12 сар 4, 2024

Үндэсний их баяр наадам өндөрлөв…

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний сурын болон шагайн харвааны асарт зочлов-

2022.07.11. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэж сонирхсоныхоо дараа үндэсний сурын талбай болон шагайн харвааны асарт зочиллоо. Энэ үеэр эртний уламжлалын дагуу дуут сумаар харваж үндэсний сурын харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр сум тавьснаас нэг удаа онолоо. Үүний дараа тэрбээр шагайн асарт саатаж, харваачидтай мэндчилэв.

-Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав-

2022.07.12. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын харьяат Б.Энхбаярын хээр үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хүй долоон худагт Хүй мандал галд зочлов. Тус галд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Тод манлай уяач Т.Ихбаярын уясан хээр азарга энэ жилийн азарганы уралдааны түрүү магнайг авсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манлай уяачид болон тэнд цугларсан наадамчдад баяр наадмын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмаар азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдуулсан унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж амжилт хүсэн ерөөлөө.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов-

2022.07.12. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо. Улсын цол олгох тухай зарлигийг уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх харваачдад Монгол Улсын цолны батламж, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

-Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүлэв-

2022.07.12. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд арав даван түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат Аврагч спорт хороо, Ховд дэвжээний бөх Оргихын Хангайд Улсын аварга цол олголоо. Мөн ес даван үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Алдар спорт хороо, Таван хан дэвжээний бөх Баярсайханы Орхонбаярт Улсын арслан цол олголоо. Улсын аварга цол олгох тухай болон Улсын арслан цол олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаяр нарт цолны батламжийг нь гардуулан өгч, энгэрийн тэмдгийг нь зүүж, баяр хүргэлээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Эрхэм хүндэт зочид оо, Эрхэм хүндэт наадамчид аа. Монголчууд бид төрт ёсныхоо баяр цэнгэл их наадмыг түүхт ойнуудтайгаа хамтатган сүр жавхлантай, ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэлээ. Монгол Улсын иргэд бид тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн нэгэн зууныг хамтдаа үдэж, шинэ зууныг хамтдаа тосож авлаа. Зуун зууныг өртөөлсөн буурал түүхтэй, дэлхийд ганцхан Монгол наадам тусгаар улсынхаа сүр хүч, эв нэгдлийг илтгэн харуулж, үүх түүх, үнэт зүйлээ бэхжүүлэн, үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэн үлдээж, үеийн үед монгол хүн, монгол түмний цог хийморийг бадрааж байх учиртай юм. Монголчууд бид Монголоороо гоёж, Монголоороо бахархаж, Монголоороо омогшиж, Монголоороо амьдрах ёстой. Наадмын маргааш намар гэж манай ард түмэн хэлдэг. Иймээс намрын их ажил, өвлийн бэлтгэлээ сайтар базааж, ирэх өвөл, хаврыг өнөтэй сайхан давахад төр засаг, түмэн олноороо анхаарч ажиллах нь зүйтэй. Хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ цар тахал, геополитикийн амаргүй цаг үеийг хамтдаа туулж байна. Монголчууд биднээс үл хамаарах хүндрэл бэрхшээлүүд улс орны маань эдийн засаг, ард түмний маань амьдрал ахуйд хүндээр тусаж байна. Тээвэр ложистик, үнийн өсөлт гээд дэлхий нийтийг хямраасан олон тулгамдсан асуудлууд байна. Энэ бүх хүндрэл бэрхшээлийг монголчууд бид сэтгэлийн хүчээр, эвийн хүчээр, хамтын хүчээр, хөдөлмөр зүтгэлийн хүчээр даван гарах болно. Далай их хааны суу алдар дор даяар Монголын эв нэгдэл бэхжиж, дархан манай улсын сүр хүч бадарч, эрэлхэг зоригт монгол түмний цог хийморь дэлгэрч байх болтугай. Хүлэг морьд нь хурдан, хүүхдийн гийнгоо нь цээлхэн, хүчит бөхчүүд нь бяртай, цэцэн харваачид нь ончтой, хүн ард нь бахдалтай, өндөр түүхийн Үндэсний их баяр наадам ийнхүү цог хийморь, баяр бахдалаар дүүрэн, ёслол төгөлдөр өндөрлөлөө. Мөнх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.