12 сар 19, 2024

Сонгуулийн сурталчилгааны талаар цахим уулзалт хийлээ…

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгааны үед анхаарах асуудлаар цахим уулзалтыг 2021.05.20-нд зохион байгууллаа. Уулзалтад төрийн холбогдох байгууллагууд, сонгуульд нэр дэвшигчдийн сонгууль эрхэлсэн байгууллагын төлөөлөл оролцлоо. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран:  цахим уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, сонгуулийн сурталчилгаа ирэх долоо хоногт эхлэх гэж байгаатай холбогдуулан сурталчилгаагаа хуулийн хүрээнд зохион байгуулж явуулахад анхаарлаа хандуулахын сацуу, сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдод мэдээ, мэдээллийг хүргэхдээ үнэн бодит, тэнцвэртэй байх зарчмыг баримтлан ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Уулзалтад Үндэсний аудитын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар болон Тагнуулын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож сонгуулийн сурталчилгаа явуулахад анхаарвал зохих асуудлууд тухайлбал, сонгуулийн сурталчилгааны хуулиар зөвшөөрөгдсөн ямар арга хэлбэрүүд байгаа, сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчил, гомдол хэрхэн гаргах, маргаан үүсгэх, түүнийг шалган шийдвэрлэх харьяалал, баримтлах журам, радио, телевиз болон цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа хэрхэн явуулах зэрэг асуудлаар тус тус мэдээлэл хийлээ. Түүнчлэн сонгуулийн зардал, тайлан гаргахад мөрдөх журмын талаар аудитын байгууллагаас мэдээлэл өгч намуудын төлөөллөөс сонирхсон асуултуудад тодорхой хариулт өгсөн юм гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Translate