12 сар 19, 2024

Төрийн банк IPO гаргалаа…

-Төрийн банкны олон нийтэд санал болгож буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ-

2022.09.30. Монгол Улс. Монголын хөрөнгийн бирж.Төрийн банк ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, дэд дарга Т.Цэрэнбадрал, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Гантөр болон холбогдох бусад хүмүүс оролцлоо. Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан: УИХ-аас баталсан Зээлийн хүүг бууруулах стратегийн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчинг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын цогц арга хэмжээнүүдийг үе шаттайгаар, цаг тухай бүрт нь авч хэрэгжүүлсний сацуу банкны салбарын реформтой холбоотойгоор зохицуулалтын орчныг бүрдүүлэх, санхүүгийн зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох замаар санхүүжилтийн зардлыг бууруулах арга хэмжээг авсны үр дүнд хөрөнгийн зах зээлд сүүлийн жилүүдэд томоохон ахиц дэвшлүүд гарч байгааг энд онцлох нь зүйтэй болов уу. УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 онд баталсан нь арилжааны банкуудад зохистой засаглалыг бий болгох, олон нийтийн хяналттай, нээлттэй, ил тод банкны салбарыг бүрдүүлэхэд томоохон түлхэц болох төдийгүй зөвхөн банкны салбар бус нийт санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах нэн ялангуяа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой шийдвэр болсон. Банкны реформыг хэрэгжүүлснээр банкны үйл ажиллагаа ил тод, нээлттэй болж, хяналтын тогтолцоо илүү боловсронгуй болох, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөж, чанартай, хөрвөх чадвар өндөр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкуудад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болохоос гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бий болгоход чухал алхам болох юм. Энэ ч утгаараа Санхүүгийн зохицуулах хорооноос банкууд хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулагдаж, олон нийтэд хувьцаагаа санал болгох ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай чиглэл, зөвлөгөө, мэдээллийг өгч, амжилттай зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэхэд түлхүү анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд өнөөдөр Төрийн банк ХХК нь банкны салбарын реформын хүрээнд банкны системд нөлөө бүхий банкуудаас нээлттэй хувьцаат компани болох ажлыг түүчээлж, нөгөөтэйгүүр УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн болон орон нутгийн өмчийг олон нийтийн болгох ажлыг бодитоор хэрэгжүүлэх алхмыг хийж буйгаараа ихээхэн онцлогтойн зэрэгцээ түүнийг дагаад олон нийтийн хүлээлтээс эхлээд үүрэг, хариуцлага маш ихээр нэмэгдэж байгааг сануулъя. Эцэст нь Төрийн банк ХХК-д баяр хүргэж, анхдагч зах зээлийн арилжаанд нь амжилт хүсье гэсэн юм. Төрин банк нийт хувьцааныхаа 5 хувийг буюу 37,475,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 590 төгрөгөөр нийтэд санал болгох замаар нийт 22.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүний 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувийг олон нийтэд санал болгон худалдах юм гэжээ.

2022.09.30. Монгол Улс. Монголын хөрөнгийн бирж. Төрийн банк нь нийт хувьцааныхаа хувь буюу  37,475,000 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 590 төгрөгөөр олон нийтэд санал болгож,  22.1 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зээлийн арилжаагаа өнөөдөр эхлүүллээ. Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай: Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд өнөөдөр маш чухал өдөр болж хэд, хэдэн чухал үйл явдлууд болж байна. Юуны өмнө банкны реформ буюу банкны шинэчлэл төрийн бодлогын чанартай ажил хэрэгжээд, биежээд явах хамгийн чухал алхам өнөөдөр тохиож байна. Монголын хамгийн том аж ахуй нэгж буюу системийн 5 банк дараа жилийн 6 дугаар сарын 30-аас өмнө олон нийтэд нээлттэй болох ёстой. Үүнийг түүчээлж Төрийн банк олон нийтийнх болох анхдагч зах зээлийн ёслолын үйл ажиллагаа болж байна. Мөн энэ бол зөвхөн банкны реформ гэхээсээ гадна шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах бодлогын томоохон алхам гэж ойлгож байна. Түүнчлэн Монголын Хөрөнгийн Бирж өөрөө энэхүү шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дараагийн олон нийт болох жагсаалтад явж байгаа бөгөөд энэ ондоо багтаад олон нийтийн болох хүлээлттэй байгаа гэдгийг тодотгох нь зүйтэй. Мөн олон улсын дэлхийн индекс гаргадаг FTSE Russel компаниас Монголын хөрөнгийн зах зээл, Монголын хөрөнгийн биржийг хөгжиж буй зах зээлийн ангилалд албан ёсоор оруулсан гэдэг таатай мэдээг хүлээн авсан өдөр байлаа. Энэ нь өөрөө Монголын хөрөнгийн зах зээлийг шууд дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангуудтай холбох, гаднын хөрөнгө оруулалтыг татах томоохон платформ болох ажил байгаа бөгөөд монголын хөрөнгийн зах зээлд оролцогчдод бүгдэд нь шууд хамааралтай Төрийн банк болон бусад хувьцаа гаргаж байгаа бүх компаниудын хөрвөх чадварыг сайжруулах, гаднын капиталыг татах чухал ач холбогдолтой үйл явдал гэдгийг онцлон хэлмээр байна гэлээ. Мөн энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Төрийн Банк ХХК-ийн  ТУЗ-ын дарга Б.Тэлмүүн, Төрийн Банк ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Өлзий энд Ко ҮЦК -ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нар үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн банк ХХК-ийн Ө.Гантөр нар Монголын хөрөнгийн биржийн 6812 дахь удаагийн арилжааг ёслол төгөлдөр нээж, хүндэтгэлийн цан цохилоо. Монголын хөрөнгийн биржийн хувьд, Төрийн банк ХК-ийн анхдагч зах зээлд санал болгож буй үнэт цаасны захиалгыг өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 06-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд IPO системээрээ дамжуулан хүлээн авна. Түүнчлэн анхдагч зах зээлийн арилжааны явцад олон нийтээс хувьцаа худалдан авахаар өгсөн захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давсан тохиолдолд ТӨРИЙН БАНК ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ-өөр тус компанийн хувьцааг анхдагч зах зээлд арилжаалж эхэллээ гэжээ.

-Төрийн банк ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн хуваарилалтын төлөвлөгөө-

2022.09.30. Монгол Улс. Монголын хөрөнгийн бирж. Төрийн банк ХК нь нийт хувьцааныхаа хувь буюу 37,475,000 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 590 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 22.1 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зээлийн арилжааны захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2022.10.06-ны өдрийг дуустал арилжааны өдөр бүрийн 10-17 цагийн хооронд хүлээн авах юм. Санал болгож буй нийт үнэт цаасны 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 30 хувийг олон нийтэд хуваарилна. Олон нийтийн захиалга нь нийлүүлэлтээс давсан тохиолдолд нэмэлтээр 0.75 хувь  /greenshoe/ буюу 5,621,250 ширхэг үнэт цаасыг олон нийтэд санал болгох ба хувьцааны хуваарилалтын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалгыг тэргүүн ээлжинд биелүүлэх зарчмыг баримтлан нийт харилцагчдад хуваарилах хөрөнгийн суурь хэмжээг тогтоосон дараах төлөвлөгөөг андеррайтер компаниас ирүүллээ. 

Translate