МАН-аас мэдэгдэл гаргажээ…
2022.01.28. Монгол ардын нам. Монгол улс.Хөгжлийн банкны хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн нэр бүхий чанаргүй зээлдэгчдийн зээлийн асуудлыг шүүхээр шийдүүлэхээр нэхэмжлэл гаргаж буй талаар тус банкны удирдлагууд олон нийтэд мэдээлэл хийлээ. 2012 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн байна. Эдгээр зээлийг Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаатайгаар олон улсаас босгосон эх үүсвэрээр санхүүжүүлсэн зээл бөгөөд 2023 онд төлөх гадаад өр юм. Уг зээлдэгчид зээлээ төлөхгүй тохиолдолд Монголын төр хариуцаж төлөх талаар ч яригдаж эхэллээ. Үүнтэй Монгол Ардын Нам санал нийлэхгүй. Зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүд болон эдгээр байгууллагад зээл авахад эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлсөн улс төрчид, албан тушаалтнуудтай аль нам засгийн эрх барьж байсан, аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран нам харгалзахгүй хатуу тэмцэх болно. Хэсэг бүлэг этгээдүүдийн авсан зээлийг Монголын ард түмний татварын мөнгөөр төлүүлэхийг Монгол Ардын Нам дэмжихгүй бөгөөд зээл авсан цөөнхөд давуу байдал олгож, өр төлбөрийг нийтийн сайн сайхны төлөө зарцуулах нөөц боломжоос төлөх нь нийгмийн шударга ёсонд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байна. Нэр бүхий зээлдэгчдийг зээлээ төлөх асуудлыг хөндөж буй сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, зээлийг эргэн төлүүлж, Монгол Улсыг хохиролгүй болгохын төлөө Монгол Ардын Нам тууштай тэмцэхийг үүгээр мэдэгдье гэжээ.