12 сар 18, 2024

Эрнандо Де Сото…

Перугийн нэрт эдийн засагч Эрнандо Де Сото капиталын нууц зохиолоороо дэлхийн улс орнуудад хөгжлийн гарцыг зааж өгсөн гэдэг. Тиймээс ч энэ хүнийг дэлхий нийтээрээ андахгүй, зохиолыг нь уншаагүй хүн ховор билээ. Тухайлбал, Эдийн засгийн ухааны Нобелийн шагналт Милтон Фридман: Албан ёсчлогдоогүй өмчийг албан ёсны болгох нь эдийн засгийн хөгжлийг тэтгэх нэн үр ашигтай арга зам байдгийг Эрнандо дэ Сото амьдрал дээр харууллаа. Тэрбээр улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах боломжийг улс төрчдөд санал болгоод тэр нь тэдний өөрсдийнх нь байр суурийг бэхжүүлэх давхар бололцоо олгож буй юм гэж хэлсэн байдаг. Тэгвэл Их Британы ерөнхий сайд асан Маргарет Тэтчер: Капиталын нууц нь гуравдагч ертөнц болон экс-коммунист орнуудын гол алдаа буюу хувийн өмчийг тэтгэж, аж ахуйн үйл ажиллагааны хүрээг тодорхойлдог хуулийг дээдлэх ёс хангалтгүй байгааг харуулсанд оршино. Улс үндэстнийхээ сайн сайхны төлөө хариуцлага хүлээсэн бүх хүн заавал уншвал зохино гэж уг зохиолын талаар онцолсон байдаг. Тэгвэл капиталын нууц номын зохиогч Эрнандо Де Сото хэдэн жилийн өмнө манай улсад өөрийн биеэр хүрэлцэн ирж капиталын нууцаасаа хуваалцсан юм. Карл Маркс, Энгельс, Ленин, Адам Смит бүгд хөдөлмөр бол баялгийг бүтээгч гэж сургамжилдаг. Хүн хөдөлмөрлөж байж хүрз бүтээнэ. Бүтээсэн хүрзээ бариад дахин хөдөлмөрлөж байж баялаг бүтээх юм. Энэ мэтээр хөдөлмөр бол баялгийг бүтээгч юм гэж 20 зууны эдийн засагчид үздэг байлаа. Гэтэл Перугийн эдийн засаг Эрнандо Де Сото тэднээс арай өөр онол дэвшүүлжээ. Түүнийхээр капиталын нууц юунд оршиж байна вэ. Энэ асуултад Эрнандо Де Сото: Хууль ёсны эрхзүйт эдийн засаг, эрхзүйт систем капиталыг гол амин сүнс. Баялгийг хууль ёсны эдийн засаг, эрхзүйт систем бий болгодог. Хууль эрхзүйгээ дагаж мөрддөг байж баялгийг бүтээнэ гэжээ. Эдийн засгийн харилцаа өмчийн эрхийг тодорхойлохоос эхэлдэг. Өмч хөрөнгөө бүртгүүлсэн хүн түүнийгээ барьцаалж зээл авч болдог. Бас зарж илүү эргэлттэй бизнес эрхэлж чаддаг. Тэр утгаараа бүртгүүлсэн хөрөнгө эдийн засгийн эргэлтэд орж капиталын үндсийг тавина гэж Эрнандо Де Сото үзжээ. Тэрбээр манай улсад ирээд байгалийн баялгаас гадна, иргэдийн хөрөнгөд судалгаа явуулаад амжсан байдаг. Үүгээр улс нь, иргэд нь ихээхэн хөрөнгөтэй ч, үүнийгээ бүртгүүлээгүй учраас капитал болж чадахгүй байгааг монголчуудад хандаж хэлсэн удаатай. Гол нь бүртгүүлэх явц цаг хугацаа хэмнэдэг байвал эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг гэдгийг тэрбээр онцолсон. Капитал буюу баялгийг бий болгодог гол хүчин зүйл нь бүртгэлийн систем тул бүртгэлийн тогтолцооны ач тус, өмчийн эрхийг баталгаажуулах нь хөгжлийн үндэс юм гэдгийг таниулж, ойлгуулж, лекц уншаад тэрбээр нутаг буцсан байдаг. Мөн Эрнандо Де Сото: Монголд байх хугацаандаа баялаг хэрхэн бий болдог талаар жишээ татан ярьж өгөв. Хүн гараараа шороо малтаад баялаг бүтээж чадахгүй. Харин хүрзтэй байвал баялаг бүтээж болно. Цаашлаад трактортой байвал үйлдвэрлэл явуулна. Тэгэж байж сая нэг баялаг бүтнэ. Тиймээс миний олж нээснээр баялгийг хоёр зүйл бүтээдэг. Нэг нь эд зүйлс, нөгөөх нь харилцаа юм. Ганц үзгэн дээр жишээ татахад үүнийг хийхэд 5000 гаруй эд анги ордог. Эдгээр эд ангиудыг бүтээгчидтэй харилцаа холбоо байхгүйсэн бол баялаг бүтэхгүй байх байсан. Түүхий эдгүйгээр хичнээн хөдөлмөрлөөд ч капиталыг бий болгож чаддаггүй хэмээн ярьж байсныг эргэн сануулахад илүүдэхгүй биз ээ. 

Translate