11 сар 20, 2024

Ерөнхийлөгчийн хүндэтгэлийн чуулганд хэлсэн үг…

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ойн баярын өдөрт зориулсан Улсын Их Хурлын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд оролцож, үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

Тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ!

Элэг нэгт ахан дүүс ээ!  

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм хүндэт төрийн түшээд ээ!

Та бүхэнд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Энэ жил Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жил зэрэг олон түүхэн тэгш ойнууд Монгол Улсад тохиож байна.

Улмаар Их Хүрээнд наймдугаар Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт эзэн хаанд өргөмжилж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулсан.

Хөхөө өвлийн жавар тачигнасан өдрүүдэд Хөх Монголын хувь заяаг эргүүлсэн, түүхэн сэргэлт болох Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон жилийн мохошгүй хүсэл, тууштай тэмцлийн биелэл, үндэстний ухамсрын сэргэлт, Ардын хувьсгалын үндэс суурь болсон түүхтэй.

Энэхүү түүхэн үйл хэрэг бол ноёд язгууртан, лам хувраг, эгэл ард бүх нийтээрээ эх оронч үзлээр эвлэлдэн нэгдсэн үндэсний эв нэгдлийн хүч байсан юм.

Тусгаар тогтнолын төлөөх мохошгүй тэмцэл арван гурван жилийн туршид зогсолтгүй үргэлжилсний үр дүнд 1921 оны 7 дугаар сарын 11-нд Ардын хувьсгал ялж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар үндсэн хуулиа баталж, хаант засаг, хамжлагат ёсыг халж, харийн эзлэн түрэмгийлэгчдийг үлдэн хөөж, тусгаар тогтносон Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулсан түүхтэй.

Олноо өргөгдсөний тэргүүн он хэмээн тогтоосон энэ үеэс бидний өвөг дээдэс эх орныхоо тусгаар тогтнолыг бататган, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө олон сорилт бэрхшээл, дайн тулааныг даван туулж, хагас зуун жил тууштай тэмцсэний үр дүнд 1961 онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэж, алтан соёмбот төрийн далбаагаа дэлхийн тавцанд мандуулсан билээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, Тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт, 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн, 1990-ээд оны ардчилсан өөрчлөлт шинэчлэлт зэрэг сүүлийн хоёр жаранд тохиолдсон манай улсын нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны гайхамшигт өөрчлөлтүүд нь агуу түүхт Монголын ард түмний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, хамтын хүчээр сэргэн мандсан үндэсний ардчилсан үзэл санааны нэгдэл, ялалт байсныг энэхүү түүхт ойн баярын өдөр тэмдэглэн хэлэхэд сайхан байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Нэгэн цагт дэлхийн талыг эзлэн тохинуулж, Монголын их амар амгаланг тогтоож явсан монголчуудын сэргэн мандах үндсийг тавьсан энэхүү 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал бол төрт ёсны өнө эртний өв уламжлалтай монгол үндэстний шастир түүхэнд тэмдэглэгдсэн, үеийн үед бүх нийтээрээ бахархан дурсаж, баярлан тэмдэглэвэл зохих түүхэн үйл явдал мөн.

Тиймээс жил бүрийн 12 дугаар сарын 29-ний энэ өдрийг Үндэсний баяр болгон тэмдэглэж байх шийдвэр 2006 онд гарч, улмаар 2011 оноос нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдөр болгосон билээ.

Түүхэн, баярт энэ өдөр Цагаагчин гахай жилийн хувьсгалд манлайлан оролцсон наймдугаар Богд Жавзандамба хутагт, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн, Чин ван Мижиддоржийн Ханддорж, Да лам Гомбын Цэрэнчимэд, Хатан баатар Сандагдоржийн Магсаржав, Түшээ гүн Гадинбалын Чагдаржав, Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэн, улсад туслагч гүн Баянтөмөрийн Хайсан тэргүүтэй нийгэм, улс төр, шашин, цэргийн нэрт зүтгэлтнүүд, цуутай эх орончдоо эргэн дурсаж, гавьяа зүтгэлийг нь алдаршуулж, үйл хэргийг нь мөнхжүүлэх нь үр хойч бидний эрхэм үүрэг юм.

Өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд Найрамдах Улсыг бататган бэхжүүлж, хүчирхэг Монгол Улс болгон үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь өнөөгийн бидний эрхэм зорилго билээ.

Монгол төрийн эрхэм түшээд ээ,

Өнгөрсөн зууны түүхийг товчилж хэлбэл, бидний өвөг дээдэс Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, тусгаар тогтнолоо зарлан, даян дэлхийд Монгол хэмээх Улсыг хүлээн зөвшөөрүүлж, эх орноо орчин үеийн хөгжилтэй улс болгон хөгжүүлж чадсан нь Хүннү гүрнээс өвлүүлсэн Их Монгол Улсын тулгын галыг сэргээн бадраасан агуу их үйл хэрэг, хэзээ ч мартаж үл болох түүхэн гавьяа юм.

Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал нь зөвхөн газар нутаг, хил хязгаарын аюулгүй байдлаар хязгаарлагдахгүй ээ.

Шинэ зуунд улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа улам бататгах шаардлагатай байна.

Эн тэргүүнд дэлхий нийтэд тохиолдоод буй цар тахлын эсрэг авах арга хэмжээгээ улам сайжруулж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж, улс орныхоо эдийн засгийг сэргээн, хохирол багатай даван туулахад онцгой анхаарах ёстой.

Эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах их үйлсийн эхлэл бол Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих зэрэг суурь реформуудыг хэрэгжүүлэх явдал юм.

Энэ хүрээнд Монгол төрийн тэргүүний дэвшүүлсэн 100 жил – 10 зорилт хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

  1. Эх орноо эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, цаашилбал эрчим хүч экспортлогч улс болох;
  2. Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахуунаа эх орондоо үйлдвэрлэж, нефть-химийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
  3. Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох;
  4. Хүнд ба хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулан, алт, зэс, төмөр, нүүрс болон бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг аж үйлдвэржсэн экспортлогч орон болох;
  5. Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээг барьж байгуулан, хэвтээ болон босоо тэнхлэгийг холбосон тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бий болгож, олон улсын болон бүс нутгийн сүлжээнд холбох замаар Транзит Монгол Улс болж хөгжих;
  6. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын цөм технологи болох хиймэл оюун ухаан, блокчэйн, робот, юмсын интернэт, их өгөгдлийг нэвтрүүлж, инновац шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэн Цахим үндэстэн, дижитал Монгол болох;
  7. Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх, уламжлалд түшиглэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэн, эдийн засгийн тэргүүлэх салбар болгох;
  8. Банк, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, ухаалаг системийг нэвтрүүлэн, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын идэвхтэй тоглогч болж, Монгол Улс бүс нутгийн санхүү, хөрөнгө оруулалтын шинэ төв болох;
  9. Орон зайн оновчтой бүтэц, нутагшилт суурьшлын зөв тогтолцоотой, метрополитан хотуудыг хөгжүүлж, хот хөдөөгийн хөгжлийг хурдасган, улс орноо бүсчлэн хөгжүүлэх;
  10. Эх дэлхийгээ шүтэн хайрладаг хүн ардтай, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалдаг төр засагтай Ногоон Монгол болох зэрэг зорилтууд болно.

Эдгээр зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс хүчирхэг эдийн засагтай, хөгжингүй улс болж чадна гэж үзэж байна.

Иймээс Улсын Их Хурал, Засгийн газар энэхүү зорилтыг ханган хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч, бодлого зорилтоо зөв тодорхойлж, эрх зүйн болон эдийн засгийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой.

Нэн ялангуяа эдийн засгийн дархлаагаа сайжруулж, эмзэг байдлаа бууруулах нэн хариуцлагатай он жилүүд монголчууд биднийг хүлээж байна.

Энэ хүрээнд сүүлийн жилүүдэд та бид хамтдаа эхлүүлсэн газрын тосны үйлдвэр, гангийн үйлдвэр, байгалийн хийн хоолой, цэвэрлэх байгууламж, саарал усны үйлдвэр, сайжруулсан түлшний үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, эрчим хүч, дэд бүтэц, авто зам, төмөр замын салбарт хийгдэж буй стратегийн шинж чанартай томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж, бодит үр дүнг нь үзэх шаардлагатай байна.

Засгийн газраас дэвшүүлж буй 6 багц зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” ч Монгол төрийн тэргүүний дэвшүүлсэн хөгжлийн 10 санаачилгатай нийцэж буйг би энд зориуд цохон тэмдэглэхийг хүсэж байна.

Дээрх томоохон зорилт бодлогыг хэрэгжүүлэхэд гадаад харилцаа хамтын ажиллагаа чухал бөгөөд хөрш орнууд болон олон улсын түвшинд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар онцгой анхааран ажиллахыг хүсэж байна.

Энэ чиглэлд Монгол Улсын Ерөнхийлөгч бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болно.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Өнөөдөр дэлхий ертөнцийн өмнө тулгараад буй хамгийн том аюул бол хүн төрөлхтний оршин тогтнох эсэх буюу уур амьсгалын өөрчлөлтийн асуудал боллоо.

Хүн төрөлхтөн дэлхийн эдийн засгийн хямрал, аливаа нэг дайн дажин, цар тахлыг даван туулсаар ирсэн.

Харин сүүлийн жилүүдэд үүсээд буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол нь олон сая жилийн туршид бүрэлдэн бий болсон байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, хүн төрөлхтний одоо ба ирээдүйд бодит эрсдэл учруулж байна.

Хүн төрөлхтөн КОВИД-19 цар тахлыг даван туулах амаргүй хүнд сорилттой тэмцэж байгаа хэдий ч байгаль дэлхийгээ хамгаалах, ногоон хөгжлийн зорилтоо хойш тавилгүйгээр улам эрчимжүүлж, үзэл санаа, арга барилаа өөрчлөн, байгаль экологи, сав шим ертөнцийн тэнцвэрт байдлыг хангахад онцгой анхаарч байна.

Монгол Улсын агаарын дундаж хэм сүүлийн 80 жилд 2.2 хэмээр дулаарсан нь дэлхийн дунджаас даруй 2 дахин өндөр байна. Тэрчлэн манай нийт газар нутгийн 76.9 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтөд өртсөн, ялангуяа 45.4 хувь буюу нийт газар нутгийн тэн хагас нь хүнд болон нэн хүнд хэлбэрийн цөлжилттэй байгаа нь туйлын сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна.

Эдгээр асуудал нь зөвхөн манай улсад төдийгүй бүс нутгийн экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж байгааг эрдэмтэн судлаачид хэлж байгаа.

Хөрсөө алдана гэдэг бол тусгаар тогтнолоо алдаж байгаатай утга нэг. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал.

Монголчууд бид амьдралын эх ус, усны эх мод гэж ярьдаг.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах зорилтыг дэвшүүлж буйгаа мэдэгдсэн бөгөөд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг улс орондоо эхлүүлсэн.

Эх орондоо мод тарьж ургуулах их үйлсэд монгол хүн бүр гар бие, сэтгэл зүрхээрээ оролцох учиртай.

Эх байгалиа хайрлаж өссөн хүн улс орноо хайрлах зөв сэтгэлтэй иргэн болон төлөвших нь дамжиггүй.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь мод тарьж, ургуулах, хамгаалахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй эдийн засгийн зөв хөшүүрэг ашиглан тэмцэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүнсний хангамжийг сайжруулахад тустай төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг өнөө болон ирээдүй хойч үеийнхний сайн сайхны төлөө эерэг олон үр дүнг дагуулах болно.

Нөгөө талаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, улс орны нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс суурь болж байгаа юм.

Ийм учраас Монгол төрийн тэргүүн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн түүхт баярын энэ өдөр уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд ард түмэн, төр засаг, төрийн түшээдийн анхаарлыг хандуулж, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд улс үндэстнээрээ нэгдэн нийлж, улс орныхоо газар нутаг, экологийн аюулгүй байдлын төлөө хамтдаа хүчин зүтгэхийг уриалж байна.

Эрхэм нөхөд өө,

Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол айл өрх байж ирсэн, цаашид ч байх болно.

Монгол хүний оюун санаа, түүх соёл, хэл бичиг, мэдлэг боловсрол, нүүдэлчдийн соёл иргэншил зэрэг бид бүхэнд ундран арвиждаг асар олон баялаг бий.

Энэ баялаг бол даяаршиж буй дэлхий ертөнцөд монголчууд бид Монголоороо үлдэх, Монголоороо бахархах, Монголоороо гоёх, Монголоороо оршихын үндэс суурь болох юм.

Монголын ард түмний хамгийн том баялаг бол монгол хүн Та өөрөө юм.

Монгол хүний амьдралын чанар, тэгш байдал, нийгмийн баялгийн шударга хуваарилалт, хүртээмжийн асуудалд онцгой анхаарч, монгол хүн бүр эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажил орлоготой, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай, эх орондоо амар амгалан аж төрөх бүх талын боломж нөхцөлийг бүрдүүлэхэд Монгол төрийн бодлого чиглэгдэх ёстой.

Монгол хүний амьдралын чанарыг сайжруулж, нийт хүн амын дийлэнх олонхыг чинээлэг дундаж амьдралтай болгосноор манай улсын нийгмийн тогтвортой байдал хангагдаж, өрсөлдөх чадвартай хөгжингүй улс болж хөгжинө.

Иймээс улс орноо ирэх 30 жилийн хугацаанд дэлхийн хөгжингүй орны түвшинд хүргэж, нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, хүний хөгжлөөрөө Ази тивдээ дээгүүрт тооцогдох орнуудын нэг болох томоохон зорилтыг хэрэгжүүлэх ёстой.

Эдгээр зорилтыг ханган хэрэгжүүлэхэд эрхэм төрийн түшээд Та бүхэн онцгой анхаарч ажиллах учиртай юм.

Шинэ зууны монголчууд бидний бас нэгэн чухал зорилт бол сайн засаглалыг бэхжүүлэх явдал юм.

Сайн засаглал бол ядуурлыг бууруулах, хөгжлийг хурдасгах хамгийн чухал хүчин зүйл юм. Иймээс сайн засаглалыг төлөвшүүлэх явдал нь нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, улс орны хөгжил дэвшлийг түргэтгэх гол хөдөлгөгч хүч нь болох учиртай.

Үүний тулд төрийн байгууллагууд нь нүсэр биш бүтэцтэй, чадварлаг, мэргэшсэн, хүнд сурталгүй, авлигаас ангид, бодлого, үйл ажиллагаа нь тогтвортой хэрэгждэг, ил тод, шударга, хариуцлагатай, хяналттай, төр ба иргэний нийгэм, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагааг чухалчилдаг, ажлынхаа үр дүнг ард түмнээрээ дүгнүүлдэг төр засагтай байна гэсэн үг.

Энэ нь хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга нийгэм, эрх зүйт төрийн мөн чанар юм.

Мөн монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх учиртай.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлогыг урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан тодорхойлж, газрын баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэн улс орноо хүчирхэг эдийн засагтай үйлдвэрлэгч, экспортлогч улс болгон хөгжүүлэхийн зэрэгцээ монгол хүн бүр баялагтаа эзэн байх тогтолцоог хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай.

Дээрх зорилт, бодлогыг ханган хэрэгжүүлснээр улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ ард иргэд нь аз жаргалтай, сэтгэл хангалуун, тэгш дүүрэн амьдрах боломжтой хүчирхэг Монгол улсыг хөгжүүлэх үндэс суурь бүрдэнэ.

Монгол хүн, Монголын ард түмэн хэзээ ч эх орон, байгалийн баялгаа бусдад алдах ёсгүй.

Монгол хүн, Монголын ард түмэн баялагтаа эзэн байх ёстой.

Энэ бол Та бидний эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогтнол юм.

Монголчууд бид эвтэй байх үедээ хүчирхэгжин мандаж, эвдэрч талцсан үедээ уруудан доройтож ирснийг буурал түүх бидэнд үргэлж сануулдаг.

Үндэсний язгуур эрх ашгийн төлөөх ард түмний оюун санааны эв нэгдэл бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа юм.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал бол анги давхарга, нас хүйс, шашин шүтлэг, гарал угсаа үл хамааран үндэсний язгуур эрх ашгаа хамгаалахын төлөө эвлэлдэн нэгдэж чадсан нь ямар хүчтэй болохыг нотлон харуулсан түүхэн үйл явдал.

Энэхүү үндэсний эв нэгдлийн түүх нь өвөг дээдсээс уламжилж ирсэн хэзээ ч мартаж үл болох үнэт зүйл, түүхэн захиас билээ.

Эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх энэхүү үнэт зүйл, захиа даалгаврыг монголчууд бид үеийн үед үргэлж санаж, үйл хэрэгтээ мөрдлөг болгож, үр хойчдоо захиж үлдээх ёстой.

Улаан залаат, хөх Монголынхоо босоо заяа, баатарлаг түүхээр бахархаж, өвөг дээдсийнхээ байгуулсан туурга тусгаар Монгол Улсынхаа нэр төрийг өндрөөс өндөрт өргөж явах ариун үүргээ харанхуй шөнө зүүдэндээ, гэгээн өдөр цээжиндээ үргэлж санаж явах ёстойг манай улсын иргэн бүр ухамсарлан ойлгож, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, хүчирхэг Монгол Улсыг хамтдаа бүтээхийн төлөө хичээн зүтгэцгээе.

Мөнх хөх тэнгэр монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай гэлээ.