12 сар 19, 2024

Гадаадад хэрхэн суралцдаг вэ…

Боловсрол, шинжлэх ухааны яам 50 гаруй орны 500 орчим их, дээд сургуульд монгол оюутнууд суралцуулж ирсэн. Ингэхдээ, хоёр улсын засгийн газар хоорондын гэрээгээр Чех, Куба, Польш, Энэтхэг, Турк, Солонгос, Япон, Унгар, Щвейцар, Вьетнам, Хятад, ОХУ зэрэг 14 орны их, дээд сургуульд жил бүр 2000 гаруй монгол оюутан бакалавр, магистр, докторт суралцуулдаг байсан юм. Одоогоос хэдэн жилийн өмнө ОХУ-д 140, Хятадад 138, Японд 61, Туркэд 50, Чехэд 37, Польшид 20, харин бусад орнуудад 1-15 хүртэлх тооны оюутан суралцуулдаг байлаа. Тэр үетэй харьцуулахад суралцуулах оюутны тоо сүүлийн жилүүдэд мэдээж өссөн. Тухайлбал, 2009-2010 оны хичээлийн жилээс ОХУ-д суралцах монгол оюутнуудын тоо өмнөхөөсөө хоёр дахин өссөн юм. Ингэж явсаар 2018-2019 оны хичээлийн жилд ОХУ-ын их, дээд сургуульд 500 оюутан, мастер, докторт элсүүлэн суралцуулсан байх жишээтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 30, 31 дэх ерөнхий сайдаар ажиллахдаа ОХУ-д айлчилж, тус улсад суралцуулах монгол оюутны тоог нэмэгдүүлэх тухай ярилцсан байдаг. Гэх жишээтэй сүүлийн жилүүдэд гадаадад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэхээр яриа хэлэлцээр хийсээр ирсэн. Гадаадад суралцах оюутнуудын сонгон шалгаруулалт гол төлөв 1-6 дугаар сарын хооронд зарлагддаг. Сонгон шалгаруулалтыг тухайн улс нь манай улсад суугаа өөрийн элчин сайдын яамаараа дамжуулан зохион байгуулдаг юм. Элчин сайдын яамд нь, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран зохион байгуулах тохиолдол ч бий. Засгийн газар хоорондын гэрээгээр гадаадын их, дээд сургуульд суралцах оюутнуудаас хэлний болон мэргэжлийн шалгалт гол төлөв авдаг. Эдгээрт хамгийн өндөр оноо авсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцаж ирсэн юм. Энэ тухай Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтэн Мөнхбат: Засгийн газар хоорондын гэрээний дагуу оюутан суралцуулахдаа Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, төрийн байгууллага, их дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагуудаас ирсэн мэргэжил болон боловсон хүчний захиалгыг авч, жилд гадаадын их, дээд сургуулийн бакалавр, мастер, докторт суралцах хүний тоо, мэргэжлийн чиглэлийг тогтоодог. Харин дараа нь сонгон шалгаруулалт явагддаг. Бакалаврт суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтад манай улсын их, дээд сургуульд суралцаж буй 21 хүртэлх насны, 1-2 курсын оюутнуудыг сурч буй мэргэжлээр нь оролцуулдаг. Сонгон шалгаруулалтад хамгийн эхэнд тухайн оронд суралцах хэлний шалгалт өгөх ёстой. ОХУ суралцах оюутнуудаас орос хэлээр шалгалт авдаг. Харин бусад оронд суралцах оюутнууд англи хэлний суурь шалгалт тестээр өгдөг. Энэ шалгалтын босгыг давсан оюутнууд дараагийн шатны мэргэжлийн шалгалтад орох ёстой. Суралцах мэргэжлээсээ хамааран математик, хими, нийгмийн тухай мэдлэг зэрэг хичээлүүдээр шалгалт өгдөг. Харин мастер, докторт суралцах оюутнуудыг сонгон шалгаруулахдаа хоёр улсын засгийн газар хоорондын гэрээний дагуу гадаадад магистр, докторт суралцах оюутнуудын журмын дагуу сонгон шалгаруулдаг. Ярилцлагыг тухайн салбарынх нь эрдэмтэн, профессоруудаас бүрдсэн шалгалтын комисс авна. Ярилцлагад тэнцсэн хүмүүсийг тухайн улсынх нь Засгийн газрын тэтгэлгээр суралцуулж ирсэн. Магистр, докторт элсүүлэх эцсийн шийдвэрийг тухайн улсын Засгийн газар нь их, дээд сургуулиудтайгаа хамтарч гаргадаг гэсэн тайлбарыг 2008 онд өгч байсан юм. Одоо ч энэ шалгуурыг гол төлөв тавьдаг гэж ойлгож болно. Гэхдээ суралцах орон бүр өөрийн гэсэн шаардлагыг тавьдаг юм. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гадна, олон улсын байгууллагуудын шугамаар манай иргэд мөн гадаадад суралцдаг. Тухайлбал, Японы JICE байгууллагын албан ёсны монгол дахь төлөөлөгчийн газар жил бүрийн зургаа, арваннэгдүгээр саруудад Япон улсын их, дээд сургуульд суралцах оюутнуудыг сонгон шалгаруулж ирсэн. Сонгон шалгаруулалтаар япон хэлний түвшин тогтоох шалгалт өгч, өндөр оноо авсан оюутнууд тус улсын их, дээд сургуульд суралцах эрх нээгддэг байлаа. Шалгаруулалтад тэнцсэн оюутнууд тус улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцаж ирсэн юм. Үүнээс гадна, соросын сангийн журмаар оюутнууд гадаадын их, дээд сургуульд мөн суралцдаг. Үүнээс гадна, TOEFL-ийн шалгалт өгч хувиараа Солонгос, Япон, Герман, Англи, Ирланд, АНУ-ын их, дээд сургуульд суралцах нь элбэг. Гэхдээ олон жилийн өмнөхөөс одоогийн нөхцөл байдал өөрчлөгдсөн байхыг үгүйсгэх аргагүйг анзаарах хэрэгтэй.

Translate