Оюутолгойн талаар тогтоолын төсөл өргөн барьжээ…
-Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв-
2021.12.22. Төрийн ордон. Засгийн газар. Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай Монгол Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хийсэн үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд хөрөнгө оруулагч талаас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн саналыг харгалзаж дараах арга хэмжээг авах талаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.
- Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2,3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх
- 2015 оны Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах, дуусгавар болгох
- Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах
- Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртлэх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх
- Оюу Толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг арга хэмжээ авах талаар тогтоолын төсөлд тусгасан байна.
-Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив-
2021.12.22. Төрийн ордон. УИХ. Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа.
Улсын Их Хурлын 2019 оны Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолоор Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан юм.
Ажлын хэсэг гадаадын хөрөнгө оруулагчтай үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд хөрөнгө оруулагч талаас Ажлын хэсгийн саналыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Өргөн баригдсан Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд:
– Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;
– 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;
– Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;
– Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
– Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;
– Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.
Энэхүү тогтоолын төсөл Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэн батлагдснаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолд нийцүүлж, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах нөхцөл бүрдэж, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх боломжтой болох юм гэжээ.