Монголын эдийн засгийн чуулган ирэх сард болно…
2022.03.04. Засгийн газар. Монгол Улс. Монголын эдийн засгийн форум төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурал энэ өдөр боллоо. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий Монголын эдийн засгийн форум-2022 дөрөвдүгээр сарын 7-8-нд болох юм. Энэ удаад Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Шинэ сэргэлтийн бодлого нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварт цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм. Монголын эдийн засгийн форум чуулга уулзалтаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар ярилцаж дотоод, гадаадын төлөөллийн нээлттэй оролцоотойгоор нэгдсэн ойлголтод хүрэх хэлэлцүүлгийг өрнүүлдэг уламжлалтай. Чуулга уулзалтыг угтаж Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилт тус бүрээр дараах хуваарийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгүүд зохион байгуулна. Үүнд:
1. Эрчим хүчний сэргэлт 2022.03.21
2. Боомтын сэргэлт 2022.03.22
3. Аж үйлдвэржилтийн сэргэлт 2022.03.24
4. Хот, хөдөөгийн сэргэлт 2022.03.25
5. Ногоон хөгжлийн сэргэлт 2022.03.28
6. Төрийн бүтээмжийн сэргэлт 2022.03.29
Дээрх урьдчилсан хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан салбарын яамд зохион байгуулна. Эндээс гарсан санал, зөвлөмжийг дөрөвдүгээр сарын 7-8-ны өдөр зохион байгуулагдах Монголын эдийн засгийн чуулган-2022-ын үеэр мөн хэлэлцэх юм гэжээ.
2022.02.28. Сангийн яам. Монгол улс.Монголын эдийн засгийн чуулган 2022-ыг төр, хувийн хэвшил хамтран ирэх дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулна. Чуулган зохион байгуулах ажлын хэсэг Сангийн яаманд хуралдлаа. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эдийн засгийн чуулган 2022 арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан ахалж байгаа юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд салбарын сайдуудаас гадна, Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх, УИХ-ын даргын зөвлөх, Нийслэлийн засаг дарга, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг холбогдох байгууллагуудын удирдлагууд мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж байгаа юм. 2022 оны Монголын Эдийн засгийн чуулганаар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулна. Мөн нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлыг ярилцаж, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.