн ном бөгөөд дээр дурдсан орчуулгын хуулбараас гадна, өөр хэд хэдэн орчуулга байдаг аж. Үүний заримыг дурдвал, Соном-Гарагийн орчуулгыг хянаж засаад, сүүлийн үеийн уншигч нарт ойлгомжтой болгож бичсэн, төвд-монгол хадмал субашидын сайн орчуулга Монгол Улсын номын санд бий. Мөн XVIII зууны үед урд хошууны мэргэн гэгээн Дамбажалсаны орчуулж хэвлүүлсэн Субашид байдаг ажээ. Үүнээс гадна, Цахар гэвшийн орчуулсан Субашид, түүний тайлбарыг Өвөр монголд ба Буриадад XVIII-XIX зууны үед хэвлэн гаргажээ. Мөн энэ Субашидын орчуулгыг 1940 оны орчим Чуулалт хаалга хотод дахин хэвлэсэн байна. Субашидыг анх европын уншигчдад танилцуулсан хүн бол XIX зууны эхний хагаст Төвдөд удаан суусан Унгарын төвдөч эрдэмтэн Чома дэ Көрөш ажээ. Түүнээс хойд Субашидыг төвд хэлнээс европын зарим хэлэнд хэдэн удаа орчуулжээ. Субашид монголчуудын дунд яагаад алдаршсан зохиол вэ сайн, мууг хэрхэн ялгаж, салгаж, тунгаах талаар мэргэн цэцэг үгээр шүлэглэж бичсэн зохиол учраас тэр юм. Субашид 9 бүлэгтэй бөгөөд гарчиг тус бүрээс энэ нь тодорхой харагдана. Тухайлбал:

  • Нэгдүгээр бүлэг: Сайн номлолт эрдэнийн сан Субашидаас мэргэн цэцнийг танихын аймаг
  • Хоёрдугаар бүлэг: Сайн номлолт эрдэнийн сан субашидаас дээд ихсийн танихын аймаг
  • Гуравдугаар бүлэг: Сайн номлолт эрдэнийн сан Субашидаас муу тэнэгүүдийг танихын аймаг
  • Дөрөвдүгээр бүлэг:  Сайн номлолт эрдэнийн сан Субашидаас сайн муу хоёрын нийлүүлэн танихын аймаг
  • Тавдугаар бүлэг Сайн номлолт эрдэнийн сан Субашидаас муу явдлыг танихын аймаг
  • Зургаадугаар бүлэг: Сайн номлолт эрдэнийн сан Субашидаас ер номын чухам голыг танихын аймаг
  • Долоодугаар бүлэг: Сайн номлолт эрдэнийн сан Субашидаас ер зохисгүй юмыг танихын аймаг
  • Наймдугаар бүлэг: Сайн номлолт эрдэнийн сан Субашидаас ер явах явдал үйлсийн танихын аймаг
  • Есдүгээр бүлэг: Сайн номлолт эрдэнийн сан субашидаас номоор явахын ёсыг танихын аймаг хэмээн гэсэн 9 бүлэгтэй юм. 

-Субашидын тайлбар-

Эрдэнийн сан Субашидад мэргэн цэцэн үгээр аливаа зүйлийн сайн, мууг ялган таниулахыг оролдсоноороо онцлог. Харин Субашидын тайлбарт шүлгийн бадгуудад зохилдох утгатай үлгэрийг жишээ татаж бичсэнээрээ огцлог юм. Өөрөөр хэлбэл, Субашид цэцэн үгийн цоморлиг бол, Субашидын тайлбар нь үлгэрийн цоморлиг гэж ойлгож болно.

Субашидын 3-р бүлгийн 93 бадгийг Соном Гара дараах байдлаар орчуулжээ.

  • Нас бусдад тэжээгүүлэн явагчин аран
  • Хэзээ бээр бөгөөс магад шантарью
  • Хон хэрээнд өргүүлэхгүй
  • Яст мэлхий хөсөр унажухуй гэжээ

Тэгвэл Субашидын 3-р бүлгийн 93 бадгийг Цахар гэвш дараах байдлаар орчуулжээ.

  • Ашид хүний хүчээр явсан муу хүн
  • Алсдаа аргагүй нэг доройтох болъую
  • Адилтгаваас хоёр галуунд дамнуулсан яст мэлхий
  • Айлын дэргэд унаж хоцорсон мэт хэмээн орчуулжээ. 

Энэ бадгийн тайлбар болгож бичсэн үлгэрийн товч утга нь: Нэг нуурт хоёр галуу, нэг мэлхий амьдарч байжээ. Гэтэл ган халуун болоод нуурын ус ширгэж тэр гурван амьтан хатаж үхэхэд хүрчээ. Тэгэхлээр хоёр галуу өөр устай газар очихоор нисэх гэтэл мэлхий тэр хоёрыг гуйжээ. 

  • Та хоёр намайг аваад яваач, хамт устай газар очъё гэжээ. Тэгэхлээр хоёр галуу, мэлхийг өрөвдөөд нэг бяцхан мөчрийн дундаасмэлхийг зуулгаж, мөчрийн хоёр үзүүрээс хоёр галуу зуугаад нисэх болжээ. Мэлхийг тун дуугарч болохгүй, хэрэв амаа ангайлгавал бяцарч үхнэ гэж сайн ухуулан хэлж гэнэ. Үгэнд дурлаж үргэлж бахирч байдгаа болих хэрэгтэй гэжээ. Мэлхий: 
  • Би огт амаа анхайхгүй, ганц ч үг хэлэхгүй, ердөө бархирахгүй гэжээ. Тэгээд хоёр галуу мэлхийг аваад нисэж явсаар нэг айлын дээгүүр гарчээ. Олон хүүхэд тэднийг үзээд:
  • Пээ та минь, үзээч, хоёр шувуу нэг мэлхийг аваад явж байна гэж бахиралдаж гэнэ. Мэлхийн түүнийг сонсоод тэссэнгүй.
  • Энэ хоёр намайг аваад явж байгаа юм биш, би өөрөө явж байгаа юм гэж хэлэх гээд амаа ангайтал модоо алдаад газар ойчиж гэнэ. 

Энэ бол Ази, Европ олон газар дэлгэрсэн ардын үлгэр. Эндээс Субашидын цэцэн, мэргэн үгсийн цоморлиг, түүнийг тайлбарласан үлгэрийн цоморлиг хаа хүртэл түгсэнийг харж болно. Мөн Эрдэнийн сан Субашид цэцэн үгийг цоморлиг, Субашидын тайлбар нь тэрхүү цэцэг үг бүрийг үлгэрчлэн тайлбарласан зохиол гэдгээрээ алдартай юм.

Translate