12 сар 21, 2024

Одри Азулейг хүлээн авч уулзав…

2022.07.10. Монгол улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Ерөнхий захирал Одри Азулейг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс ЮНЕСКО-д нэгдсэний 60 жилийн ойгоор айлчилж буйд талархал илэрхийлж, Монгол оронд тавтай морилохыг хүслээ. Монгол Улс нь төрт ёсны түүхэн уламжлалтай, өв соёлын өлгий нутаг гэдгийг онцлон тэмдэглэж, Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын онгон дагшин байдлыг хадгалах, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах болон бусад чиглэлд хамтын ажиллагааг бүхий л хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. Ерөнхий захирал Одри Азулей:Монгол Улс нь газар зүйн байрлал, түүх, соёлын өвөрмөц онцлогтой орон гэдгийг дурдаж, хоёр талын хамтын ажиллагаа идэвхтэй өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд 2022-2029 онд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж байгааг сайшаалаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж буй дэлхийн хүн төрөлхтний өв, соёлыг хадгалан хамгаалахад Монгол Улс онцгой анхаарал хандуулна гэжээ. Дашрамд дурдахад, ЮНЕСКО-д Монгол Улсаас одоогоор нийт 32 өв болон байгалын цогцолборт газрууд бүртгэгдээд байна. Үүнээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад 5 өв бүртгэгдсэн байгаа юм.