12 сар 22, 2024

Хустайн нуруунд зочлов…

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей манай улсад энэ сарын 10-14-ний өдрүүдэд хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Хустайн нурууны шим мандлын нөөц газарт тус тус зочлов. Ерөнхий захирал Одри Азулей Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад 2004 онд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт зочилж, тус газрын хадгалалт, хамгаалалт болон үйл ажиллагаатай танилцлаа. Энэ хүрээнд Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт тулгамдаж буй бэрхшээл, үүнд нэн ялангуяа уур амьсгалын өөрчлөлт өв соёлын хадгалалт хамгаалалтад хэрхэн нөлөөлж буй болон энэхүү соёлын өвөө хойч үедээ өвлүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр авч буй арга хэмжээний талаар Хархорин сумын нутгийн болон тус газрын хамгаалалтын захиргааны удирдлагуудтай санал солилцлоо. Ерөнхий захирал О.Азулей энэ сарын 13-ны өдөр 2002 онд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Хустайн нурууны шим мандлын нөөц газраар зочилж, биологийн ховордсон төрөл зүйл, үүнд тус газарт амжилттай сэргээн нутагшуулсан зэрлэг адуу тахийн хадгалалт хамгаалалт, аж байдалтай танилцав. Тэрээр тахийг амжилттай сэргээн нутагшуулсан энэхүү жишиг нь ЮНЕСКО дахь Шим мандлын нөөц газрууд дунд жишиг шим мандал болохыг онцлон тэмдэглэж, цаашид ЮНЕСКО дахь шим мандлын нөөц газруудын хөтөлбөрийн хүрээнд бусад улс орны сайн жишгийг хуваалцах чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар дурьдав. Түүнчлэн Хархорум, Эрдэнэ зуу музейг үзэж сонирхохын зэрэгцээ Хархорин дахь Эрдэнэсийн хүрээ уран бичлэгийн төвөөр зочилж Соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах жагсаалтад бүртгэгдсэн Монгол бичгийн соёлтой танилцав.