12 сар 19, 2024

Парламентаар оюутолгойн талаар хэлэлцэв…

-Оюутолгойн талаарх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ-

2021.12.28. Төрийн ордон. УИХ. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан болж, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, тогтоолын төсөлд Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх хэмээн заасныг Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох Оюутолгой ХХК-иас Туркойз хилл компанид төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хуримтлагдаж буй нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх хэмээн тодотгон өөрчлөх санал, төслийн нэрийн хангуулах гэснийг нэмэгдүүлэх гэж өөрчлөх, төсөл дэх Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэсэн заалтад ус ашиглах гэж нэмэх зэрэг саналуудыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Түүнчлэн гишүүдийн гаргасан бусад санал, найруулгын саналаар санал хураалт явуулан Түр хорооноос гаргасан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

-Оюутолгойн талаарх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв-

2021.12.28. Төрийн ордон. УИХ. Улсын Их Хурлын энэ өдрийн хуралдаан 55.3 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны санал, дүгнэлтийг танилцуулагдсан юм. Дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр гишүүдийн зүгээс төслийн 1.1-д заасан ногдох гэсний дараа Оюу толгой ХХК-иас Туркойз хилл ресурсес компанид төлөгдөх 2021.12.31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа гэж нэмэх, 1.4-д заасан хариуцаж гэсний дараа Оюу толгой гэж нэмэх, 1.2-д заасан цуцлах, дуусгавар болгох гэснийг хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох гэж өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Санал дүгнэлттэй холбогдуулан Б.Жавхлан нарын гишүүд асуулт асууж, хариулт, мэдээлэл, тайлбар, тодруулга авав.  Засгийн газрын зүгээс нэн тэргүүнд далд уурхайн бүтээн байгуулалтыг шуурхай дуусгаж, олборлолтыг эхлүүлэх, улмаар зардал нь үлэмж хэмжээгээр өсөж байгаа төсөлд хяналт тавьж, зориулалтын бус зардлууд байгаа тохиолдолд үр дагаварыг нь барагдуулах агуулгаар хэлэлцээрүүд явагдсан гэдгийг онцоллоо. Дээрх зарчмын зөрүүтэй саналаар төсөлд өөрчлөлт орсон тохиолдолд төслийн санхүүжилтийг хэрхэх талаар гишүүд тодруулжээ. Төслийн 1.4 дэх заалт нь Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс оюутолгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх гэсэн агуулгатай байгаа. Далд уурхайн зардлыг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцах бөгөөд Эрдэнэс оюутолгой компанид нэмэлт өр үүсгэхгүй байхаас гадна, Оюу толгой ХХК дээр өр үүсгэх вий гэдэг болгоомжлолын үүднээс эл саналыг гаргасан гэдгийг гишүүд тайлбарлав. Түүнчлэн Засгийн газрын гишүүд, далд уурхайн бүтээн байгуулалт дууссанаар 40 сая тонн баяжуулах хүчин чадал нь 3 дахин нэмэгдэх бөгөөд үүнийг дагаад Монгол Улсын борлуулалт дээр суурилан авдаг татвар, хураамжийн хэмжээ нэмэгдэх ач холбогдолтойг онцлов. 2020 онд 1.4 тэрбум ам.долларын борлуулалттай байсан бол, далд уурхай ашиглалтад орсноор дээрх хэмжээ 5 тэрбум ам.долларт хүрэх тооцоо бий аж. Далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад нийт 4,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэх мэдээллийг хөрөнгө оруулагч талаас өгсөн байна. Далд уурхай 2023 оны I улиралд ашиглалтад орох нь дөрвөн үе шаттай. I үе шат нь үйлдвэрлэлийн ам, хацарт бутлуур, конвер ашиглалтад орж, ингэснээр хоногт 6500 орчим тонн хүдэр гаргах хүчин чадалтай болно. II үе шат нь ашиглалтад орохоор 30000 тонн, III үе шат ашиглалтад орохоор 45000 тонн, ийнхүү үе шаттайгаар ашиглалтад орсоор 2028 он гэхэд 90000 тонн хүдэр гаргах хүчин чадалтай болно гэж техник эдийн засгийн үндэслэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төслийг Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороонд шилжүүлжээ.  

Translate