12 сар 19, 2024

Mongolia mining 2022 чуулганыг нээж үг хэллээ…

Монгол Улсад Уул уурхайн салбар үүссэний 100 жилийн ойн хүрээнд Монголын Уул уурхайн долоо хоног-2022 нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, эрдэс баялаг, уул уурхайн салбарын идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж энэ хүрээн энэхүү чуулганыг зохион байгуулж байна. Монголын Уул уурхайн долоо хоногийн хүрээнд болж буй MONGOLIA MINING-2022 Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганыг Сангийн сайд Б.Жавхлан нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: Өнгөрсөн хугацаанд Уул уурхайн салбар эдийн засгийн тогтвортой хөгжлийн салшгүй нэгэн хүчин зүйл болж, ард иргэдийн сайн сайхан амьдралын баталгаа болж ирсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 25%, экспортын орлогын 93%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76%-ийг бүрдүүлэгч гол тулгуур салбар болсноос харагдаж байна. Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид, мөн тус салбарт хөрөнгө оруулагч нарыг дэмжихэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, макро эдийн засгийн тогтвортой орчныг хангах боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэхэд уул уурхайн салбарын оролцоо маш өндөр болохыг цохон тэмдэглэх нь зүйтэй юм. Төр хувийн хэвшилтэй урт хугацаанд түншилж дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар үйлчилгээний салбарт өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга хэрэгслийг бий болгох, урт хугацаандаа төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон давуу талыг бүрдүүлэх явдал юм. Мөн Шинэ Сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж байгуулан хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэхээс гадна эрчим хүчний тарифыг чөлөөлөх замаар салбарыг санхүүгийн бие даасан тогтолцоонд шилжүүлнэ. Дээрх бодлогын үр дүнд бид эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шийдвэрлэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэлхийн хөгжлийн чиг хандлагыг нутагшуулах, улмаар газрын хэвлий дэх ард түмний баялгийг өнөө ба хойч үеийн иргэн бүрт тэнцвэртэй хуваарилах Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэнэ. Олборлолтын үе шатнаас боловсруулалтын үе шатанд шилжиж буй өнөөгийн шилжилтийн цаг үеийг амжилттай туулж аж үйлдвэржилтийн үе шатанд хүч түрэн орж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндийг дахин дэвшүүлж, та бүхнийг Монгол Улсад хөрөнгө оруулахыг урьж байна гэв.  

Translate