Үндэсний аюулгүй байдлын хуулийн шинэчилсэн найруулга өргөн барив…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах баримт бичгүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр өргөн барилаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Стратеги судлалын хүрээлэн, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсэг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үнэлгээний тайлан гаргажээ. Энэхүү тайланд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 60 гаруй хувьд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах шаардлагатай гэж дүгнэжээ. Иймд 5 бүлэг, 27 зүйл, 71 дэд зүйлтэйгээр тодотгон шинэчилсэн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг тодотгон шинэчилж байгаатай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрдэмтэн, судлаачдын танилцуулгыг сонссоныхоо дараа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах баримт бичгүүдийг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн барина гэдгийг онцлон тэмдэглэв.