12 сар 19, 2024

Хөгжлийн зуун эмэгтэйчүүд гэрэл зургийн үзэсгэлэн гарав…

2022.03.01. Монгол Ардын Нам. Монгол Улс. Монгол Улсад улс төрийн хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой, Эх орончдын өдөрт зориулан Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан Хөгжлийн зуун эмэгтэйчүүд гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн Монгол Улсын хөгжил дэвшлийн өнгөрсөн 101 жилийн түүх, бүтээн байгуулалтуудыг гэрэл зурагт бууж үлдсэнээр нь харуулж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэгдсэн ихэнх зургууд түүх угсаатны зүйн хүрээлэнгийн архивд хадгалагдаж байсан маш үнэ цэнэтэй ховор, өмнө нь олон нийтийн хүртээл болж байгаагүй зургууд ажээ. Мөн өнгөрсөн улс эх орны хөгжил дэвшлийн 101 жил, бүтээн байгуулалтын хөгжилд эмэгтэйчүүд ямар үүргийг гүйцэтгэсэн гэдгийг харуулснаараа тухайн гэрэл зургийн үзэсгэлэнгийн онцлог оршиж буй. 1924 онд Монгол Ардын Намын Төв хорооны үзэл суртлын хэлтсийн дэргэд Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг байгуулж, анхны даргаар нь Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламыг сонгосон байдаг. Тэрбээр Монгол Ардын Намын гурван жилийн ойн хурал дээр Намын хамгийн том гавьяа бол Монголын эмэгтэйчүүдийг өөд татсан явдал мөн гэж хэлсэн байдаг. Түүний хэлсэн үг тэр үеийн Ургинская газета сонинд хэвлэгдсэний дараахан 1924 оны гуравдугаар сарын 8-нд Монгол Ардын Намын Төв хорооноос чухал шийдвэр гаргасан нь эмэгтэйчүүдийг бурангуй ёсноос гаргаж, соёл гэгээрлийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагатайгаар буюу Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг байгуулсан түүхтэй. Улс төр болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлснээр улс орны хөгжилд бодит өөрчлөлт гарна. Монгол Ардын Нам бүх шатны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30-аас доошгүй хувьд байлгах асуудлыг дүрэмдээ суулгаж өгсөн анхны улс төрийн хүчин юм. Хөгжлийн зуун эмэгтэйчүүд үзэсгэлэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 3-р сарын 8-ны өдрийг дуустал Монгол Ардын Намын төв байр, Тусгаар Тогтнолын Ордонд олон нийтэд нээлттэй байх юм.  

Translate