12 сар 23, 2024

Ямааны өвөг янгир…

Ямааны өвөг янгир манай улсад нийт 80 мянган тоо толгойд байдаг тухай 1987 онд тогтоосон аж. Үүнээс хойш орчны хомсдол, хараа хяналтгүй агналт зэргээс шалтгаалж тоо толгой нь буурсан гэж Mallon 1997 онд үзжээ. Зарим нутагт малын тоо толгой өсөж бэлчээрийн талхлалт бий болсноор орчны доройтол үүсэж ус, бэлчээр хавчигдах болжээ. Мөн байгалийн нөөц, уул уурхайн олборлолт ихэссэнээс орчны хомсдол доройтолд хүргэсэн байна. Зуд турхантай өвөл цаг уурын нөхцөлүүд популяцид нэлээд хохирол учруулдаг гэж судлаачид мөн үздэг юм. Nowak 1991 онд уг зүйлийн нэг үе удмын хугацааг долоон жил гэж тогтоосон байна. Энэ нь янгир ямаа ховордож болзошгүй ангилалд оруулахад хангалттай баталгаа болжээ. Хил залгаа улсаас мэдэгдэхүйц нүүдэл, суурьшил тодорхойгүй энэ үед хэт агналтын улмаас тоо толгой нь дараагийн гурван үе удамд 30-40 хувиар буурч болзошгүй гэж эрдэмтэд үздэг юм. Янгир ямаа нь Говь-Алтай аймгийн баруун болон зүүн хэсэгт, Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар байдаг. Салбар зүйл нь Говь-Алтайн Өвөр говь, Алтайн нуруугаар, Монгол Алтайн нурууны хойд хэсгээр тархсан байдаг. Монгол улсын төв болон зүүн хэсгийн нутагт тасархайтсан популяциуд байдаг ч, одоогоор энэ зүйл нь умард говийн зүүн хэсгээс олдсон бөгөөд Алашань говийн Хүрх уул ба Алтайн өвөр говийн хадархаг уулсаар тархсан гэж 1997 онд Mallon үзжээ. Харин 1980-аад онд Хэнтий нуруунд, Дархан цаазат Богд Хан ууланд жижиг популяци нутагшуулах ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Янгир ямаа нь Монголоос гадна, ОХУ, Казакстан, Узбекистан, Афганистан, Пакистан, Тажикстан, Киркизистан, Энэтхэг байдаг юм.