12 сар 19, 2024

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлэлцүүлэг болов…

2022.01.07. Сангийн яам. Монгол Улс. Сангийн яамнаас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулан олон нийтэд танилцуулав. Хуулийн төслийг өнөөдөр танилцуулж хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн бөгөөд Сангийн сайд Болдын Жавхлан оролцсон юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл нь 9 бүлэг, 60 зүйлтэй бөгөөд хуулийн зорилт нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах эрхзүйн таатай орчин бүрдүүлэхэд оршиж байна.

УИХ-аас 2009 онд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг батлагдаж, үүний дагуу Концессын тухай хуулийг 2010 онд баталснаар Монгол Улс дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх эрх зүйн орчин, бодлого тодорхой хэмжээгээр бий болсон. Гэвч концессын хууль нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн суурь зарчим, үндсэн ойлголтууд болох түншлэлийг төлөвлөх, сонгох, эрсдэлийг тооцож хувиарлах зэрэг асуудлыг бүрэн гүйцэд зохицуулж чадаагүй, хувийн хэвшлийн оролцоог хангаж чадахгүй байгаа тул хуулийн төслийг шинэчлэх шаардлага үүссэн.

Өнөөдөр хэлэлцүүлэгт оролцсон бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн төлөөлөл концессийн хуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлж, төр хувийн хэвшлээ дэмжиж ажиллах эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд дэмжиж оролцохоо илэрхийллээ. Сангийн яамнаас боловсруулсан Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл нь олон улсын жишигт нийцсэн хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлсэн, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, урт хугацаанд үр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог юм.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийг боловсруулахад олон улсын хууль эрх зүйн зохицуулалт, туршлагыг судалж, энэ хүрээнд Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн зөвлөхүүдээс санал авч хамтран ажилласан. Мөн Нэгдсэн үндэсний байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комиссоос 2019 онд баталсан Төр хувийн хэвшлийн түншлэлийн жишиг хууль, түүний гарын авлагыг баримтлан хуулийн төслийг боловсруулсан байна.

Translate