12 сар 19, 2024

Чингисийн талаарх уран бүтээлүүд…

-Үхэж үл болно – Чингис хаан кино-

Манай улсад 1935 онд оросын мэргэжилтэн, техник хэрэгслийн тусламжтайгаар Монгол кино үйлдвэрийн суурь тавигдаж, 1936 онд монголын анхны уран сайхны Монгол хүү киног бүтээж байжээ. Энэ киног оросын мэргэжилтэн, найруулагч, операторуудын тусламжтай найруулж байсан түүхтэй. Энэ цагаас хойш 1969 оныг хүртэл Сүхбаатар, Цогт тайж, Сэрэлт, Ардын элч, Түмний нэг зэрэг улсынхаа нийгэм, эдийн засаг, улс төр, хүн ардын аж амьдралыг бодитоор харуулсан олон уран бүтээл туурвисан байдаг. Энэ үйлсэд манай улсын жүжигчид чамгүй гавъяа байгуулсан бөгөөд тэд кино зохиолоо бодитоор амилуулж чаддаг байв. Тиймдээ Ардын элч киноны жүжигчин П.Цэвэлсүрэн 1959 онд ОХУ-ын Москва хотноо зохиогдсон олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэж байлаа. Эндээс манай улсын кино урлаг дэлхийн кино урлагийн хөгжлөөс дутахааргүй байсан нь харагддаг. Чадварлаг жүжигчид, найруулагч, зураглаач, кино зохиолчдын хүчээр манай улс 1969 он гэхэд нийтдээ 48 уран сайхны кинотой болсон юм. 1969 он хүртэл Монгол кино үйлдвэрийн техник хэрэгсэл дутмаг, үйлдвэрийн хүчин чадал сул байсан тул цөөн тооны хэдэн кино бүтээжээ. Гэхдээ кино урлаг үүсч хөгжөөд удаагүй манай улсын хувьд энэ нь чамлахаар тоо биш байлаа. Монгол кино үйлдвэрийн хоёр дахь удаагийн өргөтгөл 1973 онд ашиглалтад орж, хүчин чадал нь нэмэгдсэнээр 1980 оноос жилд дунджаар 5-7 уран сайхны кино бүтээх бололцоотой болжээ. Үүний үр дүнд 1970-1992 оны хооронд нийтдээ 127 уран сайхны кино бүтээсэн байна. Энэ үеийг кино урлаг сэргэн мандаж байсан үе хэмээн тодотгодог. Хэдийгээр 1982 оноос кино урлаг илт сэргэн мандсан ч, 1992 онд бараг зогсонги байдалд оров. Энэ нь 1990 онд манай улсад гарсан нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлттэй холбоотой байсан юм. Нийгэм, эдийн засгийн шилжилтийн үед кино урлагийнхан мөнгө санхүүгийн хүндрэлтэй тулгарав. Нөгөө талаас мэргэжлийн боловсон хүчин дутмаг болоод байсан цаг үе. Тиймээс 1990-ээд оноос манай улсын кино урлаг бүхэлдээ зогсонги байдалд орсныг хэн хүнгүй мэднэ.

Гэхдээ үүнээс амжиж 13 зууны монголчуудын амьдрал, тэр тусмаа Чингисийн байлдан дагуулалтыг харуулсан анхны уран бүтээл болох Мөнх тэнгэрийн хүчин дор киног Монголын нууц товчооноос сэдэвлэн 1987 онд кино найруулагч Б.Балжинням бүтээлцэж амжсан байв. Чингис хаан бол монголчуудын бахархал, дэлхийд дуурсагдсан түүхэн хүн билээ. Тиймээс Чингисийн тухай кино бүтээх нь манай улсын киночдын үе үеийн эрхэм хүсэл байсаар ирсэн юм. Энэ хүслээ кино найруулагч Балжинням 1987 онд биелүүлж амжив. Энэ нь XIII зууны үеийн монголчуудын амьдрал, тэр тусмаа Чингисийн байлдан дагуулалтыг харуулсан манай киночдын хийсэн анхны уран бүтээл гэдгээрээ онцлог. Тэр цагаас хойш дэлхийн олон орны киночид 13 зууны монголчуудын аж амьдрал, Чингисийн тухай олон арван кино бүтээсэн ч, монголчуудын ёс заншил, түүхийг үнэн бодитоор нь харуулж чадаагүй гэж үздэг. Уран сайхны аргаар түүх гуйвуулсан олон арван бүтээлүүд хийгдэх болсон тул манай киночид Чингисийн түүхэн амьдралыг бодитоор харуулсан хоёр дахь уран бүтээл хийхийг зорьжээ. Ингээд манай улсын нэртэй кино найруулагч Л.Эрдэнэбулган Чингис хаан киног бүтээх их ажилд 2006 онд ханцуй шамлан оржээ. Үүний үр дүнд Чингис хаан киноны эхний анги болох Үхэж үл болно-Чингис хаан кино нь 2008 онд үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон юм. Үхэж үл болно-Чингис хаан кино XIII зууны үеийн монголчуудын, тэр дундаа Тэмүүжингийн түүхэн амьдралыг бодитоор харуулсан хоёр дахь уран бүтээл гэдгээрээ онцлог. 2 цаг 20 минут үргэлжлэх энэ кинонд Тэмүүжин бага наснаасаа эхлэн хэрхэн зовж зүдэрч Их Монгол улсыг байгуулсан, үүний төлөө хэрхэн зүтгэсэн талаар гардаг билээ. Уран бүтээлд манай улсын урдаа барьдаг 40 гаруй жүжигчин тоглож, 5000 гаруй туслах ажилтан оролцсон байдаг юм. Энэ уран бүтээл 3 тэрбум төгрөгийн өртгөөр боссон нь тэр үедээ дуулиан болж байв.

Нэг хэсэг уналтад орсон кино урлагийн салбарыг хөгжүүлэх үүднээс 2003 оноос монгол киночдыг бусад орны киночидтой туршлага судлуулах бодлого хүртэл төр засгаас явуулсан байдаг. Энэ хүрээнд 2003 оноос эхлэн хоёр жилд нэг удаа кино наадам зохион байгуулж байхаар болж, 2005 оны кино наадамд Энэтхэг, Италийн киночдоос урьж оролцуулж байжээ. Харин үүний дараагийн кино наадмуудын хүрээг тэлж олон улсын чанартай болгоход Москва, Хөх хот, Сөүл, Токио, Дели, Ром, Вена хотын кино найруулагчид оролцож байсан юм. Италийн кино найруулагч гэхэд Чингисийн талаарх Салхины хаан хэмээх бүтээлээрээ оролцож байлаа. Монголын түүх соёл, ёс заншил олон улсын киночдын сонирхлыг үеийн үед татсаар ирсэн тул гаднынхан монголд ирж зураг авах, манай уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл хийх бололцоог ийнхүү нээж өгсөн нь тусыг олсон нь энэ. Адаглаад монголын түүхээр сэдэвлэсэн Сергей Бодровын Монгол хүн кино, Д.Бямбарсүрэнгийн германчуудтай хамтарсан Ингэн нулимс кино Оскарт нэр дэвших хүртэл амжилт гаргасан тул тусыг олсон гэхээс ч өөр юу гэхэв. Уналтад ороод байсан кино урлаг оскарт дэвших хүртлээ нэг хэсэг өндийх нь өндийсөн билээ. Кино урлаг ийнхүү 2008 оноос хөгжлийнхөө шинэ шатанд гарч, жилд 5 уран сайхны кино туурвиж эхлэв. Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжих, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилгоор Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулж жил гаруйн өмнө батлуулсан байдаг. Ингэснээр төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаар бодлогын чиглэл зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын эрх үүргийг болон кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг зохицуулах хууль эрхзүйн зохицуулалттай болсон юм.

-Үхэж үл болно – Чингис хаан үзэсгэлэн- 

Үхэж үл болно-Чингис хаан кинонд зориулж урласан эд зүйлсээр Чингисийн монгол үзэсгэлэн хүртэл дэлгэгдэж байсан юм. Үүгээр нүүдэлчдийн түүх, соёл, ёс заншилтай биеэрээ танилцах боломжийг олгосон юм. Тухайлбал, 13 зуунд монголчууд ямар гэрт амьдарч, юу эдэлж хэрэглэж байсан бүхий л эд зүйлс дэлгэгдсэн юм. Үхэр тэрэг, гэр тэрэг, нум сум, баатрын хувцас зэрэг дэлгэгдэж, жүжигчилсэн тоглолт хийгдсэн нь олны анхаарлыг татаж байлаа. Тухайн үед Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны Соёл, урлаг хариуцсан менежер Отгонбаатар: Үндэсний дээлээ өмсөөд тулгаа тойрон гэртээ ил гал дээр цайгаа чанаад ууж байгаа XIII-р зууны үеийн монголчуудын амьдралаас харах боломжтой. Мөн энэ үед бөө нар урцанд галаа түлээд, хэнгэргээ дэлдээд яаж амдардаг байсныг жүжигчид маань харуулахыг зорьсон. Баатрын хувцастай жүжигчид нум сум харваж, дайнд яаж оролцож байсан тухай жүжигчилсэн тоглолт бэлдсэн. Үзэсгэлэн маань хоёр сарын хугацаанд театрчилсан тоглолт үзүүлж буйгаараа онцлогтой. Үүнээс гадна үзэсгэлэнд ирсэн жуулчид нум, сум харваж үзэж болох давуу талтай. Үүний сацуу XIII зууны үеийн амьдралд өөрөө тоглох боломжийг бүрдүүлж өгсөн юм. Үндэсний гэрт үндэсний хоол захиалж идэж болох зэрэг монголчуудын үндэсний уламжлалтай бүтнээр нь танилцах боломж олгосон юм. Энэ үзэсгэлэнгээр Чингисийн байлдан дагуулалтын үеийн ард иргэд ямар орчинд аж төрж, яаж амьдардаг байсныг бодитоор нь харуулахыг зорьсон хэмээн 2008 онд хуучилж байснаас эргэн сануулахад илүүдэхгүй биз ээ. Үхэж үл болно-Чингис хаан киноны хувцасны зураач Гоош кинонд зориулж хаан, цэргийн жанжин, баатрууд, хатадад зориулж 5000 гаруй хувцас урлажээ. Тэдгээрээс энэ үзэсгэлэнд монгол баатрын хувцас, бамбай, хуяг, дуулга тавигдсан байлаа.

13 зуунд монгол цэргүүдийн эдэлж хэрэглэж байсан цэргийн хувцас, зэр зэвсгийн тухай Үхэж үл болно – Чингис хаан киноны хувцасны зураач Гоош: Монгол цэргүүд тэр үед хэрэглэж байсан хувцас нь битүү энгэртэй дээл юм. Энэ дээл нь өрөөсөн талдаа задгай боловч хоолойгоороо салхи авахгүй байхаар хийгдэж байсан байна. Мөн дөрвөн тийшээ хагалагддаг байсан учраас моринд мордох буюу мориноос буугаад байлдах үед дээлний хормой садаа болохгүйгээр хийгдэж байж. Монгол баатруудын хувцаст байлдааны зэр зэвсэг нь орж таарна. Хуяг гэхэд хөнгөхөн мөртлөө сум нэвтрэхгүй, сэлэм цавчигдахгүй, тэгээд хөдөлгөөнд саад болохгүйгээр хийгдэж байсан байгаа юм. Монгол баатрууд бол тайван цагт хуяг, дуулгыг амраадаг. Хуяг, дуулга өөрөө юунаас үүсэлтэй вэ гэхээр малын гаралтай арьснаас юм. Мал, ан амьтныг агнаад арьсыг нь нойтноор нь биедээ хэвшүүлэх байдлаар бүр эрт дээр үеэс хэрэглэж ирсэн. Иймэрхүү байдлаар монгол баатар, монгол эрчүүдийн хэрэглэж байсан зүйлүүд бүгд амьдралаас гаралтай байдаг юм. Монгол баатрууд дайнд орохынхоо өмнө бамбайг норгоод хөдөлдөг байжээ. Бамбай нь мөн малын ширээр хийгддэг байсан юм. Дайнд орохынхоо өмнө бамбайгаа норгоод хөдөлдөг нь нойтон шир рүү янз бүрийн сум сэлэм нэвтэрдэггүйтэй холбоотой юм. Тухайн үед ширэн бамбай төмөр тоногтой, зарим талдаа төмөр иртэй байсан байгаа юм. Энэ утгаараа бамбай зарим үед сэлэмийн үүрэг гүйцэтгэнэ. Үүнээс гадна цэргийн байлдааны зэвсэгт хоромсог орно. Хоромсог нь сум хийдэг сав юм. Хоромсогыг дээр үед газар тавиад сумаа авч харавхад нэг талдаа ямар түшлэггүй мөртлөө, өөрөө тэнцвэрээ олоод зогсч байхаар хийсэн байдаг. Мөн морин дээр явж байсан ч 90 хүртэлх сумыг агуулж чадах тийм хормсог байсан байгаа юм. Цэргийн зэр зэвэгт мөн ташуур ордог. Ташуур нь лимбэтэй төстэй, голоорооо хөндий. Түүгээр бас харваж болдог, мөн бичиг агуулж явж болдог байсан байна. Монгол цэргийн малгайны орой дээр жад байдаг. Хамгийн сүүлд монгол баатар байлдаж байгаад гардан тулаанд ороод бүх зэвсгээ алдахад малгайны жад хамгийн эцсийн зэвсэг болдог юм. Гуталны тухайд ус нэвтэрдэггүй байсан байгаа юм. Гутлыг хийхдээ утас зүүгээр оёдоггүй, дандаа малын шөрмөсөөр оёдог байсан учраас чийг авах тусмаа улам чангарч байдаг. Усанд тун удаан байлгахгүй бол тэр бүр нороод чийг аваад байдаггүй байжээ. Энэ нь хөл чийгтүүлэхгүй, мөн айхтар дааруулахгүйгээр хийгдэж байсан байгаа юм.

Үхэж үл болно – Чингис хаан киноны хувцасны зураач Гоош XIII зууны үеийн бодит дүр төрхийг харуулах үүднээс угсаатан зүйг сайтар судалж, цэргийн хувцасыг бодит байдлаар нь харуулахыг хичээжээ. Үзэсгэлэнд үхэр тэрэг, гэр тэрэг, нум сум, баатрын хувцас зэрэг тавигдаж, жүжигчилсэн тоглолт болж байснаас гадна, өөр олон янзын арга хэмжээ зохиогдож байв. Тухайлбал, айргаар хуруудаж нааддаг дэмбээ, үндэсний шагайн наадгай, хасаа болон нум сум харваа зэргээр төрөл бүрийн сургалт, уралдаан, наадмыг зохион байгуулж байсан юм. Мөн Чингис хааны удирдахуйн ухаан, дайн байлдаанд хэрхэн тулалдаж байсныг олонд таниулах үүднээс монголын нэртэй лекторуудын цуврал лекцүүдийг уншиж байв. Жил бүрийн 7, 8 сарууд жуулчид ихээр ирдэг улирал. 2008 оны яг өдийд үзэсгэлэн зохиогдсон учраас урьд жилүүдээ бодвол жуулчин ихтэй байв. Тэр жилийн наймдугаар сарын 1-нд манай улсын баруун хязгаарт бүтэн нар хиртэлт болж, уг үзэсгэлэнгээр саатах хүмүүс цөөнгүй байсан билээ. Мөн тэр жилийн наймдугаар сарын 8-нд урд хөршид олимп зохиогдож, Орос-Монгол-Хятад гэсэн маршрутаар жуулчид ихээр зорчиж байлаа. Энэ ч утгаараа уг үзэсгэлэн тэр жилийн наймдугаар сарыг дуустал үргэлжилж, олны хөлд дарагдсан байв. Энэ үед дуусдаггүй үзэсгэлэнтэй байвал жуулчид тун ч их ирэх байхдаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун. Чингисийн музей байгуулж, жуулчид ихээр татахаар төлөвлөж буй энэ цаг үед дээрх мэдээлэл далайд дусал болох болов уу хэмээн эргэн сийрүүлсэн нь энэ.

-Монголын нууц товчоо радио драм-

Монголын нууц товчоонд XIII зууны үеийн монголын тулгар төр, Чингисийн түүхийг өгүүлсэн байдаг. Энэ зохиол нь монголчуудын түүхэн эх сурважийн нэг яах аргагүй мөн. Тэр ч утгаараа олон зууны туршид монголчууд энэ зохиолыг уншиж судалсаар ирсэн юм. Түүхэн сурвалж бичгийг анх зохиолч, хэл шинжлэлийн ухааны эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэн гуай орчин үеийн монгол хэлнээ хөрвүүлж байсан билээ. 2008 он хавьцаа Ц.Дамдинсүрэнгийн 100 жилийн ой тохиосон юм. Түүний насны ойд зориулж Дархан-Уул аймгийн Орхон продакшн студийнхэн Монголын нууц товчоо зохиолыг драм болгон бүтээсэн юм. Монголын нууц товчоо радио драмд эх зохиолын агуулга, бүтцийг тэр хэвээр нь хадгалж, түүхэн үйл явдал бүрийг дүрсэлсэн байдаг. Радио драмын тухай Чингисийн дүрд тоглосон Дархан-Уул аймгийн Залуучууд театрын жүжигчин Төмөрбат: Радио жүжиг гэдэг телевиз, тайз, дэлгэцнээс ондоо юм. Тайзан дээр болж байгаа процессыг хүний нүдэнд харагдахгүйгээр үзсэн харсан юм шиг нь үг, хэлээрээ дамжуулж олон түмэнд хүргэнэ гэдэг жүжигчдээс асар их ур, чадвар шаардлсан ажиллагаа байдаг. Бичигдсэн зүйлийг хүний нүдэнд харагдтал унших асар хүндрэлтэй байлаа. Орхон продакшн дээр бид олон радио драм хийж байсан. Энэ маань Монголын нууц товчоо радио драмыг бүтээхэд ихээхэн туршлага болж өгсөн гэж бодож байна. Найруулагч Жавхлантөгс жүжигчидтэйгээ сайн тулж ажилласан тухай 2008 онд хуучилж байсан нь саяхан мэт. Радио драмд Төмөрбатаас гадна, Дархан-уул аймгийн залуучууд театрын 20 гаруй жүжигчид оролцон тогложээ. Жүжгийн хөгжмийг ардын дуу хөгжмийн Тэнгэр аялгуу хамтлаг тоглосон байна. Нийт уран бүтээлчдийн ахлагчаар Орхон продакшн студийн захирал Рагчаасүрэн ажилласан бол, найруулагчаар нь түүний хүү Жавхлантөгс ажилласан байна.

Радио драмын ерөнхий найруулагч Жавхлантөгс: Бид 2001 оноос хойш радио драмын жанраар уран бүтээл тасралтгүй туурвиж байна. Радио драм бол монголд шинэ жанр. Хуучин цагт жижигхэн уран уншлагууд Монголын радиогоор явдаг байлаа. Энэ хэсэгхэн кино сюжетүүдийг 2-3 жүжигчин уншдаг байсан юм. Тэр бол ерөнхийдөө радио драмын нэг хэлбэр нь байсан гэхэд болно. Гэхдээ яг мэргэжлийн түвшинд бол биш. Орчин үеийн радио драмын жанр яг одоо л монголд орж ирж байна. Бид анх 2001 онд Өндөр босго радио жүжгийг хийж байхдаа АНУ-аас мэргэжилтнүүд урьж авч ирж байсан. Тэд ирж радио драмын жанраар тусгайлан хичээл явуулдаг байсан юм. Үүний хүчээр өнөөдөр энэ радио жүжгүүдийг хийх туршлагатай болсон хэмээн хуучилж байлаа. Орхон продакшн анх 2001 онд хүүхэд, өсвөр үеийнхэний сэдвээр Өндөр босго нэртэй радиогийн 52 бүлэг 158 үзэгдэлтэй радио цуврал жүжиг бүтээж байжээ. Үүнийг улс орны хэмжээнд радио сонсогчиддоо хүргэснээс хойш нийт 9 радио драм бүтээсэн байна. Монголын нууц товчоо радио драм 10 дахь нь болсноороо онцлог. Монголын хуучин уран зохиолын 3 ноён оргилд Монголын нууц товчоо, Гэсэр, Жангарын тууж багтдаг. Удахгүй Гэсэр, Жангарын туужууд  радио драм болж сонсогчдын хүртээл болно гэж Орхон продакшийнхан тухайн үед хэлж байсан юм. Ямартай ч, Монголын нууц товчоог өмнө нь уншдаг байсан бол, хожим драм хэлбэрээр ийнхүү сонсох боломжтой болсон байдаг. Тус драм эх зохиолтойгоо адилхан 12 бүлэгтэй. Бүлэг бүр нь үйл явдлынхаа багтаамжаас шалтгаалан 15-25 минутын хугацаатай. Радио жүжиг нь бүтнээрээ 200 минут үргэлжилдэг. Радио драмыг бүтээхэд 3 жил зарцуулжээ. 

Translate